Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов

нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энэрэл,

ялтан Э.Батзаяагийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,

ялтан Б.Амарзаяа /Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцов/, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

ялтан Д.Цогтгэрэлийн өмгөөлөгч Ж.Баярсайхан,

ялтан Р.Готовын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

            нарийн бичгийн дарга Б.Хулангоо нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Амарзаяа, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 201526012662 дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овогт Энхбатын Батзаяа, 1991 оны 8 дугаар сарын 7-нд Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 9-11 тоотод оршин суух,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 434 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:УЗ91080794/,

2. Боржигин овогт Бэхбатын Амарзаяа, 1983 оны 4 дүгээр сарын 30-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 23-12 тоотод оршин суух,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 252 дугаар тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн Өршөөл үзүүлэх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасны дагуу үлдсэн хорих ялын 3 жилийг өршөөн хасч, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 82 дугаар захирамжаар 7 сар 9 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 7 сар 9 хоногийн хорих ял шийтгэгдэж, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 17 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ВЖ83043014/,

3. Боржигон овогт Дамдинсүрэнгийн Цогтгэрэл, 1973 оны 4 дүгээр сарын 1-нд өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 7-18 насны хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 19-26 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НИ73040112/,

4. Шандас овогт Рэнцэндоржийн Готов, 1956 оны 1 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 22-б байрны 63 тоотод оршин суух,

-Улаанбаатар хотын шүүхийн 1973 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 59 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймгийн нүүдлийн 4 дүгээр шүүхийн 1975 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4/1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1975 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 19 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн б, 64 дүгээр зүйлд зааснаар 5 жил 11 сар 7 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

-Зүүнхараа хотын шүүхийн 1977 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн б, 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 1981 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

-Найрамдлын районы шүүхийн 1983 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 98 дугаар туслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 3 жил хорих ял шийтгэгдэж, 1985 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /ЦБ56011879/,

Э.Батзаяа нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ялтай байхдаа давтан үйлдлээр ганцаараа 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-1 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрийн 180.000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг гараараа эвдэн нэвтрэн орж мөнгөн бугуйвч, мөнгөн аяга зэрэг 310.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

 Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-1 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан нэвтрэн орж 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан, машин механизм ашиглан авч явснаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.Амарзаяа нь дээрмийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн ялтай байхдаа Э.Батзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-1 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан нэвтрэн орж 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан, машин механизм ашиглан авч явснаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Э.Батзаяагийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-1 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрээс хулгайлан авсан мөнгөн бугуйвч, мөнгөн аяга зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр Э.Батзаяа, Д.Цогтгэрэл нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” захын орчимд бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт,

Д.Цогтгэрэл нь Э.Батзаяа, Б.Амарзаяа, Р.Готов нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-1 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан нэвтрэн орж 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан, машин механизм ашиглан авч явснаас бага бус хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Э.Батзаяагийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-1 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын монгол гэрээс хулгайлан авсан мөнгөн бугуйвч, мөнгөн аяга зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр Э.Батзаяа, Б.Амарзаяа нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” захын орчимд бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт,

Р.Готов нь Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нартай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 26-1 тоот хашаанд байх иргэн Х.Эрдэнэбаярын байшингийн 25.000 төгрөгийн үнэ бүхий цонхыг хагалан нэвтрэн орж 2.552.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлан, машин механизм ашиглан авч явснаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Батзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, Б.Амарзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар, Д.Цогтгэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар, Р.Готовын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүгдэгч Энхбатын Батзаяагийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсанаас хойш тоологдсон ялтай хугацааг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Э.Батзаяаг ганцаараа болон бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Р.Готовыг бусадтай бүлэглэж, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Цогтгэрэлийг бусадтай бүлэглэж, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Б.Амарзаяаг дээрмийн гэмт хэрэгт ял шийтгэгдэн ялтай байхдаа бусадтай бүлэглэж, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Э.Батзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Р.Готовыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ cap 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ял, Д.Цогтгэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял, Б.Амарзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50,000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтгэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж, шүүгдэгч Д.Цогтгэрэлийн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Б.Амарзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, шүүгдэгч Б.Амарзаяагийн биечлэн эдлэх ялыг 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарзаяаг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батзаяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарзаяад оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цогтгэрэл, Р.Готов нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд тус тус ганцаарчлан эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Готовын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Батзаяагаас 927.583 /есөн зуун хорин долоон мянга таван зуун наян гурав/ төгрөгийг, шүүгдэгч Б.Амарзаяагаас 747,583 /долоон зуун дөчин долоон мянга таван зуун наян гурав/ төгрөгийг, шүүгдэгч Д.Цогтгэрэлээс 747,583 /долоон зуун дөчин долоон мянга таван зуун наян гурав/ төгрөгийг, шүүгдэгч Р.Готовоос 644,250 /зургаан зуун дөчин дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, нийт 3,067,000 /гурван сая жаран долоон мянга/ төгрөгийг хохирогч Х.Эрдэнэбаярт олгож, шүүгдэгч Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэднийг цагдан хорьж, шүүгдэгч Р.Готовт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Амарзаяа давж заалдах гомдолдоо: “...2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр би Д.Цогтгэрэлийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутагт явж байхдаа Батзаяатай тааралдсан. Тэр биедээ авч явсан мөнгөн аяга, бугуйвч зэргийг үзүүлэн үүнийг зарах гэсэн юм гэснээр Д.Цогтгэрэл бид хоёр хамт явж заралцсан. Мөнгөөр нь Цогтгэрэлийн гэрт архи уугаад Батзаяа гэртээ харилаа гээд явсны дараа Цогтгэрэл бид хоёр тамхи авахаар гарч яваад дахин Батзаяатай таарахад надад хандан эгчийнхээ хашаанаас банз мод зэрэг овор багатай зүйлийг зөөх гэсэн чинь унаа олдохгүй байна, та хөлсний унаа олж өгөөч би хөлс мөнгийг нь өгнө гэхэд нь унаа олж өгснөөр уг хулгайн гэмт хэрэгт холбогдон ял шийтгэгдээд байна. Тухайн үед би хулгайн эд зүйлс ачих унаа олж өгч байна гэдгээ мэдээгүй. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч нарын намайг энэ гэмт хэрэгт шууд оролцоотой мэтээр мэдүүлсэн мэдүүлгийг бусад нотлох баримттай нийцүүлэн үзэлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна.  Р.Готовын өгсөн мэдүүлэгт хашааны том хаалгыг онгойлгон дотор нь машин орж зогсоод, эд зүйлсийг зөөн ачиж байсан мэтээр мэдүүлснийг хэргийн газрын үзлэгтэй харьцуулан үзэж хашааны том хаалга онгорхой эсэх, эсхүл онгойлгож машин орсон байж болох ул мөр, хашаанаас хэдэн хүний гутлын мөр олдсон, аль хэсгээс хэний хурууны хээ илэрсэн зэргийг үзэж дүгнэлт хийгээгүй. Д.Цогтгэрэлийн мэдүүлэгт хохирогчийн гэрт дөрвүүлээ орж ирээд эд зүйлийг нь гудамжинд зөөж тавиад Р.Готов, Д.Цогтгэрэл нар харж үлдэн Э.Батзаяа бид хоёрыг унаа олохоор явсан мэтээр мэдүүлсэн мэдүүлгийг шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн. Мөн мөрдөн байцаалтад өгсөн зарим мэдүүлэг яллах дүгнэлтэд зөрүүтэй бичигдсэн. Бусад яллагдагч нар мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэнээ хэлээгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Иймд миний бие энэ гэмт хэрэгт ямар оролцоотой болохыг үнэн зөвөөр тогтоож өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Амарзаяагийн өмгөөлөгч Ж.Баярсайхан давж заалдах гомдолдоо: “...Б.Амарзаяа нь бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй. 2015 оны 12 дугаар сарын 8-нд Э.Батзаяатай тааралдан архи хувааж уугаад, түүний юм ачих гэсэн юм, “портер” олоод ирээч гэсэн гуйлтаар “Хангай” зах руу явж нүүрс ачсан “портер” олж ирэн гудамжинд гаргаж тавьсан эд зүйлийг ачилцсан. Тухайн үед Э.Батзаяагаас юун эд зүйлс болох талаар асуухад манай эгчийнх нүүж байгаа юм гэж хэлэхээр нь түүнд итгэсэн. Э.Батзаяагийн эгчийнх нүүж байгаа талаар урьд нь сураг сонссон байсан. Шүүх хуралдаанд Э.Батзаяа үүнийг нотлож мэдүүлсэн. Мөн өдрийн үдээс өмнө Д.Цогтгэрэлийн хамт явж байгаад Э.Батзаяатай тааралдахад мөнгөн аяга, бугуйвч үзүүлээд үүнийг зараад хоёр ахдаа ганц хоёр шил юм авч өгье гэхээр нь хамт “Хархорин” зах руу явцгаасан. Уг мөнгөн аяга, бугуйвчийг хаанаас авсан, хэний юм гэдгийг асуугаагүй, Батзаяа ч хулгайн эд зүйл гэдгийг тэдэнд хэлээгүй. Э.Батзаяаг мөнгөн аяга, бугуйвчаа зарж байхад нь “Хархорин” захын замын хойд талд Д.Цогтгэрэлийн хамт зогсож байсан.  Хулгайн эд зүйлийг мэдсээр байж борлуулсан гэж зүйлчлэн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Б.Амарзаяад холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Ялтан Б.Амарзаяагийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өөрийн үйлчлүүлэгч Б.Амарзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхээс Б.Амарзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял, нэмэгдэл 50.000 төгрөгийн эд хөрөнгө хураах ял оногдуулж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Б.Амарзаяа нь Э.Батзаяатай тааралдаад архи хувааж уугаад дуусахад Э.Батзаяа нь “та “портер” загварын автомашин олж өгөөд манай эгчийн гэрийн эд зүйлийг ачилцаад өг” гэж гуйсан. Үүний дагуу Б.Амарзаяа Э.Батзаяагийн эгчийн эд зүйлсийг зөөлцөж өгч байна гэх ойлголтоор нүүрс ачиж байсан “портер” загварын автомашин олж ирээд тусалсан тул Б.Амарзаяа нь хулгайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй. Хулгайн эд зүйлсийг “Хархорин” захын шатны доор зарсан гэдэг. Тиймээс эд зүйл худалдан авсан хүнийг нь олвол хулгайлсан эд зүйлийг нь хохирогчид буцаан олгож, хохирол барагдсан гэх үндэслэлээр ял шийтгэл багасах боломжтой гэж үзэж байна. Б.Амарзаяа нь тухайн эд зүйлсийг хулгайн эд зүйлс гэдгийг нь мэдсээр байж зарж борлуулахад нь хамтран оролцоогүй. Тиймээс Б.Амарзаяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Д.Цогтгэрэлийн өмгөөлөгч Ж.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх хуралдаанд Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарын өмгөөлөгчөөр оролцсон. Б.Амарзаяагийн эрх ашгийг хамгаалж давж заалдах гомдол гаргасан боловч Б.Амарзаяа нь надаар өмгөөлүүлэхээс татгалзсан. Д.Цогтгэрэлийн хувьд давж заалдах гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх Д.Цогтгэрэлийг Б.Амарзаяа, Э.Батзаяа нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж зарж борлуулсан гэж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Д.Цогтгэрэлийг Б.Амарзаяа, Э.Батзаяа, Р.Готов нартай бүлэглэн автомашин ашиглан хохирогч Х.Эрдэнэбаярын хашаанд орж, байшингийн цонхийг хагалж, 2.552.000 төгрөгийн эд зүйл хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нарыг явж байхад Э.Батзаяа таараад “ах нартаа архи авч өгнө” гээд өөрт байсан мөнгөн аяга, бугуйвчаа “Хархорин” зах дээр зарсан. Яг зарж борлуулахад нь Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нар “Хархорин” захын гүүрэн гарцны хажууд замын эсрэг талд зогсож байсан тул оролцоогүй, Э.Батзаяа нь тэдгээр эд зүйлсийг хулгайлж авсан гэдгээ хэлээгүй. Үүний дараа Э.Батзаяа нь Б.Амарзаяад “эгчийнхийг нүүлгэх гэсэн юм. Эд зүйлийг нь зөөх автомашин олоод өг” гэж гуйсны дагуу Б.Амарзаяа зах руу очиж нүүрс ачсан байсан “Портер” загварын автомашин олж ирсэн. Э.Батзаяа нь байшинд ороод Д.Цогтгэрэлд хандан “би хөргөгч өргөж дийлэхгүй байна. Та өргөлцөөд өг” гэсний дагуу эгчийнх нь эд зүйлийг зөөлцөж байна гэж бодоод хөргөгчийг өргөлцсөн. Тухайн үед хашаанд нэг гэр, нэг байшин байсан. Гэрийн хаалгыг цөм өшиглөсөн, байшингийн цонхыг хагалсан байсан. Гэхдээ байшингийн цонхны хөшгийг татсан, гэрийн хаалга онгорхой байдалтай байсан тул Д.Цогтгэрэл огт анзаараагүй, хашаан дотор зурагт зэрэг эд зүйлсийг гаргаад тавьчихсан байсан тул үнэхээр эгчийнх нь нүүх гэж байгаа юм байна гэж бодсон гэдэг. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Цогтгэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Ялтан Э.Батзаяагийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Ялтан Р.Готовын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Р.Готовт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би тухайн үед архи уугаад нилээн согтсон байсан тул хулгай эд зүйл ачих гэж байгааг мэдэлгүйгээр Э.Батзаяад тээврийн хэрэгсэл олж өгсөндөө харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд намайг хавтаст хэрэгтэй танилцуулаагүй тул Д.Цогтгэрэлийг миний эсрэг мэдүүлэг өгснийг мэдэлгүйгээр дундаа нэг өмгөөлөгч авсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа Д.Цогтгэрэл миний эсрэг мэдүүлэг өгснийг мэдээд өмгөөлөгч Ж.Баярсайханаас татгалзсан. Өөрийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Прокурор Б.Энэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.Батзаяа нь анх Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл нартай тааралдахдаа “мөнгөн аяга, бугуйвч хулгайлж авсан” гэж хэлсэн. Улмаар Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Э.Батзаяа нар нь хулгайн эд зүйлээ Хархорин зах дээр очиж танихгүй хүнд зараад архи авч уусан гэдэг. Хэнд зарснаа мэдэхгүй тул худалдан авсан хүнийг олж мэдүүлэг авах боломжгүй. Тиймээс хулгайн эд зүйл гэдгийг нь мэдэлгүй зарсан гэж байгаа нь тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргийн талаар зөрүүгүй, тодорхой, бие биеийнхээ үйлдлийг нотолж мэдүүлсэн. Б.Амарзаяа тухайн үед хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй байх үндэслэлгүй. Учир нь гэрийн хаалга эвдэрсэн, байшингийн цонх нь хагарсан байдалтай байсан. Мөн Э.Батзаяагийн найз тул тэр гэрт Э.Батзаяагийн эгч амьдардаггүй болохыг мэддэг. Э.Батзаяа нь “хулгай хийсэн айлдаа эргэж очоод эд зүйл авна” гэж хэлсэн. Б.Амарзаяа хохирогчийн зурагтыг гэртээ тавьсан. Үнэхээр Э.Батзаяагийн эгчийнх нь эд зүйл гэж бодсон бол хэний зөвшөөрлөөр, яагаад зурагтыг нь гэртээ аваачсан болох нь тодорхойгүй байна. Тиймээс Б.Амарзаяагийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Б.Амарзаяа нь тухайн үед олж ирсэн автомашины улсын дугаар болон жолоочийг нь мэдэхгүй тул жолоочоос гэрчийн мэдүүлэг авах боломжгүй. Б.Амарзаяа нь урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгэгдээд, ялтай байх хугацаандаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдож хорих ял тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоолгосон. Гэтэл хянан харгалзах хугацаа нь дуусаагүй байхад дахин хулгайн гэмт хэрэгт холбогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь үндэслэлтэй. Тиймээс давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                 ХЯНАВАЛ:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Б.Амарзаяа нь өмнө Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэгдэж, уг ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн 2008 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 7 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 7 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, ял эдэлж байгаад Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 78 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдсан байна.

Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар ялтан Б.Амарзаяагийн эдлээгүй үлдсэн 2 жил 17 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь заалт нь өршөөлд хамаарах заалтад ороогүй байх тул анхан шатны шүүх “Өршөөл үзүүлэх тухай” хууль хэрэглэснийг буруу гэж үзнэ.

Мөн ялтан Б.Амарзаяаг урьд дээрмийн гэмт хэрэгт ял шийтгэгдэн ялтай байхдаа бусадтай бүлэглэж, орон байранд нэвтэрч, машин механизм хэрэглэж,бусдын эд хөрөнгө хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн үйлдэлд хэргийн зүйлчлэл хүндрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар онц хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байхад түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар “урьд хүнд гэмт хэрэг, онц хүнд гэмт хэрэг үйлдсэний дараа дахин онц хүнд гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэж онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож   Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэргийг дахин шийдвэрлүүлж байгаатай холбогдуулан ялтан Б.Амарзаяа, түүний өмгөөлөгч Ж.Баярсайхан нарын гаргасан давж заалдах гомдлуудын үндэслэлийг хэлэлцээгүй болно.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд шилжүүлтэл Э.Батзаяа, Б.Амарзаяа, Д.Цогтгэрэл, Р.Готов нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Л.ДАВААСҮРЭН

 

                         ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ