| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Бавуу |
| Хэргийн индекс | 108/2017/0133/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2018-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Цэрэндалай,
хохирогч Т.Александр,
шүүгдэгч Ц.Цогтбаяр, Т.Александр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Борнуут овогт Туяагийн Александр, Цудаа овогт Цогнэмэхийн Цогтбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 93 дугаар магадлалтай эрүүгийн 1707002360055 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 7 гудамж 4 тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн ХЗ78112815, Борнууд овогт Туяагийн Александр
2. Монгол улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Увс аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн складын 1 гудамж 1 тоотод оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, регистрийн ОБ82050816, Цудаа овогт Цогнэмэхийн Цогтбаяр.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Т.Александр нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхай дээр ажиллаж байхдаа Ц.Майдартай уурхайн ам нийллээ, уурхайн амаа буруу ухлаа гэх шалтгаанаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Т.Цогтбаяр нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 17 цагийн орчимд Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрсний уурхай дээр ажиллаж байхдаа Т.Александрыг манай ах Ц.Майдарыг зодлоо гэх шалтгааны улмаас болж түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Александр нь Ц.Майдарыг уурхайн ам буруу ухлаа гэж 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, 35-р уклонд байрлах нүүрсний уурхайн гүнд 13 цагийн орчим маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 2-р шүдний талласан хугарал, уруулд зулгаралт гэмтэл, шүүгдэгч Ц.Цогтбаяр нь мөн өдрийн 17 цагийн орчим Т.Александрыг ах Ц.Майдарыг зодлоо гэх шалтгаанаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гуянд зулгаралтын ором бүхий гэмтэл тус тус учруулсан үйл явдал болсон байна.
Энэхүү үйл явдал нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цогтбаяр, Т.Александр нар нь мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Александрын өгсөн: “Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр танай уурхай манайх руу мурийж орж ирсэн байна гэхэд хохирогч манайд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд маргаан үүссэн. Гэрт ороод хэл амаа олъё гэсэн. Гэрээс гараад явж байхад хохирогч Ц.Майдар намайг “гараад ир, хээр гарч зодолдъё” гэж хэлэхээр нь би хохирогчийг дагаад явж байхад Ц.Цогтбаяр учрыг нь мэдээгүй байж, намайг цохисон. Би Ц.Майдартай хамт хээрт гарч ярилцаж, хэл амаа олсон. Хэд хоногийн дараа намайг цагдаагийн газар дээр дуудсан” гэх мэдүүлэг болон улсын яллагчийн судалсан:
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Майдарын өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би Налайх дүүргийн 3-р хороо 35-р уклонд байрлах нүүрсний уурхай дээрээ ажлаа хийж байтал манай хажуу талын Хуягаа, Амраа гэх хүмүүсийн амтай доогуураа мөргөлдсөн юм тэгэхээр нь бид нар зохицуулах гээд нөхөрлөлийн дарга Бадам, хажуу талын уурхайн эзэн Амраа, Хуягаа, Алагаа гээд залуу бид 5 уурхайн доор хэрхэн зохицохоо ярилцаад зэрэгцээд явж байтал Алагаа гэх залуу нь гэнэтхэн гараа саваад миний уруулыг цохисон ба миний үүдэн шүдний хажуу талын шүд хугарсан тэгээд би тэр залуутай барьцалдахад Амраа, Хуягаа нар салгасан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 7 дугаар хуудас/
Мөрдөн байцаалтад Ц.Цогтбаярын гэрчээр өгсөн: “16 цагийн үед уурхайн доороос гарч ирсэн ба гарч ирэхдээ Александр гэх залуу миний шүдийг хуга цохичихлоо гээд Александрын уурхайн гэрлүү очсон тэгээд дуудаад гараад ирэхээр нь учраа олъё машинд суу гэхэд үгүй гэхээр нь би түлхээд суулгах гэхэд эргээд миний зүүн хацарлуу цохисон тэгэхээр нь би зөрүүлээд нэг цохисон” мэдүүлэг,
/хх-ийн 19-20 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 499 дүгээр:
“1. Т.Александрын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гуянд зулгаралтын ором бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 27 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 479 дүгээр:
“1. З.Майдарын биед баруун дээд 2-р шүдний талласан хугарал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 5% нөлөөлнө.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт, /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйл баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч Т.Александр нь Ц.Майдарыг уурхайн ам буруу ухлаа гэж 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо, 35-р уклонд байрлах нүүрсний уурхайн гүнд 13 цагийн орчим маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 2-р шүдний талласан хугарал, уруулд зулгаралт гэмтэл, шүүгдэгч Ц.Цогтбаяр нь мөн өдрийн 17 цагийн орчим Т.Александрыг ах Ц.Майдарыг зодлоо гэх шалтгаанаар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун гуянд зулгаралтын ором бүхий гэмтэл тус тус учруулж Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Т.Александр, Ц.Цогтбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлэн яллаж байгаа нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Александр, Ц.Цогтбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж.
Шүүгдэгч Т.Александр, Ц.Цогтбаяр нарт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Борнуут овогт Туяагийн Александр, Цудаа овогт Цогнэмэхийн Цогтбаяр нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Александр, Ц.Цогтбаяр нарт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Александр, Ц.Цогтбаяр нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Александр, Ц.Цогтбаяр нарт мэдэгдсүгэй.
5. Т.Александр, Ц.Цогтбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар Т.Александр, Ц.Цогтбаяр нарт оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Александр, Ц.Цогтбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАВУУ