Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвадоржг суулган,

            Улсын яллагч Ц.Цэрмаа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

            Хохирогч Д.У

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Т.М-т холбогдох 1821000200055 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч Бүргэд овогт Т.М, Дорнод аймгийн Гурванзагал суманд ........ оны ...... сарын ......-ны өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......../, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлч мэргэжилтэй,..................... захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн ............................... гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч Т.М нь согтуугаар 2017 оны 08 сарын 01-ний өдөр шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн ........ байрны ....... тоотод орших өөрийн гэртээ хохирогч Д.У-той маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний ухархайн доод, гадна хажуу хана, гайморын хөндийн урд болон ар хананы хугарал, нүүр дээд уруул, зүүн хөлийн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Эхнэр Урантогосын биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа харамсаж байна. Эхнэртээ дахин гар хүрэхгүй гэдгээ амлаж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Орой 23 цагийн үед нөхөр гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд нөхрийгөө “Унт” гэж хэлээд маргаж байтал нүүр рүү цохисон. Тухайн үед нөхрийгөө цохино гэж бодоогүй. Би цохиулсанаа ч сайн мэдээгүй байсан. Одоо бид эвлэрсэн, өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 сарын 01-ний өдрийн орой 23 цагийн орчим 24 дүгээр байрны 14 тоотод эхнэртэйгээ маргаж нүүр орчим нь 1 удаа гараараа цохисон. Би тэр өдөр архи уусан халамцуу байсан...Тэрнээс хойш 3-4 хоног гэртээ очоогүй. Дараа нь очиход У “миний шүдийг хугалчихлаа” гэж ярьж байсан. Түүний нүүр ам нь хөхөрч хавдсан байсан. У тэр үед хиймэл шүдтэй байсан...” гэжээ. /хх 23, 59/

Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Т.М нь миний нөхөр юм...Хардах, гэр бүлийн маргаанаас болж надад гар хүрэх болсон...2017 оны 08 сарын 01-ний орой 23 цагийн орчим 24 дүгээр байрны 14 тоотод гэртээ унтаж байтал М согтуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь “Унтаач” гэж загнахад “Хуцаад бай” гээд нүүр, зүүн нүд орчим гараараа 2 удаа цохисон. Тэр үед нүд харанхуйлаад ухаан балартсан. Цохиулснаас болж үүдэн хиймэл нэг шүд хугарч унасан. “Цагдаа дуудна” гэхэд М гараад явсан. Цагдаад хандаагүй. Маргааш өглөө нь зүүн нүд, нүүр хавдаж хөхөрсөн байсан. Хэд хоног гэртээ хэвтээд зүгээр болохгүй толгой өвдөөд байхаар нь 2017 оны 08 сарын 05-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд Вандансүрэн эмчийн хувийн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Зүгээр болохгүй толгой өвдөөд байсан учраас Улаанбаатар хот руу явж томографийн зураг авахуулахад зүүн нүдний доор, хажууд 2 хэсэг газарт яс хугарсан гэж байсан. Одоо хүртэл толгой байнга өвддөг...Би нөхөртөө зодуулаад өөрийн дүү Отгонзул, Өнөржаргал нарыг дуудаж харуулан хэлж байсан...” гэжээ. /хх 20-21/

Гэрч Д.Өнөржаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна. У эгч аймгаас сумын төвд ирсэн. Тэгэхэд алийг нь санахгүй байна. Хацар нь хөхөрсөн байсан. Асуухад “М ах чинь цохисон” гэж хэлсэн. Энэ асуудал бас аймагт болсон юм. Тэр үед Урантогос эгч “Хиймэл нэг шүд нь булгараад унасан” гэж байсан. Тэд яагаад хэрэлдэж маргадаг шалтгааныг мэдэхгүй. Маргахаараа нөхөр нь цохиж, гар хүрдэг юм...Гэртээ, хүний нүднээс далд хоёулаа байх үед гар хүрсэн байдаг...” гэжээ. /хх 27/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 101 тоот дүгнэлтэд: “1.Д.У-ын биед зүүн нүдний ухархайн доод, гадна хажуу хана, гайморын хөндийн урд болон ар хананы хугарал, нүүр, дээд уруул, зүүн хөлний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гайморын хөндийн урд болон ар хананы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, 2.4.1-д зааснаар зүүн нүдний ухархайн доод, гадна хажуу хананы хугарал, нүүр, дээд уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ болон бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн хөлийн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 34/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримтаас гадна мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэбаатар /хх 14, 24-25/, Т.Мөнхцэцэг /хх 37-40/, Ж.Мөнхбаатар /хх 30-31/, Б.Энхбилэг /хх 11/, С.Болорчимэг /хх 12-13/ нарын мэдүүлгүүд, Гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 15-16/, Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, тодорхойлолт /хх 42-43/, Яаралтай тусламжийн хуудас /хх 44/, Толгойн компьютер томографийн шинжилгээ /хх 45/, Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, өвчний түүх /48-54/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 63/, Гэрлэлтийн баталгааны гэрчилгээний хуулбар /хх 64/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69/, Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын тогтоол /хх 76-77/, Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай Прокурорын тогтоол /хх 78-80/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Т.М нь согтуурсан үедээ 2017 оны 08 сарын 01-ний өдөр шөнийн 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 24 дүгээр байрны 14 тоот өөрийн гэртээ эхнэр Д.У-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт гараар цохиж “зүүн нүдний ухархайн доод, гадна хажуу хана, гайморын хөндийн урд болон ар хананы хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М-ын /хх 22-23, 58-60, 81/ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж, тогтвортойгоор мэдүүлсэн хохирогч Д.У-ын “...Хардах, гэр бүлийн маргаанаас болж М нь надад гар хүрэх болсон. ...2017 оны 08 сарын 01-ний орой 23 цагийн орчим гэртээ унтаж байтал М согтуу орж ирээд хэрүүл хийгээд байхаар нь “Унтаач” гэж загнахад “Хуцаад бай” гээд нүүр, зүүн нүд орчим гараараа 2 удаа цохисон. Тэр үед нүд харанхуйлаад ухаан балартсан. Цохиулснаас болж үүдэн хиймэл нэг шүд хугарч унасан...зүүн нүд, нүүр хавдаж хөхөрсөн байсан. Хэд хоног гэртээ хэвтээд зүгээр болохгүй толгой өвдөөд байхаар нь 2017 оны 08 сарын 05-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлсэн...Улаанбаатар хот руу явж томографийн зураг авахуулахад зүүн нүдний доор, хажууд 2 хэсэг газарт яс хугарсан гэж байсан...” /хх 20-21/ гэх,

Гэрч Д.Өнөржаргалын “...2017 оны 08 сард...Хацар нь хөхөрсөн байсан. Асуухад “М ах чинь цохисон” гэж хэлсэн. Энэ асуудал бас аймагт болсон юм. Тэр үед У эгч “Хиймэл нэг шүд нь булгараад унасан” гэж байсан. Маргахаараа нөхөр нь цохиж гар хүрдэг юм...Гэртээ, хүний нүднээс далд хоёулаа байх үед гар хүрсэн байдаг...” /хх 27/ гэх мэдүүлгүүд, Яаралтай тусламжийн хуудас /хх 44/, Толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх 45/, Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, өвчний түүх /48-54/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 101 тоот дүгнэлт /хх 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.М-ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэхдээ: “...Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийг буруу зүйлчилсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэх нь зүйтэй...” гэжээ.

Шүүхээс, шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь, Хохирогч Д.У нь шүүгдэгч Т.М-ын хууль ёсны эхнэр болох нь гэрлэлтийн баталгаа /хх 46/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /47-48/, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр батлагдаж байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хохирогч Д.У хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.2-т зааснаар Д.У-ыг гэр бүлийн хүчирхийллийн “бие махбодь”-оор хохирсон хохирогч гэж үзэх тул шүүгдэгч Т.М-ын 2017 оны 08 сард хохирогч Д.У-ыг зодож хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  шүүгдэгч Т.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжүүлсэн, мэдүүлгүүд зөрүүгүй, тухайн үйл баримтанд хамааралтай, эргэлзээгүйн зэрэгцээ хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан гарсан шинжээчийн дүгнэлт нь хэрэг явдлын гол фактыг тогтооход бодитой, ач холбогдол бүхий нотлох баримт гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Т.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.М-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоо хохирогчтой эвлэрэн хэвийн байдалд амьдарч байгаа хэдий ч түүний хувийн байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ял болон албадлагын арга хэмжээг зөв сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Т.М-ын ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бүргэд овогт Т.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т.М-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Т.М-г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Т.М-т анхааруулсугай.

5. Эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн 1821000200055 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч Т.М-н ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг тогтоол хүчин төлөгдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ