| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0110/э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч Л.Мөнхбаяр
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Улаалзай хүгдүүд овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1821000000078 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Улаалзай хүгдүүд овогт Б.Г, Дорнод аймгийн Хэрлэн суманд ........ оны .....сарын ....-ны өдөр төрсөн, ......настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: .............../, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн ................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 05 сарын 06-ны өдрийн 48 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 03 сарын 16-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 06 сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 сарын 14-ний өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 01 сарын 09 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 сарын 07-ны өдрийн 1А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 11 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл.
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “бумбат” хорооллын хойд талын зам дээр “Истана” маркийн 35-96 УБО улсын дугаартай автомашин дотор хохирогч Д.Алтансүхийн баруун гаран тус газар хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Халаасанд байсан хутгаа яагаад авснаа ч мэдэхгүй байна. Би хүн хутгална гэж бодоогүй, архи ууснаас ийм зүйл боллоо. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр Хажидмаа, охин Отгонжаргал, Отгонжаргалын хүү Ангараг нарын хамт БНХАУ-ын Алтан-Эмээл хотоос Дорнод аймаг руу гарах “Истана” машинд 2018 оны 03 сарын 05-ны өдөр 14 цагийн орчимд суусан. Уг “Истана” машинд суухдаа эхнэр, хүүхдээсээ нуугаад өвөртөө хавтгай /пивар шилтэй/ хятад архи 4 шилийг авчихсан байсан юм. Тэгээд наашаа явж байгаад хилээс гараад бие засахдаа нууж байгаад хоёр шил архиа уусан. Тэгээд наашаа явж байгаад хоолны гэрийн урдуур өнгөрөхдөө “Өдөржин хоосон яваа, хоол идье” гэсэн чинь жолооч дуугүй чигээрээ замаараа явсан. Нэг хонхорхойд үсэргээд машиныхаа касчераа цохиулчихсан ба “Масло нь жаахан алдаад байна” гээд наашаа зам дээр шинээр нээгдсэн хоолны газар буудалд ирээд хоол идсэн. Тэр үед хоол идээд бие засах хооронд нь нөгөө үлдэгдэл архиа уугаад хоёр шил архийг бүтнээр нь өвөртөө үлдээсэн. Тэгээд нэг мэдэхэд Дорнод аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хувцасгүй унтаж байсан...Би өөрийн буруугаас хутгаа бариад боссоны улмаас жолооч Алтансүх эргэж харах гэж байгаад хутганд гараа зүссэн байхаа. Тиймээс уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх 43-44/
Хохирогч Д.Алтансүх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Бумбат хорооллын чанх хойд талд төв замаар баруун тийшээ явж байхад нүдний үзүүрт юм сүүтэгнэх шиг болохоор нь эргээд харахад Г гартаа хутга барьчихсан байхаар нь би сандраад баруун гараараа хаагаад машиныхаа тормоз дээр гишгэж машинаа зогсоогоод Г-н хоёр гарыг дараад авахад түүний эхнэр хутгыг нь булааж авсан. Тэгж булааж аваагүй, би хараагүй байсан бол намайг араас хутгалах байсан...Эвхэгддэг тонгорог байсан ба тэр үед эвхэгдээгүй байсан. Хэрвээ эвхэгдсэн байсан бол хутгатай байна гэж би харахгүй...Г нь надад хохирлын мөнгө гээд 240000 төгрөг өгсөн. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 23-24/
Гэрч Я.Хажидмаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр суудал дээрээсээ урагшаа өнгийхөөр нь юм харах гэж байгаа юм болов уу гээд анзаараагүй явж байсан чинь жолооч нь “хутгатай байна хөөе” гээд гарыг нь бариад асван. Тэгээд л бүгдээрээ тэр дор нь хутгыг нь булаагаад авсан юм...” гэжээ. /хх 27-28/
Гэрч Г.Отгонжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Машин Хэрлэн сумын 2 дугаар багийн “Бумбат” хорооллын хойд талд тормозлохоор нь сэрэхэд жолооч ах аавын гарыг барьчихсан, хутгыг нь барьчихсан байсан...” гэжээ. /хх 29-30/
Гэрч Г.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Дорнод аймгийн Хэрлэн суманд орой бид хэд 22 цагийн орчимд ирсэн ба 2 дугаар багийн “Бумбат”-ын хойд талд явж байхад гэнэт манай нөхөр нөгөө өвгөний гарыг барьж аваад дараад авсан. Тэгэхэд нь сандраад хартал хутга барьчихсан байсан юм билээ. Тухайн үед хутгатай байсныг би ч анзаараагүй юм. Тэгээд манай нөхрийн гаранд хутгалчихаад цус гараад байхаар нь би цагдаа руу мэдэгдсэн...” гэжээ. /хх 33-34/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 07-ны өдрийн 216 тоот нэмэлт дүгнэлтэд: “1. Д.Алтансүхийн биед баруун гарын алганы хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчиллээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 37/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримт болон гэрч хохирогч Д.Алтансүх /хх 25-26/, шүүгдэгч Б.Г /хх 31-32/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг эд мөрийн баримтаар хураан авах тухай Прокурорын тогтоол /хх 8/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх 13-14/, Яаралтай тусламжийн хуудас /хх 36/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2018 оны 03 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг “Бумбат” хорооллын хойд талын зам дээр “Istana”” маркийн 35-96 УБО улсын дугаартай автомашин дотор ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч Д.Алтансүхийн баруун гаран тус газар хутгаар хутгалж түүний эрүүл мэндэд “баруун гарын алганы хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч Д.Алтансүхийн “...Бумбат хорооллын чанх хойд талд төв замаар баруун тийшээ явж байхад нүдний үзүүрт юм сүүтэгнэх шиг болохоор нь эргээд харахад Г гартаа хутга барьчихсан байхаар нь би сандраад баруун гараараа хаагаад машиныхаа тормоз дээр гишгэж машинаа зогсоогоод Г-ын хоёр гарыг дарахад түүний эхнэр хутгыг нь булааж авсан. Тэгж булааж аваагүй, би хараагүй байсан бол намайг араас хутгалах байсан...Эвхэгддэг тонгорог байсан ба тэр үед эвхэгдээгүй байсан...” /хх 23-24/ гэх,
Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Я.Хажидмаагийн “...Манай нөхөр суудал дээрээсээ урагшаа өнгийхөөр нь юм харах гэж байгаа юм болов уу гээд анзаараагүй явж байсан чинь жолооч нь “Хутгатай байна хөөе” гээд гарыг нь бариад асван. Тэгээд л бүгдээрээ тэр дор нь хутгыг нь булаагаад авсан юм...” /хх 27-28/ гэх,
Гэрч Г.Отгонжаргалын: “...Машин Хэрлэн сумын 2 дугаар багийн “Бумбат” хорооллын хойд талд тормозлохоор нь сэрэхэд жолооч ах аавын гарыг барьчихсан, хутгыг нь барьчихсан байсан...” /хх 30/ гэх,
Гэрч Г.Болормаагийн “...Гэнэт манай нөхөр нөгөө өвгөний гарыг барьж аваад дараад авсан. Тэгэхэд нь сандраад хартал хутга барьчихсан байсан юм билээ...Тэгээд манай нөхрийн гаранд хутгалчихаад цус гараад байхаар нь би цагдаа руу мэдэгдсэн...” /хх 34/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Яаралтай тусламжийн хуудас /хх 36/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд “баруун гарын алганы хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 37/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Хохирогч Д.Алтансүхийн эрүүл мэндэд учирсан “баруун гарын алганы хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол нь түүний гарын алганд хутгаар хутгалсан шүүгдэгч Б.Г-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэх үндэстэй байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын хор уршигт хохирогч Д.Алтансүхэд 240000 төгрөг төлсөн болох нь хохирогч Д.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх 24/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хор уршгийг төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал боох ба хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд “нэхэмлэх зүйлгүй” /хх 24/ гэж мэдүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт хор уршгийн холбогдолтой нотлох баримтыг ирүүлээгүй зэрэг нь шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгчийн эзэмшлээс АН1778971 серийн дугаартай 20000 төгрөгийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаалзай хүгдүүд овогт Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 250 /хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Г-д анхааруулсугай.
5. Эрүүгийн 1821000000078 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс АН1778971 серийн дугаартай 20000 төгрөг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 см урт ажлын хэсэгтэй, 11 см урт эвхдэг хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ