Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/01413

 

Б.Тодбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04745 дугаар шийдвэр,          

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1699 дүгээр магадлалтай,

Б.Тодбаярын нэхэмжлэлтэй

Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нарт  холбогдох,

49.277.789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Тодбаярын  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Тодбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нар нь миний өмчлөлийн орон сууцыг …Хас банкинд барьцаанд тавьж зээл авсан. Хас банктай байгуулсан зээлийн гэрээнд Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нар гарын үсэг зурж мөнгийг хүлээн авч ашигласан. Миний хувьд тэдний авсан зээлнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, найзынхаа эгчийнх нь хүүхдэд тус болж эмчилгээний зардал яаралтай олох ёстой гэсэн болохоор л зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Гэтэл Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нар нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас миний өмчлөх эрх зөрчигдөж байраа хураалгах дээрээ тулаад байна. Иймд Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нарын Хас банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавигдсан миний өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 111 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлүүлж өгнө үү.

Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нар нь 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Тодбаярын өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны 111 тоот дахь 2 өрөө орон сууцыг Хас банкинд барьцаалуулан 50.000.000 төгрөг авахуулж, банкны үндсэн зээл болон хүүг төлөхөөр тохирсон байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаанд нийт 8.000.000 төгрөг төлсөн ба зээлийг тохирсон хугацаанд нь төлөөгүйгээс Б.Тодбаяр нь банкинд 52.564.789 төгрөгийн зээлийн өртэй болсон тул Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нараас 52.564.789 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Б.Эрдэнэчулууныг хамтран хариуцагчаар оролцуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзээд хариуцагч Б.Эрдэнэчулуунаас татгалзаж байна.

Харин Б.Тодбаяр нь өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаанд тавиулж Хас банкнаас 42.000.000 төгрөгийн зээл авч, энэ мөнгийг Ц.Амартүвшинд өгсөн. Уг зээлийг хэрхэн яаж төлөх талаар талууд ярилцаад Ц.Амартүвшин өөрөө авсан зээлийг төлнө гэдэг үүргийг хүлээгээд зээлийг төлж явж байсан. Зээлийг бүрэн төлөөгүйгээс энэ маргаан үүссэн. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагын 387.000 төгрөгөөс татгалзаж байна. Хэрэв зээлэнд өгч байгаа юм бол яагаад Хас банкны дансанд хийх ёстой мөнгийг үүрэг хүлээсэн дансандаа хийхгүй, Б.Тодбаярын хувийн дансанд хийгээд байгаа, хийсэн он, сар, өдөр нь ч Хас банкнаас зээл авахаас өмнө байгаа гэдэг нь эргэлзээтэй. Ц.Амартүвшин 38.000.000 төгрөг авсан гэж тайлбарладаг боловч түүнийгээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. 4.000.000 төгрөгийг банкны зээлийн эдийн засагчид хахууль гэж Ц.Амартүвшин өгсөн байдаг. Ц.Амартүвшин нь цагдаа дээр мэдүүлэхдээ Б.Тодбаяраас Хас банкнаас авсан зээлийн мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, тодорхой хугацаа заагаад төлнө гэж бичиж өгөөд эрүүгийн хэргийг хаалгасан. Өөрсдөө зээлийн мөнгийг авсан учир үүргээ ухамсарлана гээд Ц.Амартүвшин Хас банкинд зээлийг төлөөд явж байсан. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлнө гэж Ц.Амартүвшин цагдаа дээр тодорхойлолт бичиж өгсөн. Хас банкны зүгээс Б.Тодбаярт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр банктай эвлэрч, гэрээгээ цуцлаад хүүгээ зогсоосон. Иймд Ц.Амартүвшингээс 49.277.789 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Амартүвшин шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Тодбаяр нь Хас банктай зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн байраа барьцаанд тавьж, 42.000.000 төгрөг авсан. Энэ зээлийн гэрээнд Б.Эрдэнэчулуун бид хоёр ямар нэгэн гарын үсэг зурж, банктай зээлийн гэрээ байгуулаагүй. Харин 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би Б.Тодбаяраас 38.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн. 38.000.000 төгрөгийг Золжаргал гэж хүнд зээлийн өрөөнд өгсөн юм. Нэхэмжлэлд бичсэнчлэн Тодбаярын Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны 111 тоот, Ү-2205015179 дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй, 000195266 гэрчилгээтэй 2 өрөө орон сууц нь Нисэх дэх Хас банкны салбарт барьцаанд байсныг 2.800.000 төгрөгийг би төлж барьцаанаас гаргаад, хорооллын ахуй үйлчилгээний салбар дахь Хас банкинд Тодбаяр өөрөө тавьсан. Б.Тодбаяр нь Эрдэнэчулуун бид хоёрт 38.000.000 төгрөгийг ямар нэгэн гэрээ хийлгүй өгсөн юм. Тодбаяр нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагаар биднийг шалгуулж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Цагдаа дээр шалгагдаж байхдаа Б.Тодбаяр нь баталгаа гэж төлбөр төлүүлэх талаар бичиг хийлгэж авч байсан. Ц.Амартүвшин би, Б.Тодбаяраас зээлж авсан мөнгөө Хас банкинд түүний нэрийн өмнөөс төлж байсан. Орлогын баримтаар нийт 8.300.000 төгрөг төлсөн. Баримтын хуулбарыг шүүх хуралдаан дээр гаргаж өгнө. Б.Тодбаярт төлөх 38.000.000 төгрөгөөс 11.100.000 төгрөг төлсөн. 50.000.000 төгрөгийг Б.Тодбаяраас аваагүй. Ц.Амартүвшин 2.800.000 төгрөгийг төлж байрыг чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ мөнгийг хасч тооцох ёстой гэж үзсэн. Үүнийг нэхэмжлэгч тал ч хасч тооцохыг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Хас банкны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн болон ипотекийн гэрээн дээр Б.Тодбаярын гарын үсэг байгаа болохоос Ц.Амартүвшингийн гарын үсэг байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Б.Тодбаяр Ц.Амартүвшин нарын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Ц.Амартүвшингийн хувьд авсан 38.000.000 төгрөгөөс 7 удаагийн төлөлтөөр нийт 8.300.000 төгрөгийг төлсөн. Б.Тодбаярын Хаан банкны дансанд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 9 удаагийн төлөлтөөр 387.000 төгрөг, мөн 100.000 төгрөг Хаан банкинд төлсөн. Утга нь зээл төлөв гэсэн утгатай. Ц.Амартүвшин бэлэн бусаар буюу дансаар 11.587.000 төгрөг, ойролцоогоор 1.100.000 төгрөгийг бэлнээр Б.Тодбаярт төлсөн. Хариуцагчийн зүгээс авсан 38.000.000 төгрөгөөс төлсөн 12.687.000 төгрөгөө хасуулаад үлдсэн мөнгийг нь төлөхийг зөвшөөрч байна. Банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд Ц.Амартүвшингийн гарын үсэг байхгүй учир банктай байгуулсан зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлбөр төлөх үүргийг хариуцагч хүлээгээгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04745 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч УД90101111 регистртэй, Уриахан овогт Цогтгэрэлийн Амартүвшинээс 49.277.789 /дөчин есөн сая долоон зуун далан долоон мянга долоон зуун наян есөн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Харгана овогт Баатарын Тодбаярт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 420.780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 404.339 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Эрдэнэчулуунд холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1699 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/04745 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэг, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Амартүвшинээс 35.931.569 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тодбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.346.220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтад “404.339” гэснийг “337.607” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Амартүвшингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Тодбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/04745 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 1699 дугаартай магадлал гаргасан.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 1699 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... хариуцагч Ц.Амартүвшингээс 35.931.569 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Тодбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.346.220 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дутуу үнэлж, тооцооны алдаа гаргаж үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасанд гомдолтой байна.

1. Ц.Амартүвшинг Б.Эрдэнэчулуун надтай танилцуулж, түүний эгчийнх нь хүүхэд хүндээр өвчилсөн эмчилгээний зардал яаралтай хэрэгтэй байна гэхээр нь би үр хүүхдээ өвчний улмаас алдаж, хорвоогийн мөнх бусыг үзүүлж байсан тул 2014 оны 12 сарын 12-ны өдөр орон сууцаа барьцаанд тавьж Хас банкнаас 42.000.000 төгрөг зээлийн гэрээгээр авч, зээлийг Ц.Амартүвшин хүүгийн хамт төлөхөөр тохиролцож мөнгийг Ц.Амартүвшин авсан. Ц.Амартүвшин нь надтай тохиролцсон ёсоор зээлийг төлөхгүй байсан тул би Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Ц.Амартүвшин, Б.Эрдэнэчулуун нарт холбогдуулан гомдол гаргасан. Тэд нар банкны зээлийг графикт заасан хугацаанд төлж барагдуулна гэсэн баталгаа хийж өгсөн тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргасан. Ц.Амартүвшин нь банкинд 8.300.000 төгрөг төлснийг “Хас” банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд суутгасан тухай зээлийн эргэн төлөлтийн дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа.

“Хас” банк нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөр гэрээг цуцалж, надаас үндсэн зээлд 42.000.000 төгрөг, зээлийн хүү 9.926.849 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 637.940 төгрөг нийт 52.564.789 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. “Хас” банк зээлийн хүүд суутгаж авсан 8.300.000 төгрөгийг хасч тооцоог гаргасан.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “...хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 38.000.000 төгрөг нь нийт зээлийн 90.4 хувийг эзэлж байгаа тул түүнд ногдох хэсгийг тодорхойлбол ... 47.518.569 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэхээс хариуцагчийн төлсөн 11.587.000 төгрөгийг хасч нийт 35.931.569 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтанд 13.346.220 төгрөгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийг 4.000.000 төгрөг авч банкны зээлийн эдийн засагчид өгсөн гэдгийг хариуцагч нотолж чадаагүй гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслээд нэхэмжлэгч 42.000.000 төгрөг хариуцагчид өгснөө нотлоогүй тул хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 1699 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Тодбаяр нь Б.Эрдэнэчулуунд холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Ц.Амартүвшингээс 49.277.789 төгрөг гаргуулахаар шаардахдаа үндэслэлээ “...банкнаас 42.000.000 төгрөг зээлж авч өгсөн, тэрээр уг зээлийг хариуцан төлөхөөр тохирсон...” гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдан баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.Тодбаяр нь “Хас” банкнаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 42.000.000 төгрөгийг 12 сарын хугацаагаар жилийн 36 хувийн хүүтэй зээлсэн, уг зээлийн төлбөрт Ц.Амартүвшин 8.300.000 төгрөг төлсөн, Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02449 дүгээр захирамжаар зээлийн төлбөрт 52.575.789 төгрөг нэхэмжилсэн “Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Тодбаяр хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн, энэ талаар маргаагүй байна.

Харин хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрөхдөө Б.Тодбаяраас “...38.000.000 төгрөг авсан, ...12.687.000 төгрөг төлсөн тул үлдэх хэсгийг төлнө” гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хуулийн энэхүү зохицуулалтаар нэхэмжлэгч нь хариуцагчид 42.000.000 төгрөг шилжүүлснээ нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 38.000.000 төгрөг хүлээн авснаа үгүйсгээгүй бөгөөд түүний гүйцэтгэх үүргийг 47.518.569 төгрөг гэж тодорхойлохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Ц.Амартүвшин нь Б.Тодбаярын Хас банкнаас авсан зээлийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд графикийн дагуу банкинд төлөхөөр түүнтэй харилцаж тохиролцсоны дагуу төлсөн 8.300.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх дээрх төлбөрөөс хасч тооцсон нь буруу болжээ.

Нэхэмжлэгч нь Ц.Амартүвшингээс байрыг барьцаанаас чөлөөлөхөд төлсөн 2.800.000 төгрөг, мөн машин түрээсэлсэн 387.000 төгрөг нийт 3.187.000 төгрөгийг  нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцохыг зөвшөөрсөн байх тул  хариуцагчаас 44.331.569 төгрөг гаргуулахаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1699 дүгээр магадлалын 1 дэх заалтын “35.931.569” гэснийг “44.331.569” гэж, “13.346.220” гэснийг “4.946.220” гэж, “337.607” гэснийг “379.608” гэж тус тус өөрчлөн,  магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Тодбаяр хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 224.680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ