| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Гангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0522/З |
| Дугаар | 128/ШШ2025/0606 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0606
2025 09 08 128/ШШ2025/0606
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаа
Нэхэмжлэгч: "М" НҮТББ /РД:*******/,
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар
Гуравдагч этгээд: Б.Г*******нарын хооронд үүссэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, Б.Гг тус холбооны ерөнхийлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:
2.1. Монголын Олон улсын ба Үндэсний спортын арбитраас “М” НҮТББ-ын ээлжит бус хурлын саналын эрхтэй нэр бүхий 23 гишүүн болон Б.Г*******нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу “М” НҮТББ-д холбогдох маргааныг шийдвэрлээд, 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/03/15 дугаартай шийдвэрээр “М” НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “М” НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 02, 03, 04, 05 дугаар тогтоол, шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
2.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор дээрх арбитрын шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
2.3. Улмаар гуравдагч этгээд Б.Ггаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас “М" НҮТББ-ын ерөнхийлөгчөөр Б.Гг бүртгэжээ.
2.4. Тус бүртгэлийг хүчингүй болгуулахаар "М" НҮТББ-аас 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Д/д02/010 дугаартай албан бичгээр гомдол гаргахад, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/6988 дугаар албан бичгээр татгалзсан хариуг өгснөөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна.
3. Нэхэмжлэгч "М" НҮТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана.
3.1. "М" НҮТББ-ын бүх гишүүдийн ээлжит бус хурал 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдсан. Тухайн хуралд саналын эрхтэй нийт гишүүдийн 87 хувь нь буюу 41 төлөөлөгч оролцож, хуралдааны хөтөлбөрийн дагуу эхэлж, дэг дарааллаа баталж, үргэлжилсэн. Хуралдааны явцад хуралд оролцогч нарын зүгээс дүрэмд оруулах өөрчлөлттэй холбоотойгоор маргалдаж, хуралдаан даргалагч болон гишүүдийн зүгээс хурлыг түр завсарлуулж, танхимыг орхисон байдаг. Ээлжит бус чу*******ныг завсарлуулсны дараа хэсэг гишүүд тус хурлын зааланд үлдэж холбооны дүрмээр тогтоосон бүх гишүүдийн хуралдаан явуулах журмыг зөрчиж, хуралдааныг цааш үргэлжилсэн гэж үзэж үндэслэлгүй шийдвэрүүд гаргасан байдаг.
3.2. Дээрх хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулж нэр бүхий гишүүд болон Б.Ггийн зүгээс Монголын Олон улсын ба Үндэсний Спортын арбитрт нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлээр нэгдүгээрт "М" НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 2 дугаарт тухайн хурлаас гарсан шийдвэр болох 2,3,4,5 дугаартай тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид буюу “М” НҮТББ-д даалгах шаардлагыг тус тус гаргасан.
3.3. Монголын олон улсын ба спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, 2 дахь шаардлагыг "нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй бөгөөд хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна" гэж үзэж ээлжит бус хурлын 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.4. Арбитрын шийдвэрт нэр бүхий гишүүд болон Б.Ггийн зүгээс гомдол гаргасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор арбитрын шийдвэрийг хэвээр үлдээж 210/ШТ2025/00011 шийдвэрлэсэн.
3.5. "М" НҮТББ нь дахин бүх гишүүдийн ээлжит бус чу*******ныг 2025 оны 03-р сарын 15-ны өдөр зарлан хуралдуулж ерөнхийлөгч, болон удирдах зөвлөлийн 13 хүнийг бүх гишүүдийн хурлаар баталж цаашид Улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг ажлын албанд даалгасан. Ингээд тус хурлаас гарсан шийдвэрийг Улсын бүртгэлийн газар бүртгүүлэхээр хандахад Б.Гг "М" НҮТББ-ын ерөнхийлөгчөөр бүртгэсэн болохыг бид мэдэж авсан.
3.6. Б.Гг манай холбооны ерөнхийлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь дээр дурдсанаар арбитр болон шүүхийн шийдвэрээс давсан илт үндэслэлгүй байсан тул бидний зүгээс 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/6988 дугаар "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д "Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэл хийнэ" гэж заасныг баримтлан бүртгэсэн байх тул холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.
3.7. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс Б.Гг ерөнхийлөгчөөр бүртгэхдээ дээр дурдсан арбитр, шүүхийн шийдвэрүүд болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 192/ГХ2025/01581 дүгээр гүйцэтгэх хуудсыг үндэслэсэн гэх боловч дээрх арбитр болон шүүхийн тогтоол, захирамж, гүйцэтгэх хуудаст Б.Гг ерөнхийлөгчөөр бүртгэх тухай огт дурдаагүй, “ерөнхийлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой гэх ээлжит бус хурлын тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй" гэж маш тодорхой дүгнэсэн байхад эдгээр баримтыг үндэслэн бүртгэл хийсэн нь үндэслэлгүй юм.
3.8. Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ын 8 дугаар зүйлийн 8.3.4-д зааснаар "хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг өргөдөлд заавал хавсаргахаар хуульчилсан байх бөгөөд манай тохиолдолд тухайн хурлаас гарсан шийдвэр нь хүчин төгөлдөр гэх үндэслэл тогтоогдоогүй, хурлын тэмдэглэл гэх гар бичмэл нь шаардлага хангахгүй хэрхэн албажсан тодорхойгүй бодитой бус байхад түүнийг үндэслэж хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж бүртгэсэн нь үндэслэлгүй дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.
3.9. Өөрөөр хэлбэл тухайн хурлаас гарсан шийдвэр нь хэрхэн яаж хүчин төгөлдөр болж гарсан шийдвэр нь тухайн холбооны дүрэм холбогдох журам, хуульд нийцэж байгаа эсэхийг хариуцагч байгууллага нь нягтлан шалгахгүйгээр зөвхөн хурал хүчин төгөлдөр гэх арбитр, шүүхийн тогтоолыг үндэслэж тухайн хурлаас гарсан гэх шийдвэрийн үндэслэл, холбогдох баримт зэргийг нягтлан шалгахгүйгээр хийсвэрлэн, бодитой бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
3.10. Захиргааны байгууллага буюу улсын бүртгэлийн байгууллагад шүүх, арбитрын шийдвэрийг дэлгэрүүлж тайлбарлах, хийсвэрлэж ойлгох эрх, үүрэг байхгүй. Дараагийн нэг асуудал нь гуравдагч этгээдийн зүгээс улсын бүртгэлийн байгууллагад хандахдаа улсын бүртгэлийн байгууллагад үнэн зөв мэдээлэл болон холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Учир нь 02 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад гуравдагч этгээд Б.Ггийн зүгээс хандсан байдаг ба 02 дугаар сарын 18-ны өдөр хандаж байгаа тохиолдолд үүнээс хойш 03 дугаар сарын 06-ны өдөр болон 03 дугаар сарын 18-ны өдөр шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас гарсан байгаа.
3.11. Дээрээс нь улсын бүртгэлийн байгууллагад гуравдагч этгээдийн зүгээс хандахдаа Нийслэлийн давж заалдах шатын шүүхэд хандсан тогтоол энэ тухай хэлэлцэж байгаа асуудлыг огт мэдээллээгүй бөгөөд зөвхөн арбитрын шийдвэртэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Хүсэлт дээрээ арбитрын шийдвэрийг буруугаар тайлбарлаж бодит нөхцөл байдлуудыг нуун дарагдуулсан. Хүсэлт дээрээ тухайн арбитрын шийдвэрээр хуралдаан хүчин төгөлдөр болохыг тогтоосон дээрээс нь тухайн хуралдаанаар гарсан Б.Г*******болон бусад тогтоолуудыг арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр болохыг тогтоосон учраас Б.Г*******гэж хүнийг бүртгэж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс ч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн зүгээс ч Б.Г*******гэдэг хүнийг ерөнхийлөгчөөр сонгохтой холбоотой асуудлуудыг нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүйгээр бүртгэсэн тул энэ бүртгэл нь өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа юм. ” гэжээ.
4. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
4.1. 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* регистрийн дугаартай "Монголын уулчдын үндэсний холбоо" НҮТББ-ын мэдээлэлд өөрчлөлт оруулж Б.Гг тус холбооны ерөнхийлөгчөөр бүртгэхдээ дараах баримт бичгийг үндэслэсэн. УБ-03 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Б.Ггаас ирүүлсэн хүсэлт, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн САШ/В/01/13 дугаартай албан бичиг, "Монголын уулчдын үндэсний холбоо" НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, "Монголын уулчдын үндэсний холбоо" НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлын 02, 03, 04, 05 дугаар тогтоолууд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 192/ГΧ2025/01581 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШЗ2025/11051 дугаартай шүүгчийн захирамж, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/09/15 дугаартай шийдвэр.
4.2.Нэхэмжлэгчийн зүгээс дээрх арбитрын шийдвэрээр "Монголын уулчдын үндэсний холбоо" НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн
ээлжит бус хурал хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, "Монголын уулчдын үндэсний холбоо" НҮТББ-ын бүх гишүүдийн ээлжит бус хурлын 02, 03, 04, 05 дугаар тогтоол, шийдвэрийг Улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
4.3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ. гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлж хийсэн бүртгэл тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү”.гэжээ.
5.Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргажээ.
5.1. Нэгдүгээрт 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болсон хурал дээр гүйцэтгэх удирдлагаар гарын үсэг зурж тамгалж байгаа н.Т******* гэдэг хүн ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдөх хүсэл зориг илэрхийлсэн болохыг одоо ч энэ дээр ярьж байгаа ба өмнөх арбитрын хурал дээр ч ярьж байсан. Үүнээс хойш завсарласан гэж тайлбарлаж байгаа боловч хуульд завсарлах эрх хэмжээ байхгүй гэдэг асуудал яригдсан. Одоо ямар асуудал яригдаад байгаа вэ? гэхээр н.Т******* гэдэг хүн ерөөсөө ажлаа хийхгүй байгаа бөгөөд С.Г******* гэдэг хүний ярьж байгаа асуудал бол худлаа юм. Яагаад гэхээр маргаан үүсгээд байгаа буюу хүлээн зөвшөөрөхгүй байгаа ганц асуудал бол ажлын алба болон ялангуяа С.Г******* гэдэг хүний хүсэл зоригоос шалтгаалаад 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэр дэвшигчид бүртгүүлэх гээд Б.Г*******нь хуульд заасан шаардлагаа хангуулаад гишүүдийн саналыг аваад одоо гүйцэтгэх удирдлагаар үйл ажиллагаа явуулах гэхээр тамга тэмдэг авчхаад өгөхгүй саад учруулдаг ийм нөхцөл байдлууд байгаа.
5.2. Иймд бидний зүгээс арбитрын шүүхэд 2 агу*******ар нэхэмжлэл гаргасан ба нэг нь хурал хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, нөгөөх нь хариуцагчид тогтоолуудыг нь даалгах гэсэн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэг зүйлийг буруу ойлгосон гэж үзэхээр байна. Бид нар хурал хүчин төгөлдөр болсон болохыг тогтоолгох гэдэг шаардлага гаргаснаас хурал болсон болохыг тогтоолгох гэдэг шаардлага гаргаагүй юм. Тэгэхээр арбитрын шүүхээс хурал хүчин төгөлдөр болсон байна гэж дүгнэсэн. Агуулгын хувьд тэр өдөр гарсан шийдвэр тэр үлдсэн хүмүүсийн шийдлүүд бол хуулийн хүчин төгөлдөр байна гэдэг дүгнэлт гаргасан. Харин ганцхан хариуцагчид даалгах шаардлагын хүрээнд бүртгэлийг хариуцагч хийхгүй бөгөөд энэ бол улсын бүртгэл хийдэг асуудал учраас хариуцагчид даалгах бол боломжгүй байх тул ийм учраас хөндөгдөөгүй гэж дүгнэсэн.
5.3. Яагаад гэхээр хариуцагчид даалгая гэхээр хариуцагч өөрөө бүртгэлд бүртгэл хийх боломжгүй байгаа юм. Тэгэхээр шаардлага ерөнхийдөө буруу байсан гэсэн үг. Хоёрдугаарт энэ тогтоолууд өөрөө хэлбэрийнхээ шаардлагыг хангахгүй бөгөөд энийг улсын бүртгэлд бүртгэх бол боломжгүй гэдэг асуудал байгаа. Тэгэхээр бид нар арбитрын шийдвэр холбогдох дүрэм журам өгч улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан ба хандахдаа бид нар юу өгч байгаа юм гэхээр шийдвэр, гүйцэтгэх хуудас, захирамж нь араас нь гарч байгаа асуудал юм. Шийдвэр болон хурлын тэмдэглэл холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Хурлын тэмдэглэл дээр 2 нэр дэвшигч байсан. Хуульд заагаагүй үндэслэлээр завсарлаж байхад н.Огторгуй нь өөрөө гараад явчихсан тэгэхээр нийт үлдсэн гишүүдийн саналаар Б.Гг ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд эндээс гарч байгаа энэ шийдвэр өөрөө арбитрын шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр гэж тогтоогдож байгаа юм. Тэрнээс биш тэр өдөр хурал болсон эсэхтэй холбоотой тогтоосон зүйл байхгүй.
5.4. Бид нарын зүгээс энэ агу*******араа арбитр луу хандсан холбогдох баримтуудаа өгсөн. Хамгийн гол нь энэ нь өөрөө энэ Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан зүйл заалтыг бол ерөөсөө зөрчөөгүй бөгөөд 22 дугаар зүйлд шаардлагуудаа хангаад өгч байгаа ийм нөхцөл байдал байгаа юм.
5.5. Нэхэмжлэгчийн зүгээс манай гаргаж өгсөн 02345 дугаартай тогтоолуудыг хуульд нийцэхгүй байна гэж арбитрын шүүх дээр маргаагүй. Маргааны гол зүйл нь тэр өдөр хурал завсарлачихсан учраас тэр хурал болоогүй л гэдэг маргаан явсан тэрнээс биш энэ тогтоол ийм үндэслэлээр Компанийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан манай дүрэм болон манай дүрмүүдэд бол нийцээгүй байна гэдэг байдлаар маргаагүй юм. Улмаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон ийм нөхцөл байдал байгаа. Хурал хүчин төгөлдөр болсон юм бол тэндээс гарсан шийдвэрүүд хүчин төгөлдөр гэсэн үг. Тэгэхээр нэгэнт тогтоогдчихсон үйл баримт гэж харж байгаа учраас бид нар Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлэхээр хандсан. Ингээд бүртгэсэн бүртгэл маань бол үнэн зөв гэж үзэж байгаа юм. Харин энэ асуудлыг хүлээн зөвшөөрөхгүйгээр өөрсдөө дахиад 2024 онд хурал зарласан. Улмаар хурал болсон нь жинхэнэ хууль бус ажиллагаа болсон. Учир нь хүчин төгөлдөр арбитрын шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдчихсон үйл баримтууд зэрэг хүчин төгөлдөр шийдвэртэй байгаад байхад өөрсдөө энийг дахиад дур мэдээд хурал зохион байгуулаад явж байсан. Өөрөөр хэлбэл С.Г******* гэдэг хүн бол өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлээд шийдвэр гаргуулах гээд яваад байгаа. Тэгэхээр манай зүгээс үнэн зөв мэдээлэл болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гаргаж өгсөн ба хариуцагчаас тэдгээрт үндэслэж бүртгэлээ л хийсэн асуудал байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. “М” НҮТББ-ын бүх гишүүдийн 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит бус хурлаар Б.Гг тус төрийн бус байгууллагын ерөнхийлөгчөөр сонгож, хурлын шийдвэрийг 04 дугаартай тогтоолоор баталгаажуулсан байх ба тус тогтоолын дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд “ерөнхийлөгчөөр Б.Гг сонгосон” өөрчлөлтийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчээс 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хийжээ.
3. Нэхэмжлэгчээс тус бүртгэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, “...Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/09/15 дугаартай шийдвэрээр “М” НҮТББ-ын бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаас гарсан тогтоолуудыг хүчин төгөлдөр болохыг тогтоож шийдвэрлээгүй байхад арбитрын шийдвэрт дурдагдаагүй асуудлаар бүртгэл хийж, хууль бусаар сонгогдсон Б.Гг ерөнхийлөгчөөр бүртгэснийг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргасан, хариуцагч болон гуравдагч этгээдээс “...Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг үндэслэн бүртгэл хийсэн, арбитрын шийдвэрээр “М” НҮТББ-ын бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоож шийдвэрлэсэн тул тус хурлаас гарсан тогтоолыг мөн адил хүчин төгөлдөр гэж үзсэн бөгөөд хуульд заасан бүрдүүлбэр зохих баримтуудыг бүрэн бүрдүүлсэн, бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй... ” гэсэн тайлбарыг гаргаж байна.
4. Талуудын тайлбараас үзвэл, маргаан бүхий бүртгэлийг хийхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь зохицуулалт хэрэглэгдэх эсэхэд маргажээ.
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/09/15 дугаартай шийдвэрээр “М” НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “М” НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын 02, 03, 04, 05 дугаар тогтоол, шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг “М” НҮТББ-д даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор арбитрын шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
6. Ийнхүү арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр болохыг тогтоосон хурлын тэмдэглэлд “...21 хүний санал буюу 91.3 хувийн саналаар Б.Гг ерөнхийлөгчөөр сонгов...” гэж бичигдсэн, хурлаас гарсан шийдвэрийг бүх гишүүдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор баталгаажуулжээ.
7. Улмаар ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Ггаас 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан тус өөрчлөлтийг бүртгүүлэхээр УБ-03 дугаартай маягтаар өргөдөл гаргаж, холбогдох баримтуудыг хавсаргасан, үүнд Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн САШ/09/15 дугаартай шийдвэр, “М” НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурлын тэмдэглэл, бүх гишүүдийн хурлын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг хавсарган өгчээ.
8. Хариуцагчаас тус баримтуудад үндэслэн “М” НҮТББ-ын хуулийн этгээдийн мэдээлэлд ерөнхийлөгчөөр Б.Гг сонгосон өөрчлөлтийн бүртгэлийг хийсэн болох нь тогтоогдоно.
9. Гэхдээ хариуцагчаас тус бүртгэлийг хийхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ.” гэж заасныг үндэслэн бүртгэл хийгдсэн гэж тайлбарлаж байна.
10. Дээр дурдсанаар арбитрын шийдвэрт “М” НҮТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн бүх гишүүдийн ээлжит бус хурал хүчин төгөлдөр болохыг тогтоож шийдвэрлэснээс биш, тус хурлаас гарсан тогтоолын талаар ямар нэг дүгнэлт хийж, шийдвэр гаргаагүй тул арбитрын шийдвэрт үндэслэн бүртгэл хийсэн гэх хариуцагчийн тайлбар буруу, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
11. Гэвч, маргаан бүхий бүртгэлээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй, бүртгэлийн үйл ажиллагаа зорилгодоо нийцжээ.
12. Тодруулбал, арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр болохыг тогтоосон хуралд оролцсон гишүүдийн 91.3 хувийн саналаар Б.Гг ерөнхийлөгчөөр сонгосон болох нь хурлын тэмдэглэл, 04 дугаартай тогтоолоор тогтоогдсон, гуравдагч этгээдээс энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д заасан баримтуудыг бүрдүүлж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан өргөдөлдөө хавсаргасан нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
13. Хэдийгээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” гэж заасан боловч хуулийн этгээдийн эрх барих этгээдийн мэдээлэлд оруулах өөрчлөлтийг бүртгүүлэхэд ямар баримт бичиг бүрдүүлэхийг тусгайлан зохицуулаагүй, зөвхөн хуулийн этгээдийн нэр өөрчлөх, үүсгэн байгуулсан баримт бичиг, хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан өөрчлөлт болон хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэхэд хавсаргах баримт бичгийг нэрлэн заасан.
14. Гэвч, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хуулийн этгээдийн мэдээлэл гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.12.-т “хуулийн этгээдийн эрх барих этгээдийн гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, хурлын тэмдэглэл” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалаар баталсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.3.-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:”, 8.3.4.-т “хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;” байхаар заажээ.
15. Үүнээс үзвэл, хуулийн этгээдийн мэдээлэл дэх “эрх бүхий этгээдийн өөрчлөлт”-ийг бүртгүүлэх тохиолдолд түүнийг сонгосон хурлын тэмдэглэл, хурлаас гарсан шийдвэр байхыг шаардсан, тус баримтуудыг гуравдагч этгээд Б.Ггаас улсын бүртгэлд бүрдүүлж өгсөн байх тул дээрх хууль болон журамд нийцсэн байна.
16. Нэхэмжлэгчээс “...04 дугаартай тогтоолыг хууль бусаар гарсан...” үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан нь үндэслэлгүй, учир нь тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар зохих журмын дагуу маргаагүй, уг тогтоол хүчин төгөлдөр байхад уг асуудлыг хянах, дүгнэлт хийх эрх улсын бүртгэлийн байгууллагад хуулиар олгогдоогүй.
17. Түүнчлэн төрийн бус байгууллагын дүрмийн 5.25.4-т холбооны ерөнхийлөгч нь холбоог гадаад, дотоодод итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж тогтоосон тул хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргах эрхгүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3.-т “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан;” гэж заасан шаардлагыг хангасан байна.
18. Нэгтгэн дүгнэвэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлээр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд эрх бүхий этгээдийн өөрчлөлт бүртгэгдэх ёстой бөгөөд нарийвчлан зохицуулсан “Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам”-ын 8.3.4 дэх заалт энэ тохиолдолд хэрэглэгдэхээр байна. Тухайн зохицуулалтаар хуулийн этгээдийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, тогтоол байхаар заасан, энэ нь тухайн шийдвэрийг эрх бүхий этгээд гаргасан эсэх, хурал бодит байдалд хуралдсан эсэх, хурлын ирц болон гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр эсэхийг нотлох зорилготой бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар “М” НҮТББ-ын бүх гишүүдийн хурлаар Б.Гг ерөнхийлөгчөөр сонгосон болох нь тогтоогдсон, тухайн шийдвэрийн дагуу улсын бүртгэл хийгдсэн байх тул бүртгэл хууль ёсны байх шаардлагыг хангасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3, 22 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч "М" НҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, Б.Гг тус холбооны ерөнхийлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ