ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2025/0522

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо

Гуравдагч этгээд: О******* ОНӨААТҮГ нарын хороонд үүссэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий тусгай зөвшөөрлийн дагуух үйлчилгээний хэрэглэгчдийг шилжүүлсэнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*******, Г.Н*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Э.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэлийн шаардлага: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 80 дугаар тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 125 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 00399 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Т******* ХХК-д олгож, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 164 тоот тогтоолыг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаатай сунгаж Т******* ХХК-д нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх эрх олгосон. Нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хэрэглэгчдээс Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороонд өргөдөл, гомдол гаргасан тул маргаан бүхий Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 80 дугаар тогтоол болон 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 125 дугаар тогтоолуудаар Т******* ХХК-ийн зөвшөөрлийн хүрээнд хариуцдаг айл өрх, аж ахуй нэгжийн ашиглалт, үйлчилгээг Орон сууц нийтийн аж ахуй удирдах газар ОНӨААТҮГ-т шилжүүлсэн байна.

2.2. Нэхэмжлэгчээс Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолыг эс зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаснаар 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 125 дугаар тогтоолыг эс зөвшөөрч анх 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр захиргааны хэрэг тус тус үүсгэсэн. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1609 дүгээр захирамжаар хэргийг нэгтгэсэн байна.

3. Нэхэмжлэгч Т******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Манай компани нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос олгосон Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4-12.2.8-д тус тус заасан үйл ажиллагааг явуулдаг бөгөөд бид энэ хугацаанд холбогдох хууль, журам, тусгай зөвшөөрөлд заасны дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг зохих ёсоор хангаж, хэрэгжүүлж ирсэн.

3.2. Гэтэл хариуцагч байгууллага нь маргаан бүхий ...Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор Т******* ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл цуцлагдаж, Зохицуулах зөвлөлийн 2022 оны 164 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, хангагч байгууллагад цэвэр, бохир усны үйлчилгээний өр төлбөр үүсгэсэн, хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдсөн тул Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцдаг байрны айл өрх, аж ахуйн нэгжийг О******* ΟΗӨΑΑΤΥΓ-т шилжүүлсүгэй... гэж манай компанийн үйлчлэх хүрээнд бүртгэлтэй хэрэглэгчдийг шилжүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд бидний зүгээс уг тогтоол буюу захиргааны актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3.3. Эрчим хүчний зохицуулах хорооноос олгодог дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл цуцлагдсан нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос олгосон Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд цэвэр, бохир усаар хангах үйл ажиллагаа явуулдаг компанийн хэрэглэгчдийг шилжүүлэх үндэслэл болохгүй бөгөөд байгууллагаас олгодог дээр дурдсан тусгай зөвшөөрлүүд нь өөр өөр, тусдаа төрлийн үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооноос олгодог дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл буюу өөр тусдаа үйл хэрэглэгчдийг нь үндэслэлгүй шилжүүлж тусгай зөвшөөрөл цуцлагдсантай хамаатуулж, манай компаний үйлчлэх хүрээнд бүртгэлтэй хэрэглэгчид нь Эрчим хүчний Зохицуулах хорооноос манайд олгосон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл цуцлагдсанаас шалтгаалж хэрэглэгчид манайд усны төлбөрөө төлөхөө больсон бөгөөд энэ үед хариуцагч байгууллагаас манайд бүртгэлтэй дээрх хэрэглэгчдийг манайхаас өөр байгууллага руу шилжүүлээгүй байсан.

3.4. Гэтэл хэрэглэгчид өөр тусдаа тусгай зөвшөөрлийн асуудал буюу дулааны тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэсэн үндэслэлгүй шалтгаан хэлж, манайд хүйтэн усны цэвэр, бохир усны төлбөрийг төлөхгүй, өөр байгууллагад төлж ирсэн байдаг. Хэрэглэгчид нь хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос олгодог тусгай зөвшөөрлийн дагуу эрхэлдэг цэвэр, бохир усны төлбөр, Эрчим хүчний зохицуулах хорооноос олгодог зөвшөөрлийн дагуу эрхэлдэг халаалт дулааны төлбөр гэж салгаж төлөх боломжгүй бөгөөд үүнээс шалтгаалж цэвэр, бохир усны үндэслэлгүй өр төлбөр үүссэн.

3.5. Хариуцагч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос манайд олгосон Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь ямар нэгэн байдлаар цуцлагдаагүй, хүчингүй болоогүй, өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа тул бид хэрэглэгчдээс үйлчилгээний төлбөр буюу цэвэр, бохир усны төлбөрөө авах ёстой. Гэтэл хэрэглэгчид манай компанийн дулааны тусгай зөвшөөрөл цуцлагдсан шалтгаанаар цэвэр, бохир сууцны төлбөр төлөөгүйгээс үүссэн өр төлбөрт манай компанийг буруутгах үндэслэлгүй юм. Манай компанийн зүгээс усны төлбөрөө төлөөгүй, үндэслэлгүйгээр усны өр төлбөр үүсгэсэн хэрэглэгчдээс усны төлбөрөө шаардаж авахаар харьяалах шүүх болон эвлэрүүлэн зуучлалд хандаад явж байгаа бөгөөд энэ хугацаанд зарим хэрэглэгчид усны төлбөрөө хүлээн зөвшөөрч төлбөрөө төлсөн хэрэглэгч нар байгаа.

3.6. Хариуцагч Хот суурины Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос манайд олгосон Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь ямар нэгэн байдлаар цуцлагдаагүй, хүчингүй болоогүй, өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа бөгөөд хариуцагч нь манайд олгосон тусгай зөвшөөрлөө хүчингүй болгоогүй, цуцлаагүй байж, манай компанид бүртгэлтэй хэрэглэгчдийг өөр компанид шилжүүлж байгаа нь хууль бус юм. Уг хууль бус шийдвэрээс болж манай тусгай зөвшөөрөлтэй компани тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж, хэрэглэгчгүй болж хохирч байна.

3.7. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчдийн асуудлыг зохицуулах, аль алиных нь эрх ашиг сонирхлыг ижил тэгш анхаарч ажиллах ёстой байтал усны төлбөрөө үндэслэлгүйгээр төлөөгүй, өр үүсгэсэн хэрэглэгчдийн эрх ашиг гэж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос олгосон Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь ямар нэгэн байдлаар цуцлагдаагүй, хүчингүй болоогүй, өнөөдрийг хүртэл хүчинтэй үйлчилж байгаа тул тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг зөрчиж, хэрэглэгчдийг нь хууль зөрчиж шилжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

3.8. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна, 25.1.1-д ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2-д оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах гэж заасан. Гэтэл хариуцагч байгууллага энэ хуульд заасан үүргээ огт биелүүлээгүй, хууль зөрчсөн бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа бидэнд мэдэгдээгүй, бидний оролцоог огт хангаагүй, усны өр төлбөрийн асуудлаар холбогдох тайлбар, нотлох баримтыг аваагүй.

3.9. Бидний зүгээс ямар нэгэн зөрчил гаргаагүй, тусгай зөвшөөрөл хүчинтэй үйлчилж, уг тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа, үйлчилгээг харьяалах байр, орон сууц. хэрэглэгчдэдээ хүргэж ажиллаж байхад хариуцагч нь хэрэглэгчдийн цэвэр, бохир ус, дулаан, халаалтын мөнгийг тусад нь нэхэмжлээгүй, хангагч байгууллагад өр төлбөртэй гэж манай эрх ашиг, сонирхлыг зөрчиж, манай үйлчлэх хүрээнд бүртгэлтэй байр, хэрэглэгчдийг өөр байгууллагад шилжүүлж, манайхыг үйлчилгээ үзүүлэх байр, орон сууц, хэрэглэгчгүй болгож, манай компанийг тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болгож цаашид манай тусгай зөвшөөрөл цуцлагдах ноцтой эрсдэлд оруулж байна ... Хариуцагч нь өөр тусдаа Эрчим хүчний зохицуулах хорооноос олгодог, тусдаа үйл ажиллагаа, харилцаа зохицуулдаг тусгай зөвшөөрөл цуцлагдсанг үндэслэж манай компаний хэрэглэгчдийг шилжүүлж байгаа нь буруу юм.

3.10. Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 80 дугаар шийдвэр, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 125 дугаар тогтоолуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд:

4.1. Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасны дагуу Засгийн газрын 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тогтоолоор Зохицуулах хорооны дүрмийг баталж, мөн оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 183 дугаар тогтоолоор бүтэц, орон тоог баталснаар тус Зохицуулах хороо үйл ажиллагаагаа явуулж эхлэх нөхцөл бүрдсэн. Тус Зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тариф тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг бие даасан, хараат бус байгууллага юм.

4.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж заасан байдаг. Иргэний энэ эрхийг хангах үндсэн нөхцөлийн нэг нь баталгаат ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах асуудал байдаг. Ийм ч учраас Монгол Улсын Засгийн газар иргэнийхээ эрхийг хангуулах үүргийг хариуцан хөрөнгө оруулалтыг хийдэг бөгөөд төрийн өмнөөс ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцан гүйцэтгэж байна. Эдгээр аж ахуйн нэгж, байгууллага нь Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зүй ёсны монополд хамаардаг. Монгол Улс бусад улс орны жишгээр ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын зүй ёсны монопол үйл ажиллагааг хязгаарлах, зохицуулах зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын хуулийн дагуу салбарын зохицуулалтыг хариуцуулахаар тус Зохицуулах хороог байгуулаад 11 гаруй жилийн хугацаа өнгөрч байна.

4.3. "Т*******" ХХК нь анх Зохицуулах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6. 12.2.7, 12.2.8-д тус тус заасан Нийтийн аж ахуйн ажил /ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ/ үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авч байсан бөгөөд түүнээс хойш 2019, 2022 онуудад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулсан. Зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолоор "Т*******" ХХК-ийн орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцаж байсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103, 103/1-р байрны 133 айл өрх, 1 хуулийн этгээд, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48, 50 дугаар байрны 296 айл өрх, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 177 айл өрх, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11а байрны 68 айл өрх, 2 аж ахуйн нэгж бүхий хэрэглэгч /нийтдээ 674 айл өрх, 3 аж ахуйн нэгж/-ийг О******* ОНӨААТҮГ-ын үйлчлэх хүрээнд шилжүүлэн бүртгэх зохицуулалтыг хийсэн болно. Дээрх бүртгэл хийхдээ дараах үндэслэл тогтоогдсон тул зохицуулалт хийсэн.

4.4. Т******* ХХК-ийн хэрэглэгчдээс 2021 онд 2 хэрэглэгч, 2022 онд 7 хэрэглэгчээс өргөдөл гомдол ирсэн бол 2023 он гарсаар 22 хэрэглэгчдээс ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдол ирсэн бол 2024 он гараад эхний 5 сарын байдлаар 15 гомдол ирсэн байна. Тус Зохицуулах хороо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 болон 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шийдвэрлэх зорилгоор 2022 онд 3 удаа газар дээр нь шалгаж, гомдол нь тогтоогдсон тул Т******* ХХК-д 2022 оны 01/157, 01/395, 01/667 тоот албан бичгүүдээр үүрэг, даалгаврыг тогтмол өгдөг боловч, үүрэг даалгаврын биелэлтийн хариу ирүүлдэггүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан.

4.5. Тус компанийн хариуцдаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хорооллын 103, 103/1 байрны Баянзүрх апартмент СӨХ-оос 2024 оны 01/31/142 тоот албан бичгээр Т******* ХХК-ийн үйлчилгээ нь шаардлага хангахгүй байгаа тул оршин суугчид тус компаниас үйлчилгээ авахыг хүсэхгүй байгаа тухай, Баянзүрх апартмент хотхоны захиалагч Ай энд жи интернэшнл ХХК-ийн 2024 оны 24/01-028 тоот албан бичгээр Т******* ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, хэрэглэгчдийг хохироодог тул гэрээгээ цуцалсан тухай мэдэгдсэн. Дээрх хэрэглэгчийн гомдлыг судалж, шийдвэрлэх зорилгоор тус Зохицуулах хорооноос Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 521-д Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн, осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ гэж заасны дагуу газар дээр нь хяналт шалгалт хийхээр 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/93 тоот Хэрэглэгчийн гомдлыг шийдвэрлэх тухай албан бичиг хүргүүлсэн.

4.6. Гэтэл тус компани нь 2024 оны 02 дугаap сарын 28-ны өдрийн 24/61 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ танай албан бичигт дурдсан асуудлаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх болон манай байгууллагын гаргасан гомдлын дагуу эрх бүхий байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул шүүхийн шийдвэр эцэслэн гартал уг асуудалд хяналт тавьж, шийдвэр гаргах боломжгүй тухай мэдэгдсэн. Уг асуудлаар захиргааны хэрэг үүсгээгүй байхад илтэд худал тайлбар өгч төрийн байгууллагаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж иргэдийн гомдлыг барагдуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байсан болно. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх хорооллын 103, 103/1 байрны Баянзүрх апартмент СӨХ-оос 2024 оны 03/12/151 тоот албан бичгээр дахин гомдол гаргасан бол тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны Парк хаус СӨХ-оос 2024 оны 24/01 тоот, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны Гэгээ-39 СӨХ-оос 2024 оны Б/0025 тоот, 40 дүгээр хорооны 11a байрны Цайзат хайрхан СӨХ-оос 2024 оны 01/24 тоот албан бичгүүдээр тус компанийн ус хангамж, ариутгах татуургын ашиглал, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхлэх үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тус зохицуулах хороонд ирүүлсэн.

4.7. Хангагч байгууллага болох Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-аас Т******* ХХК нь Баянзүрх дүүргийн 39, 11а, 103, 103-1, 48, 50 дугаар байруудын ашиглалтыг хариуцдаг боловч усны үйлчилгээний төлбөрийг төлөөгүй 107,347,807.55 төгрөгийн өр үүсгэж, айл өрхүүд төлөлт хийгээгүй тул төлбөр төлөх боломжгүй гэсэн тайлбар өгч байгаа тул нөхцөл байдлыг судалж, яаралтай арга хэмжээ авахыг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13/499 тоот албан бичгээр Зохицуулах хороонд ирүүлсэн. Энэ нь Зохицуулах хорооны батлан гаргасан Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага-ын 2.2.1.1-д Тухайн чиглэлээр үйл ажиллагааг хэвийн явуулах санхүүгийн чадамжтай байх, 2.2.1.4-т Хангагч байгууллагад хуримтлагдсан өр төлбөргүй эсвэл өр төлбөр барагдуулах график, гэрээтэй, түүний хэрэгжилтийг хангаж байгааг нотлох баримттай байх гэсэн заалтуудыг хангаагүй мөн тус Зохицуулах хорооноос Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай 2022 оны 164 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт Хангагч болон хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэх гэсэн заалтыг тус компани бүрэн хангаагүй, өөрөөр хэлбэл уг тогтоолыг бүрэн хэрэгжүүлээгүй хангагч болон хэрэглэгчийн эрх ашгийг хохироосоор байгаа нь нотлогдсон.

4.8. Зохицуулах хорооны ажлын хэсэг газар дээр нь үүссэн нөхцөл байдалтай танилцаж байсан бөгөөд Т******* ХХК нь Баянзүрх дүүргийн тухайн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх ажлын байр байхгүй, дуудлага хүлээн авах суурин утас байхгүй, хэрэглэгчдийн гомдолд дурдсан асуудлууд тогтоогдож байсан нь Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага-ын 3.4.5-д Сард борлуулж буй усны хэмжээ нь үйл ажиллагааг хэвийн алдагдалгүй явуулах нөхцөлийг хангасан байх, 3.4.10-т Хэрэглэгчдээс үйлчилгээнийхээ талаар санал, хүсэлтийн судалгааг авч, дүгнэлт гарган, холбогдох арга хэмжээ авч, барагдуулан ажилласан байх 3.4.11-д Орон сууцны засвар үйлчилгээний талаар хэрэглэгчдийн гомдол санал хүлээн авах, шуурхай дуудлагын утас ажиллуулдаг байх, 2.2.1.3-т Үйл ажиллагаа хэвийн явуулахад шаардагдах Орон сууцны холбогдох стандартуудыг хангасан байх гэсэн заалтуудыг хангаагүй бөгөөд Орон сууцны барилгын үйлчилгээ ерөнхий шаардлага MNS 5681:2006 стандартын 5.3-т "Байгууллагын үйлчлэх хүрээ, үйлчилгээний объектуудын байршил, үйлчилгээний төрөл, ажлын цагийн хуваарь, хаяг, холбогдох утасны дугаар, факс, э-майл хаяг, вэб сайт, үнэ тариф, байгууллагын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх мэдээллийг хэрэглэгчдэд ил тод ойлгомжтой харагдахуйцаар байрлуулж, тухай бүр шинэчилж байна, 5.4-т Байгууллага нь диспетчерийн албыг үйлчлэх хүрээ, үйлчилгээний объектуудын байршил, орон сууцны насжилт, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн чанарын түвшин, хамааруулан ажлын ачаалалтай уялдуулан 24, 16, 8 цагаар ажиллуулах санал хүсэлтийн тоо зэргээс бөгөөд тэдний тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 м буюу түүнээс дээш талбай бүхий ажлын байр, багаж хэрэгсэл, материал сэлбэгийн нөөцийг хадгалах тусгай байраар тус тус хангана, 5.6-д Хэрэглэгчидтэй жил бүр гэрээ байгуулж ажиллана, гэрээнд орон сууцанд хийгдэх төлөвлөгөөт болон төлөвлөж буй байгаа засвар, гэрээний үүргийн биелэлт, хэрэглэгчдийн санал гомдлын барагдуулалт болон бусад мэдээллийг хавсаргана", 6.1.1-д "Диспетчерийн албаны ээлжийн ажилтан нь утасны хонхыг 2-оос 3 удаа дуугармагц авч байгууллагын нэр албан тушаалыг тод, эелдэг дуугаар танилцуулж, хэрэглэгчдээс тавьж буй санал гомдлыг анхааралтай сонсон хүлээн авч бүртгэн 10-40 минутын дотор шуурхай барагдуулах бөгөөд лавлагаа шаардлага, мэдээлэл зэрэгт үнэн зөв хариулт өгнө" гэсэн заалтыг хангаагүй болно.

4.9. Иймд Зохицуулах хорооны ажлын алба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй талуудыг байлцуулан сонсох ажиллагаа зохион байгуулахаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/155 тоот албан бичгээр мэдэгдсэний үндсэн дээр 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Зохицуулах хорооны хурлын танхимд сонсох ажиллагаа зохион байгуулсан. Сонсох ажиллагаанд Зохицуулах хорооноос Хэрэглэгчийн хэлтсийн дарга Ш.Энхжаргал, Захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Л.Б*******, Хэрэглэгчийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Оргил, Үнэ тариф, судалгааны газрын ахлах мэргэжилтэн Э.Гүнжинлхам нар оролцсон. Гомдол гаргасан Цайзат хайрхан СӨХ-ны захирал Ц.Мөнхжаргал, Баянзүрх апартмент СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Соёл- Эрдэнэ, Гэгээ-39 СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Одонтунгалаг, Гэгээ-39 СӨХ-ны байцаагч О. Шүрэнцэцэг, "Парк хаус" СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Балган нар, хангагч байгууллага болох Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын төлөөлөл болох Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Төвийн ХҮТ-ийн менежер С.Отгонтуяа, Зүүн ХҮТ-ийн менежер Ө.Шинэцэцэг нар оролцсон бол Т******* ХХК-ийн захирал Э.Б******* ирж, өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн.

4.10. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт "Хот, суурин газарт ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламж болон цэвэрлэх байгууламж, төвлөрсөн дулаан хангамжийн систем, нийтийн халуун усны төв бий болгох ажлыг үе шаттайгаар шийдвэрлэж, тэдгээрийг орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагад хариуцуулан зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороо (А.Тлейхан), Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл (Ж.Батсуурь) нарт үүрэг болгосугай" гэж заасан.

4.11. Т******* ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 554 тоот тогтоолоор хүчингүй болгосон байдаг. Энэ асуудал нь 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. Т******* ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл хүчингүй болсноор дээрх Засгийн газрын 474 дүгээр тогтоолын 2 дахь хэсэгт заасан ус хангамж, ариутгах татуургын болон дулаан хангамжийн үйлчилгээ нь орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн 1 байгууллага хариуцах шаардлага үүссэн. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25.1.1, 25.1.2-д заасны дагуу манай компаниас тайлбар аваагүй, огт мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй, биднээс тайлбар баримт аваагүй хууль бус шийдвэр гаргасан гэдэг асуудлын хүрээнд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Зохицуулах хороо тухайн гомдол маргааныг шийдвэрлэх зорилгоор Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу тус компанийн хэрэглэгчдийн гомдлыг газар дээр нь шалгаж, бодит нөхцөл байдалтай танилцсан.

4.12. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасны дагуу оролцогчдоос ач холбогдол бүхий мэдээллийг авсан. Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасны дагуу оролцогч талуудаас тайлбарыг албан тоотоор авч байсан болно. Зохицуулах хороо Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103, 103/1 байр, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48, 50 дугаар байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр, 40 дүгээр хорооны 11а байруудыг "Т*******" ХХК-иас үйлчлэх хүрээнээс хассан нь ямар нэгэн хуулийг зөрчөөгүй бөгөөд оршин суугчдад түргэн шуурхай чанартай үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлж чадах чадвартай, туршлагатай орон нутгийн өмчит байгууллагад 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолоор шилжүүлсэн болно. Энэхүү тогтоол гарснаас хойш хангагч болон хэрэглэгчдээс ямар нэгэн гомдол, санал ирээгүй үйл ажиллагаа, засвар, үйлчилгээ нь хэвийн явагдаж байна.

4.13. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг хэн дуртай нь эрхлэн явуулах боломжгүй онцлог зохицуулалттай үйл ажиллагаа байдаг. Өөрөөр хэлбэл, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь өндөр өртөг бүхий дэд бүтцийн шугам сүлжээгээр дамжуулан олон зуун хэрэглэгч, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах амаргүй үйл ажиллагаа байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах үндсэн эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Т******* ХХК-ийн үйл ажиллагаа доголдож, үйлчилгээний чанар шаардлага хангахгүй болж хэрэглэгчдээс ирсэн гомдол баталгаажсан тул хууль зүйн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах чадамжгүй болсныг харгалзан Зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан чиг үүрэг, 10 дугаар зүйлийн 10.1.5-т заасан бүрэн эрхийн хүрээнд "Т*******" ХХК-ийн хариуцаж байсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103, 103/1 байр, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48, 50 дугаар байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр, 40 дүгээр хорооны 11а байрны оршин суугчдын төлөөлөл болох дээр дурдсан Сууц өмчлөлийн холбоодын хүсэлт, Ай энд жи интернэшнл ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээг цогцоор нь нэг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцаж, хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цэвэр, бохир ус, хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээний төлбөр төлөхөд ойлгомжтой хялбар байх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нийтийн эрх ашиг буюу 674 айл өрх, 3 аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103, 103/1 байр, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48, 50 дугаар байр, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байр, 40 дүгээр хорооны 11а байрны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн О******* ОНӨААТҮГ-т шилжүүлэхээр 80 дугаар тогтоол гаргаж шийдвэрлэсэн болно. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг судлан үзэж, Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

4.14. ... Зохицуулах хороо нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар тогтоолоор Т******* ХХК-ийн орон сууцны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцаж байсан Хан-уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оршил хотхоны байр, Эрхэм хүслэн хотхоны 4-р байр, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Токио резидэнс хотхоны 26 дугаар байр, 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайхан хотхоны 74, 75 байр, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхоны 23А, 235 байрны хэрэглэгчийг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах ААТҮГ- үйлчлэх хүрээнд шилжүүлэн бүртгэх зохицуулалтыг хийсэн. Хан-уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 86, 94, 94a, 945, 948 байр нь тус зохицуулах хороо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шийдвэрлэх зорилгоор 3 удаа газар дээр нь шалгаж, хэрэглэгчийн гомдол нь тогтоогдсон тул 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/157 тоот албан бичгээр, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/395 тоот албан бичгээр, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 01/667 тоот албан бичгээр тус бүр 3 удаа Т******* ХХК-д үүрэг, даалгаврыг өгдөг боловч, үүрэг даалгаврын биелэлтийн хариу ирүүлдэггүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан.

4.15. Тус компанийн хариуцдаг Хан-уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалант хотхоны 94в байрны Жаргалант өргөө СӨХ-оос 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 83 тоот албан бичгээр гомдол гаргасан, хэрэглэгчийн гомдлыг судалж, шийдвэрлэх зорилгоор тус Зохицуулах хороо хуульд заасан бүрэн эрх, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д заасны дагуу Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийг Зохицуулах хорооны дарга баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг томилогдон Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 94в байранд очиж газар дээр нь Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б*******, нягтлан бодогч Э.Пүрэвхүү, инженер Д.Пүрэвжав болон бусад холбогдох ажилтнууд, гомдол гаргасан 94в байрны Жаргалант өргөө СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Тунгалаг болон оршин суугчдын төлөөллийг байлцуулан хяналт шалгалтыг хийж, үүссэн нөхцөл байдалтай танилцсан.

4.16. Хан-уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 94, 94a, 94б 94в байрууд зэрэгцээ байрладаг бөгөөд тухайн байр тус бүрээс оршин суугчид ирж гомдол гаргаж байсан. Зохицуулах хорооны ажлын хэсэг газар дээр нь үүссэн нөхцөл байдалтай танилцахад Т******* ХХК-ийн тухайн хэсэгт байх ажлын байр нь шаардлага хангахгүй, дуудлага хүлээн авах суурин утас байхгүй, гар утсаар дуудлага авдаг, харилцааны доголдолтой , оршин суугчидтай хэрүүл хийж, улсын байцаагчийн хяналт шалгалт хийх ажилд саад учруулж байсан. Хэрэглэгчдийн гомдолд дурдсан асуудлууд нь тогтоогдсон ... шаардлагыг хангаагүй тул Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 02-35-02/113/13 дугаар хугацаатай албан шаардлагыг өгсөн. Албан шаардлагын хариуг тус компани 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 23/329 тоот албан бичгээр ирүүлсэн боловч албан шаардлагын биелэлт бүрэн хангагдаагүй, хэрэглэгчдээс гомдол тасралтгүй ирсээр байсан. Зохицуулах хорооны ажлын алба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй талуудыг байлцуулан сонсох ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан сонсох ажиллагаанд Зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газрын дарга Г.Н*******, Хэрэглэгчийн хэлтсийн дарга Ш.Энхжаргал, Захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Л.Б*******, үнэ тариф, судалгааны газрын ахлах мэргэжилтэн Э.Гүнжинлхам, О*******" ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц, тус байгууллагын Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Содномсүрэн, "Т******* ХХК-ийн захирал Э.Б*******, өмгөөлөгч Д.О*******, усны инженер Д.Пүрэвжав, Титэм СӨХ-ны захирал Н.Батбилэг, Ундрам 94 СӨХ-ны захирал Ц.Нарангэрэл, Жаргалант өргөө СӨХ-ны захирал Б.Тунгалаг, Миний өргөө-94 СӨХ-ны захирал О.Мягмаргэрэл, Баянзүрх апартмент СӨХ-ны захирал Б.Соёл-Эрдэнэ нар оролцож өөрсдийн байр суурийг тодорхой илэрхийлсэн.

4.17. Дээрх асуудлаар орон сууцны захиалагч Од мөнх ХХК-ийн ирүүлсэн албан бичиг, оршин суугчдын болон Сууц өмчлөгчдийн холбоодын гомдлыг ажлын алба судалж, холбогдох дүрэм журмын хүрээнд О******* ОНӨААТҮГ-т шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үүрэг, даалгаврыг өгсөн. Энэхүү үүрэг даалгаврын дагуу тус ажлын алба Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 94, 94a, 94б, 94в байрны ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг "О******* ОНӨААТҮГ-т шилжүүлэх хүсэлтээ Зохицуулах хороонд гаргасан ... Т******* ХХК-ийн хэрэглэгчдээс тус компанийн үйл ажиллагаа нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийг хохироож байгаа талаар гомдол тус Зохицуулах хороонд жил бүр тасралтгүй ирдэг. 2021 онд Шарав 43 СӨХ-оос, 43-р байрны 96 хэрэглэгчийн, 94, 94А, 94Б байрны захиалагч Одмөнх ХХК-аас 386 хэрэглэгчийн, 2022 онд Толгойтын хөгжил СӨХ-оос, 102, 106-р байрны 362 айл, өрхийн өмнөөс, Эрхэм хүслэн СӨХ-ноос 4 дүгээр байрны 129 хэрэглэгчийн, Сайхан СӨХ-оос 103 дугаар байрны 133 хэрэглэгчийн, 2023 онд Т******* ХХК-ийн хариуцдаг нийт байруудын хэрэглэгч болон СӨХ-оос 27 удаагийн өргөдөл, гомдол ирсэн бол 2024 он гарсаар хэрэглэгч болон СӨХ-оос 6 хэрэглэгчээс гомдол ирсэн байдаг. Тус Зохицуулах хороо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шийдвэрлэх зорилгоор 2022 онд Сонгинохайрхан дүүргийн Толгойтын хөгжил СӨХ, Баянзүрх дүүргийн Сайн хөршүүд СӨХ, Эрхэм хүслэн СӨХ зэрэг хэрэглэгчийн гомдлын дагуу 3 удаа газар дээр нь шалгаж, тухайн хэрэглэгчдийн гомдол нь тогтоогдсон тул Т******* ХХК-д 2022 оны 01/157, 01/395, 01/667 тоот албан бичгүүдээр тухай бүр холбогдох үүрэг, даалгаврыг өгсөн боловч, үүрэг даалгаврын биелэлтийн хариуг тухайн үед ирүүлээгүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан.

4.18. Гэтэл тухайн үүрэг, даалгаврын биелэлтийг 2023 оны 10 дугаар сарын 28-ны 01/135 тоотоор ирүүлсэн нь шаардлага хангаагүй. Тус компанийн хариуцдаг Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрхэм хүслэн хотхоны 4 дүгээр байрны "Эрхэм хүслэн" СӨХ-оос анх 2022 оны 10 дугаар сарын 31-ний 22/86 тоот албан бичгээр гомдол гаргасан бол 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 23/28 тоот, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны 23/32 тоот албан бичгүүдээр гомдол гаргасан мөн тус 4 дүгээр байрны иргэн А.Тогтохбаяр, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оршил хотхонд үйл ажиллагаа явуулж буй хэрэглэгч "Евро крафт" ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 06-ны 09/06 тоот албан бичгээр, тус хотхоны 8/А байрны 49 тоотод оршин суудаг иргэн Ц.Оюун, Л.Ган- Эрдэнэ нарын иргэдээс болон "Оршил хотхон" СӨХ-оос 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А-18/23 тоот, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 тоот, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 25 тоот албан бичгээр тус тус удаа дараа, Баянзүрх дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайхан хотхоны "Сайхан" СӨХ нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 06 тоот албан бичгээр тус хотхоны иргэн Д.Нансалмаа нь Засгийн газрын 1111 төвөөр дамжуулан, мөн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Токио резиндэнс хотхоны 26 дугаар байрны оршин суугч иргэн Ц.Болд, тус хотхоны ашиглалтыг хариуцаж байсан Батзохиомж ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 93 тоот албан бичгээр, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны Саруул хотхоны 23А, 235 байрны оршин суугчдын төлөөлөл болох иргэн Д.Анхбаяр, Г.Мөнхбат, Ц.Нармандах, Н.Дашдондов, Б.Батрагчаа нарын иргэдээс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн гомдол, тус хотхоны Ган-Эрдэнэ СӨХ-ны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот албан бичгээр "Т*******" ХХК-ийн үйл ажиллагаа, үйлчилгээ нь шаардлага хангахгүй хэрэглэгчдийг хохироож буй талаар гомдол ирүүлсэн.

4.19. ... Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байранд очиж газар дээр нь Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б*******, нягтлан бодогч Э.Пүрэвхүү, инженер Д.Пүрэвжав болон бусад холбогдох ажилтнууд, гомдол гаргасан 4 дүгээр байрны Эрхэм хүслэн СӨХ-ны гүйцэтгэх захирал Э.Ганцолмон болон оршин суугчдын төлөөллийг байлцуулан хяналт шалгалт хийж, үүссэн нөхцөл байдалтай танилцсан болно. Тухайн байршилд Оршил хотхоны 8А, 8Б байрууд зэрэгцээ байрладаг бөгөөд тухайн байрны Оршил СӨХ-ны гүйцэтгэх захирал Ц.Оюунтай газар дээр нь уулзсан гомдлын гол агуулга нь Т******* ХХК нь дуудлага өгөх гэхээр утсаа авдаггүй, зан харьцааны доголдолтой, хэрэглэгчдийг хэл амаар доромжилдог, сантехникийн үйлчилгээг чанартай хийдэггүй, дулааны төлбөр тооцоог цэвэр, бохир усны төлбөртэй хамтад нь иргэдээс нэхэмжилдэг, тухайн байранд ажлын байр байхгүй гэсэн байдаг. Түүнчлэн ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул хотхоны 23А, 23Б байрны гомдол гаргасан иргэдтэй уулзаж үүссэн нөхцөл байдалтай танилцахад "Т*******" ХХК-ийн төлөөлөл болох нягтлан бодогч Э.Пүрэвхүү, инженер Д.Пүрэвжав болон засварчин н.Өсөхөө зэрэг холбогдох ажилтнууд байлцсан. Гомдол гаргасан тус байрны хэрэглэгчдийн төлөөлөл, СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, бусад оршин суугчдын төлөөлөл нараас тодруулга мэдээлэл авсан. Хэрэглэгчдийн тавьж буй гомдол нь төлбөрийн нэхэмжлэл өгөхдөө дулаан, халуун, хүйтэн ус, бохир усны нэхэмжлэлийг хамтад нь тавьдаг. Гэтэл дулааны үйлчилгээг ОСНААУГ-ын ХҮТ-5 төлбөрийн нэхэмжлэх өгдөг. Яагаад гэвэл энэ компанийн дулааны тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хороо цуцалж, ХҮТ-5-д шилжүүлсэн тул оршин суугчид дулааны төлбөрөө ХҮТ-5-ийн нэхэмжлэлээр төлж байхад давхар иргэдээс дулааны төлбөрийг цэвэр, бохир усны төлбөртэй хамт нэхэмжилдэг, хэрэв цэвэр, бохир усны төлбөрийг тусад нь нэхэмжилбэл бид салгаад төлөхөд бэлэн гэдэг тайлбар хэлж байсан.

4.20. Зохицуулах хорооны ажлын хэсэг газар дээр нь үүссэн нөхцөл байдалтай танилцахад Т******* ХХК-ийн тухайн байруудад хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх ажлын байр байхгүй, үйлчилгээ нь шаардлага хангахгүй, дуудлага хүлээн авах суурин утас байхгүй, гар утсаар дуудлага авдаг боловч хурдан шуурхай үйлчилгээ үзүүлдэггүй, зан харилцааны доголдолтой, оршин суугчидтай хэрүүл хийж, улсын байцаагчийн хяналт шалгалт хийх ажилд саад учруулж байсан болно. Хэрэглэгчдийн гомдолд дурдсан асуудлууд нь тогтоогдож, тус компани тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дараах үзүүлэлтээр хангахгүй байсан ... Т******* ХХК-ийн хэрэглэгчдээс гомдол тасралтгүй ирүүлснээс гадна тухайн орон сууцыг барьсан захиалагч байгууллагуудаас өөрийн барьж ашиглалтад оруулсан орон сууцны хэрэглэгчдийн гомдлын дагуу тэдэнд дэмжлэг үзүүлж байгаагаа албан бичгээр ирүүлж байсан болно. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Эрхэм хүслэн хотхоны 4 дүгээр байрны захиалагч болох Эрхэм хүслэн констракшн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны 23/11/30-3 тоот албан бичгээр, Оршил хотхоны захиалагч Оршил констракшн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны 01/959 тоот албан бичгээр, мөн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Саруул хотхоны захиалагч Оршил констракшн ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны 01/958 тоот албан бичгээр тус тус өөрийн барьж ашиглалтад оруулсан байруудын ашиглалт, үйлчилгээг ОСНААУГ-т шилжүүлэхийг дэмжсэн байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь эрхлэн явуулах боломжгүй онцлог зохицуулалттай үйл ажиллагаа байдаг.

4.21. Өөрөөр хэлбэл, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ нь өндөр өртөг бүхий дэд бүтцийн шугам, сүлжээгээр дамжуулан олон зуун хэрэглэгч, хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах амаргүй үйл ажиллагаа байдаг бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний "эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах" үндсэн эрх, эрх чөлөөг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа юм. Зохицуулах хороо нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан чиг үүрэг, 10 дугаар зүйлийн 10.1.5-т заасан бүрэн эрх, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан зохицуулалт, Засгийн газрын 2019 оны 474 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хэрэгцээний халуун ус, дулаан хангамжийн үйлчилгээг цогцоор нь нэг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцаж, хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх, цэвэр, бохир ус, хэрэгцээний халуун нөхцөл байдлыг харгалзан үзэж Т******* ХХК-ийн хариуцаж байсан ус, дулаан хангамжийн үйлчилгээний төлбөр төлөхөд ойлгомжтой хялбар байх, Хан-уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43, 86, 94, 94а, 94б байрны оршин суугчдын төлөөлөл болох дээр дурдсан Сууц өмчлөгчдийн холбоодын хүсэлт, захиалагч Од мөнх ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор нийтийн эрх ашиг буюу 638 айл өрх, 3 аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашгийг хамгаалж ... хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан байрны хэрэглэгчийг О******* ОНӨААТҮГ-т тус тус шилжүүлэн бүртгэсэн болно. Иймд Т******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлд:

5.1. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 554 дугаартай тогтоолоор "Т*******" ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл цуцлагдаж тухайн үйлчлэх хүрээнд бүртгэлтэй байсан хэрэглэгч айл, өрөх, аж ахуйн нэгжүүд манай байгууллагад шилжсэн. Орон сууцны хэрэглэгчдийг ус, дулаанаар хангах нь "Ус дулаан дамжуулах төв" гэсэн нэг цогц тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд дулааны эрчим хүч ашиглан ус халааж хэрэглэгчдэд халуун ус түгээх үйлчилгээгээр хангаж ажилладаг.

5.2. Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор О******* хэрэглэгчдэд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйлчилгээг, Хот. Суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны тогтоолын хурээнд "Тумэн наяд хайрхан" ХХК хэрэглэгчдийг халуун, хүйтэн усаар хангах гэсэн хоёр суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны тогтоолоос шалтгаалан нэг байшин дотор нэг ус, дулаанаар хангах тоног төхөөрөмж дээр 2 байгууллагын 2 ажилтан ажиллах нь боломжгүй бөгөөд эдгээр нөхцөлд хувааж төлөх, аль байгууллагатай гэрээ байгуулах гэх мэт хэрэглэгчийг чирэгдүүлсэн асуудал гарах магадлалтай байна. Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны тогтоол үндэслэлтэй бөгөөд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан талдаа гарсан хуулийн үндэслэлтэй тогтоол юм... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь.

1. Шүүх, нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч, гуравдагч этгээд нараас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т******* ХХК-иас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 80 дугаар тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 125 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх Т******* ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Т******* ХХК-д ус хангамж ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, цэвэр бохир усны бөөний тариф батлах тухай 44 дүгээр тогтоолоор Т******* ХХК-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу ажил, үйлчилгээний төрлөөр цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт засвар, үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар олгож, мөн зохицуулах хорооны зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай 113 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгаж, дахин зохицуулах хорооны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах тухай 164 дүгээр тогтоолоор тус компаний Нийтийн аж ахуйн, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатайгаар сунгасан байх бөгөөд нэхэмжлэгч компаний уг 00399 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусахаар байна.

2.2. Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хэрэглэгчдээс удаа дараа Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороонд өргөдөл, гомдол гаргасан тул нэхэмжлэгчид 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/157, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01/395, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 01/667 дугаар албан бичгүүдээр үүрэг даалгавар өгч байсан. Хариуцагч байгууллагаас гомдлыг шийдвэрлэхээр Т******* ХХК-иас гомдолд дурдсан асуудлаар нотлох баримт бүрдүүлж, уулзалт зохион байгуулах, тайлбарыг авах зорилгоор 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/93, 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/155 дугаар албан бичгүүдийг хүргүүлсэн байх бөгөөд Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооноос 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр сонсох ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. Мөн хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/439 дүгээр ... Зохицуулах хороо 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа тул эрх бүхий албан тушаалтныг уг хуралд оролцуулна уу гэх албан бичгийг хүргүүлжээ.

2.3. Улмаар маргаан бүхий Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 80 дугаар тогтоолоор ... Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 554 дүгээр тогтоолоор Т******* ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл цуцлагдаж, Засгийн газрын 474 дүгээр тогтоолын 2 дахь заалт хэрэгжих үндэслэлгүй болсноос Зохицуулах зөвлөлийн 2022 оны 164 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 2.2.1.4 дэх заалтыг хангаж ажиллаагүй, хангагч байгууллагад цэвэр, бохир усны үйлчилгээний өр төлбөр үүсгэсэн, хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдсөн тул Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцдаг Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 103, 103/1 байрны 133 айл өрх, 1 аж ахуй нэгж, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48, 50 дугаар байрны 296 айл өрх, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 177 айл өрх, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11а байрны 68 айл өрх, 2 ААНБ нийт 674 айл өрх, 3 аж ахуйн нэгжийг О******* ОНӨААТҮГ-т шилжүүлж, мөн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 125 дугаар тогтоолоор Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 554 дүгээр тогтоолоор Т******* ХХК-ийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл цуцлагдаж, Засгийн газрын 474 дүгээр тогтоолын 2 дахь заалт хэрэгжих үндэслэлгүй болсноос Зохицуулах зөвлөлийн 2022 оны 164 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, хэрэглэгчдэд ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг чанартай үзүүлээгүйтэй холбогдуулж, захиалагчаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцдаг Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 94 дүгээр байрны 146 айл өрх, 94/А байрны 140 айл өрх, 94/Б байрны 126 айл өрх, 94/В байрны 105 айл өрх, 3 аж ахуй нэгж, 86 дугаар байрны 45 айл өрх, 43 дугаар байрны 96 айл өрх, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны 88 айл өрх, 32 аж ахуй нэгж, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 129 айл өрх, 12 аж ахуй нэгж, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8/А, 8/Б байрны 175 айл өрх, 2 аж ахуй нэгж, 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7/А, 7/Б байрны 120 айл өрх, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23/А, 23/Б байрны 122 айл өрх, 15 аж ахуйн нэгж нийт 1292 айл өрх, 64 аж ахуйн нэгжийн ашиглалт, үйлчилгээг О******* ОНӨААТҮГ-т тус тус шилжүүлж шийдвэрлэжээ.

2.4. Энэхүү маргааны зүйл нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой бус, Хот, суурины ус хангамж, ариутгах ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо нь хэрэглэгчдээс ирсэн гомдол, мэдээллийг шийдвэрлэх зорилгоор нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хэрэглэгчдийг өөр байгууллага руу шилжүүлэх эрх хэмжээтэй эсэх, нэхэмжлэгч компанийн дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл цуцлагдсан нь тус компаний үйл ажиллагаанд нөлөөлөх эсэх, тусгай зөвшөөрлийн дагуух үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой буюу хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөлд заасан айл өрх, аж ахуй нэгжүүдийн ашиглалт, үйлчилгээг О******* ОНӨААТҮГ-т шилжүүлсэн хариуцагчийн тогтоолуудыг хүчингүй болгуулахтай холбоотой байна.

2.5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг, 3.1.14-д хангагч гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь, эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 9 дүгээр зүйлийн 9.1-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороо /цаашид Зохицуулах хороо гэх/ нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна, 10 дугаар зүйлийн 10.1.4-д тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах, 10.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, 10.1.12-д энэ хуулийн 3.1.14-т заасан хангагчийн үйлчлэх хүрээг тогтоох журам батлах, 14 дүгээр зүйлийн 14.2.3-д ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаарх хууль тогтоомж, норм, стандарт, дүрэм, зааврыг үйл ажиллагаандаа мөрдөх, 22 дугаар зүйлийн 22.2-д Энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ гэж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын журмын 2 дугаар зүйлийн 2.2.1.4-д Хангагч байгууллагад хуримтлагдсан өр төлбөргүй эсвэл өр барагдуулах график, гэрээтэй, түүний хэрэгжилтийг хангаж байгааг нотлох баримттай байх гэж тус тус заажээ.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд хангагч гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг ойлгохоор, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороо нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байх бөгөөд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэн шийдвэр гаргах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байх төдийгүй хангагчийн үйлчлэх хүрээг тогтоосон журмыг баталж, уг журмыг хангагч үйл ажиллагаандаа мөрдөх үүргийг хүлээжээ.

2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Т******* ХХК-ийн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу ажил, үйлчилгээний төрлөөр цэвэр ус түгээх шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам сүлжээний ашиглалт засвар, үйлчилгээ, ус дамжуулах төвийн ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны гаргалгааны шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ, бохир усны цуглуулах шугам сүлжээний ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хэрэглэгчдээс удаа дараа өргөдөл, гомдол гаргаж байсан, тэдгээрийн хороонд маргаан үүссэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэхүү хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж, маргаан бүхий 2024 оны 80, 125 дугаар тогтоолуудаар Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцдаг айл өрх, аж ахуй нэгжүүдийн ашиглалт, үйлчилгээг О******* ОНӨААТҮГ-т шилжүүлсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Ийнхүү хэрэглэгчдийг шилжүүлсэн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, 22 дугаар зүйлийн 22.2-д Энэ хуулийн 22.1-д зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Зохицуулах хороо шийдвэрлэнэ гэж заасантай нийцжээ.

2.8. Хэдийгээр нэхэмжлэгч талаас ... өргөдөл, гомдол давхардсан тоогоор ирсэн, СӨХ болон иргэнээр тус тусдаа гомдол гаргасан, гомдлууд бодитой тоо биш бөгөөд үндэслэлгүй байсан гэж тайлбарлах боловч нэгэнт хэрэглэгчдээс өргөдөл, гомдол ирсэн, хангагч болон хэрэглэгчдийн хороонд маргаан үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүхээс уг өргөдөл, гомдлыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөхөөргүй, хуульд зааснаар уг маргааныг шийдвэрлэх эрх хэмжээг Зохицуулах хороонд олгосон, Зохицуулах хороо нь гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэхээр байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн аваагүй болно.

2.9. Өөрөөр хэлбэл, хариуцагч хэрэглэгчдээс ирсэн өргөдөл, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13-д Зохицуулах хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг хорооны хурлаар хэлэлцэх бөгөөд Зохицуулах хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэж зааснаар маргаан бүхий 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 80, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар тогтоолуудыг гаргасныг буруутгахааргүй байна.

2.10. Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Нийтийн аж ахуйн талаар зарим арга хэмжээний тухай 474 дүгээр тогтоолын 2 дахь заалтад Хот, суурин газар ус хангамж, ариутгах татуурга, ариун цэврийн байгууламж болон цэвэрлэх байгууламж, төвлөрсөн дулаан хангамжийн систем, нийтийн халуун усны төв бий болгох ажлыг үе шаттайгаар шийдвэрлэж, тэдгээрийг орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагад хариуцуулан зохион байгууллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, мэргэжил, арга зүйн удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нарт үүрэг болгосон байх бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор ... Т******* ХХК-д олгосон 15/2019 дугаартай дулаан түгээх, 16/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.11. Ийнхүү шийдвэрлэснээр ус хангамж, ариутгах татуургын болон дулаан хангамжийн үйлчилгээг орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн 1 байгууллага хариуцах шаардлага, нөхцөл байдал үүссэн байх тул хариуцагч байгууллага маргаан бүхий 2024 оны 80, 125 дугаар тогтоолуудаар Т******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцдаг айл өрх, аж ахуй нэгжүүдийн ашиглалт, үйлчилгээг О******* ОНӨААТҮГ-т шилжүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх зарчимд нийцжээ.

2.12. Мөн Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13/499 дүгээр ... Тус хэрэглэгч нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар усны үйлчилгээний төлбөр болох 107,347,807.55 төгрөгийн авлага үүсээд байна ... Т******* ХХК-ийн нөхцөл байдлыг судалж, яаралтай арга хэмжээ авч хамтран ажиллахыг хүсье гэх албан бичиг, мөн газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 7/361 дүгээр ... Т******* ХХК нь нийт 144,141,396.51 төгрөгийн өр төлбөртэй гэх албан бичиг зэргээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын журмын 2 дугаар зүйлийн 2.2.1.4-д Хангагч байгууллагад хуримтлагдсан өр төлбөргүй эсвэл өр барагдуулах график, гэрээтэй, түүний хэрэгжилтийг хангаж байгааг нотлох баримттай байх гэсэн шаардлагыг хангаж ажиллаагүй, хангагч байгууллагад цэвэр, бохир усны өр төлбөр үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

2.13. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороо /цаашид Зохицуулах хороо гэх/ нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байна, 9.13-д Зохицуулах хороо нь бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх асуудлыг хорооны хурлаар хэлэлцэх бөгөөд Зохицуулах хорооны хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэж тус тус заасан.

2.14. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах хороо нь өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэн шийдвэр гаргах тохиолдолд хорооны хурлаар хэлэлцэж, тогтоол гаргах чиг үүрэгтэй байх тул хариуцагчаас бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргаж, нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрөлд заасан айл өрх, аж ахуй нэгжүүдийн ашиглалт, үйлчилгээг О******* ОНӨААТҮГ-т шилжүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 80, 125 дугаар тогтоолуудыг гаргасан нь дээрх хуульд нийцжээ.

2.15. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... шилжүүлсэн байруудыг буцааж нэхэмжлэгчийн үйлчлэх хүрээнд шилжүүлж, бүртгэлгүйгээр, шууд дахин маргаан бүхий захиргааны актыг гаргаж, уг актаар өмнө нь албан бичгээр шилжүүлсэн байруудыг дахин шилжүүлж байгаа нь процессийн зөрчил бөгөөд маргаан бүхий байр, хэрэглэгчдийг шилжүүлсэн асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

2.16. Нөгөө талаар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 80, 125 дугаар тогтоолуудаар нэхэмжлэгч компаний тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцдаг айл өрх, аж ахуй нэгжүүдийн ашиглалт, үйлчилгээг шилжүүлсэн нь хэрэглэгч нарын эрх ашгийг хамгаалах зорилго агуулж, зохицуулалт хийсэн шийдвэр байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн гэж үзэхээргүй байна.

2.17. Хариуцагч захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа явуулах, эрх ашиг нь хөндөгдөж болохуйц этгээдэд мэдэгдэх, тайлбар авах ажиллагааны гол зорилго нь ийнхүү ажиллагаа хийснээр нөхцөл байдал өөрчлөгдөх, тухайн этгээдээс актын үндэслэлийг няцаах боломж олгож байгаа ажиллагаа бөгөөд Хот суурин ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооноос 2023 оны 10 дугаар сарын 18, 2023 оны 10 дугаар сарын 23, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд сонсох ажиллагааг зохион байгуулсан, мөн хариуцагч байгууллагаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 01/439 дүгээр ... Зохицуулах хороо 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргахаар төлөвлөж байгаа тул эрх бүхий албан тушаалтныг уг хуралд оролцуулна уу гэх албан бичгийг нэхэмжлэгч Т******* ХХК-д хүргүүлсэн байх тул хуульд заасан мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.

2.18. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т******* ХХК-ийн маргаан бүхий Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 80 дугаар тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Т******* ХХК-ийн хэрэглэгчийг шилжүүлэх зохицуулалт хийх тухай 125 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгчээс мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                     

1. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.13, 10 дугаар зүйлийн 10.1.5, 10.1.12, 14 дүгээр зүйлийн 14.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан Т******* ХХК-иас Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоол, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 125 дугаар тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА