Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

 

 

 

 

 

 

 

 

         

          2024         03           11                                                           2024/ДШМ/23

 

 

 

 

Б.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.У

Шүүгдэгч Б.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Х

Нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн 2134001020310 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, У овгийн Б.Э, .......... аймгийн ............... суманд 1988 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .................. аймгийн ............... сумын .............. баг, ................ гэх газарт оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ Төв аймаг дахь Цагдаагийн газрын Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5385 нэгж буюу 5,385,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ..................... регистрийн дугаартай

2. Шүүгдэгч Б.Э нь Төв аймгийн Бүрэн сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Энх-Амгаланг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 75-20 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн бүртгэлийн 3-4313 дугаарын гомдлыг шалгаж шийдвэрлэхдээ албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Д.Энх-Амгаланд зөрчлийн хариуцлага хүлээлгэлгүй бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий Ө.Ганбилэгийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны бичсэн “илтгэх хуудас”-ыг устгаж, тухайн илтгэх хуудасны агуулгыг өөрчилж хуурамчаар үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тогтоол үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3. Анхан шатны шүүх: Шүүгдэгч У. овгийн ............. Б.Энхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг,

Мөн хуулийн тусгай ангийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” “гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,  

 Шүүгдэгч У. овогт Б.Э.-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5.7 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт  зааснаар  У.овгийн Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс тоолохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Төв аймгийн Сэргэлэн, Заамар, Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Э нь шүүхээс тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын урьдчилан цагдан хоригдсон 147 /зуун дөчин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний ял эдлэх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

4. Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/303 тоот шийтгэх тогтоол дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жил 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан мөртлөө 1 жил 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял гэж буруу бичигдсэн. Мөн нутаг дэвсгэр тогтоох хязгаарлалтын бүсийг Баян, Баян-Өнжүүл сум гэж тогтоосон атлаа Заамар, Сэргэлэн гэж буруу бичсэн.

2.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “хөнгөрүүлэх” нөхцөл байдал байна гэж үзсэн атлаа шийдвэрлэхдээ “хүндрүүлэх” нөхцөл байдал гэж үзсэн.

3.Улсын Ерөнхий прокурорын газраас хэргийг нэгтгэж шийдвэрлэж болно гэсэн. Гэтэл анхан шатны шүүх хүлээн авч үзээгүй.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагдаа Ө.Ганбилэгийн “Илтгэх хуудас” нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт биш. Учир нь давхар нотлох баримтаар нотлогдох ёстой. Жишээ нь согтуу авто машин барьсан гэх Г.Энх-Амгалан нь драйгер багаж үлээсэн байх бусад гэрчийн мэдүүлэг зэргээр нотолж байж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэх боломжтой.

5.Улсын яллагч Э.У нь миний хэргийг хянаж шийдвэрлэхдээ хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй. Мөн миний хувийн байдал болон ар гэрийн байдал, эрх зүйн байдлыг дордуулсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, ялыг өөрчилж торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шийтгэх тогтоол нь дараах байдлаар маш олон алдаатай бичигдсэн ба хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалтад 35 настай хүнийг 33 настай гэж, биеийн байцаалтад Төв аймаг дахь Цагдаагийн газрын Заамар сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаагаар ажилладаг гэж, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэсэгт 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 249 тоот шийтгэх тогтоолоор “...нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж гэж, 5385 нэгж буюу 5,385,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн бөгөөд хохирол нөхөн төлөгдсөн баримтаар...” гэж торгуулийн ялыг хохирол гэж тус тус буруу бичсэн. Шийтгэх тогтоолын 7 дугаар талд өмгөөлөгч миний хэлсэн хууль зүйн дүгнэлтийг орхигдуулж, өмгөөлөгч Ц.Хын үгийг намайг хэлсэн мэтээр бичсэн байна.

2. Шүүх хуралдааныг хаахаас өмнө миний үйлчлүүлэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Баян, Баян-Өнжүүл, Зуунмод гэж тогтоохоор шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолыг бичигдэн гарах үед эдгээр сумдыг өөрчилж Сэргэлэн, Заамар, Зуунмод сум гэж тогтоосон байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах бөгөөд энэ хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.

3.Би анхан шатны шүүх хуралдаан дээр өөрийн үйлчлүүлэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар мэтгэлцсэн. Мөн Б.Эыг ижил төрлийн хэрэгт 2 удаа ял шийтгэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа талаар аймгийн Прокурорын газар болон Улсын Ерөнхий Прокурорын газарт бичсэн ба гомдлын хариуг гарган өгч, өөрийн байр суурийг илэрхийлэн оролцсон. Үүнд:

Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тусад нь шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан тул нэгтгэн шийдвэрлүүлэх талаар мэтгэлцсэн боловч шүүх уг асуудлыг шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлэсэн нь буруу болсон гэж үзэж байна. Мөн өмнө нь прокурорт дараах агуулга бүхий хүсэлт, гомдлыг гаргаж Улсын Ерөнхий Прокурорын газраас анхан шатны шүүхийн шийдвэрийг харъя гэх утга бүхий хариуг шүүхэд гарган өгсөн.

Мөн нэг зүйл хэсгээр, 2 удаа ял шийтгэгдсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан, 1 гэмт хэргийг тус тусдаа гэмт хэрэг гэж үзээд байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Энэ нь хуульд заасан хэмжээнээс илүү ял шийтгэгдсэн тухай хэд хэдэн үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн прокурорын дүгнэлт бичүүлэхээр хүсэлт гаргаж байсан. Б.Эын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "гэмт хэргийн шинжгүй" гэх үндэслэлээр марган мэтгэлцсэн. Учир нь:

 Энэ зүйлд заасан хэргийг хянан шийдвэрлэхэд "хохирогч, гэрчээс гаргаж өгч байгаа мэдээллийг урьдчилан үнэлж, нотлох баримтаар тооцсон байх боломжгүй тул хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх нь гол шалгуур шинж байна" гэж үздэг.

Ө.Ганбилэгийн илтгэх хуудас нь тухайн зөрчлийг шийдвэрлэхэд "ач холбогдол бүхий нотлох баримт" биш юм. Илтгэх хуудас нь өөр баримтуудаар давхар нотлогдож байж тухайн баримтуудын хувьд эх сурвалж нь болох ёстой.

Ө.Ганбилэгийн илтгэх хуудсанд агуулагдсан мэдээлэл болох "согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон" гэх зөрчлийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг нотолсон баримт буюу согтуурлыг шалгах драйгер багаж үлээлгэсэн баримт, уг баримтаар согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон байх, тухайн этгээд зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар мэдүүлэг гэх мэт баримтаар давхар нотлогдсон байх ёстой.

Ингэж нотлогдсон тохиолдолд эсхүл эдгээр нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн тохиолдолд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, хуурамчаар үйлдсэн асуудал яригдах боломжтой болно.

Хэргийн материалаас харахад зөрчилд холбогдогч Д.Энх-Амгаланг тухайн үедээ драйгер багаж үлээлгэж согтуурлыг шалгасан баримт байхгүй, мөн зөрчилд холбогдогч нь машиндаа сууж байсан, тээврийн хэрэгсэл жолоодоогүй гэсэн тайлбар өгсөн байдаг. Дээрх илтгэх хуудас нь гэмт хэргийн талаарх мэдээлэл биш. Уг зөрчлийг шүүхээр шийдвэрлээгүй, илтгэх хуудас шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Гэтэл анхан шатны шүүхээс Б.Эын ижил төрлийн буюу үргэлжилсэн нэг гэмт хэргийг тус тусад нь шийдвэрлэж, нэг гэмт хэрэгт хоёр удаа ял шийтгүүлснээр эрх зүйн байдал нь дордож байна. Иймд тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/488 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

6. Прокурор Э.У тайлбар болон дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э нь Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8-т заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан болох нь цагдаагийн ерөнхий газрын даргын Б.Эыг ажилд авах тухай тогтоолоор нотлогдон тогтоогдсон. Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг зөрчлийн нотлох баримт” гэж,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “зөрчлийн нотлох баримт нь бичмэл болон баримт бичиг хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл болон бусад баримт бичгээр тогтоогдоно” гэж тус тус хуульчилсан байдаг.  Дээрх хуульд зааснаар зөрчил шалгах ажиллагааны явцад цагдаа Ө.Ганбилэгийн бичсэн илтгэх хуудас нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтад хамаарна. Шүүгдэгч Б.Э нь уг илтгэх хуудсыг өөрчилсөн. Зөрчилд холбогдогч н.Энх-Амгаланд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шийтгэл оногдуулах арга хэмжээг хэрэгжүүлээгүй. Өөрийн эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдогчид давуу байдал бий болгон зохих шийтгэл хүлээлгэхгүй шийтгэлийг завшуулсан байдал нотлогдон тогтоогдсон. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 68.4 дүгээр зүйлд “Цагдаагийн алба хаагч үйл ажиллагаандаа тэмдэглэл, илтгэх хуудас бичих, гар зураг үйлдэх, гэрэл зураг авах, дууны-дүрсний бичлэг хийх болон бусад арга хэрэглэнэ.” гэж заасан. Дээрх эрх хэмжээнийхээ хүрээнд Бүрэн сумын цагдаа Ө.Ганбилэг нь гэмт хэргийн зөрчил илрүүлэх ажиллагааны явцад илтгэх хуудаст бичсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Б.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох хангалттай нотлогдон тогтоогдсон. Б.Эын зүгээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж гомдолдоо дурдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс бусад орлого боломжийг харгалзан торгох ял оногдуулж болно” гэж заасан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Эын зүгээс цалин орлого олдог гэсэн нотлох баримтыг хангалттай гаргаж өгөөгүй учраас шүүхээс оногдуулсан хорих ял нь хуульд нийцсэн. Анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны  өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолын 4, 6 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Х тайлбар болон саналдаа: Нотлох баримтыг устгасан, өөрчилсөн гэдэг зүйл анги дээр Б.Э маргадаггүй. Харин түүнд хорих ял оногдуулсанд маргаж байна. Хэрэг шийдэгдсэнээс хойш 8 сар цагдан хоригдсон. Үлдсэн ялыг торгуулийн ял болгож өгнө үү. Цалин хөлстэй холбоотой баримтуудыг анхан шатны шүүх дээр гаргаж өгөөгүй. Гэхдээ төлбөр тооцоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар доод хэмжээгээр торгох шийтгэх оногдуулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Э, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц хуульд тухайлан заасан ноцтой зөрчлүүд илрээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

Мөн шүүхээс гаргаж буй эрх зүйн акт, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй бичигдсэн байх ёстой.

Өөрөөр хэлбэл, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдох боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх үндэслэлд энэ хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлүүд хамаарах юм.

2. Гуравдугаар хавтаст хэргийн 105-114 дүгээр хуудсанд авагдсан Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 488 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгээс үзвэл, шүүгдэгч Б.Эын өмгөөлөгчөөр Ц.Х, Б.Б нар оролцсон байх ба өмгөөлөгч нарын тайлбар, санал бичигдсэн байна. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоолд өмгөөлөгч Ц.Хын нэр бичигдээгүй, өмгөөлөгч нарын саналыг тусгалгүй орхигдуулсан байхаас гадна 7 дугаар хуудсанд бичигдсэн “...Б.Э нь өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас Б.Эыг төрийн төлөө арван хэдэн жил яаж зүтгэснийг нь харж үзээсэй. Яг ийм чигээрээ 18 жил зүтгээгүй. Байгууллагын аварга болж байсан түүхүүд бий өмгөөлөгчийн хувьд Б.Эад ялыг оногдуулахдаа хамгийн доод хэмжээгээр торгох ял шийтгэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх саналыг өмгөөлөгч нар огт хэлээгүй байна.

Энэ нь шийдвэрийн удиртгал болон тодорхойлох хэсэгт заавал тусгах журмыг зөрчсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан ноцтой зөрчилд тооцогдож байна.

3. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 488 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Төв аймгийн Зуунмод, Баян-Өнжүүл, Баян сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай” гэж уншиж сонсгосон атлаа гардуулсан шийтгэх тогтоол болон тэмдэглэлд 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Төв аймгийн Сэргэлэн, Заамар, Зуунмод сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай...” гэж зөрүүтэй бичсэн нь шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдсон.

4. Мөн шийтгэх тогтоолын 6 дахь заалтаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тогтоосон мөртлөө уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл нь тодорхойгүй байна.

Үүнээс гадна шүүгдэгч Б.Эад урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 249 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5385 нэгж буюу 5,385,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлснээс торгуулийн ял биелэгдсэн, нэмэгдэл ялын хугацаа дуусгавар болоогүй байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулахдаа нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь хэрхэн яаж, эдлүүлэх талаар дүгнэлт хийгээгүй, дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялтай нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчлүүд тогтоогдож байна.

Иймд шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

5. Давж заалдах шатны шүүх энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдав.

6. Шүүгдэгч Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хэвээр үлдээв.

7. Уг шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт 1988 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төрсөн шүүгдэгч Б.Эын биеийн байцаалтыг 33 настай гэж, хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн газрын Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан гэж байгууллагын нэрийг буруу бичсэн байгааг тэмдэглэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/488 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    

 

 

                  ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      М.МӨНХДАВАА

                                                       ШҮҮГЧИД                     З.ТӨМӨРХҮҮ

                                                                                              З.ТҮВШИНТӨГС