Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

 

    2024         03          11                                                       2024/ДШМ/18

 

 

 

Н.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Э

Яллагдагч Н.Т

Яллагдагчийн өмгөөлөгч Б.Б, Ц.А 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одмаа

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.С

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1281 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А болон өмгөөлөгч Э.Ш, С.Д нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн яллагдагч Н.Тд холбогдох эрүүгийн 2334000000252 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн,............ оны ...... дугаар сарын .........-ны өдөр ................... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт .............................. тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, О. овгийн Н.Т, .......................  регистрийн дугаартай.

2. Яллагдагч Н.Т нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт 2020 оны 8 дугаар сард бага насны буюу 12 нас 5 сартай Д.Мягмарсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу тус аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны 1-8 тоотод 2022 оны 5 дугаар сард 14 нас 2 сартай Д.Мягмарсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ. 

4. Анхан шатны шүүх: “...Прокуророос шүүхэд ирүүлсэн яллагдагч Н.Тд холбогдох эрүүгийн 2334000000252 дугаар хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд яллагдагч Н.Тд холбогдох хэрэгт дараах асуудлыг шалгавал зохино. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг хэзээ, хаана, яаж гарсан байдал тодорхойгүй  талаар:

Прокуророос яллагдагч Н.Т нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт 2020 оны 8 дугаар сард бага насны буюу 12 нас 5 сартай Д.Мягмарсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэж яллах дүгнэлт үйлджээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэргийн 151 дүгээр талд гэрч Р.Нямдорж  “...Миний хүү 2020 оны 7 дугаар сарын 18-наас 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд ангийнхантайгаа, багш нартай тойрон аялал хийж яваад ирсэн...” гэж,

Мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэргийн 8-9 дүгээр талд насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн “...Би Төв аймгийн Зуунмод сумын 4-р багт өвөө Балжиннямын гэрт 2020 оны 8 дугаар сард өдрийг тодорхой санахгүй байна..., би хөрш Нямдорж ахын гэрт дүү Анартайгаа орсон юм..., Тэмүүгээ ах намайг орон дээр дараад миний хацар, уруул дээр үнсээд, миний яагаан өнгөтэй шортыг тайлаад, дотуураа өмссөн цэнхэр өнгийн түрсик тайлаад миний араас миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг хийгээд хөдлөөд байсан...” гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд яллагдагч Н.Т нь 2020 оны 8 дугаар сард хаана байсан энэ хугацаанд тойрон аялалд хэний хэн хэний хамтаар явсан эсэх, энэ хугацаанд Н.Тг хохирогч Д.Мягмарсүрэн байсан талаар мэдүүлсэн тул дахин тодруулах.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг хэзээ, хаана, яаж гарсан байдал тодорхойгүй гэж үзэхээр байна.

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэргийн 8-9 дүгээр талд насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн “...Би Төв аймгийн Зуунмод сумын 4-р багт өвөө Балжиннямын гэрт 2020 оны 8 дугаар сард өдрийг тодорхой санахгүй байна..., би хөрш Нямдорж ахын гэрт дүү Анартайгаа орсон юм...” гэж мэдүүлжээ.

Тухайн хэрэг учрал болсон гэх 2020 оны 8 дугаар сард яллагдагчийн төрсөн эцэг Р.Нямдорж, насанд хүрээгүй хохирогчийн төрсөн өвөө М.Балжинням нар айл саахалт байсан эсэхийг шалгаж тогтоох.

3.Мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэргийн 12-13 дугаар талд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одмаа “...Тэмүүгээ гэх залуу, түүний ээж Баярмаатай уулзахаар болсон. Нэгдсэн эмнэлгийн машины зогсоол дээр ирж уулзсан. Тухайн үед Н.Т нь ээж Баярмаагийн хамт ирсэн...” гэж,

Мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэргийн 48-49 дүгээр талд гэрч Т.Бурмаагийн өгсөн “...удалгүй Н.Тг ээж Баярмаа нь дагуулаад эмнэлгийн гадна зогсоол дээр ирсэн...” гэж тус тус мэдүүлсэн байх ба тухайн цаг хугацаанд Б.Одмаа, Т.Бурмаа, Н.Т нарын хооронд юун тухай яриа болсныг яллагдагчийн ээж Баярмаагаас асуух нь зүйтэй байна.

4. Мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэргийн 8-9 дүгээр талд насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн “...2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Тэмүүгээ ах над руу видео дуудлага хийхээр нь би аваагүй...” гэж

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Т “...Анука 86685955 дугаарын утас барьдаг..., Фэйсбүүк хаягаар байнга найзын хүсэлт явуулдаг тэрийг нь манай эхнэр мэддэг...” гэж тус тус мэдүүлжээ.

Хэрэг учрал болсон гэх 2020 оны 8 сар, 2022 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд яллагдагч Н.Т болон насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн нар нь Фэйсбүүк цахим орчинд найз нөхдийн холбоотой байсан эсэхийг шалгаж тогтоох.

5. Мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэргийн 8-9 дүгээр талд насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн “...Өглөө болгон би нагац эгч Бурмаагийн төрсөн охин Анунгоотой хамт хичээлдээ алхаад явдаг байсан болохоор Анунгоог гэж бодоод хаалга тайлсан чинь Тэмүүгээ ах байсан...,

...тухайн үед эмээ Гэрэлмаа Төв аймгийн Зуунмод сумын Эрчим хүчний газарт байцаагч хийдэг байсан...,

...өвөөг малдаа явсан хойгуур саахалт айлын Нямдорж ахын охин Ариун-Эрдэнэтэй тоглох гээд гэрт орсон чинь Ариун-Эрдэнэ байхгүй хүү Тэмүүгээ нь байсан...гэж тус тус мэдүүлсэн байх тул тухайн өдөр насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэнгийн гэрт хэн байсан болох, хичээлдээ хэнтэй явдаг болох, насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэнгийн найз гэх Ариун-Эрдэнэд Н.Тд хүчиндүүлсэн эсэх талаар хэлснийг тодруулах шаардлагатай байх тул Ариун-Эрдэнэ, Анунгоо, Гэрэлмаа нараас гэрчээр мэдүүлэг авхуулах зэрэг Эрүүгийн хэргийн талаар нотлобол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Иймд яллагдагч Н.Тд холбогдох эрүүгийн 2334000000252 дугаар хэрэгт дээрх мөрдөн байцаалтын ажиллагааг нэмж хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж, 

        Эрүүгийн 2334000000252 дугаартай хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах болон тус Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Прокурор Г.Э эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгчийн захирамжийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэр гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Шүүгчийн захирамжинд заасан гэмт хэрэг хэзээ, хаана, яаж гарсан байдал тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн нь 2020 оны 8 дугаар сард Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт, 2022 оны 5 дугаар сард тус аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны 1-8 тоотод яллагдагч Н.Тд тус тус хүчиндүүлсэн талаар тодорхой мэдүүлсэн.

2.Насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэнгийн өвөө болох М.Балжиннямынх яллагдагч Н.Тгийн эцэг Р.Нямдорж нарынх айл саахалт амьдардаг гэх нөхцөл байдал насанд хүрээгүй хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байтал дахин шалгуулахаар буцааж байгаа нь үндэслэлгүй. Мөн шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Яллагдагч Н.Тгийн ээж Баярмаагаас эмнэлгийн гадна зогсоол дээр юу яригдсан талаар асууж, гэрчээр мэдүүлэг авах, яллагдагч Н.Т болон насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн нар нь Фэйсбүүк цахим орчинд найз нөхдийн холбоотой байсан эсэх нь бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй.

Мөн хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 08-09, 164, 182, 186-р хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одмаагийн мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч Т.Бурмаагийн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/, гэрч Р.Нямдоржийн мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/, гэрч М.Балжиннямын мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/, гэрч Р.Нямдоржийн мэдүүлэг /хх-ийн 198-р хуудас/ болон шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8457 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/, шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 391 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65-р хуудас/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /хх-ийн 73-74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг байтал насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэнгийн нэр төрд халдаж, түүний найз Ариун-Эрдэнэ, Анунгоо нараас яллагдагч Н.Тд насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн нь хүчиндүүлсэн эсэх талаар асууж, гэрчээр мэдүүлэг авах нь насанд хүрээгүй хохирогчийн нэр төр, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах бус сөрөг үр дагавартай ба хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй чухал ач холбогдолтой гэж үзэхгүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1281 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Д, Д.Шинэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд: Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1281 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Прокуророос яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд Н.Тд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байхад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх шаардлагагүй байна.

 Гэтэл шүүгчийн захирамжийн 7-р талд "...хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна...." гээд "...гэмт хэрэг хэзээ, хаана, яаж гарсан байдал тодорхойгүй гэж үзэхээр байна." гэсэн нь үндэслэлгүй бөгөөд дараахь үндэслэлүүдээр няцаалт өгч байна. Үүнд:

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр анх мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг хэзээ, хаана, яаж гарсан талаар маш тодорхой мэдүүлэг өгсөн. Түүнчлэн Н.Т яллагдагчаар 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлэхдээ 2020 оны 8 сард тойрон аялалд явсан эсэх талаараа огт мэдүүлэгтээ дурдаагүй болохыг анхаарч үзэхийг хүсч байна.

Н.Тгийн аав Р.Нямдорж 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ Н.Тг тойрон аялалд явсан гэх асуудлыг мэдүүлдэг боловч энэ талаар ажиллагаа хийлгүүлэх хүсэлтийг Н.Т болон түүний өмгөөлөгч нар огт гаргаагүй атлаа шүүх рүү хэрэг шилжүүлснээс хойш дээрх ажиллагааг хийлгүүлэх шаардлагатай, хэрэг болсон цаг хугацаанд Н.Т байгаагүй мэт зүйлийг ярьж хэлж байгаа нь үндэслэлгүй бөгөөд бодит байдалтай нийцэхгүй байна.

2.Тухайн хэрэг учрал болсон гэх 2020 оны 8 дугаар сард Р.Нямдоржийнхтой саахалт айл байсан талаар насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн болон түүний өвөө болох гэрч М.Балжинням давхар гэрчлэн мэдүүлсээр байтал шүүх уг мэдүүлэгт ач холбогдол өгөлгүй, Р.Нямдорж, М.Балжинням нарыг айл саахалт байсан эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэх үндэслэл заасан нь ойлгомжгүй.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одмаагийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн мэдүүлэг, гэрч Т.Бурмаагийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлгүүдэд Н.Т болон тэдний хооронд болсон асуудлуудын талаар гэрчүүд маш тодорхой мэдүүлдэг. Гэтэл энэ талаар Баярмаагаас асуулгах шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй. Баярмаа нь Н.Тгийн төрсөн эх учраас тухайн үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх эсэх нь эргэлзээтэй бөгөөд энэ нь хэрэг асуудлыг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой эсэх нь ойлгомжгүй байгаа юм.

4. Яллагдагч Н.Т болон насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн нарын фэйсбүүк цахим орчинд найз нөхдийн холбоотой байсан эсэхийг шалгаж тодруулах нь энэ хэрэгт ямар ач холбогдолтой болохыг заагаагүй. Бидний үйлчлүүлэгч насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн, Н.Т нар найз нөхдийн холбоотой байсан эсэх нь энэ хэргийг шийдвэрлэхэд ямар ч ач холбогдолгүй.

5. Энэ хэрэгт Ариун-Эрдэнэ, Анунгоо, Гэрэлмаа нараас гэрчээр мэдүүлэг авах шаардлагагүй. Учир нь эдгээр гэрчүүд хэргийн үйл баримтыг огт мэдэхгүй бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг гэрчлэн мэдүүлэхгүй юм.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг тодорхойлохдоо "... хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино" гэж заасан бөгөөд хохирогч болон өмгөөлөгч нарын зүгээс хэргийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудад дүгнэлт хийж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1281 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одмаагийн өмгөөлөгч Ц.А давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн үйл баримтын тухайд Н.Т нь Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр багийн нутагт 2020 оны 8 дугаар сард бага насны буюу 12 нас 5 сартай Д.Мягмарсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, үргэлжилсэн үйлдлээр тус аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 19 дүгээр байрны 1-8 тоотод 2022 оны 5 дугаар сард 14 нас 2 сартай Д.Мягмарсүрэнгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан "Хүчиндэх" гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй буюу "бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн" гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй.

Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд талууд хэргийн бодит байдлыг тогтоох, мэтгэлцэх зарчмын хүрээнд нотолбол зохих байдлыг тогтоох боломжтой байтал үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан үндэслэлийн дагуу гараагүй бөгөөд хуулийг ноцтой зөрчиж үндэслэлгүйгээр хэргийг прокурор буцаах шийдвэр гаргасан. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй байна гэж дурдсан. Дээрх нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт тогтоох боломжтой. Үйл баримтын тухайд 2020 оны 8 дугаар сар, 2022 оны 5 дугаар сарын үйл баримтуудад прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлтэд дурдсанаар хохирогч болон нэр бүхий гэрч нар үйл баримтын талаар тодорхой дурдсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна.

2. Нямдорж болон хохирогчийн өвөө М.Балжинням нарыг айл саахалт байсан эсэхийг шалгаж тогтоох талаар дурдсан. Дээрх үйл баримтын талаар гэрч М.Балжинням, насанд хүрээгүй хохирогч, мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Тгийн өгсөн мэдүүлэг зэргээр айл саахалт байсан талаар хэн нэгэн маргаагүй учраас дээрх ажиллагааг хийх шаардлагагүй. 

3. Гэрч Т.Бурмаа, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одмаа нар нь Н.Тгийн ээж н.Баярмаатай эмнэлгийн гадаа уулзсан. Уг нөхцөл байдлыг тодруул гэж дурдсан. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зааснаар онцгой эрхийг олгосон. Иймд Баярмаа нь гэр бүл, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй субъект тул мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг авсан хэдий ч дээрх эрхээ эдэлснээр мэдүүлэг өгөхгүй байх боломжтой нөхцөл байдал үүссэх боломжтой. Уулзсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч Т.Бурмаа нар мэдүүлсэн учраас дээрх нөхцөл байдлыг тодруулах шаардлагагүй.

4. Н.Тгийн фэйсбүүк харилцааг шалгахад юунд ач холбогдолтой талаар захирамжид дурдаагүй. Үүнийг хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах ажиллагаа гэж үзэхгүй юм. 

5. Гэрч нараас мэдүүлэг авахаар дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэрчийг тодорхойлсон. Гэрч, хохирогч нарын мэдүүлэгт дээрх хүмүүсийн нэрс дурдагддаг хэдий ч үйл баримтын талаар мэдэх зүйл огт байдаггүй. Энэ нь хэрэгт ямар ач холбогдолтой талаар шүүгчийн захирамжид мөн дурдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, нөгөө талаас мэтгэлцэх боломжоор хангах хэдий ч чухал ач холбогдолтой хэсгийг шүүх хуулийн шаардлагын хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасны дагуу тодорхой дурдах ёстой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэв зарим нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзвэл нэр бүхий гэрч нарыг оролцуулж, шүүхийн мэтгэлцэх зарчмын хүрээнд гэм буруугийн асуудал буюу үйл баримтыг тогтоох боломжтой гэж үзэж байна гэв. 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одмаа гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд өмгөөлөгч Ц.Атай оролцох боломжтой тул шүүх хуралдааныг бусад өмгөөлөгчгүйгээр явуулах хүсэлтэй байна. Яллагдагч Н.Тгийн өмгөөлөгч Ц.А нь анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн нотлох баримтгүй асуудлуудыг гаргаж ирдэг. Бага насны хүүхэд мэдүүлгээ маш тодорхой өгсөн. Мөн аав болон гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс бүгд айл саахалт байсан гэдгийг хэлсэн байхад айл саахалт бууж байгаагүй мэтээр бичсэн. Ариун-Эрдэнэ гэдэг хүүхэдтэй манай хүүхэд багаасаа найзалсан. Тэр хүүхдэд манай хүүхэд энэ талаараа ярьж байгаагүй. Би хүүхэдтэйгээ энэ талаар маш их ярилцаж байгаа. Энэ хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Сая 10 сард Н.Т дугаараа нууцалж байгаад миний охин руу олон удаа залгасан. Өөрийнхөө дугаараас хүртэл залгасан байсан. Энэ хэргийг хурдан шийдвэрлэхгүй бол энэ үйлдэл дахин давтагдах юм уу, эсхүл бүр хүнд хэлбэр рүү шилжих гээд байна. Н.Тгээс чи яагаад дахин дахин залгаад байгаа юм бэ гэж асуухаар энэ миний утасны дугаар биш гэж хэлдэг. Гэтэл энэ дугаарыг надад Ж.Чиваандулам нь Н.Тгийн дугаар гэж өгсөн. Хүүхдийг минь дарамталж улам хүндрүүлэх гээд байгаа юм уу. Охин маш их сэтгэлийн дарамтад орчихсон хүнд байдалтай байна. Сэтгэл зүйг нь тайван байлгаж өгөөч. Хүүхдийнхээ сэтгэл зүйг сэргээх гэж маш их зүйл хийж байгаа. Асуудал хүндрээд амиа хорлох хэмжээнд хүрчихвий гэдгээс айж байна гэв.

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Б.Б гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд шүүгч захирамжаар хэргийг буцаахдаа ямар ажиллагаа хийх талаар тодорхой заагаагүй гэсэн агуулга бүхий утгатай байна. Харин хэрэгт хийгдвэл зохих ажиллагаануудыг нэг бүрчлэн бичвэл шүүх хөдлөнгийн гэх байр сууриа алдана. Насанд хүрээгүй хохирогч мэдүүлэг өгөхдөө тодорхой үйл баримтуудыг зааж мэдүүлсэн. Гэхдээ хохирогчийн мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцож болохгүй. Энэ гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд багтдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нөхөн гүйцэтгэх боломжтой, нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж байдаг. Цахим хаяг, утсанд үзлэг хийх ажиллагаа нь шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Гэрчүүд юу мэдэж байгааг бид тааж хэлэх боломжгүй тул шалгах нь зүйтэй. Болсон үйл явдлыг нөхөн сэргээхэд хэрэгт цугларсан нотлох баримт нь хангалттай хүрэлцэхүйц байхгүй тул нотолбол зохих байдлуудыг тогтоосны дараа гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шаардлагатай гэв.  

10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ц.А гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурор, мөрдөгч нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоосны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг бүрэн үндэслэлтэй тогтооно гэсэн заалт хэрэгжээгүй гэж үзээд шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан. Ингээд шүүгчийн захирамжаар дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай учир хэргийг прокурор буцаасан. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй.

Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж хохирогчийн өмгөөлөгч хэлж байна. Прокурорын яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд Н.Тгийн гэм бурууг зөвхөн хохирогчийн мэдүүлэг, түүний ээж Б.Одмаа, нагац эгч Т.Бурмаа нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна гэж заасан байдаг. Эдгээр нотлох баримтаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй гэж үзэж байна. Тухайлбал 2020 оны 8 дугаар сард айл саахалт байж байхдаа хохирогч Н.Тгийн гэрт дүүтэй нь тоглох гээд очсон. 2020 оны 8 дугаар сард Т.Балжинням өвөө нь айл саахалт байсан гэдэг боловч хэрэгт айл саахалт байгаагүй байдлууд тогтоогддог. 2020 оны 8 дугаар сард хөлөө хугалсан гээд таягтай явж байсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одмаа хэлдэг. Гэтэл 2019 оны зун Н.Т хөлөө хугалаад эмчилгээ хийлгэсэн үйл баримт байгаа. М.Балжинням гэдэг айлынхтай Н.Тгийнх 2018 оноос хойш айл саахалт байгаагүй. Айл саахалт буухад хоёр айлын хооронд 4-5км зайтай амьдарч байсан. Хохирогч нэг дүүгээ дагуулаад очсон байдаг. Гэтэл дүүг нь асуугаагүй. Мөн яллагдагчийн дүү хамт байсан. Энэ нөхцөл байдлуудаас болоод гэмт хэрэг хэдийд яаж үйлдэгдсэн бэ гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэргийг 3 жилийн дараа нөхөн илрүүлсэн. Бага насны хүүхэд цаг хугацаагаа андуурах нөхцөл байдлууд байх боломжтой. Нөхцөл байдлуудыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжтой гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Цаг хугацаа нь хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байна. Гэмт хэргийг хаана үйлдсэн бэ гэдэг асуудал тогтоогдоогүй. 2020 оны зун Н.Т өөр газар ажил хийгээд явж байсан. Өөрийнх нь аав тойрон аялалаар явж байсан гэж мэдүүлсэн байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох боломжгүй гэж үзэж байна. Б.Одмаа, Т.Бурмаа нар уулзахад Н.Т байсан. Тухайн үед Н.Т 2 удаа энэ хүүхэдтэй унтсан гэж хэлсэн гэдэг. Гэтэл тийм зүйл яриагүй. Анхны мэдүүлэгтээ Төв аймгийн төвд 2022 оны 5 дугаар сард 1 удаа унтсан гэж хэлдэг. Ээж нь хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэдгийг яагаад урьдчилж дүгнээд байгаа юм бэ. Нөгөө хоёр хүн нь хохирогчийн талын хоёр гэрч. Энэ нь хэт нэг талыг барьсан гэж харагдаж байна. Мөн хамт явж байсан дүү нарыг гэрчээр асуух шаардлагатай. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, болсон нөхцөл байдлын асуудлаар энэ хэргийн зүйлчлэл, бусад бүх нөхцөл байдлууд тогтоогдоно. Насанд хүрээгүй хохирогч гомдол гаргаагүй. Харин гэр бүл үймүүлсэн гэдэг асуудлаар цахим орчинд яллагдагчийн эхнэрт зураг тавьсан. Н.Тгийн эхнэр нь цахим сүлжээнд тавиагүй бол мэдээллийн эх сурвалж олдохгүй. Гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тогтоох шаардлагатай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд тогтоох үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагаа хийж хэргийн бодит байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна гэв.

11. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Н.Т гаргасан тайлбартаа: “...Би Мягмарсүрэнтэй утсаар ярьж захидал бичсэн зүйл байхгүй...” гэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Н.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурор Г.Эын бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А болон өмгөөлөгч С.Д, Э.Ш нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Н.Тд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: “...гэмт хэрэг хэзээ, хаана, яаж гарсан байдал тодорхойгүй...”, “...хэргийн талаар мэдэх гэрч нарыг асуух...”, “...яллагдагч, хохирогч нар ямар харилцаа холбоотой байсныг тогтоолгох шаардлагатай...” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2. Шүүх, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж өөрийн дотоод итгэлээр үнэлэхдээ нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгах ба мэтгэлцээний  үндсэн дээр тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоодог.

Ингэхдээ прокуророос шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан заасан.

3. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Р.Нямдорж, М.Балжинням нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба тэд олон жилийн хугацаанд айл саахалт байсан талаар зөрүүгүй мэдүүлсэн /хх-ийн 51, 53 дугаар хуудас/, хэрэг учрал болох үед н.Ариун-Эрдэнэ, н.Анунгоо, Д.Гэрэлмаа нар байгаагүй, насанд хүрээгүй хохирогч Д.Мягмарсүрэн болсон үйл баримтын талаар гэрч Ж.Чиваандулам, Б.Одмаа нараас бусад хүнд хэлээгүй нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон.

Мөн хийж буй үйлдлээ бүрэн ухамсарлан ойлгох насанд хүрээгүй, эрх зүйн зарим чадамжтай этгээд болох Д.Мягмарсүрэн яллагдагч Н.Тгийн фэйсбүүк хаяг руу найзын хүсэлт илгээсэн эсэх, мөн яллагдагч Н.Т өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй тул тухайн үйл баримтын талаар бусдад үнэн зөв ярьсан эсэхийг тодруулах нь зайлшгүй нотолбол зохих ажиллагаа гэж үзэхээргүй байна.

4. Иймд давж заалдах шатны шүүх Н.Тд холбогдох хэргийн нотолбол зохих байдал мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн, прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэхэд хүртээмжтэй нотлох баримт бүрдсэн, шүүх мэтгэлцээний үндсэн дээр тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох...” агуулга бүхий прокурор Г.Эын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А болон өмгөөлөгч Э.Ш, С.Д нарын хамтран гаргасан гомдлуудыг хангаж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1281 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгов.

5. Яллагдагч Н.Тд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

6. Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1281 дугаар шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт буюу шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одмаагийн өмгөөлөгч С.Дгийн нэрийг С.Дэлгэрмөнх гэж буруу бичсэн байгааг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1281 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Эын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.А болон Э.Ш, С.Д нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хангасугай. 

2. Яллагдагч Н.Тд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         М.МӨНХДАВАА

                                            ШҮҮГЧИД                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ 

                                                                                             З.ТҮВШИНТӨГС