Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 18

 

 

Ц.*******ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2021/00268 дугаар шийдвэртэй, Ховд аймаг, Жаргалант сум, Цамбагарав багийн ******* ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй, Ховд аймаг, Ховд сум,  багт оршин суух,  регистрийн дугаартай,  овогт ы *******д холбогдох, иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Раднаабазар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдсан морины үнэ 7,000,000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Т.*******ы хүсэлтээр *******баатар  хотоос 3 сая төгрөгөөр худалдан авсан хурдан удмын эрлийз цустай цагаан сартай чандмань тамгатай хүрэн даагыг, худалдан авсан үнээсээ хямдруулан 1,250,000 төгрөгийг 14 хоногийн дараа мөнгийг авах нөхцөлтэйгээр мөн 2018 оны Чандмань сумын баяр наадамд 7-д ирж байсан 5 настай монгол бичгийн “Б” үсгийн тамгатай хурдан удмын хүрэн  морийг 1,500,000 төгрөгөөр 2019 оны 11 сарын эхээр өгсөн бөгөөд 14 хоног өнгөрсөн ч даага болон морины мөнгийг өгөөгүй хавар болоод ноолуур гарах үеэр хүүг нь тооцоод 1,500,000 төгрөг болгоод өгнө гэсэн боловч өнөөг хүртэл өгөхгүй байгаа болно. Хүрэн даага Дөргөн сумын 2020 оны наадамд 4-д ирсэн. Улмаар 2020 оны 12 сард хүрэн даага, хүрэн морины мөнгийг хавар болоод ноолуур гарахаар тохиролцохдоо миний өөрийн хүргэн ах Д.Дашнямаас 1,500,000 төгрөгөөр худалдан авсан 11 настай ширээтэй дором тамгатай жороо явдалтай хонгор морийг 1,250,000 төгрөгөөр, Дорнод аймгийн Баян-Уул сумаас худалдан авч байсан хөндөлтэй чойндон тамгатай 4 настай хурдан удмын хүрэн халзан үрээг 2,500,000 төгрөгөөр тооцож 2020 оны 05 сарын 01-ны өдрөөс өмнө ноолуур гарахаар мөнгийг өгөхөөр амаар ярилцан тохиролцож, хүргэн ах Д.Дашням, манай эхнэр Б.Наранцацрал, миний морь тэжээдэг А.Амартогтох, түүний эхнэр А.Болормаа нараар гэрчлүүлэн авсан. 2020 оны 05 сарын 01-ны өдөр болж дээрх 4 адууны мөнгийг нэхсэн боловч 6 сарын 1-нд өгье гэсэн. 06 сарын 01 нь болж мөнгөө нэхэхэд 7 сарын 14-нд өгье гэсэн боловч мөнгийг өгөхгүй худал хэлж зугтсаар 2020 оны 12 сарын 30-нд бэлэн 500,000 төгрөг гэрт маань авчирж өгч, 250,000 төгрөгийг миний өөрийн 5845485590 дансанд шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 6,000,000 төгрөг болон миний олж болох байсан ашиг 1,000,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгийн нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Ц.*******аас 11 настай жороо хонгор морийг 1,200,000 төгрөгөөр, соёолон халзан үрээг 2,500,000 төгрөгөөр, хүрэн сарваа морийг 1,150,000 төгрөгөөр тус тус авсан. Нийт 6,500,000 төгрөгнөөс 1,750,000 төгрөг бэлэн өгсөн. Миний Ц.*******ад өгөх үндсэн мөнгө 4,600,000 төгрөг, нэхэмжилж байгаа 7,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2021/00268 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч ы *******аас 11 настай жороо явдалтай хонгор морины үнэ 1.250.000 төгрөг, соёолон буюу 5 настай хурдан удмын хүрэн морины үнэ 1.500.000 төгрөг, хязаалан буюу 4 настай хурдан удмын хүрэн халзан үрээний үнэ 1.750.000 төгрөг, хурдан удмын хүрэн зүсмийн дааганы үнэ 1.500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгөөр үнэлж буй морины үнээс 4.600.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ад олгож, илүү нэхэмжилсэн 2.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,   2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас 82.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******ад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга:  Анхан шатны шүүх нэхэмжлэгч 11 настай морийг 1,250,000 төгрөг, 5 настай морийг 1,500,000 төгрөг, 4 настай морийг 2,500,000 төгрөг, даагыг 1,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх боловч тайлбарын үндэслэлээ нотлож чадахгүй байна гэж дүгнэсэн боловч хариуцагчийн дээрх үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал нь нотлох баримтаар тогтоогдож байгаа эсэхэд дүгнэлт өгөөгүй зөвхөн нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байх бөгөөд мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-ь заасан журмыг зөрчсөн. Мөн хариуцагч морины үнэ 1,000,000 төгрөг өгсөн гэж тайлбарлах бөгөөд нэхэмжлэгч 1 сая төгрөгийг сүүлд худалдсан 2 морины үнэд авсан гэх тайлбар, гэрч Б.Наранцацралын “...2 морины тэжээлийн үнэ 1 сая төгрөг бэлнээр Ц.*******ад өгснийг мэднэ...” гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар бүр үнэн зөв хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар бүрийг эргэлзээтэй нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн нь хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д татгалзлаа нотлох үүргээс чөлөөлсөн мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд зохигчийн мэтгэлцэх зарчим болон хууль ёсны шударга ёсны зарчмыг зөрчсөн.

Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 28-ны өдрийн 153/ШШ2021/00268 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Нэхэмжлэгч Ц.******* нь  11 настай жороо явдалтай хонгор морины үнэ 1.250.000 төгрөг, соёолон буюу 5 настай хурдан удмын хүрэн морины үнэ 1.500.000 төгрөг, хязаалан буюу 4 настай хурдан удмын хүрэн халзан үрээний үнэ 1.750.000 /2.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 750.000 төгрөг өгсөн/ төгрөг, хурдан удмын хүрэн зүсмийн дааганы үнэ 1.500.000 төгрөг, мөн олж болох байсан орлого 1.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Т.*******д холбогдуулан гаргажээ.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч шаардлагын  үндэслэлээ “...хариуцагч Т.******* нь 2019 оны 11 дүгээр сарын эхээр болон сүүлд, мөн 2019 оны 12 дугаар сард 6,750,000 төгрөгийн үнэтэй дээрх 4 морийг мөнгийг нь 14 хоногийн дараа өгөхөөр тохиролцож худалдаж авсан ба үүнээс 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бэлнээр 500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр миний  ХААН банкны харилцах 5845485590 дугаартай дансанд 250,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдсэн 6.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл элдэв шалтаг зааж өгөхгүй байгаа тул олж болох байсан орлого 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ.

Хариуцагч Т.******* нь “...би Ц.*******аас дээрх 4 морийг авсан нь үнэн, гэхдээ 11 настай жороо явдалтай хонгор морийг 1.200.000 төгрөг, соёолон буюу 5 настай хурдан удмын хүрэн морийг 1.500.000 төгрөг, хязаалан буюу 4 настай хурдан удмын хүрэн халзан үрээг 2.500.000 төгрөг, хурдан удмын хүрэн зүсмийн даагыг 1.150.000 төгрөгөөр үнэлж худалдан авахаар тохиролцсон учраас нийт 6.350.000 төгрөг өгөх ёстой. Үүнээс 1.750.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул миний Ц.*******ад өгөх үлдсэн мөнгө 4.600.000 төгрөг байгаа гэж   шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

Анхан шатны шүүх талуудын  хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дээрх 4 морийг худалдан авсан худалдан авагч нь морь худалдсан худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхөөр  харилцан тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах худалдан авах  гэрээний харилцаа үүссэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь 4 тооны морийг хариуцагчид худалдсан талаар маргахгүй байна.

 Харин нэхэмжлэгч нь 11 настай жороо явдалтай хонгор морийг 1.250.000 төгрөг, соёолон буюу 5 настай хурдан удмын хүрэн морийг 1.500.000 төгрөг, хязаалан буюу 4 настай хурдан удмын хүрэн халзан үрээг 2.500.000 төгрөг, хурдан удмын хүрэн зүсмийн даагыг 1.500.000 төгрөгөөр тус тус худалдахаар тохиролцсон гэж, хариуцагч нь 11 настай жороо явдалтай хонгор морийг 1.200.000 төгрөг, соёолон буюу 5 настай хурдан удмын хүрэн морийг 1.500.000 төгрөг, хязаалан буюу 4 настай хурдан удмын хүрэн халзан үрээг 2.500.000 төгрөг,хурдан удмын хүрэн зүсмийн даагыг 1.150.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэж 11 настай жороо явдалтай хонгор морь, хурдан удмын хүрэн зүсмийн дааганы үнийн талаар  болон  хариуцагчаас авсан мөнгөнийхөө талаар маргаж байна.

 Уг маргааны талаар анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримтуудад тулгуурлан  үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.

Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хуульд зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын    давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШШ2021/00268 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйийн 60.1-д  зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53350 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       Н.МӨНХЖАРГАЛ 

 

                   ШҮҮГЧИД                                       Л.АЛТАН

 

                                                                          Н.ТУЯА