Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 17

 

 

Д.*******ийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй хийж,

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2021/00204 дугаар шийдвэртэй, ******* аймгийн Жаргалант сумын Буянт багийн ******* тоотод оршин суух, РД:*******, Боржигон овгийн Даваагийн *******ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* ******* ******* газарт холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 230,799 төгрөг гаргуулах, цалин хөлсний зөрүүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлс 12,677,981 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны  04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 3,923,235 төгрөг тус тус гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 3,923,235 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар  шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Хуулийн хүчин төгөлдөр болсон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дүгээр шийдвэр, Увс аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар магадлалаар Д.******* намайг урьд эрхэлж байсан ******* аймгийн ******* ******* ******* газрын Нийтлэг үйлчилгээний албаны ******* ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүүг ******* аймгийн ******* ******* ******* газраас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэр, магадлалаар Д.******* миний 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойших хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагыг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа  ******* аймгийн ЗДТГ-ын ******* 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар Д.*******ийг аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилж ажиллуулсан байдаг. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн тогтоосон. Тус тогтоолын дагуу аймгийн ЗДТГ-ын ******* 2018 оны А/195 дугаар тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталж аймгийн ЗДТГ-ын Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон өөрчлөн зохион байгуулж, албаны менежер болон үйлчилгээний 12 ажилтантайгаар бүтцийг баталсан. Албаны дарга нь Менежер нэршилтэй болсон тул цалингийн шатлалыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 276 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан ТҮ-8 зэрэглэлд дүйцүүлж тогтоосон. Д.*******ийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гаргаагүй. ******* аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн ЗДТГ-ын 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж, зөрчил дутагдлыг арилгах талаар 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2/192 тоот албан бичиг ирүүлсэн. Тус бичигт Нийтлэг үйлчилгээний албаны дарга Д.*******ийг ТҮ-9-1-ээр цалинжуулсныг зөрчил гэж үзэж, тус зөрчлийг арилгах талаар үүрэг, чиглэл өгсөн. Шинэчлэн тогтоосон бүтцийн дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү, зөрүүнд ногдох, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй.

Д.******* нь Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежерээр ажиллах хугацаандаа үүрэгт ажилдаа ирээгүй, цаг бүртгүүлдэггүй байсан нь цаг бүртгэлийн дэвтрээс нотлогдоно. Нэхэмжлэгч Д.*******ийн аймгийн ЗДТГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хүрээнд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хариу тайлбар гаргаж хүргүүлсэн ба тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн.

Нэхэмжлэгч нь албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байгаа боловч ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын цаг бүртгүүлээгүй тул ажил олгогч цалин олгох үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан. Ажил, албан үүргээ гүйцэтгээгүй ажилтан ажил олгогчоос цалин хөлс шаардах эрхгүй юм. Иймд, нэхэмжлэгч Д.*******ийн үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2021/00204 дугаар шийдвэрээр:” 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн  69.1-д заасныг баримтлан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалингийн зөрүү 210,551 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын цалин хөлс 726,525 төгрөг,  2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цалин хөлс 12,554,352 төгрөг, нийт цалин хөлсний зөрүү болон цалин хөлс 13,491,428 /Арван гурван сая дөрвөн зуун ерөн нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* газрын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалингийн зөрүү 20,248 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 3,320,339 төгрөг,  нийт цалин хөлсний зөрүү болон цалин хөлс 3,340,587 /Гурван сая гурван зуун дөчин мянга таван зуун наян долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******т олгосон дээрх цалингаас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалингийн зөрүүнд ногдох, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалинд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* газарт даалгасугай. 3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан үнийн дүн 13,491,428 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 225,407  төгрөгийг хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* газрын санхүүгээс гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Хуулийн хүчинтөгөлдөр шийдвэр, магадлалаар миний цалин хөлсний зөрүүг тооцохдоо үндсэн цалин, ур чадварын нэмэгдэл 25 хувиар тооцсонийг оруулан тооцож, ажлаас хууль бусаар халагдсан нэхэмжлэгч намайг ур чадварын нэмэгдэл авах эрхтэйг тогтоосон байхад анхан шатны шүүхийн шийдвэрт ур чадварын нэмэгдлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчиж байна.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг буруу хэрэглэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс ажилтанд ажиллах нөхцлийг бүрдүүлээгүй буюу шүүхийн шийдвэрийг үндэслэн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон тушаалыг гаргаагүй, ажил олгогчийн албан тушаалыг өөрчилж, менежерийн албан тушаалд томилсныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Д.*******ийг ******* аймгийн ******* ******* Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн тушаалыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тул нэхэмжлэгчийг ажил үүргээ гүйцэтгээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно гэж нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь буруу юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т ажил, албан үүргээ ажил олгогчоос хамаарахгүй шалтгаанаар гүйцэтгээгүйн төлөө цалин хөлс нэхэмжлэх нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 230,799 төгрөг,  2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлс 12,677,981 төгрөгийг тус бүр  гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ******* аймгийн засаг ******* тамгын газарт  холбогдуулан гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 3,923,235 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид   даалгахаар  шаардлагаа нэмэгдүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нар давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.******* нь 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 569 дугаартай шийдвэрээр  намайг ******* аймгийн ******* ******* ******* газрын Нийтлэг үйлчилгээний албаны ******* ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч шүүхийн шийдвэр өнөөдрийн хүртэл хэрэгжихгүй байгаа. Хэрэв ******* аймгийн ******* ******* ******* газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга гэх ажлын байрны албан тушаалд томилсон шийдвэр гаргавал ажилдаа очиж цагаа бүртгүүлж ажиллах боломжтой. Намайг ажлын цагаа бүртгүүлээгүй гэх асуудалд ярьж байгаа учир нь би менежерийн орон тоонд ажиллахгүй гээд ажилдаа очоогүй, тухайн үед миний данс руу цалин шилжүүлэхдээ цалингийн  ТҮ-9-1 шатлалаар  биш ТҮ-8-1 шатлалаар  тооцож  цалин олгож байсан тул  цалингийн зөрүү гарч байгаа. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд цалингийн зөрүү, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин хөлс, мөн цалин олгоогүй хугацааны ур чадварын нэмэгдэл 25 хувь болон дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж,  дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсэж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат нь “нэхэмжлэгч Д.*******ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй,  Олон Улсын стандартыг үндэслэн ******* газрын орон тоог баталснаар ******* аймгийн ЗДТГ-т Нийтлэг үйлчилгээний албаны дарга гэсэн орон тоо байхгүй болсон, Д.Эрдэнэцэцэцэгийг менежерээр ажиллуулахаар томилсон боловч  ажилдаа ирээгүй, ажил хийгээгүй ажилтанд цалинг олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч талын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн бөгөөд уг “нэмэлт тайлбарын” агуулга нь шүүхэд анх гаргасан “ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор, цалингийн зөрүү болон ур чадварын нэмэгдэл 25 хувь гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагаа (2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар) тодруулсан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч   Д.*******ийг  Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний  өдрийн 569 дугаартай шийдвэрээр  түүнийг  ******* аймгийн ******* ******* ******* газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажилд нь эгүүлэн тогтоосон байх ба  уг шийдвэрийг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Ажил олгогч нь дээрх шүүхүүдийн шийдвэрийг биелүүлж гомдол гаргагч Д.*******ийг ******* аймгийн ******* ******* ******* газрын Нийтлэг үйлчилгээний албаны ******* ажил албан тушаалд эгүүлэн томилох шийдвэрийг одоо хүртэл гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Шүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 77 дугаар шүүгчийн захирамж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дугаартай “Иргэний хэргийн гүйцэтгэх хуудас”-аар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа үйл баримт тогтогдсон байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа нэхэмжлэгч Д.******* нь   2021 оны  01 дүгээр сарын 13-ны өдөр өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай гомдлын шаардлага  гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-дэх заалттай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүх гомдол гаргагч Д.*******ийн шаардлагаас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны цалингийн зөрүү, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг  дуусталх хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг түүний ******* аймгийн ******* ******* ******* газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан хугацааны цалингийн шатлал буюу ТҮ-9.1 цалингийн сүлжээний шатлалаар тооцож түүнд олгож, мөн  хугацааны ур чадварын нэмэгдэл 25 хувийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд ажиллаж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.” Гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-дэх заалттай нийцсэн байна. Энэ талаар гомдол гаргагч Д.*******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан  “миний цалин хөлсний бүрдлээс ур чадварын нэмэгдлийг” хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-дэх заалтыг  буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн ажил олгогчийн төлөөлөгчийн давж заалдах шүүхэд гаргасан  “Д.*******ийг өнөөг хүртэл ажил албан тушаалаас нь  чөлөөлөөгүй, байгууллагын зүгээс ажилдаа ирж ажил үүргээ гүйцэтгэхийг удаа дараа мэдэгдсэн боловч ажилдаа ирдэггүй тул тэр цалин  хөлс нэхэмжлэх нь хууль тогтоомжид нийцэхгүй гэх агуулга бүхий гомдол   хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 569 дугаартай шийдвэрээр Д.*******ийг ******* аймгийн ******* ******* ******* газрын ******* 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын  40 дэх заалт буюу Д.*******ийг Нийтлэг үйлчилгээний албаны ******* үүрэгт ажлаас чөлөөлсөн хэсгийг, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198  дугаар тушаалын хавсралтын 63 дугаар заалт буюу Д.*******ийг Нийтлэг үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд ажил олгогч   уг шийдвэрийг биелүүлээгүй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилжээ. Ажил олгогч нь уг хуулийн зохицуулалтыг заавал биелүүлэх үүрэгтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хуульд зааснаар хариуцагч тал нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68400 төгрөгийг улсын орлогын дансанд үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2021/00204 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хангахгүй  орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68400 төгрөгийг улсын орлогын дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.НЯМБАЯР

 

                   ШҮҮГЧИД                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                     Н.ТУЯА