Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 111/ШШ2025/0032

 

 

 

 

 

                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , нарын хоорондын “Хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Е.Туяадэлгэр нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Хөдөлмөрийн хэвийн бус хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг даалгах”-аар маргаж байна.   

2.******* нь 2022 онд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр буюу нефть хангамжийн оператор ажил мэргэжлээр тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан.

Тус зөвлөл 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 03 тогтоолоор операторчоор ажилласан хугацааг хортой нөхцөлд оруулан тооцох боломжгүй гэх хариуг өгчээ.

3.Улмаар 2025 онд дахин Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл гаргахад 2025 оны 3 дугаар  сарын 14-ний өдрийн “Даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 12 дугаар тогтоолоор мөн татгалзсан.

4.Тиймээс уг тогтоолыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд гомдол гаргаж, тус зөвлөлийн 2025 оны ******* сарын 24-ний өдрийн 32/36 дугаар албан бичгээр “...Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2025 оны 03 дугаар  сарын 14-ний өдрийн “Даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 12 дугаар тогтоолыг хэвээр үлдээсэн тухай хариуг өгсөн байна.

5.Нэхэмжлэгч ******* Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн хариуг эс зөвшөөрч, 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

6.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “ овогтой миний бие 1971 онд төрсөн. Баянхонгор аймагт амьдардаг. Нефть хангамжийн баазад Нефть хангамжийн операторчин мэргэжлээр эдүгээ 28 дахь жилдээ ажиллаж байна.

Нэхэмжлэх гаргах шалтгаан нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221-тушаалын хавсралтад тэтгэврийг хортой, хөнгөлөлтэй нөхцөлөөр тогтоох жагсаалтын 195-д Нефть хангамжийн операторчин гэсэн оноосон нэршил буюу дүйцүүлэн тооцох ажил мэргэжлээр тэтгэвэрт орохоор 2022 онд Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд өргөдөл гаргасан. Тус зөвлөл өргөдлийг хүлээн аваад аймаг, сумын операторууд энэ заалтад орох боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ нь яагаад болохгүй байгаа вэ гэсэн тодорхой хариултгүй, зүгээр л болохгүй гэсэн бүрхэг хариулт өгсөн. Хариугаа бичгээр авна гэхээр шалтаг тоочоод удсаар 1 жилийн дараа тус газрын /раgе/ хуудас руу хүсэлт бичиж байж авсан. Энэ үед дарга нь , нарийн бичиг нар байсан. Хариуг хугацаанд нь гаргаагүй учир дээд шатанд хандах хугацаа өнгөрсөн байдаг. Ажилдаа хайнга хандаж иргэн намайг үл тоон бие мах бодь, сэтгэл санааны хохиролд оруулж өдийг хүргэсэн.

Миний хийж буй ажлыг хортой гэдгийг баталж манай байгууллага ажилтнууддаа хор саармагжуулах бүтээгдэхүүнийг тухай бүр олгон, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд 2 функт өсгөн төлдөг. Энэ нь хортой нөхцөл гэдгийг баталж байгаа болно.

Ийнхүү байж байтал надтай адил хохирч яваа Дархан уул аймгийн Шарын голын “” ХХК-ийн операторчин нэгэн иргэн тухайн хэлтэстээ өргөдөл гарган сөрөг хариу авсан мэдээлэл цахим орчинд анхаарал татаж эхэлсэн. Энэ хүн тухайн салбартаа 10 гаруй жил ажилласан. Надтай адил гомдол гарган асуудлаа шийдүүлж тэтгэвэртээ орсон байдаг. Энэ мэдээллийн дагуу хүнтэй барьцаа хийж буй биш хууль яагаад адил тэгш хэрэгжихгүй байна гэсэн гэх гомдолтойгоос гадна манай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн зохих ажил хариуцаж буй этгээдүүд миний асуудлыг нухацтай үзэж болох талаас нь харахгүй байгаад гомдож, шат шатанд хандаж байна.

Мөн тухайн ажил мэргэжлийн жагсаалтад нэр нь байгаа нефтийн засварчин, нефтийн жолооч, гагнуурчин гэх хүмүүс тэтгэвэртээ гарсан байдаг. Гэтэл операторчин яагаад болохгүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 4 сарын 24-ний өдрийн 32/36 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 3 сарын 14-ний өдрийн 12 дугаар тогтоолд аймаг сумын операторууд энэ нэршлээр тэтгэвэрт орохгүй гэсэн.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1******* зүйлийн 2 дахь заалт буюу хүнийг хийж буй ажил, амьдарч буй газар, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж үл болно гэсэн заалтыг зөрчиж байгаад иргэн миний бие гомдолтой байгаа юм.

Энэ үгээр бол Улаанбаатарт байгаа нефть бүтээгдэхүүн хортой, Баянхонгорт байгаа нефть бүтээгдэхүүн хоргүй гэсэн ойлголт болж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ? Миний бие энэ салбартаа тасралтгүй 28 жил ажилласан, Монгол Улсын газрын тосны тэргүүний ажилтан даатгуулагч энэ ажилдаа ухамсарт амьдралаа зориулсан даатгуулагч болно. Одоо бол бие дийлэхгүй болоод хортой нөхцөл нь үнэн л юм чинь тэтгэврээ тогтоолгоё гэхээр шийдэж өгөхгүй байгаад гомдолтой байгаа юм.

Миний ажил нь нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, хэмжилт тооцоолол хийхээс эцсийн хэрэглэгч хүртэлх бүх үйлдлийг гардан гүйцэтгэдэг болно. Энэ ойлголтыг нэг мөр шийдвэрлэхгүй бол ганц би биш энэ салбарын олон арван ажилчид хохирсоор байгаа билээ. Энэ мэт асуудлын араас явсаар олон кейс баримтуудыг олж мэдсэн учир дахин 2025 оны 01 дүгээр сард тус газрын Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд дахин гомдол гаргасан. Гомдлыг хүлээн авахад би өөрийн биеэр орж тайлбар хийе гэснийг зөвшөөрсөн.

Зөвлөлийн хуралд Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга *******, Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч , , аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүн , аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга нар 5 хүн оролцсон. Бусад гишүүд хүндэтгэх шалтгаанаар ирээгүй. Хуралд оролцсон ажил олгогч эздийн болон үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд миний асуудлыг дэмжсэн хэдий ч Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд эсрэг байр суурь илэрхийлж асуудал шийдэгдэхгүй болохоор миний бие хуулийн хэлтсийн хүнийг байхаар тайлбар авах хүсэлтэй байна. Хий хуараар асуудлыг шийдэхгүй хурлыг ирц бүрдэхээр хуралдаж өгөх хүсэлт тавьснаар хурлыг хойшлуулсан. Дараагийн хурал 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хуралдсан. Тус хуралд зөвлөлийн 7 гишүүн оролцсон. Үүнд:

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга *******, Нийгмийн даатгалын хэлтсийн тасгийн дарга , Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч , , Хууль зүйн хэлтсийн дарга , Нийгмийн бодлогын хэлтсийн дарга , Ажил олгогч эздийн холбооны тэргүүн нар оролцсон. Гишүүдийн саналыг сонсоход хуулийн хүнээс тайлбар авах миний хүсэлд хууль зүйн хэлтсийн дарга тус ажил нь нэршлээрээ буюу дүйцүүлэн тооцох ажил мэргэжлийн жагсаалтаар хортой нөхцөлд орж болох юм байна гэсэн, мөн нийгмийн бодлогын төлөөлөл , ажил олгогч эздийн төлөөллүүд дэмжихэд, Нийгмийн даатгалын хэлтсээс оролцож буй комиссын 4 гишүүн ойлгохыг хүсэхгүй, хичээхгүй зөвлөмжөө дагана гэж хий хуараар асуудалд хандан төрийн албаны ёс зүй, чадамж, өсөн дэвжих чадварлаг мэргэшсэн байх даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үйлчилгээг эрхэмлэх чанарыг умартан сайдын тушаалаас давсан зөвлөмжийг үндэслэн нэг талыг барьж үгссэн байдалтай санал өгсөнд даатгуулагч иргэн миний хувьд гомдол тээн дараагийн шат болох танай байгууллагад хандаж байгаа болно.

Эрхэм шүүгч та хууль журмыг үндэслэн иргэн миний нэхэмжлэлд эерэг шийдвэр гарган хариу өгч хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарган өгөхийг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү. Даатгуулагч миний бие мэргэжлээс шалтгаалах өвчинтэй болсон биеийн байдал сайнгүй байдаг болно. Эс үгүйсгэвээс дараагийн шатны алхамд шилжихээс өөр замгүй болсон билээ гэжээ.

7. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ийн () нь Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх тухай хэд хэдэн удаа хандахад тухай бүр хариултыг нь өгч ажилласаар ирсэн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.4. нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй; 5.1.5. нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; заалтуудын болзлыг хангаж байгаа эсэхийг ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад нотолж болох баримтуудыг иргэнээс авч тал бүрээс нь судалж үзсэн.

Тухайлбал: Тухайн үеийн нэршлээр Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх "Гомдлын шаардлагын зөвлөл"-ийн гишүүн хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч ******* "Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн үндэсний төв"-д хандаж тодруулахад шатахуун түгээх станцын түгээгч буюу нефть хангамжийн операторчныг хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь хэвийн гэж үнэлэгдсэн байна гэж хариулт авч байсан. Мөн манай байгууллагаас дахин хандаж тодруулахад "Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг "Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн үндэсний төв"-ийн "Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний төв"-өөс гадна итгэмжлэгдсэн лаборатори бүхий 3-4 аж ахуйн нэгж байгууллага үнэлгээ хийдэг, шатахуун түгээх станцтай холбоотой хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний мэдээллийн байгууллагын нууцын тухай хууль, байгуулсан гэрээний дагуу өөр байгууллагад мэдээлэл өгөх боломжгүй, харин тухайн байгууллага нь өөрөө хүсвэл гаргаж өгөх боломжтой, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний үнэлгээг хийхдээ 24 цагийн турш мэргэжлийн багаж төхөөрөмж ашиглан Өртөлтийн хугацаагаар нь хэмжиж нарийвчлан хийдэг өөрөөр хэлбэл тухайн хорт бодист өртөж байгаагаар нь тооцож хэмжинэ гэсэн үг" хэмээн хариулсан.

Мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ ажиллаж байгаа байгууллагынхаа удирдах дээд байгууллагадаа хүсэлт гаргаж хөдөлмөрийн нөхцөлөө дахин үнэлгээ хийлгээрэй гэж зөвлөгөөг иргэн ******* өгч байсан. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн *******ыг Баянхонгор аймагт ажиллах үед уулзаж зөвлөгөө авахад шатахуун түгээх станцын түгээгч, нефть хангамжийн операторчин нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй гэж зөвлөсөн.

Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гурванбулаг сумын иргэн ын хувийн өргөдлийг шийдвэрлэхийн тулд 2023 оны 221 дүгээр тушаалаар батлагдсан жагсаалтын 2.19 дэх хэсгийн 195 дугаарт байгаа ажил мэргэжлийн ангилалд шатахуун түгээх станцын түгээгч, нефть хангамжийн операторчныг оруулан тооцож болох талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024 оны ******* сарын 01-ний өдрийн 01/200 дугаар албан бичгээр хандаж, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04/915 дугаар “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгээр хариу ирүүлэхдээ аймаг, сумын шатахуун түгээх станцын "түгээгч", "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй болно гэх албан бичгийн хариу ирүүлсэн.

Иргэн ******* "Даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон тухай" 2022 оны 03 дугаартай Гомдлын шаардлагын зөвлөлийн тогтоолыг хүлээн аваад дараагийн шатанд хандаагүй, 2025 оны 12 дугаартай Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн "Даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон тухай" тогтоолыг гардаж аваад манай байгууллагын залуу мэргэжилтнийг элдвээр хэлж загнаж, ажлын бус цагаар мессеж бичиж ажлаас халширч зүрхийг нь үхүүлэхүйц үйлдэл гаргасан нь дараагийн шатанд хандаад дэмжигдэхгүй гэдгийг мэдээд залуу мэргэжилтнүүдийг дарамталсан гэж хардахад хүргэж байна.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх "Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2025 оны 12 дугаар тогтоолыг зөвшөөрөлгүй Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсаныг 2025 оны ******* 24-ний өдрийн 32/36 дугаартай "Шийдвэр хүргүүлэх тухай" албан бичгээр тус зөвлөлийн 12 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсэн тухай мэдэгдсэн.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох нь хуульд заасны дагуу журмаар зохицуулагдаж байгаа тул иргэн *******ийн хийж буй ажил, амьдарч буй газар, албан тушаалаар ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй, Улаанбаатарт байгаа нефть хортой, Баянхонгорт байгаа нефть хоргүй гэж мушгиж ойлгосон ойлголтоо хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний дүнгээр эцэслэж ойлгож аваасай гэж хүсэж байна.

Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас эрүүл мэндийн байдалд муугаар нөлөөлж байгаа асуудлаа эрүүл мэндийн байгууллагаар оношлуулан Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлөөр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаагаа тогтоолгож хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгон авах бүрэн боломжтой.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар “Даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн хэвийн бус хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг даалгах”-аар маргасан.  
  2.  Даатгуулагч *******ийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг хариуцагч татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд татгалзсан шийдвэрийн эсрэг даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл хангагдсан, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг даалгах” гэж тодруулсан тул энэ хүрээнд хянан шийдвэрлэсэн болно. 
  3. Нэхэмжлэл үндэслэлтэй байх тул шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  4. Нэхэмжлэгч ******* дараах үндэслэлээр маргасан байна. Үүнд:
    1. Хөдөлмөр, нийгэм хамгааллын  сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 195-д нефть хангамжийн операторчин гэсэн нэршлээр дүйцүүлэн тооцох ажил мэргэжлээр тэтгэвэрт орох асуудлаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл гаргасан. Уг зөвлөл аймаг, сумын операторчин хөдөлмөрийн хортой, хөнгөлөлттэй нөхцөлд орох боломжгүй гэсэн хариу өгсөн. Хариугаа бичгээр өгөөгүй тул дээд шатны байгууллагад хандах хугацаагаа өнгөрөөсөн.
    2. Миний ажил нефтийн бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, хэмжилт тооцоолол хийхээс эцсийн хэрэглэгч хүртэлх бүх үйлдлийг гардан гүйцэтгэдэг болно. Энэ ойлголтыг нэг мөр шийдвэрлэхгүй бол ганц би биш энэ салбарын олон арван ажилчид хохирсоор байна. 2025 оны 1 дүгээр сард тус газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд дахин гомдол гаргасан. Комиссын 7 гишүүний 4 гишүүн нь уг жагсаалтаар хортой нөхцөлд орж болох асуудлыг ойлгохыг хүсээгүй, зөвлөмжөө дагана гэж шийдвэрлэсэн. Сайдын тушаалаас давсан зөвлөмжийг үндэслэсэн учир хортой нөхцөлөөр тэтгэвэрт оруулж өгөхийг хариуцагчид даалгуулах хүсэлтэй.
  5. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана. Үүнд:
    1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1.4-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй,”, 5.1.5-д “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй;” гэсэн заалтуудын болзлыг хангаж байгаа эсэхийг ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад нотлох баримтуудыг иргэнээс авч тал бүрээс нь судалсан, шаардлагатай ажиллагаануудыг хийсэн.
    2. Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гурванбулаг сумын иргэн ын хувийн өргөдлийг шийдвэрлэхийн тулд 2023 оны 221 дүгээр тушаалаар батлагдсан жагсаалтын 2.19 дэх хэсгийн 195 дугаарт байгаа ажил мэргэжлийн ангилалд шатахуун түгээх станцын түгээгч, нефть хангамжийн операторчныг оруулан тооцож болох талаар Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2024 оны ******* сарын 01-ний өдрийн 01/200 дугаар албан бичгийг хүргүүлсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газар 2024 оны 5 дугаар 03-ны өдрийн 04/915 дугаар албан бичгээр “...аймаг, сумын шатахуун түгээх станцын "түгээгч", "нефть хангамжийн операторчин" ажил мэргэжил нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахгүй...” гэх албан бичгийн хариу ирүүлсэн.
    3. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох нь хуульд заасны дагуу журмаар зохицуулагдаж байгаа тул иргэн *******ийн хийж буй ажил, амьдарч буй газар, албан тушаалаар ялгаварлан гадуурхсан зүйлгүй.

Тогтоогдсон үйл баримтын талаар:

  1. Нэхэмжлэгч ******* хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 03 дугаар тогтоолоор[1] *******ийн 2002 онд *******ийн ШТС-д түгээгч, сахиул, операторчин, 2010 онд ******* ШТС-д операторчин, 2018 онд ******* ШТС-д ахлах операторчин, 2020 оноос хойш одоог хүртэл төвийн ШТС 1,2,3,4-д ахлах операторчноор ажилласан хугацааг хортой нөхцөлд оруулан тооцохгүйгээр шийдвэрлэжээ.
  2. Үүний дараа 2025 оны 1 дүгээр сард даатгуулагч ******* дахин Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасныг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Даатгуулагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 12 дугаар тогтоолоор[2] Хөдөлмөр, нийгэм хамгааллын  сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан жагсаалтын хөдөлмөрийн хортой нөхцөл бүлгийн 2.19 нефть боловсруулах үйлдвэрийн хэсгийн 195-д заасан ажил мэргэжилд хамааруулан тооцохгүйг тогтоосон байна.
  3. Дээрх тогтоолыг эс зөвшөөрч, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандсан байх бөгөөд 2025 оны ******* сарын 24-ний өдрийн 32/36 дугаар албан бичгээр[3] шатахуун түгээх станцын түгээгч, операторчин нь хөдөлмөрийн хортой болон хүнд нөхцөлийн ажил мэргэжилд хамаарахгүй тул хэвийн бус нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй талаар хариу хүргүүлсэн.
  4. Хэрэгт цуглуулсан нотлох баримтууд болох *******ийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт[4], Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт[5] зэргээс үзвэл нэхэмжлэгч нь 1971 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 54 настай, нийт 28 жил ажилласан, тодруулбал “*******” ХХК-ийн Баянхонгор салбарын даргын 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 120 дугаар тушаалаар эрхлэгч, түгээгч, оператор, “*******” ХХК-д төвийн ******* шатахуун түгээх станцад  эрхлэгч, түгээгч, оператор, “*******” ХХК-ийн Баянхонгор НХС-т нефть хангамжийн операторын ажилд тус тус томилогдон, өдрийг хүртэл ажиллаж байгаа нь тогтоогдох ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
  5.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:”, 5.1.4-т “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй жил мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 45 насанд хүрсэн эмэгтэй;” гэж тус тус заасан.  
  6.  Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж тусгайлан эрх олгосны дагуу Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг баталсан. Уг жагсаалтын 195-д нефть хангамжийн операторын ажлыг дүйцүүлэн хэрэглэх ажил мэргэжлийн жагсаалтад оруулахаар тогтоож, уг заалт хүчин төгөлдөр байна.
  7.  Гэтэл хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар нефть боловсруулах үйлдвэрийн нефть хангамжийн операторын ажлыг хамааруулна гэж хэт явцууруулан тайлбарлаж, даатгуулагчийг хөдөлмөрийн хортой нөхцөлөөр тооцож, тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн ******* зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүйгээс гадна нэхэмжлэгчийн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.
  8.  Хэдийгээр "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт"-ын 2 дугаар зүйлийн 19-т “Нефть боловсруулах үйлдвэр”-ийн тухайд хэрэглэгдэх мэтээр жагсаасан ч жагсаалтын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл хэсэгт нефтьтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг ажил, мэргэжлийг заагаагүйгээс үзвэл нэхэмжлэгчийн ажил мэргэжлийн чиг үүрэг, гүйцэтгэл, бусад нөхцөл байдлыг харгалзан даатгуулагчид ашигтайгаар тайлбарлан хэрэглэх боломжтой гэж үзэв. Тодруулбал, нефть хангамжийн операторчин ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэр, эсхүл нефть хангамжийн байгууллагын алинд ажиллаж байгаагаас үл хамааран тухайн ажил мэргэжлийн онцлог байдал нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарна.
  9.  Монгол улсад нефть боловсруулах үйлдвэр төслийн шатанд судлагдаж байгаагаас өөрөөр үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолт[6], шүүх хуралдааны явцад нефть хангамжийн операторын чиг үүрэг нь бензин шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой ойр, байнга харьцдаг, улмаар эрүүл мэндийн байдалд өөрчлөлт орж, үнэрлэх эрхтэн ажиллагаагүй болсон гэх мэдүүлэг зэргээс дүгнэвэл нефтийн төрлийн бодистой харьцдаг түгээмэл ажил мэргэжилд шатахуун түгээх газрын нефть хангамжийн операторыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын  сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Жагсаалт, журам батлах тухай” А/221 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 195-д дүйцүүлэн хэрэглэж, даатгуулагчийг хортой нөхцөлөөр тэтгэврийг тогтоох боломжтой байжээ.
  10. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04/915[7], 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 04/1091[8] дугаар албан бичгүүдийг үндэслэн даатгуулагчийг хортой нөхцөлөөр тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хариуцагч Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын газар *******ийн хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох хүсэлт, холбогдох материалыг хүлээн авч, хянаад тэтгэврийг тогтоох шаардлагатайг тус тус дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэрт оруулахыг Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.ОЮУНСАЙХАН

 

 


[1] Хавтаст хэргийн 43 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 4******* тал

[3] Хавтаст хэргийн 6******* тал

[4] Хавтаст хэргийн 112 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 113-11******* талууд

[6] Хавтаст хэргийн 100-106 дугаар талууд

[7] Хавтаст хэргийн 68 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 115-121 дүгээр талууд