| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0052/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2018-03-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
хохирогч К.Отгонхүү, Д.Саранчимэг,
иргэний нэхэмжлэгч Б.Ган-Учрал,
шүүгдэгч С.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Сүхбаатарын Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707002550061 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Багануур дүүрэгт Өрнө-Өрнөх ХХК-д инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, эх, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо Залуус 27-1 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жил хянан харгалзсан, регистрийн УГ86062070 дугаартай, Боржигон овогт Сүхбаатарын Мөнхжаргал нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Цайзын урд зам дээр 07-07 УНП улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж замын эсрэг урсгалд явж байсан К.Отгонхүүгийн жолоодон явсан 83-83 БРА Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас К.Отгонхүүгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 83-83 БРА Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Д.Саранчимэгийн биед хүнд хохирол, 07-07 УНП улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийн зорчигч Д.Лхагвадэмбэрэлийн биед хөнгөн хохирол, Л.Эрдэнэцэцэгийн биед хөнгөн хохирол учирсан, уг ослын улмаас 83-83 БРА Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд 5.750.000 төгрөгийн 07-07 УНП улсын дугаартай Тоёота Королла маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд 3.690.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Мөнхжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргээс 07-07 УНП улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар орохоор замын хөдөлгөөнд оролцон Налайх дүүргийн 1 дүгээр хороонын нутаг дэвсгэрийн “Цайз”-ын урдах хот хоорондын замд зорчин явахдаа замын эсрэг урсгалаар иргэн К.Отгонхүүгийн жолоодон явсан 83-83 БРА улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг 21 цагийн орчим мөргөж К.Отгонхүүгийн биед хүндэвтэр, зорчигч Д.Саранчимэгийн биед хүнд, Д.Лхагвадэмбэрэл, Л.Эрдэнэцэцэг нарын биед хөнгөн хохирол, уг ослын улмаас 83-83 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,750,000 төгрөгийн эвдрэл, 07-07 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,698,000 төгрөгийн эвдрэл /хохирол/ тус тус учруулсан үйл явдал болсон байна.
Энэ үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мөнхжаргалын өгсөн: “Хэдэн өдрийн өмнө манай ажлын газрын хүн бэртчихээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Тэгээд буцаж яваад замдаа хоол идчихээд гараад явж байгаад гар утас олсон юм. Тэгээд үүрээр гэртээ ирсэн. Олсон утсаа эхнэртээ барьж бай гээд өгсөн. Тэр утас нь цагдаагийн албан хаагчийн дээрэмдүүлсэн утас болж таарсан. Манай эхнэр лүү залгаад “та машин мөргөөд зугтаасан байна” гэж Баянгол дүүргийн цагдаагийн газраас ярьсан байсан. Тэгээд би иргэний үүргээ биелүүлж гар утсыг нь буцааж өгөх зорилготой явж байсан. ... Хохирогч Саранчимэгт нийт 8.760.000 төгрөг өгсөн байгаа. Эрүүл мэндэд нь 1.760.000 төгрөг, авто машинд нь 5.750.000 төгрөгийг бүрэн барагдуулсан. Авто машины хохирлыг бүрэн барагдуулсан. Отгонхүү ахын эмчилгээний зардал, шаардлагатай эм тарианы мөнгийг өгсөн байгаа. Хөнгөн хохирол учирсан хохирогч Эрдэнэцэцэгт эмчилгээний зардал, шаардлагатай эм тариа, эмнэлгийн зардал бүгдийг гаргаж өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Саранчимэгийн өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би ажлын шаардлагаар бичиг хэрэг авах гэж хот явсан. Өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг аав Отгонхүүгээр бариулаад явсан. Хот орж бичиг хэргээ авчихаад байшингаа засах гэж 100 айлын барилгын материал орж плита, хөшиг тогтоогч зэрэг барилгын материал авсан. Тэгээд буцаж яваад Налайх дүүргийн замд осол болж миний эрүүл мэнд болон тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байгаа. ...Эрүүл мэнд болон тээврийн хэрэгсэлд нийт 10.710.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс эрүүл мэндэд 2.200.000 төгрөг, тээврийн хэрэгсэлд 5.750.000 төгрөгийн хохирол үнэлгээгээр тогтоогдсон. Тээврийн хэрэгсэлд авч явж байсан барилгын материал плита, хөшиг тогтоогч, тавилга зэрэг 400.000 төгрөг болсон. Мөнхжаргал 1.700.000 төгрөг эмнэлэгт хэвтэж байхад бэлнээр өгсөн. Мөнхжаргал эрүүл мэнд болон тээврийн хэрэгслийн хохиролд нийт 8.750.000 төгрөг өгсөн нь үнэн. Одоо 1.900.000 төгрөг өгөх ёстой байгаа. Өөрийнх нь ажлын бололцоог хараад 4 сарын 15-ны дотор өгөхөөр харилцсан тохиролцсон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.Отгонхүүгийн өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 хүүхдийн гуйлтаар машиныг нь бариад Улаанбаатар хот руу явсан. Хотод очоод 100 айлаас барилгын материал авсан. 19 цаг өнгөрч байхад буцаад Багануур дүүрэг рүү явсан. Тэгээд Налайхын замд осолд орсон.” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Ган-Учралын өгсөн: “...Мөнхжаргал манай нөхөр байгаа. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олсон утсаа буцааж өгөх зорилгоор хот явсан. Би хамт явах гэсэн боловч би нялх хүүхэдтэй болохоор яваагүй. Шөнөдөө буцаад ирнэ гээд явсан. Утас руу нь байнга залгасан боловч холбогдохгүй байсан. 22 цагийн үед осолд орсныг нь сонссон. 5 хүнийг гэмтээсэн гэж сонссон. 07-07УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг боловч бидний дундын өмч байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Цалингаа зээл аваад 9.500.000 төгрөгөөр авч байсан. Бид өөрсдийнхөө машиныг засах боломжгүй гээд машины ченжид зарсан” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Л.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...Налайх дүүрэг рүү ороод дээшээ пост руу өгсөж явтал бидний явж байсан зам өгсөөд жаахан тэгширтэл гэрлийн үзүүрт яг бид нарын явж байсан урсгалын гол хэсэгт цаашаа хараад хөндлөн биш замыг дагаад алхаж байсан ба жолооны хүрдээ зүүн тийш дараад л пис пас буугаад явчихсан. Энэнээс хойш юу болсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад хохирогч Д.Лхагвадэмбэрэлийн өгсөн: “...07-07 УНП улсын дугаартай Т.Королло маркийн жижиг суудлын автомашин байсан ба жолоочоос өөр хүн байгаагүй. Эхнэр бид 2 арын суудалд суугаад шууд Улаанбаатар хот руу 19 цаг 49 минутад хөдөлсөн. Би яг хөдлөхдөө цаг харсан юм. Би замдаа зүйрмэглээд хагас унталтын байдалтай явсан ба манай эхнэр намайг налах шиг болохоор нь сэрээд урагш хартал бидний явж байсан урсгалд 2 хүн харагдах шиг болсон ба жолооч эсрэг урсгал руугаа жолоогоо дараад тас хийгээд явчихсан ба энэнээс хойш юу болсныг санахгүй байна.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 34 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.Мөнхжаргалын өгсөн: “...Улаанбаатар хот руу гараад 21 цагийн үед байх Налайх дүүрэг өнгөрөөд цайзын замд пост руу өгсөж явахад зам дээр 2 хүн алхаж явсан. Би ойрын гэрэл дээрээ тавиад явж байсан болохоор тухайн 2 хүн нэлээн тулаад гэрэлд орж ирсэн болохоор зогсоох гээд тоормосоо гишгээд хэтэрхий тулсан байсан учир мөргөх гэхээр нь шууд зүүн гар талруугаа жолоогоо дараад зайлтал урдаас ирсэн автомашинтай мөргөлдсөн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 47 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад гэрч С.Баясгалангийн өгсөн: “Ингээд замдаа явсаар Налайх дүүрэг өнгөрөөд арьс шир авна гэсэн газрууд өнгөрөөд асфальтан замаар явж байж байсан бид нарын явж байгаа чиглэлд буюу урд автомашин байхгүй урдаас буюу эсрэг урсгалд бол нэлээн хэдэн автомашин ирж явсан ба гэнэт бид нарын явж байсан чиглэлд урд 2 хүн цаашаа харсан алхаж явсан ба шууд л тулаад ороод ирсэн. Тэгтэл манай жолооч тоормос гишгээд тухайн 2 хүний мөргөхгүй гээд зүүн гар талруугаа жолооны хүрдээ дараад эсрэг урсгалд ортол шууд л урдаас бас машины гэрэл тулаад ирсэн ба би дотроо за мөргөлдлөө гэж бодоод 2 гараараа урд салон дээр нь дараад нүдээ аниад л юу юу хийхийн зуургүй тас буугаад л явчихсан. Тэгээд л би амьсгаа авч чадахгүй аюулгүй бүс миний биеийг бариад зуурчихсан байсан ба хамраас цус гараад духаараа шил мөргөөд толгой өвдөөд манараад явчихсан ба 1-ээс 2 минут доошоо хараад сууж байтал машины урдаас ус нь гоожоод уур манан савсаад цав цагаан юм л болчихсон тэгээд би аюулгүйн бүсээ салгаад машины хаалгыг онгойлгоод буугаад шууд л газар хэвтсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 50-51 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №08шэ/534 дүгээр:
/хх-ийн 53 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №08шэ/539 дүгээр:
/хх-ийн 55 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн өвчний түүхээр хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №08шэ/563 дүгээр:
/хх-ийн 64 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын судалсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:
шүүгдэгч С.Мөнхжаргал нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр эхнэр /Б.Ган-Учралын/ нэр дээр бүртгэлтэй 0707 УНП улсын дугаартай Тоёота королло маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Налайх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хот хоорондын замаар замын хөдөлгөөнд оролцож зорчин явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин зогсоох арга хэмжээ авалгүй эсрэг урсгал руу орж эсрэг урсгалаар иргэн К.Отгонхүүгийн жолоодон явсан 8383 БРА улсын дугаартай Тоёота королла маркийн тээврийн хэрэгслийг мөрдөж, түүний биед хүндэвтэр, зорчигч Д.Саранчимэгийн биед хүнд, Д.Лхагвадэмбэрэл, Л.Эрдэнэцэцэг нарын биед хөнгөн хохирол, 8383 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 5.750.000 төгрөг, 0707 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.690.000 төгрөгийн эвдрэл тус тус учруулан Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдлоо.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар С.Мөнхжаргалын үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, яллаж байгаа нь үндэслэлтэй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Мөнхжаргал нь болгоомжгүйгээр анх удаа энэ гэмт хэргийг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо зохих хэмжээгээр төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Харин хохирогч Д.Саранчимэг нь гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 10.710.000 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс шүүгдэгч С.Мөнхжаргал нь 8.750.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх бөгөөд үлдэх 1.960.000 төгрөгөөс 1.890.000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны төгрөгийн цалин гэж шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч өвчтэй, чөлөөтэй байсан эсэх, цагийн бүртгэл болон түүнд холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь гаргуулах боломжгүй ба энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, үлдэх 70.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Д.Саранчимэгт олгуулах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадэмбэрэл, Эрдэнэцэцэг нарт 1.050.000 төгрөг, хохирогч К.Отгонхүүд 375.940 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж.
Шүүгдэгч С.Мөнхжаргалд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Мөнхжаргалын 853689 дугаартай жолооны үнэмлэхийг Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Мөнхжаргалыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар С.Мөнхжаргалд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
3. С.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадэмбэрэл, Эрдэнэцэцэг нарт 1.050.000 төгрөг, хохирогч К.Отгонхүүд 375.940 төгрөг, хохирогч Д.Саранчимэгт 8.750.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Мөнхжаргалаас 70.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Саранчимэгт олгуулж, бусад нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мөнхжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн С.Мөнхжаргалын 853689 дугаартай жолооны үнэмлэхийг Багануур дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Мөнхжаргалд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ