| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2018/0059/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Мягмаржав,
хохирогч А.Бум-Эрдэнэ,
шүүгдэгч А.Угтахбаяр,
өсвөр насны шүүгдэгч Г.Батмөнх, түүний хууль ёсны төлөөлөгч А.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Хөх Монгол овогт Ариунболдын Угтахбаяр, Хөвдүүд овогт Ганцэцэгийн Батмөнх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807000340025 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 12-07 тоотод оршин суух, регистрийн ЕМ00230717 дугаартай, Хөх Монгол овогт Ариунболдын Угтахбаяр.
2. Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Голомт цогцолбор сургуулийн 12-2 ангид сурдаг, ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар 35-1-1 тоотод оршин суух, регистрийн УД00312516 дугаартай, Хөвдүүд овогт Ганцэцэгийн Батмөнх.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Өсвөр насны яллагдагч А.Угтахбаяр нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle PC” тоглоомын газрын гадаа өсвөр насны яллагдагч Г.Батмөнхтэй бүлэглэн А.Бум-Эрдэнийг зодож хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,
өсвөр насны яллагдагч Г.Батмөнх нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Castle PC” тоглоомын газрын гадаа өсвөр насны яллагдагч А.Угтахбаяртай бүлэглэн А.Бум-Эрдэнийг зодож хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Угтахбаяр, өсвөр насны шүүгдэгч Г.Батмөнх нар нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Castle PC” тоглоомын газрын гадна 00 цагийн орчим А.Бум-Эрдэнийг бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Угтахбаярын өгсөн: “Тухайн өдөр би гэрээс гарч, ПС тоглоомын газарт Баяраа ахтай уулзахаар очсон. Хохирогч А.Бум-Эрдэнийг машиндаа суугаад явах гэж байхад очсон. Хохирогч “цагдаа дуудлаа” гэж хэлэхээр нь би гар утсыг булааж аваад Алтаншагай найздаа өгсөн. Тэгсэн хохирогч надаас гар утсаа авах гэж намайг бариад авсан. Г.Батмөнх ирж хохирогчийг мөргөхөөр нь би нэмж цохьсон” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Батмөнхийн өгсөн: “Би найзын хамт ПС тоглоомын газарт тоглож байгаад явсан. Тэгсэн найз Идэрзаяа “намайг Баяраа ах хэд хэд цохьсон” гэж хэлэхээр нь буцаад очсон. ПС тоглоомын хаалгыг цохиход Баяраа ах өөрөө гарч ирсэн. Бид хэд уулзаад маргалдаж байхад Баяраа ахын найзууд гараад ирсэн. Би Баяраа ахыг нэг удаа цохьсон. Хохирогч ах манай найзтай зууралдаад зогсож байхаар нь би нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Бум-Эрдэнийн өгсөн: “ Тухайн өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр пиццаны газраас ажлаа тараад, дүү Үйтүмэнгийн хамт ажиллуулдаг ПС тоглоомын газартаа найз Баяраатай хамт ирсэн. Дүү Үйтүмэнтэй тооцоо хийж байх үед шүүгдэгч нар ирээд хаалга тогшоод “Баяраатай уулзъя” гэж хэлсэн. Баяраа гараад очсон. Удалгүй маргалдаад байхаар нь би Баярааг аваад машиндаа суулгаад явах гэхэд Батмөнх ирээд явуулахгүй байсан. Би “явуулахгүй бол цагдаа дуудлаа” гэхэд А.Угтахбаяр миний гар утсыг булааж авсан. Гар утсаа авах гэхэд өгөхгүй байсан. Би А.Угтахбаяртай заамдалцаад зогсож байхад Г.Батмөнх намайг мөргөсөн, доошоо тонгойход А.Угтахбаяр нүүр лүү өшиглөсөн” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн судалсан:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/50 дугаартай:
1. А.Бум-Эрдэнэ-н биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 66 дугаар хуудас/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-15 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судалсан дээрх үйл баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч А.Угтахбаяр, өсвөр насны шүүгдэгч Г.Батмөнх нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Castle PC” тоглоомын газрын гадна 00 цагийн орчимд хохирогч А.Бум-Эрдэнэтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Угтахбаяр, өсвөр насны шүүгдэгч Г.Батмөнх нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн НАЙМДУГААР БҮЛЭГ-ийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж болно” гэж заасан ба шүүгдэгч А.Угтахбаяр нь арван найман насанд хүрээгүй байхдаа Г.Батмөнхтэя бүлэглэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул мөн бүлгийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж тус тус зааснаар А.Угтахбаяр, Г.Батмөнх нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Угтахбаяр, өсвөр насны шүүгдэгч Г.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж.
Шүүгдэгч А.Угтахбаяр, өсвөр насны шүүгдэгч Г.Батмөнх нарт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөх Монгол овогт Ариунболдын Угтахбаяр, өсвөр насны шүүгдэгч Хөвдүүд овогт Ганцэцэгийн Батмөнх нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Угтахбаяр, Г.Батмөнх нарт тус бүр 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөхөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Угтахбаяр, Г.Батмөнх нарт нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. А.Угтахбаяр, Г.Батмөнх нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч А.Бум-Эрдэнэ цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсгийн зааснаар А.Угтахбаяр, Г.Батмөнх нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.Угтахбаяр, Г.Батмөнх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ