Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/429

 

 

 

 

     2024           04            11                                      2024/ДШМ/429

С.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч С.Н-, түүний өмгөөлөгч Г.Өлзийхишиг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2206000003563 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Н-,

 

Шүүгдэгч С.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн ****тоотод иргэн Ц.Г-тай маргалдаж улмаар толгойн тус газар нь заазуурын ар талаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хавтаст хэрэгт авагдсан Ц.Г-ын шүүх эмнэлгийн дүгнэлтэд хохирогчийн зулайн хуйханд язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэсэн. Гэтэл Ц.Г-ын мэдүүлэг, миний мэдүүлэг, Ц.Г-ын утсаараа бичсэн бичлэгт хохирогч өөрөө намайг цохиод өгөөч гээд толгойгоо өгөөд би  2 удаа цохисон. Энэ нөхцөл байдлаас үзэхэд Ц.Г- нь толгойдоо гэмтэл учирсан байснаа надаар нэмж цохиулсан байх магадлалтай. Түүнчлэн хохирогч Ц.Г- хувьд тухайн орон сууцыг нэхэмжлэх, шаардах хууль ёсны эрхгүй атлаа бусдыг амьдарч буй байрнаас нь гаргах зорилгоор ажиллагаа явуулж байгаа нь Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлд заагдсан гэмт хэрэг үйлдсэн. Хэрэв манай гэрт Ц.Г- хүч хэрэглэн дайрч орж ирээгүй байсан бол гэмт хэрэг гарахгүй байсан. Иймд хэргийн анхан шатны шүүх рүү буцааж нэг цаг хугацаанд үйлдэгдсэн Ц.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг /БЗД-н цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа/ хамтад нь шалгаж, мөн Ц.Г-ын толгойд учирсан гэмтлийг би учруулсан эсэхийг дахин шинжээч томилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Н-ын өмгөөлөгч Г.Өлзийхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч С.Н- нь Ц.Г-тай эд хөрөнгийн улмаас болж маргалдсан. Хохирогч нь тухайн компаниас ямар нэгэн байдлаар итгэмжлэл аваагүй атлаа С.Н-ын гэрт 6 хүний хамт орж ирэн С.Н-, түүний хүүхдүүдэд халдсан асуудал байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд заасан орон байрны чөлөөтэй, халдашгүй байх эрхэнд нь халдсан. Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгчийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд миний үйлчлүүлэгчийн орон байр луу орж биед нь халдсан үйл баримт тогтоогддог. Хэрэв тухайн компанийн эрх бүхий этгээд мөн байсан бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлж, иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан. Миний үйлчлүүлэгч С.Н- хохирогч Ц.Г-ыг нэг удаа цохисон гэдэг. Хэрэгт авагдсан сиди бичлэгийг үзэхэд хохирогч Ц.Г-ын толгойг цохиж, цус гарсан үйл явдал харагддаггүй. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудаас үзэхэд нэг цаг үед болсон асуудал байгаа. Мөн тухайн үед С.Н-ын 2 хүүхдийнх нь биед халдаж, орон байранд нь дайрч орсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэгт тухайн нэр бүхий 7 этгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Энэ үйлдлүүдийг  хамтад нь шалгаж үзвэл миний үйлчлүүлэгч С.Н- аргагүй хамгаалалт хийсэн байж болзошгүй асуудал яригдана. Хохирогчийн эрхийг хамгаалж байгаа атлаа шүүгдэгч С.Н-ын эрхийг огт хамгаалаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...С.Н-д холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу явагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч С.Н- хохирогч Ц.Г-тай холбоотой эд хөрөнгийн маргааны асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх талаар асуухад тэрээр “иргэний журмаар шийдвэрлүүлнэ” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч С.Н- нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, тайлбар өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “аргагүй хамгаалалт байсан” гэж тайлбарлаж байна. Хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгийг үзэхэд шүүгдэгч С.Н- хохирогч Ц.Г-ын биед удаа дараа халдаж байдаг. Улмаар хохирогчийг заазуураар цохиж байгаа үйл баримт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгтээ хооронд нь харьцуулж “аргагүй хамгаалалт хэрэглэсэн” гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.Н-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч С.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн хороо, **** хотхоны тоотод Ц.Г-тай “гэр лүү дайрч орлоо” гэх шалтгааны улмаас маргалдан түүний толгойн тус газар нь заазуурын ар хэсгээр цохиж, эрүүл мэндэд нь зулайн хуйхны язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Г-ын “...Н- заазуур гаргаж ирээд миний хоолойд тулгаад, миний толгойн ар хэсэгт заазуураар цохиж, нүүр, хамар, цээж рүү бас цохисон. ...” /хх 6/,

насанд хүрээгүй гэрч Н.А-ийн “...ээж уурлаад гартаа нэг юм бариад хүмүүстэй маргалдаад байсан. ...” /хх 14/,

гэрч Д.Э-ийн “...нэг хартал Н- гартаа заазуур бариад Г-ын толгой, дагз хэсэг рүү нь цохисон. . ...Г-ын толгойноос цус гараад тэгэж байтал цагдаа ирсэн. ...” /хх 16/,

гэрч Н.Д-ын “...Н- “одоо та нарыг ална” гээд Г- ах руу заазуур барьж дайрахаар нь “хүүе ээ хүн аллаа” гээд бүгд сандралдаад “болиочээ” гэхэд Г-ын толгойн дагз хэсэг рүү заазуураар цохисон. ...” /хх 18/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Ц.Г-ын биед зулайн хуйхны язарсан шарх, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13288 дугаар дүгнэлт /хх 21-22/,

“...хар пальтотой хүн өөдөөс нь биеэрээ түлхэж дотогш орох гэсэн үйлдэл гаргаж байх ба хар өнгийн цамцтай эмэгтэй хоолойг нь боож түлхээд, гараараа толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохиж түлхэлцэж байгаа...” талаарх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 68/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

         

             Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч С.Н- ямар буруутай болох, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч С.Н-ын хохирогч Ц.Г-ын толгойн тус газар заазуурын ар хэсгээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, тухайн зүйл заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч С.Н- “...дахин шинжээч томилуулах, нэг цаг хугацаанд үйлдэгдсэн Ц.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хамтад нь шалгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Хохирогч Ц.Г-ын биед учирсан гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэгт авагдсан бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр эргэлзээгүй, үндэслэлтэй гэж дүгнэж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүйгээс гадна шинжээч нь тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргахдаа үүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодорхойлсон байх тул  бүрэн бус, тодорхойгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэж, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны үзэв.

 

Шүүгдэгч С.Н- нь Ц.Г-ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлттэй танилцахдаа “санал хүсэлт байхгүй” гэх баримт /хх 32/ хавтаст хэрэгт авагдсан байх ба дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулснаар шүүгдэгчийн дээрх үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Н-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь хохирогч Ц.Г- болон бусад хүмүүстэй холбоотой гэмт хэрэгт болон зөрчлийн шинжтэй үйлдлийг өөр журмаар шалгахад саад болохгүй болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН