Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/428

 

 

 

 

    2024           04            11                                       2024/ДШМ/428

М.А-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Баярчимэг,

шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2311016131265 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

А-,

 

Шүүгдэгч М.А- нь 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн *** тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Ж.И-, Б.Б-, Б.А- нарын эд зүйлсийг хууль бусаар авч 924.150 төгрөгийн хохирол,

мөн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын гадна байрлуулсан Э.Б-гийн өмчлөлийн “Трек” загварын унадаг дугуйг  хууль бусаар авч 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч М.А-од холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоож, шүүгдэгч А-ыг үйл ажиллагаа явуулах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд тус тус зааснаар 1.888.150 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Б-д 1.000.000 /нэг сая/ төгрөг, хохирогч Б.Б-ад 79.750 /далан есөн мянга долоон зуун тавь/, Б.А-д 300.000 /гурван зуун мянга/, хохирогч Ж.И-д 508.400 /таван зуун найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч М.А-ын цагдан хоригдсон 19 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.А- давж заалдах гомдолдоо: “...миний бие ШУТИС-ыг Уул уурхайн маркшейдер мэргэжлээр 2006 онд төгссөн. Төгсөөд мэргэжлээрээ 13 жил ажиллаж байна. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс надад 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Ажил хийж байхдаа байрны урьдчилгаа болох 30 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа. Хохирогч нарт учруулсан 1.889.400 төгрөгийг төлж барагдуулж, хохиролгүй болгосон. Согтууруулах ундаа хэрэглэснээс болж хулгай хийсэн үйлдэлдээ маш ихээр харамсаж байна. Өөрийн буруу үйлдлээс болж хоригдсон энэ хугацаанд маш олон зүйлийг бодож, харамсаж байна. Цаашид нийгэмдээ хэрэгтэй, зөв хүн болж төлөвшиж, ажил төрлөө хийж сайхан амьдрах болно. Иймд надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг өөр төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч М.А-ын өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч М.А-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч М.А- хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, төлбөрөө нөхөн төлсөн, хохирогч нар гомдол саналгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Баярчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...тухайн зүйл анги нь 2-8 жилийн хорих ялын санкцтай. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.А-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн шатнаас оргон зайлсан, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд 3 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.А-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.А- нь 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цагийн үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Чингэлтэй дүүргийн *тоотод үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Ж.И-, Б.Б-, Б.А- нарын эд зүйлсийг хулгайлан авч 924.150 төгрөгийн,  

мөн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Нийслэлийн засаг даргын Тамгын газрын гадна байрлуулсан Э.Б-гийн өмчлөлийн “Трек” загварын унадаг дугуйг хулгайлан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

эд зүйлээ алдсан талаарх хохирогч Ж.И-гийн “...Б- бид хоёр хамтдаа СU дэлгүүр; орохоор гарсан, А- ганцаараа үлдсэн. Бид хоёрыг СU дэлгүүрээс буцаад ирэхэд А- гадаа зогсож байсан. Тэгээд бид 3 дотогшоо ороод хөгжмөө салгахдаа А- цүнхээ байхгүй байгааг анзаарсан. Тэгээд Б- болон би бас цүнхээ шалгахад цүнхнүүд маань байхгүй байсан. Хажуу талын Төрийн банкны камерыг шүүж үзэхэд саравчтай малгайтай, хар куртиктэй, канттай өмдтэй эрэгтэй хүн манай үйлчилгээний газар руу орж байсан. ... 00 цаг 43 минутанд СU дэлгүүрт ...дараа нь шөлөндөөд 2 удаа, СU дэлгүүрт 01 цаг 22 минутанд дахиад карт уншуулсан байсан. ...” /хх 31/,

хохирогч Б.Б-ын “...хоолны газар нээх гэж байгаа байранд найзууд болох А-, И- нарын хамт байж байгаад цүнхээ алдсан. ...Гэтэл бас дээр нь цүнхэнд байсан Голомт банкны картаар CU сүлжээ дэлгүүрийн 2 салбар болон Шөлөндөө цайны газар үйлчлүүлээд 34.750 төгрөгийн зарлага гарсан байсан. ...” /хх 36/,

 

хохирогч Б.А-гийн “...тухайн үед манай хоёр найз болох Б-, И- нар CU дэлгүүр орох гээд явчихсан хойгуур би гадна хаалгаа цоожлоогүй 00 өрөө орчихсон байсан юм. Гэтэл тэр хооронд гаднаас хүн орж ирээд ширээний хажуугийн сандал дээр тавьсан байсан бид гурвын цүнхийг аваад явсан байсан. ...” /хх 39/,

 

хохирогч Э.Б-гийн “...09 цагийн үед ажил дээрээ ирээд талбай руу явсан. Нийслэлийн Засаг даргын тамгийн газар луу орох болоод унадаг дугуйгаа гадаа цоожлоогүй үлдээсэн. Ойролцоогоор 5-6 минут болчихоод эргээд гараад ирсэн байхгүй болсон байсан. Хяналтын камер үзэхэд 40-50 настай гэмээр нэг эрэгтэй хүн ирээд унаад явсан байсан. ...” /хх 91-92/,

 

М.А-ын яллагдагчаар өгсөн “...хуучнаар Туул ресторан чиглээд явж байхад нэг байрны буланд кафе юм уу гэмээр нэг үйлчилгээний газар онгорхой үүдний хэсэгт ширээний хажууд сандал дээр эмэгтэй хүний гэмээр цүнх байхаар нь явж ороод тэнд байсан 3 ширхэг цүнхийг аваад гарсан. Яг ямар цүнх байсан гэдгийг санахгүй байна. Цүнхнүүдийг авч гараад нэг байрны гадаа очиж ухаж үзэхэд утасны чихэвч, хэтэвч, түлхүүр зэрэг эд зүйл байсан, чихэвч болон Голомт банкны картыг аваад цүнхнүүдийг хаясан. ...Нийслэлийн засаг даргын газрын ойролцоо нэг дугуй цоожгүй сул байхаар нь унаж Нарантуул худалдааны төв ороод нэг танихгүй хүнд 50.000 төгрөгөөр зарсан. ...” /хх 59, 78/ гэсэн мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-6/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлт /хх 8-12, 98-100/, алдсан эд зүйлийн үнэлгээ /хх 26-28, 112-115/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

         

          Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч М.А- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч М.А-ын үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Эрх бүхий байгууллагаас тогтоосон эд зүйлийн үнэлгээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоон, 1.888.150 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.А-оос гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцсэн байна.

 

Шүүгдэгч М.А- “...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн хэдий ч түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар түүнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.А-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгч М.А- нь 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Б-ын Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансанд 79.500 төгрөгийг, хохирогч Ж.И-гийн Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансанд 508.400 төгрөгийг, хохирогч Б.А-гийн Хас банкны ****тоот дансанд 300.000 төгрөгийг, хохирогч Э.Б-гийн Хаан банкны ***** тоот дансанд 1.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “...Шүүгдэгч М.А-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

4 дэх заалтыг “...Шүүгдэгч М.А-од оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүгдэгч М.А- нь Б.Б-ын 79.500 /далан есөн мянга таван зуу/ төгрөгийг, Ж.И-гийн 508.400 /таван зуун найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг, Б.А-гийн 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг, Э.Б-гийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН