| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2024/0183/З |
| Дугаар | 128/ШШ2025/0657 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 128/ШШ2025/0657
2025 09 26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Ө******* /*******/,
Хариуцагч: Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Н*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б******* нарыг оролцуулан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийг ахин тогтоохыг даалгах”-тай холбоотой хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ө*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н*******, Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийг ахин тогтоохыг даалгах”
Хоёр. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Н.Ө******* шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нын Ө******* миний бие 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 28.1.1-т заасан авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ тус хуулийн 3.5-д заасан “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно” гэх заалтын дагуу нийт 24.6 жил ажилласан байх тул Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тооцсоноор 20.2 жил буюу дутуу буруу тооцсон, төрүүлсэн 3 хүүхэд тооцоогүй, мөн хуулийн 4.3.2 “нийтдээ 20-оос до*******гүй жил, үүнээс 10-аас до*******гүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-оос до*******гүй жил, үүнээс 7 жил 6 сараас до*******гүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” гэх заалтыг хуулийн дагуу хэрэглээгүй тухай албан тоот ирүүлсэн учир хуулийн үндэслэлгүй, заалт дурдаагүй гаргасан хариу тайлбар нь засгийн газрын агентлагийн тухай хуулийн үүрэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1. “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэх заалтыг хууль зөрчин иргэнийг байгууллага төлөөлөн хуурсан, хийх ажил үүргээ хуулийн дагуу хийгээгүй гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг тэтгэвэр ахин тогтоохыг даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйл эрхэм зорилгын 4.1.2-т зааснаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гэх заалт, шүүгчийн тангаргаа ухамсарлаж эрх зүйт төр засагтай нийгэмд батлагдсан хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авна уу.
2.2. Төрүүлсэн 3 хүүхдийг минь үндсэн хуулийн 16-д заасан хүний эрхийг бодож 2023 оны 12 дугаар сар хүртэл хэрэгжсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар тооцож 24.6 жил ажилласнаар тооцохыг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даатгах, Дулааны Г******* ТӨХК-д хортой нөхцөлд ажилласныг, байгууллын тодорхойлолтыг үндэслэн тус хуулийн 4.3.2 зааснаар тогтоохыг, мөн Засгийн газраас баталсан, статистикийн хорооноос санал өгсөн итгэлцүүрийг буруу хууль бус ашигласныг зогсоож тухай ажилласан Д 3, 4-т өнөөдөр ажиллаж байгаа ажилтны цалин тухайн үед миний ажиллаж байсан ажлын мест нэг ижил тул үнэлгээний олон улсын стандартын дагуу зах зээлийн хандлагаар тооцож итгэлцүүрийг зөв ашиглаж насаараа хортой нөхцөлд хуулийн дагуу ажилласан миний биед үнэн бодит тэтгэвэр хуулийн дагуу тогтоохыг даалгаж өгнө хэмээн нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
2.3. Нэхэмжлэгч Н.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Ө******* миний бие 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өөрийн биеэр тэтгэврийн хэмжээг ахин тогтоолгохоор хүсэлтийг гаргаж байсан. Тухайн үед хэрэгжиж байсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан”, 28.1.2 дахь заалтад “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” гэх заалтыг үндэслэн ажилласан жил болон төрүүлсэн 3 хүүхдээ тооцуулж ахин судлуулах хүсэлт гаргасан боловч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс хуулийн хугацаанд хариу өгч хэлэлцэхгүй, миний бие 1978 оноос 1996 он хүртэл ажилласан. Эрчим хүчний байгууллагад маш олон жил ажилласан. 20 настайгаас эхлэн Д 3, 4-т шөнийн ээлжид өдөр шөнөгүй ажилладаг байсан. Тэтгэвэр тогтооход хэмжээг нь дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хүсэлт гаргасан.
2.4. Тухайн үед тэтгэвэр тогтоохдоо 3 хүүхдийг минь тооцдоггүй байсан. Дараа нь тэтгэврийн хэмжээг өөрчлөхдөө 3 хүүхдийг минь тооцон дахин 1 удаа судлах боломж байгаа юм. Түүнд үндэслэн дахин 1 удаа миний тэтгэврийг судалж өгөхийг хүссэн. Гэтэл тэтгэврийг минь үнэн зөв тогтоож өгөөгүй, зориудаар тасралтгүй ажилласан 5 жилийн дунджийг үгүй хийсэн байдлыг болиулж *******-3, *******-4-ийн бодож гаргасан өнөөгийн мөнгөний үнээс бодож миний тэтгэврийг нэмэгдүүлж өгөхийг л хүсэж байна” гэв.
Гурав. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1. Хариуцагч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Баянгол дүүргийн тоотод оршин суух Ш******* овгийн Нын Ө*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж*******гаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
3.2. Н.Ө******* нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан "Н овогтой Ө******* ******* регистрийн дугаартай Төвийн эрчим хүчний харьяа Т*******-4-д 1978 оны 06 дугаар сарын 26-аас 1994 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан. 1988 оноос 1992 оны цалингийн тодорхойлолтоор тэтгэвэр тогтоож өгнө үү" гэсэн өргөдлийг гаргаснаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг үндэслэн нийт 20 жил 2 сар ажилласнаар тооцож, 1988-1992 оны 5 жилийн дундаж цалингаас тэтгэврийг тогтоож, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн олгосон байна.
3.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан 3 хүүхэд төрүүлж, өсгөсний жилийг нэмэхгүй байгаа үйлдэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дах заалтад "Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно" гэсэн заалт нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр хуульчилсан байна.
3.4. Мөн Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23.1.4 дэх хэсэгт "тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас до*******гүй жил төлсөн, төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн эхийн төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар тооцсон хугацаа"-г нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох хугацаанд оруулахаар зохицуулсан болно.
3.5. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйл 27.1 дэх хэсэгт "Хуулийг дагаж мөрдөх журмаар дараах асуудлыг зохицуулна" гэж, 27.1.6-д "Хууль буцааж үйлчлэх онцгой тохиолдол" гэж тус тус заасан байна. Дээрх хуулийг буцаан хэрэглэх талаар тусгайлан зохицуулаагүй тул 2020 оноос өмнөх хугацаанд хүүхдийн тоогоор ажилласан жилийг 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцох эрх зүйн зохицуулалтгүй болно. Дулааны 4 цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ү.Таас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/1524 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н.Ө*******ын тус компанийн Үйлдвэр техникийн хэлтэс (хуучнаар)-т зураг хуулбарлагчаар, архивын эрхлэгчээр ажиллаж байсан нь хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тодорхойлолтыг гаргаж өгөх үндэслэлгүй талаарх тодорхойлолтыг ирүүлсэн байна.
3.6. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах Эрчим хүчний салбарын ажил мэргэжлийн жагсаалтад зураг хуулбарлагч албан тушаал нь хамаарахгүй байх тул хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй байна. Иймд Н.Ө*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1. Нэхэмжлэгч Н.Ө******* нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан тэтгэвэр тогтоолгох хүсэлт(1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал)-ийг гаргаж, түүний дагуу нийт 20 жил 2 сар ажилласнаар тооцож 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тэтгэвэр олгож эхэлсэн байна(1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал). Ийнхүү тогтоохдоо 1988-1992 оны хоорондох дундаж цалин 180,300 төгрөгөөр тогтоож, түүний ажилласан 20 жил, 2 сараар бодож тооцсон байна.
1.2. Нэхэмжлэгчээс авч буй тэтгэврийг хэмжээг өөрчлөн тогтоолгохоор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал)-ийг гаргасан ба Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 050 тоот албан бичиг(1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал)-ээр “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь заалтад “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно” гэсэн заалт нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шинээр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдэд хамаарах тул таны хүсэлтийн дагуу хүүхдийн тоогоор ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцож олгох боломжгүй” гэх хариуг өгсөн байна.
1.3. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07/41 тоот албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал)-ээр “...Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр таны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсийг өсгөн тооцсон, 822,856 төгрөгийн дүнгээс 20 жил 2 сард ногдох хувиар тооцоход 372,343 төгрөгийн тэтгэвэр тогтоогдсоныг Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 239 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 550,000 төгрөгөөр тооцон 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгосон нь үндэслэлтэй байна” гэжээ.
1.4. Нэхэмжлэгч Н.Ө******* нь “...хүнд нөхцөлд ажилласан жилүүдийг тооцож үзээгүй, 1983, 1986, 1990 онд төрүүлсэн 3 хүүхдийг 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасны дагуу ажилласан жилд тооцоогүй гэх агуулгаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийг ахин тогтоох үндэслэлтэй...” гэж, хариуцагчаас “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдэж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан, хуулийг буцаан хэрэглэх талаар тусгайлан зохицуулаагүй тул 2020 оноос өмнөх хугацаанд хүүхдийн тоогоор ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох эрх зүйн зохицуулалтгүй” гэж тайлбарлан маргасан.
Хоёр. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
2.1. Нэхэмжлэгч Н.Ө******* нь анх Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-т хандан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг гаргасны дагуу нэхэмжлэгчийн баримт, лавлагааг үндэслэн ажилласан хугацааг 20 жил 2 сараар тооцож, 1988-1992 оны хоорондох хугацааны дундаж цалингаас тэтгэврийг тооцож, 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн олгож, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэлцүүр шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар тогтоолоор баталсан тэтгэвэр бодоход баримтлах цалингийн итгэлцүүрээр өсгөж 766,812 төгрөгийн дундаж цалингаас 20 жил 2 сард ногдох 45.25 хувиар тооцож 346,982 төгрөгийг Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 550,000 төгрөгт нийцүүлэн тогтоон тэтгэвэр олгож байгаа нь хуулийг зөрчөөгүй байна.
2.2. Нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль нь 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль байсан тул нэхэмжлэгчийн тэтгэврээ өөрчлөн тогтоолгох үндэслэлтэй эсэхийг дүгнэхийн тулд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх хуулийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
2.3. 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-оос до*******гүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос до*******гүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно”, мөн зүйлийн 4.3.3 дахь хэсэгт “... нийтдээ 20-оос до*******гүй жил, үүнээс 10-аас до*******гүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр” тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй болохыг зохицуулсан байна.
2.4. Энэхүү зохицуулалтаас үзэхэд 10-аас до*******гүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан тохиолдолд эмэгтэй хүн 50 насанд хүрсэн бол өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох эрхтэй болохыг хуульчилсан ба нэхэмжлэгчийн тухайд Дулааны 3 дугаар цахилгаан станцад хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах ажил мэргэжлээр нийт 3 жил 2 сар ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хуульд заасан 10 жил ажилласан байх шалгуурыг хангаагүй, тухайн хүнд нөхцөлд ажилласан 3 жил гаруйн хугацааг хариуцагчаас тэтгэврийг дахин тогтоох, өнөөгийн мөнгөний үнэ цэнд хөрвүүлэн тооцох эрх, үүргийг хуулиар олгоогүй байгаа тохиолдолд уг үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл энэхүү агуулгаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй.
2.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай /1994 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно” гэж заасны дагуу ажилласан жилээ нэмж тооцуулахаар тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүй боловч хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу дахин тэтгэврийг нь тогтоох хуульд заасан эрх үүрэг үүсээгүй байна.
2.6. Өөрөөр хэлбэл 1994 оны Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно” гэх хуулийн заалт нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгээр нэмж, мөн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дугаар зүйл, 3 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө” гэж хуульчилсан байна.
2.7. Үүнээс үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэвэр тогтоолгох гэж байгаа эмэгтэй хүний хувьд төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно гэсэн хуулийн заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа нэмж тооцуулах хуулийн боломжтой байсан байна.
2.8. Цаг хугацаан хувьд хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдахаас өмнө нэхэмжлэгч нь тэтгэврээ тогтоолгосон, мөн дээрх хугацааг нэмж тооцуулах зохицуулалт нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацаанд тэтгэврээ тогтоолгосон хүмүүст хамааралтай байх тул хариуцагчийн “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэг нь 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдэж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан, хуулийг буцаан хэрэглэх талаар тусгайлан зохицуулаагүй тул 2020 оноос өмнөх хугацаанд хүүхдийн тоогоор ажилласан жилийг нэмэгдүүлэн тооцох эрх зүйн зохицуулалтгүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.
2.9. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Тэтгэврийн хэмжээг дараах тохиолдолд өөрчлөн тогтооно”, 25.1.1-д “тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа болон цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй бол” гэж заасны дагуу шимтгэл төлсөн хугацаа, цалин хөлс, төлсөн шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөх үндэслэл бий болсон тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй, гэвч энэ тохиолдолд энэхүү үндэслэл бүрдээгүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн хэмжээг ахин тогтоохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ