Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01459

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/01459

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Чгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01326 дугаар шийдвэртэй

Ш.Чгийн нэхэмжлэлтэй хариуцагч НШт холбогдох

НШ-ын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, /16081/ Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 0 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03218 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 83 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 657 дугаар тогтоолоор С.Бын Б, Төмөрхүүгийн З, Пүрэвжалын С нарыг Сын Бын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол /16081/ Энхтайваны өргөн чөлөө 119 дүгээр байр, 7 тоот үйлчилгээний орон сууц, 0 тоот үйлчилгээний орон сууцыг тус бүр 1/3 хэсгээр дундаа хамтран өмчлөхөөр тогтоож Б.Б. Т.З, П.С нарыг өмчлөгчөөр бүртгэх, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Б, Т.З, П.С нар харилцан тохиролцож Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол /16081/ энхтайваны өргөн чөлөө 119-р байр, улсын бүртгэлийн Ү-2205040300 дугаарт бүртгэгдсэн 7 тоот үйлчилгээний орон сууцыг Т.З, П.С нар өмчлөхөөр, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 00 дугаар хороолол /16081/ Энхтайваны өргөн чөлөө 119-р байр, улсын бүртгэлийн Y-0000000000 дугаарт бүртгэгдсэн 0 тоот үйлчилгээний орон сууцыг Б.Б өмчлөхөөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүсэлтээ гаргаж Б.Бийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарч ирсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамж, мөн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжаар И ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 300 000 ам.долларын хэмжээгээр битүүмжлэхээр шийдвэрлэсэн байтал И ХХК-ны хөрөнгө биш С.Бын буюу одоо Б.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол /16081/ энхтайваны өргөн чөлөө 119-р байр, 0 тоот үйлчилгээний 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг НШ битүүмжилсэн нь хууль бус гэж үзэж байна. 2011 онд Т.Д И ХХК-д холбогдуулан 300 000 ам.доллар гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагад Б.Бын өмчлөлийн Баянгол 0 дугаар хороо, 00 дугаар хороолол /16081/ Энхтайвны өргөн чөлөө 119-р байр, улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн 0 тоот үйлчилгээний 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө байхгүй байдаг. Тус хэрэг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдэгдэж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж, одоо Улсын дээд шүүхэд шийдвэрлүүлэхээр хүлээгдэж байгаа. Т.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг харахад 300 000 ам.доллар буюу И ХХК-ийн нэр дээр байгаа гарааж, утасны дугааруудыг гаргуулах тухай байсан. Т.Дгийн нэхэмжлэлийн шаардлагад Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 119-р байр 0 тоот үл хөдлөх хөрөнгө огт дурьдагдаагүй байгаа. Үүгээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө Т.Дд хамааралгүй болох нь нотлогдож байгаа юм. Хариуцагч нь иргэн С.Б биш хуулийн этгээд байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар С.Б гэх иргэний эд хөрөнгийг битүүмжилсэн нь үндэслэлгүй байна. Т.Д нь шүүхэд хэлэхдээ надад хамааралгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой, Б.Бийг хууль ёсны өмчлөгч гэдэгт маргахгүй гэж тайлбарласан. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Б.Бийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 00 дугаар хороолол/16081/ энхтайваны өргөн чөлөө 119-р байр, 0 тоот үйлчилгээний 200 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн нь дээрх шүүхийн шийдвэр, магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2019 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн 00657 дугаар тогтоолыг биелүүлэхэд саад болж, Б.Бийн өмчлөх эрх зөрчигдөж байна. Иймд НШ-ын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байр 0 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт заасан И ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамж гарсан. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 11 ширхэг авто зогсоол, мөн тус хаягт байрлах байрны 0 тоот 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн. Иргэн Т.Дгийн нэхэмжлэлтэй холбогдох иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4-д заасны дагуу НШ-ын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байр 0 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хадгалалт, хамгаалалтаас чөлөөлж, Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэн өгөхийг НШт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Ш.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Чд олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01326 дугаар шийдвэрээр НШ-ын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байр 0 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хадгалалт, хамгаалалтаас чөлөөлж, Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэн өгөхийг НШт даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар И ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр захирамжилсан. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 11 ширхэг авто зогсоол, мөн хаягт байрлах байрны 0 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хадгалалт хамгаалалтыг иргэн Г.Бад хүлээлгэн өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ш.Ч нь хариуцагч НШт холбогдуулан НШ-ын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулж, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, /16081/ Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 0 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэж өгөхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 03218 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Быг С.Бын хууль ёсны өвлөгчөөр тогтоосон байх ба энэ нь хүчин төгөлдөр болжээ. Өв залгамжлалаар улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, /16081/ Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 0 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх.3-6, 142-174/

Зохигчид НШ-ын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 181/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын 3 дахь заалт хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудлаар маргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Т.Дгийн нэхэмжлэлтэй, И ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дугаар захирамжаар И ХХК-ийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон байхад Б.Бийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн нь буруу болсон гэж,

хариуцагч байгууллага ...Т.Дгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хэргийн 34 дүгээр талд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамж авагдсан, уг захирамжийн 1 дэх заалтаар 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасны дагуу Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Г ХХК-ийн 12 давхарт 1203 тоотод байрлах хариуцагч И ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэхээр заасан байна.

НА-ны 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 119 дүгээр байрны зоорийн давхарт байрлах 11 ширхэг авто зогсоол, мөн тус хаягт байрлах байрны 0 тоот 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилжээ. /хх.119/

Анхан шатны шүүх Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119-р байрны 00 тоот 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ямар үндэслэлээр битүүмжилсэн нь НШ-ын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааны тэмдэглэл-ээр тогтоогдохгүй байна гэж үзсэнийг буруутгах боломжгүй. /хх-121-123/

Учир нь хариуцагч байгууллага нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дугаар захирамж, мөн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжид зааснаар И ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх үүрэгтэй байтал иргэн С.Бын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2-т заасныг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, НШ-ын 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, /16081/ Энхтайвны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 0 тоот, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хадгалалт, хамгаалалтаас чөлөөлж, Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Ш.Чд хүлээлгэж өгөхийг НШт даалгахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр батлагдаж, мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөхөөр заасан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон, нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байхад анхан шатны шүүх өмнөх хуулийн заалтыг баримталсан нь буруу байна. Иймд уг алдааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.      С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2021/01326 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4-д заасны дагуу... гэснийг ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО