Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/20

 

 

 

2024 оны 04 сарын 12-ны өдөр                Дугаар 2024/ДШМ/20                                 Өвөрхангай аймаг

 

 

Г.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд    

Прокурор Б.Буяндалай

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Чинбат /цахимаар/   

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан         

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Г-т холбогдох эрүүгийн 2326003280021 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Архангай аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, .... уурхайн геологич ажилтай, ам бүл-1, ..... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шавь овгийн Г.Г

Г.Г нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл ..... улсын дугаартай хот хооронд явдаг нийтийн тээврийн хэрэгсэлд янгир ямааны 1 ширхэг толгой тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь овгийн Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатган, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь овгийн Г.Г-т холбогдох эрүүгийн 2326003280021 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн янгирын эвэр 1 ширхгийг Өвөрхангай аймгийн Музейд шилжүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Мандалмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгдэгч Г.Г-т холбогдох эрүүгийн 2326003280021 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2024 оны 02 дугаар сарын 07-ний өдөр 23 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч Г.Г нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл ..... улсын дугаартай хот хооронд явдаг нийтийн тээврийн хэрэгсэлд Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 07 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон янгир ямааны 1 ширхэг толгой тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутай тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаартай цагаатгах тогтоолоор “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн диспозицийн “тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн” гэх агуулга нь мөн зүйлд заасан нөхцөл бий болсон буюу “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн” үйлдэлтэй холбоотойгоор бий болсон амьтны түүхийн эдийг ойлгох бөгөөд энэ нь амьтны аймгийг хамгаалах талаарх хууль, тогтоомжийг зөрчөөгүй тохиолдолд хууль бус үйлдэлд хамаарахгүй.

...Хууль бус ан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гадаадад гаргах нь эдийн засгийн үр дагаврыг агуулдаг бөгөөд шүүгдэгч Г.Гийн үйлдэлд амьтны гаралтай түүхий эдийн ашиг орлого олохоор тээвэрлэсэн, хадгалсан, цуглуулсан, худалдсан, худалдан авсан нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн хүний хүчин зүйлээс хамаарахгүй буюу байгалийн гамшигт үзэгдэл тухайлбал ган, зуд, үер, цахилгаан, бусад араатан амьтан, биологийн жамаар үхэж хорогдсон ховор амьтны түүхий эд, эд эрхтнийг олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэнэ.

...Хот хооронд явдаг нийтийн тээврийн хэрэгсэлд янгир ямааны 1 ширхэг толгойг авч явсан нь ямар нэгэн хувийн ашиг орлого олох зорилго агуулаагүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн” үйл баримт тогтоогдоогүй, хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол учруулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэж үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавь овгийн Г.Г-т холбогдох эрүүгийн 2326003280021 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.

Цагаатгах тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүгч хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийн ...тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Янгир ямаа нь “ховор амьтан” болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон ба Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,20-д “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтнийг” гэж зааснаас үзэхэд янгир ямааны эвэр бүхий толгой нь “ховор амьтны гаралтай түүхий эд” гэж ойлгогдохоор байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан ...эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, ...бол” гэж “агнах” үйлдлийг тусад нь хуульчилсан байхад Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн шинж болгон хуульчилсан хоёр өөр үйлдлийг нэг нь нөгөөгийнхөө урьдач нөхцөл болгон гэмт хэргийн шинжийг тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо тухайн түүхий эдийн зүйл нь заавал тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан амьтны эд эрхтэн байх, мөн тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байх, гэмт этгээд ашиг, орлого олсон байх нөхцөлийг шаардаж гэмт хэргийг үгүйсгэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь материаллаг болон хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул зарим үйлдлийн улмаас байгаль, экологид хохирол, хор учирсан байхыг шаардахгүй юм.

Учир нь ялзарч муудсан, шувуу болон махчин амьтад идүүлсэн амьтны сэг зэмийг байгалийн жамаар үхсэн, эсхүл хэн нэгэн зориуд агнасан болохыг бодитоор тогтоох боломжгүй тул тухайн амьтныг ямар шалтгаанаар үхсэнээс хамаарч гэмт хэрэгт тооцвол гэмт этгээдүүд ховор амьтныг урьдаас зориуд агнаж, тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа ахуйн хэрэгцээнд ашиглах, цуглуулга болон үзмэр хийх, бусдад худалдан борлуулах боломжтой эд зүйлсийг нь авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Янгир ямааны толгойг анх хураан авах үед уг толгой нь байгалийн анхдагч шинж чанараа алдаагүй, өмхийрч муудаагүй, хүн хэрэглэх бүрэн боломжтой, ахуйн хүрээнд болон музейд үзмэр, цуглуулга хийх бүрэн боломжтой байсан нь Г.Гийг буруутгах шалтгаан болж байна.

Мөн шүүх “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан атлаа хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЩТ/46 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зэрлэг амьтныг агнах, түүнийг хамгаалахтай холбоотой харилцааг Амьтны тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын заавар журмаар зохицуулдаг. Аливаа амьтныг агнахад заавал тусгай зөвшөөрөлтэйгөөр агнадаг. Тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн хуульд заасан ан агнах гэмт хэргийн шинж нь амьтныг зөвшөөрөлгүй агнасан үйлдэл нь хаана зөвшөөрөлгүй агнаснаас хамаарч гэмт хэрэгт тооцдог. Тусгай хамгаалалттай газарт ямар ч амьтныг зөвшөөрөлгүй агнасан байвал гэмт хэрэгт тооцно. Тусгай зөвшөөрөлгүйгээр амьтныг агнасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Үүнтэй холбоотойгоор тухайн амьтныг агнаагүй боловч хийсэн тодорхой үйлдлийг гэмт хэрэг болгон хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд хэд хэдэн үйлдлийг гэмт хэргийн шинж болгон хуульчилсан байхад энэ үйлдлүүдийг хамтад нь нэгтгэж тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг дараагийн өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл болгон тайлбарлаж хэрэглэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Амьтныг агнасан үйлдлээр гэмт хэрэг төгсөж шүүгдэгчийг шийтгэх бүрэн боломжтой байна. Ховор амьтныг агнасны дараа хүнсэнд хэрэглэнэ. Эрүүгийн хуульд зааснаар түүхий эдийг нь хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргах эд эрхтнээр нь чихмэл хийх, соёо эвэр туурайг нь цуглуулах байдлаар ашиглах нь тодорхой юм. Агнасан үйлдлийг нь гэмт хэрэгт тооцсон боловч агнасан амьтныхаа түүхий эдийг дараа нь хадгалсан, тээвэрлэсэн, чихмэл хийж байгааг дахин гэмт хэрэгт тооцох хэрэгцээ шаардлага байхгүй. Амьтны түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан эд эрхтнээр нь чихмэл хийсэн, цуглуулсан үйлдэл нь гэмт хэрэг үйлдэж олсон ховор амьтны эд зүйл биш. Ховор амьтны гаралтай түүхий эдийг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж хадгалж байгаа үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна гэсэн 2 тусдаа үйлдэл гэж харагдахаар байна. Нэгэнт хэрэг үйлдэж олсон ховор амьтны эд зүйлийг дахин гэмт хэрэг үйлдэж, энэ байдлаар ойлгох нь буруу. Хууль бусаар амьтныг агнах гэмт хэрэг нь эдийн засгийн үр дагаврыг дагуулдаг. Шүүгдэгч Г.Г нь эдийн засгийн ашиг орлого олсон зүйл байхгүй. Амьтны тухай хуульд амьтныг агнах зөвшөөрлөөр агнасан тохиолдолд тухайн амьтны түүхий эд тухайн хүний өмч болно гэж заасан. Өмч бол гэдэг нь эдийн засгийн ойлголт бөгөөд эдийн засгийн үр дагаврыг дагуулдаг. Заавал ашиг олсноор хамаарна гэж үзэхгүй. Түүнийг хадгалж, өмчлөлийн эд зүйл болгож байгаа нь тодорхой хэмжээгээр эдийн засгийн үр дагаврыг дагуулж байна. Гэхдээ заавал хохирол учирсан байхыг шаардахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн үндсэн шинжийг заахдаа зөвхөн үйлдлээр заасан. Харин үйлдлийн улмаас хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцно гэж хуульчлаагүй. Амьтны түүхий эдийг  тээвэрлэсэн нь хор уршиг учирсан байхыг шаардахгүй байхаар хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх эдийн засгийн үр дагаваргүй, хэн нэгэн ашиг орлого олоогүй учраас гэмт хэрэг биш гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ олгохоор хуульчилсан. Энэ хуульд заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны А/75 дугаартай ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүсэл олгох тухай журам гаргаж зохицуулсан. Амьтны гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах, хил гаалиар гаргах, тээвэрлэхэд заавал тодорхойлолт авна гэж заасан. Тодорхойлолтыг гарал үүсэл зүүлт, гарал үүсэл нь түргэн мууддаг мах, цусанд олгодог. Зүүлтийг ховор амьтны удаан хадгалах зүйл дээр зүүдэг. Ховор амьтны түүхий эд биет байдлаараа хадгалагдан ашиглагдаж байгаа тохиолдолд байнга зүүлттэй байдаг. Янгирын толгойг Амьтны тухай хууль болон гарал үүсэлд олгох журамд зааснаар байгалийн жамаараа үхсэн юм уу, агнаагүй боловч авч ашиглах талаар нэг ч зохицуулалт байхгүй. Эсрэгээрээ Эрүүгийн хуульд зөвшөөрлийн дагуу агнасан амьтанд тодорхойлолт, гарал үүсэл зүүлт гэсэн тохиолдолд худалдах эрх нээгдэнэ гэж хуульчилсан. Эрүүгийн хуульд тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн гэж байгаа нь янгирын ямар нэгэн гарал үүсэл нь тодорхойгүй, ховор амьтныг зөвшөөрөлгүй агнах нь гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг. Хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг  илрүүлж байгаа нь ямар цаг хугацаанд, хэзээ болсон нь мэдэгдэхгүй, тэр агнасан үйлдлийг тогтоох боломжгүй учраас энэ харилцааг хамгаалж хууль бусаар амьтныг агнах үйлдлийг хязгаарлаж, урьдчилан сэргийлэх зорилгоор амьтны гаралтай түүхий эдийг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж байгаа нь гарал үүсэлгүй байгааг гэмт хэрэг болгож хуульчилсан.

Анхан шатны шүүхийн гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэл хууль зүйн үндэслэлгүй, хуульд заасан үг, өгүүлбэр, хэллэг, ойлголтыг шууд утгаар нь ойлгож хэрэглэсэн. Улсын дээд шүүхээс тэдгээрийн гаралтай түүхий эд гэдэгт юуг хамааруулах талаар тайлбарлаагүй хуульд эсхүл гээд таслал тавьж ховор амьтны гаралтай түүхий эдийг ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдээгүй, тухайн шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэрэг биш гэж дүгнэсэн мөртлөө дахин хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулна гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэсэн үг. Гэмт хэргийн шинжгүй гэсэн үйлдлээ дахин шалгуулахаар буцааж байгаа нь эргэлзээтэй.

Иймд Эрүүгийн хуульд тодорхой заасан үйлдлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Чинбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэргийн хэм хэмжээ, урьдчилсан нөхцөлд улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэсэн урьдчилсан нөхцөлтэй. Тэдгээрийн гаралтай түүхий эд гэдэг нь тухайн ховор амьтныг агнаж, агнасан түүхий эдээ тээвэрлэсэн байхыг ойлгоно. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт прокурорын яллах дүгнэлт зэргээр шүүгдэгч Г.Г нь тухайн янгирыг агнаагүй гэдэг нь бүрэн тогтоогддог. Харин эсрэгээрээ янгирын эвэр байгальдаа оршиж байсан гэдэг нь тогтоогдсон. Г.Г тухайн янгирыг агнаагүй. Харин байгальд оршиж байсан эд зүйлийг авсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэлтэй. Гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Нийгэмд аюултай гэдэг нь уг гэмт хэрэг дээр ярихад Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Амьтны тухай хууль зөрчсөн байхыг шаардана. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 1.1-т газар, ус, амьтан, ургамал зэргийг хамгаална гэж заасан. Амьд амьтныг хамгаалахаар Эрүүгийн хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хууль хөндөгдөнө. Амьд биш боловч агнаагүй байгалийн жамаараа үхсэн амьтны түүхий эдийг Эрүүгийн хууль хамгаалах үндэслэлгүй байна. Тухайн амьтныг агнасан уу, үгүй юу гэдгийг тогтоосон үйл баримт хамгийн чухал. Прокурорын зүгээс анчид, ховор амьтныг агнаж байгаа этгээдүүд нь агначихаад дараа нь тээвэрлэх, эдийн засгийн эргэлтэд оруулчих вий гэсэн зүйлийг ярьдаг. Энэ бол тусдаа асуудал юм. Агнаагүй гэдэг нь бүрэн тогтоогдсон байхад түүнд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлгүй байна. Янгирын эврийг Г.Г нь өөрийн эзэмшлийн болон өмчлөлийн тээврийн хэрэгсэлд тээвэрлэсэн зүйл байдаггүй. Харин ..... улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэлд тухайн эврийг авч явж байхад нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын экологийн цагдаагаас саатуулж шалгасан үйл баримт байдаг. Г.Гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй.

 Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаартай цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн янгирын эврийг Г.Г-ийн өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Прокуророос шүүгдэгч Г.Г-ийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл ..... улсын дугаартай хот хооронд явдаг нийтийн тээврийн хэрэгсэлд янгирын 1 ширхэг толгой /эвэр/ тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Прокуророос давж заалдах шатны шүүхэд... анхан шатны шүүх ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо тухайн түүхий эдийн зүйл нь заавал тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан амьтны эд эрхтэн байх, мөн тухайн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирсан байх, гэмт этгээд ашиг, орлого олсон байх нөхцөлийг шаардаж гэмт хэргийг үгүйсгэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан. Янгирын толгойг анх хураан авах үед уг толгой нь байгалийн анхдагч шинж чанараа алдаагүй, өмхийрч муудаагүй, хүн хэрэглэх бүрэн боломжтой, ахуйн хүрээнд болон музейд үзмэр, цуглуулга хийх бүрэн боломжтой байсан нь Г.Г-ийг буруутгах шалтгаан болж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Шүүгдэгч Г.Г Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “Ямбат” хайрхан гэх газраас янгирын толгойг /эврийг/ олж авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.У, Д.Ц, Ц.А, Ш.Б нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Уг янгирын эврийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ..... улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслээр Өвөрхангай аймгийн Бөмбөгөр сумаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн болох нь гэрч С.Б-н мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

Ховор амьтны түүхий эд болох янгирын толгойг /эврийг/ тээвэрлэсэн нь хууль бус шинжтэй боловч тухайн амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж түүхий эд болох янгирын толгойг /эврийг/ тээвэрлэсэн гэж үзэх гэмт хэргийн сэдэл, санаа зорилго хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхийн эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлээр илэрхийлэгддэг.

Хэдийгээр шүүгдэгч нь уг янгирын толгойг /эврийг/ тээвэрлэсэн болох нь тогтоогдсон ч түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцох боломжгүй буюу гэмт санаа зорилго, хүсэл зориг байхгүй буюу хэрэгт авагдсан баримтаар гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гийг цагаатгаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн болно.

Харин цагаатгах тогтоолын 4 дэх заалтыг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Учир нь: Шүүхээс цагаатгах тогтоол гарган эд мөрийн баримтыг  шийдвэрлэсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д заасныг баримтлахаар хуульчилсан байхад хуулийн буруу зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэжээ.  

 

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ан амьтан төрийн нийтийн өмч байхаар хуульчлагдсан тул уг янгирын толгойн /эвэр/ өмчлөгч нь шүүгдэгч Г.Г биш ба түүний өмгөөлөгчийн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн янгирын толгойг /эврийг/ шүүгдэгчид буцаан олгож өгөхийг хүссэн саналыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

 

Иргэний хуульд нийтийн өмч нь төрийн, орон нутгийн хэлбэртэй байж болохоор хуульчлагдсан. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн янгирын толгойг /эврийг/ шүүгдэгч Г.Г нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаас олсон болох нь тогтоогдсон, орон нутагт төрийн эрхийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг дарга хэрэгжүүлдэг тул төрийн нийтийн өмчид хамаарах янгирын толгойг /эврийг/ эдгээр байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан улсын орлогод /Баянхонгор аймгийн Музейд/ шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаартай цагаатгах тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/46 дугаартай цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн:

 

4 дэх заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн янгирын эвэр 1 ширхгийг Өвөрхангай аймгийн Музейд шилжүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн янгирын толгойг /эврийг/ улсын орлогод /Баянхонгор аймгийн Музейд/ шилжүүлсүгэй” гэж өөрчлөн, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Н.ЭНХМАА

 

                                             ШҮҮГЧИД                           Л.НЯМДОРЖ

 

                                                                                       Б.ЦЭР