Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/012

 

 

 

*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Оюунбат

Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******/ цахимаар/,  түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, хянан шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/238 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Аймгийн ерөнхий прокурор *******гийн бичсэн эсэргүүцэл, хохирогч *******ы гаргасан давж заалдах гомдлоор  *******т холбогдох эрүүгийн 2314000000234 дугаар хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн. ....... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй. урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт *******ийн ******* /РД:/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Дэлгэрэх 1 дүгээр гудамж буюу “Буянт богд” үйлчилгээний төвийн 112-2-62 тоот 5.95 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай лангууг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж худалдах. худалдан авах гэрээг байгуулж. хохирогч *******ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч  *******д 16.000.000 төгрөгийн хохирол учруулж  залилсан  гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч  ******* ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2314000000234 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******ийг цагаатгаж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3-д зааснаар хэрэгт Y-0320006177 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хэрэгт хохирогч *******аас гаргаж өгсөн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Аймгийн ерөнхий прокурор ******* тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

...Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг, Дэлгэрэх 1 дүгээр гудамж буюу “Буянт богд” үйлчилгээний төвийн 112-2-62 тоот 5.95 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай лангууг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, худалдах-худалдан авах гэрээг байгуулж, хохирогч *******ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, *******д 16,000,000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогдсон.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн *******ийн *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч *******ы 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн:

“...Миний бие Баянхонгор аймгийн Дэлгэрэх захад байрлах Буянт богд худалдааны төв 2 давхарт 62 тоот үйлчилгээний лангууг анх баригдсан цагаас нь захиалгаар эзэмшиж ашиглан гэрчилгээг гаргуулан аван үйл ажиллагаа явуулж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд *******ийн ******* гэх эмэгтэй түрээслэхээр болоод гэрээ хийж түрээсэлж эхэлсэн би түүнд түрээслэхдээ сарын 150,000 төгрөгөөр түрээсэлсэн тэгэхдээ түүний зарж байсан бараанаас 2 хос гутал нийт 350,000 төгрөгт бодоод үлдсэн мөнгийг нь өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Надаас анх түрээсэлж авахдаа мөнгө бүтвэл танай лангууг авчихмаар байна муу хүүхэдтэй түүндээ нэг үл хөдлөх хөрөнгөтэй болгомоор байна эхний ээлжид 6 сар түрээсэлье гээд түрээсэлсэн. Тэгээд би анх лангуугаа түрээслэхдээ зарна, түрээсэлнэ гэсэн зар байрлуулсан байсан. Тэгээд 7 дугаар сарын 17, 18 үед хугацаа дуусах үеэр би ******* рүү яриад түрээсийн хугацаа чинь дуусаж байна ах нь нэг хүн худалдаж авахаар байгаа хүнд лангуугаа үзүүлэхээр байна хэрэв авахаар болбол гялс суллаж өгөх үү аль эсвэл чи авна гээд байсан юу болж байгаа бэ гэхэд дүү нь тантай ярих юм байна танай лангууг авъя, тэгэхээр нь би ганцаараа шийдэхгүй эхнэртэйгээ ярилцана гээд хэлсэн.

Тэгсэн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өглөө над руу залгаад манай гэрт хүрээд ирсэн тэгээд уулзалдаад эхнэр бид хоёроос та хоёроосоо гуйх гэж яваа юм дүү нь танай лангууг худалдаж авъя гэж бодлоо гэж хэлсэн тэгэхээр нь чи түрээсэлж байсан юм байна ах нь 18 сая төгрөгөөр авч байсан чи 16 сая төгрөгөөр ав ах нь хотод байрны захилга өгсөн мөнгө хэрэгтэй байна урьдчилгаа мөнгө өгчих гээд хэлсэн тэгтэл одоогоор мөнгө байхгүй ирэх 7 хоногт ямар ч байсан хүнээс хэдэн төгрөг авах ёстой тал хагасыг нь янзлаад өгье үлдсэнийг нь банкнаас зээл авах гэж хөөцөлдөж байгаа юм та миний нэр дээр гэрчилгээгээ шилжүүлээд өгчих би банкнаас үл хөдлөх хөрөнгөө ахиу тавиад мөнгө аваад та хоёрын мөнгийг өгье миний үл хөдлөх зээл авахаар багадаад байна би найдвартай ахаа гээд байсан. Тэгэхээр нь би түүнд итгээд за тэгвэл чамд итгээд гэрчилгээгээ шилжүүлээд өгье гэрчилгээ хийхтэй холбоотой зардлыг өөрөө гаргаарай гэтэл тэгье гэсэн тэгээд худалдах, худалдан авах гэрээ хийе гэтэл мөнгө байхгүй гэхээр нь чамд итгэлээ шүү гэж хэлээд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлж өгсөн. Тэр үед нотариатын зүгээс та хоёр мөнгө төгрөгөө өгч авалцаад болсон юм уу гээд асуухаар нь би наад дүү чинь банкны барьцаанд тавиад зээл гаргаад ирэх долоо хоногт өгнө гэсэн найдвартай гэж гуйгаад байгаа юм найдвартай юм гэсэн тэгээд би шилжүүлж өгчхөөд хот руу яваад өгсөн. Тэгээд хотод очоод 7 хоногийн дараа *******ийн 88144463 дугаарт дахин, дахин залгаж байж нэг авсан тэгээд яав гэтэл ахаа зээл хойшлогдсон сарын сүүл болсон байна та тодорхой хугацаагаар 8 дугаар сарын 01 хүртэл хүлээх нь гэсэн тэгэхээр нь за чи хүн алчхав хүүхдүүдийн байр сав гээд хотод байна шүү гэтэл ахаа найдвартай гэсэн тэгээд түүнээс хойш миний утсыг авахаа байсан тэгэхээр нь эхнэрийг залгаад нэхээд байгаарай гээд байдаг байсан мессеж бичихээр хариу бичдэг байсан гэсэн.

Тэгээд би барахаа байгаад 2023 он 8 дугаар сарын 28-нд хотоос ирээд *******ийг хайж эхэлсэн тэгээд явж байтал манай эхнэр нөгөө хүүхэн чинь 2 дугаар сургууль дээр багш нарын сонгон шалгаруулалтад ороод явж байна гялс хүрээд ир гэсэн тухайн өдөр 8 дугаар сарын 30-ны өдөр байсан 11 цагийн алдад тэгээд сургууль дээр очоод уулзаад яагаад худлаа яриад алга болчхов хамаг ажил дуусчихлаа чи ямар арчаагүй юм бэ гэтэл урдаас юун та нарын мөнгөтэй, төгрөгтэй тэндээ юу өгөхгүй байсан ч яадгийн гэсэн тэгэхээр нь сар гаран хүлээлээ гэтэл жил ч хүлээдгийн гээд, цагдаа шүүхээрээ яваарай гээд хэл амаар доромжлоод эхэлсэн тэгээд маргалдаад би цагдаа руу дуудлага өгсөн тэгээд шалгалтад орох цаг болчихлоо гээд шалгалт руугаа яваад орсон тэгээд би хүлээгээд үлдсэн тэр хооронд цагдаа ирчхээд хүлээж байгаад дуудлага гарлаа гээд яваад өгсөн тэгээд 14 цаг өнгөрч байгаад гараад ирсэн тэгээд мөнгөө хэзээ хийхийн хугацаа тогтооё гэрээ хийе гээд нотариат орсон гэрээ хийх гэтэл нотариатаас 2 тал харилцан зөвшилцөлд хүрч байж гэрээ хийнэ шүү гэхээр нь би энэ хүн хэлсэн ярьсандаа мөнгөө өгч чадахгүй байна гээд хэлтэл ******* та намайг олон хүний дунд ичгэвтэр байдалд орууллаа гэрээ хийхгүй чадахгүй та нар дарамталж байгаа юм биш үү миний мөнгө төгрөг яах билээ гэхээр нь юу мөнгө гэтэл би Баднаа ахад бэлэн 5 сая төгрөг өгсөн гэж ямар ч хувиралгүй худал хэлсэн тэгэхээр нь би хаана яаж хэзээ 5 сая төгрөг өгчхөв гээд тэрнээсээ болоод хэрэлдээд цагдаа оръё гээд шууд цагдаа дээр ирсэн. Тэгээд ерөөсөө бүтэхгүй юм байна гээд өргөдлөө гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-76/,

Хохирогч *******ы 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:

“...*******тэй тухайн үл хөдлөх хөрөнгийг 16 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон тэгээд миний гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваад банканд барьцаанд тавиад зээл гарангуут өгөхөөр болсон. Өмнө нь түрээслүүлж байсан болохоор итгээд нэрээ шилжүүлж өгсөн. Түүнээс нэг ч төгрөг аваагүй. Харин нотариат дээр очиход ******* нь өндөр дүнтэй худалдан авах гэрээ хийхээр өндөр татвар төлөх гээд байна бага дүнгээр хийчих үү гэхэд нь чи найдвартай бол болох талаар нь өөрөө шийд чи харин битгий худлаа хэлээрэй гэж хэлээд гэрээн дээр нь гар үсэг зурсан үнийн дүнг 5 сая төгрөгөөр хийсэн тэгээд тэнд хийсэн гэрээгээ авчхаад татвар дээрх очиход нэг нь байхад болно гэхээр нь *******ийг үлдээчхээд яваад өгсөн. Надад хэлэхдээ ахаа би банкнаас зээл хөөцөлдөөд байгаа юм миний барьцаа хөрөнгө багадаад байна би таны лангууг 6 сар түрээсэлсэн юм чинь та зарахын бол би авчихъя дүүд нь одоогоор мөнгө байхгүй ирэх долоо хоногт 7-8 сая төгрөгийг зохицуулаад өгнө гэсэн тэгэхээр нь би удаахгүй өгөөрэй 2023 оны 8 дугаар сарын 20 гэхэд өгчхөөрэй ах нь хотод байр захиалж байгаа шүү гэсэн тэгтэл үлдэгдэл мөнгийг дүү нь найдвартай зээл гарангуут өгнө гэсэн тэгээд итгээд өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/,

- Хохирогч *******ы 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:

“...Ийм зүйл ерөөсөө болоогүй ******* нь нь худлаа ярьж байна тухайн 2023 оны 7 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд түүнтэй тааралдах нь битгий хэл утсаар яриагүй банк руу ч хамт яваагүй яагаад гэвэл өмнөх түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байсан. 2023 оны 7 дугаар сарын 18-ны үед түүнтэй ярьсан санагдаж байна тэгэхдээ би түрээсийн гэрээний хугацаа дуусаж байна “хугацаагаа сунгах юм уу” “лангууг суллаж өгөх юм уу” хүн авна гээд ярьсан байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд 2023 оны 7 дугаар сарын 19-нд манай хүүхдийн гуйлга ирсэн байхад ******* нь над руу залгаад тантай уулзъя дүү нь таны лангууг худалдаж авмаар байна ярих юм байна гэхээр нь ах нь хүүхдийн гуйлга ирсэн байна ажилтай байна маргааш яриарай гэж хэлээд салгасан. Тийм зүйл байхгүй *******т хүнд өгөх 5 сая төгрөг ч байхгүй яагаад гэвэл тухайн Буянт богдоос өмнө нь түрээсээ ч өгч чадаагүй хөөгдөөд гарсан гэж хавь ойрынх нь хэлдэг. Надад өгсөн гээд байгаа 5 сая төгрөгийнхөө баримтыг гаргаад ир гэмээр байна...” гэсэн мэдүүлэг/хх-81-82 х/,

- Гэрч гийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:

“...*******ийн манай банканд хүсэлт гаргасан хугацааг нь яг сайн санахгүй байна багцаагаар 2023 оны 7 дугаар сарын 25-ны үед байх эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих 1,55 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай 15 сая төгрөгийн зээл хүссэн байдаг. Ингэж хүсэхдээ өөрийн нэр дээрх Баянхонгор сумын 1 дүгээр баг Номгон Дэлгэрэх 1 дүгээр гудамж 112-2-62 тоот 5,95 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай Ү0320006177 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаалан 15,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр манайхаас гаргуулан авсан. Одоо төлөлт хэвийн сарын төлөлт 546,000 төгрөгөөр хийгддэг. Надад хэлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан талаараа хэлж байсан өөр зүйл хэлээгүй. ******* нь 5,95 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай Ү0320006177 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дангаар нь барьцаалан шинээр 15,000,000 төгрөгийн зээлийг авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93/,

- Иргэний нэхэмжлэгч гийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн:

“...Иргэн *******ийн зээлийн талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан байгаа. Товчхондоо ******* нь манай банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авахаар 2023 оны 7 дугаар сарын 26-нд манайд өргөдөл өгөөд барьцаанд Баянхонгор сумын 1-р баг Номгон дэлгэрэхийн 1 гудамж 112/2-62 тоот хаягт байршилтай 5.95 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай Ү-0320006177 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тавьж уг зээлийн хүсэлтийг нь би судлаад түүний өргөдөлд бичсэн 15 сая төгрөгийн зээлийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хийж мөнгийг өөрийнх нь 5032373388 тоот дансанд шилжүүлсэн тухайн зээл нь 1.55 хувь буюу жилийн 18.6 хувийн хүүтэй зээл байгаа юм. Зээл авснаас хойш 2023 оны 8 дугаар сард 1 удаа төлөлт хийсэн түүнээс хойш төлөлт хийгдээгүй 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрэлтэд орсон одоо хүртэл зээлийн төлөлтийг хийгээгүй байгаа. *******т холбогдож зээлээ төлөх талаар мэдэгдэхэд урдаас бизнесийн үйл ажиллагаа зогссон лангуугаа буулгасан одоохондоо орлого байхгүй гэдэг тэгээд энэ сарын буюу 10 дугаар сарын 05-07-ний дахин зээл авмаар байна ямар төрлийн зээл гарах боломжтой байна гэж орж ирсэн тэгэхээр нь өмнөх зээл чинь хугацаа хэтрэлтэд орсон байхад яаж зээл авах гээд байгаа юм бэ гэтэл юм хэлээгүй гараад явсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 88-89/,

- Гэрч ын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн:

“...Эд хөрөнгийн маргаан байгаа эсэхийг асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хийж баталгаажуулж өгсөн. Тэгээд тэр хоёр гэрээгээ аваад гарах үед нь би тэр хоёроос бататгаж өглөг, авлага дууссан юм байгаа биз дээ гэхэд Баднааванчины зүгээс өмнө нь түрээсэлж байсан манай энэ дүү найдвартай удахгүй өгч авалцах юм байгаа гээд итгэлтэй хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-95-96/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2 х/, Үл хөдлөх, эд хөрөнгийн түрээсийн гэрээ /хх-4-5 х/, Зээлийн гэрээ /хх-8-19 х/, Хаан банкны 5032373388 тоот дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-29-30, 35-36/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд ******* нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон байхад яллах талын нотлох баримтуудыг ямар байдлаар үгүйсгэж, няцааж байгаа талаар дүгнэлтийг өгч чадаагүй, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй болно.

Тухайлбал шүүхийн цагаатгах тогтоолын Тодорхойлох хэсэгт “...дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ” гэсэн атлаа мөн Тодорхойлох хэсэгтээ: “....шүүгдэгч *******ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах нотлох баримт хүрээлцээтэй бус буюу нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жиших үед эргэлзээ төрж байх тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заалтад зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. Тухайлбал: Улсын яллагчаас яллах талын хууль зүйн дүгнэлт хийж ярьсан дүгнэлтийг, хохирогч өмгөөлөгч болон мөн цагаатгах талын нотлох баримтын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэн дүгнэлт зэргийг цагаатгах тогтоолд хэрхэн авч үзсэн нь тодорхойгүй, хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн талаар: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” болох нь Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт 2 дахь заалтад “******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, ...нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох”, мөн зүйлийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтыг үндэслэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмсыг үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Шүүгдэгч ******* нь нь хохирогчоос үл хөдлөх хөрөнгийг нь худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан ба хохирогч ******* нь шилжүүлэх болсон үндэслэл нь өмнө нь 6 сарын хугацаанд тус үл хөдлөх хөрөнгийг шүүгдэгч түрээсэлж байсан нь итгэл хүлээлгэх үндэслэл болсон, мөн шүүгдэгч ******* нь тус үл хөдлөх эд хөрөнгийг Хаан банкны барьцаанд шилжүүлэн 15,000,000 төгрөгийн зээл авсан атлаа энэ талаар хохирогчид мэдэгдэлгүй нууж, харилцан тохиролцсон дүн болох 16,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй болох нь тогтоогддог юм. Улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******д 5,000,000 төгрөгийг бэлнээр гэрээний үнийн дүн болгож өгсөн гэж мэдүүлдэг ба мөрдөгчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримтуудаар дээрх асуудал нь няцаагдаж, тогтоогдоогүй болно.

Үүнээс үзэхэд нь Залилах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул бусдыг хуурч, итгэлийг эвдэх аргаар залилан мэхэлсэн гэж дүгнэх үндэслэлтэй байх ба Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийлгүй, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/242 дугаартай “Шүүхийн цагаатгах тогтоол”-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг гэм буруугийн шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогч Д.Баднааванчин тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Хохирогч ******* миний бие Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.27-ны өдрийн 242 дугаартай шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн цагаатгах тогтоолыг 2023.12.14-ний өдөр гардан авсан болно.

Тус цагаатгах тогтоолоор шүүгдэгч *******ийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт 2023.07.20-ны өдрийн 0633 дугаартай худалдах худалдан авах гэрээг дүгнэхдээ иргэний хуулийн зургаадугаар бүлэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй юм гээд хохирогчийг гэрээний гол нөхцөл болох төлбөрөө бүрэн авсан байх асуудал нь тухай хүний өөрийн хүсэл зориг юм гэж дүгнэж, мөн шүүгдэгч ******* нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар үүргээ биелүүлээгүй гэж үзэж, түүнийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж худалдах, худалдан авах гэрээг байгуулж залилан мэхэлсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байна гэж дүгнэсэн нь дараах нотлох баримт болон , гэрч, хохирогч нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч г.*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтыг шатанд мэдүүлэхдээ

“...би тухайн үед Мазаалай парк дээр ТҮЦ ажиллуулж байсан надад бэлэн 3 сая төгрөг байсан АТМ-с 2 сая төгрөг аваад аваад түүнд бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ

“... би *******д лангууд худалдан авсан урьдчилгаанд 5 сая төгрөг бэлнээр өгсөн гэдэг нь худлаа, лангууны гэрчилгээг одоо гараад шилжүүлж өгнө...” гэх мэдүүлэг,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“... Тэгээд тэр хоёр гэрээгээ аваад гарах үед би тэр хоёроос бататгаж өглөг, авлага дууссан юм байгаа биз дээ гэхэд Баднааванчины зүгээс өмнө нь түрээсэлж байсан манай энэ дүү найдвартай удахгүй өгч авалцах юм байгаа гээд итгэлтэй хэлээд гараад явсан...” гэх мэдүүлгүүдээс үзвэл шүүгдэгч ******* нь зөрүүтэй мэдүүлэг өгсөн хохирогчийн эд хөрөнгийг урьд өмнө нь түрээсэлж байсан харилцааг ашиглаж хохирогчийн эд хөрөнгө болох лангууг худалдаж авах нэрийдлээр гэрээ байгуулан эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгө, түүний эрхийг шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагдана. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн лангууны өмчлөх эрхийг буцаан өгөхөө илэрхийлж мэдүүлсэн боловч өнөөдрийг хүртэл буцааж өмчлөх эрхийг шилжүүлээгүй байгаа уг эд хөрөнгийг хохирогчид буцаан өгөх болон хариу төлбөр хийх ямар ч зорилгогүй байсан, тус гэмт хэргийг хийхээр анхнаасаа төлөвлөсөн, түүндээ хүрсэн, хэрэгжүүлсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангаж байна. Энэ үйлдэл нь одоо ч үргэлжилж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.27-ны өдрийн 242 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж, хохирлыг барагдуулж өгнө үү  гэжээ.

Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

11 сараас хойш нэг ч төлөлт хийгээгүй. Иргэний эрх зүйн хэрэг биш. Дээд шүүхээр шийдэгдсэн кэйс байгаа тул эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

242 цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх   Аймгийн ерөнхий прокурор  *******гийн бичсэн эсэргүүцэл, хохирогч *******ы гаргасан давж заалдах гомдолд тус тус үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч *******ийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Дэлгэрэх 1 дүгээр гудамж буюу “Буянт богд” үйлчилгээний төвийн 112-2-62 тоот 5.95 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай лангууг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж худалдах. худалдан авах гэрээг байгуулж. хохирогч *******ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч  *******д 16.000.000 төгрөгийн хохирол учруулж  залилсан  гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд хэргийг  гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь   хуулийн үндэслэлтэй, зөв байна.

Учир нь;

1. Шүүгдэгч ******* нь хохирогч  *******ы өмчлөлийн  Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Буянтбогд” худалдааны төв дэх лангуу буюу 5.95 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нь   түрээслэн ашиглаж байсан,   2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр  *******аас 5000 000 төгрөгөөр  худалдан авч   үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан талаарх  түрээсийн гэрээ,  гэрээний үнэн зөвийг нотариатч батлан гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна./ хэргийн 4,19-20,43-45 дугаар тал/

2. хохирогч ******* нь дээрх 5.95 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 14 875 000 захиалан бариулж байсан талаарх худалдаа, үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ хэрэгт авагджээ./хэргийн 49-53 дугаар тал/

3. “.... *******тэй тухайн үл хөдлөх хөрөнгийг 16 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон тэгээд миний гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж аваад банканд барьцаанд тавиад зээл гарангуут өгөхөөр болсон. Өмнө нь түрээслүүлж байсан болохоор итгээд нэрээ шилжүүлж өгсөн. Түүнээс нэг ч төгрөг аваагүй. Харин нотариат дээр очиход ******* нь өндөр дүнтэй худалдан авах гэрээ хийхээр өндөр татвар төлөх гээд байна бага дүнгээр хийчих үү гэхэд нь чи найдвартай бол болох талаар нь өөрөө шийд чи харин битгий худлаа хэлээрэй гэж хэлээд гэрээн дээр нь гар үсэг зурсан үнийн дүнг 5 сая төгрөгөөр хийсэн тэгээд тэнд хийсэн гэрээгээ авчхаад татвар дээрх очиход нэг нь байхад болно гэхээр нь *******ийг үлдээчхээд яваад өгсөн...”

“...мөнгө байхгүй ирэх долоо хоногт 7-8 сая төгрөгийг зохицуулаад өгнө гэсэн тэгэхээр нь би удаахгүй өгөөрэй 2023 оны 8 дугаар сарын 20 гэхэд өгчхөөрэй ах нь хотод байр захиалж байгаа шүү гэсэн тэгтэл үлдэгдэл мөнгийг дүү нь найдвартай зээл гарангуут өгнө гэсэн тэгээд итгээд өгсөн.  гэх хохирогч *******ы,

“.... 5.000.000 төгрөгт лангууг чинь авчихмаар байна. 11.12 дугаар сард төлбөрөө бөөнд нь өгчихье гэж хэлсэн. Тэгсэн Баднааванчин ах “за тэг тэг” ахын дүү гэж хэлээд бид н.Эрдэнэханд эгчийн нотариат дээр очиж худалдан худалдан авах гэрээгээ хийсэн. ...түүнээс хойш байнга мөнгө авъя гэж залгаж. 5.000.000 төгрөг дээр нэмээд 7.000.0000 төгрөг олоод өг гэж хэлдэг болсон...”,

“...Баднааванчин ах надад лангуугаа 16.000.000 төгрөгөөр үнэлсэн. Харин эхнэр нь 18.000.000 төгрөгөөр үнэлсэн гэж хэлж байсан.. Би лангууг худалдан авах 5.000.000 төгрөгийг өгөхөд бэлэн байна. Лангууг 16.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоогүй. Би лангууны гэрчилгээг барьцаанд тавьж зээл авчихсан.. 9 дүгээр сард лангууг нь суллаж өгсөн...” гэх шүүгдэгч *******ийн мэдүүлэг,

******* нь манай банкнаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл авахаар 2023 оны 7 дугаар сарын 26-нд манайд өргөдөл өгөөд барьцаанд Баянхонгор сумын 1-р баг Номгон дэлгэрэхийн 1 гудамж 112/2-62 тоот хаягт байршилтай 5.95 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай Ү-0320006177 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тавьж уг зээлийн хүсэлтийг нь би судлаад түүний өргөдөлд бичсэн 15 сая төгрөгийн зээлийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээ хийж мөнгийг өөрийнх нь 5032373388 тоот дансанд шилжүүлсэн тухайн зээл нь 1.55 хувь буюу жилийн 18.6 хувийн хүүтэй зээл байгаа юм...” гэх гэрч  гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаас үзэхэд  *******, ******* нарын хооронд  иргэний эрх зүйн  харилцаа  явагдсан байна гэж үзнэ.

4. Энэ талаар анхан шатны шүүх  эрх зүйн дүгнэлтийг хийхдээ дээрх үндэслэл нөхцөл байдал болон хавтаст хэргийн 43-45 дугаар талд авагдсан гэрээ бусад нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр иргэн *******тай Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Дэлгэрэх 1 дүгээр гудамж буюу “Буянт богд” үйлчилгээний төвийн 112-2-62 тоот 5.95 мкв худалдаа үйлчилгээний зориулалттай лангууг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж худалдах. худалдан авах гэрээг байгуулж. хохирогч *******ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч. *******д 16.000.000 төгрөгийн хохирол учруулж. залилсан” гэх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй хоёр талын харилцан тохирсон гэрээний үндсэн дээр явагдсан иргэний эрх зүйн үйлдэл” гэж дүгнэж уг хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч *******ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

5. Шүүгдэгч ******* нь   түрээсийн гэрээний  дагуу маргааны зүйл болох лангууг  түрээслэн ашиглаж байгаад улмаар өмчлөгч  ******* нар нь  уг лангууг  худалдаж худалдан авах талаар  харилцан ярилцаж байсан харин үнийн талаар харилцан тохиролцоогүй үедээ 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр  *******ы 5000 000 төгрөгөөр  худалдан авч   үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан талаарх  худалдах худалдан авах гэрээг бичгээр хийж    гарын үсгээ  тус тус зурж, гэрээний үнэн зөвийг нотариатчаар  батлан гэрчлүүлжээ.

 6.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан залилах гэмт хэрэг  нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруугийн үйлдэл болохынхоо хувьд хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах. Эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар үйлдэгддэг бөгөөд ингэхдээ хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн  дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авсан үйлдлээр илэрдэг.

7. Шүүгдэгч ******* нь маргааны зүйл болох лангууг буцааж өгөхгүй, хариу төлбөр  огт хийхгүй эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго  тухайн лангууг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авахаас   өмнө бий болжээ гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

8. Хохирогч ******* нь дээрх 5.95 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 14 875 000 захиалан бариулж байсан талаарх худалдаа, үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ болон түүний мэдүүлгүүдээр  хохирогч ******* нь  /хэргийн 49-53 дугаар тал/ уг лангуугаа  14 875 000 төгрөгөөр бариулсан бөгөөд ийм хэмжээний  хөрөнгө зарцуулсан гэдгээ мэдэж байсан болон зах зээлийн үнийн талаар мэдсээр байж 5000 000 төгрөгөөр худалдан авсан мэтээр гэрээ байгуулан гарын үсгээ зурж гэрээний үнэн зөвийг нотариатчаар  батлан гэрчлүүлсэн  зэрэг байдлаас  дүгнэлт хийхэд   шүүгдэгч ******* нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 14 875 000 захиалан бариулсан болон зах зээлийн үнийг нь мэдэх   боломжгүй, хохирогч ******* нь мэдэж байсан тул залилан  мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

9. Шүүгдэгч ******* нь  лангуу болон өмчлөх эрхийг нь өөртөө олж авах санаа зорилго агуулж, түүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийж хохирогч *******г хуурч мэхлэн, итгэлийг нь эвдсэн ямар нэгэн үйлдэл хийгээгүй харин дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрх шилжиж  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эрх бүхий байгууллага бүртгэснээр  өмчлөх эрх шилждэг үр дагаврыг  хохирогч *******  мэдсээр байж оролцож гарын үсгээ зурсан байдлаар илэрч байгаа нь  Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан хэлцлээс үүссэн маргаан байх ба шунахай сэдэлт, хуурч мэхлэх, итгэл эвдэх санаа зорилго тогтоогдоогүй байна.

10. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо  мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 2, 36.4 дүгээр зүйлийн 2-т тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг нь анхааралгүй орхигдуулжээ.

11. Аймгийн Ерөнхий Прокурорын бичсэн  эсэргүүцэл болон хохирогч *******ы гомдол нь дээрх үндэслэлүүдээр үгүйсгэгдсэн харин Прокурорын “...Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт 2 дахь заалтад “******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, ...нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох”, мөн зүйлийн 2.2 дахь заалтад “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох” гэсэн заалтыг үндэслэж шийдвэрлэх...” гэх хэсгийг хүлээн авч хуульд нийцүүлэн  цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/238 дугаар цагаатгах тогтоолын  2 дахь заалтад

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай” гэснийг”

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2, 36.4 дүгээр зүйлийн 2-т тус тус зааснаар *******ы нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг нь дурдсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ,

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ