Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01396

 

 

Б.Б-, Б.О- нарын хууль ёсны

төлөөлөгч Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/01447 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-, Б.О- нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд, Г.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: НШШГГ- нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/000160 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөрт барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 14б байр, 56 тоотод байрлалтай 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгч Б.Б-, Б.О- нарын өмчлөх эрхийг хохироох замаар орон сууцыг төлбөр авагч “Хас банк” ХХК-д шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү. 2020 оны 06 сарын 18-ны өдөр явагдсан орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагаа болон үнийн санал болгох ажиллагаа тус бүрт “Хас банк” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.5 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Одоо хэрэгт авагдсан итгэмжлэлийг хариуцагч тал нөхөж хийсэн. Мөн албадан чөлөөлөх ажиллагаа явуулах тухай мэдэгдэх хуудсыг ажиллагаанаас 1 цаг 16 минутын өмнө өгсөн тул орон сууцыг сайн дураар чөлөөлөх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу албадан чөлөөлөх талаар мэдэгдээгүй, зөрчсөн. Орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагаа эхлэхэд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, дуусах үед оролцуулсан атлаа эхнээсээ оролцуулсан мэт видео бичлэг хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт зааснаар дээрх ажиллагаанд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрч оролцуулаагүй, ажиллагаа дуусах үед оролцуулсан гэрч нарт эрх, үүрэг тайлбарлаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагаа, албадлагын арга хэмжээний үйл явц, үр дүнг дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийж, бэхжүүлж болно гэж заасныг зөрчсөн. Шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч Г.Батжаргал, Ц.Ц- нараас улсын тэмдэгтийн хураамжийн хамт 76 057 879 төгрөг төлөх үүрэгтэй. Санал болгох хурлын үед төлбөрийн үлдэгдлийг 63 457 879 төгрөг гэж танилцуулсан нь буруу. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар нийт 13 100 000 төгрөг төлсөн. Үүнийг хасахад 62 957 879 төгрөг үлдэж байхад 63 457 879 төгрөг гэж танилцуулж, зөрүү 52 102 120 төгрөг шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлж, 940,001 төгрөг дутуу төлөгдсөн байхад орон сууцыг албадан чөлөөлж, н.Батцэцэгт хүлээлгэж өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар орон сууцыг хүлээлгэн өгөх нөхцөл бүрдээгүй буюу зөрүү төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад хүчээр албадан чөлөөлөх ажиллагаа явуулсан. Хөндлөнгийн гэрч нар оролцуулаагүй, итгэмжлэлгүй этгээдийг оролцуулж, орон сууцыг хүлээн авах эрх үүсээгүй төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлэн өгснөөс болж тухайн хөрөнгийн хамтран өмчлөгч болох 18 нас хүрээгүй хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж байна. Төлбөр төлөгч нарын зүгээс дээрх ажиллагаа хүчингүй болсон тохиолдолд төлбөрийг нь бүрэн төлөөд орон сууцаа буцаан авах бүрэн боломжтой. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох агуулгын хүрээнд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 160 дугаартай захирамжаар Г.Батжаргал, Ц.Ц- нараас 76 057 879 төгрөгийг гаргуулж, хариуцагч нар сайн дураараа төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч биелүүлээгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасны дагуу явуулсан. Ингээд төлбөр төлөгч болон өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хуульд заасны дагуу зохион байгуулж, шинжээчээр үнэлүүлэхэд 116 000 000 төгрөгөөр тогтоосон талаар мэдэгдлээ гардуулсан. Барьцаа хөрөнгийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирүүлээгүй, худалдан борлогдоогүй. Худалдан борлогдоогүй хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнээр барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, уг үл хөдлөх хөрөнгийг сайн дураар чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх талаар санал болгох хурлаар шийдэж тодорхой хугацаанд төлбөр төлөгч нь төлбөрийг дансанд төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг буцааж төлбөр төлөгч нарт өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ хугацаанд төлбөр төлөгч нар төлбөрийн мөнгийг төлөөгүй тул төлбөр авагч тус газрын дансанд зөрүү мөнгийг байршуулснаар өмчлөх эрх нь үүснэ. Төлбөр төлөгч нар нь сайн дураар эд хөрөнгийг чөлөөлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.9 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч албадан чөлөөлөх ажиллагааг зохион байгуулсан. Албадан чөлөөлөх ажиллагаанд хуульд заасан үндэслэлийн дагуу хөндлөнгийн хоёр гэрч байлцуулж, эрх ашиг хөндөхгүй, эд хөрөнгийн доголдол үүсгэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дууссан. Төлбөр төлөгч болон бусад гуравдагч этгээдүүдээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр харьяалах дээд шатны байгууллага болон Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт гомдлыг цаг тухайд нь гаргаж хянуулаад мөн Улсын их хурлын Байнгын хороо, Хууль зүй дотоод хэргийн яам, холбогдох Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газар, хяналт шалгалтын газруудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан гомдол саналыг гаргасан. Тухай бүрт эрх бүхий байгууллагаас хариуг шат шатандаа өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан арга, хэрэгсэл, журмын дагуу явагдсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 73 дугаар зүйлийн 73.5, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг тус тус баримтлан 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 16281114/18 тоот байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолын дагуу хийгдсэн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14б байр, 56 тоот 40м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж, “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэгт хүлээлгэн өгсөн ажиллагааг хүчингүйд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шаардах эрхгүй этгээдүүдийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Батжаргал, Ц.Ц-, Б.Лхагвадорж нар бүртгэлтэй болох нь Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг. Нэхэмжлэгч Б.Б-, Б.О- нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлгүй тул тухайн үл хөдлөх хөрөнгийн эрх хөндөгдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Нэхэмжлэгч нь ...“Хас банк” ХХК-ийн төлбөрт тооцож, нэхэмжлэгч нарын эрхийг хохироох замаар орон сууцыг төлбөр авагчид шилжүүлсэн ажиллагааг хүчингүйд тооцох гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан боловч ямар ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын ямар эрхийг зөрчсөн талаар тодорхой дурдаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч Г.Ган-Эрдэнэ, Б.Занабазар нарт хууль танилцуулсныг нотлох баримт болох шийдвэр гүйцэтгэгчийн байр орон сууцнаас чөлөөлөх ажиллагааны тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг нотлох баримтыг огт үнэлээгүй орхигдуулсан. Гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгч Г.Батжаргал, Г.Цэцэгмаа нар 75 702 149 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 355 730 төгрөг, нийт 76 057 879 төгрөгийн төлбөр төлөхөөр заасан. Үүнээс 12 600 000 төгрөг төлсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу төлбөр авагч Хас банк ХХК-аас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал нийт 440 000 төгрөгийг төлсөн. Төлбөр төлөгчийн үлдэгдэл төлбөр 63 457 879 төгрөгт дээрх ажиллагааны зардал 440 000 төгрөгийг нэмэхэд 63 897 879 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй. Үүнийг үнэлгээчний тогтоосон 116 000 000 төгрөгөөс хасахад 52 102 121 төгрөгийн зөрүү гарсан. Уг мөнгийг орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагаа явагдахаас өмнө буюу 2020 оны 05 сарын 27-ны өдөр төлбөр төлөгч төлснөөр хөрөнгийг авах эрх үүссэн. Анхан шатны шүүх үүнийг 53,042,121 төгрөг төлөх ёстой байсан гэж алдаатай дүгнэлт хийсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б-, Б.О- нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Ц- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан” гэж маргажээ. /1хх 1-2, 21-22/

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00160 дугаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамжаар “Хас банк” ХХК-д Г.Батжаргал, Ц.Ц- нар нь                        2016 оны 12 сарын 25-ны өдрийн дотор 75 702 149.19 төгрөгийг хэсэгчлэн, мөн улсын тэмдэгтийн хураамж 355 730 төгрөг, нийт 76 057 879.19 төгрөгийг төлөх, энэхүү төлбөрийг тохирсон хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцон эвлэрснийг баталсан байна. /1хх 30-31/

 

Төлбөр төлөгч нар дээрх төлбөрийн үүргээ сайн дураар биелүүлээгүй учраас хариуцагч байгууллага Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 31-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, мөн өдрийн 359 дугаар “Шүүхийн гүйцэтгэх хуудас” зэргийг үндэслэн 2016 оны 09 сарын 23-ны өдөр хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан. /1хх 26-32/

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч нарыг төлбөрийн үүргээ биелүүлэх талаарх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж /1хх 53-55, 88/, улмаар барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14б байр, 56 тоот 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 12 сарын 09-ний өдөр битүүмжлэн, 2016 оны 12 сарын 20-ны өдөр хураасан, талуудын хүсэлтээр эл хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг шинжээч томилж, үнэлгээг 2017 оны 05 сарын 17-ны өдрийн байдлаар тогтоосон, 2017 оны 06 сарын 27-ны өдөр явагдсан анхны /1хх 122-134/ болон 2017 оны 07 сарын 18-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар /1хх 135-140/ эд хөрөнгө худалдан борлогдоогүй үйл баримтын талаар талууд маргаагүй. Эдгээр ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 49, 54, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, Иргэний хуулийн 175, 177 дугаар зүйлд заасан дараалал, журмын дагуу явагдсан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох талаар зохицуулсан.

 

Хариуцагч нь 2017 оны 09 сарын 11-ний өдөр төлбөр авагчид эд хөрөнгийг санал болгох талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн /1хх 141/, улмаар төлбөр авагчийн зүгээс 2020 оны 04 сарын 10-ны өдөр санал болгох хурал хийлгэх хүсэлт гаргаснаар /1хх187 / 2020 оны 05 сарын 08-ны өдөр санал болгох ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч нар 2020 оны 05 сарын 18-ны өдрийн дотор барьцаа хөрөнгийг өөрсдөө худалдан борлуулснаар үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөх, энэхүү хугацаанд төлөөгүй тохиолдолд төлбөр авагч нь шинжээчийн тогтоосон орон сууцны үнэ, үлдэгдэл төлбөрийн зөрүүг төлснөөр барьцаа хөрөнгийг шилжүүлэн авах, төлбөр төлөгч нар нь орон сууцыг сайн дураар чөлөөлөх, чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх тухай шийдвэр гаргаж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. /1хх 174-177/

 

Төлбөр төлөгч Г.Батжаргал, Ц.Ц- нар нь дээр дурдсан хугацаанд орон сууцыг худалдан борлуулж, үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөөгүй тул төлбөр авагч “Хас банк” ХХК нь 2020 оны 05 сарын 27-ны өдөр хариуцагч байгууллагын дансанд төлбөрийн зөрүү гэх 52 102 120.81 төгрөг шилжүүлж орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх хүсэлт /1хх 178-179/ гаргаснаар хариуцагч байгууллага 2020 оны 06 сарын 12-ны өдрийн дотор орон сууцыг сайн дураар чөлөөлөх, ийнхүү чөлөөлөөгүй тохиолдолд мөн өдрийн 10 цагт албадан чөлөөлөх ажиллагаа явуулж, гарсан зардлыг төлүүлэх талаар мэдэгдлийг өмчлөгч болон төлбөр төлөгч нарт “Монгол шуудан” ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч /1хх 180-181/ орон сууцыг сайн дураар чөлөөлөөгүй үйл баримт тогтоогдсон. 

 

Улмаар хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч нарт 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 11:00 цагт багтаан орон сууцыг сайн дураар султган чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх талаарх 4/157/23717 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч нарт мөн өдрийн 09 цаг 44 минутад гардуулж /1хх186-187/, албадан чөлөөлөх ажиллагааг 11 цаг 40 минутад эхлүүлэн 15 цаг 00 минутад дуусгасан талаар тэмдэглэл /1хх193-201/, төлбөр төлөгч нарыг албадан нүүлгэж, орон сууцыг төлбөр авагч талд хүлээлгэн өгсөн тухай 16281114/18 дугаар “Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол”, баримт /1хх 202-203/ тус тус үйлдэж уг ажиллагаанд оролцсон хөндлөнгийн гэрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.   

 

Дээрх ажиллагаанд оролцсон төлбөр авагч “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг хуульд заасны дагуу төлөөлөх эрхгүй гэх үндэслэлээр орон сууцны үнийн зөрүүд төлбөр хүлээн авсан болон орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдлыг төлбөр төлөгч Г.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 06 сарын 16-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид /1хх208-209/ улмаар 2020 оны 06 сарын 29-ний өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид тус тус хандан гомдол гаргасныг “...2020 оны 06 сарын 18-ны өдөр тус банкны ахлах мэргэжилтэн С.Батцэцэгт итгэмжлэл олгосон байх тул төлбөр тооцсон орон сууцыг албадан чөлөөлөх ажиллагааг хүчингүйд тооцох үндэслэлгүй” гэх хариуг тус тус өгчээ. /1хх 210-211/

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл, 2020 оны 06 сарын 18-ны өдөр явагдсан орон сууцыг албадан чөлөөлүүлэх ажиллагаа явуулахдаа хариуцагч байгууллагын зүгээс “хөндлөнгийн гэрчийг ажиллагаа эхлэх үед оролцуулаагүй, сүүлд оролцсон гэрч нар эрх, үүрэг тайлбарлаагүй, төлбөр авагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг оролцуулсан, төлбөр төлөгч нарт шилжүүлэх зөрүү төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад буюу төлбөр авагч орон сууцыг хүлээн авах эрх үүсээгүй байхад барьцаа хөрөнгийг шилжүүлсэн” зэрэг зөрчил гаргасан, үүний улмаас тухайн орон сууцны өмчлөгч нар болох насанд хүрээгүй гэр бүлийн гишүүн Б.Б-, Б.О- нарын хуульд заасан эрх, ашиг зөрчигдсөн гэх агуулгаар тайлбарласан байна. /1хх 1-2, 2хх 36-43/

 

Анхан шатны шүүх “... хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө гэсэн журмыг зөрчсөнөөс нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэж дүгнэн 2020 оны 06 сарын 18-ны өдрийн 16281114/18 тоот “Байр, орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол”-ын дагуу хийгдсэн Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14б байр, 56 тоот 40 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж, “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэгт хүлээлгэн өгсөн ажиллагааг хүчингүйд тооцож...” шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэжээ.

 

Хэргийн 1 дүгээр хавтас, 193-195 дахь талд авагдсан 2020 оны 06 сарын 18-ны өдөр явуулсан орон сууцнаас төлбөр төлөгч нарыг албадан нүүлгэсэн тухай “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл”-д /1хх 193-195/ уг ажиллагаа мөн өдрийн 11 цаг 40 минутаас эхэлж, хөндлөнгийн гэрчээр Б.Занабазар, Г.Ган-Эрдэнэ нар оролцож, гарын үсэг зурсан. Уг оролцсон байдлын талаар анхан шатны шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Г.Ган-Эрдэнэ нь “...14 цагаас эхлэн хаалга лацдах хүртэл байсан...эрх, үүрэг тайлбарласан...” гэдэг бол Б.Занабазар нь “Г.Ган-Эрдэнэ бид хоёр сонгуулийн ажлаар явж байсан байрны орцны гадаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчид хөндлөнгийн гэрчээр оролцоод өгөөч гэсэн...эрх, үүрэг тайлбарлаж өгөөд, гарын үсэг зуруулсан,...13-14 цагийн хооронд айлд нь орсон...оруул гэхээс өмнө үүдэнд нь байсан... хаалга лацдах хүртэл байсан...” гэжээ. Үүнээс үзвэл хөндлөнгийн гэрч нар маргаан бүхий ажиллагаанд оролцсон, тэдгээрт хариуцагч байгууллагын зүгээс хуульд заасан эрх, үүрэг тайлбарласан нөхцөл байдал тогтоогдож байна. /2хх 46-47/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.17-д зааснаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон суутгаж төлбөр авагчид шилжүүлэх, уг зорилгоор албадан чөлөөлөх үйл ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч нь хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх эрхтэй.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь хуулиар олгогдсон энэхүү эрхийн хүрээнд ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам зөрчсөн бол үүний улмаас иргэнд хохирол учирсан, насанд хүрээгүй гэр бүлийн гишүүдийн өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл энэ асуудал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шүүхэд хандах гомдолд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, дээрх ажиллагаатай холбоотойгоор иргэнд хохирол учирсан гэдэг нөхцөл байдал тогтоогдвол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шууд хүчингүй болгох үндэслэл бус, тусад нь жич нэхэмжлэх эрхтэй хуулиар тогтоосон эрх зүйн өөр хамгаалалтад хамаарах юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг бүрэн тодорхойлоогүй, нэхэмжлэгч нарын эрхийн зөрчлийн асуудлыг тодорхой заагаагүй, иргэний хуулиар хамгаалсан аль эрх ашгийг хариуцагчийн явуулсан дээрх ажиллагаа зөрчсөн, үүний улмаас хэнд ямар хохирол учирсан гэх нөхцөл байдлын талаар нотолсон зүйлгүй байна.

 

Түүнчлэн, албадан чөлөөлөх ажиллагааг хүчингүй болгох шаардах эрхийн үндэслэлийг шууд тодорхойлоогүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 73 дугаар зүйлийн 73.5, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан зохицуулалтуудыг баримтлан ажиллагааг хүчингүй болгож тооцсон буюу тодорхой үр дагаврыг шийдвэрлээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.  

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-, Б.О- нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/01447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Б-, Б.О- нарын хууль ёсны төлөөлөгч Ц.Ц-гийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч НШШГГ- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                             

                ШҮҮГЧИД                                       А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР