| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0552/З |
| Дугаар | 128/ШШ2025/0638 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0638
2025 09 18 128/ШШ20250/0638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.******* /РД:*******/;
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагч *******, Б.Лх******* нар /цаашид Улсын байцаагч” гэх/-ын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н*******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Номин-Эрдэнэ нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай актыг хүчингүй болгож, тэтгэврийн зөрүүг нөхөн олгохыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан, өөрчилсөн зүйлгүй болно.
Хоёр.Хэргийн үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Т.******* нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгосон байна.
2.2.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Хэлтсийн дотоод хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг цэргийн алба хаасны өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрхийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 47 нас буюу цэргийн алба хаах насны хязгаарт хүрч цэргийн тэтгэвэр тогтоох байсныг холбогдох материалыг бүрэн шалгалгүйгээр хугацааг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн цэргийн тэтгэврийг олгосон нь буруу байна гэж үзэж, илүү олгосон тэтгэвэр 4,746,685 төгрөгийг төлүүлэхээр Улсын байцаагчийн акт тогтоосон байна.
2.2.Нэхэмжлэгчээс “уг актыг гаргахдаа захиргааны байгууллага цэргийн алба хаасны өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн баримтын үндэслэлийг нягтлан шалгаад, шаардлага хангасан гэж үзэн тогтоосон баримтыг ямар үндэслэлээр шалгаж байгаагаа Улсын байцаагч актадаа заагаагүй байна. Мөн маргаан бүхий актын үндэслэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заасныг үндэслэсэн байх боловч надад гэм бурууг хариуцуулж байгаа нь хуульд нийцэхгүй” хэмээн үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ:
“Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2023 оны 09 дүгээр сарын дундуур “цэргийн бүрэн тэтгэврийн хугацаа чинь дутаж байгаа тул хувь тэнцүүлсэн тэтгэвэр рүү шилжүүлэх гэж байна” хэмээн утсаар хэлсэн.
Даатгалын хэлтэс рүү биечлэн очиж, холбогдох байцаагч нартай ярилцан, тэдний зөвлөсний дагуу “Би 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгосон боловч хугацаа /5 сар дутаж байгаа/ дутаж хувь тэнцүүлсэн тэтгэвэр рүү шилжиж байгаа тул урд авсан 3 сарын тэтгэврийн мөнгөнөөс суутгуулахаар тэтгэврийн байцаагч нартай зөвшилцөв. ... цэргийн бүрэн тэтгэврийг гүйцэд авах хүсэлтэй байна” гэсэн өргөдлийг 2023 оны 09 дүгээр сарын 25-нд бичиж өгсөн.
Ингээд тэдгээр хүмүүсийн зөвлөснөөр “ажилд анх орсон тушаалд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны хавар гаргасан. Нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хангахгүй орхисон.
Тушаалд шүүхийн шийдвэрийн дагуу өөрчлөлт оруулж чадаагүй учраас тэтгэврээ гүйцэд авах эрх зөрчигдсөн хэвээр байсан тул Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст дахин хандтал Улсын байцаагчийн ******* дугаартай акт 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гарсан болохыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдэж, уг актыг гардан авсан ба эс зөвшөөрсөн тул Нийгмийн даатгалын ерөнхий байцаагчид хандан 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргахад хариуг нь 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 0 тоотоор өгөхдөө “.... акт үндэслэлтэй байна” гэсэн.
Актад “Хэлтсийн дотоодын хяналт шалгалтаар 3 дугаар хорооны иргэн Т *******ын Цэргийн алба хаасны өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн баримтын үндэслэлийг шалгав” гэжээ.
Тэтгэвэр тогтоолгохоор анх өргөдөл гаргангуут захиргаа холбогдох баримтыг нягтлан шалгаад, шаардлага хангасан хэмээн үзэж, тэтгэвэр тогтоосон баримтыг ямар үндэслэлээр шалгаж байгаагаа Улсын байцаагч актдаа заагаагүй нь “хуульд үндэслэх” зарчмыг зөрчиж байгаа зөрчил болно.
Актад “Шалгалтаар … уг тэтгэврийн материалыг шалгахдаа бүрэн тэтгэврийн эрх үүссэнтэй андуурч 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс олгож эхэлсэн” гэжээ.
Бүрэн тэтгэврийн эрх үүссэн эсэхийг захиргаа шалгаад, үүссэн хэмээн үзсэн тул миний бие төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан.
Хэрэв ирүүлсэн материал хуульд заасан шаардлага хангаагүй эсхүл ажилласан жил хүрээгүй хэмээн захиргаа үзсэн бол миний бие тэтгэвэр тогтоолгохоор төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг сайн дураараа гаргахгүй байсан. Өөрөөр хэлбэл, ажилласан жилээ гүйцээгээд л төрийн албанаас чөлөөлөгдөх боломж байсаар байхад түүнийг эдлүүлээгүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч миний эрх зөрчигдөөд байна.
Актад “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн” гэжээ.
Уг хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” хэмээн заасан. Гэтэл надад гэм бурууг хариуцуулж байгаа нь хуульд нийцэхгүй” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон. Үүнээс өмнө нэхэмжлэгч Нийгмийн даатгалын газар хандан хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын газраас болж байна гэж хариу өгсөн. Болж байна гэх хариу өгсөн тул байгууллагадаа тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул ажлаас чөлөөлж өгнө үү гэж хүсэлт гаргасан. 2023 оны 10 дугаар сард Нийгмийн даатгалын газраас зөрүү гараад байгаа тул хүрээд ир гэж дуудсан. Зөрүү байх ёсгүй гэж хэлтэл анх ажилд томилсон тушаал нь ийм байна гэх хариу өгсөн. Нийгмийн даатгал анх ажилласан жил нь хүрэхгүй байна гэж хэлсэн бол Т.******* гэдэг хүн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргахгүй байсан. Нийгмийн даатгалын газар өөрийнхөө алдааг энэ хүн хуурамч баримт бичиг бүрдүүлсэн байна гэж үзээд байгаа. Хуурамч баримт бичиг бүрдүүлсэн зүйл байхгүй. Өөрсдөө тооцооллын алдаа хийсэн байгаа. Тухайн үед Нийгмийн даатгалын газар тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна гэж хэлсэн бол дахин 6 сар ажиллаад тэтгэвэрт гарах байсан. Нэхэмжлэгчид болно гэж хэлээд тэтгэвэрт гаргасан. Нэхэмжлэгч төрийн албанд буцаад оръё гэхээр цагдаагийн албан хаагчийн насны дээд хязгаарт нь хүрсэн тул буцаад төрийн албанд орж болохгүй. Одоо энэ хүн яах вэ гэдэг асуудал үүсээд байна. Энэ бол Захиргааны байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байна. Хуульд загаагүй үндэслэлээр тус актыг гаргасан тул актыг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль хэрэглээний тухайд энэ тохирохгүй байна. Буруу олгогдсон зүйл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн 3 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д заасныг иш татаж бичсэн байгаа. Нийгмийн даатгалын ажилтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан олгосон тул суутгана. Нийгмийн даатгалын байцаагч хэн нэгэн буруутай үйлдлийг олж тогтоох ёстой. н.Дг буруутай гэж үзэж байгаа. Хэрэв н.Д буруутай байна гэж үзсэн тохиолдолд энэ мөнгийг н.Дгаас гаргуулахаас биш Т.*******оогоос гаргуулах хууль хэрэглээний асуудал биш. Энэ акт хуульд нийцээгүй тул актыг хүчингүй болгоод зөрүүг гаргуулах хүсэлттэй байна.” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Т.******* нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус хэлтэст цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8.1.1-д заасан эрэгтэй 25 жил цэргийн байгууллагад ажилласан бол нас харгалзахгүй цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нөхцөлөөр цэргийн албан хаагчийн өндөр насны бүрэн тэтгэврийн эрх үүсээгүй байна. Харин 2023 оны 10 дугаар сарын 15-нд дээрхи хуулийн 8.2.3-д заасны дагуу цэргийн байгууллагад ажилласан хугацаа 24 жил 7 сар болсон тул цэргийн алба хаах нас хэтэрсэн үндэслэлээр цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсч тэтгэврийг тогтоож, олгосон байна.
Т ******* нь цэрэг, цагдаагийн байгууллагад ажилласан болон энгийн байгууллагад ажилласан 1 жилийг цэргийн 6 сар руу шилжүүлэн нийлүүлж тооцсон хугацаа нийт 24 жил 7 сар цэргийн байгууллагад ажилласнаар тэтгэврээ тогтоолгосноо зөвшөөрсөн байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Т.*******ын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлүүдийг доор дурдсан шалтгаан, үр дагаврын с эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Нэг.Нэхэмжлэлийн үндэслэлийн 1-д бичсэн “Актад дотоодын хяналт шалгалтаар баримтын үндэслэлийг шалгаж” зөрчлийг илрүүлсэн тухай:
Иргэн Т ******* нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус хэлтэст цэргийн алба хаасны өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд тус газрын ажилтнууд нь өдөр тутамд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тоот тушаалын 3 ба 4-р хавсралтад заасан “Тэтгэврийн байцаагч ажилтнуудын хариуцах ажлын үлгэрчилсэн чиг үүрэг”, “Тэтгэвэр тогтоож олгох үйлчилгээний заавар”-ыг хэрэгжүүлэн ажилладаг. Нийгмийн даатгалын байгууллага нь дээрхи чиг үүргийн дагуу бүх төрлийн тэтгэврийг тогтоохдоо тэтгэврийн материал хүлээн авдаг байцаагч тэтгэврийг тогтоож, тэтгэврийн хяналт шалгалтын байцаагч шалгаж, тэтгэврийн асуудал хариуцсан чиг үүрэг бүхий тасгийн дарга /хуучин бүтцээр/ хянасны дараа Хэлтсийн дарга /хуучин бүтцээр/ болон ерөнхий нягтлан одогч нар зөвшөөрч тэтгэврийг олгоно гэсэн шат дараалсан дотоодын хяналт шалгалтууд хийгддэг болно.
“Хариуцах ажлын үлгэрчилсэн чиг үүрэг”, “Тэтгэвэр тогтоож олгох үйлчилгээний заавар’-ыг хэрэгжүүлэн ажиллахдаа байцаагч Н.Уранчимэг нь Т.*******ын цэргийн өндөр насны тэтгэврийн материалыг хүлээн авч, тогтоож, хяналтын байцаагч Т.Б шалгаад, дараагийн шатны дотоодын хяналт болох Үйлчилгээний тасгийн дарга *******ийн хяналт руу шилжүүлсэн байна. Үйлчилгээний тасгийн дарга *******ийн дотоодын шалгалтаар байцаагч Н.Уранчимэг нь “2023 оны 06 дугаар сарын 30” гэсэн огноог “2026 оны 06 дугаар сарын 30” гэж андуурч мэдээллийн санд оруулсныг илрүүлсэн байна. 2023 оныг 2026 он гэж буруу тооцсоны с Т.*******ын цэргийн байгууллагад ажилласан жил нь 3 жилээр үндэслэлгүй, андуурагдан нэмэгдэж, Т.*******ын цэргийн ажилласан жил 23 жил 02 сар 02 өдөр байхыг 26 жил 02 сар 02 өдрөөр тооцоолж, цэргийн байгууллагад ажилласан хугацаа нь 25 жил хүрээгүй байхад цэргийн бүрэн тэтгэврийн эрх үүсгэснээр 2023 оны 06, 07, 08, 09 дүгээр саруудын тэтгэвэрт 4746685 /дөрвөн сая долоон зуун дөчин зургаан мянга зургаан зуун наян тав/ төгрөг үндэслэлгүй илүү олгосныг Үйлчилгээний тасгийн дарга ******* миний дотоодын шалгалтаар илрүүлэн буцаан төлүүлэх ажиллагаа хийсэн байна.
Үндэслэлгүй илүү олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхдээ Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2-р хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм"-ийн 3.5-д “... үндэслэлгүй илүү, дутуу тогтоож олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг шийдвэрлэхээр акт үйлдэнэ” гэж заасныг хэрэгжүүлэн миний бие нийгмийн даатгалын улсын байцаагчийн үүргээ биелүүлэн нийгмийн даатгалын Улсын байцаагчийн акт үйлдсэн болно. Энэ акт нь хүчин төгөлдөр хуулийн дагуу бичигдсэн баримт бичиг гэдэг нь Захиргааны хэрэг үүсгэх тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын О7-ны өдрийн 128/Ш332025/4478 захирамжийн үндэслэл хэсэгт ”... маргаж буй шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-дэх хэсэгт зааснаар захиргааны актын бүрэн шинжийг агуулсан захиргааны акт” гэж бичсэнээр нотлогдож байна.
Хэрэгт байгаа нотлох баримтаас харахад шинэ тэтгэврийг материал хүлээн авсан байцаагч тэтгэврийг тогтоож, хяналтын байцаагч хянаж, Тасгийн дарга давхар хяналт хийсний дараа тэтгэврийг олгодог процессын 3 дахь дотоодын шалгалтаар жил үндэслэлгүй буруу нэмж мэдээллийн санд оруулсныг илрүүлэн, эрх үүсээгүй тэтгэврийг олгож болохгүй тул Т.*******ын авсан тэтгэврийг буцаан төлүүлэх ажиллагаа хийж, Т.*******той уулзан зөвшилцсөн болох нь хэргийн материалд байгаа Т.*******ын өөрийнх нь гараар бичсэн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлөөр нотлогдож байна.
Мөн Т.*******ын тэтгэврээ тогтоолгосон 2023 оны 06 дугаар сарын 29-ны өдөр нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 238 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн тэтгэврийн зөрүүг арилгаж, 25 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн нэмэгдлийг тооцох, шалгах, хэвлэх, олгох, 7 жилийн дундаж цалинг итгэлцүүрээр өөрчлөн, тэтгэвэр тогтоолтын хуудас болон 5 жилийн цалинг мэдээллийн сангаас хэвлэх, тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргаж үдэх нүсэр их ажлыг богинохон хугацаанд тав хоногийн дотор 6 сарын 25-аас 6 сарын 30-ны өдрүүдэд хийж, нэмэгдсэн тэтгэврийг амжуулан олгохоор улс даяараа ажиллаж, тус Газрын бүх ажилтнууд дайчлагдан хийж байсан өдрүүдийн сүүлийн өдөр таарсан ба материал хүлээн авах, тэтгэвэр тогтоох ажлыг байцаагч Н.Уранчимэг ганцаараа хариуцан маш их ачаалалтай ажиллаж байсныг бас энд дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэлийн 2-т “Актад шалгалтаар ... бүрэн тэтгэврийн эрх үүссэнтэй андуурч 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс олгож эхэлсэн” тухайд:
Т.******* нь "Бүрэн тэтгэврийн эрх үүссэн эсэхийг захиргаа шалгаад, үүссэн хэмээн үзсэн тул төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан” гэжээ. Хэргийн материалд байгаа баримтуудаас үзэхэд зөвлөгөө авсан иргэдэд нийгмийн даатгалын зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий ажилтнууд зөвлөмж өгдөг бөгөөд Т.*******од манай байцаагч ажилтнууд “Та ажлаас халагдах өргөдлөө авч ир” гэж зөвлөмж өгсөн эсэхийг Т.******* нь нотлоогүй, хэрэгт байгаа баримтад нотлох баримт байхгүй тул захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж эрх нь зөрчигдсөн гэдэг нь нотлогдохгүй байна.
Т.******* нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус газарт ирж, тэтгэвэр тогтоолгох материал, бичиг баримтаа хүлээлгэн өгөхдөө ажлаас чөлөөлсөн тушаалаа гаргуулан ирсэн байсан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дураараа гаргасанд тус газар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм. Учир нь тухайн хүний ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргахад нийгмийн даатгалын байгууллага байцаагч оролцдоггүй, тухайн иргэний өөрийнх сайн дурын үндсэн дээр ажиллаж байсан байгууллага болон тухайн иргэний хооронд хийгддэг үйл ажиллагаа юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажилласан жил тооцсон, тэтгэвэр тогтоосон, мөн тэтгэвэр олгосон, мөн Улсын байцаагчийн акт бичсэн үйл ажиллагаанууд нь тухайн иргэн материалаа бүрэн бүрдүүлж, нийгмийн даатгалын байгууллагад өгснөөс хойш хийгдсэн үйл ажиллагаанууд юм.
Гурав.Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн 3-т дурдсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн” Улсын байцаагчийн акт бичсэн тухайд:
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн бөгөөд Т.*******ын нэхэмжлэл нь 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүссэн байх тул Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.3-т “Тухайн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан одоогийн мөрдөж байгаа хуулийн заалтыг хэрэгжүүлнэ.
Иймд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хэрэгжиж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг буцаан хэрэглэхгүй харин одоогийн мөрдөж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн төлбөрийг илүү тогтоолгон авсан бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн төлбөрийг илүү авсан этгээдээр холбогдох санд нөхөн төлүүлнэ” гэж заасныг баримтлан илүү авсан тэтгэврээ Т.******* хариуцсан тэтгэврийн даатгалын санд хариуцан төлөх үүрэгтэй болж байна.
Мөн ажилдаа хайнга хандсан үндэслэлээр Н.Уранчимэг, Т.Б нарт сахилгын шийтгэл оногдуулж болох боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан тул дээрх 2 ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.
Дөрөв.Т.*******ын Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, тэтгэврийн зөрүүг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэсэн нь дээрхи нэхэмжлэл гаргасан 3 үндэслэлийн тайлбараас үндэслэлгүй нэхэмжлэл гэдэг нь харагдаж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан Т.*******ын гомдлын хариуд Нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2025 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 0 тоот албан бичгээр “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна” гэж дээд шатны байгууллага хариу өгсөн байгаа тул ******* миний бичсэн Улсын байцаагчийн акт үндэслэлтэй үнэн зөв бичигдсэн акт юм. Улсын байцаагчийн акт бичих гол үндэслэл нь Т.******* нь цэргийн байгууллагад 25 жил ажиллаагүй тул буруу олгосон тэтгэврийг буцаан суутгасан асуудал байсан бөгөөд цэргийн байгууллагад ажилласан нийт жилээ 24 жил 7 сар гэдгийг Т.******* өөрөө зөвшөөрч маргаагүй байна. Иймд миний бичсэн актыг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Мөн Т.******* нь нэхэмжилж байгаа тэтгэврийн зөрүү гэж яг хэдэн төгрөг ямар тооцооллоор нэхэмжилж байгаагаа дурдаагүй, улсын байцаагчийн актад дурдсан төлбөрийн дүнг тэтгэврийн зөрүү гэж үзэж байгаа эсэх нь ч тодорхойгүй байна.
Тэтгэврийн зөрүү гэдэг нь жишээлбэл 300 төгрөг авах ёстой байсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг буруу бодож 200 төгрөгөөр тогтоож олгосон бол тэтгэврийн зөрүү 100 төгрөгийг тухайн тэтгэвэр авагчид олгох тухай асуудал болохоос биш Т.*******ын тухайд Улсын байцаагчийн актад дурдсан 2023 оны 6, 7, 8, 9 саруудад олгосон тэтгэвэр нь огт авах эрх үүсээгүй, олгох ёсгүй мөнгийг олгосныг буцаан төлүүлэх тухайд бичигдсэн акт юм.
Иймд дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Т *******ын “Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай актыг хүчингүй болгож тэтгэврийн зөрүүг нөхөн олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох өгөхийг хүсье” гэжээ.
3.4.Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Уг нэхэмжлэл 2025 онд үүссэн тул одоогийн мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү тогтоолгон авсан бол эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тухайн тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг илүү авсан этгээдээр нөхөн төлүүлнэ гэж хуульчилсан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтыг 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтаар өөрчлөн найруулсан. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг тодорхой хуульчлан зохицуулсан. Миний бие Улсын байцаагч учраас Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5-д “үндэслэлгүй эсвэл дутуу тогтоож олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг шийдвэрлэхээр акт үйлдэнэ” гэж зааны дагуу акт бичсэн. Актыг бичихдээ тухайн үед хүчинтэй байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааныг баримталсан боловч уг хуулийн зүйл заалт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болоод 44 дугаар зүйлийн 44.2-т зааснаар тэтгэвэр, тэтгэмжийг илүү авсан этгээд өөрөө гэж хуульчилсан.
....Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдаж байгаагаар Төрийн байгууллагад эхлээд шалгуулсан. Үүний үндсэн дээр ажлаас гарах хүсэлт өгөөд ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөхгүй байх боломжтой байсан гэж тайлбарлаад байна. Хэрэгт зөвлөгөө авсны үндсэн дээр ажлаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан гэх нотлох баримт байхгүй байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ бол Нийгмийн даатгалын газрын асуудал биш. Хэргийн материалд байгаа баримтуудаас үзвэл Нийгмийн даатгалын ажилтнууд ажлаасаа чөлөөлөгдөөд иргэж ир гэж зөвлөгөө өгдөггүй. Нэхэмжлэгчийн авчирсан цаасан материал дээр тулгуурлан ямар материал бүрдүүлэх ёстой байгаа тухай зөвлөгөө өгдөг. Иймд Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж эрх нь зөрчигдсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Т.******* нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тэтгэвэр тогтоолгох баримт бичгээ хүлээлгэн өгөхдөө ажлаас халагдсан тушаалаа гаргуулаад ирсэн байсан. Нэхэмжлэгчийн авчирсан баримтыг үндэслээд хавсаргадаг. Сайн дураар ажлаас халагдах өргөдөл өгсөн асуудал дээр хариуцлага хүлээх хуулийн зохицуулалт байхгүй. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэд Нийгмийн даатгалын байцаагч оролцдоггүй. Байгууллага, иргэн хоёрын хоорондох хөдөлмөрийн зохицуулалтын харилцааны асуудал юм. 2 дугаар хавтасны 27 дугаар тал дээр Нийслэлийн шүүх шинжилгээний газар 26 жил 5 сар гэж жилийг нь тогтоогоод өгсөн байгаа. Мөн 32 дугаар талд байгаа Цагдаагийн байгууллагаас гаргасан Цагдаагийн ерөнхий газрын лавлагаа дээр 9 жил 3 сар 21 хоног гэж тогтоогоод өгсөн. Үүнийг бид нар тогтоодоггүй юм. Цэргийн алба хаагч нь энгийн тэтгэвэр тогтоолгож байгаа хүнээс шимтгэл төлдөггүй гэдгээрээ ялгаатай бөгөөд Эрүүл мэндийн даатгалд 2 хувийг төлдөг Нийгмийн даатгалын шимтгэл 24 хувийг төлдөггүй. Иймд цэргийн байгууллагаас гаргаж ирсэн архив албан тушаал бичилтийг үндэслэж жилийг тооцдог. Жилийг тооцож үзээд манай ажилтан 26 жил 5 сар гэж гаргаагүй 23 жил 2 сар гээд гаргасан байгаа юм. Яагаад 23 жил 2 сар гэж тооцож гаргасан тухай хайж үзэхэд хавтаст хэргийн 32 дугаар тал дээр Нийслэлийн шүүх шинжилгээний байгууллагаас ирүүлсэн хүснэгтийн лавлагаанд 2 дугаарт Цагдаагийн байгууллагын 9 жил 3 сар 21 хоног гэдгийг нягтлан шалгалгүйгээр нэмсэн байгаа юм. н.Уранчимэг байцаагч 2023 оныг 2026 он гэж андуурч 3 жил хий нэмсэн болохоос энэ хүний цагдаагийн байгууллагад ажилласан буюу цэргийн, энгийнээр ажилласан бүх жилийг оруулаад 1 жилийг 6 сарыг агшаагаад тооцон 23 жил 2 сар болгож гаргасан байгаа юм. Тэгэхээр манайх бол жилийг буруу тооцоогүй. Тэтгэвэрт гарах настай хүн тоог андуураад шивсэн байна. Үүнийг нь би 3 дахь шалгалтаар илрүүлсэн. 9 жил 3 сар 21 хоног гэдгийг Нийслэлийн шүүх шинжилгээний байгууллага нягтлан шалгах үүргээ биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн жилийг буруу тооцоолсноос шалтгаалж байгууллага Т.******* хоёрын хооронд ажилласан жилийг зөрүүтэй тооцсон асуудал үүссэнээс шалтгаалаад ажлаас чөлөөлсөн тушаал гаргаад өгсөн тул материалыг хүлээн авч тэтгэвэр тогтоосноос хойш маргаан бүхий акт гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 3 үндэслэл нь огт үндэслэлгүй асуудал гэдэг нь нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хууль, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар цэргийн жил тооцох асуудлууд нь Нийгмийн даатгалын асуудал биш юм. Нийгмийн даатгалын асуудал нь байгууллагаас тооцоод өгсөн жилийг мэдээллийн санд оруулаад зөв тооцоолсон эсэхийг шалгах үүргийг хийдэг. Та цэргийн байгууллагаасаа гаргаад ир тэгсэн тохиолдолд тогтооно гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Миний гол хэлэх гээд байгаа үндсэн санаа бол 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Т.******* материалаа өгөхдөө ажилласан жилээ тооцуулаад байгууллагаасаа тушаалаа гаргуулаад ирсэн. Энэ хүний нэхэмжлэлд дурдаад байгаа актыг хүчингүй болгох асуудал бол дараагийн асуудал юм. Жилийг буруу тооцсон асуудал байгаа юм.
Асуудлуудтайгаа нарийн танилцаагүй байж хуулийн заалт буруу дурдсан байна гэх үндэслэлээр актыг хүчингүй болгох гээд байна гэх үндэслэлийг тайлбарлая.
Нэхэмжлэлийн шаардлага дурдсан Улсын байцаагчийн актыг хүчингүй болгож нэхэмжлэлийг зөрүүг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нь дээр 3 үндэслэлээс тодорхой байгаагаас гадна нэхэмжлэгч 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө миний жил хүрэхгүй гэдгийг мэдсэн байна. Нийслэлийн шүүхийн шинжилгээний байгууллагууд өчнөөн жил ажилласан хүн очоод гуйсан тохиолдолд ажиллуулах байх гэж бодож байна. Т.Б байцаагч жил чинь болохгүй байна гэдгийг нэхэмжлэгчид удаа дараа хэлсэн гэж байгаа. Өмнө нь бас н.Уранчимэг байцаагч ярьсан гэсэн. Бид нар ажлаа хийж байгаа. Энэ хүнийг яаж хохиролгүй болгох тал даар анхаарч ажиллаж байгаа. Бүрэн олгох зарчмаар ажилладаг болохоос энэ хүнд олгохгүй гэдэг зарчмаар ажилладаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Т.******* манай дээд шатны байгууллагад актын хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газар гаргасан гомдлын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр таны энгийнээр ажилласан жил, нийт ажилласан, цагдаа жолоочоор ажилласан гэх лавлагаа авчирсан тохиолдолд 1 жилийг чинь агшаагаад 6 сараар тооцдог юм байна гэдэг талаарх зөвлөмжийг албан бичгээр бүгдийг нь оруулсан байна. Үүн дээр Хан-Уул дүүргийн цагдаагийн жижүүр жолоочоор энгийнээр ажилласан 1 жил 10 сарыг цагдаагийн алба хаасан хугацаанд оруулан тооцох боломжгүй гэж дурдсан байдаг.
2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гараар байцаагчтай зөвлөлдлөө би энэ мөнгийг авахгүй байсан нь зөв байна гэж зөвшөөрсөн баримт бичиг байна. Мөн 2023 оны 11 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаад шалгуулсан байна. 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын 0/68 дугаар албан бичгээр Т.*******ын актыг хүчингүй болгож өгнө үү гэж гаргасан нэхэмжлэлийг шалгаад актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн тогтоосон акт үндэслэлтэй байна гэж албан бичгээр хариу өгсөн байгаа. Эдгээр үндэслэлүүдээр би ганцаараа энэ шийдвэрийг гаргаагүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын энэ бол хүчинтэй акт мөн гэдгийг зөвшөөрсөн байна. Акт хүчинтэй байгаа гол үндэслэлийг тайлбарлая. Бид нар бол ажлаас чөлөөлөх асуудалд оролцдоггүй. Энэ асуудал бол манай байгууллагын асуудал биш юм. Нийслэлийн шүүхийн шинжилгээний байгууллага Т.******* нарын хоорондох асуудлыг актад хамааруулаад байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл акт бол үр дагаврын үнэлгээ дээр бичигдсэн юм. Тухайн акт яагаад бичигдсэн бэ гэвэл 3 дахь шалгалт буюу миний шалгалтаар 3 жилийг нэмсэн байна. 23 жил 3 сар байгаа учир боломжгүй гэдгийг заагаад буцаагдсан. Олгогдох ёсгүй байсан мөнгийг буцааж Нийгмийн даатгалын санд төлүүлж хохиролгүй болгох акт байгаа юм. Нэхэмжлэгч бол жил дээрээ маргаагүй өөрөө зөвшөөрсөн тохиолдолд акт хүчингүй болох үндэслэл байхгүй. Энэ актад танд бүрэн тэтгэврийн эрх үүсээгүй учир 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс тэтгэвэр тогтоолгох эрхгүй. Таны тэтгэврийн эрх 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 47 нас хүрээд цэргийн алба хаах насны хугацаа хэтэрсэн үндэслэлээр цэргийн хувь тэнцсэн үндэслэлээр эрх үүсэхээр байна. Тэгэхээр та 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд авсан 4,700,000 төгрөгийг буцаан төлөөд Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгоно уу гэсэн утгатай. Энэ актад авах ёсгүй мөнгийг авсан учраас Нийгмийн даатгалын санд буцаан төлөөд хохиролгүй болгох ёстой гэдэг үндсэн үзэл баримтлалын хувьд бичигдсэн акт байгаа юм. Эрх үүссэн хүнд буруу тооцсон гэх үндэслэлээр буцаад авах гэж байгаа асуудал биш байцаагчийн алдааны с олгосон учраас тухайн олгосон мөнгийг буцааж авах тухай акт байгаа юм. Мөн тэтгэврийн зөрүүг нөхөн олгох гэсэн байна. Тэтгэврийн зөрүү гэдэг асуудал юу юм бэ? Тэтгэврийн зөрүү гэдэг нь энэ хүнд 200 төгрөг олгох ёстой байтал 50 төгрөг олгосон тохиолдолд зөрүү нь 150 төгрөг гэж үздэг. Тэгтэл нэхэмжлэгчид зөрүү үүсгэж буруу бодолт хийсэн зүйл байхгүй. Тухайн акт бол олгох ёсгүй мөнгийг олгоод буцаан авч байгаа юм. Тэтгэвэр авах ёсгүй хүнд өгсөн мөнгөө буцаан авч байгаа асуудал байгаа. Тэтгэврийн зөрүүг олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зөрчсөн хуульд нийцээгүй шаардлага байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчийн Т.*******ын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар актыг хүчингүй болгож тэтгэврийн зөрүүг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага дээрээ Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан эрхийг зөрчиж байна гэсэн байдаг. Нийгмийн даатгалын сагаас олгогддог тэтгэвэр нийгмийн даатгалын багц хууль нь өөрөөр хэлбэл хэзээ ч мөнгөн тусламжтай харилцааг зохицуулдаггүй. Тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой харилцааг зохицуулдаг учир тухайн иргэний Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-т заасан эрх зөрчигдсөн асуудал байхгүй. Тухайн акт хүчингүй болсноор тухайн иргэний эрх сэргэгдэхгүй. Хуульд заасан жил нь хүрэхгүй байгаа учир тогтоогдсон тэтгэвэр олгогдоно.” гэв.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “25 жил нь хүрэхгүй байна гэдгийг Т.******* өөрөө мэдэж байсан маш сайн ойлгосон. Шүүхэд хандсан боловч хэрэгсэхгүй болгосон. Өөртэй уулзаад 25 жил хүрэхгүй байна тухай бичгээ авчрахгүй бол 24 жил 7 сар гэж тоологдож байгаа тухай тайлбарлахад өөрөө хүлээн зөвшөөрсөн. Албадан шаардсан зүйл байхгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт нийгмийн даатгалын эрх зүйн хүрээнд үүссэн “захиргааны актын үр дагаварт холбогдох” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч Т.******* нь Арьс ширний үйлдвэрийн Эрдэм шинжилгээ, туршилтын төвийн даргын 1996 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* тушаалаар тус төвийн Арьс ширний цехийн дамжлагын ажилтнаар томилогдож, Хан-уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ******* тушаалаар, тус байгууллагад мөн оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн жолоочоор томилж, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлсөн болох нь эдгээр тушаал болон Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тус тус тогтоогдлоо. /ХХ-1-ийн 28, 44-45, 78 дахь талууд/
2.2.Мөн Нийгмийн даатгалын дэвтэрт Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тушаалаар тус хэлтэс жолоочоор /энгийнээр/ авч ажиллуулсан гэсэн тэмдэглэгээ байгаа, харин шүүхэд энэ тушаал нотлох баримтаар олдоогүй боловч Т.******* нь уг тушаалын дагуу 2007 оны 04 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө төрийн тусгай албан тушаалд ажиллаж ирсэн болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор давхар нотлогдож байна. /ХХ-1-ийн 78, 22-26 дахь тал/
2.3.Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар тушаалаар Т.*******ыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор төрийн албанаас чөлөөлжээ. /ХХ-2-ын 22 дахь тал/
2.4.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Т.*******ын гаргасан хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн түүний ажилласан жилийн хугацааг энгийнээр 10 сар, 19 өдөр, цэргийн албанд 26 жил, 02 сар, 04 өдөр болохоор тогтоож, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс тэтгэвэр олгохоор Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас-аар шийдвэрлэсэн байжээ. /ХХ-1-ийн 34 дэх тал/
2.5.Энэ шийдвэрээ үндэслэн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Т.*******ын тэтгэврийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж тооцож, 2023 оны 07, 08, 09 дүгээр сард нийт 4,746,685 төгрөгийн тэтгэвэр олгосон байна.
2.6.Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газраас Т.*******ын тэтгэвэр тогтоолтын байдалд дахин хяналт явуулаад, Нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай актаар Т.*******ыг цэргийн алба хаасны өндөр насны хувь тэнцүү тэтгэвэр тогтоолгох эрх нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс үүсэх байхад бүрэн тэтгэврийн эрх үүссэн гэж үзэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс тэтгэвэр олгож эхэлсэн нь хуульд нийцээгүй гэж үзээд түүнд 2023 оны 7, 8, 9 дүгээр саруудад олгосон 4,746,685.00 төгрөгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ-1-ийн 36 дахь тал/
2.7.Энэ шийдвэрийг гаргахаас өмнө Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Т.*******ыг дуудан уулзаж, энэ байдлыг тайлбарлан, өөрт нь цэргийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоох шаардлагатай болсон гэдгийг болон урьд авсан мөнгийг буцаан хуваан төлүүлэхээр зөвшилцсөн, Т.******* үүнийг зөвшөөрснөө бичгээр үйлдсэн ба илүү төлсөн гэх төлбөрөө төлчихсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласныг нэхэмжлэгчийн өмгөөлөгч няцаагаагүй.
2.8.Дээр тайлбарлаж байгаа “Т.*******ын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн бичгээр тохирсон зөвшөөрөл” гэгчийг нэхэмжлэгч нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар өөрөө шүүхэд гаргаж өгсөн /ХХ-1-ийн 4 дэх тал/, түүний өмгөөлөгч “ийм баримт үйлдээгүй” гэж маргаагүй, хариуцагч талаас “Т.*******ын тэтгэвэр тогтоолтын хувийн хэрэг алдагдсан тул эх хувиар нь гаргах боломжгүй” гэж тайлбарласан тул нотлох баримтаар гаргуулах боломжгүй байсан болно.
2.9.Нэхэмжлэгч Т.******* нь маргаан бүхий захиргааны актаар тогтоосон 4,746,685.00 төгрөгийн төлбөрийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2,000,00.00 төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2,746,685.00 төгрөгийг тус тус төлсөн болох нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын Санхүүгийн лавлагаагаар нотлогдлоо. /ХХ-1-ийн 39 дэх тал/
2.10.Ингээд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газар нь Т.*******ын тэтгэвэр тогтоох ажиллагааг дахин явуулаад, түүний ажилласан жилийн хугацааг энгийн тэтгэврийг 03 сар, 16 өдөр, цэргийн тэтгэврийг 24 жил, 07 сар, 04 өдөр болохоор тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс тэтгэврийг олгохоор шийдвэрлэжээ./ХХ-1-ийн 19 дэх тал/
2.11.Эдгээр шийдвэрийг нэхэмжлэгч Т.******* зөвшөөрсөн, энэ асуудлаар шүүхэд маргаагүй тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй байсан болно.
2.12.Харин нэхэмжлэгч Т.******* нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай акт нь “Т.*******ын тэтгэврийг буруу тогтоож олгосон буруутай Улсын байцаагчаар төлүүлэх ёстой байхад Т.*******оор төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргаж байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /1994 оны/ -ийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын ажилтны алдаагаар буруу олгогдсон тэтгэвэр, тэтгэмжийг гэм буруутай албан тушаалтан хариуцна” гэж заажээ.
3.2.Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай акт нь:
а.Шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн гаргасан гэдгээ уг актдаа тодорхой бичсэн байна.
б.Маргаан бүхий захиргааны актад 1994 онд баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг баримталснаас үзвэл актын Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Тус дүүргийн 03 дугаар хорооны иргэн Т *******од илүү олгосон 4,746,685 төгрөгийг нийгмийн даатгалын санд буцаан төлүүлсүгэй” гэж заасан нь “Т.*******ыг уг төлбөрийг төлөх үүрэг хүлээлгэсэн” гэсэн шууд утгыг илэрхийлээгүй, ийм хууль зүйн үр дагавар үүсгэсэн байсан гэж үзэхгүй.
3.3.Ийнхүү Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын Улсын байцаагч нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай актыг гаргахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, Улсын Их Хурлаас 1994 онд баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг баримталсан нь хуульд нийцсэн байна.
3.4.Харин хуулийн энэ заалтыг хүчин төгөлдөр байхад маргаан бүхий захиргааны актаар буцаан төлүүлэхээр тогтоосон нийт 4,746,685.00 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч Т.******* маргахгүйгээр төлчихсөн үйл баримт тогтоогдсон ба энэ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай актын шууд үр дагавар биш буюу нэхэмжлэгч төлөхөөс татгалзаж, төлөхгүй байх эрхтэй байжээ.
3.5.Хуулийн заалт ийм байхад Т.*******ыг илүү олгосон 4,746,685 төгрөгийг нийгмийн даатгалын санд буцаан төлөхийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө захиргааны аливаа байгууллага, албан тушаалтнаас аливаа байдлаар шаардсан захиргааны үйлдэл байгаа бол энэ нь Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай актыг хуульд нийцүүлэн биелүүлээгүй захиргааны албан тушаалтны тусдаа үйлдэл буюу үйл ажиллагаа /акт/ юм.
3.6.Гэвч нэхэмжлэгч энэхүү дээр дурдсан захиргааны үйлдлийг нэхэмжлэлийг шаардлага болгож маргаагүй тул шүүх уг асуудлыг шийдвэрлэхгүй орхиж байна.
3.7.Улсын Их Хурлаас 2023 оны 07 сарын 07 өдөр баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Даатгуулагчийн үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэмжийг төлүүлэхээр нийгмийн даатгалын улсын байцаагчийн, эсхүл нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн актаар тогтоогдсон бол илүү авсан тэтгэмжийг даатгуулагчаар буцаан төлүүлэх буюу олгогдоогүй үлдсэн тэтгэмжээс суутган авна” гэжээ.
3.8.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /2023 оны/ хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн хугацаанаас хойш шүүхэд энэхүү маргааныг шийдвэрлэхэд уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг нь 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /1994 оны/ -ийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зарчмын хувьд бүрэн өөрчилсөн, ийм зохицуулалтыг хассан байна.
3.9.Иймд шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг хэрэглэн уг төлбөрийг “нийгмийн даатгалын байцаагч төлөх ёстой” гэсэн дүгнэлтийг хийж, шийдвэрлэх нь Т.*******ын тэтгэвэр тогтоосон нийгмийн даатгалын байцаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэсэнд тооцогдох тул ийнхүү шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
3.10.Нөгөө талаас нэхэмжлэгч Т.******* нь өөрийн авах ёсгүй тэтгэврийг, авах ёсгүй хугацаанд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөс авсан байгаа тул үүнийгээ буцаан төлөх нь шударга ёсны зарчмыг хөндөхгүй гэж дүгнэв.
3.11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Т.******* нийгмийн даатгалын байцаагчид хандахад түүнийг тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байна гэж зөвлөсөн учраас тэтгэвэрт гарах хүсэлтээ өгсөн, нийгмийн даатгалын байгууллага буруутай” гэж маргасан ч үүнийг нь нотлох баримт байхгүй байна.
3.12.Дээрх үндэслэлүүд болон нэхэмжлэгч Т.******* нь тэтгэвэр тогтоолгох нас, хугацаагаа болгоомжгүй, эсхүл буруу зөвлөгөө авсны с алдсан бол энэ нь маргаан бүхий актын с болоогүй гэдэг нь нотлогдсон тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Тав.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар:
5.1.Нэхэмжлэгч Т.******* нь маргаж байгаа актынхаа талаар ийнхүү 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр, эсхүл мөн оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар мэдсэн байсан бөгөөд тухайн үедээ актын талаар маргаагүй боловч өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн байна. //З индекстэй захиргааны хэргээс/
5.2.Мөн Т.*******ын энэхүү маргаж буй актыг эс зөвшөөрсөн гаргасан гомдлыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас хянаад 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0 дугаар албан бичгээр хариуг өгөхдөө гомдлыг хангаагүй хамт, шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлэхийг зааж өгснөөр нэхэмжлэгч Т.*******ыг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тасалдуулсан байгаа тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль /2023 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.*******ын гаргасан “Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ