Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2025/0628

 

2025          09           15                                     128/ШШ2025/0628

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Хур алтан өргөө” ХХК, /РД:6042848/;
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга;
Хариуцагч: “Улаанбаатар орон сууцжуулалт” орон нутгийн өмчит ХХК;
Гуравдагч этгээд: “Гартаам агат” ХХК /РД:6169422/;
Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-4 дүгээр байрны Хяналтын хороо;
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батсүмбэр-Уул, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Пүрэвсүрэн, “Улаанбаатар орон сууцжуулалт” ОНӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, гуравдагч этгээд “Гартаам агат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны СТ-4 байрны Хяналтын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бурмаа, Ч.Нямсамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:
    Нэг.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага: 
    1.1.Шүүх нь нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1424 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн.
1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  буюу 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хянаад нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаас:
1.2.1.“Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/721 дүгээр захирамжаар байгуулагдсан "Үнэлгээний хороо"-ны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах,
1.2.2."Улаанбаатар орон сууцжуулалт" ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Гартаам агат" ХХК-д олгосон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах эрх олгосон "Батламж"-ийг хүчингүй болгуулах” шаардлагаар нэмж захиргааны хэрэг үүсгэсэн. 
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түний өмгөөлөгч нараас шүүх хуралдаан дээр  “Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1424 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлагыгаа “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1424 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн ба энэ өөрчилсөн шаардлагад хариуцагч болон гуравдагч этгээд талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас  бичгээр тайлбар гаргахгүй гэдгээ илэрхийлсэн. 
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар “Хур алтан өргөө” ХХК-ийг Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэр, СТ-4, СТ-5 дугаар байрны дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж, Батламж бичиг олгосон байна.
2.2.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1424 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг Хяналтын хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн нийтийн зориулалттай СТ-4 дүгээр байрыг дахин төлөвлөн барилгажуулах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгожээ.
Гурав:Хэргийн оролцогч нарын тайлбар түүний үндэслэл: 
3.1.Нэхэмжлэгч бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: 
1.“Хур алтан өргөө" ХХК-аас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1424 тоот "Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай" захирамжийг гарсан цагаас нь эс зөвшөөрч, шат шатны захиргааны байгууллагад гомдол хүсэлт гаргаж улмаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед дахин сонгон шалгаруулалт зарласан нь "Хур алтан өргөө" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын уг захирамж хэрэгжсээр байгаа нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд саад болоод зогсохгүй, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд нөлөөлөх эрсдэлтэй байна.
Шүүхийн үндсэн зорилго нь зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг байтал захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай зэрэгцэн явагдаж байна. Үнэлгээний хороо хуралдахаас өмнө "Хур алтан өргөө" ХХК-ийн зүгээс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дээрх төсөл сонгон шалгаруулах ажиллагааг захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хойшлуулах тухай хүсэлтийг "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-д гаргасан боловч хүсэлтийг маань хүлээж аваагүй. Энэхүү үргэлжилсэн захиргааны үйл ажиллагаа нь нэг эрх зүйн үр дагаврыг үүсгэж, түүний улмаас нэхэмжлэгч "Хур алтан өргөө" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна.
2.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн А/359 "Төслийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай" захирамжийн 1 дэх заалтаар "Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны байрны сууц өмчлөгчидтэй хууль, журмын дагуу холбогдох гэрээ байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.
3."Төслийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай" А/359 тоот захирамжийн дараа Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21- ний өдрийн А/721 дүгээр захирамжаар байгуулагдсан "Үнэлгээний хороо"-ны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 3 дугаартай шийдвэр болон "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Гартаам агат" ХХК-д олгосон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах эрх олгосон "Батламж"-ийг хүчингүй болгуулах үндэслэлтэй байна.
Үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалтыг явуулж, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсний дагуу төсөл хэрэгжүүлэгчид эрх олгох тухай захирамж гаргах ёстой байтал "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирал 3.Төмөртөмөө нь хууль болон эрх зүйн актаар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж "Гартаам агат" ХХК-д төсөл хэрэгжүүлэх "Батламж" олгосныг хууль бус гэж үзнэ. Тодруулбал:
-“Төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг"-ийн 12.10-д "Төсөл хэрэгжүүлэгч" гэж үнэлгээний хорооны дүгнэлтийг Нийслэлийн Засаг дарга баталгаажуулсны үндсэн дээр гурван талт гэрээг байгуулсан этгээдийг ойлгоно гэж заасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргаас Үнэлгээний хорооны дүгнэлтийг баталгаажуулсан шийдвэр гаргуулалгүй, шууд "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирал 3.Төмөртөмөө нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр "Гартаам агат" ХХК-д батламж олгосноор зөвхөн Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон эрх хэмжээнд халдсан байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 4.8 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн Засаг дарга нь үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл - хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно" гэж заасныг мөн зөрчжээ.
Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү.
Маргаан бүхий захиргааны актуудыг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-аас шүүхэд ирүүлснээр танилцаж мэдсэн болно” гэжээ. 
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж гаргасан тайлбартаа: 
Дүгнэвэл төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын ажиллагаа нь хуульд үндэслээгүй, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т заасныг зөрчсөн. Үндсэн хууль болон салбар хуулиуд, журам дүрмээ зохицуулж хуульчилсан заалтуудыг баримталж маргаан бүхий захиргааны актыг гаргах ёстой байсан.
Маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоосноор сэргэх эрх ашгийн тухайд бол нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалтад оролцох эрх нээгдэнэ. Хар жагсаалтад орох асуудал арилна гэсэн үг. Мөн дараа дараагийн сонгон шалгаруулалтын ажиллагаа нь Хот суурин газрын дахин үйлчлэх тухай хууль болон Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын барилгыг буулгаж шинээр барих үйл ажиллагааны журмын дагуу алдаагүйгээр, зөв хэрэгжих нөхцөл бүрдэх боломжтой. Энэхүү маргаан бүхий харилцаанд төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хуулийг дээдлэх зарчим бүрэн төлөвшинө. Мөн хууль хэрэглээний зөв жишиг тогтоно гэж үзэж байгаа. Шүүхээс хууль хэрэглээний аргачлалыг тогтооход түүнчлэн захиргааны байгууллагаас ийм төрлийн зөрчлийг дахин гаргахгүй байх ач холбогдолтой. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэнэ” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 
“Хяналтын хорооны дүгнэлтэд нэхэмжлэгч компанийг санхүүгийн чадамжгүй, нарийвчилсан төлөвлөгөө байхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутгадаг. Гэрээний аль заалтыг зөрчсөн талаар маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдаагүй. Санхүүгийн эх үүсвэрээ нотлох ёстой юм уу, энэ үүргийг гэрээгээр хүлээсэн юм уу, журмаар хүлээсэн юм уу, хуулиар хүлээсэн юм уу гэдгийг Нийслэлийн Засаг дарга тодруулж шалгах ёстой байсан. Гэтэл Хяналтын хороо нь оршин суугч биш иргэдийн бүрэлдэхүүнтэй. 
Журмын 7.4-т заасан заалт нь 2 урьдчилсан нөхцөлтэй. 1. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх үйл явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан гэх мэт. Энэ нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон гэж 1 цуцлах үндэслэл болсон. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэж цуцална. Тэгэхээр Хяналтын хорооны саналыг үндэслэх боловч 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ёстой, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй байх ёстой. Хэрэв энэ 2 үүргээ биелүүлээд явж байсан эсхүл төсөл хэрэгжүүлэгчийн буруутай үйл ажиллагаатай холбоогүй, шалтгаант хамааралгүй бол хичнээн Хяналтын хорооны санал гаргасан ч Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлахгүй байх ёстой,  сонгох боломж байна шүү дээ. 
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд одоо тайлбар, санал гаргах боломжийг олгоно гэж заасан байдаг. Гэнэт л захиргааны акт гарсан. Огт мэдэгдээгүй. Тайлбар саналаа гаргах боломж олгоогүй. Хэрвээ Хяналтын хорооноос дүгнэлт ирүүлсэн. Уг дүгнэлт үндэслэлтэй эсэх, хэрэв үндэслэлтэй бол танай төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах гэж байна гэх байдлаар сонсох ажиллагааны мэдэгдлийг “Хур алтан өргөө” ХХК-д ирүүлсэн бол гэрээний заалтаа зөрчсөн эсэх, юу биелүүлсэн, барилгын ажил удаашралтай, цаг хугацааны хувьд ямар шалтгаанаар хугацаа алдсан, хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдөр хүртэл ийм ажиллагаа хэрэгжиж байсан, 1 барилгыг буулгаагүйн нөхцөл шалтгаан зэргийг тайлбарлаж, шаардлагатай тохиолдолд санхүүгийн эх үүсвэрээ нотолсон баримтаа ч гаргаж өгөх боломжтой байсан. Маргааны үйл баримтаас харахад Санхүүгийн чадамжгүй гэхээсээ илүүтэй 7-8 оршин суугч буюу байрны өмчлөгч гэрээ байгуулахгүй, тухайн байрнаасаа нүүхгүй, тухайн төслийн үйл ажиллагааг гацаасан, саад учруулсан нөхцөл байдал бий. 
Нийслэлийн Засаг даргын зүгээс төсөл хэрэгжүүлэгчийнхээ эрхийг цуцлахаас өмнө уулзалт хийж болох байсан. Иргэдийн төлөөлөл буюу Хяналтын хорооны төлөөллийг болон тухайн гүйцэтгэгч компанийг, мөн Нийслэлийн орон сууцны бодлогын газар буюу хариуцсан агентлагийг нь оролцуулж уулзалт хэлэлцүүлэг хийж нөхцөл байдлыг тодруулж, асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хэн нэгний эрхийг хааж, боогдуулж, хязгаарлаж, 1 этгээдэд сөрөг нөлөөлөл үзүүлж нөгөө этгээдэд давуу байдал олгох гэж захиргааны байгууллага байдаггүй. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 4.1-т хуульд үндэслэх зарчим, бодит нөхцөлд тохирсон байх, зорилгодоо нийцсэн байх гэж заасныг зөрчсөн. Нийслэлийн Засаг даргын зүгээс Хот байгуулалтын газраас, Орон сууцын газраас эсхүл Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох чиг үүрэг бүхий агентлагуудаас ажлын хэсэг байгуулж тухайн нөхцөл байдлыг шалгаж тогтоох боломжтой байсан шүү дээ. Энэхүү ажиллагааг огт хийгээгүй. Магадгүй өнөөдөр барилга баригдаад дууссан байх боломжтой. “Хур алтан өргөө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэгчийн эрх нь хэвээр байсан бол 3, 4 дүгээр сараас ажил нь үргэлжилж ямар үр дүн гарах боломжтой байсныг анхаарах нь зүйтэй. 
Хяналтын хороо гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхдээ хуульч, эрх зүйч хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байх ёстой. Гэтэл Хяналтын хороо гэдэг нь тухайн төсөлд хөндлөнгийн хяналт тавих буюу олон нийтийн, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй олон нийтийн байгууллага юм. Хяналтын хороо нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлж захирамжилсан шийдвэр гаргах бүрэн эрх байхгүй. Хяналтын хороо шийдвэр гаргана. Үүнийг Засаг дарга биелүүлж болно, биелүүлэхгүй байж болно. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээнд хамаарч байгаа. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24.2-т төсөлд оролцуулагч талуудын байгуулах гэрээтэй холбоотой зохицуулалтыг зааж өгсөн. Маргааны гол үндэслэл бол гэрээ. Гэрээтэй холбоотой асуудалд бид төвлөрөх ёстой. 24.2-т “... Гэрээнд дараах зүйлсийг тусгана..., ...эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөөг гэрээний салшгүй хэсэг байна” гэж заасан. Мөн 24.2.10-д гэрээг цуцлах нөхцөлийг гэрээнд тусгахаар заасан байна. Маргаан бүхий захиргааны актад гэрээний ямар ч зүйл заалт байхгүй. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцын барилгыг буулгаж шинээр барих үйл ажиллагааны журам”-ын алинд ч нарийвчилсан төлөвлөгөө гэдэг үг байхгүй. Харин ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө гэж байгаа. Энэ нь захиргааны байгууллагаас батлах төлөвлөгөө юм. Төсөл хэрэгжүүлэгчтэй хамааралтай төлөвлөгөөний тухайд гүйцэтгэх ажлын дэс дараалал, цаг хугацааг илэрхийлсэн төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгч нь гэрээ байгуулахаас өмнө 30 хоногийн дотор Нийслэлийн Засаг дарга гаргаж өгөх юм. Тэгэхээр гэрээ байгуулахаас өмнөх үе шат дахь төлөвлөгөөг төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлахдаа үндэслэл болгосон. Календарчилсан төлөвлөгөөг нарийвчилсан төлөвлөгөө гэдэг. Шинээр батлуул гэсэн шаардлага тавьсан нь үндэслэлгүй. Барилгыг нураалгая, буулгуулъя гэхэд төлөвлөгөөгөө шинээр батлуул гэх шаардлагыг хариуцсан агентлаг нь тавьсан. Бид төлөвлөгөөгөө шинэчилж батлуулъя гэх хүсэлтээ цаг тухайд нь Нийслэлийн Засаг дарга болон Орон сууцын бодлогын газарт хандаж байсан. Ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй. Нэгэнт гэрээ байгуулсны дараа төлөвлөгөө батлуулах үүрэг төсөл хэрэгжүүлэгчид байхгүй. Тэгэхээр хууль, журам, гэрээгээр хүлээсэн, хүлээгээгүй үүргийг биелүүлээгүй гэх мэтээр төсөл хэрэгжүүлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. 
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулаагүй бол тухайн захиргааны акт хуульд үндэслэсэн буюу үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй. Тэгэхээр захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн захиргааны акт, үр дагаврын хувьд хүчингүй болох ёстой. Маргааны үйл баримт, онцлогийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хар жагсаалтад оруулсан буюу нэхэмжлэгчийн төсөл сонгон шалгаруулалтад оролцох эрхийг нь хязгаарласан. “Хур алтан өргөө” ХХК төсөл сонгон шалгаруулалтад дахин оролцох ямар ч эрхгүй нөхцөл байдалтай болсон. Хэрэв захиргааны актын үндэслэлийг шүүхээр хянуулсны дараа сонгон шалгаруулалтаа зарласан бол нэхэмжлэгч компани сонгон шалгаруулалтад оролцон ялж барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжтой байсан. Иймд Үнэлгээний хорооны шийдвэр, эрхээ олгосон батламж зэрэг актууд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Гэвч эдгээр захиргааны акт, шийдвэрүүд нь тодорхой хэмжээнд хэрэгжиж барилгын ажил тодорхой түвшинд хүрсэн байна” гэв. 
3.4.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
 “Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/81 дүгээр захирамжаар "Хур алтан өргөө" ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4, СТ-5 дугаар орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах, гэрээ байгуулах эрх олгосон. 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны 01-01/08 дугаар шийдвэрээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны СТ-4, СТ-5 дугаар байрыг ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болохыг тогтоогдож, улмаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/203 дугаар захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/397 дугаар захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн "Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай" А/81 дүгээр захирамжаар тухайн байрыг дахин барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчээр "Хур алтан өргөө" ХХК шалгарсныг батламжилж, газар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар захирамжаар СТ-4 дүгээр байрны Хяналтын хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны СТ-4 дүгээр байрны хяналтын хорооны 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн №01 дугаартай хяналтын хорооны шийдвэрийг хүргүүлсэн. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/81 дүгээр захирамжаар газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчидтэй зөвшилцөлд хүрэх явцад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах талаар сууц өмчлөгч иргэдээс гомдол гарч, сууц өмчлөгчидтэй хоёр болон гурван талт гэрээ байгуулж чадаагүй тул тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.
"Хур алтан өргөө" ХХК нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2 б. дэх заалт "Энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах" зохицуулалтын дагуу сууц өмчлөгч иргэдээс санал аваагүй болох нь иргэдийн эсэргүүцэл, өргөдөл гомдол, санал зэргээр нотлогддог бөгөөд төсөл хэрэгжүүлэхийг сууц өмчлөгчид дэмжихгүй байгаа байна. 
Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. "Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 11.1.1."хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;", Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын 7.4. "Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална.", 7.7. "Энэ журмын 7.4-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй" гэж тус тус заасан.
Мөн Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 "төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах", 23.1.5. "төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх", 23.1.8. "төсөл хэрэгжүүлэхэд байгаль орчны, эрүүл ахуйн, аюулгүй байдлын болон бусад холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, журам, стандартын шаардлагыг мөрдөх" гэж төсөл хэрэгжүүлэгчийн үүргийг зохицуулсан.
Нэхэмжлэгч ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тул Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр байрны Хяналтын хорооны саналын дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан "Хур алтан өргөө" ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А/81 дүгээр захирамжаар цуцалсан.
Нийслэлийн Засаг дарга хуулиар өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А/81 дүгээр захирамжийг гаргасан эрх зүйн зөрчилгүй захиргааны акт юм.
Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид "хороо" гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна" гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.5.Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 
“... Сонсох ажиллагаа хийж, иргэдтэй уулзсан. Энэ талаарх баримтууд авагдсан байгаа. Тухайн ажлыг эхлэхээс гүйцэтгэж дуусах графикийг гаргаж байсан. Уг графикийн дагуу ажиллагааг нэхэмжлэгч огт биелүүлж чадаагүй. Маргаан бүхий барилгыг нураагаагүй. Оршин суугчид 100 хувь зөвшөөрсөн тохиолдолд барилгыг нураадаг. Гэтэл гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч компани иргэдтэй тохиролцож 2 талт гэрээ байгуулж чадаагүй.
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 6.11-т Төсөлд оролцогч иргэн, хуулийн этгээд нь гэрээнд заасан хугацаанд ... чөлөөлөөгүй тохиолдолд ...” гэж заасан. 2 талт болон 3 тал гэрээнд байраа чөлөөлөх хугацааг заасан. Гэтэл 3 талт гэрээ байгуулаагүй иргэдийг орон сууцнаас нь албадан чөлөөлөх боломжгүй. Гэрээний 7.7-д төсөл хэрэгжүүлэхэд оруулсан хөрөнгийг төр хариуцахгүй. Өөр төсөлд нэхэмжлэгч компанийг шалгарууллаа гэхэд дахин 20-40 айл хохироход иргэд төрийг л буруутгана. 3 жилийн хугацаанд иргэдийн ирээдүйн эрх ашгийг хамгаалж байна...” гэв.
3.6.Хариуцагч “Улаанбаатар орон сууцжуулалт” ОНӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон  шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай" А/1424 дүгээр захирамжаар төслийн хүрээнд байгуулсан хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нарийвчилсан төлөвлөгөө батлуулаагүй тул төслийн хэрэгжилтэд хяналт тавих Хяналтын хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан "Хур Алтан Өргөө" ХХК-д олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн "Дахин барилгажуулах үйл ажиллагаа хэрэгжүүлэх эрх олгох тухай А/359 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр байрны сууц өмчлөгчидтэй хууль, журмын дагуу холбогдох гэрээ байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган дахин барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-д даалгасан.
Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн "Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, түүний үйл ажиллагааны удирдамжийг шинэчлэн батлах тухай" А/721 дүгээр захирамжийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр байрыг буулган дахин барилгажуулах нээлттэй сонгон шалгаруулалт нээлттэй зарласан. Сонгон шалгаруулалтын материалыг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11.00 цаг хүртэл хүлээн авч, ирүүлсэн аж ахуйн нэгжийн материалтай Үнэлгээний хорооны гишүүд танилцаж, холбогдох үнэлгээг өгсөн. Тус сонгон шалгаруулалтад "Гартаам Агат" ХХК тэнцэж, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, батламж гардуулсан. Өнөөдрийн байдлаар тус сонгон шалгаруулалтын хүрээнд ямар нэгэн гомдол, санал гараагүй ба төсөл хэрэгжүүлэгч компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК захиалагчийн хяналт тавин ажиллаж байна.
Танай 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн "Нотлох баримт гаргуулах тухай" 01/5574 дүгээр албан бичигт дурдагдсан "Хур Алтан Өргөө" ХХК-тай "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК нь ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй болно.
“Үндсэн хуулийн хүрээнд 2 жил гаруй орон гэргүй явсан иргэдийн эрх ашгийг хамгаалахаар дахин сонгон шалгаруулалт хийсэн. Орон сууцын буулгахад төсөл хэрэгжүүлэгч компани өөрийн зардлаар буулгадаггүй. Харин тухайн шатны Засаг даргын захирамжаар, улсын зардлаар буулгадаг. Дахин сонгон шалгаруулалт зарлахдаа нэхэмжлэгч компанийг оролцох боломжийг олгосон. Хэдий 3 жилээр үйл ажиллагаа явуулах эрхээ хасуулсан байсан ч оролцох боломжийг нь хязгаарлаагүй. Өнөөдрийн байдлаар сонгон шалгарсан “Гартаам агат” компани СТ-4 орон сууцийг барьж 60-70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд хохирсон иргэдийн асуудлыг даруй шийдэх нь зүйтэй. “Гартаам агат” ХХК-ийг сонгон шалгаруулахдаа бүх нөөцийг шалгаж үзсэн. Нөөц гэдэгт арматур төмөр, цутгуур, ажиллах хүч зэргийг хяналтын зөвлөл шалгаад иргэд орон сууцтай болох боломжтой гэж үзсэн” гэв. 
3.7.Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-4 дүгээр байрны Хяналтын хорооны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“Хур алтан өргөө” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэл, тайлбарыг дэлгэрэнгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр гаргах болно” гэжээ.
3.8.Гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-4 дүгээр байрны Хяналтын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
 “Гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн тухайд, Сайдын баталсан журмын 4.11.4-т төсөл хэрэгжүүлэгч болон захиалагч барилга ашиглалтад оруулах хугацааг заавал тусгана гэж заасан бөгөөд 2022 оны 01 дүгээр улиралд эхлэж 2024 оны 03 дугаар улиралд гэрээг хэрэгжүүлж дуусах ёстой байтал нэхэмжлэгч компани үүргээ биелүүлээгүй. Харин дахин сонгон шалгаруулалтаар шалгарсан “Гартаам агат” ХХК нь өмнөх хурал орох үед 8 давхар байсныг 11 давхар хүртэл барьчихсан. Төсөл хэрэгжүүлэгч гэрээгээ зөрчиж болно. Гэвч барилгыг ашиглалтад оруулах хугацаа дууссан байх үүргээ биелүүлээгүй нь маш ноцтой асуудал юм. Санхүүгийн чадамжгүй гэсэн тухайд, СТ-4, СТ-5 байрны оршин суугчдын 3 удаа уулзалт хийхэд нэхэмжлэгч компанийг ирж санхүүгийн чадамжаа батал, барилгаа хэзээ ашиглалтад оруулах вэ? гэх зэрэг асуудлаар уулзах гэсэн боловч “Хур алтан өргөө” ХХК-иас нэг ч удаа ирээгүй.
Орон сууц бодлогын газраас болон Хяналтын хорооноос санхүүгийн чадамжтай эсэхийг тодруулахаар хэд хэдэн удаа амаар болон албан бичиг илгээж байсан. Үүний дараа Сангийн яаманд хандаж нэхэмжлэгч компанийн туслан гүйцэтгэгч болох “Ди ди эм ти пропертиз” ХХК-ийн 2022-2024 он хүртэлх 3 жилийн санхүүгийн тайланг авч шалгахад барилгыг ашиглалтад оруулах боломжгүй нь тогтоогдсон. Нэхэмжлэгч компанийн буруутай эс үйлдэхүй нь тодорхойгүй байдлыг бий болгож байсан. 2 жилийн хугацаанд туслан гүйцэтгэгч компаниа сольж, барилгын ажлаа гүйцээх бүрэн боломжтой байсан. Өнөөдөр шүүхэд маргаж байгаа нь ойлгомжгүй. Нэхэмжлэгчид одоо ч СТ-5 орон сууцыг барих эрх нь нээлттэй байна шүү дээ. Сүүлийн шүүх хурлаас хойш 1 орчим хугацаа өнгөрч байна. Уг хугацаанд 2 давхар хүртэл барих боломжтой байсан. Энэ нь илэрхий байдлаар санхүүгийн чадамжгүйг нь нотолж байна.
Нарийвчилсан төлөвлөгөө гэдэг нь график төлөвлөгөө буюу тухайн ажлыг хэзээ эхлэх, хэдэн давхрыг хэзээ дуусгах, хэзээ барилгыг бүрэн ашиглалтад оруулах талаар захиалагч болон төсөл хэрэгжүүлэгч хооронд хийсэн тохиролцоог ойлгоно. Үүний үндсэн дээр төсөл хэрэгжүүлэгч иргэдтэй тохиролцож барилгыг нураах үйл явц өрнөх ёстой байсан. Гэтэл төслийг хэрэгжүүлэх хугацаа дууссан. Захиалагчийн зүгээс одоо ямар ажил төлөвлөж байгаа талаар нэхэмжлэгч компани болон туслан гүйцэтгэгч компаниас удаа дараа шаардахад холбогдох баримтаа огт гаргаж өгдөггүй. Дээрх дүгнэхэд “Хур алтан өргөө” ХХК-ийн эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх нь тодорхойгүй байна. Нөгөө талаас уг захирамж нь гаднаас захиалга өгсөн иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа. Иймд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж хууль болон зорилгодоо нийцсэн гэж үзэж байна” гэв.
3.9.Гуравдагч этгээд “Гартаам агат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
 “Тухайн орон сууцны хэдэн тоотын, хэдэн иргэд орон сууц авхуулна гэсэн гэрээнээс давсан шаардлага тавьсан талаарх баримт байдаггүй. Нэхэмжлэгч компанийн зүгээс Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж нийт иргэдтэй сонсгол хийсэн баримт огт байхгүй. 2 талт гэрээ байгуулж чадаагүйдээ төрийн байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн “ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг нурааж дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрх цуцалсан” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
    Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
    2.1.Нэхэмжлэгч “Хур алтан өргөө” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/81 дүгээр захирамжийн үндсэн дээр “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4, СТ-5 дугаартай орон сууцны байрыг буулган, дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах, шинээр барилга барих эрхтэй болсон байна. /ХХ-1-ийн 13 дахь тал/ 
    2.2.Нийслэлийн Засаг даргаас дээрх шийдвэрийгээ үндэслэн “Хур алтан өргөө” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан Батламж /цаашид “Батламж” гэх/-ыг  бичгээр үйлдэн гардуулжээ. /ХХ-1-ийн 14 дэх тал/
    2.3.Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, “Хур алтан өргөө” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нар харилцан зөвшөөрч, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны СТ-4, СТ-5 дугаар байрнуудыг буулган, шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөө /Багц:СХД-02/-г баталжээ. 
    2.4.Энэ төлөвлөгөөнд 2 талт гэрээ байгуулах хугацааг 2022 оны 05 дугаар сараас эхэлж, 10 дугаар сард дуусгах, 3 талт гэрээг 2022 оны 05 сараас 2023 оны 06 дугаар сард байгуулж дуусгах, орон сууцыг чөлөөлөх ажлыг 2022 оны 08 дугаар сараас 11 сард  хийх, барилгыг ашиглалтад оруулах хугацааг 2024 оны 3 дугаар улиралд байхаар тогтоон  төлөвлөсөн байна./ХХ-2-ын 7 дахь тал/
    2.5.Уг хугацаанаас хойш маргаан бүхий захиргааны актыг гаргах хүртэл нэхэмжлэгч “Хур алтан өргөө” ХХК нь СТ-4 дугаартай орон сууцны нийт 27 өрхөөс 2 талт гэрээг 20 өрхтэй нь байгуулж, 7 өрхтэй байгуулаагүй гэж тайлбарласан ба энэхүү 7 өрхтэй 2 талт гэрээ байгуулж чадаагүй шалтгаанаа “7 айл нь орон сууцаа чөлөөлөхгүй байсан, орон сууцыг чөлөөлөхөд Нийслэлийн Засаг дарга оролцох үүргээ биелүүлээгүй, манай компани эдгээр 7 айлд түр оршин суух орон сууц авч өгөх, түрээсийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан боловч төлбөрийн чадвар байгаагүй” гэж тайлбарласан.
    2.6.“Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 5 шар байрны дахин төлөвлөлтийн ЦС1-ЦС5 /өөрөөр СТ-1, СТ-2, СТ-6, СТ-4, СТ-5 дугаартай орон сууц гэж нэрлэж байгаа/ байрны бүх оршин суугчдын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд  ЦС-4  байрны 27 өрхийн 16 айл өрхтэй гэрээ байгуулж, 13 айлтай гэрээ хийх боломжгүй байгаа” гэх гомдлыг Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү танилцуулсан хуралдааны тэмдэглэлээр болон  Орон сууцны бодлогын газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/1063 дугаар албан бичгээр маргаан бүхий актыг гарах үед 3 талт гэрээ байгуулсан өрхийн тоо нь 20, гэрээ байгуулаагүй өрх 7  байсан нь тогтоогдсон үзлээ./ХХ-1-ийн 21, 92-93 дахь талууд/
    2.7.Уг хуралдаан дээр “Хур алтан өргөө” ХХК-ийг төлөөлж оролцсон этгээдийн “... оршин суугчидтайгаа ойлголцохгүйн улмаас одоо хүртэл бүрэн шийдэгдээгүй” гэх, “... Гэрээний нөхцөл сайжруулах санал, гомдол их гарч байна” гэх тайлбараар, нөгөө талаас ЦС-4-29 тоотын оршин суугчийн “Надтай уулзах болон гэрээ хийх талаар ярьж байгаагүй, 2022 оноос хойш би компанитай 2 удаа уулзсан. ... Энэ төсөл явагдахгүй байгаа нь оршин суугчдаас болоогүй” гэх тайлбаруудаас гэрээг байгуулаагүй шалтгаан нь оршин суугчидтай тохиролцоонд хүрээгүй гэдэг нь тогтоогдлоо. /ХХ-1-ийн 21, 23 дахь тал/ 
2.8.Энэ хуралдаанаас ямар нэг эрх зүйн харилцаа, үр дагавар үүсгэсэн шийдвэр гараагүй байна.
2.9. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга, СТ-1, СТ-2, СТ-6, СТ-4, СТ-5 дугаартай орон сууцны байруудын хяналтын хорооны дарга, гишүүд болон СТ-4 байрны оршин суугчдын 50 хувь нь оролцсон 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар  “... 4 дүгээр байрны оршин суугчид  2 тал болчихоод асуудал шийдвэрлэхэд хэцүү, шийдэлд хүрээгүй байгаа, барилгын гүйцэтгэгч компани дээр хяналт тавих, барилгын ажлын явцыг хурдан хийлгэх хяналтаа хийх, төрийн байгууллагад хүсэлт өгөх тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр зөвхөн 4 дүгээр байрны оршин суугчдын Хяналтын хороо байгуулах асуудлыг хэлэлцээд, уг хуралдаанаасаа Хяналтын хороог /цаашид “Хяналтын хороо” гэх/ дарга, 4 гишүүнтэй байгуулжээ. /ХХ-1-ийн 26-28 дахь тал/ 
2.10. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/10 дугаар захирамжаараа Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг баталсан байна. /ХХ-1-ийн 19 дэх тал/ 
2.11.Түүнчлэн дахин төлөвлөлтөнд хамрагдсан иргэдээс НИйслэлийн Засаг даргад хандан 2024 оны 05, 08, 09, 10, 11 дүгээр саруудад барилга барих ажил дуусахгүй, зогсонги байгаа талаар, “Хур алтан өргөө” ХХК-ийн төсөл гацсан, санхүүгийн чадамжгүй, гүйцэтгэгчээ 3 удаа сольсон,  төсөл хэрэгжүүлэхий эрхийг цуцлах  зэрэг гомдол хүсэлтийг гаргаж байсан байна. /ХХ-2-ын 94-103 дахь тал/ 
2.12.Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны СТ-4 дугаар байр /цаашид “СТ-4 байр” гэх/-ны барилгажилтын төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын хорооны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Хур алтан өргөө” ХХК цаашид СТ-5 дугаар байрнаас бусад байрнуудын барилгажилтын ажлыг гүйцэтгэх санхүүгийн чадамжгүй, барилгажилтын ажлыг цаашид гүйцэтгэх чадамжгүй, СТ-4 байрны барилгажилтын ажлыг “Хур алтан өргөө” ХХК-иар гүйцэтгүүлэхгүй байх, ... уг шийдвэрээ төрийн байгууллагад мэдэгдэхээр тус тус шийдвэрлэж, уг шийдвэрээ 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичгээр албажуулан, 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргад албан бичгээр хүргүүлжээ. /Хх-1-ийн 30-33, 35, 36 дахь талуудад/
2.13.“Хур алтан өргөө” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандан 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2/82, 2/83 дугаар албан бичгээр “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын СТ-1, СТ-2, СТ-6, СТ-4, СТ-5 дугаартай орон сууцны байруудын Хяналтын хороог байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр захирамж /ХХ-1-ийн 37 дахь тал/, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/10 дугаар захирамжийг /ХХ-1-ийн 38 дахь тал/ тус тус хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.
2.14.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 03/2923 дугаар албан бичгээр “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга 2024 оны А/09, А/10 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй” гэх хариуг  эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад хандсан байна. /ХХ-1-ийн 39-40, 45 дахь тал/
2.15.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай”  А/1424 дугаар захирамжаар “... СТ-4 дүгээр байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Хур алтан өргөө” ХХК-д олгосон эрхийг цуцалж, тус компанийг барилга байгууламжийг буулган шинээр барих төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд 3 жил оролцохыг хориглосон хуулийн этгээдийн жагсаалтад бүртгэхийг даалгаж шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 111 дэх тал/
2.16.“Хур алтан өргөө” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дээрх шийдвэрүүдийг хянан үзэхийг хүсч Монгол Улсын ерөнхий сайдад хандаж гомдол гаргаж шийдвэрлүүлсэн байна. /ХХ-1-ийн 47-50дахь тал/
    2.17.Улмаар Нийслэлийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/359 дүгээр захирамжаар “... Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны байрны сууц өмчлөгчидтэй хууль, журмын дагуу холбогдох гэрээ байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган, дахин барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д даалгажээ. /ХХ-1-ийн 138 дахь тал/
    2.18.Мөн Нийслэлийн Засаг дарга нь 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/721 дүгээр захирамжаар ашиглалтын шаардлага  хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулж, удирдамжийг баталсан. /ХХ-2-ын 13-17 дахь тал/
    2.19.Уг Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр “Гартаам агат” ХХК-ийг 667 буюу 83,3 хувийн үнэлгээний дүнтэй гарсан гэж үнэлээд, уг дүгнэлтийг компанид танилцуулах, тэнцээгүй аж ахуйн нэгжийг мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэж, “Гартаам агат” ХХК-д Батламж гардуулснаар тус компани Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны байрыг буулган, шинээр барилгажуулах эрхийг олж авчээ. /ХХ-2-ын 34-37 дахь тал/
    2.20.Энэ сонгон шалгаруулалтанд нэхэмжлэгч “Хур алтан өргөө” ХХК оролцоогүй байна. 
    2.21.Шүүхийн явуулсан үзлэгээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэх эрх олж авсан “Гартаам агат” ХХК нь СТ-4 дүгээр байрыг буулгаж, уг газар дээр 2 зэрэгцээ барилгыг хамтад 8 дугаар давхрын цутгалтын ажлыг хийж, барилгын ажил нь явагдаж байгаа гэдэг уг барилгын тоног төхөөрөмжүүд болон ажилчид ажиллаж байснаар тогтоогдлоо. /Шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зурагт/
    2.22.Мөн шүүхийн үзлэгээр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-5 дүгээр орон сууцны байрыг буулган дахин барилгажуулах ажлыг нэхэмжлэгч “Хур алтан өргөө” ХХК 2022 онд эхлүүлсэн байгаа ба уг барилгын суурин дээр 1 барилгыг баганыг 14 давхар хүртэл цутгасан, ханыг блокоор дүүргэсэн байгаа боловч барилга дээр ажиллаж байгаа хүн болон тоног төхөөрөмж байхгүй, барилгын инженер гэх хүнээс “барилгын  ханын дүүргэлтийн блокыг захиалчихсан байгаа, ирэхээр нь ажил явагдана, 2-4 хүн барилгын ханын шаварын ажил хийж байгаа” гэж тайлбарласан.
    2.23.Шүүхээс дээрх барилгуудын дотор нэвтэрч үзлэг хийх, фото зургаар баримтжуулан авахад хөдөлмөрийн аюулгүйн нөхцөл хангагдаагүй байсан тул барилгын дотор үзлэг явуулаагүй, явуулах боломжгүй гэж үзсэн болно. 
    2.24.Шүүхээс шаардсан дагуу “Хур алтан өргөө” ХХК-ийг уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтай гэх нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй учраас уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтай гэдэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзсэн.
2.25.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг гаргахдаа “Хур алтан өргөө” ХХК-ийг оролцуулсан тусгайлан сонсох ажиллагаа явуулсан баримт байхгүй байна. 
2.36.Нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд нараас “Хур алтан өргөө” ХХК-ийг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-4 дугаартай орон сууцны байрны нийт оршин суугчидтай 2 болон 3 талт гэрээг байгуулж дуусаагүй гэдэгтэй маргаагүй зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.    
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, мөн хэсгийн 11.1.3-т “төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах” гэж, мөн хэсгийн 11.1.4-т “төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах” гэж, мөн хэсгийн 11.1.5-д “төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг нийтэд сурталчлах, мэдээлэх, санал, гомдол хүлээн авах замаар олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах” гэж, мөн зүйлийн 11.2-т “Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна” гэж заажээ.
3.2.Хуулийн эдгээр заалтын дагуу Нийслэлийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төсөл хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой санал гомдлыг хүлээн авах, иргэдийн оролцоог хангахтай холбоотой шийдвэр гаргах асуудлыг шийдвэрлэх  эрхтэй байна.
3.3.Иймд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны СТ-4 дугаартай орон сууцны байрны зарим оршин суугчдаас 2024 оны 05 дугаар сарын 05, 09, 06  дугаар сарын 22, 08 дугаар сарын 12, 13,  09 дүгээр сарын 01, 04, 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа агентлаг, газруудад хандаж “Хур алтан өргөө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах хүсэлт, гомдол, санал болон Хяналтын хорооны дарга, гишүүдийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Хур алтан өргөө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх ажиллагаа удаашралтай болохыг хэлэлцсэн байдал, нэмж байгуулсан СТ-4 байрны оршин суугчдын төлөөлөл болох хяналтын хорооны шийдвэр зэргийг үндэслэн “Хур алтан өргөө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн хууль зүйн зөрчилгүй захиргааны акт байна.
3.4. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “иргэдийн төлөөллийн байгууллага" гэж сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн төлөөлөл оролцсон ашгийн төлөө бус байгууллагыг” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороог тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна” гэж, мөн зүйлийн 26.4-т “Хорооны бүрэн эрх”-ийг тодорхойлж, мөн хэсгийн 26.4.1-д “төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх” гэж тус тус хуульчилжээ. 
3.5.Хуулийн энэ заалтын дагуу Хяналтын хороог тухайн буулгагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн төлөөллийг оролцуулан байгуулах шаардлыг тогтоосон бөгөөд СТ-1, СТ-2, СТ-3, СТ-4, СТ-5 дугаар байрны Хяналтын хорооны дарга, гишүүд, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга нарыг байлцуулан хийсэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар СТ-4 байрны хяналтын хороог байгуулж шийдвэрлэсэн, уг Хяналтын хороонд П.Бурмаа, Ж.Гансүх, Ц.Нарангэрэл, Б.Оюунтуяа, Ж.Батхишиг нарыг сонгон байгуулсан байх бөгөөд уг шийдвэрийг тус Засаг дарга 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/10 дугаар захирамжаар баталж шийдвэрлэсэн нь хууль зүйн зөрчилгүй байна.
3.6.Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/10 дугаар захирамжид “Хяналтын хорооны гишүүдийг СТ-4 дүгээр байрны оршин суугч” гэж тогтоосон байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийн хувьд “Хур алтан өргөө” ХХК нь Хяналтын хорооны гишүүнд хэнийг сонгож томилох, ямар харьяалалтай байх талаар шаардах эрхгүй этгээд юм.
 3.7.Тодруулбал, дээрх хууль болон журамд зааснаар Хяналтын хорооны чиг үүрэг нь  “төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих” тул СТ-4 байрны оршин суугчдаас хэнийг Хяналтын хороондоо томилох, сонгох нь тэдгээрийн өөрсдийн дотоод асуудал, эрхэд нь хамаарч байгаа учраас шүүхээс Хяналтын хорооны гишүүн уг байрны оршин суугч мөн эсэхийг шалган тогтоох, буруутгах эрх зүйн үндэслэлгүй болно. 
3.8.Нэхэмжлэгчээс төсөл хэрэгжүүлэгчийг хянах 2 хяналтын хороо байгуулах ёсгүй,
Хяналтын хороо гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхдээ хуульч, эрх зүйч хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байх ёстой гэж маргасныг хүлээн авахгүй, учир нь хуулиар хяналтын хорооны тоог тогтоогоогүйн зэрэгцээ, олон хяналтын хороотой байхыг хориглоогүй тул “иргэн, хуулийн этгээдэд хуулиар хориглоогүй бол зөвшөөрнө” гэх эрх зүйн зарчим энэ харилцаанд үйлчилнэ.  Мөн гэрээг заавал хуульч дүгнэх хууль зүйн шаардлага байхгүй.  
3.9.Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргаас 3 тал гэрээ байгуулахад туслалцаа үзүүлээгүй, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасны дагуу газрын албадан чөлөөлөх үүргээ биелүүлээгүй гэж маргасан нь мөн үндэслэлгүй юм.
    3.10.Тодруулбал, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах” гэж, мөн заалтын 14.7.3.в-д “төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах” нь төсөл хэрэгжүүлэх үе шатны ажилд хамаарч байна.
3.11.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.5-д "газрыг чөлөөлөх" гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг ойлгоно” гэжээ.
3.12.Мөн Газрын тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ” гэж заасан байна. 
3.13.Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, мөн зүйлийн 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заажээ.
3.14.Хуулийн эдгээр заалтын дагуу газрыг чөлөөлөх, албадан чөлөөлөх эрх зүйн харилцаа нь зөвхөн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон эсхүл зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа тохиолдолд үүсч, дуусдаг харилцаа юм.
3.15.Ийм хот суурин газрын дахин төлөвлөлтийн ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг албадан нураах газрыг чөлөөлөх харилцаанд Газрын тухай хуулийн заалт үйлчлэхгүй учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “газар чөлөөлөх үүргээ Газрын тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.
3.16. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгэр зүйлийн 14.7.3-т “Хэрэгжүүлэх үе шат”-ыг мөн хэсгийн 14.7.3.б-д “нөхөх олговор олгох, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэн шилжүүлэх, сонгосон талбайг чөлөөлөх”, 14.7.3.в-д “төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах” гэж заасан байгаагаас үзвэл үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхөөр өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй бол төсөл хэрэгжүүлэгч “Хур алтан өргөө” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан байна.
3.17.Хуулийн энэ заалтын дагуу “Хур алтан өргөө” ХХК нь дахин төлөвлөлтөнд орох СТ-4  орон сууцны өмчлөгчдөөс гэрээ байгуулахаас татгалзаж үлдсэн 7 иргэнтэй гэрээ байгуулах, чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрээгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт байхгүй байна.
3.18.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх, үүрэг” гээд мөн хэсгийн 22.1.4-т “төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээр хийх”, мөн хэсгийн 22.1.6-д “төслийн үйл ажиллагаатай танилцах, мэдээлэл авах, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах”, мөн хэсгийн 22.1.7-д “төслийн хугацаанд түр суурьших газар, байр, сууцаар хангагдах”, мөн хэсгийн 22.1.11-д “хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах” гэж заасан байна.
3.19.Хуулийн дээрх заалтуудын дагуу СТ-4 байрны оршин суугчид төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой санал гомдол гаргах эрхтэй, Хяналтын хороо нь гомдлыг хянаад хамтын шийдвэр гаргах, Нийслэлийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчийн талаар шийдвэр гаргах эрхтэй этгээдүүд мөн тул эрх хэмжээнийхээ хүрээнд өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй байна. 
3.20.Мөн хуулийн 23 дугаар зүйлд төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүргийг тогтоосны дотор мөн зүйлийн 23.1.5-д “төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх” гэж, мөн хэсгийн 23.1.6-д “төслийн хэрэгжилтийн талаар оролцогч талуудад тайлагнах, хяналтын хороогоор хэлэлцүүлэх” гэж заасан.
3.21.Нийслэлийн Засаг даргаас СТ-4 байрны оршин суугчдын удаа дараа гаргасан гомдол болон “Хур алтан өргөө” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр батлуулсан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны СТ-4, СТ-5 дугаар байруудыг буулган, шинээр барих үйл ажиллагааны төлөвлөгөө /Багц:СХД-02/-д заасан “барилгыг ашиглалтад оруулах 2024 оны 3 дугаар улирал гэх хугацаа”-нд СТ-4 орон сууцны оршин суугчдад хамаарах барилгын ажлаа эхлүүлээгүй байсан нь дээрх үйл баримтаар нотлогдсон бөгөөд төлөвлөгөөнд заасан хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан тус компанийг дахин төлөвлөгөө гаргаж батлуулахыг шаардсан нь хууль зүйн зөрчил биш болно.
3.22.Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1424 дугаар захирамжийг хууль бус байсан гэж үзсэн үндэслэлээ санхүүгийн эх үүсвэрээ нотлох үүргийг гэрээгээр, журмаар, хуулиар хүлээсэн үү гэдгийг Нийслэлийн Засаг дарга тодруулж шалгах ёстой, манай компани үүргээ биелүүлээгүй байх, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй байх ёстой гэж маргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
3.23.Тухайлбал, “Хур алтан өргөө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх явц удааширсан, зогсонги болсон бол аливаа сонирхогч этгээд, гэрээний дагуу эрх, үүрэг үүссэн талуудаас санхүүгийн чадавхитай эсэхээ нотлохыг шаардах нь хууль бус ажиллагаанд орохгүй.
3.24.“Хур алтан өргөө” ХХК нь гэрээний үүргээ баталсан төлөвлөгөөний дагуу биелүүлээгүй болох нь шүүх хуралдаан хийсэн өдрөөр тооцоход СТ-4, СТ-5  барилгууд бүрэн баригдаагүй, ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй байгаагаар нотлогдсон.
3.25.Нийслэлийн Засаг даргаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулаагүй, 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд одоо тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй байгаа боловч хариуцагч хуульд заасан сонсох ажиллагаа явуулснаар “Хур алтан өргөө” ХХК нь  маргаан бүхий актыг өөрчлөх, асуудлыг өөрөөр шийдвэрлэх  нөхцөл байдлыг тогтоохуйц нотлох баримтыг гаргаж өгч чадахгүй байсан гэдэг нь одоо шүүхэд тогтоогдож байх тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзсэн. 
3.26.Нэхэмжлэгчийн гаргасан “СТ-4 дүгээр байрны Хяналтын хороо нь хуульд заасан нөхцөлд журмын дагуу бус, хууль бус бүрэлдэхүүнээр байгуулсан, Хяналтын хорооны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралд хорооны гишүүдээс гадна Засаг дарга Д.Энхжаргал, бусад хамааралгүй этгээд болох Т.Батжаргал, Хяналтын хорооны 4 гишүүн нь төсөлд хамрагдаагүй, төслийн хэрэгжилтэд хяналт тавих эрхгүй этгээд оролцсон” гэснийг хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй.
3.27.Учир нь хуульд зааснаар хяналтын хорооны гишүүдийг өмчлөгч, эзэмшигчээс бүрдүүлэхээр заасан бөгөөд Хяналтын хороонд ямар иргэн, эрх зүйн этгээд орох талаар төсөл хэрэгжүүлэгч “Хур алтан өргөө” ХХК шаардах эрхгүй.
3.28.Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тул нэхэмжлэлийн энэ үндэслэлийг хүлээн авч шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
3.29.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/721 дүгээр захирамжаар СТ-4 орон сууцны төсөл хэрэгжүүлэгчийг шинээр сонгон шалгаруулах, Үнэлгээний хороог байгуулах шийдвэр, уг шийдвэрийн дагуу Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр “Гартаам агат” ХХК-ийг шалгаруулж, олгосон Батламж нь хууль зөрчөөгүй бөгөөд, уг шалгаруулалтанд нэхэмжлэгч “Хур алтан өргөө” ХХК ороогүйн хамт, СТ-4 байрны оршин суугчид болон Хяналтын хороо нь тус компанийг төсөл хэрэгжүүлэгчээр сонгохоос татгалзсан зэрэг нь нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1424 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/721 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Гартаам агат” ХХК-д олгосон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин баталгаажуулах эрх олгосон Батламжийг хүчингүй болгуулах” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болох үндэслэл боллоо.
3.30.Дээрх хууль зүйн үндэслэл болон шүүхэд нотлогдсон үйл баримтуудын үндэслэн, маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч “Хур алтан өргөө” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, акт хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.3, 11.1.4, 14 дүгэр зүйлийн 14.7.3, 14.7.3.в, 22 дугаар зүйлийн 22.1.6, 22.1.11, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хур алтан өргөө” ХХК-ийн гаргасан “

“Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/1424 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Үнэлгээний хорооны 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 3 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, “Улаанбаатар орон сууцжуулалт" ОНӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн "Гартаам агат" ХХК-д олгосон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай СТ-4 дүгээр орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах эрх олгосон Батламжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Хур алтан өргөө” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ