Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2025/0656 

 

 

 

 

 

    2025         09          26                                     128/ШШ2025/0656            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: М.Э*******  /РД:ЧР*******/;

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т*******;

Хариуцагч: Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М*******, Ц.Х******* нарын хооронд үүссэн  маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баатарзориг нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Нэхэмжлэгч М.Э******* анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:

            1.1.“Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж*******ы 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийн М*******гийн Э*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг буцаан сэргээлгэх” гэж тодорхойлсон.  

            1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа:

“Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж*******ы 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийн М*******гийн Э*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээх” гэж тодруулжээ.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

            2.1.Б дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр нэгж талбарын 1, 1, 1 дугаар бүхий тус бүр 700 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

2.2.Б дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар Б дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот захирамжийн М.Э*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосон байна. 
            2.3.Нэхэмжлэгч Б дүүргийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч улмаар Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргасан.

            2.4.Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар дүгнэлтээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж******* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдийн ******* тоот захирамжаар газрын гэрчилгээний 0, 0, 0 дугаартай, нэгж талбарын 1, 1, [1] дугаар бүхий М*******гийн Э******* миний газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Улмаар захиргааны шийдвэр буюу акт гарснаас хойш хуанлийн 3 сар 26 хоног буюу 118 хоногийн дараа 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 0 дугаар албан тоотоор Б дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас газар эзэмших эрхийг цуцалсан тухай Засаг даргын дээрх шийдвэрийг хүргүүлжээ. Уг мэдэгдлийг миний бие шуудангаар 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан.

Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж******* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамж гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөлийг тогтооно, 24.2-т “ Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4 “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдох нөхцөл бүхий байдлыг тогтооно”, 25.1.2  оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах, 26.1 Захиргааны акт, захиргааны эрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэсэн тус тус ажиллагаануудыг хийлгүй захиргааны акт гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах процессын ноцтой алдаа бөгөөд захиргааны шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа М*******гийн Э******* надад холбогдох тайлбар, хүндэтгэн үзэх шалтгааны талаар мэдүүлэх боломж олгоогүй нь миний хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн үйлдэл юм.

Захиргааны ерөнхий хуулийн дээрх зүйлүүдэд дурдагдсан ажиллагаануудыг захиргааны байгууллага огт хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөж буй оролцогч надад огт мэдэгдээгүйг миний бие Нийслэлийн газрын эрхийн маргаан таслан зөвлөлд гомдол гарган хэлэлцүүлж улмаар тухайн газрыг Ус сувгийн удирдах газраас энэ газар хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул үйл ажиллагаа явуулж болохгүй хэмээн барилга угсралтын ажил эхлүүлэх боломж олгодоггүй байсныг тайлбарласан байдаг. Хариуцагч тал Зууны мэдээ сонины 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар болон Газар зохион байгуулалтын албаны пэйж хуудсаар сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн гэж байгаа нь Захиргааны ерөнхий хулийн 27.2.1 дэх заалтыг хангахгүй байгаа юм. Учир нь хэдийгээр Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж*******ы 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамж нь олон хүний эрхийг хөндсөн боловч уг захирамжаар цуцлагдаж байгаа тухайн тодорхой эрх буюу нэгж талбарын 1, 1, дугаар бүхий тус бүр нь 700 м.кв талбайтай газруудыг цуцалж байгаа нь зөвхөн М******* овогтой Э******* миний биед холбогдох зөвхөн миний бие эсхүл миний итгэмжлэгдсэн төлөөлөгч уг захиргааны хэргийн оролцогч байх, өөр хүн намайг төлөөлөх боломжгүй нөхцөл байдал тул сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг надад шууд мэдэгдэх ёстой.

Сонсох ажиллагаа дээр яагаад тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй, үнэхээр үйл ажиллагаа явуулахад дотоодын цэргийн харуул хамгаалалт саад учруулаад нэвтэрч болохгүй гэсэн юм уу, төлбөр тооцоотой асуудлыг тайлбарлах байсан. Сонсох ажиллагаанд нэхэмжлэгч талаас холбогдох бүх баримтыг гаргаж өгөхөд бэлэн байсан. Коронагийн хол хориотой байсан үе. М.Э*******ийн хувийн орон сууц газын дэлбэрэлтэд өртөөд нэлээдгүй бичиг баримт шатсан, амьдрах газар хайж олох гээд хувийн холбоотой асуудал нэлээд байсан. Захиргааны байгууллага нэг захиргааны актаар 91 хүний газрын эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. 20 буюу түүнээс дээш хүнд нийтэд мэдэгдэж болно гэсэн хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэж байна гэж үзэж байна. 91 хүний газрын эрхийг хөндөж байгаа боловч М.Э*******тэй холбоотойгоор бусад иргэд төлөөлөх эрхгүй. М.Э******* өөрөө юм уу, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сонсох ажиллагаанд төлөөлж оролцох эрхтэй. Уг газарт 20 буюу түүнээс дээш юм уу, олон хүн байсан бол дунд нь мэдэгдээд явж болох байсан. Энэ нь захиргааны байгууллага хуулийн зүйл заалтыг буруу ойлгож, хэрэглэж байна гэж үзэж байна. М.Э*******т захиргааны хуульд заасны дагуу шууд мэдэгдэх байсан. Сонсох ажиллагаанд хариу тайлбар гаргах бололцоо олголгүйгээр актыг гаргаж эрхийг зөрчиж байна гэж үзэж байна” гэв.

            3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

            “Нэхэмжлэгч М.Э******* нь нэгж талбарын 1, 1,   дугаартай газраа эзэмшиж эхэлснээс буюу 2021 оноос хойш зориулалтын дагуу ашиглаж байгаагүй нь 2021 оны 9 дүгээр сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэлх сансрын зургаар нотлогдож байгаа бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалтын үндэслэл бүрдэж байна.

            Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дах заалт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно”, иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх гэрээний 4.5 “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хуульд заасан хугацаанд нь төлөх” гэж заасан бөгөөд тус иргэн нь захиргааны акт гарах хүртэлх газрын төлбөрөө төлөөгүй учир 2024 оны ******* дугаар захирамж үндэслэлтэй байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”-ын дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дах “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэсэн заалтын дагуу Зууны мэдээ сонины 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 170 дугаарт нийтлүүлэн, дүүргийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрх хүчингүй болгосон болно.

            Мөн Б дүүргийн Засаг даргын 2024 оны ******* дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалт “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн” гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт газрын эрх зүйн харилцааны хүрээнд “газар эзэмших эрх дуусгавар болгосон захиргааны шийдвэр гаргах ажиллагааны” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч М.Э******* нь Б дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” ******* дүгээр захирамжаар Б дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой хаягтай нэгж талбарын дугаартай 700 метр квадрат, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Д.Нгээс, 1 нэгж талбарын дугаартай 700 метр квадрат, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Б.Сгаас, 1 нэгж талбарын дугаартай 700 метр квадрат, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Л.Соос тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэн авч, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр олгосон 0, 0, 0 дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгээр эзэмших болсон байна. /ХХ-1-ийн 24-35 дахь тал/

            2.2.Эдгээр газар нь зэрэгцэн хил залгаа байршилтай байна.

            2.3.Анх эдгээр газарт Б дүүргийн Засаг даргаас газрын эрх зүйн харилцааг үүсгэж, 2021 оны А/49 дүгээр захирамжаар Д.Нд 0 дугаартай гэрчилгээгээр /ХХ-1-ийн 102 дахь тал/, Б.Сд 0 дугаартай гэрчилгээгээр /ХХ-1-ийн 175 дахь тал/, Л.Сид 0 дугаартай гэрчилгээгээр /ХХ-1-ийн 121 дэх тал/ тус тус газрыг эзэмшүүлж байжээ.

            2.4.М.Э*******ийн эзэмшиж байсан нэгж талбарын 1, 1, дугаартай газрууд нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан “Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагийг тогтоох тухай” дугаар тушаалаар баталсан Улаанбаатар хотын ус хангамжийн эрүүл ахуйн хориглолтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн бүсэд бүхэлдээ орсон буюу бусдад эзэмшүүлэхийг хориглосон газарт орсон болох нь дээрх тушаал, түүний хавсралтаар ирүүлсэн зураг /ХХ-3-ын 3-7 дахь тал/, шүүхийн үзлэг /ХХ-2-ын 16-20 дахь/, Нийслэлийн Байгаль орчны газрын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаар албан бичиг, хавсралтаар ирүүлсэн зураглал /ХХ-3-ын 64-65 дахь тал/, Улаанбаатар хотын Ус сувгийг удирдах газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/878 дугаар албан бичиг /ХХ-1-ийн 54-56 дахь тал/, хариуцагчийн зурж ирүүлсэн зураглал зэргээр тус тус тогтоогдож байна.

            2.5.Нэхэмжлэгч М.Э******* нь өөрийн эзэмшиж байсан газартаа цемент цутгасан тэгшилсэн байгаа нь шүүхийн үзлэгээр /ХХ-2-ын 16-20 дахь тал/ тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сард 2 машин бетон зуурмаг буулгаад тарааж чадаагүй, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалтын цэргүүдэд хөөгдсөн гэж тайлбарлаж, үүнийгээ 8 хэсэг фото зургаар шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. /ХХ-3-ын 43-48 дахь тал/

2.6.Ийнхүү нэхэмжлэгч М.Э******* нь иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхийг хориглосон Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн дотор газар эзэмшиж байсан болох нь дээрх үйл баримтуудаар нотлогдлоо.

            2.7.Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж******* 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаалаар “газраа хүндэтгэн үзэх шалтгаангүй зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, гэрээнд заасан газрын төлбөрөө төлөөгүй” гэх үндэслэлээр М.Э*******ийн нэгж талбарын 1, 1, дугаартай газруудын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /ХХ-3-ын 76-78 дахь тал/

            2.8.Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж******* дээрх шийдвэрээ гаргахдаа Д.Э*******ийн газрыг цуцлах гэж байгаагаа Зууны мэдээ сонины 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 170 дугаарт зарласан болохоо нотолж, уг баримтаа шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн /ХХ-2-ын 27 дахь тал/ зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг:

-Захиргааны ерөнхий хуулийн дээрх зүйлүүдэд дурдагдсан ажиллагаануудыг захиргааны байгууллага огт хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөж буй оролцогч надад огт мэдэгдээгүй;

-Сонсох ажиллагаа явуулсан бол нэхэмжлэгч яагаад тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй, үнэхээр үйл ажиллагаа явуулахад дотоодын цэргийн харуул хамгаалалт саад учруулаад нэвтэрч болохгүй гэсэн юм уу, төлбөр тооцоотой асуудлыг тайлбарлах байсан. Сонсох ажиллагаанд нэхэмжлэгч талаас холбогдох бүх баримтыг гаргаж өгөхөд бэлэн байсан. Коронагийн хол хориотой байсан үе. М.Э*******ийн хувийн орон сууц газын дэлбэрэлтэд өртөөд нэлээдгүй бичиг баримт шатсан, амьдрах газар хайж олох гээд хувийн холбоотой асуудал нэлээд байсан” гэж тодорхойлоод, шүүхийг нэхэмжлэлийн энэхүү үндэслэлд дүгнэлт өгч, шийдвэрлэх ёстой гэж шаардсан.

3.2.Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ үндэслэлд нь дангаар дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй нөхцөл байна гэж үзсэн.

3.3.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан байдаг.

3.4.Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” гээд мөн хэсгийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэр гаргахаар заажээ.

3.5.Дээрх хуулийн заалтуудад заасан нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах “эрх, хууль ёсны ашиг сонирхол” гэдэг нь иргэн, хуулийн этгээдийн хувьд зөвхөн хуульд заасан журмын дагуу, хууль ёсоор үүссэн эрх, ашиг сонирхлыг хамгаалах тухай ойлголт юм.

3.6.Харин аливаа этгээдийн хууль зүйн зөрчилтэй үүссэх эрхийг ч  “эрх үүссэн” гэдгээр нь шүүх хамгаалах, сэргээн эдлүүлэх гэсэн эрх зүйн ойлголт биш болно.

3.7.Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаагаар цуглуулсан нотлох баримтаар  нэхэмжлэгч М.Э******* нь Улаанбаатар хотын ус хангамжийн эрүүл ахуйн хориглолтын бүс  болон ус хангамжийн эх үүсвэрийн хязгаарлалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн бүсэд буюу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхийг “хориглосон газарт” газар эзэмших эрх үүсгэсэн байгаа тул түүний “эзэмших эрхтэй гэх нэгж талбарын 1, 1, дугаартай газруудын газар эзэмших эрх”-ийг хууль ёсны дагуу үүссэн эрх гэж үзэхгүй болох нь нотлогдлоо.

3.8.Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж, мөн хэсгийн 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 5.1.8-д зааснаас бусад барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж, мөн зүйлийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж, мөн хэсгийн 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

3.9.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 3.9-д “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд мөн хэсгийн 3.9.12-т “газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох” гэж, 3.10-т “Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөхөөс гадна 3.9 дүгээр зүйлд заасан болон нэмж дараах үйл ажиллагааг хориглоно” гээд 3.10.1-т “гадны хүн орох” гэж журамласан байна.

3.10.Дээрх Газрын тухай хууль, Усны тухай хуулийн заалтууд болон холбогдох журмаар Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд онцгой хамгаалалтын бүсэд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгохыг хориглосноос гадна  ийм бүсэд хүн орохыг хориглосон байхад Б дүүргийн Засаг дарга нь М.Э******* болон түүний өмнөх эзэмшигч нарт ийнхүү “хориглосон газарт” газар эзэмшүүлсэн нь “ноцтой” гэж үзэхээр хууль зүйн зөрчил гаргасан атлаа энэ зөрчлөө арилгах арга хэмжээ аваагүй, маргаан бүхий актыг гаргахдаа огт өөр үндэслэлээр М.Э*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгааг илэрхий хууль бус гэж үзлээ.

3.11.Нэхэмжлэгчээс шүүхэд маргахдаа “шүүх зөвхөн маргаан бүхий актын үндэслэлийг хянах ёстой, нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар нотлох баримт цуглуулсан” гэж үзсэн ч шүүх нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн эдлүүлэх, маргааныг тал бүрээс нь хянан, хууль ёсны шийдвэр гаргах үүрэгтэй институци юм.

3.12.Анхан шатны шүүх энэхүү үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол байгаа гэдгийг нотлох баримт цуглуулах, талуудыг мэтгэлцүүлэх, шүүгчээс асуулт тавьж шалгаж тогтоох эрх хэмжээг хуулиар хүлээлгэсэн тул энэ хүрээнд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын эрх зүйн байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулахад дээрх байдал тогтоогдлоо.

3.13.Хариуцагч Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “маргаан бүхий актыг гаргахдаа “Зууны мэдээ” сонинд нийтэлж, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн, хүрэлцэн ирээгүй тул сонсох ажиллагааг явуулсан гэж үзнэ” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчид уг сонсох ажиллагааны мэдээлэл хүрч очих боломжит хувилбарыг сонгосон, сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.

3.14.Гэвч нэхэмжлэгч М.Э******* нь хариуцагч Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан бол “нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, өөрчлөх хэмжээний нотлох баримтыг гаргаж өгөх байсан” гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй, ийм баримтаа шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд ч гаргаж өгөөгүй тул шүүх нь хариуцагчийг сонсох ажиллагаа хийгээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, нөхцөл байдлыг дордуулсан гэж дүгнэх үндэслэлгүй гэж дүгнэв.

3.15.Мөн маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь “газрыг зориулалтаар нь ашиглаагүй” гэх үндэслэлээр гарсан ба энэхүү М.Э*******ийн эзэмшиж байсан газар нь Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд байгаа буюу иргэнд эзэмшүүлэхийг хориглосон газар тул нэхэмжлэгч уг газрыг зориулалтаар ашиглах боломжгүй гэдэг нь нотлогдож байгаа ба энэ талаар хариуцагчаас гаргасан актынхаа үндэслэлийг буруу тодорхойлсон боловч энэ нь хууль зөрчин газар эзэмшиж байгаа М.Э*******ийн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл биш байна.

3.16.Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн хууль бусаар эзэмшиж буй газрын газар эзэмших сэргээх, хамгаалах хууль зүйн үндэслэл шүүхэд тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав.Шүүх хуралдааны ирцийн талаар:

5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо бичгээр илэрхийлэхийн хамт өөрийгөө байлцуулахгүй хийх боломжтой талаар хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэсний хамт, түүний шүүхэд бичгээр гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж уншиж танилцуулан хэргийг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э*******ийн гаргасан “Б дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Ж*******ы 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот захирамжийн М.Э*******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгох, зөрчигдсөн эрхийг сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч М.Э*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

[1] Нэхэмжлэгч болон хариуцагч нэхэмжлэл болон хариу тайлбартаа  М.Э*******ийн эзэмших нэгж талбарын 1 дугаартай газрыг цуцалсан гэж бичсэн боловч маргаан бүхий актаар уг газрыг цуцлаагүй байгаа бөгөөд шүүх хуралдаан дээр энэ талаар талууд зөвшөөрсөн тул маргааны үйл баримт биш гэж үзэн шүүхийн шийдвэрт энэ талаар хасч бичсэн болно.