Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 768

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т******* нарыг оролцуулан “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК

Хаяг: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ******* тоот

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 44, Засгийн газрын 3 дугаар байр

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийг энэхүү нэр болон регистрийн дугаараар дахин улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х*******” ХХК-ийг 4 хүний бүрэлдэхүүнтэй, гадаад худалдааны

чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2010 онд байгуулсан. Энэ хугацаанаас хойш тус компанийн үйл ажиллагаа санхүүгийн хүндрэлийн улмаас хэвийн бус явагдаж байсантай холбогдуулан Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалт /компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно/-ын дагуу хувьцаа эзэмшигчийн тоог цөөрүүлж, 1 хувьцаа эзэмшигчтэй болгохоор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2015 оны 11 дүгээр сард өгсөн.

Ийнхүү нэмэлт, өөрчлөлт оруулсан улсын бүртгэлийн гэрчилгээгээ авахаар 2016 оны 4 дүгээр сард очиход гэрчилгээний ард талын нэмэлт, өөрчлөлт хэсэгт “Хувь нийлүүлэгчээс 0 нэмэгдэж, 3 хасагдаж, үүсгэн байгуулагчийн тоо нийт 1 болж өөрчлөгдсөнийг бүртгэв” гэсэн тэмдэглэгээ хийж баталгаажуулсан хэрнээ танай компанийг санхүүгийн тайлангаа 6 улирал дараалан өгөөгүй гэсэн шалтгаанаар улсын бүртгэлээс хассан гэх үндэслэлээр тухайн гэрчилгээг буцааж өгөөгүй. Энэ тухай бидэнд урьд өмнө мэдэгдэж байгаагүй болно.

Дээрх асуудлын талаар албан ёсны хариу авахаар Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл өгсөн боловч 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 13/6576 дугаар албан бичгээр “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн

1626 дугаар тушаалын дагуу улсын бүртгэлээс хассан” гэсэн хариу өгсөн. Иймд тус компанийг улсын бүртгэлээс хассан дээрх маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийг энэхүү нэр болон регистрийн дугаараар дахин улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х*******” ХХК-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийг энэхүү нэр болон регистрийн дугаараар дахин улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Х*******” ХХК-ийг татан буулгаж улсын бүртгэлээс хасахдаа дараах хуулиудыг үндэслэн татан буулгасан байна.

Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь заалт, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 6 дугаар сарын 25- ны өдрийн 6/3673 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалыг тус тус үндэслэн татан буулгасан байна.

Иймд уг бүртгэл нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийг энэхүү нэр болон регистрийн дугаараар дахин улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Маргаан бүхий 1626 дугаар тушаалын үндэслэл болсон Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д “Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эсхүл хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгасан тухай шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Санхүүгийн тайланг 6 болон түүнээс дээш улирал гаргаагүй харилцагч, санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасах талаар нягтлан бодох бүртгэлийн ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хэвлэлээр нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш 6 сарын дотор санал гомдол гаргаагүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах” гэж заажээ. Мөн тус тушаал нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 6/3673 тоот албан бичгийг үндэслэж гарчээ.

Гэтэл бодит байдал дээр нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийг дампуурсанд тооцсон болон татан буулгасан талаар ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд хэрэв тухайн компанийг санхүүгийн тайлангаа 6 болон түүнээс дээш улирал гаргаагүй, санхүүгийн байгууллагад тушаагаагүй үйлдэлд хуулийг удаа дараа зөрчсөн гэж үзвэл дээрх хуульд зааснаар хэвлэлээр нийтэд зарлаж, зарласнаас хойш 6 сарын дотор санал гомдол гаргаагүй бол уг хуулийг этгээдийг улсын бүртгэлээс хасах гэсэн хуулийн зохицуулалттай байна. Мөн Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий байгууллага ажлын 3 хоногт багтаан холбогдох бүртгэх байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувь, эсхүл хуулбар, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг мэдэгдэлд хавсаргана” гэж заажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хийсэн тайлбартаа “...нууцын тухай хууль тогтоомжид зааснаас бусад улсын бүртгэлийн мэдээллийг байгууллага өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ, ...цахим хуудсанд байршуулсан мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагын албан ёсны мэдээлэл гэж үзнэ, ...2014 оны 8 дугаар сарын 13-наас 19-ний хооронд сонинд нэг зарыг давтан гаргаж, өөрийн цахим хуудсандаа байршуулсан...” гэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд дээрх хугацаанд өдөр тутмын сонинд нэг зарыг гаргасан нь нотлогдож байгаа боловч маргаан бүхий тушаалын хавсралтад заагдсан аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдийн нэрсийг тусгайлан гаргаагүй байна. Хэдийгээр нэхэмжлэгч компанийг санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд гаргаж, санхүүгийн байгууллагад тушаагаагүй нь буруу бөгөөд хариуцагчийн зүгээс “...4805 компанийн нэрсийг сонинд гаргах боломжгүй, ...манай байгууллагын цахим хуудас руу нэвтрээд шалгах бүрэн боломжтой...” гэсэн тайлбарыг шууд үгүйсгэх боломжгүй ч төрийн байгууллага ийнхүү тушаал шийдвэр гаргахдаа түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй иргэн, хуулийн этгээдэд урьдчилан мэдэгдэх үүргээ хангалттай биелүүлээгүй, гомдол гаргах эрхээр нь хангаагүй байна гэж шүүх дүгнэв. 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр хийсэн “...иргэн, аж ахуйн нэгж төрийн байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргах эрхээр хангагдах ёстой, ...мөн тухайн компанийг улсын бүртгэлээс хассантай холбоотойгоор нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхээ эдлэх боломжгүй болгосон нь түүнтэй холбоотой хөрөнгө оруулалт, болон үйл ажиллагааны бусад эрхүүдийг нь хэрэгжүүлэх боломжгүй болсон нь компанийн эрх ашгийг хөндөж байгаад гомдолтой байна...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон бодит нөхцөл байдал зэргийг шинжлэн судалж, хэлэлцээд асуудлыг дахин судалж, нэхэмжлэгчид зохих ёсоор мэдэгдэж, гомдол гаргах эрхээр нь хангасны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй бөгөөд шинэ акт гаргах хүртэл хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 1626 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль (2001 оны)-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус компанийг энэхүү нэр болон регистрийн дугаараар дахин улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалын “Х*******” ХХК-д холбогдох хэсгийг хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хоёр сарын хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалын нэхэмжлэгч “Х*******” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДОЛГОРСҮРЭН