Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 101

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган улсын яллагч С.Алтай, шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Д.Н холбогдох эрүүгийн 1821000000094 дугаартай хэргийг 2018 оны 4 сарын 04-ний өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1980 оны 12 сарын 05-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаанхудагийн 3-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЭ регистрийн дугаартай, Боржин овогт Д  Н.

Шүүгдэгч Д.Нармандах нь 2018 оны 3 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанхудагийн ......тоотод иргэн С.С  маргалдан улмаар зодож, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний салстын доорхи цус харвалт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Н  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч С.С мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг караокед дуулж байхад хажуу ширээнд сууж байсан нэг танихгүй залуу уриад бүжиглэсэн чинь Нармандах уурлаад байх шиг байсан ба ширээнд суусан хойно пизда, янхан минь чамайг алнаа гэх зэргээр загнаад уурлаад байсан. ... Хэрлэн эгч манайд бид хоёрын хамт орж ирээд их удалгүй гэр рүүгээ орлоо гээд гарсан. Тэгсэн чинь Н уурлаад чи хэнтэй бүжиглээд байсан бэ, чи яасан өмнө нь тэр хүнтэйгээ уулздаг байсан уу гээд бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан ба Н  гэрлээ унтраагаад унтъя гээд хувцсаа тайлах гэж байснаа болиод миний нүүр рүү өшиглөөд үсдэж чирээд газар унагааж хамаг бие рүү маань өшиглөөд байсан. Тэгээд намайг дуугүй байгаарай гээд байсан. Тэгж байгаад бид хоорондоо эвлэрээд унтаж байтал хаалга нүдээд байхаар нь Н очиж хаалгаа тавихад манай дүү С нөхрийнхөө хамт орж ирээд намайг харчихаад манай дүү уурлаад Н  загнаад байсан. Тухайн үед миний зүүн нүд улайж хөхрөөд нүүр жаахан хавантай байсан юм. Тэгээд цагдаа ирээд Нармандахыг авч яваад намайг түргэний эмч ирж үзээд хүлээн авах тасагт авчирсан. ...Би Н эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 29/

Гэрч С.С  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би нөхрөө дагуулаад шөнө 00 цаг өнгөрч байхад С  эгчийнд очиход гэрийнх нь хаалга цоожтой, гэрэл нь унтраатай байхаар нь хаалгыг нь цохиход тавьж өгөхгүй байж байгаад хэсэг хугацааны дараа Н  хаалгаа тавьж өгсөн. Тэгээд намайг гэрт нь ороход С эгч орон дээрээ нүүр ам нь цус болчихсон хэвтэж байхаар нь Нармандах ахыг загнаад би цагдаад дуудлага өгөөд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 сарын 28-ны өдрийн 262 тоот дүгнэлтэд: "1. С.С  биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний салстын доорхи цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 15/

-Шүүгдэгч Д.Н  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 20/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

     Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 3 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанхудагийн 2-03 тоотод хохирогч С.С хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, биед нь зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын цус хуралт, зүүн нүдний салстын доорхи цус харвалт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Н  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би С өшиглөж цохисны улмаас биед нь хөнгөн гэмтэл учруулсан өөрийн буруугаа сайн ойлгож байна...“ гэж /хх-ийн 20/, түүнийг давхар нотолсон хохирогч С.С, гэрч С.С нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 3 сарын 28-ны өдрийн 262 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

     Хохирогч С.С биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Н хохирогчийн нүүр рүү гараараа цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Д.Н холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Д.Н нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.    

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Н регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Боржин овогт Д.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг / жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Н регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шүүгдэгчид буцаан олгосугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР