Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/018

 

 

 

*******т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр  нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 2314000000145 дугаар хэргийг 2024 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ............................ тоотод оршин суух,  Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /РД: ******* /,

Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ...... тоот хашаанд байрлах байшинд гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг болох Ч.*******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэх эсэх асуудлаас шалтгаалан маргалдаж, зодсоны улмаас түүнд гавлын духны яс 4x3 сантиметр хэмжээтэй цөмөрсөн хугаралтай, уг хугарлаас үргэлжлэн баруун чамархайн яс руу салсан 5 сантиметр шугаман хугарал, суурь яс баруун, зүүн урд хонхор үйрч бяцарсан, олон жижиг хэлтэрхийтэй хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хэнхэрцэг баруун 7, 8, 9, 10, 11, 12 дугаар, зүүн 4, 5, 7, 8, 11 дүгээр хавиргануудын шууд хугарал, элэгний эдийн няцарсан шарх, цус хуралт, хэвлийн хөндийн шингэн цус хуралдалт, сэмж, чацархайн цус хуралт, нойр булчирхайн цус харвалт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхины гадна булангийн шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, дух, хуйх, эрүү, баруун, зүүн чихний, баруун бугалга, хэвлий, зүүн шууны цус хуралт бүхий үхэлд хүргэх гэмтэл учруулан, хүнийг алсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг арван таван / 15 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******т арван таван / 15 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир хоёр зуун / 200 / хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, мөрдөн шалгах ажиллагааны гаргах зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1,1-д зааснаар шүүгдэгч *******аас хоёр сая нэг зуун арван таван мянган / 2.115.000 / төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан улаан цоохор өнгийн хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон дугуйлж болон гонзгойлон хайчилж авсан хивсэнцэр 2 ширхэг, арчдас 1 ширхэг, хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон бор өнгийн цамц 1 ширхэг, байшингийн цонхон талын орны ногоон цоохор өнгийн хулдаасан бүтээлгээс хайчилж авсан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг 1 ширхэг, бор өнгийн бариултай нүүр хэсэг нь шаргал өнгийн жижиг 6 хэсэг болон салсан модон шургуулга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хэрэгт мөрдөгчийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн цагдаагийн газрын яриа бичигч программын 1 минут 18 секундийн, мөн 2 минут 30 секундийн 2 хэсэг дууны бичлэг бүхий СД-ийг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Би өөрийн хийсэн үйлдэл, үүссэн үр дагаварт чин сэтгэлээсээ үнэн голоосоо гэмшиж байгаа. Гэвч ард үлдэж байгаа 2 настай хүү *******, эхнэр нараа бодоход  өөрт оногдуулсан ялаа хөнгөрүүлэх боломж эрэлхийлэн тус гомдлыг гаргаж байна.

Миний бие нь тухай гэмт үйлдэл болох үед эцсийн үр дагаврыг хүсээгүй, тийм гэм хор учирна гэж төсөөлөөгүй, өөрийн хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, үлдэж байгаа хоёр настай хүүг минь бодолцоод давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд оногдуулсан хорих ялыг тухайн зүйл ангид оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Давж заалдах шатны шүүхээс гомдлын хүрээнд биш хэргийг бүхэлд нь хянаад шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн 18-1634 тоот хашаанд байрлах байшинд гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай төрсөн эцэг болох Ч.*******тай маргалдан , зодож  гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан битүү  гэмтэл учруулж,  алсан  гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

1 дүгээр хавтаст хэргийн 53-55 дүгээр талд  авагдсан

 “.... Аав гэртээ манай дүү ******* түүний эхнэр Должинсүрэн, хүү нарын нь хамт амьдардаг байсан..... Ер нь л архи уухаараа аавыг зодчих гээд байдаг байсан..., ...Төрсөн хүүхэд нь байж, төрсөн эцгээ зөв зүгээр эрүүл саруул байхад нь ингэж аймаар зодсонд нь үнэхээр гомдолтой байна. Түүнээс юу нэхэмжлэх вэ Холбогдох хуулийн хариуцлагыг нь хүлээлгэмээр байна...”гэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар талд авагдсан “...******* ах цонхон талын орны урд газар дээшээ хараад толгойгоо ертөнцийн зүгээр баруун тийш харуулсан хэвтэж байсан. ******* хажууд нь суусан аав сонин болчихлоо гэсэн. Тэгээд хартал хамраас нь цус гарсан байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дугаар талд авагдсан “.... Согтуу л болохоос ямар нэг зүйл өвдөж байгаа талаар ******* ах хэлээгүй...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 104-105 дугаар талд авагдсан”... Ариунболд 1 шил 0.75 гр архи аваад талийгаач *******ыг  дагуулаад манай гэрт орж ирсэн. Түүнийг уугаад байж байтал Баттогтох манай гэрт орж ирсэн.... Талийгаачид ямар нэг биед ил харагдах гэмтэл шарх гээд байх зүйл байхгүй байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр талд авагдсан “... Ганболд ахын гэрт яваад орсон ...,... Ганболд ах, Ариунболд ах болон талийгаач ******* ах бид нар 1 шил архи уугаад сууж байсан ... талийгаач ******* ах болон Баттогтох бид гурав ууж байсан архинаас үлдсэн тал шил архиа аваад тэднийхээс гараад Баттогтохын гэрт ороод нөгөөдөхөө уугаад байж байтал ******* ахын банди ******* нэг найзтайгаа орж ирсэн. Тэгээд тэндээ бид нар нөгөө тал шил архи ууж дуусгачхаад гарсан....” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар талд авагдсан “...амьсгал дэмжих кордиамин 2 мл булчинд нь хийсэн тэгээд шууд эмнэлэгт авч ирээд яаралтай тусламжийн тасаг руу оруулаад эмчилгээний багт 20 цаг 55 минутад хүлээлгэж өгсөн....”гэх гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр талд авагдсан “...аав ухаан орохгүй байж байгаад 21 цаг 40 минутад нас барсан....” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 118-123 дугаар талд авагдсан “...Талийгаач Ч.*******ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын духны яс 4х3 сантиметр хэмжээтэй цөмөрсөн хугаралтай, уг хугарлаас үргэлжлэн баруун чамархайн яс руу салсан 5 сантиметр шугаман хугарал, суурь яс баруун, зүүн урд хонхор үйрч бяцарсан, олон жижиг хэлтэрхийтэй хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хэнхэрцэг баруун 7, 8, 9, 10, 11, 12 дугаар, зүүн 4, 5, 7, 8, 11 дүгээр хавиргануудын шууд хугарал, элэгний эдийн няцарсан шарх, цус хуралт, хэвлийн хөндийн шингэн цус хуралдалт, сэмж, чацархайн цус хуралт, нойр булчирхайн цус харвалт, зүүн хөмсөг, нүдний дээд зовхины гадна булангийн шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамар, дух, хуйх, эрүү, баруун, зүүн чихний, баруун бугалга, хэвлий, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаач Ч.******* нь гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. Энэ нь дээрх оношинд дурдагдсан шинж байдлаар тодорхойлогдож байна.

4. Талийгаач Ч.*******ын биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач Ч.*******т амилуулах эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн тул согтолтын зэргийг тогтоох боломжгүй. 6.Талийгаач Ч.*******ын цус АВО системээр О /I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 50 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дугаар талд авагдсан “...1. Ч.*******ын гэх цус О /I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 2895 дугаар  дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 155-158 дугаар талд авагдсан “...Асуулт №1 болон  эд мөрийн баримтаар хураан авсан гэх хохирогч Ч.*******ын хэвтэж байсан гэх шалнаас бэхжүүлэн авсан арчдас, оролцогч 2 ширхэг хивсний хэсэг, хулдаасны хэсэг, бор өнгийн цамц, модон шургуулгын хэсэг зэрэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо хохирогч Ч.*******ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2896 дугаартай дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 193-197 дугаар тал 2 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр талд авагдсан “...би ... “гэрээс гарах гээд байхаар” нь “би гаргахгүй гээд ор руу нь түлхсэн. Тэгсэн эхлээд орон дээрээ суусан. Тэгснээ дахин босож ирээд чамд ямар хамаатай юм гээд гарах гээд цамцнаас зуураад байхаар нь тэрүүхэн тэнд цочир уур хүрээд бухимдаад хайрлаж, халамжлаад байхад гэж хэлээд гараараа түүний нүүр хэсэг рүү нь 2 удаа дараалаад цохисон. Эргэж хараад орны дээд байх бор сервант руу мөргөөд .. ойчсон... ухаан алдсан бололтой босож ирэхгүй байсан.

... Би баруун гараараа атгаж  байгаад нүүр хэсэгт 2 удаа цохисон. Би  баруун гартай түүгээрээ ихэвчлэн ажил хийдэг. Миний бие хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ..” гэх шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх  шүүгдэгч ******* нь бусадтай архидан согтуурч мөн архидан согтуурсан байсан төрсөн эцэг Ч.*******тай маргалдаж түүнийг гараараа нүүр хэсэгт цохиж зодож, улмаар талийгаач нь сервант мөргөж унасны улмаас олон тооны гэмтэл шарх авч ухаан алдаж, гавал тархи, цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл учруулж хүнийг алсан  гэмт хэргийн үйл баримтыг  тогтоохдоо  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн бодит байдалд нийцжээ.

Анхан шатны шүүх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдлыг харгалзан  шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, түүний үр дагаварт тохирсон,  хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэжээ.

Иймд  шүүгдэгч  ******* нь   гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  төрсөн эцгээ алсан  нь нийгэмд тогтсон эцэг, эхээ хүндлэн дээдлэх ёс зүй, зан заншлын хэм хэмжээг үл тоож, уг гэмт хэргийг үйлдсэн ёс суртахуунгүй,  гэм буруугийн санаатай  гэмт үйлдэлд анхан шатны шүүх  тухайн зүйл ангид заасан арван хоёр жилээс хорин жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, эсхүл бүх насаар нь хорих ялын хэмжээнээс   арван таван  жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх  дүгнэж, шүүгдэгч *******ын “ хорих ялыг хөнгөрүүлэхийг хүссэн” гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн  2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  шүүгдэгч *******ын   2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс  2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон  90 /ер/ хоногийг   түүний ял эдлэх хугацаанд нь оруулж тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

Л.НЯМДОРЖ