Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 104

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,

            Улсын яллагч Б.Догмиддорж

            Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан

Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Э.Г-д холбогдох 1821001200065 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Шарайд овогт Э.Г, Дорнод аймгийн Хэрлэн суманд ........ оны ......... сарын ...........-ны өдөр төрсөн, ........... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ............./, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Улаанбаатарын хотын ....................................тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут” гэх газарт .............. улсын дугаартай “.............” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөны дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 2 дугаар бүлгийн 2.7а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Ж.Сааралын амь насыг хохироож, Х.Бунтарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ж.Ганжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08 цаг 30 минутын орчим Улаанбаатар хотоос Дорнод аймгийн чиглэлд төрсөн дүү Ганжаргал, ээжийн найз Бунтар эгч, Бунтар эгчийн хадам ээж нь гэх эмээ /нэрийг нь мэдэхгүй/, ач охин Хулан нарын хамтаар “..........” маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Ингээд орой 17 цагийн орчимд Булган сумын төвөөс ерөнтцийн зүгээр баруун зүгт ойролцоогоор 10 орчим км зайд явж байхад Бунтар эгч надад хандаж “хойноос машин ирж байна шүү” гэж хэлэх шиг болсон. Тэгээд би сандраад машины хүрдийг дарсан, ингээд машин ертөнцийн зүгээр замын урд тал руу орсон. Би тухайн үед машины тормозыг гишгэх шиг болсон. Би маш их сандарсан байсан, ингээд машин бүтэн эргээд дөрвөн дугуйн дээрээ зогссон. Осол болох үед машин ямар зайд дугуй дээрээ явж байгаад өнхөрсөн талаар мэдэхгүй байна. Осол болсны дараа харахад манай дүү Ганжаргал машинаас шидэгдэж гарсан байсан. Харин Бунтар эгч ар талын суудал дээр байж байсан. Тэгээд Бунтар эгч “би машинаас гарч чадахгүй байна” гэж хэлэхээр нь би машинаас бууж Бунтар эгчийг машинаас буулгасан. Хулан машин дотор урд хоёр суудлын голд байсан, харин эмгэн машинаас баруун хойш машины урд шил унасан газрын урд талд хэвтэж байсан. Ингээд бид нар сандралдаад байж байтал замаар явж байсан машин зогсож нэг ах бууж ирээд цагдаа, эмнэлгийн хүмүүс рүү өөрийнхөө утсаар залгаж дуудлага өгсөн...осол болох үед би өөрөө машинаа барьж явсан...” гэжээ. /хх 67/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...17 цаг 40 минутын орчимд Г-ийн ээж Адъяа нь над руу залгаад “нөгөө хэд чинь ирж яваад Булган суманд осолдсон байна, хөгшний бие маш муу байна гэсэн” гэж хэлсэн...ослын газар руу очиход машин Булган сумаас баруун тийш 10 гаран км-ийн цаана замын урд талд онхолдож 4 дугуй дээрээ тогтсон байдалтай байсан...эмнэлэг рүү ороход манай эхнэр Бунтар тэргэнцэр дээр суугаад дээш рентгэн зураг авахуулах гээд байж байсан. Харин ээж Саарал маань өнгөрсөн байсан. Тэгээд ээжийгээ орж харахад дээгүүр нь даавуу нөмрөгсөн байхаар нь ээмгийг нь авах гээд нүүр хэсгийг нь харсан...манай эхнэр Бунтарын зүүн талын хавирга хугарсан гэж хэлсэн, ил харагдах гэмтэл нь нүүрэнд нь шалбарсан, уруул нь хөхөрсөн язарсан байсан. Манай ач охин Хулангийн зүүн сүүжний толгойн харалдаа бага зэрэг шалбарсан мэт шарх байсан...Г-д гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй...хэргийг түргэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хх 20-22/

Хохирогч Х.Бунтар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 02 сарын 08-ны өглөө Улаанбаатар хотоос Г жолоочтой ".......” маркийн саарал өнгийн ............... улсын дугаартай автомашинд суугаад Дорнод аймаг руу хөдөлсөн...17 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт явж байхад гэнэт автомашин замаас баруун гар тийш шарвах шиг болсон, тэгээд нэг сэргэхэд автомашин замаас буусан, дугуйн дээрээ эргэж онхолдож дугайн дээрээ буусан байдалтай байсан...Автомашиныг Г жолоодож явсан...миний 2-6 дугаар хавирганууд хугарсан, зүүн эгэм эвгүй болсон хөндүүрлэсэн...надад гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 24/

Иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэсэг зүүрмэглэж байтал гэнэт би машинаас шидэгдээд гарсан. Тэгээд сэрсэн чинь миний толгой хагарсан байсан. Ингэж би машин онхолдсон талаар мэдсэн...4-5 метрийн зайд Бунтар эгчийн хадам ээж нь машинаас шидэгдсэн байдалтай газарт хэвтэж байсан...миний бодлоор Г машин барьж явж байгаад зүүрмэглэсэн юм шиг байна лээ...машиныг Г барьж явсан. Жолоочийн хажуу талд би сууж явсан. Жолоочийн ар талд Бунтар эгч, голд нь Хулан, эмгэн миний ар талд сууж явсан...80-90 орчим км цагийн хурдтай явж байсан...миний хувьд гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 26-27/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 23-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд: “1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний битүү гэмтэл, баруун 1-9-р хавирга далны дунд шугамаар, 2-5-р хавирга суганы урд шугамаар, 6-9-р хавирга эгэмний дунд шугамаар, зүүн 1-11-р хавирга далны дунд шугамаар, 2-8-р хавирга суганы урд шугамаар, өвчүү 1, 2, 3-4-р хавирганы завсраар, цээжний 3, 4-р нугаламын завсраар салсан хугарал, дотор эрхтнүүдийн доргилт, хамрын хянга ясны хугарал, зулай, баруун сарвууны язарсан шарх, баруун шанааны зулгаралт, зүүн шуу, цээж, баруун, зүүн мөрний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар цээжний 3, 4-р нугаламын завсраар салсан хугарал, 3.1.10-д зааснаар баруун зүүн талын олон хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар хамрын хянга ясны хугарал, зулай, баруун сарвууны язарсан шарх гэмтлүүд нь тус бүртээ, баруун шанааны зулгаралт, зүүн шуу, цээж, баруун, зүүн мөрний цус хуралт гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй. 5.Талийгаач нь цээжний битүү гэмтэл, баруун 1-9-р хавирга далны дунд шугамаар, 2-5-р хавирга суганы урд шугамаар, 6-9-р хавирга эгэмний дунд шугамаар, зүүн 1-11-р хавирга далны дунд шугамаар, 2-8-р хавирга суганы урд шугамаар, өвчүү 1, 2, 3-4-р хавирганы завсраар, цээжний 3, 4-р нугаламын завсраар салсан хугарал, доторх эрхтэнүүдийн доргилт гэмтлүүдийн улмаас нас баржээ. 6.Талийгаачид хийсэн шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн алкоголь илрээгүй” гэжээ. /хх 50-53/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 172 тоот дүгнэлтэд: “1.Х.Бунтарын биед цээжний хөндийн битүү гэмтэл, зүүн талын 2-6-р хавирганы хугарал, цээжний хөндийн бага зэргийн цус хуралт, зүүн эгэмт далны холбоосын тасралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 2-с дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд эдгээр гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх 37-38/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 167 тоот дүгнэлтэд: “1.Ж.Ганжаргалын биед духны зулай хэсгийн урагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах бөгөөд эдгээр гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 44/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 13-ны өдрийн 169 тоот дүгнэлтэд: “1.Г.Хулангийн биед бүсэлхийн хэсгийн зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 48/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 02 сарын 22-ны өдрийн 09 тоот дүгнэлтэд: “1.Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Эрдэнэбаатар овогтой Г /......./ дугаараар лавлагааг авахад /....../ жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байна. 2.Жолооч Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7.а. “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчжээ. 3.Зам тээврийн осолд холбогдсон “............." маркийн ....................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн хийсэн үзлэгээр техникийн хувьд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна. 4.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а. “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол болох гол шалтгаан болсон байна. 5.Асуултад дурдагдаагүй шинээр нөхцөл байдал илрээгүй” гэжээ. /хх 59-60/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Одонтуяа /хх 34/, Д.Нарантуяа /хх 35/, иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргалын гэрчээр /хх 30-31/, хохирогч Х.Бунтарын гэрчээр /хх 32-33/ өгсөн болон шүүгдэгч Э.Г-н гэрчээр өгсөн мэдүүлгүүд /хх 28-29/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, Цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/ Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх 15-16/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 17/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “.............” маркийн..................... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/, Яаралтай тусламжийн хуудас /хх 41, 45/, Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх 69/, Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ /хх 74-75/, Шүүгдэгчийн жолооны үнэмлэхийн хуулбар /хх 76/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71/, Шүүгдэгч Э.Г-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх 79/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 02 сарын 08-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Чулуут” гэх газарт ............... улсын дугаартай “....................” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.7.а-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ж.Сааралын амь нас хохироож, хохирогч Х.Бунтарын эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ослын газар руу очиход машин Булган сумаас баруун тийш 10 гаран км-ийн цаана замын урд талд онхолдож 4 дугуй дээрээ тогтсон байдалтай байсан...Эмнэлэг рүү ороход манай эхнэр Бунтар тэргэнцэр дээр суугаад дээш рентгэн зураг авахуулах гээд байж байсан. Харин ээж Саарал маань өнгөрсөн байсан. Тэгээд ээжийгээ орж харахад дээгүүр нь даавуу нөмрөгсөн байхаар нь ээмгийг нь авах гээд нүүр хэсгийг нь харсан...манай эхнэр Бунтарын зүүн талын хавирга хугарсан гэж хэлсэн, ил харагдах гэмтэл нь нүүрэнд нь шалбарсан, уруул нь хөхөрсөн язарсан байсан. Манай ач охин Хулангийн зүүн сүүжний толгойн харалдаа бага зэрэг шалбарсан мэт шарх байсан...” /хх 20-22/ гэх,

Хохирогч Х.Бунтар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 02 сарын 08-ны өглөө Улаанбаатар хотоос Г жолоочтой...Дорнод аймаг руу хөдөлсөн...Дорнод аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт явж байхад гэнэт автомашин замаас баруун гар тийш шарвах шиг болсон, тэгээд нэг сэргэхэд автомашин замаас буусан, дугуйн дээрээ эргэж онхолдож дугайн дээрээ буусан байдалтай байсан...Автомашиныг Г жолоодож явсан...миний 2-6 дугаар хавирганууд хугарсан, зүүн эгэм эвгүй болсон хөндүүрлэсэн...” /хх 24/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэсэг зүүрмэглэж байтал гэнэт би машинаас шидэгдээд гарсан. Тэгээд сэрсэн чинь миний толгой хагарсан байсан...4-5 метрийн зайд Бунтар эгчийн хадам ээж нь машинаас шидэгдсэн байдалтай газарт хэвтэж байсан...миний бодлоор Г машин барьж явж байгаад зүүрмэглэсэн юм шиг байна лээ...машиныг Г барьж явсан...80-90 орчим км цагийн хурдтай явж байсан...” /хх 26-27/ гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 24 тоот /хх 50-53/, 172 тоот /хх 37-38/, 169 тоот /хх 48/, 167 тоот /хх 44/, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 09 тоот /хх 59-60/ дүгнэлтүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, Цогцос, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-14/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх 15-16/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “........” маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18/, Яаралтай тусламжийн хуудас /хх 41, 45/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Г-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч Э.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн гэж үзэх үндэстэй байна. Тухайлбал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн нь мөн дүрмийн 1.5-д заасан ”Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчихөд хүргэсэн нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон байна гэж үзлээ.

Энэ талаар дүгнэсэн техникийн шинжээчийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн амь хохирогч, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ж.Сааралын амь хохирсон, хохирогч Х.Бунтарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргалын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Э.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а дахь заалтыг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Э.Г-ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч хэн аль нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, ............ дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ........ овогт Э.Г-г Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Г-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 1821001200065 тоот хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаа, 521491 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 2018 оны 04 сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ