| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0050/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
хохирогч С.Даваацэрэн,
шүүгдэгч Т.Нямсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржин овогт Төмөрсүхийн Нямсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707002100020 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан Уулын 6 дугаар гудамж 14 тоотод оршин суух, регистрийн УД96062939 дугаартай, Боржин овогт Төмөрсүхийн Нямсайхан нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шөнийн 23 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 71 дүгээр байр Цоцолхаан дэлгүүрийн урд талын зам дээр такси үйлчилгээ үзүүлж байхдаа таксинд явахгүй гэх шалтгаанаар бусадтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн хохирогч С.Даваацэрэнгийн нүүрэн тус газар нь тоосгоор цохиж биед нь эрүү ясны зүүн титэм сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн дээд 2-р шүдний хугарал, дээд урууланд няцарсан шарх, буйланд урагдсан шарх зэрэг гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Нямсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цоцолхаан дэлгүүрийн урд таксины зогсоол дээр ахынхаа тээврийн хэрэгсэлтэй зогсож байхдаа иргэн С.Даваацэрэнг “таксинд явах уу” гэхэд “явахгүй” гэж үл ойлголцлын улмаас маргалдан түүний нүүрэн тус газар тоосгоор цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Нямсайханы өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим таксины зогсоол дээр машин дотроо сууж байхад цаад байрнаас хоёр ах ирсэн. Нэг нь намайг таксинд явах уу гэхээр нь би “согтуу хүн авахгүй” гэж хариулсан. Тэгсэн нөгөө ах миний машины зургийг гар утсаараа дарахаар нь би машинаасаа буугаад “яагаад зураг дараад байгаа юм бэ” гэж хэлэхэд бидний хооронд хэрүүл үүссэн. Тэгээд хохирогчийн нүүр лүү тоосгоор цохисон. Цагдаад дуудлага өгөхөд цагдаа ирж Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Хэлтэс дээр очсоны дараа хохирогч эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Даваацэрэнгийн өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажлаа тараад Гордокт найз Энхсайханы гэрт орсон. Намайг очиход манай найзууд хоол унд, архи дарс болсон сууж байсан. Нэг шил архи задлахад нь тэрнээс уусан. Хот гэр лүүгээ явахаар Энхсайханы гэрээс гарч, зам дээр зогсож байсан таксины жолоочоос “хот явах уу” гэж асуухад “явахгүй” гэсэн. Би “хоёулаа хот явна, ах нь мөнгийг өгнө” гэж хэлэхэд жолооч “үгүй” гэж хариулсан. Тэгээд ёс зүйгүй харьцаанаас маргаан үүссэн. Би жолоочид хандаж “би чамтай юу ярихав, машины чинь зургийг авч чамайг өгдөг газар чинь өгнө” гэж хэлээд найзынхаа гар утсаар таксины зургийг дарахад Нямсайхан машинаасаа бууж ирээд нүд ирмэхийн зуургүй миний нүүр лүү тоосгоор цохисон. Миний шүд хугарсан байсан. Нямсайхан Налайх дүүргийн Цагдаад дуудлага өгсөн байсан. Дуудлагын цагдаа ирээд “та хэд өөрсдөө Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр оч” гэхээр нь Нямсайханы машинтай явсан. Би эмнэлэгт очиж буйл, урууландаа оёо тавиулсан” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар хуудас/, гэрч Н.Алтанбаганы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 09-11 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээрх үйл баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч Т.Нямсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө 22 цагийн орчим Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цоцолхаан дэлгүүрийн урд таксины зогсоол дээр С.Даваацэрэнтэй маргалдан түүний нүүрэн тус газар нь тоосгоор цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдлоо.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Нямсайханд холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржин овогт Төмөрсүхийн Нямсайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Нямсайханд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Нямсайханд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Нямсайханд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн Шүд эрүү нүүрний эмнэлэгт үзүүлсэн тухай 1 ширхэг сиди, Натур эмнэлэгт авахуулсан КТГ-н шинжилгээний рентген 1 ширхэг зургийг хохирогч С.Даваацэрэнд буцаан олгосугай.
6. Т.Нямсайханд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч С.Даваацэрэн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Т.Нямсайханд оногдуулсан торгох ял биелүүлэхийг Нийслэлийн Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Нямсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ