Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/017

 

 

*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч  *******/цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2314000000306  дугаар хэргийг 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ................. багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн *******, /РД:*******/ ,

Шүүгдэгч *******ыг согтуугаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 20-21 цагийн орчим Баянхонгор аймгийн Жаргалан сумын 4 дүгээр багт байрлах өөрийн гэртээ хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Жаргалант сумын хэсгийн цагдаа *******ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, дүрэмт хувцасны цамцыг урж, цээж, баруун эгэм, зүүн 1-р хурууны зулгаралт бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн  гэмт хэрэгт холбогдуулан  Баянхонгор аймгийн Прокурорын газраас

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн  1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

Шүүгдэгч ******* овогтой *******ийн *******ыг  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан / 06 / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант сумын хэсгийн цагдаа *******ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг ойлгож, учирсан гэм хорыг арилгасан. Үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа үнэн зөвөөр мэдүүлж, гэмшин, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадахаа илэрхийлсэн. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасныг үндэслэн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь шүүгдэгч ******* нь үйлдсэн гэмт хэргээ эхнээс  үнэн зөвөөр мэдүүлж, өөрийн гэм бурууг бүрэн ойлгож, чин санаанаасаа гэмшин  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг хүлээн авч  Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шийдвэрлэхээр хэрэг хянан шийдвэрлэх журмыг танилцуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шийдвэрлэх ёстой атал тус заалтыг зөрчин шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзлээ. Иймд 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 15 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг хэрэглэн мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийг журамлан Эрүүгийн хуулийн 7.1-д зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү  гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлт гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйлгүй. Шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанарт тохирсон байна. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хорих ялыг үлдэгдэл хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч ******* нь согтуугаар, Баянхонгор аймгийн Жаргалан сумын 4 дүгээр баг, өөрийн гэртээ 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20-21 цагийн орчим хууль сахиулагч,  Баянхонгор аймгийн Жаргалант сумын хэсгийн цагдаа *******ыг албан үүргээ биелүүлэх явцад нь  биед нь халдаж, дүрэмт хувцасны цамцыг  нь урж, цээж, баруун эгэм, зүүн 1-р хурууны зулгаралт бүхий гэмтэл учруулан хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн  гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

Хавтаст хэргийн 19-21 дүгээр талд авагдсан “...би дуудлагад очоод гэрт орж “амрыг эрье” гэж мэндлээд ...,... ******* гэх хүн шууд над руу дайрч “чи муу гөлөг намайг торгосон, одоо би чамайг ална пизда минь” гээд босож ирээд миний хувцаснаас барьж аваад миний хоолойноос заамдаж барьж “чи наад мөрдөс хувцсаа тайлчих, 2-уулаа үзчихье” гээд “чамайг ална” гээд дайраад байсан. ...цагдаагийн байран дээрээ очсон. ...над руу ахиад дайрсан, тэгэхээр нь “та битгий биед хүрээд бай, би хууль ёсны шаардлага тавилаа, биед хүрвэл би танд биеийн хүч тусгай хэрэгсэл ашиглана шүү” гэж хэлэхэд арай гайгүй болсон.

... Миний албаны дүрэмт хувцаснаас заамдаж, миний хоолойг боож, цамцны товч тастаж, миний хүзүү гарыг хумсаараа маажиж чамайг ална гэж дайрч байсан...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 25-27 дугаар талд авагдсан “...орой 20 цагийн үед ******* согтуу орж ирээд...  хутгатай гараа дээлийнхээ ханцуйг цоолж дээш нь үзүүрийг нь гаргаад манай ээжийг гарыг нь хойш хөшиж унагаачхаад хутгагүй гараараа 7-8 удаа цохихоор нь би гараад хүүхдээ аваад найз залуугаа гэр лүү оруулсан. Тэгээд манай найз залуу ороход урдаас нь нүүр лүү нь мөргөсөн бас толгой руу 3-4 удаа цохисон, ...манай найз залуу нүүр хэсэг рүү нь баруун гараа зангидаж байгаад 1 удаа цохисон, ...ээжийг нэг удаа өшиглөх үед ...манай ахыг цээж рүү нь 2 удаа шанаа руу 1 удаа алгадсан.

...цагдаагийн алба хаагч орж ирэн “амрыг эрье гэхэд ...“чи наад мөрдсөө тайлчих, 2-уулаа сайхан үзчихье” гээд дайраад байхад Ганзориг “чи зүгээр бай” гээд *******ыгаа цааш түлхсэн.  Цагдаа дээр очиход ******* цагдаагийн байранд очсон сумын цагдааг “чи намайг торгодог наадахаа асаа” гээд компьютер рүү нь заагаад байсан. Тэгээд цагдаагийн байрны ширээ рүү өшиглөсөн. Мөрдсөөс нь зулгаагаад бас хоолойноос заамдаад “чамайг ална” гээд орилоод байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

Хавтаст хэргийн  29-31 дүгээр талд авагдсан “...цагдаа ирчихлээ гээд намайг дуудсан, тэгээд би ортол ******* цагдаагийн хувцаснаас заамдаад барьчихсан “чи намайг торгодог хэн бэ” гээд дайраад байсан. Цагдаа дээр очтол ******* цагдаагийн өөдөөс орилоод наадахаа асаа би хохирогч нь байна гээд ширээг нь өшиглөсөн тэгээд цагдаагийн алба хаагч согтуурал шалгах багажаар шалгасан....” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

Хавтаст хэргийн 33-36 дугаар талд авагдсан “...цагдаа руу дайраад ахиад цагдаагийн бие хувцаснаас нь ахиад татаж чангаагаад байсан, тэгээд цагдаагийн байрны ширээ рүү өшиглөөд байсан...”  гэх гэрч ийн мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 38-40 дүгээр талд авагдсан “... ******* нь ...цагдаагийн алба хаагч орж ирэхэд “чи намайг торгодог чи хэн бэ, би чамайг ална” гээд заамдаж аваад хэл амаар доромжлоод ...,...цагдаа руу “би гомдолтой байна, чи мөрдсөө авчих 2-уулаа гаръя” гээд орилоход цагдаагийн алба хаагч ******* “аваад ажил руу явж байя, та нар араас хүрээд ирээрэй” гээд аваад явсан.  ..” гэх гэрч ын мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 45-46 дугаар талд авагдсан “....цагдаагийн алба хаагч юу болсон талаар асуухад ******* сууж байсан орон дээрээсээ босоод “чи муу яах гээд байгаа пизда вэ” гээд хувцаснаас нь бариад авсан, тэгээд “чи намайг торгосон” гээд олон юм яриад байсан...” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 62 дугаар талд авагдсан “...цагдаа цагаан цамцны нийт үнэ 40.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх “ ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 сарын 01-ний өдрийн 331 дугаар дүгнэлт,

Хавтаст хэргийн 56-57 дугаар талд авагдсан “... *******ын биед цээж, баруун эгэм, зүүн 1-р хурууны зулгаралт гэмтэл  нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх Баянхонгор аймаг дахь Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 512 дугаар дүгнэлт

Хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан “...цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэж хувцасныхан товчийг тасалсан үйлдэл гаргасан нь миний буруу өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би согтууруулах ундааны төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэснээс болж өөрийгөө хянах чадваргүй болсноос болж уг хэргийг үйлдсэн. Би хохирлоо төлж барагдуулсан байгаа би хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх  “...шүүгдэгч *******ын архидан согтуурч улмаар гэр орондоо хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж хутга барьж жижгээр танхайрсан үйлдлийг таслан зогсоохоор ирсэн хууль сахиулагч *******ыг “намайг торгосон” гэх урьдын үйл баримтыг ярьж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн, албаны хувцасны товчийг тасалж эсэргүүцсэн... “ гэж дүгнэн нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн  болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Мөн анхан шатны шүүх  “...шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж шийдвэрлэсэн ...”  гэх дүгнэлт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...-ий үйлдсэн гэмт  хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай нийцээгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1-т заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт оногдуулах ялын төрлүүд буюу торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлүүдээс Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.6-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй харин   анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа, хохирогчид хохирол төлбөргүй буюу нийгмийн аюулын шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1-т заасан хоёр мянга долоон зуун нэгжээс  арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөс 14000 000 төгрөгөөр торгох ялын хүрээнд  шүүгдэгч *******ын хууль сахиулагчийн хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж, эсэргүүцэх нь хууль бус гэдгийг мэдсээр байж, хүсэж үйлдэхдээ хуульд заасан үүргээ биелүүлж байгаад нь дургүйцэж, саатуулах зорилготой төдийгүй өмнөх шийтгэлдээ өс санасан байдлаа илэрхийлж байгаа зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан    гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван сая төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 77 хоногийн нэг хоногийг 15000 төгрөгөөр  тооцон 1155 000 төгрөгийг хасаж, 1 845 000 төгрөгийг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин хохирогчид хөнгөн хохирол учруулаагүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч “... шүүгдэгч ******* нь ...хэсгийн цагдаа *******ыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар бүрэн тогтоогдсон...” гэж бичсэн хэсэг нь  хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байдлаар бичигджээ.

Мөн  өмгөөлөгчийн “... 17 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг хүлээн авч  шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн ...Эрүүгийн хуулийн 7.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  тэнсэх...” агуулгаар бичсэн гомдлыг хүлээн авах боломжгүй  юм. Учир нь;

Хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан шүүгдэгч *******ын хүсэлтийг Прокурор хүлээн авч тогтоол гарган, 3000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялын саналыг харилцан тохиролцож анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.3 дугаар зүйлийн 3-т” Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл хэмжээ...ний саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж... хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан байхад Прокурорын тогтоол болон саналаа өмгөөлөгчид танилцуулаагүй   орхигдуулсныг   хууль зөрчсөн гэж үзнэ.

 Анхан шатны шүүх   хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шийдвэрлэсэн захирамждаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-ийн 4.1-4.6-т заасан нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар хянаад аль нэг нь хангагдаагүй болохыгоо  тодорхой тогтоож шийдвэртээ бичих байтал “...Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн аль нэг  шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл байгаа тул...” гэж   хуулийн заалтыг  ерөнхий байдлаар нь хуулж хэрэглэсэн нь    хуулийг   тодорхой, ойлгомжтой, зөв хэрэглэхэд алдаатай, ойлгомжгүй  болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.4-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2 дахь заалтад

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг  гурван мянга  нэгж буюу гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан / 06 / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг

“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т тус тус зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 77 хоногийг торгох ялд  тооцон хасаж, нэг сая  найман зуун дөчин таван мянган   төгрөгийг  зургаан сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэж,

5 дахь заалтад “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг

“Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 36.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч *******ыг суллаж,  шийдвэр хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.

   2. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  5.3-т зааснаар шүүгдэгч ******* нь  торгох ялын нэг сая  найман зуун дөчин таван мянган   төгрөгийг  зургаан сар хүртэл хугацаанд төлөөгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

   3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч ******* нь 2024 оны 1  дүгээр сарын 9-ний  өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 77 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

   4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

Л.НЯМДОРЖ