Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/17

 

 

      2024          3             11                                                          2024/ДШМ/17                      

 

 

 

 

Д.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор Б.М

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т

Хохирогчийн өмгөөлөгч Н.Э

Шүүгдэгч Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,  

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 439 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн 2234000000394 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1995 оны 5 дугаар сарын 11-ний өдөр .......................аймгийн ...............  суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 24 гудамж, 20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгох ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн   торгох ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 188 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөн хэлтрүүлэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт  Д.Б, ..................... регистрийн дугаартай,

2. Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 217 дахь километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд Toyota Marк X-X120 маркийн 56-31 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: a/...согтууруулах ундаа...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3-д "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, эсрэг урсгалд зорчиж явсан Toyota allion маркийн 23-80 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Х.Лхагвасүрэн, Э.Зэндмэнь нарын амь нас хохирч, Э.М, Э.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн прокурорын газраас Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: шүүгдэгч Бүрэн хайран Дүгэрсүрэнгийн Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Шүүгдэгч Бүрэн хайран Дүгэрсүрэнгийн Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас сар бүр 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эт олгож,

Хохирогч Э.Эийн сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тын оршуулгын зардлын зөрүү 13,400,000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж,

Шүүгдэгч Д.Бын Toyota Marк X-X120 маркийн тээврийн хэрэгслийн №03993231 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, №0073440, 895542 жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч талд оршуулгын болон эмчилгээний зардалд 37,198,299 төгрөг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж,

Шүүгдэгч Д.Бд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан Хил хамгаалах Ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалган шийдвэрлэжээ.

5. Прокурор М.Х давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд болон хуралд оролцсон прокурор Б.Мийн дүгнэлтэд: Шийтгэх тогтоолыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар гэм буруутайд тооцсон. Шүүхээс шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан гэх нөхцөл байдлыг нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолын 1 дэх заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцохдоо ямар нөхцөл байдлын улмаас дээрх зүйл хэсгээр гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй болсон байх тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Баас сар бүр 2,000,000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э.-т олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3 дахь заалтуудад нийцээгүй байх ба хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь дээрх гэм хорын хохирлыг тооцохдоо Иргэний хуулийн 508.3 дугаар зүйлд зааснаар нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. Гэтэл амь хохирогчийн асрамжид байсан 5 настай Э.М-ийг 16 нас хүртэл тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү гэж амь хохирогч Х.Л-ийн сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс болох 2,500,000 төгрөгөөс Засгийн газраас тогтоосон тэтгэврийн 500,000 төгрөгийг хасаж тооцон тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг 2,000,000 төгрөг гэж тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Энэ талаар давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б нартай санал нэг байна. Харин шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийн хувьд гэм буруутай байдалд тохирсон байх тул хэвээр үлдээх саналтай байна.

Мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг анзаараагүй байгаа тул эсэргүүцлийн 3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана... 1.4-т "шүүгдэгч нь шүүхийн шийтгэх тогтоол гарахын өмнө баривчлагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг ял оногдуулахдаа хэрхэн тооцсон нь тодорхойгүй, шийтгэх тогтоолын 11 дэх заалтад шүүгдэгч Д.Б-ын цагдан хоригдсон хоногийг тооцоогүй орхигдуулсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, зөрчсөн” гэж бичсэн хэсгээс татгалзаж байна гэв.

6. Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б-д холбогдох тус хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан шийдвэрлэсэн 439 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Анхан шатны шүүхээс хохирол, хор уршгийн талаар дүгнэлт хийсэн бөгөөд уг дүгнэлт нь ойлгомжгүй, шүүгдэгчид ашигтай бус хохирогчид ашигтай байдлаар шийдвэрлэгдсэн гэж үзэж байна. Тухайлбал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг 27,087,016 төгрөг гэж тогтоосон. Мөн хохирогч тал 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны үеэр 1,411,283 төгрөгийн хохирлын баримтыг гаргасан. Шүүгдэгч 28,498,299 төгрөгийн хохирлыг төлж барагдуулах байсан ч 37,198,299 төгрөг төлсөн. Харин анхан шатны шүүх илүү төлсөн 8,700,000 төгрөгийн талаар дүгнэлт хийгээгүй. Гэхдээ буцааж авна гэсэн ойлголтоор хэлээгүй болно.

2.Анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсгийг удирдлага болгон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 2,000,000 төгрөгийг сар бүр хохирогч Э.Э-т гаргуулахаар шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 508 дугаар зүйл нь "Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах" тухай зохицуулалт бөгөөд энэ хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасан ерөнхий заалт нь энэ хуулийн 508 дугаар зүйлийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй" гэсэн зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл, амь хохирогч Х.Л-гийн өв залгамжлагч Э.Э гэх үйл баримт хэрэгт байхгүй.

Анхан шатны шүүхээс амь хохирогч Х.Л-г 2,500,000 төгрөгийн цалин гар дээрээ авдаг байсан мэтээр дүгнэж улсаас олгох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 500,000 төгрөгийг хасч сар бүр 2,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй хууль зөрчиж байна.

Тухайлбал Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт "Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна" гэж заасан. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж даатгуулагчийг нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлдэг. Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрхтэй байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт "Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жил нь тасралтгүй төлсөн тэжээгч нас барсан бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь түүний шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй" гэж заасан.

Иймд шүүхээс тэтгэмжийн зөрүүг тогтоохдоо насанд хүрээгүй хүний эрүүл саруул өсч бойжиж байгаа талаарх эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт, нас барагчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нас барагчийг ажилд томилсон тушаал, нас барагчийг дээрх шалтгааны улмаас ажлаас чөлөөлсөн тушаал, нас барагчийн Нийгмийн даатгал төлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа, нас барагчийн цалингийн дэлгэрэнгүй задаргаа /нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангасан. Нас барагчийн цалин хөлсний дундаж/ зэрэг баримтуудыг харгалзан тогтоох ёстой.

Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн амь хохирогчийн нийгмийн даатгалын төлөлт гэх 2 хуудас баримтыг үндэслэн дээрх зөрүүг гаргуулж шийдвэрлэж байгаа нь илт хууль зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Нас барагч нь нийт хэдэн төгрөгийн цалин бодогддог эсэх, түүнээс НДШ, ХХОАТ хэдэн төгрөг төлдөг эсэх, гар дээр хэдэн төгрөгийн цалин бодогддог эсэх зэрэг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангасан цалингийн задаргаа, дундаж цалин зэргийг үндэслэхгүй автоматаар шууд 2,500,000 төгрөг гэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх асуудлаар шүүгдэгчийн өмгөөлөгч үйл баримт гарган мэтгэлцсэн боловч түүнийг үгүйсгэсэн үйл баримтаа анхан шатны шүүх шийдвэртээ заагаагүй.

3. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагын дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэсэн бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэсэн. Шүүгдэгч Д.Бын хувьд тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

7. Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бага насны хохирогч Э.Мийг 16 насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 2,000,000 төгрөгийг сар бүр төлнө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийпвэрлэж өгнө үү. Мөн надад оногдуулсан 5 жилийн хорих ялыг миний гэм буруугаа хүлээж, хохирлоо барагдуулсныг харгалзан үзэж багасгаж өгөөч гэж хүсэж байна. Маш их харамсаж гэмшиж байна гэв.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хоёр хүний амь хохирсон. Зам тээврийн осол гарсны дараа Э.Э машинаасаа гарч чадахгүй 2 цаг гаруй машиндаа хавчуулагдаад байж байхад хүн очиж гаргасан. Тэрнээс биш Д.Б гаргаж эмч дуудаагүй. Энэ ослоос болоод Э.Эийн 1 талын гар нь ажиллахгүй болж хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан. Э.Э орой гэртээ очоод охиндоо хоол хийж өгч чадахгүй болсон. Охин нь орой болгон ээжийгээ нэхдэг. Аз жаргалтай байсан гэр бүлийг үгүй хийсэн. Охиныг 16 нас хүртэл нь тэтгэмж гаргуулах хүсэлт гаргаад шүүх сар бүр 2,000,000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хоёр хүний амь хохироогоод, аав нь 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан. Охины хувьд хүнд байдалтай байна. Шүүгдэгч Д.Бд оногдуулсан 5 жилийн хорих ялыг хэвээр шийдвэрлэж өгнө үү гэв.

9. Хохирогчийн өмгөөлөгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан 5 жилийн хорих ял оногдуулж, 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулсныг хохирогчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ гэмт хэргийн улмаас 2 хүний амь нас хохирогч, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирч, нэгэн гэр бүлийн амьдрал сүйрсэн нөхцөл байдал болон шүүгдэгч удаа дараа ял шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой. 2 хүний амийг мөнгөөр үнэлэх, нөхөн төлөх боломжгүй. Анхан шатны шүүх хохирлыг нөхөн төлсөн гэх дүгнэлт хийж байгаа нь маш бүдүүлэг юм. Оршуулгын зардлаар гэм хор, хохирлын асуудал шийдэгдэхгүй. Хохирогчоос 37,000,000 төгрөгийн хохирол шаардсан. Шаардсан хохирлыг Д.Б нь сайн дураараа төлөөгүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэр гарч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гарсны дараа Д.Баас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхийн тулд хохирлын тодорхой хэсгийг төлсөн болохоос биш гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэндээ төлөөгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж бичиж, гарын үсэг зурснаар энэ хүний эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй. Иймд шүүх гэм хорын ноцтой хохирол учирсан байдалд хууль зүйн зөв дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.

Хохирогчийн зүгээс оршуулгын зардалд 13,400,000 төгрөг нэмж шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Эийн хүүхэд нас барсан. Сэтгэл санааны хүнд хэцүү байдалтай үед хохирогчийн ажил явдал, буяны үйл ажиллагаанд зориулсан эд зүйлсийн баримтыг цуглуулаад явах боломжгүй байсан учир баримтаа цуглуулж чадаагүй. Харин оршуулгын зардалд 13,400,000 төгрөг гарсан гэдгээ тайлбарлаж байгаа нь нотлох баримтаар үнэлэхүйц нөхцөл байдал гэж харж байна. Иймд уг оршуулгын зардлыг гаргуулж өгөхийг хүсэж байна.

Хохирогч 2, 3 жил эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чирэгдэж явчихаад дахин иргэний журмаар оршуулгын зардал нэхэмжлээд явах нь төвөгтэй гэдгийг ойлгох нь зүйтэй.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг зөв хэрэглэсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 “...тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан. Иймд шүүх Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар амь хохирогч этгээдийн өөрт ногдох хэсгийг хасаад давж заалдах шатны шүүх хууль хэрэглээгээр зөвтгөөд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхэд 2 хуудас баримт өгсөн гэж байна. Цахим баримтуудаар амь хохирогчийн цалин хөлсийг шинжлэн судлах боломжтой. Анхан шатны шүүх цалин хөлсийг нь судлаад дундаж цалинг тогтоосон. Мөн төлбөр авагч буюу тэтгэмж авч байгаа Э.М нь Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаад 500,000 төгрөгийн тэтгэмж авч байгаа байдал нь өөрөө хохирлыг шаардах эрхтэй болохыг давхар нотолж байна. Тэрнээс биш шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа 2 хуудас баримтаар тогтоогдсон гэдэг асуудал биш. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн зохицуулалт нь цалин орлогыг дунджаар шүүх үнэлэх үнэлэмжийг тогтоох ёстой болохоос биш Нийгмийн даатгал болон Тэтгэвэр тэтгэмж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан зохицуулалтуудыг хэрэглэх шаардлага байхгүй. Гэм хорын нөхөн төлбөр гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлс гэж юуг хэлэх вэ, түүний дундаж нь ямар байх вэ гэдэг нь цахим баримтаар нотлогдсон. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг шүүх утга агуулгын хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байгаа гэм хорын нөхөн төлбөр гэж шийдвэрлэсэн. Энэ нь өвлөгч хоорондын маргаан биш, мөн Тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар зохицуулагдах асуудал биш гэдгийг шүүгдэгчийн өмгөөлөгч анхаарч үзэх нь зүйтэй.

Харин шүүгдэгчээс Иргэний хуулийн 513 дугаар зүйлд зааснаар тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг олгож байгаа хэлбэрээр улс буцаан шаардах эрхтэй. Мөн 65 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан хохирогч дахин хохирлоо шаардах эрхтэй. Сайн дураараа хохирлоо нөхөн төлөхгүй бол нэмээд өчнөөн төлбөрт орох эрсдэлтэй гэдгийг сануулъя. Мөн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх журамд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 82,500,000 төгрөг гарсан. Тэжээгчээ алдсан бага насны охины ирээдүй маш хүнд нөхцөлд байгаа учраас шүүх дээд хэмжээгээр нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. Энэ хүний төлбөрийн чадваргүй болон төлөхгүй байдал зэрэг нь өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэх асуудал биш. Иймд сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлт гаргахгүйгээр шаардах эрхтэй гэж заасан учраас гаргуулж өгнө үү. Гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэнээс үл хамаараад хор уршиг энэ айлд насан туршид нь үргэлжлэх болно. Тиймээс тухайн журмыг хэрэглэх хууль хэрэглээний нөхцөл байдлыг харгалзан үзэж 82,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурор Б.Хэрлэнчимэгийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарын тус тус гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц ноцтой зөрчлүүд илрээгүй болно.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл,

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг явах чиглэлийн 217 дахь километрийн заалт бүхий шонгийн ойролцоох асфальтан замд Toyota Marк X-X120 маркийн 56-31 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/...согтууруулах ундаа...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй... ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3-д "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, эсрэг урсгалд зорчиж явсан Toyota allion маркийн 23-80 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Х.Лхагвасүрэн, Э.Зэндмэнь нарын амь нас хохирч, Э.М, Э.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эийн өгсөн: “...Би 23-80 УНЭ улсын дугаартай Toyota allion маркийн тээврийн хэрэгслээ жолоодон хажуудаа эхнэр Лхагвасүрэн, хойд суудал дээр хүүхдүүд Зэндмэнь, Мишээл нарыг суулгаад Төв аймгийн Эрдэнэсант сумын ойролцоо... зүүн гар тал руу эргэлттэй замд явж байхад урд явж байсан машин баруун гар тал руу дартал хажуугаар нь нэг машин гарч ирээд урсгал сөрөөд манай урсгалд орж ирээд урдаас мөргөөд осол болсон. Тухайн үед эсрэг урсгалд машин явж байсан. Мөн миний урд машин явж байсан. Гэтэл миний эсрэг урсгалд явж байсан машины араас нь урсгал сөрж орж ирсэн машин манай машиныг мөргөж зам тээврийн осол гарсан. Би 70-80 км/цагийн хурдтай явж байсан... ...Миний амьдралыг орвонгоор нь эргүүллээ. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоос илүү хамгийн гол нь эхнэрээ алдсандаа маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Д.Нямцэрэнгийн өгсөн: “...Улаанбаатар хот руу явж байхад 17 цагийн орчим Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт орж ирээд явж байтал эсрэг талын урсгалаас 56-31 УББ гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Toyota Marк X-X120 маркийн тээврийн хэрэгсэл эргэлт дээр өөдөөс хязгаарлах шугам даваад эсрэг урсгалын чиглэл рүү орж ирсэн... Тэгээд манай машины жолоочийн эсрэг талын толь хэсгийг өөрийн машины толиороо хамаад цааш явсан. Би зогсоод буугаад хартал манай машиныг мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл нь цаана очоод Toyota allion маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд замын хоёр тал руу унасан байсан... Манай машиныг мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл нь хурд сааруулагч өнгөрөөд маш хурдтай ойролцоогоор 100 км/цагийн хурдтай явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 33-34 дүгээр хуудас/,

Гэрч У.Гэрэлмаагийн өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу явах замд буюу Эрдэнэсант сумын ойролцоо явж байхад эсрэг талын урсгалаас Баянхонгорын дугаартай тээврийн хэрэгсэл хурд сааруулагч өнгөрөөд маш хурдтай эргэлтэн дээр манай машин руу шахаж орж ирэхэд манай хүү Нямцэрэн замын хажуу төмөр хашлага руу шахаж зай тавьж өгч байхад жолоочийн эсрэг талын цонх хэсгийг замын цагаан шугамыг давж орж ирээд хамаад яваад өгсөн... манай машины толийг хамаад явсан гэх машин нь цаана очоод өөр нэгэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөөд хоёулаа замын хоёр тал руу унасан байсан. Тэгээд хажуугаар өнгөрч байсан машинууд зогсоод зорчигчдыг буулгаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 39-40 дүгээр хуудас/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тын өгсөн: “...Би амь хохирогч болох Х.Лхагвасүрэнтэй хамгийн сүүлд 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр уулзсан. 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймаг Өгийнуур гэх газраас наашаа бороо намдахаар гарна гэж над руу залгаж хэлсэн... манай ах Довчинмахбал над руу амь хохирогч Лхагвасүрэнгийн 86090303 дугаарын утаснаас залгасан. Лхагвасүрэн нь хот руу ирж явах замдаа аваарт орсон байна одоо бүгдээрээ явъя гэж хэлсэн... манай дүү хүүхэдтэйгээ Улаанбаатар хот руу явж байхад сөрөг урсгалын өөдөөс ирж явсан машин эсрэг урсгал руу орж чанх урдаас нь мөргөөд хоёр машин эсрэг тал руугаа шидэгдсэн байсан. Манай дүүгийн машин мөргөсөн газраас 5, 6 метр орчим замын эсрэг тал руу шидэгдсэн байсан. Осол болсон гэх хугацаанд зорчиж явсан хүмүүсийн биеийн байдал тааруу гэмтлийн эмнэлэгт сэхээнд байгаа. Жолоо барьж явсан нөхөр Эрдэмбилэгийн хоёр шилбэний яс хугарсан, дунд чөмөг хугарсан, аарцаг гэмтсэн, дотуур цус алдалт ихтэй тэгээд тархи гэмтсэн ухаан нь орж гараад байгаа... гомдолтой байна. Зүгээр явж байсан тээврийн хэрэгслийн эсрэг урсгал руу орж бүхэл бүтэн залуу нэг гэр бүлийг сүйрүүлсэн. Эсрэг урсгал руу орсон гэх машины жолоочид хуулийн дагуу арга хэмжээ авхуулна... ...эмчилгээний зардал, оршуулгын зардал тээврийн хэрэгслийг бүрэн бүтнээр нь... манай дүүгийн нөхөр болох Эрдэмбилэг хэрэв хөдөлмөрлөх чадвараа алдвал хоёр хүүхдийн ирээдүйд учрах зардлыг гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх 45-46, 128 дугаар хуудас/,

Гэрч Д.Оюун-Эрдэнийн өгсөн: “...тээврийн хэрэгслийн жолооч Баянжаргалын төрсөн эгч... ...2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймаг руу гарлаа эгчээ надад бензиний мөнгө хийчих гэхээр нь 100,000 төгрөг хийсэн... манай ээж орилоод дүү чинь аваарт орсон байна гээд...би уснаасаа гарч ирээд аав руу яриад дүү аваарт орсон байна гэж хэлээд Баянхонгор аймгаас аавын дүү Алтанхуяг, ээж Сэргэлэнтуяа, хүргэн Мөнхбат нарын хамт Эрдэнэсант сум руу хамт явсан. Тэгээд очтол тухайн осол гарсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 36-37 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 1 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 23-27 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай “...уг зам тээврийн осол болсон газар нь Төв аймгийн Эрдэнэсант сум 3 дугаар баг гэх газар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах 217 дахь км шонгийн ойролцоо болсон байна. Үзлэгийг замаас 3 метр орчим зайд 56-31 УББ улсын дугаартай MarkX гэсэн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр замын урд урагшаа харсан байдалтай байв. Асфальтан замын ертөнцийн зүгээр хойд талд 23-80 УНХ гэсэн улсын дугаартай саарал өнгийн Toyota Allion маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан байдалтай 6-7 метр орчим зайд шидэгдсэн байв... уг тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн гэх асфальтан замын цагаан өнгийн будагтай тусгаарлах зураасын хойд зүгт буюу Улаанбаатар хот руу явах урсгалын чиглэлд А цэгийг тогтоов...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /1-р хх-ийн 4-12 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...Уг тээврийн хэрэгсэл нь 56-31 УББ улсын дугаартай Т/MarkX маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийг урд хамар хэсэг хонхойж цөмөрч орсон мөн урд талын шил хагарсан, тээврийн хэрэгслийн орой хэсэг хонхойж доошоогоо орсон байв. Тээврийн хэрэгслийн ард купер доошоогоо салж унжсан, ард багажны хаалга онгойсон байв... тээврийн хэрэгслийн доторх хэсэг жолооч талын ослын цагаан өнгийн дэр гарч ирсэн мөн урд салон хэсэг урагш орж ирсэн байв. Урд жолооч талын хажуу хэсгийн суудал хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-17/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...Уг тээврийн хэрэгсэл 23-80 УНХ улсын дугаартай Toyota allion маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл байв. Тээврийн хэрэгслийн урд хамар хэсэг ухагдаж салж унасан. Тээврийн хэрэгслийн урд шил хагарсан байдалтай байв. Мөн жолооч болон арын хаалга салж унасан байдалтай байв... ...дотогш ороход тээврийн хэрэгслийн ослын дэр гарч ирсэн бөгөөд зорчигч суудлын бүс зүүгээгүй байдалтай, тээврийн хэрэгслийн гадна талд Чингис гэсэн бичиглэлтэй 0.75 литрийн шар өнгийн дотроо ямар нэгэн шингэн зүйлгүй согтууруулах ундааны зүйл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-22/

Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3894 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Баянжаргал 27 нас гэж хаягласан цусанд 1.6 промилли спирт илэрсэн. Цусанд илэрсэн 1.6 промилли нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3893 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Эрдэмбилэг 44 нас... хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 54 дүгээр хуудас/,

“Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22/84 дугаартай “...Toyota Marк X-X120 маркийн 56-31 УББ улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Toyota Allion маркийн 23-80 УНХ улсын дугаартай автомашины жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3. Toyota Marк X-X120 маркийн 56-31 УББ улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан нь уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 169 дугаартай “...Х.Лхагвасүрэнгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр дээрх тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтэл болох их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз, бага тархины тархмал аалзан хальсан доор цус харвалт, хүзүүний 2-р нугалмын их биеийн салсан, баруун 3-7-р хавирга, өвчүү ясны хугарал, орчны эдийн цус хуралт, элэгний язрал, залгиур, голт, зүрхний суурь, баруун уушгины уганд цус хуралт, баруун бугуйнд шарх, баруун хацар, дээд зовхи, зүүн ташаан толгойн дээд хэсэг, гуя, баруун ташаан толгой, өвдөгт зулгаралт, баруун хөх, бугалга, ташаан толгой, гуя, шилбэ, хэвлий, зүүн ташаан толгой, шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.6-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач Х.Лхагвасүрэн нь дээрх тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүдийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач Х.Лхагвасүрэнгийн цусанд спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байсан байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 58-62 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай “...Э.Зэндмэний биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай “...Э.Зэндмэнийн биед шинжилгээ хийсэн эмгэг судлалын дүгнэлт үндэслэлтэй байна. Э.Зэндмэнэ авто ослын улмаас толгойн болон цээжний хавсарсан олон гэмтэл авч эрүү нүүрний мэс заслын дараах болон тархины комын байдалтай удаан хугацаанд эмчлэгдэх явцад хэвтрийн хатгаа үжлээр хүндэрч эмчилгээнд үр дүнгүй байсаар нас барсан байна. Эмгэг судлалын протоколын оношид тусгагдсан эмгэг өөрчлөлтүүд нь толгойн болон цээжний хавсарсан олон гэмтэлтэй шалтгаант холбоотой үүсчээ. Э.Зэндмэнийн авто осолтой холбоотой гэмтлүүдэд цаг алдалгүй зохих эмчилгээ хийсэн боловч гавал тархины битүү гэмтлийн улмаас удаан хугацаанд хэвтрийн байдалтай байснаас хоёр уушгины хатгаа үүсч үжлээр хүндэрсэн ба эмчилгээнд үр дүнгүй байсаар нас барсан байна. Э.Зэндмэнэд хийгдсэн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хийсэн эмчилгээ зөв байсан байна. ГССҮТ, ЭХЭМҮТ-н эмч нарын үйл ажиллагаанд стандартын зөрчил үгүй байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 207-212 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 114 дугаартай “...Э.Мийн биед дэлүүний няцрал, хэвлийд шингэн, нүүрэнд зулгаралт, хэлний язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаартай “...Э.Эийн биед зүүн шуу болон богтос яс доод төгсгөл хэсгээр бяцарсан ил хугарал, цээжний зүүн талд олон хавирганы хугарал, аарцаг ясны баруун талдаа сүүжний дэлбээ хэсгээр зөрүү бүхий хугарал, баруун дунд чөмөг хоёрлосон хугарал, баруун тахилзуур яс дунд 1/3 хугарал, зүүн шаант болон тахилзуур яс дунд 1/3 хэсгээр хугарал, өвчүү ясны хугарал, элэгний няцралт, L2, L3 нугалмын баруун сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20, 3.1.10-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 76-85 дугаар хуудас/,

Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 603 дугаартай “...Д.Бын биед тухайн үед баруун дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 203-204 дүгээр хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 06/275 дугаар, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 06/279 дугаартай “...Төв аймаг дахь ЗСДСДЦХ-ийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч 3.Буян-Ундрахын ирүүлсэн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу үнэлгээчин Г.Амбасэлмаа шинжээч үнэлгээчин 23-80 УНХ улсын дугаартай Toyota Allion маркийн автомашины зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 8,415,000 төгрөг, хохирлын хэмжээг 8,087,000 төгрөг гэж тус тус дүгнэлээ...” гэх дүгнэлтүүд /1-р хх-ийн 88-106 дугаар хуудас, 2-р хх-ийн 47-65 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Бын гэрч, яллагдагчаар өгсөн “...Би урьд шөнө найзуудтайгаа пиво уугаад өдөр 12 цаг хүртэл унтаж байгаад гарсан. Замдаа явж байхад нойр хүрч байсан боловч харьж байгаад нэг мөсөн унтъя гэж бодоод гүрийж байгаад ийм асуудалд хүрлээ. Би осол болох үеийг санахгүй байна. Би унтсан юм шиг байна, эмнэлэг дээр ирээд сэрсэн...хүлээн зөвшөөрч байна, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...би өмнө нь өгсөн мэдүүлгээ санахгүй байна...” /1-р хх-ийн 48, 122 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ.  

3. Хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд хүрэлцэхүйц, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж дүгнэх боломжтой, эргэлзээ төрүүлхүйц зөрүүтэй үйл баримт тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн тайлбар, мэдүүлгийг харьцуулан үзэж шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэсэн заалтад нийцсэн байна.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

            Өөрөөр хэлбэл, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг нь болгоомжгүй төрлийн гэмт хэрэгт хамаардаг ба субьектив санаа зорилго нь хохирол, хор уршигт зориуд санаатай хүргээгүй байхаас гадна илрэн гарч буй хэлбэр нь  хөнгөмсгөөр найдаж, хайхрамжгүй хандсан үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусад төрлийн гэмт хэргээс ялгагдах онцлогтой. Уг үйлдлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол, хор уршиг учирсан бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан хуулийн хариуцлагыг хүлээлгэх болно.

Шүүгдэгч Д.Б 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Marк X-X120 маркийн 56-31 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон эсрэг урсгалд явж байсан Toyota Allion маркийн 23-80 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Х.Лхагвасүрэн, Э.Зэндмэнь нарын амь нас хохирч, Э.М, Э.Э нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эийн мэдүүлэг, гэрч У.Гэрэлмаа, Д.Цэрэнням нарын мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3894 дугаар, “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22/84 дугаар, шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 169 дугаар, шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаар, шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаар дүгнэлтүүд, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтаар хөтөлбөргүй тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

5. Прокуророос шүүгдэгч Д.Бын үйлдэл холбогдлыг учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, уг хэрэг учрал болох үеийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар зүйлчлэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Мөн анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд Д.Бын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэхдээ “...шүүгдэгч Д.Быг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, мөн хоёр хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй...хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй...” гэж гэмт хэргийг тус хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болохыг дүгнэж бичсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар шүүх гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Шүүгдэгч Д.Б өмнө нь хэд хэдэн удаа гэмт хэрэгт холбогдож ял шийтгүүлж байсан нь түүний хувийн байдлыг тодорхойлсон үйл баримтаар тогтоогдсон тул хөнгөрүүлэх, мөн гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн шүүгдэгч Д.Б шүүхээс хүлээлгэсэн үүрэг болох мөнгөн төлбөрийн үүргийг биелүүлсэн тул хүндрүүлэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын аль аль нь тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан төрөл хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ “...хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан...” гэсэн дүгнэлт хийсэн нь гэм буруугийн хэлбэрт тохирсон, шударга ёсны зарчмыг хангасан байх тул Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулах нь шүүх, шүүгчид Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхэд хамаардаг.

Анхан шатны шүүх, шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар 6 жил 6 сарын хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгч Н.Э “...шүүгдэгчид хамгийн хүнд ялыг оногдуулж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “...шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан доод хэмжээгээр ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбар зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан төрөл хэмжээний хүрээнд ял шийтгэл оногдуулсныг буруутгах боломжгүй.

Иймд прокурорын “...согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй...” гэх эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “...тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй...шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх, шүүгдэгч Д.Б “...Надад оногдуулсан 5 жилийн ялыг миний гэм буруугаа хүлээж, хохирлоо барагдуулсан байдлыг харгалзан үзэж багасгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгов.

7. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эийн ам бүл 4 байсан бөгөөд гэмт хэргийн улмаас эхнэр Х.Лхагвасүрэн, хүү Э.Зэндмэнь нарын амь нас хохирсон, хохирогч Э.М, Э.Э нарын биед хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцсон гэмт үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул учруулсан хохирол, хор уршгийг арилгах үүргийг хуулийн дагуу хүлээнэ.

Анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцох шүүх хуралдаанаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эт учирсан хохирлыг 34,587,016 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 7,500,000 төгрөгийг хасаж 27,087,016 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар тогтоосон, шүүгдэгч Д.Б уг төлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эт төлж барагдуулсан.

Тухайн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгдэгч Д.Быг гэм буруутайд тооцох шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Баас 1,411,283 төгрөг гаргуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх...” завсарлага авч төлж барагдуулсан байна.

Мөн хохирогч тал 13,400,000 төгрөг шаардсан ч баримтаар нотлоогүй тул шүүх холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг буруутгах боломжгүй.

Харин анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч Э.Эийн охин Мишээлд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.1-д зааснаар 16 насанд хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 2,000,000 төгрөгийг сар бүр Д.Баас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эт олгож шийдвэрлэхдээ “...тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг амь хохирогч Х.Лхагвасүрэнгийн сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс болох 2,500,000 төгрөгөөс Засгийн газраас тогтоосон тэтгэврийн 500,000 төгрөгийг хасаж 2,000,000 төгрөг” гэж тооцон гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Талийгаач Х.Лхагвасүрэн нь “Эс Жи групп” ХХК-нд сарын 2,500,000 төгрөгийн цалинтай ажил эрхлэж байсан нь тус компанийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 01 сараас 7 сар хүртэл 2,500,000 төгрөгөөс тооцон төлсөн талаарх лавлагаа, Улсаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 500,000 төгрөгөөр тогтоосон баримт хэрэгт авагдсан байх ба хохирогч Э.Э зам тээврийн осолд орохоос өмнө хөдөлмөр эрхлэх чадвартай байжээ.

Иймээс Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж заасны дагуу хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эийн охин Э.Мд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү / 2,500,000 төгрөг – (дундаж цалин 2,500,000 төгрөг : ам бүл 4 х нас барсан болон хөдөлмөрийн чадвартай байсан этгээд 3) – тэжээгчээ алдсан тэтгэмж 500,000 төгрөг/ = 125,000 төгрөгийг сар бүр Д.Баас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эт олгох нь зүйтэй байх тул прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Баярмагнай нарын гаргасан давж заалдах гомдлоос холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэв.

8. Мөн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 1, 2, 6, 7, 8 дахь заалтад дараах өөрчлөлтийг оруулж зөвтгөх боломжтой гэж үзэв. Үүнд:

Шүүгдэгч Бүрэн хайрхан Дүгэрсүрэнгийн Баянжаргал гэсэн байхад Бүрэн хайран гэж овгийг буруу бичсэн байгааг зөвтгөх, Шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тусгай ангийн 2.3 дахь хэсэгт зааснаар “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж,...” гэж хуульд нийцүүлж, 8 дахь заалтыг “...№0073440, 895542 жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэж харъяа байгуулагад нь үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шинэчлэн баталсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан.

Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хорыг арилгах хуулийн нэмэлт зохицуулалтыг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталсан хуулиар оруулсан байна.

Харин гэмт хэрэг болсон цаг хугацаа нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр байх тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй юм.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогч Э.Эийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 82,500,000 төгрөгийн нэхэмжлэл нь хуулийн хугацаанд хамаарахгүй...” гэсэн дүгнэлт хийсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь ойлгомжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож, мөн оршуулгын зардлын зөрүү 13,400,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, ...нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэж шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг тус тус өөрчлөв.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хүртэлх цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 439 дугаар шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...Шүүгдэгч Бүрэн хайран Дүгэрсүрэнгийн Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...шүүгдэгч Бүрэн хайрхан Дүгэрсүрэнгийн Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, хоёр хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

2 дахь заалтад “...Шүүгдэгч Бүрэн хайран Дүгэрсүрэнгийн Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...шүүгдэгч Бүрэн хайрхан Дүгэрсүрэнгийн Баянжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас сар бүр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эт олгосугай...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас сар бүр 125,000 /нэг зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эт олгосугай...” гэж,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

7 дахь заалтад “...Хохирогч Э.Эийн сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тын оршуулгын зардлын зөрүү 13,400,000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Эийн сэтгэл санааны хохиролд 82,500,000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тын оршуулгын зардлын зөрүү 13,400,000 төгрөг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Т нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай...” гэж,

8 дахь заалтад “...Шүүгдэгч Д.Б Toyota Mark X-X120 маркийн тээврийн хэрэгслийн №03993231 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, №0073440, 895542 жолоочийн үнэмлэхийг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй...” гэснийг “....Шүүгдэгч Д.Б Toyota Mark X-X120 маркийн тээврийн хэрэгслийн №03993231 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, №0073440, 895542 жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай...” гэж өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлоос “...тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү тогтоосон хэсгийг эс зөвшөөрсөн...” хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хүртэлх цагдан хоригдсон 125 /нэг зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             М.МӨНХДАВАА   

                                                           ШҮҮГЧИД                            З.ТӨМӨРХҮҮ

                                                                                                З.ТҮВШИНТӨГС