Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01398

 

 

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/02208 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.У-д холбогдох, 2 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Г.У- 2018 онд Ш.О-ийн хүү Э.Энх-Эрдэнэд Солонгос улсын виз гаргаж өгнө гэсний дагуу түүний эзэмшлийн Хаан банк ХХК дахь 5751039061 тоот данс руу 5 удаагийн гүйлгээгээр нийт 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2019 оны 05 сар хүртэл виз гаргаж өгөөгүй тул түүнтэй уулзаж мөнгөө буцааж авах болсон. Э.Энх-Эрдэнэд 1 500 000 төгрөг өгч, үлдсэн мөнгийг өгөөгүй. 2019 оны 07 сарын 23-ны өдөр уулзахаар очиход мөнгө төлөх Баталгаа бичиж өгсөн боловч нэг ч төгрөг төлөөгүй. Иймд хариуцагч Г.У-гаас үлдэгдэл 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Г.У-ас 2 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 54 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нь 2021 оны 06 сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Амгалан амаржих газарт хагалгаанд орсон ба улмаар 2021 оны 07 сарын 26-ны өдөр тус дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн хариуцагч нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул ферм 1-р гудамж, 1А тоотод 2002 оноос одоог хүртэл 19 жил амьдарч байгаа бөгөөд хаягаа сольж үзээгүй. 2021 оны 07 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхийн албан ёсны и-мэйл хаягаар хүргүүлсэн боловч хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч Г.У-д холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 2021 оны 06 сарын 14-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх 1-2, 18/

 

Түүнчлэн, хариуцагч нь 2021 оны 07 сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул анхан шатны шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн тул хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. /хх 33-34, 37-38/

 

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх журамтай.

 

Хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх 6-9/, Ш.О-, Г.У- нарын үйлдсэн мөнгөн хөрөнгө буцаан хэсэгчлэн төлөх агуулга бүхий Баталгаа /хх 5/ зэрэг бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлбэл, Солонгос улсын виз гаргуулах зорилгоор Ш.О-аас 4 000 000 төгрөгийг Г.У-д шилжүүлэн өгсөн, виз гараагүй учир нэхэмжлэгчийн зүгээс мөнгөн хөрөнгөө буцаан шаардахад хариуцагч 1 500 000 төгрөгийг буцаан өгсөн үйл баримт тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн буцаан төлөх мөнгөн төлбөрийн үүргийг зөв тооцож, 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Учир нь, виз олгох асуудал нь тухайн улсын Элчин сайдын яам, Консулын газрын бүрэн эрхэд хамаардаг тул виз олгох, визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх эрх бүхий этгээд биш атлаа виз гаргаж өгнө гэж бусдаас мөнгө авсан хариуцагч Г.У-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтыг үндэслэж, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагч Г.У- нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хассан өөрчлөлтийг хийж өгнө үү гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан байх боловч чухам ямар үндэслэлээр 1 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ гомдолдоо дурдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, улмаар энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Өмнө дурдсан Баталгаа гэх баримтад зээлийн хүү-гийн талаар дурдсан байх боловч нэхэмжлэгч нь зээлийн асуудал тусдаа, зөвхөн виз гаргуулах зорилгоор шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргасан гэсэн тайлбарыг өгсөн болно.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/02208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.У-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР