Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 109/ШШ2025/0033

 

                       109/ШШ2025/0033

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.У

            Хариуцагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хариуцагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурал

Хариуцагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт хариуцагдах захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М хариуцагчийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох” тухай Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессийн түүхийн талаар:

2.1. Иргэн Т.У, Т.Э нар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн өрсөлдөж тус сумын Засаг даргын захирамжаар Т.Э-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар томилж, Т.У-г тус багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлснөөр уг маргаан үүссэн байна.

 

Гурав. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагч нарын тайлбар, гуравдагч этгээдийн тайлбарын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын Баянгол багийн 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Иргэдийн нийтийн хуралдаанаар багийн иргэдийн нийтийн хурлын даргыг томилох, багийн Засаг даргад нэр дэвшүүлж сумын Засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцэхэд багийн Засаг даргад нэр дэвшигч Т.У, Т.Э бид хоёрын хэн ч олонхын санал аваагүй учир дахин санал хураалт явуулах нөхцөл бүрдсэн. Үүнээс хойш захиргааны байгууллага, албан тушаалтнаас олон хууль зөрчсөн үйлдэл гарсан. Үүнд: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Б нь 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай" 07 дугаар захирамж гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэж, 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй:”, 32.8.3-т “Хурлын хуралдааны даргыг сонгох;”, 32.8.4-т “Баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасныг ноцтой зөрчиж өөрт хуулиар олгогдоогүй, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан. Мөн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн багийн даргад нэр дэвшүүлэх дахин санал хураалт нь 2025 оны 1 дүгээр сарын 26-нд хийсэн хурлын үргэлжлэл юм. Гэвч хууль зөрчсөн болон процессын хэд хэдэн алдаа гаргасан. 2025 оны 1 дүгээр сарын 26-нд хуралдаан даргалагчид санал хураалтаар Б.Н олонхын санал авсан ба хуралдаанд оролцогчдоор гар өргүүлж тогтоолоо батлаагүй. 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны үргэлжлэх процесст ахмад хэмээн сонгогдсон хуралдаан даргалагч Ц.Цэрэнцэгмид нь оролцохоор ирэхэд нь одоо таны оролцоо байхгүй шинэ дарга томилогдсон, зохион байгуулах шинэ ажлын хэсэг томилогдсон гэж хэлээд цагдаа дуудаж гаргасан байна. Ц.Цэрэнцэгмид нь гарахдаа  2025 оны 1 дүгээр сарын 26-нд баталсан хурлын дэгээ дагаж, хурлаар гар өргөж сонгосон ажлын хэсгээ ажиллуулж, хуулиа дагаж мөрдөхийг сануулсан. 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хуралдааны үргэлжлэх процесст Ц.Ц, Б.Н нарыг хэнийг нь ч оролцуулалгүй сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас комисс томилон зохион байгуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэж заасан байдаг. Саналаа өгч явсан нэг иргэн зохион байгуулагч нар компьютер дээрх үндсэн бүртгэл шүүлгүй, шууд нэрийг нь бичээд Э.М-г санал өгүүлчихлээ гэж мэдээлсэн. Э.М нь Баянгол багаас шилжин явсан, харьяалалгүй болох нь тодорхой болсон бөгөөд нэр дэвшигч Т.Э-г дэмжиж Улаанбаатар хотоос ирсэн байсан. Энэ талаарх иргэний мэдээллийг санал хураалт зохион байгуулах комиссын ахлагч Ч.Ш-д анхааруулж хэлсэн. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн

32.3 дэх заалтыг санаатайгаар зөрчин багийн даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг зохион байгуулсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3.-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж заасан байдаг. Тэмдэглэлд 443 иргэн санал өгч Т.Э 222 санал, Т.У-т 219 санал, хүчингүй 2 хуудас гэсэн байна. Харьяалалгүй санал өгсөн иргэнийг саналыг хасаж тооцвол Т.Э нь олонхын саналыг авч чадаагүй харагдаж байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3; 35.3; 56 дугаар зүйлийн 56.5.3; дэх заалтуудыг зөрчин гаргасан дээрх шийдвэрүүд нь дараагийн хууль ёсны багийн засаг даргыг томилогдож иртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан багийн Засаг даргад нэр дэвшигч Т.У-н эрх ашгийг зөрчсөн үйлдэл. Мөн хуульд зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд анх гарсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 07 дугаар захирамжийг үндэслэж гарсан бусад актууд бүхэлдээ илт хууль бус байх хуулийн зарчим үйлчилнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэдийгээр дээрх захиргааны актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч Өндөр-Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 07 дугаар захирамжийг дахин санал хураалт явуулдаг өдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, багийн Иргэдийн нийтийн хурлын 06 дугаар тогтоолыг 2025 оны 3 дугаар сарын 19-ны өдөр, Т.У-г албан тушаалаас чөлөөлөгдөхөд мэдсэн. Т.Э-г хэзээний хэд дугаартай захирамжаар томилсон болохыг мэдэх боломжгүй байгаа учраас мөн өдрийн 6/16 дугаар захирамжаар албан тушаалд томилсон гэж тооцсон болно. Мөн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс хуанлин 30 хоног тооцож 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөрт багтаан нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Иймд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19 өдрийн “Т.Ууганбаатарыг албан тушаалаас чөлөөлөх” тухай Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох” тухай Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоож, Баянгол багийн Засаг даргын сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн Иргэдийн нийтийн хуралд даалгаж өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа:  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 07 дугаартай “Дахин санал хураалт явуулах тухай” захирамжийг дараах үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3., 56 дугаар зүйлийн 56.5.3.-т тус тус заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан болно. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар Хурлын дарга захирамж гаргана.” гэж заасан. Тус сумын Баянгол багийн 2025 оны 1 дүгээр 26-ны өдрийн Иргэдийн нийтийн хуралдаанаар багийн иргэдийн нийтийн хурлын даргыг томилох, багийн засаг даргад нэр дэвшүүлж, сонгон сумын засаг даргад уламжлах асуудлыг хэлэлцээд тухайн багийн засаг даргад нэр дэвшигч нарын хэн нь ч олонхын санал авч чадаагүй учир дахин санал хураалт явуулах шаардлагатай болсон. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан төрийн үйлчилгээг тасралтгүй, шуурхай явуулах зарчимд нийцүүлэн миний бие хуульд заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3.-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заасны дагуу Баянгол багт дахин санал хураалт явуулах тухай захирамж гарган, дахин санал хураалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Баасанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Батбаяр нь 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дахин санал хураалт явуулах тухай 07 дугаар захирамж гаргасан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.-т “сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь баг, хорооны иргэдийн нийтийн хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэж, 32.8.-д “баг, хорооны иргэдийн нийтийн хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй.” гэж, 32.8.3.-т “хуралдааны даргыг сонгох, 32.8.4.-т баг, хорооны засаг даргад нэр дэвшүүлэх, ... гэж заасныг ноцтой зөрчиж, өөрт хуулиар олгогдоогүй, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэж байна." гэжээ. Миний бие Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.-т заасныг огт зөрчөөгүй бөгөөд баг, хорооны иргэдийн нийтийн хурлын нийтлэг бүрэн эрхэд хамаарах нэхэмжлэлд дурдаад буй хурлын хуралдааны даргыг сонгох, баг хорооны засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн бүрэн эрхэд огтхон ч халдаагүй болно. Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай захирамж нь хурлын хуралдааны даргыг сонгоогүй, багийн засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг огтхон ч хөндөөгүй, зөвхөн удирдлага зохион байгуулалтаар хангаж дахин санал хураалт явуулах асуудлыг л шийдвэрлэсэн захирамж болсон. Өөрөөр хэлбэл тус захирамж нь хурлын даргыг сонгох, баг хорооны засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг огтхон ч шийдвэрлээгүй, багийн нийтийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр биш юм. Тус Баянгол баг нь Өндөр-Улаан сумын баг бөгөөд өөрийн суманд харьяалагдах багийн асуудалд удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авсан шийдвэр болсон. Мөн нэхэмжлэлд дурдаад буй сүүлийн санал хураалтын процессын асуудлууд нь миний гаргасан шийдвэртэй огт хамааралгүй юм. Учир нь миний бие дахин санал хураалт явуулах асуудлыг шийдвэрлэсэн болохоос санал хураалт явуулах ажилд биечлэн оролцоогүй болно. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.3. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай “Дахин санал хураалт явуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй байгаа бөгөөд тус сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын даргын захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд гаргасан, удирдлага зохион байгуулалтыг хангаж ажилласан зөв шийдвэр болсон гэж үзэж байна. Дээрх шийдвэрт үндэслэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай “Санал уламжлах тухай” тогтоолыг миний бие хүлээн авч танилцан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.-д “Энэ зүйлийн 56.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд томилно.” гэж заасныг удирдлага болгон Баянгол багийн Засаг даргаар ажиллаж байсан Т.У-г албан тушаалаас чөлөөлж, шинээр засаг даргаар томилуулахаар уламжилсан Т.Э-г албан тушаалд томилох шийдвэрийг өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.4. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа:  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Баянгол багийн иргэдийн нийтийн хуралдааны даргаар хуралд оролцсон иргэдийн олонхын санал аван сонгогдсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...хуульд зааснаар илт ХУУЛЬ бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд анх гарсан сумын ИТХ-ын даргын 07 дугаар захирамжийг үндэслэж гарсан бусад актууд бүхэлдээ илт хууль бус байх хуулийн зарчим үйлчилнэ.” гэжээ. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай “Дахин санал хураалт явуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй байна. Учир нь удирдлага зохион байгуулалтыг хангаж гаргасан, багийн иргэдийн нийтийн хурлын нийтлэг бүрэн эрхэд халдсан шийдвэр байгаагүй болно. 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн дахин санал хураалтын дүнгээр Баянгол багийн Засаг даргаар олонхын санал авч сонгогдсон Т.Э-г томилуулахаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоолоор сумын Засаг даргад уламжлах асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4.-т заасан багийн иргэдийн нийтийн хурлын нийтлэг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан гэжээ.

 

3.5. Гуравдагч этгээд Т.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн засаг даргын сонгуульд өрсөлдөж 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр сонгууль болж, нэхэмжлэгч Т.У бид хоёр багийн засаг даргад өрсөлдөн хэн нь ч олонхын санал авч чадаагүй. Иймд хуульд заасны дагуу дахин сонгууль 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болж миний бие 443 хүний саналаас 222 санал авч олонхын санал авч багийн Засаг даргаар томилогдсон билээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаад буй сонгуулийн процессын асуудлуудыг би мэдэхгүй, миний бие багийн засаг даргын сонгуульд нэрээ дэвшүүлж, хуулийн дагуу өрсөлдсөн бөгөөд сонгуулийн процесс ажиллагаанд огт оролцоогүй билээ. Мөн нэхэмжлэгч нь “иргэн Э.М нь нэр дэвшигч Т.Э-г дэмжиж Улаанбаатар хотоос ирсэн байсан" гэж тайлбарлажээ. Би иргэн Э.Мө-йг надад санал өгсөн талаар огт мэдэхгүй, намайг тэр хүнтэй найз нөхөд гэдэг утгаар надад санал өгсөн гэж нотлох баримтгүй хардалт байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийнхээ хүрээнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргад нэрээ дэвшүүлэн, багийн иргэдийн нийтийн хурлаар сонгогдон олонхын санал авч, хуулийн дагуу багийн засаг даргаар томилогдсон учраас Т.У-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх гэв.

 

3.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, нэгжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 48 дугаар зүйлийн 48.3 заалтыг зөрчиж өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар, өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж гаргаж шинэ ажлын хэсэг байгуулсан. Уг захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь зааснаар илт хууль бус захиргааны акт. Уг захирамжийн Баянгол багт холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэж байгаа. Ажлын хэсэг нь хууль бус, Баянгол багийн хуралд ирсэн иргэдийн ирц хангалттай байсан. Хурлын төлөөлөгч нар, ирсэн иргэд гараа өргөж ажлын хэсэг байгуулсан. Нэр дэвшүүлэх эрхэд халдсан, дотоод зохион байгуулалтад халдсан гэж үзэж байгаа. Гэтэл хурлын дарга дээрх захирамжаар ажлын хэсгийг өөрчилж, бүрэн эрхэд халдсан. Баянгол багт хамаарах ажлын хэсгийн бүрэлдэхүүн илт хууль бус. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хуралд харьяалалгүй 8-9 иргэн саналаа өгч сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн. Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна. Уг захирамжийг дагаж гарсан Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар санал уламжлах тухай тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар, 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох тухай” Б/16 дугаар захирамж илт хууль бус. 2021 оны зөвлөл байгаа. 2025 оны зөвлөл байгуулагдаж амжаагүй, эхний 2 асуудлаа хэлэлцээд тарсан. 2025 оны 1 дүгээр сарын 26-нд Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын зөвлөл байгуулаагүй. Баянгол багийн Засаг дарга Т.У-н бүрэн эрхийн хугацаа  3 жил, 4 сарын хугацаатай хэрэгжүүлсэн байгаа. Т.У- 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 тоот захирамжаар Баянгол багийн Засаг даргаар жинхлэн томилогдсон бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 тоот захирамжаар чөлөөлөгдсөн гэв.

 

3.7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт нь хуульд үндэслээгүй, бодит нөхцөл байдлыг гажуудуулсан учраас дээрх хууль бус нөхцөл байдлуудыг тогтоолгохоор шууд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргасан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь зөвхөн өөрийн хурлын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар захирамж гаргахаар хуульчилсан. Гэтэл доод шатныхаа хурлын Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, нэгжийн тухай хуулиар олгогдсон эрхэд халдаж 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж гаргасан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3., 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус захиргааны актын үндэслэлд хамаарч байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2. дахь хэсэгт “баг, хорооны Иргэдийн нийтийн хурлын зөвлөл нь иргэдийн төлөөлөгчдөөс гадна хурлын дарга, баг, хорооны Засаг дарга зэргээс бүрдэх бөгөөд Иргэдийн нийтийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, мөн хурлын товыг товлон зарлах үүрэгтэй” гэж заасан. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь багийн Иргэдийн нийтийн хуралдааныг товлон зарлах эрхгүй. Дахин санал хураалт явагдсан тухайн өдрийн тэмдэглэлээс харахад нийт 443 хүн санал өгсөн байдаг. Үүнээс Т.Э-т 222, Т.У-т 219, хүчингүй саналын хуудас 2. 443 хүний 50% яг хэдэн хүн, 50+1 нь хэдэн хувь байна гэдэг асуудал хөндөгдөнө. Иргэдийн нэгдсэн ХАОМС программаас, багийн иргэдийн нэгдсэн бүртгэлийг иргэний бүртгэлийн байгууллагаас татаж авах ёстой. Татаж аваад нэг бүрчлэн иргэдийн нэрсийг хэвлэж гаргаад, санал өгч байгаа хүмүүсийн овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаягийн бүртгэл болон шилжилт хөдөлгөөнийг нэг бүрчлэн хянасны үндсэн дээр саналын хуудсыг өгөх ёстой. Гэтэл 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн харьяат бус 9 хүний нэр лавлагаагаар гарч ирсэн. Э.М, Ч.Б, Г.П, Т.Б, Б.Б, С.Б Б.Д Ж.Б гэсэн 8 хүн Өндөр-Улаан сумын Баянгол багийн харьяат бус боловч сонгуульд санал өгсөн. Үүний улмаас Т.У-н сонгох, сонгогдох, хөдөлмөрлөх, төрийн алба хаах, төрийн албан хаагчийн баталгаагаар ханагдах эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэв.

 

3.8. Хариуцагчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал нь баг, хорооны иргэдийн нийтийн хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно” гэж зохицуулсан. Мөн хуулийн 32.8.1-т “Баг, хорооны чиг үүргийг шийдвэрлэх, хурлын хуралдааны дэг зохион байгуулалтын бусад ажлыг хэлэлцэн шийдвэрлэх, хурлын хуралдааны даргыг сонгох, баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх, тухайн хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт өгөх, Засаг даргыг хууль тогтоомжид заасан үндэслэлээр огцруулах санал гаргах, хуулиар тогтоосон эрх олгосон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх, хуульд заасан бусад эрх” гэж зааж өгсөн. Дээрх 8 төрлийн эрхээс Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 07 дугаар захирамж яг аль эрхийг нь хөндсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Мөн уг захирамжийг бүхэлд нь хууль бус гэж байгаа эсхүл зөвхөн Баянгол багт хамаарах хэсгийг хууль бус гэж үзэж байгаа нь тодорхойгүй. н.М гэдэг хүн Т.Э-т эсхүл Т.У-т санал өгсөн эсэхийг хэн ч мэдэхгүй. Саналыг хуудсыг үзлэг хийж тоолоогүй. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт үзэхгүй байна. Уг захирамж нь Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан бүрэн эрхийн асуудлыг огтхон ч хөндөөгүй. Зөвхөн удирдлага зохион байгуулалтаар хангасан шийдвэр байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

 

1.1. Иргэн Т.У-с Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Б.Н Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Б нарт холбогдуулан 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийг хариуцагчаар тодорхойлсон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагч Б.Н-н хэзээ гарсан ямар шийдвэрт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа, тус сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хурлын хэдний өдрийн ямар хуралдааныг бүхэлд нь хүчингүй болгуулахыг хүссэн, мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар Т.Э-г томилсон хэдэн оны, хэд дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 109/ШЗ2025/0105 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар 14 хоногийн хугацаа тогтоожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал)

1.2. Т.У тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж ирүүлээгүй үндэслэлээр тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 109/ШЗ2025/0121 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. (1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал)

 

1.3. Улмаар Т.У Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн хурал, Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б, Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Б нарт холбогдуулан 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/15, Б/16 дугаар захирамж тус тус илт бус хууль болохыг тогтоолгох, дахин сонгууль явуулахыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

1.4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4. дэх хэсэгт “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.” гэж зааснаар иргэн Т.Ууганбаатар нь захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд хэдийд ч хандах эрхтэй.

 

1.5. Т.Ууганбаатарын нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3., 14 дүгээр зүйлийн 14.4., 14.5. дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй байна.

 

2. Уг хэрэг маргааны үйл баримтыг дурдахад:

 

2.1. Иргэн Т.У-н эрхэлж байсан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1., 11 дүгээр зүйлийн 11.1.9. дэх хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байна.

 

2.2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” 05 дугаар захирамжаар Баянгол багийн Иргэдийн Нийтийн хуралдаан даргалагч, Засаг даргыг сонгох санал хураалтыг зохион байгуулах хэсгийг томилсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал)

 

2.3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Хэлэлцэх асуудал батлах тухай” 03 дугаар тогтоолоор “Багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдааны даргад  нэр дэвшүүлэх, багийн Засаг даргад  нэр дэвшүүлэх, багийн иргэдийн нийтийн хурлын зөвлөлийг сонгох” асуудлыг баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал)

 

2.4. 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр болсон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын сонгуульд өрсөлдсөн Т.У, Т.Э нарын хэн аль нь олонхын санал аваагүй учраас дахин сонгууль явагдах болсон талаар хэргийн оролцогч тайлбарладаг. (1 дүгээр хавтаст хэргийн 1, 47, 132 дахь тал)

 

2.5. Улмаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай” 07 дугаар захирамжаар “Багийн Засаг даргад нэр дэвшүүлж санал хураалт явуулахад хэн ч олонхын санал аваагүй багуудад дахин санал хураалтыг Баянгол багт 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагаас 15 цагийн хооронд ... явуулахаар, дахин санал хураалтыг зохион байгуулах ажлын хэсгийг хавсралтаар баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал)

 

2.6.  Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоолоор “... Т.Э-г Баянгол багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал)

 

2.7. Улмаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 захирамжаар Т.У-н бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/16 дугаар захирамжаар Т.Э-г тус сумын Баянгол багийн Засаг даргын албан тушаалд томилсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал)

 

3. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар: 

 

3.1. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжийн Баянгол багт хамаарах болон, хавсралтын Баянгол багт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоол,

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж,

- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох” тухай Б/16 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тайлбарласан. 

 

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:” гэж, 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;” гэж, 5.1.5-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж тус тус зааснаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Баянгол багийн Иргэдийн Нийтийн хурал нь захиргааны байгууллага (албан тушаалтан) болохын хувьд өөрийн үйл ажиллагаандаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.” гэж, 4.2. дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гэж, 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж тухайлан заасан зарчмыг баримтлах үүрэгтэй.

 

3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... , хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Жаран гуравдугаар зүйлийн 2.-т “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, ..... нийцсэн байх ... мөрдөнө.” гэж тус тус зааснаар тухайн сумын Хурлын болон багийн иргэдийн Нийтийн хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамж нь хууль дээдлэх үндсэн зарчимд нийцжээ.

 

3.4. Шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3.-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;” гэж, 47.1.6.-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж, 47.1.7.-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэж заасан захиргааны актуудыг илт хууль бус шинжийг агуулаагүй байна гэж үзлээ. Учир нь,

 

3.5. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. дэх хэсэг Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна: 11.1.1.-д “захиргааны акт”, 37  дугаар зүйлийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх захиргааны актууд нь илт хууль бус акт гэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.6. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3.-д заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”,  47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7.-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгодог. Мөн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан, захиргааны актын зохицуулалтын зүйл нь хэн ч хийж чадахааргүй бол,  ноцтой хор уршиг бүхий алдааг илэрхийлэх зэргийг хамааруулж үзнэ.

 

3.7.  Түүнчлэн  “Захиргааны акт илт хууль бус болох” шинжүүдэд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны алдааг илэрхийлэхгүй, харин захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүй ноцтой зөрчлүүд хамаарна.

 

3.8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т.У-с Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжийн Баянгол багт хамаарах болон, хавсралтын Баянгол багт холбогдох хэсэг, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох” тухай Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоох,” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

4. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд,

 

4.1. Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт нарийвчлан заасан ба дээрх хуулийн 56.5.3-т “Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж заажээ.

 

4.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... багийн засаг даргад нэр дэвшигч Т.У Т.Э бид хоёрын хэн ч олонхын санал аваагүй учир дахин санал хураалт явуулах нөхцөл бүрдсэн.” гэж тайлбарлаж, хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга “... тухайн багийн засаг даргад нэр дэвшигч нарын хэн нь ч олонхын санал авч чадаагүй учир дахин санал хураалт явуулах шаардлагатай болсон. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 02 сарын 14-ний өдрийн 07 дугаартай “Дахин санал хураалт явуулах тухай” захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 56 дугаар зүйлийн 56.5.3-т тус тус заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан” гэж маргадаг.

 

4.3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хуралдааны дэгийг, мөн өдрийн 02 дугаар тогтоолоор тооллогын комисс томилж, 03 дугаар тогтоолоор хэлэлцэх асуудлыг тус тус баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 62-67 дахь тал)

 

4.4. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурал 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дээрх асуудлуудыг хэлэлцэж баталсан боловч тус багийн иргэдийн Нийтийн хурлын зөвлөлийг байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

 

4.5. Хэргийн оролцогчийн хэн аль нь “Баянгол багийн иргэдийн Нийтийн хуралдаан даргалагч, Засаг даргыг сонгох санал хураалтыг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулсан” Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн “Ажлын хэсэг томилох тухай” 05 дугаар захирамжтай тухайн үед маргаагүй, уг захирамжид гомдол гаргаагүй байдаг.

 

4.6. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9. дэх хэсэгт зааснаар “Баг  хорооны иргэдийн Нийтийн Хурлын Зөвлөл нь иргэдийн төлөөллөөс гадна баг, хорооны Засаг дарга болон Хуралдааны дарга, хорооны хэсгийн ахлагч нараас бүрдэх бөгөөд гагцхүү иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, дараагийн хуралдаанд бэлтгэх, хуралдааныг товлон зарлах үүрэгтэй. Зөвлөлийн хурлыг Хуралдааны дарга тэргүүлнэ.”, мөн хуулийн 32.10. дахь хэсэгт “Баг, хорооны иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанаас хуралдаан даргалагчийг 2 жилийн хугацаагаар сонгоно. Хуралдаан даргалагч нь хуралдааныг удирдан явуулах, хуралдааны шийдвэрийг албажуулан гарын үсэг зурах, дараагийн хуралдааны зохион байгуулалтын бэлтгэлийг хангах үүрэгтэй. ... “, гэж зааснаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн хурлаас зөвлөлийг томилж тогтоол гаргаагүй, дахин санал хураалт явуулах хуралдааныг товлох тогтоолыг гаргаагүй болох нь тогтоогдсон.

4.7. Улмаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргад нэр дэвшигч Т.У Т.Э нар нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр болсон багийн Засаг даргын сонгуульд өрсөлдөж хэн ч олонхын санал авч чадаагүй талаар хэргийн оролцогч тайлбарладаг ба Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга уг асуудлын хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 56 дугаар зүйлийн 56.5.3-т тус тус заасныг үндэслэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай” 07 дугаар захирамжийг хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан нь хуульд нийцсэн байна.

5. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

5.1. Тус сумын ээлжит сонгууль явагдаж Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал илт хууль бус акт гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь:

 

5.2. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна.” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.” гэж, 32.2. дахь хэсэгт “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.” гэж, 32.7. дахь хэсэгт “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна.” гэж тус тус заажээ.

 

5.3. Нэхэмжлэгч Т.У дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн багийн даргад нэр дэвшүүлэх дахин санал хураалт нь 2025 оны 1 дүгээр сарын 26-нд хийсэн хурлын үргэлжлэл юм. 2025 оны 1 дүгээр сарын 26-нд хуралдаан даргалагчид санал хураалтаар Б.Н олонхын санал авсан ба хуралдаанд оролцогчдоор гар өргүүлж тогтоолоо батлаагүй. 2 сарын 22-ны өдрийн хуралдааны үргэлжлэх процесст Ахмад хэмээн сонгогдсон хуралдаан даргалагч Ц.Ц нь оролцохоор ирэхэд одоо таны оролцоо байхгүй шинэ дарга томилогдсон, зохион байгуулах шинэ ажлын хэсэг томилогдсон гэж хэлээд цагдаа дуудаж гаргасан. Ц.Ц нь гарахдаа 1 дүгээр сарын 26-нд баталсан хурлын дэгээ дагаж, хурлаар гар өргөж сонгосон ажлын хэсгээ ажиллуулж, хуулиа дагаж мөрдөхийг сануулсан. 2 дугаар сарын 22-ны өдөр хуралдааны үргэлжлэх процесст Ц.Ц Б.Н нарыг хэнийг нь ч оролцуулалгүй сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас комисс томилон зохион байгуулсан.” гэж тайлбарладаг.

 

5.4. Уг хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7. дахь хэсэгт “Сум, .. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээжилт сонгуулийн дараах баг, .. иргэдийн Нийтийн хурлын хуралдааныг сум,.. Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна.” гэж заасны дагуу Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 05 дугаар захирамжаар Баянгол багийн иргэдийн Нийтийн хуралдаан даргалагч, засаг даргыг сонсгох санал хураалтыг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон байдаг. (1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал)

 

5.5. Улмаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдааныг 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан талаар хэргийн оролцогч, нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй.

 

5.6.  Тус сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын даргад Б.Н Б.Б нарыг нэр дэвшүүлж Б.Н олонхын санал авсан талаар 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлд тусгагдсан бөгөөд тус багийн Иргэдийн нийтийн хурлын 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Б.Н-г хуралдааны даргаар сонгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 67, 80-82 дахь тал)

 

5.7. 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол багийн Засаг даргын дахин санал хураалтын тэмдэглэлд “... иргэн н.Ц өмнөх санал хураалтаар хурал даргалсан одоо энэ санал хураалтад сууна гэхэд хурлын дарга Н ажлаа хүлээгээд авчихсан гэдгийг Ц-д тайлбарласан” талаар тусгагдсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 98 дахь тал)

 

5.8. Нэгэнт хуульд заасан үндэслэлээр 2025 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын хуралдаан даргалагчаа сонгосон бөгөөд дахин санал хураалт явуулах хурлыг зарлаагүй, эрхийн акт гаргаагүй байна.

 

5.9. Ийнхүү дахин санал явуулах хуралдааныг зарлах эрхийн акт гараагүй тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3. дахь хэсэгт “Аймаг, сум... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар хурлын дарга захирамж гаргана.” гэж заасны дагуу Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 07 дугаар захирамжаар тус сумын Баянгол багт 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуралдсан хурлыг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоодсонгүй.

 

6. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

6.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8. дахь хэсэгт “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй:” гэж, 32.8.4.-т “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж, 56 дугаар зүйлийн 56.5.3.-т “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх;” гэж тус тус зааснаас үзвэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хуралд “Олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” эрх хэмжээ хуулиар олгогдсон байна.

 

6.2. Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2025 оны 1 дүгээр сарын 26-ны хуралдаан даргалагчид санал хураалтаар Б.Н олонхын санал авсан боловч хуралдаанд оролцогчдоор гар өргүүлж тогтоолоо батлаагүй. 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хуралдааны үргэлжлэх процесст Ц.Ц-д, Б.Н нарын хэнийг ч оролцуулалгүй сумын Иргэдийн төлөөлөгчдийн  хурлаас комисс томилон зохион байгуулсан” гэж тайлбарлаж, хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын хуралдааны дарга Б.Н “... Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар “Дахин санал хураалт явуулах тухай” захирамж удирдлага зохион байгуулалтыг хангаж гаргасан, багийн иргэдийн нийтийн хурлын нийтлэг бүрэн эрхэд халдаагүй учир илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй. Баянгол багийн засаг даргаар олонхын санал авч сонгогдсон Т.Э-г томилуулахаар сумын засаг даргад уламжлах асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан” гэж маргаж байна.

 

6.3. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын тогтоолоор олонхын санал авсан иргэнийг багийн Засаг даргад томилуулахаар санал уламжлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.4., 56 дугаар зүйлийн 56.5.3.-т заасныг тус тус үндэслэсэн нь хуульд нийцжээ.

 

7. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох” тухай Б/16 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

7.1. Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.” гэж заажээ.

 

7.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Иргэн Т.У нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаар захирамжаар жинхлэн томилогдсон” гэж тайлбарладаг.

 

7.3. Улмаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамжаар “Т.У-н бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үндэслэлээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 57 дугаар зүйлийн 57.1. дэх хэсэгт заасныг үндэслэн түүнийг Баянгол багийн Засаг даргын албан тушаалаас 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр чөлөөлжээ.

 

7.4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна” гэж заасан, нэгэнт нэхэмжлэгч Т.Ууганбаатарын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тохиолдолд энэ үндэслэлээр багийн Засаг даргыг чөлөөлсөн сумын Засаг даргын шийдвэр хууль бус гэж, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

 

7.5. Нэгэнт хуульд заасан хугацаа дуусгавар болсон Засаг даргын бүрэн эрх цаашид үргэлжлэх хууль зүйн боломжийг хуулиар олгоогүй тул Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/15 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч Т.У-н зөрчигдсөн эрх сэргэх, Засаг даргаар үргэлжлэн ажиллах үр дагавар үүсэхгүй юм.

 

7.6. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хурлаас “2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болсон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын дахин сонгуульд олонхын санал авсан иргэн Т.Э-г тус багийн Засаг даргаар томилуулах” саналыг тус сумын Засаг даргад уламжилсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал)

 

7.7. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 56 дугаар зүйлийн 56.4., 56.6. дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Авлигатай тэмцэх газрын 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 05/5088 тоот албан бичгийн дагуу Т.Э-т хувийн ашиг сонирхлын зөрчил үүсээгүй гэж үзэж 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Баянгол багийн Засаг даргын албан тушаалд томилжээ.” (1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал)

 

7.8. Сумын Засаг даргад ... нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар томилох эрх хэмжээ Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон тул маргаан бүхий Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/15, Б/16 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг захиргааны актуудыг илт хууль бус гэж үзэхгүй.

 

8. Дахин сонгууль явуулахыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

8.1. Нэхэмжлэгчээс гаргасан дахин сонгууль явуулахыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн хуралд даалгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, шүүх дээр дурдсанаар маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.  Түүнчлэн нэхэмжлэгч Т.У нь 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “... Засаг даргаар ажиллаж байсан албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг олгох” хүсэлтийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад гаргасан байна.  (1 дүгээр хавтаст хэргийн 111 дэх тал)

 

10.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1. “ Аймаг, сум. .. хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.У нь уг сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг нийгмийн баталгаа эдлэхээ илэрхийлсэн байна. 

 

11. Улмаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 03/249 дүгээр албан бичгээр тус сумын 2026 оны төсвийн төслийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд уг төсвийн төсөлд улс төрийн албан тушаалтан Т.У-т олгох 6 сарын тэтгэмж суугдсан байна. (2 дугаар хавтаст хэргийн 180 дахь тал)

 

12. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн .... асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Засаг даргын сонгуульд иргэд санал өгсөн асуудалд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

 

13. Хариуцагч, гуравдагч этгээд нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд: Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Б, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурлын дарга Д.Н, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б, гуравдагч этгээд Т.Э нар 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагч, гуравдагч этгээд нарыг байлцуулахгүйгээр тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар мэдүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4. дэх хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн дээрх хэргийн оролцогч нарыг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

            14. Иргэдийн санал өгсөн гэх бор дугтуйтай саналын хуудас бүхий баримтуудыг үнэлээгүй тул Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хуралд буцааж өгөхийг дурдав.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ  нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 4.2. дахь хэсгийн 4.2.1, .4.2.5. дахь заалт, 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсгийн 47.1.3., 47.1.6., 47.1.7. дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4., 56.6. дахь хэсэг,  66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Т.У-с Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Иргэдийн нийтийн хурал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаар захирамж, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн иргэдийн нийтийн 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хурал, Баянгол багийн иргэдийн нийтийн хурлын 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Санал уламжлах тухай” 06 дугаар тогтоол, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн "Т.У-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/15 дугаар захирамж, мөн өдрийн “Т.Э-г албан тушаалд томилох” тухай Б/16 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, Баянгол багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Баянгол багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.ОДОНТУЯА