Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,

Улсын яллагч Ц.Цэрмаа

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан,

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халбин овогт Д.Г-д холбогдох 1721002870090 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Халбин овогт Д.Г Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд .......... оны .......... сарын ...........-ний өдөр төрсөн, ...............настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ............../, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ...................... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 10 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг “Зүрх” гэх газарт оршин суух өөрийн гэрийн гадна хохирогч Т.Амгаланбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын 29-ний өдөр...би адуу малаа услаад байж байсан чинь манай Өлзийбаяр гэрийнхээ хаяаг манаж байхад Амгаланбаатар хүрзийг нь булааж аваад Өлзийбаярыг хөөсөн. Мөн ээжийг “гичий, янхан, тар нар муусайн пизданууд” гэх мэтээр элдвээр доромжлоод байхаар нь би түүнийг 2 удаа цохисон. Бид нар Амгаланбаатарыг унтуулах гэж зөндөө оролдоод дийлээгүй. Тэгтэл манай хүргэн ах Лхагвадорж руу дайраад элдэв өнгөөр хэлээд агсраад байсан ба ах юм яриагүй, түүнийг түлхээд өөрөөсөө холдуулаад орхисон. Амгаланбаатарын гарыг хүртэл хүлж үзсэн боловч хүлгээ тайлаад байхаар нь бид түүнийг тэр чигээр нь орхисон. Тэр өдөр би эрүүл байсан...” гэжээ. /хх 57-58/

Хохирогч Т.Амгаланбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 10 сарын 29-ний өглөө Зоригоо ахтай хоёр шил архи уугаад өдөр 12 цагийн орчимд Г-н гэрт мотоциклоо авах гэж очсон юм. Тэгээд би Г-д “чи манай хадам аавын байшингийн цонхыг хагалсан, тэрийгээ төлөхгүй юм уу” гэсэн чинь Г намайг цохиод унагаасан. Би тухайн үед архи уусан байсан болохоор яаж ч чадаагүй. Нэг мэдсэн чинь Г миний нүүр рүү өшиглөж байсан.

Тэр үед Г намайг 1 удаа нүүр рүү цохиж унагаагаад, нүүр рүү 1-2 удаа өшиглөж, толгой нүүр чих рүү гараараа цохисон. Тухайн үед миний баруун талын чих жаахан юм сонсохгүй шуугиад байсан, одоо зүгээр болсон...Одоо миний бие зүгээр, надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх 12-13/

Гэрч Н.Туяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хажуу айлын хөрш Амгаланбаатар гэх залуу өдөр 13 цагийн орчим манай гэрт шал согтуу ирэхдээ нүүр ам нь нил цус болсон халцарсан байсан. Манай хүргэн Лхагваа ажил хийж байсан чинь Амгаланбаатар очоод “чи муу нохой, Лхагваа пизда” энэ тэр гэж хараагаад агсам тавиад зүгээр байлгахгүй манай хүүхдүүд болон над руу дайрч мотоциклоо асаагаад гэр орон дайрах гээд ойр хавийн бүх хүмүүст агсам тавьж амгалан тайван байдал алдагдуулсан...манай хүү Г хүрзийг нь булааж аваад Амгаланбаатарыг газарт унагаагаад нүүр рүү нь 1-2 удаа цохисон...” гэжээ. /хх 20-21/

Гэрч Д.Өлзийбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Г ах тэсвэр алдаад 1-2 удаа цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй...” гэжээ. /хх 23-24/

Гэрч Я.Басгаадай мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр гэртээ ганцаараа малаа хараад байж байхад манай зүүн хойд хөршийн Ганбаа /Г/ мотоциклтой ирээд “та манайд очиж хүргэнээ ав, гэрт согтуу ирээд агсам тавиад байна” гэсэн...Тэгээд Г-ыг явсны дараа нээх удаагүй Амгаланбаатар нүүр нь тэгширсэн, цус болсон байсан... “Ямар ч байсан Ганбаа цохиж байсныг хальт санаж байна” гэж хэлсэн...” гэжээ. /хх 25-27/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 656 тоот дүгнэлтэд: “1.Т.Амгаланбаатарын биед дух, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун, зүүн нүдний салст доорхи цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн чихний ард цус хуралт, хамрын таславчийн хуучин муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой болно. 3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 40/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Дээрх нотлох баримтуудаас гадна Э.Лхагвадорж /хх 28-30, 31, 32-33/, Н.Туяа /хх 18-19/ болон хохирогч Т.Амгаланбаатар /хх 14-15/, шүүгдэгч Д.Г /хх 34-37/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 42-46/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 60/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 10 сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг ........... гэх газарт өөрийн гэрийн гадна хохирогч Т.Амгаланбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд “дух, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун, зүүн нүдний салст доорхи цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн чихний ард цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Амгаланбаатар хүрзийг нь булааж аваад Өлзийбаярыг хөөсөн. Мөн ээжийг “гичий, янхан, та нар муусайн пизданууд” гэх мэтээр элдвээр доромжлоод байхаар нь би түүнийг 2 удаа цохисон...” /хх 57-58, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн хохирогч Т.Амгаланбаатарын “...Би Г-д “чи манай хадам аавын байшингийн цонхыг хагалсан, тэрийгээ төлөхгүй юм уу” гэсэн чинь Г намайг цохиод унагаасан...Тэр үед Г намайг 1 удаа нүүр рүү цохиж унагаагаад, нүүр рүү 1-2 удаа өшиглөж, толгой, нүүр, чих рүү гараараа цохисон...Одоо миний бие зүгээр, надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...”  /хх 12-13/ гэх,

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Д.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...Г ах тэсвэр алдаад 1-2 удаа цохисон...” /хх 23-24/ гэх,

Гэрч Э.Лхагвадоржийн “...Тухайн үед Амгаланбаатар хүрз бариад хадам эгч, дүү нар руу дайрч давшлаад байхаар нь Г очиж хүрзийг нь булааж аваад нүүр рүү нь 2 удаа цохисон...” /хх 32-33/ гэх,

Гэрч Н.Туяагийн “...Амгаланбаатар хүрз бариад над руу дайрсан. Тэгэхэд нь манай хүү Г худаг дээр байж байснаа гүйж ирээд хүрзийг нь булааж аваад Амгаланбаатарыг газарт унагаагаад нүүр рүү нь 1-2 удаа цохисон...” /хх 21/ гэх,

Гэрч Я.Басгаадайн: “...Тэр өдөр гэртээ ганцаараа малаа хараад байж байхад манай зүүн хойд хөршийн Ганбаа /Г/ мотоциклтой ирээд “та манайд очиж хүргэнээ ав, гэрт согтуу ирээд агсам тавиад байна” гэсэн...Тэгээд Г-ыг явсны дараа нээх удаагүй Амгаланбаатар нүүр нь тэгширсэн цус болсон байсан... “Ямар ч байсан Ганбаа цохиж байсныг хальт санаж байна” гэж хэлсэн...” /хх 25-27/ гэх мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 42-46/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн 656 тоот дүгнэлт /хх 40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Хохирогч Т.Амгаланбаатарын эрүүл мэндэд учирсан “дух, хамрын нуруу, баруун хацрын зулгаралт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун, зүүн нүдний салст доорхи цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн чихний ард цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар гараар цохисон шүүгдэгч Д.Г-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халбин овогт Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх  хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Г-д анхааруулсугай.

5. Эрүүгийн 1721002870090 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ