| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2025/0021/З |
| Дугаар | 109/ШШ2025/0034 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 109/ШШ2025/0034
109/ШШ2025/0034
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Ю.Б-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн оролцогч нараас гаргасан “Эвлэрлийн гэрээ”-г хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю.Б миний бие нь 1990-1994 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. 2003 онд Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч болсон. Архангай аймгийн Өндөр-Улаан суманд 1994-1997 онд Баянгол хоршоонд нягтлан бодогч, 1997-2021 оныг хүртэл сумын ерөнхий нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгч, Санхүүгийн албаны дарга зэрэг ажлыг тасралтгүй 23 жил, 2021 оноос 2024 оны 11 сар хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын засаг даргаар ажиллаж байгаад 2024 оны Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр чөлөөлөгдсөн, одоо бол малчин иргэн юм. Сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн ажил хийж байх хугацаандаа нэг ч удаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй, жилийн эцсийн санхүүгийн тайланд стандарт дүгнэлтийг тогтмол авч ирсэн. Миний бие 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрийн албаны тусгай шалгалтад орж тэнцэн, нэгээр гарч Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор намайг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилохыг сумын Засаг дарга Д.Б-д даалгасан. Гэвч сумын Засаг дарга Д.Б 2025 оны 04 сарын 02-ны өдрийн 01/104 тоот албан бичгээр намайг томилохоос татгалзсан хариуг ирүүлсэн байсан. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргаас энэ талаар надад мэдэгдээгүй бөгөөд Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс ямар үндэслэлээр татгалзсаныг тодруулж сумын засаг даргаас ирсэн албан бичигтэй танилцах гэсэн боловч надад танилцуулаагүй. Иймээс би Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргаж, тус зөвлөлийн бичиг хэргийн ажилтнаас албан бичгийн хуулбарыг авч мэдсэн. Тэгээд үүнийг эс зөвшөөрч 2025 оны 04 сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргахад сумын Засаг дарга Д.Б-н намайг сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчоор томилохоос татгалзсан нь үндэслэлгүй тул тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдэж, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 02/1171 тоот албан бичгийг.засаг дарга.Д.Б-д, хувийг төрийн албаны Архангай аймаг дахь салбар зөвлөлд, мөн надад ирүүлсэн. Тогтоолын хэрэгжилт хангуулах тухай Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 02/1171 тоот албан бичгийн өөрт ирэх хувиа 2025 оны 6 сарын 2-ны өдөр төрийн албаны зөвлөлөөс хүлээн авч сумын Засаг дарга Д.Б-д танилцуулан канондож өгөхөд засаг дарга Д.Б энэ албан бичгийг албаны шугамаар надад ирэхээр нь шийднэ гэсэн. Тэгээд 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр уг бичиг шуудангаар Засаг даргад ирснээс хойш би өдөр бүр сумын Засаг даргын өрөөнд орж уулздаг байсан. Тэгэхэд сумын Засаг дарга Д.Б “Маргааш хүрээд ир, аймгийн засаг даргатай ярилцаж байгаад шийднэ, би өөрөө аймаг орж засаг даргатай уулзах гээд амжсангүй хүрээд ирлээ” гэж хэлээд өдийг хүртэл намайг томилохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж намайг хохироож байгаад гомдолтой байна. Сүүлдээ Засаг дарга Д.Б “маргааш ирэхэд чинь ярьчихсан байя” гэж хэлдэг нэг л үгтэй болсон. Сумын засаг дарга Д.Б хуульд байхгүй үндэслэлээр намайг томилохоос татгалзсанаас хойш 3 сар, Монгол улсын төрийн албаны зөвлөлийн сумын засаг даргын томилохоос татгалзсан нь хууль зөрчиж байгаа тул томилохыг мэдэгдсэн албан бичгийг танилцуулж гардуулж өгснөөс хойш 1 сар шахам хугацаа өнгөрч байхад шийдвэр гаргалгүйгээр өнөөдрийг хүртэл Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахгүй байна. Энэ талаар аймгийн Засаг даргад эхний удаа танилцуулахад та Улсын бүртгэлийн газрын Хотонт сумын иргэний бүртгэгчийн ажилд тэнцсэн байна. Энэ ажилдаа орчих, сум руугаа шилжин ажиллах боломжтой, ерөнхий ня-богийн ажилд өөр хүн түр томилогдсон байна гэхэд би мэргэжлийн ажлаа хийх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Хуулийн хүрээнд ажилдаа томилогдож чадахгүй байгаа талаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт гомдол гаргахад Өндөр-Улаан сумын Ерөнхий нягтлан бодогчоор О.Ч-г томилсон нь Архангай аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангаагүй зөрчилтэй байна гээд 2025 оны 6 дугаар сарын 6-ны дотор зөрчлийг арилгуулах 2025 оны 05 сарын 30-ны өдрийн 01/42 тоот албан шаардлагыг аймгийн Засаг дарга Б.Ц-д хүргүүлсэн байна. Энэ талаар Ц даргатай уулзахад “Би Б даргад хэлье” гэх боловч сум, аймгийн хоёр дарга хоорондоо холбогдож ярилцаж шийдвэр гаргалгүй өнөөдрийг хүрлээ. Сумын засаг дарга Д.Б-н санаатайгаар хууль зөрчин албан бичгээр татгалзаж, эс үйлдэхүйгээрээ үзүүлж буй хууль бус үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, Ю.Б надад сэтгэл санааны болон санхүүгийн ихээхэн хохирлыг авчирч байна. Д.Б нь Б намайг гадуур сумын ерөнхий нягтлан бодогчоор хэзээ ч томилохгүй гэж ярьсан байсан бөгөөд гаргаж байгаа хандлага зэргээс шалтгаалан арга буюу шүүхэд хандаж байна. Монгол улсын үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна”, Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно. Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд төрийн албаны төв байгууллага өөр хүнийг зохих журмын дагуу санал болгоно” гэж заасан. Гэтэл сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь гүйцэтгэх албан тушаалд хамаарч байх бөгөөд хуулийн дээрх зохицуулалт хамаарахгүй юм. Мөн сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоог хуулийн хугацаанд Архангай аймгийн салбар зөвлөлд захиалгыг хүргүүлэн, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу сумын татварын байцаагч Б.Г-д хавсруулан ажиллаж байхад засаг дарга Д.Б нь сумын ерөнхий нягтлан бодогчоор О.Ч-г 2025 оны 01 сарын 15-ны өдөр Төрийн албаны хуулийн 43 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам, Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалыг зөрчин, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг хайхралгүй хууль бусаар томилсон. Сумын засаг дарга Д.Б нь энэ хууль бус томилгоогоо хамгаалан илт ашиг сонирхол бүхий нөхцөл байдал үүсгэж, намайг уг албан тушаалд томилохгүй байна. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолд зааснаар 30 хоногийн дотор томилох үүрэгтэй байхад Төрийн албаны тухай хуульд заагаагүй, хууль бус үндэслэлээр татгалзсан албан бичгийг Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн 02/1171 тоот албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын засаг дарга Д.Б-д мэдэгдсэн боловч одоог хүртэл тогтоолыг хэрэгжүүлэхгүй, намайг томилохгүй Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосноос би сэтгэл санааны болон санхүүгийн ихээхэн хохирол амсаж, ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч чадахгүй миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Иймд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилохгүй байгаа Архангай аймгийн Өндөр-Улаан Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж Ю.Б намайг Архангай аймгийн Өндөр- Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчоор томилохыг тус сумын засаг дарга Д Б-д даалгаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч Ю.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Төрийн албаны албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Төрийн шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.3 дахь заалтад “Нэр дэвшсэн албан хаагчийг, иргэнийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Зөвлөл, Салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор томилно” гэж тус тус заасан байдаг. Төрийн албаны тусгай шалгалт өгсөн өдрийн маргааш буюу 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр шалгалтын мэдээллийг танилцуулж, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тогтоол гарсны маргааш тогтоолыг өөрийн биеэр хүргэж өгсөн бөгөөд хариуцагч Өндөр-Улаан сумын засаг дарга Д.Б нь салбар зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоолыг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан. Уг хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу 2025 оны 04 сарын 15-ны дотор уг албан тушаалд би томилогдсон байх ёстой гэж үзэж байна. Архангай аймаг дах төрийн албаны салбар зөвлөл, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Төрийн албаны зөвлөл, Архангай аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ч 2025 оны 04 сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл уг албан тушаалд томилогдож чадахгүй байна. Энэ асуудлаар аймгийн төв, Улаанбаатар хот руу олон явж санхүүгийн болоод сэтгэл зүйн ихээхэн хохирол амслаа. Энэ хохирол бодит мөнгөн дүнгээр тооцоход нэг сая төгрөг болсон байна. Мөн 2025 оны 04 сарын 15-ны өдрөөс ажилдаа томилогдсон бол өнөөдрийг хүртэлх 5,5 сар ажиллаж цалингаа авсан байх ёстой гэж үзэж байна. Иймд аймгийн төв, Улаанбаатар хот руу олон удаа ирж, очсоны замын зардал болон бусад хохирол 1.000.000 төгрөг, түүнчлэн 2025 оны 04 сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд ажилдаа томилогдсон бол авах ёстой байсан цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хохирол 15,090,000, нийт 16,090,000 төгрөгийг хариуцагчаас тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. Сумын Засаг дарга Д.Б-н намайг сумын Ерөнхий нягтлан бодогчоос татгалзсан өдөр буюу 4 сарын 02-ны өдрөөс цалингаа авахаар тооцмоор байсан хэдий ч хуульд заагдсан 30 хоногийн дотор буюу боломжит хугацаагаар цалингийн хохирлоо тооцон нэхэмжиллээ гэжээ.
3. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд нь авна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч, хариуцагч бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4.-т заасны дагуу эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хэргийн оролцогч нар шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага: Нэхэмжлэгч Ю.Б-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчоор томилохыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгах, замын зардал болон бусад хохиролд 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд авах ёстой цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай. Нэхэмжлэгч хариуцагч бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 69 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Нэхэмжлэгч Ю.Б-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчоор томилохыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Ю.Б-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилохоор. Замын зардал болон бусад хохиролд 1.000.000 төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд авах ёстой цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас хариуцагч 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх буюу 4 сар 19 хоногийн хугацааны цалинд 12,620,500 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сард багтаан нэхэмжлэгч Ю.Б-д олгох, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх эвлэрлийн нөхцөл санал болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн зохигчдын болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Тус шүүх Ю.Б-с Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад
холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өндөр- Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчоор томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:” гэж, 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх ... хариуцагчтай эвлэрэх” гэж, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.” гэж тус тус заасан.
3. Нэхэмжлэгч Ю.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “замын зардал болон бусад хохирол 1,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд ажилдаа томилогдсон бол авах ёстой байсан цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хохирол 15,090,000, нийт 16,090,000 төгрөгийг хариуцагчаас тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж өөрчилсөн.
4. Хэргийн үйл баримтын тухайд,
4.1. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолын 1 дэх заалтаар “Архангай аймагт 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулсан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад орж тэнцэн өрсөлдсөн албан тушаалдаа хамгийн өндөр оноо авсан хавсралтад дурдсан иргэдийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлжээ. (хавтаст хэргийн 131 дэх тал)
4.2. Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 05 дугаар тогтоолын хавсралтад нэрсийн жагсаалтын 21-д. Ю.Б Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газар, сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч ТЗ-7,...” гэжээ. (хавтаст хэргийн 133 дахь тал)
4.3. Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтын 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн дүнгийн хуудаст “Ю.Б ийт оноо 81, О.Чулуунбаатар нийт оноо 64.8” гэсэн байна. (хавтаст хэргийн 134 дэх тал)
4.4. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх тухай 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаар тогтоолыг хавсралтаар хүргүүлэв. Тогтоолын хэрэгжилтийг хангаж, нэр дэвшүүлсэн иргэнийг зохих журмын дагуу тухайн албан тушаалд томилж, томилсон шийдвэрээ салбар зөвлөлд ирүүлнэ үү” гэсэн 36 дугаар албан бичгийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б-д хүргүүлжээ. (хавтаст хэргийн 130 дахь тал)
4.5. Улмаар Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр “Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буй Ю.Б нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1., 39.1.2., 39.1.5., 39.1.6., 37 дугаар зүйлийн 37.1.7., 37.1.9., 37.1.10 дахь заалтуудыг зөрчсөн тул 27.3.-т заасан үндэслэлээр хамтран ажиллахаас татгалзаж байна. Иймд дараагийн хүнийг санал болгоно уу.” гэсэн 01/104 дүгээр албан бичгийг Архангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн байна. (хавтаст хэргийн 59 дэх тал)
4.6. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б/04 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар сумын санхүү албаны даргаар О.Ч-г 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн түр томилжээ. (хавтаст хэргийн 51 дэх тал)
4.7. Ю.Б “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдож уг албанд сумын Засаг даргын шийдвэрийн улмаас томилогдоогүй үеийн цалингаа нөхөж авах тухай” хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 28-нд Төрийн албаны төв зөвлөлд гаргажээ. (хавтаст хэргийн 14 дэх тал)
4.8. Төрийн албаны төв зөвлөл 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “... Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн нэр дэвшүүлэх тухай 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдсэн” 02/1171 дүгээр албан бичгийг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б-д хүргүүлсэн байна.
4.9. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газар “Тус сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү албаны даргын албаны тушаалд томилогдох Ю.Б-н хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг цахимаар мэдүүлсэн болно” гэсэн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 01/288 дугаар албан бичгийг Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтэст хүргүүлжээ. (хавтаст хэргийн 73 дахь тал)
5. Гэвч шүүх хуралдааны өмнө хэргийн оролцогч нараас эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ:
5.1. Нэхэмжлэгч хариуцагч бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 69 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Нэхэмжлэгч Ю.Б-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчоор томилохыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Ю.Б-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилохоор. Замын зардал болон бусад хохиролд 1.000.000 төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэл хугацаанд авах ёстой цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас хариуцагч 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх буюу 4 сар 19 хоногийн хугацааны цалинд 12,620,500 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сард багтаан нэхэмжлэгч Ю.Ба-д олгох, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх эвлэрлийн нөхцөл санал болгосныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч дээрх нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Энэхүү эвлэрлийн гэрээ нь талуудын харилцан тохиролцсон тэгш эрхийн үндсэн дээр хийгдсэн зохигчдын болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй болно. Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон” гэж дурдаад нэхэмжлэгч Ю.Б, хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Д.Б нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. (хавтаст хэргийн 145 дахь тал)
6. Түүнчлэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 01/354 дүгээр албан бичигт: “Тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Ю.Б-н нэхэмжлэлтэй Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад хариуцагдах захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. (хавтаст хэргийн 146 дахь тал)
7. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 27 дугаар зүйлийн 27.3. дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан хуулийн зохицуулалтанд нийцсэн, хуульд харшлаагүй байна.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ..., хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх...” гэж, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн ... нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан хуулийн зохицуулалттай нийцсэн болно.
9. Иймд хэргийн оролцогч эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
10. Түүнчлэн хэргийн оролцогч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1., 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгох
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 27 дугаар зүйлийн 27.3. дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Нэхэмжлэгч Ю.Б-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчоор томилохыг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Ю.Б-г Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор томилох, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас хариуцагч 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх буюу 4 сар 19 хоногийн хугацааны цалинд 12,620,500 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сард багтаан нэхэмжлэгч Ю.Б-д олгох, энэ хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх” нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА