Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0734

 

А.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0059 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н-н гаргасан давж заалдах гомдлоор А.Б-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч А.Б 2017 оны 05 дугаар сарын 18-ний өдөр шүүхэд: Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А.Б-д сахилгын шийтгэл оногдуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн төлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0059 дүгээр шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А.Б-д сахилгын шийтгэл оногдуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, А.Б-г тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 4 сар 21 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.842.415 /гурван сая найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Н 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

...1. Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот шийдвэрээр А.Б-г 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар эгүүлэн томилсон юм. А.Бахытыг урьд эрхэлж байсан ажилд томилогдсон өдөр ажил хүлээлцэх комисс байгуулсан. Гэтэл А.Б нь тэр өдөр ажилдаа ирээгүй. Маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа бас ирээгүй. А.Б-г ажилд томилсон 07 тоот тогтоолыг Дэлүүн сумын хэсгийн цагдаагаар өгч явуулахад тэр өдөр А.Б нь гэртээ байгаагүй ба эхнэр нь ажилд орсон тушаалыг хүлээн аваагүй байна.

А.Б нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албан ажилдаа ирээгүй зугтаад явсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсны улмаас 2016 оны ХАСХОМ-ийг мэдээллийн санд оруулах хугацаа хожимдож, аймгийн хэмжээнд зөвхөн Дэлүүн сумаас тухайн мэдээлэл ирээгүй талаар Авилгатай тэмцэх газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас албан шаардлага ирүүлсэн байсан. Ингээд А.Б нь ямар ч шалтгаангүй 7 хоног ажил тасалсан.

2. А.Б нь 2017 оны 04 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд шалтгаангүйгээр ажил тасалсан. Тэрээр урьд эрхэлж байсан ажилд томилогдсоны дараа хурлын дарга болох хурлын Тэргүүлэгчдээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг гаргаж байгаа этгээд юм.

3. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар А.Б-н 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийн талаар ярилцлага, дүгнэлт өгсөн. Хуралдаанд А.Б өөрөө оролцсон бөгөөд 2016 онд ажлаа хангалттай хэмжээнд хийгээгүй учраас ажлаа хангалтгүй хийсэн гэсэн асуудлыг зөвшөөрч, өөрөө гарын үсэг зурсан. Гэтэл А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тухайн хуралдаанд намайг байлцуулахгүйгээр 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн гэж байгаа нь худал юм.

4. А.Б нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны хооронд ажиллаж байхад сахилгын зөрчил гарган удаа дараа ажил тасалсан, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр хангалтгүй үнэлгээ авсан, 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй зэрэг төрийн албан хаагчид байж боломгүй алдаа дутагдал гаргасан учраас түүнийг ажлаас халахаас өөр аргагүй байдалтай болсон.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0059 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хянааднэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор /огноо, дугааргүй/ нэхэмжлэгч А.Б-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Нэхэмжлэгч А.Б-с дээрх тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчаас ...А.Б нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 12-ны хооронд ажиллаж байхдаа сахилгын зөрчил гаргасан, удаа дараа ажил тасалсан, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр хангалтгүй гэсэн үнэлгээ авсан, 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй зэрэг төрийн албан хаагчид байж боломжгүй алдаа дутгадал гаргасан учраас ажлаас халсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлаж байгаа үндэслэлтэй биш байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулж байгаа тохиолдолд тухайн зөрчлийг шалган тогтоож, хуульд заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулахдаа холбогдох этгээдийг тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаж, уг тайлбар, нотлох баримтад тулгуурлан дээрх хуулийн зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэх журамтай.

Гэтэл огноо дугааргүй тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг баримтлан төрийн албан хаагчийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь хуульд нийцэхгүйгээс гадна сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэх зөрчлүүдийг шалгаж, тогтоосны үндсэн дээр шийдвэрлээгүй нь нотлогдсон байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ажил тасалсан гэх боловч энэ хугацаанд нэхэмжлэгч ажлаа хүлээж аваагүй байсан болохыг сумын хэсгийн цагдаа А.Н-н тайлбар баримт, ажил хүлээлцсэн комиссын актаар, мөн 2017 оны 04 дүгээр сард 2 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй болох нь шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудсаар нотлогдсон байна.

Мөн байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн завшиж үрэгдүүлсэн, үүний улмаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгаж байгаа боловч уг асуудлаарх хариуцагчаас шүүхэд хандсан нэхэмжлэлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийг 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан хэмээн үзсэн нь хариуцагчийн гаргасан сахилгын шийтгэл ногдуулсан тогтоолын үндэслэлд заасан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтад хамаарахгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт ... Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан.

Хуулийн заалтаас дээрх үзэхэд үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн, үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан гэх үндэслэл нь ...албан үүргээ биелүүлээгүй... гэдэгт хамаарахгүй бөгөөд харин энэ үндэслэл нь хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгохоор бөгөөд дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан ...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан нэмэгдэл баталгааг хариуцагч зөрчиж, нэхэмжлэгчийг ажлаас халсан нь ... хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ...хууль дээдлэх... гэсэн төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй байна.

Маргаан бүхий захиргааны актыг хууль бус, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. гэж заасантай нийцэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 110/ШШ2017/0059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ