Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2024/ДШМ/430

 

 

 

 

2024           03 4           1211                                    2024/ДШМ/430

                                  Э.Ө-, Т.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Очирсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-гийн өмгөөлөгч М.Хувцагаан,

шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан,

шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Ө-, Т.М- нарт холбогдох эрүүгийн 1708000000230 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. М-,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

2. Ө-,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн;

 

Шүүгдэгч Э.Ө- нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт амь хохирогч Ц.Б-ийн эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр түүний “Nokia” загварын гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, үйлдэл санаа зорилгоороо Т.М-тэй нэгдэж, улмаар амь хохирогч Ц.Б-ийн цээжин тус газар нь цохиж, газарт савж унасны улмаас баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийг Т.М-тэй бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Т.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт амь хохирогч Ц.Б-ийн эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр,  Nokia” загварын гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч санаа зорилгоороо Э.Ө-тай нэгдэж, улмаар амь хохирогчийг газарт унасан байхад нь нүүр, толгойн тус газар нь цохисны улмаас амь хохирогчид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэргийг Т.Ө-тай бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ө-, Т.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М-, Ө- нарыг хүнийг алах гэмт хэргийг өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.М-, Э.Ө- нарыг 16 /арван зургаа/ жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1-д тус тус заасныг журамлан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1114 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар Т.М-д оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Т.М-гийн цагдан хоригдсон 1110 /нэг мянга нэг зуун арав/ хоног, Э.Ө-ын цагдан хоригдсон 1196 /нэг мянга нэг зуун ерэн зургаа/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Э.Ө-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.М-д авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Ө- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хүний амь нас эрсэдсэнд миний бие туйлын их харамсаж байна. Гэхдээ гол нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоож шударга шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Гэрч Ө-ын “Т.М- машинд орж ирээд “Өсөхөө би сая гоё цохиж унагаасан чи харсан уу” гэх мэдүүлэгт, гэрч Б- над руу facebook чатаар “чи бид хоёр бие биеэ танихгүй шүү” гэх мэдүүлэг, шүүгдэгч Э.Ө-ын “...М- хашааны булан тойроод харахад амь хохирогчийг унагаачихсан энгэр хэсгээс нь татаж өндийлгөж байгаад нүүрэн тус газар нь цохисон. Машинд орж ирээд Б-, Ө- нарт хандаж “Өсөхөө би сая гоё цохиж унагаасан, чи харсан уу” гэх мэдүүлэг. Т.М-гийн үйлдэл нь шүүгдэгч Ө-ын “Булан тойроод харахад унагаачихсан энгэр хэсгээс татаж өндийлгөж байгаад нүүрэн тус газар нь цохисон” гэх мэдүүлэг, гэрч Ө-ын “М- машинд орж ирээд Өсөхөө би сая гоё цохиж унагаасан, харсан уу” гэх мэдүүлгүүдээр хөдөлбөргүй нотлогдож байна. Гэрч Б- удаа дараа өгсөн мэдүүлгээ худал өгч хамт байсан гэрч Ө- луу “хоёулаа нэг нэгнээ танихгүй шүү” гэх утгатай чатласан гэдгийг гэрч Ө- өөрөө мэдүүлдэг. М-, Б- нар нь анхнаасаа Ө- гэдэг хүнийг огтоос танихгүй, тийм хүн байгаагүй гэж хэлдэг. Гэрч Б- болохоор бас байхгүй гэж байснаа дараа нь тиймээ байсан гэдэг. Яагаад гэвэл М-, Б- нарын худал хэлсэн мэдүүлгийг Ө- гэрчилнэ гэдгээс болж, цаашлаад тэр шөнө дээрэм хийсэн 2-3 гэмт хэрэг илчлэгдэнэ гэдгийг мэдээд М- гэрч Ө-ыг огт байгаагүй, тийм хүн танихгүй гэдэг. Харин гэрч Б- болохоор facebook чатаар гэрч Ө-тай харилцаад “хоёулаа нэг нэгнээ танихгүй шүү” гэх утгатай чатласан гэдэг нь гэрч Ө-ын мэдүүлгээр нотлогдож байна. Гэрч Б- 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө таксинд явж мөнгө олох зорилготой байсан гэдэг. Найз болох М- дуудахад учир шалтгаангүйгээр ирээд, хамт хоноод байж байна гэдэг нь яах аргагүй эргэлзээтэй. Т.М-г өмөөрч бас өөрөө гэмт хэргээс зайлсхийж гэмт хэргийн үнэн зөвийг нуун дарагдуулж худал мэдүүлэг өгч шүүх байгууллагыг үл тоомсорлож байна. Дан ганц шүүгдэгч Т.М-гийн худал хэлсэн мэдүүлгээр яллагдаж байгаадаа харамсаж байна.

Мөн миний цагдан хоригдсон хоногийг анхан шатны шүүх дутуу тооцсон. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 749 хоног, 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 226 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 133 хоног, 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 125 хоног цагдан хоригдож нийт 1233 хоног цагдан хоригдсоныг зөвтгөж өгнө үү.

М-, Б- нарын худал ярьсан бүхэн үнэнд гүйцэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Эсхүл Ө- миний хэргийн зүйл ангийн хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд алдаатай бичигдсэн маш олон зүйл байна. Миний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би зүүн гараараа бичдэг” гэсэн мэдүүлэг, би баруун гараараа бичдэг нь үнэн. Биеийн байцаалтад өөр хүний биеийн байцаалт бичигдсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М-гийн мэдүүлэгт “тэр хүн эсэргүүцэл үзүүлэхээр нь толгой хэсэгт цохисон” гэсэн. Анхан шатны шүүх ямар учиртай болоод миний ярьсан зүйлийг худал болгож бичсэнийг ойлгохгүй байна.

Хавтас хэрэгт авагдсан олон гэрч нарын мэдүүлгүүдээс гадна ТЕГ-с авсан сэтгэл зүйн сорил буюу полиграфийн шинжилгээгээр намайг амь хохирогчийг цохиогүй гэдгийг нотолсон байдаг. Э.Ө- гэдэг ганцхан хүний мэдүүлгээс болж амьдралынхаа долоон жилээр хохирч байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.3 “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын шүүгдэгч нарын гэм буруугийн талаар гэх хэсэгт: “Шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.М-, Э.Ө- нар нь согтуурсан үедээ бүлэглэн ...амь хохирогч Ц.Б-ийг газарт унагааж толгойн тус газар нь цохиж, ...улмаар Ц.Б-эд баруун зулайн шугаман хугарал... бүхий гавал тархины хүнд гэмтэл учруулж, түүнийг алсан нөхцөл байдал тогтоогдлоо.” гэх болон “...нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд ...Т.М-, Э.Ө- нар нь гэрч Л.Б-гийн ...тээврийн хэрэгслээс хамт буусан, Л.Б- такси үйлчилгээнд явсан. Үүний дараагаар ...Ц.Б-ийг шүүгдэгч Э.Ө- нь цээжин тус газар гараараа цохиж амь хохирогчийг газарт савж унагаан, шүүгдэгч Т.М- нь амь хохирогчийг газарт унасан байхад нь нүүр буюу толгойн тус газарт цохиж, ...эд зүйлийг авч зугтаан гэрч Л.Б-г дуудаж, түүний тээврийн хэрэгсэлд унтсан,... үйл баримт хөтөлбөргүй тогтоогдлоо.” гэж дүгнээд, шүүгдэгч нарт тус бүр 16 жилийн хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэхүү дүгнэлт хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэхгүй, харин ч олон эргэлзээг дагуулж байгаа юм. Тодруулбал,

хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг үндэслэн тэдний үйлдэл оролцоог тодорхойлсон. Нэр бүхий 2 гэрч /Н.Ө-, Л.Б-/ нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй байхад зөвхөн Л.Б-гийн мэдүүлгийг үнэлсэн атлаа Н.Ө-ын мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгүүдэд өгсөн “...М- машинд орж ирээд би гоё цохиж унагаасан харсан уу гэж хэлсэн, бид дараа нь үүрээр Таван шар очиж дөрвүүлээ хоносон...” гэх удаа дараагийн мэдүүлгүүдэд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн гэрч Н.Ө-ын “...гар гэмтэлтэй байсан” гэх мэдүүлгийг л гэрч Л.Б-, Ө.Б- нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн хуудас болон гэрч Б.Э- болон шүүгдэгч Т.М-гийн эцэг Б.Т-ын нарын мэдүүлгээр үгүйсгэсэн байна. Гэтэл гэрч Б.Э- нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо мөрдөгчид өгсөн мэдүүлгийнхээ утга найруулга, үйл явдлын талаар тодорхой, дэлгэрэнгүй болгож буюу “...би тухайн үед ядарсан байсан учраас бичигдсэн зүйлийг уншилгүйгээр гарын үсэг зурсан. Түүнээс биш Ө-ын аав ирээд тэгж хэлээгүй, зөвхөн хүүгээрээ үнэн зөвөөр нь мэдүүлэг өгүүлээрэй гэж л хэлж байсан” хэмээн мэдүүлэг өгч, асуултад хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Э.Ө-ын гар хугарсан байсан эсэх асуудал, Дархан-Уул аймгийн яаралтай тусламжийн хуудаст бичигдсэн үг, гэрч Б-ийн мэдүүлэг зэрэг нь энэхүү хэргийн гэм бурууг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдолгүй буюу гэм буруутай болохыг нотлон тогтоох, эсхүл цагаатгах талын аливаа баримт болохгүй юм. Гэрч Л.Б-, Б.Т- нар нь шүүгдэгч Т.М-тэй яс цусны болон найз нөхдийн хамааралтай хүмүүс. Шинжээчийн 3 удаагийн (1, 3, 7 бүрэлдэхүүнтэй) дүгнэлтүүд болон шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг зэргээс үзвэл амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь зөвхөн 1 удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тодорхой бөгөөд хүний амь насыг хохироох гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь тухайн гэмтлийг учруулсан ГЭМТ этгээдийн үйлдэл нь үхэлтэй шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Тэгэхээр зөвхөн нэг удаагийн үйлчлэлээр үхэлд хүргэсэн гэмтлийг одоо хэрэгт байгаа баримтаас харвал шүүгдэгч Т.М-, Э.Ө- нар хоёулаа хамт буюу бүлэглэн үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан дүгнэлтийн 7 дахь /...баруун хэсгээр хүчдэлтэй унах үед үүсэх боломжтой/ гэх хариулт нь анх 2017 онд амь хохирогчийн цогцост өөрийн биеэр задлан хийж, дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Ганболдын “...толгойгоороо унасан гэх шинж тэмдэг байгаагүй...” гэх мэдүүлэгтэй зөрчилдсөн байтал энэ талаар дүгнэлт хийлгүйгээр харин шүүгдэгч Т.М-гийн зөрүүтэй мэдүүлгүүдийн нэгэнд нь дурдагдсан “...Ө- цээжинд цохиж унагаасан” гэх мэдүүлэгт хөтлөгдөн гэм буруугийн дүгнэлтийг гаргасан. Шийтгэх тогтоолын 11 дүгээр /...шүүгдэгч Т.М-, Э.Ө- нар нь согтуурсан үедээ бүлэглэн ...амь хохирогч Ц.Б-ийг газарт унагааж толгойн тус газар нь цохиж,.../ гэх гэм буруугийн дүгнэлт нь уг тогтоолын 13 дугаар талд буй /...Ц.Б-ийг шүүгдэгч Э.Ө- нь цээжин тус газар гараараа цохиж амь хохирогчийг газарт савж унагаан, шүүгдэгч Т.М- нь амь хохирогчийг газарт унасан байхад нь нүүр буюу толгойн тус газарт цохиж/ гэх гэм буруугийн дүгнэлттэй зөрчилдөж байна. Тодруулж хэлбэл эхнийх нь амь хохирогчийг хоёр шүүгдэгч бүлэглэж газарт унагааж, улмаар хоёулаа толгойд нь цохисон гэж уншигдахаар байтал удаах нь Э.Ө- цээжинд нь цохиж унагаасан гэх утгатай байна. Шүүгдэгч Т.М-гийн мэдүүлгийг үндэслээд шүүгдэгч Э.Ө- нь амь хохирогчийн цээжинд цохисон хэмээн бодлоо гэхэд урдаасаа цээжиндээ цохиулж байгаа хүн савж унахаас биш, шууд толгойн баруун талаараа газар мөргөж унах нь шинжлэх ухааны хувьд боломжтой уу? гэх эргэлзээг үүсгэж байгаа, харин ч солгой гартай (шүүгдэгч Т.М-) этгээд хохирогчийн толгойн баруун талд цохих боломжтой юу? гэх сэжиг, итгэл үнэмшлийг төрүүлэхээр байгаа юм. Энэ мэт эргэлзээтэй нөхцөл байдлуудыг орхигдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдагдаж буй дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал; дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол; дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол;" гэж үзэхээр байх буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлд хамаарч байна.

Энэ хэргийг урьд шийдвэрлэж байсан давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдагдаж байсан “...эсрэг сонирхолтой шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэж, хоёуланг нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь буруу, хэргийн үйл баримтыг өөр бусад арга хэрэгслээр, бүрэн гүйцэт бодитой тогтоох учиртай” гэх алдаа зөрчлийг энэ удаагийн шийтгэх тогтоол мөн адил давтлаа. Хэрэгт хяналтаа тавьж байсан прокурорын хувьд ч ач холбогдолтой нөхцөл байдлыг тодорхой болгохуйц мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж, оронд нь зөвхөн яллагдагчаар татах тогтоолынхоо үг, үсгийг наана цаана нь оруулж бичээд яллах дүгнэлт үйлдэхээс хэтрээгүй бөгөөд анхан шатны шүүх ч мөн адил. 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг бүрэн гүйцэт сонсохын оронд эсрэгээрээ даргалагч шүүгчийн зүгээс “...урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийн талаар ярихгүй, дахин яривал арга хэмжээ авна” гэх үйлдлийг гаргаж байгаа нь дээрхийн илрэл юм. Уг нь хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх талаар гаргаж буй хүсэлтээ тайлбарлахдаа өмгөөлөгчийн зүгээс тухайн хэргийн онцлох үйл баримтыг дурдан тайлбарлах нь шүүхэд сонсгох эрх агаад, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д заасан “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй." гэх хэсэгтэй зөрчилдөхгүй байлтай. Үүнээс илүү том алдаа нь тухайн өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Т.М-гийн өмгөөлөгч Б.Энх-Амгалангаас “...урьдчилсан хэлэлцүүлэг давхцаж байх тул хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байтал хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийн талаар туйлын харилцан эсрэг сонирхолтой, мөн бүх насаар хорих ял оногдуулж болохуйц яллагдагч нарын нэг нь өмгөөлөгчтэй байхад нөгөөг нь өмгөөлөгчгүйгээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг илтэд зөрчсөн, цаашлаад Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулсан туйлын бүдүүлэг алдаа гаргаснаараа дараагийн гэм буруугийн хуралдаан ч утгаа алдсан юм. Урьдчилсан хэлэлцүүлгээс үүдэлтэй тухайн зөрчил нь давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй учраас дангаараа шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шат руу нь буцаах нөхцөл болно. Эцэст нь хэлэхэд энэхүү хэргийн нотлон тогтоох ажиллагаа хангалтгүй, эргэлзээтэй байдлыг одоог хүртэл арилгаж чадахгүй байгаа учраас 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс гаргаж байсан “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” гэх үндэслэлээр хэргийг зайлшгүй прокурорт буцаах нь зүйтэй байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.М-гийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт”-ийг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдсан нотлох баримтууд нь “...энэ хэрэгт хамааралтай, ...тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.” гэж дүгнэжээ. Гэхдээ шүүхийн тогтоолд заасан дүгнэлтээс үзэхэд шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хамаарал бүхий талаас нь үнэн зөв үнэлж, дүгнэлт хийсэн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

Тухайлбал, цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2264 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 89-92 дахь тал), хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 539 дугаартай дүгнэлт, (5 дугаар хавтаст хэргийн 202-207 дахь тал), мөн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 257 дугаартай дүгнэлт (7 дугаар хавтаст хэргийн 166-173 дахь тал) зэрэгт амь хохирогчийг үхэлд хүргэсэн оношийг “...Баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цусан хурааны улмаас суман хөндийд цусан бүлэн үүсэж, тархи хавагнаж гүүрэнд хоёрдогчоор цус хуран үхэлд хүргэжээ.. гэсэн дүгнэлтүүдийг хийсэн байна.

Харин хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 257 дугаартай дүгнэлтэд “...7, 14. талийгаачид учирсан баруун зулай ясны шугаман хугарал гэмтэл нь хязгаарлагдмал бус, хатуу гадаргуутай зүйл дээр толгойн баруун хэсгээр хүчдэлтэй унах үед үүсэх боломжтой. 8. Баруун зулайн шугаман хугарал гэмтлийн улмаас тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны дотор талын цус 'хуралт гэмтлүүд учирсан ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 10. Баруун зулайн хугарал, хуйхны цус хуралт, хатуу хальсан доорх цусан хураа нь гараар цохих үед үүсэхгүй, хөлөөр өшиглөх үед үүсэх боломж багатай. 11, 12,15. Тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн цусан хураа, няцрал гэмтэл нь тусдаа үүсээгүй бөгөөд баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэлтэй хамт нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Баруун зулай ясанд хүч үйлчлэхэд эсрэг цохилтын гэмтэл буюу зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн цусан хураа, няцрал гэмтлүүд үүснэ. 13. Талийгаачийн нүүрэнд болон цээжин тус газарт хүчтэй цохих, түлхэхэд газарт толгойн баруун хэсгээр унах үед гавал тархины гэмтэл нь үүсэх боломжтой” гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийн болон эдгээр гэмтэл нь чухам ямар хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байж болзошгүй талаарх дүгнэлтүүдийг миний үйлчлүүлэгч шүүгдэгч Т.М-гийн “...явж байхад хажуугаар 170 см орчим өндөртэй хүн зөрөөд өнгөрсөн. Ө- гүйж очоод цээж рүү нь цохиод унагаасан. Тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан..." гэсэн мэдүүлэг (1дүгээр хавтас хэргийн 140-142 дахь тал)-тэй харьцуулан авч үзээд, улмаар нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь дүгнэж үзвэл харилцан эсрэг сонирхолтой шүүгдэгчдийн чухам хэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн бэ? гэх асуултын логик, үнэн зөв хууль зүйн дүгнэлт гарна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн “Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт”-дээ хэрэгт авагдсан нотлох баримтуудад ийнхүү дүгнэж чадаагүй учраас шүүх хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлэх, дүгнэх, нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үнэлэх үүргээ хангалтгүй биелүүлжээ гэж үзэхэд хүргэж байна.

Анхан шатны шүүхийн тогтоолд заасан хууль зүйн дүгнэлтэд “...шүүгдэгч Т.М-, Э.Ө- нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ дээрмийн гэмт хэрэг үйлдэж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал олгохоор харилцан тохиролцож амь хохирогчийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдов. Дээрмийн гэмт хэрэг нь өмчлөх эрхийг эсрэг, цаашилбал, хүний эрүүл мэнд, амь насанд аюултай гэмт үйлдэл байх бөгөөд шүүгдэгч Т.М-, Э.Ө- нь амь хохирогчийг цохиж унагаах, Т.М- нь хохирогчийг унасан байхад нүүр буюу толгойн тус газар нь цохисон үйлдлээрээ нэг санаа зорилготойгоор энэ гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т. М- нь “Амь хохирогч Ц. Б-ийг Э.Ө- цохисон” гэж, шүүгдэгч Э.Ө- нь “Амь хохирогч Ц.Б-ийг Т.М- цохисон” гэж тус тус мэдүүлсэн, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 257 дугаартай шинжилгээнд “Хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийг 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой” гэж дүгнэсэн хэдий ч, дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэсэн шинжийг үгүйсгэх нотлох баримт болохгүйн зэрэгцээ, тэдний бүлэглэж хүнийг алсан, гэмт хэрэг эхлэхээс төгсөх хүртэл, түүнээс хойших цаг хугацаанд ч хамт байсан болох нь шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б-, Л.Б- нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.” гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэсэн атлаа шүүгдэгчдийн гэм буруугийн дүгнэлтийнхээ төгсгөлд “...шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 329 дүгээр дүгнэлтийн “...мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ...цохиулаад савж унах үед үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлтийг, шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2264 дүгээр дүгнэлт, шинжээчийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 539 дүгээр дүгнэлт “...нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...гэмтэл нь газар савж унах үед үүсэхгүй,..”, шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 257 дугаар дүгнэлт “...мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ...савж унах буюу гэдрэг огцом унахад үүсэхгүй...талийгаачийн нүүрэнд болон цээжин тус газарт хүчтэй цохих, түлхэхэд газар толгойн баруун хэсгээр унах үед гавал тархины гэмтэл үүсэх боломжтой” гэсэн дүгнэлтүүдээр амь хохирогчид учирсан гэмтлийг 1 удаагийн үйлчлэлээр толгойн баруун хэсгээр унах үед гавал тархины гэмтэл үүссэн тул шинжээчийн 329 дүгээр дүгнэлт няцаагдаж байна.” гэж мөн дүгнэсэн байх юм. Шүүхийн энэхүү дүгнэлтүүд нь нэг талаас, миний үйлчлүүлэгч Т.М-г амь хохирогчийг унасан байхад нь нүүр буюу толгойн тус газар нь цохисныг тогтоосон, мөн шинжээчийн “...мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ...цохиулаад савж унах үед үүсэх боломжтой...” гэсэн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 329 дүгээр дүгнэлтийг няцаасан атлаа нөгөө талаас хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 257 дугаартай шинжилгээнд “Хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийг 1 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой” гэсэн дүгнэлтийг үгүйсгэсэн байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтүүд нь хоорондоо огт авцалдахгүй, зөрчилтэй хууль зүйн дүгнэлт бөгөөд ийм зөрчил бүхий дүгнэлтэд үндэслэн Т.М-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх нөхцөл байдлыг бий болгож байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсгийн биеийн байцаалтын мэдээлэл болон тогтоох хэсгийн 1 дэх заалтад миний үйлчлүүлэгчийн овгийг Түвшинжаргалын гэж буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нөхцөл байдалд хамаарна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл болон 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, Т.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..хавтас хэрэгт авагдсан хэргийн үйл баримт, нөхцөл байдлын хувьд, мөн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудын хүрээнд Э- гэх хүний талаар яригддаг. Гэрч Т.Ө- гар гэмтэлтэй байсан гэх мэдүүлгийг гэрч Л.Б-, Б- нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн магадлагаа, гэрч Э-, шүүгдэгч Т.М-гийн эцэг Т- нарын мэдүүлгээр үгүйсгэсэн байдаг. Гэтэл гэрч Э- нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаанд “би тухайн үед ядарсан байсан тул бичигдсэн зүйлийг уншихгүйгээр гарын үсэг зурсан” гэж мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсаныг анхаарч үзнэ үү. Э.Ө-ын аав ирээд тэгж хэлсэн зүйл байхгүй. 1, 3, 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтүүд, хүний амь нас хохирсон хор уршгийн талаар, хүч үйлчилсэн чиглэл, гэмтлийн шалтгаан, учирсан гэмтлийн шинж чанар, хэр хэмжээний талаар тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргаж нэг удаагийн үйлчлэлээр үхэлд хүргэсэн гэмтэл гэж үзсэн тул Т.М-, Э.Ө- нарыг бүлэглэж үйлдсэн гэж үзэх боломжгүй. Нэг хүн хоёр удаа амь хохирсон эргэлзээтэй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллах болон цагаатгах бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг анхаарч үзнэ үү. Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг агуулгын хувьд дэмжиж байна. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц-гийн өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Ө-, Т.М- нар гэмт хэрэг үйлдэх үедээ харилцан тохиролцож үйлдсэн гэдгээ шүүх хуралдаанд тодорхой мэдүүлж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Анх гэрч Н.Ө-ын талаар огт яригдаж байгаагүй. Хэрэг гарснаас хойш 7 жил өнгөрсөн бөгөөд шүүх хуралдааныг олон удаа хойшлуулсан, бүх шатны шүүхээр хэлэлцэгдсэн. Гэрчийн мэдүүлгийг өмгөөлөгч Д.Чинзориг, Б.Бат-Ерөөлт нар ач холбогдолтой гэж үздэг. Хамгийн анхны анхан шатны шүүх хуралдаанд шинээр Ширчинням гэх гэрч оролцсон бөгөөд дараа нь гэрч Н.Ө-ын талаар ярьдаг. Гэрч Н.Ө- тухайн үед насанд хүрээгүй байсан бөгөөд Н.Ө-ын аав Э- гэх хүн Н.Ө-ын ээжид очиж “хүү чинь насанд хүрээгүй тул цагдаа дээр очиж мэдүүлэг өгнө, энэ үед хүүгээрээ машинд орж ирэхэд нь гоё цохиж унагаалаа гэж хэлүүлээрэй” гэж хэлсэн байдаг. Э- хүүгээрээ ингэж мэдүүлэг өгүүлээгүй байдаг. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хангаж мэдүүлэг авсан. Энэ үед “машинд сууж байхад Т.М- орж ирээд ёстой гоё цохиж унагасан, чи харсан биз дээ” гэх мэдүүлэгт ач холбогдол өгдөг. Гэтэл Л.Б- “Шүүгдэгч нарыг дэлгүүрийн үүдэнд орхиод явсан. Шөнө 12 цаг өнгөрч автобус зогссон тул очиж авахад нэг нь улаан куртик барьж орж ирсэн.” гэж мэдүүлсэн. Амь хохирогч улаан куртиктэй, ард тал нь таглаагүй гар утастай байсан бөгөөд эдгээр эд зүйлс хэнээс гарсан бэ. Э.Ө- нь амь хохирогчийг Т.М- цохиж унагаасан гэж, Т.М- нь амь хохирогчийг Э.Ө- цохиж унагаасан гэж мэдүүлдэг. Энэ хэрэгт гэрч Н.Ө-ыг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт яллагдагчаар татах ажиллагаа хийгдээгүй. Гэтэл энэ хүний мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлж гэм буруутай нь нотлогдон тогтоогдож байна гэснийг ямар баримтаар үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдсэн боловч ирээгүй бол оролцуулахгүйгээр явуулна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн үйл баримтыг ярихгүй гэж хуульд заасан. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж байна. Хавтаст хэргийн хэд дэх хуудаст ямар дүгнэлт, яаж хийсэн талаар тодорхой дурдаагүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч нар цагаатгах байр суурьтай оролцож байсан. Энэ хэрэгт 7 жилийн турш мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан тул хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй. Шүүгдэгч Т.М-гийн өмгөөлөгч Б.Энх-амгалангийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолд дурдсан нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, тогтоож чадсангүй гэж үзсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг баримталж давж заалдах гомдол бичсэнээ тодорхой дурдаагүй байна. Хүний амь нас хохирсон, гэрчүүд гэрчилсэн, нотлох баримтаар тогтоогдсон байхад эргэлзээтэй гэж үзэхгүй. Амь хохирогчийн цээжин тус газарт урдаас нь түлхэж, хойшоо унахад хойд талд нь гэмтэл учрах ёстой гэж ойлгосон байна. 4 удаагийн шинжээчийн дүгнэлтээр хангалттай, тодорхой нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Амь хохирогчийг явж байхад нь хүчтэй түлхсэн үйлдлийн улмаас хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл дээр баруун талаараа унаж, уг гэмтэл учирсан гэж шинжээч эмч нар мэдүүлсэн, нэг удаагийн түлхсэн үйлдэл байдаг. Амь хохирогч өөрөө явж байгаад унах, хүчдэлтэй түлхэж унагаах нь ялгаатай. Хүнийг алах гэмт хэрэг биш, харин эд зүйлсийг нь дээрэмдэх зорилгоор халдсан гэж байна. Гэтэл эхлээд түлхэж унагааж өөрийгөө хамгаалах чадваргүй болгосны дараа эд зүйлийг нь авсан тул дээрэмдэх гэмт хэргийн шинж байхгүй. Т.М-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ноцтой зөрчил гаргасан гэж байна. Үг үсгийн алдаа гаргасныг ноцтой зөрчил гэж үзэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Р.Очирсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Э.Ө-, Т.М- нар өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор амь хохирогчид хүч хэрэглэн гавал тархины битүү гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч Э.Ө- нь хүний амь насыг хохироосноос гадна тухайн орой Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ талаар албан тоотууд хавтас хэрэгт авагдсан гэж байна. Нийслэлийн цагдаагийн газраас тухайн хэргийг шалгаж байх явцад, мөн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн албан тоотуудаар хэрэг гарсан орой Э.Ө-, Т.М- нарт холбогдох дээрэмдэх гэмт хэрэг гарсан нөхцөл байдал байхгүй, харин сүүлд Э.Ө- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж шийтгүүлсэн. Гэрч Н.Ө-ын гэрчээр өгсөн мэдүүлэг нь энэ хэргийн гол нотлох баримт болно гэж ярьж байна. Гэтэл анхны анхан шатны шүүх хуралдаанд Э.Ө- нь Н.Ө-ыг огт танихгүй, нэрийг нь мэдэхгүй байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Сүүлд Ширчинням гэх гэрчийн мэдүүлснээр Н.Ө- гэх хүний талаар яригдсан. Хэрэг гарах үед Н.Ө- нь насанд хүрээгүй байсан бөгөөд Э.Ө-ын аав Э- гэх хүн Н.Ө-ын ээж Э- гэх хүн дээр очиж “Манай хүү Э.Ө- цохисон гэж битгий хэлээч. Хамт явж байсан хүн нь цохисон гээд хэлээд өгөөч.” гэж хэлснийг Э- гэрчээр өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн байдаг. Иймд гэрч Н.Ө-ын өгсөн мэдүүлэг энэ хэргийн гол нотлох баримт болох боломжгүй. Л.Б- “тухайн үйл явдал болохоос өмнө Т.М-, Э.Ө- нар Толгойтод машинаас буугаад үлдсэн” гэж мэдүүлсэн байдаг бөгөөд түүний 2 дахь мэдүүлэгт “Н.Ө-ыг танихгүй, сүүлд машинд орж ирээд, буугаад явсан” гэж мэдүүлсэн. Л.Б- хэрэг гарсны дараа Э.Ө-, Т.М- нарыг хэргийн газраас авч явсан үйл баримт тогтоогддог бөгөөд амь хохирогчийн өмсөж явсан улаан куртик, гар утсыг Т.М- ашиглаж байгаад Ц- гэх хүүхдэд өгсөн үйл баримт тогтоогдож, амь хохирогчийн өмсөж байсан куртикийг эд мөрийн баримтаар тооцсон. Т.М- амь хохирогчийн гар утсыг ашиглаж байгаад санамсаргүй байдлаар гээгдүүлсэн гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.М-гийн овгийг техникийн алдаа гаргаж буруу бичсэнийг засуулах, мөн шүүгдэгч Э.Ө-ын цагдан хоригдсон хоногийг 1233 хоног гэж зөвтгүүлэх саналыг тус тус гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Ө-, Т.М- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Э.Ө- нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт амь хохирогч Ц.Б-ийн эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр түүний “Nokia” загварын гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч, үйлдэл, санаа зорилгоороо Т.М-тэй нэгдэж, улмаар амь хохирогч Ц.Б-ийн цээжин тус газар нь цохиж, газарт савж унасны улмаас баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн  хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулж, баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж, амьсгал, зүрх судасны дутагдал орж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэргийг Т.М-тэй бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг,

шүүгдэгч Т.М- нь 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт амь хохирогч Ц.Б-ийн эд хөрөнгийг нь авах буюу шунахайн сэдэлтээр,  “Nokia” загварын гар утас, куртик зэргийг нь өөртөө болон бусдад эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор авч үйлдэл, санаа зорилгоороо Э.Ө-тай нэгдэж, улмаар амь хохирогчийг газарт унасан байхад нь нүүр, толгойн тус газар нь цохисны улмаас амь хохирогчид баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн  хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулж, баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж, амьсгал, зүрх судасны дутагдал орж нас барсан буюу хүнийг санаатай алсан гэмт хэргийг Т.Ө-тай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б-ийн “...манай бага эмэгтэй дүү Болортунгалаг залгаад “Б-э ах гэмтлийн эмнэлэгт ухаангүй ирээд хагалгаанд орчихжээ” гэж хэлсэн. Хагалгааны дараа ч ухаан орохгүй байсаар нас барсан. Б- гэх залуугийн гэрээс эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. Тэднийд шөнө орж ирэхдээ куртикгүй, утасгүй, “найз нь дээрэмдүүлээд зодуулчихлаа” гээд орж ирсэн байсан. ...” /1хх 36-37/,

гэрч Л.Б-гийн “...намайг шөнө дахин дуудах үед М-, Ө- хоёр нэг улаан куртик барьчихсан машинд суусан. ...Таван шарын автобусны буудал дээр М-, Ө- бид гурав хамт хоносон. ...” /1хх 49-51, 4хх 62-65, 5хх 157-158/,

гэрч Н.Ө-ын “...Ө-, М- хоёр буугаад цэнхэр дэлгүүрээс зүүн зүгт гудамж руу алхаад явсан. Б- бид хоёр машинд үлдсэн. 20-30 минут хүлээж байхад Ө-, М- хоёр явсан гудамжныхаа доод талын гудамжаар гүйж ирээд машинд суухдаа М- улаан өнгийн куртик барьчихсан ирсэн. ...” /4хх 58-61/,

гэрч Б.Б-гийн “...17 цагийн үед Б-э “архи олдохгүй байна” гээд ирсэн. Бид хоёр хоол идэж, нэг шил архи уусан. Орой нь гадаа гарч тамхи татчихаад ирье гээд алга болсон. Шөнийн 02 цагийн үед ...куртик нь байхгүй, хамар ам нь цус болчихсон, чихнээс нь жоохон цус гоожсон болохоор нь би “хаана, хэнтэй зодолдсон юм” гэхэд “маргааш яръя, найз нь хөлдөж үхлээ” гээд газраар унтаад өгсөн. Үүрээр Б-э “найз нь хөлдөж үхлээ” гээд миний өвөрт ороод ирсэн. Өглөө 08 цагийн үед Б-э орондоо шээчихсэн, ухаангүй болохоор нь 103 луу дуудлага өгсөн. Б-э улаан өнгийн юүдэнтэй, богино куртиктэй байсан...” /1хх 41-45/,

гэрч С.Ц-ийн “...2017 оны 11 дүгээр  сарын 13-ны өдөр ...сургуулийн гадна М-, Төрөө, Б- ах гурав зогсож байсан. Намайг тэд нар дээр очиход М- нэг улаан өнгийн куртик барьчихсан "ахын дүү энийг авах уу, сайхан угаагаад цэвэрлээд өмсчих" гээд өгсөн. Ямар нэгэн зүйл асуугаагүй, "за баярлалаа" гээд авсан. ...” /1хх 46-48, 66-68/,

гэрч Ө.Б-ийн: “...2017 оны 11 дүгээр сард ...3, 4 дүгээр хорооллын эцсээс Ө-ын найзын “Prius-20” загварын машинд сууж намайг Яармагт гэр лүү хүргэж өгчихөөд явсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед нөгөө хүргэж өгсөн машинтайгаа ирж уулзсан. ...Надтай 3, 4 дүгээр хороололд уулзаад явахдаа бид хоёр хөтлөлцөөд явж байсан. Тэгэхэд гар нь зүгээр, ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. Харин хамгийн сүүлд Ө- надад гар утас өгчихөөд явахдаа гар нь зүгээр явчихаад хөдөө очоод мориноос унаад гараа гэмтээчихсэн гэж над руу утсаар ярьж байсан. Тэрнээс өмнө надтай уулзахдаа гараа гэмтээсэн гэж хэлээгүй. ...” /4хх 99-101/,

гэрч Б.Э-гийн “...Ө-ын аав нь "Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын Цэнхэр дэлгүүрийн үүдэнд нүүрс зардаг ах нь байна гэж миний утасруу одоогоос 2 жилийн өмнө залгаад “Н.Ө-ыг насанд хүрээгүй болохоор цагдаагаас мэдүүлэг авахад чи хамт оролцох байх, тэгэхээр хүүхдээрээ Ө-ыг цохиогүй, Ө-тай хамт явж байсан хүн түрүүлж цохисон” гэж хэлүүлээд өгөөч гэсэн. Би “хүүхдээ цагдаагийн газарт мэдүүлэг өгүүлэхгүй, тийм юм байхгүй" гэж хэлсэн. Ө-ын аав нь гэх хүн удаа дараа залгаж энэ асуудлаар ярьж байсан. ...” /4хх 95-96/,

гэрч Б.Т-ын “...Ө-ын ээжийн утсыг олоод очиж уулзсан. ...Би ээжид нь “Ө-тай уулзаж үнэн бодит байдлаар нь мэдүүлэг өгөөрэй гэж хэлэх гэж ирсэн юм аа” гэхэд тэрээр "Ө-ын аав цэнхэр өнгийн портер машинтай ирээд Ө-тай уулзаад явсан. Уулзахдаа М-г 2 удаа цохисон гэж хэлээд өгөөч гэж” хэлээд явсан гэдгийг надад хэлсэн. ...” /4хх 66-67/,

Т.М-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...170 см орчим өндөртэй, улаан өнгийн малгайгүй нимгэн куртиктэй, бараан өнгийн өмдтэй, ...эрэгтэй зөрсөн. Ө- эргээд тэр хүн дээр очоод ямар нэгэн зүйл ярилгүй шууд цээж рүү нь цохиж унагаасан. Намайг гүйгээд очиход Ө- халаасыг нь ухаж байхаар нь би куртикийг нь зүүн ханцуйнаас нь татаж тайлж авч байх үед Ө- гудамж уруудаад гүйсэн. ...Ө- гудамжинд цохиж унагаасан хүний халааснаас Nokia rap утас авсан гэж хэлсэн. ...Би тэр хүнийг цохиж, зодоогүй, Ө- тэр хүний цээж рүү нь нэг удаа цохисон тэгэхэд газар мөстэй халтиргаатай байсан болохоор тэр хүн газар унасан. ...Яагаад цохисныг нь мэдэхгүй, цохиод унагаасных нь дараа очиход тэр хүн баруун хажуугаараа харсан байдалтай хэвтэж байсан. Ө- өмднийх нь халаасыг ухаад би куртикийг тайлж авсан. ...Улаан өнгийн куртикийг би Ц-т өгсөн. ...” /1хх 134-139, 140-142, 146-147/,

Э.Ө-ын яллагдагчаар өгсөн “...М-гийн хамт явж байхад улаан куртиктэй эрэгтэй хүн явж байсан. М- надад юу ч хэлэлгүй тэр хүнийг чиглээд гүйсэн. Би яаж байгаа юм бол гэж бодоод харж байгаад араас нь гүйгээд очихын завдалгүй тэр хүнийг унагаачихсан энгэр хэсгээс нь дээш бага зэрэг татаж өндийлгөж байгаад нүүр хэсэг рүү нь цохисон. Би очоод “болиоч” гэхэд М- тэр хүний улаан куртикыг тайлж аваад, өмдний халааснаас Nokia маркийн товчлууртай өнгийг нь мэдэхгүй утас авсан. Би гэр лүүгээ алхаад харьсан. М- салаад явсан. Би тэр хүн рүү ойртоогүй . ...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр би хүүхдүүдтэй маргалдаж байгаад баруун гарынхаа дунд савхан ясыг хугалсан байсан. ...” /1хх 150-153, 157-158/, /2хх 160, 3хх 15, 137/ гэсэн мэдүүлгүүд,

 

“....Ц.Б-ийн биед учирсан баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт бүхий гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих үед үүссэн болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 226 дугаартай дүгнэлт /1хх 89-92/,

“...Талийгаач Ц.Б-ийн цогцост баруун зулайн шугаман хугарлын улмаас баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт учирсан байх ба эдгээр гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Талийгаачид учирсан баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. ...Тархины баруун зулайн шугаман хугарал гэмтэл нь газарт савж унах үед үүсэхгүй. ...Баруун зулайн орой хэсгээс хуучин трепенаци хүрсэн шинэ шугаман хугаралтай" гэсэн байх бөгөөд шугаман хугарал нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн үйлчлэлээр хамт үүссэн байх боломжтой. ...Талийгаачид учирсан баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ...Талийгаачийн амь насыг аврах боломжгүй байсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 539 дугаартай дүгнэлт /5хх 202-207/,

“...Талийгаач Ц.Б-ийн цогцост баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны дотор талын цус хуралт, дээд, доод уруулын цус хуралт гэмтлүүд учирсан ба тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Гавал тархинд үүссэн гэмтэл буюу баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны дотор талын цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь уг гавал тархины гэмтлийг аваад гэрэлт үеийн хугацаа буюу тархины хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдал үүсгэх хүртэл ухаантай байх ба энэ нь хэдэн цагаас хэдэн хоног хүртэл үргэлжилж, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх, орчинтойгоо харилцах, бусадтай маргалдах, эсэргүүцэл үзүүлэх боломжтой. ...Талийгаачид учирсан баруун зулай ясны шугаман хугарал гэмтэл нь хязгаарлагдмал бус, хатуу гадаргуутай зүйл дээр толгойн баруун хэсгээр хүчдэлтэй унах үед үүсэх боломжтой. Баруун зулайн шугаман хугарал гэмтлийн улмаас тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн доторх цусан хураа, эдийн няцрал, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны дотор талын цус хуралт гэмтлүүд учирсан ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн цусан хураа, няцрал гэмтэл нь тусдаа үүсээгүй бөгөөд баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэлтэй хамт нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Баруун зулай ясанд хүч үйлчлэхэд эсрэг цохилтын гэмтэл буюу зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн эдийн цусан хураа, няцрал гэмтлүүд үүснэ. Талийгаачийн нүүрэнд болон цээжин тус газарт хүчтэй цохих, түлхэхэд газарт толгойн баруун хэсгээр унах үед гавал тархины гэмтэл нь үүсэх боломжтой. Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь савж унах буюу гэдрэг огцом унахад үүсэхгүй. ...Талийгаач нь баруун зулай ясны шугаман хугарал, тархины баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Мэс заслын эмчилгээ нь стандартын дагуу хийгдсэн ч талийгаачийн амь насыг аврах боломжгүй байсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 257 дугаартай дүгнэлт /7хх 166-173/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-14/, улаан өнгийн цахилгаантай, юүдэнтэй малгайтай, “Tiger force” гэсэн бичигтэй куртикийг эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол /1хх 29-33/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 20-26/, шүүгдэгч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /5хх 162-166, 171-174/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Ө-, Т.М- нар ямар гэм буруутай болох, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Э.Ө-, Т.М- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, амь хохирогч Ц.Б-ийн цээжин тус газар нь цохиж, газарт унагах, газарт унасан байхад нь нүүр, толгойн тус газар нь цохих зэргээр баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн талын бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт гэмтлийн улмаас тархи дарагдаж, амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11 дэх заалтад тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ө-, Т.М- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл заалтад зааснаар 16 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Э.Ө-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нар “...цагдан хоригдсон хоног зөрүүтэй, ...дан ганц Т.М-гийн худал хэлсэн мэдүүлгээр яллаж байгаад харамсаж байна, ...хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж өгнө үү, ...шүүгдэгч нар нь харилцан эсрэг сонирхолтой, бүх насаар хоригдож болохуйц хэрэг байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Т.М-г өмгөөлөгчгүй оролцуулсан, ...шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...”, шүүгдэгч Т.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нар “...полиграфийн шинжилгээгээр намайг амь хохирогчийг цохиогүй гэдгийг нотолсон, ...ганцхан Э.Ө-ын мэдүүлгээс болж амьдралынхаа долоон жилээр хохирч байна, ...Т.М-гийн овог, регистрийн дугаарыг буруу бичсэн, ...анхан шатны шүүхийн дүгнэлтүүд нь хоорондоо огт авцалдахгүй, дотоод зөрчилтэй хууль зүйн дүгнэлтүүд байхад Т.М-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ...Т.М-, Э.Ө- нарын яг хэний үйлдлийн улмаас амь хохирогч нас барсан эсэх нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Шүүгдэгч Т.М-, Э.Ө- нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах замаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн үйл баримыг бодитой сэргээн тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан байна гэж үзэв.

Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн гэмт хэргийн нотлогдсон байдлыг судалж үзэхэд шүүгдэгч Т.М-, Э.Ө- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт амь хохирогч Ц.Б-ийн цээжин тус газар нь цохиж, газарт унагах, газарт унасан байхад нь нүүр, толгойн тус газар нь цохих зэргээр гар утас, куртик зэргийг нь авч, улмаар баруун зулайн шугаман хугарал, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн чамархай, эдийн няцралт, цус хуралт, баруун чамархай, баруун зулайн ар хэсгийн хуйхны цус хуралт, амны баруун хэсгийн цус хуралт бүхий гэмтэл учруулж, дээрх гэмтлийн улмаас тархи дарагдаж, амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүгдэгч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 257,  2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2264, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 539 дугаартай дүгнэлтүүд, шинжээч эмч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр үгүйсгэх, дээр дурдсан нотлох баримтуудыг хууль зөрчиж бэхжүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, шүүгдэгч нар нь яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, амь хохирогчид гэмтэл учирсан үйл баримтын талаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт эрс зөрүүтэй мэдүүлгүүд өгч харилцан бие биеэ хохирогчийн үхэлд буруутгаж буй хэдий ч мөрдөгч, прокурорын зүгээс тухайн хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох гэрч Л.Б-, Н.Ө- болон бусад хүнийг гэрчээр асуух, мөн хэргийн газарт үзлэг хийх замаар шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог тодруулах, амь хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор шинжээчийн дүгнэлтийг 4 удаа гаргуулж, нэр бүхий шинжээч нараас гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар авах, яллагдагч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах зорилгоор тэдгээрийг нүүрэлдүүлэн байцаах, мэдүүлгийг газар дээр нь шалгах, мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан оролцогчдын гаргасан хүсэлт, баримтат мэдээллийг хянаж шийдвэрлэх зэргээр нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

 

Шүүгдэгч Т.М-, Э.Ө- нар нь санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж, нэг цаг хугацаа, оройн зайд хохирогч Ц.Б-ийг бүлэглэн зодож амь насыг нь санаатайгаар хохироох гэмт хэрэг үйлдэх үед хохирогчийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтлийг хэн учруулсан нь тэднийг яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 2.11-д заасан “хүнийг алах гэмт хэргийг өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

Мөн анхан шатны шүүхийн “...шүүгдэгч Т.М-, Э.Ө- нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ дээрмийн гэмт хэрэг үйлдэж, өөртөө болон бусдад эдийн засгийн давуу байдал олгохоор харилцан тохиролцож амь хохирогчийн биед халдсан, амь хохирогчийг дээрэмдэх явцад, түүний амь насанд халдсан үйлдэл буюу Э.Ө- нь хохирогчийг цохиж унагаах, Т.М- нь хохирогчийг унасан байхад нүүр буюу толгойн тус газар нь цохисон үйлдлээрээ нэг санаа зорилготойгоор энэ гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М- нь “Амь хохирогчийг Э.Ө- цохисон” гэж, шүүгдэгч Э.Ө- нь “Амь хохирогчийг Т.М- цохисон” гэж тус тус мэдүүлсэн, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 257 дугаартай шинжилгээнд “Хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтлийг нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой” гэж дүгнэсэн хэдий ч, дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн гүйцэтгэсэн шинжийг үгүйсгэх нотлох баримт болохгүйн зэрэгцээ, тэдний бүлэглэж хүнийг алсан, гэмт хэрэг эхлэхээс төгсөх хүртэл, түүнээс хойших цаг хугацаанд ч хамт байсан болох нь шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Б-, Л.Б- нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон...” гэсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн гэрч нараас мэдүүлэг авах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, тэдэнд эрх, үүргийг нь танилцуулж, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар сануулсны үндсэн дээр мэдүүлэг авсан байна.

 

Энэ хэрэгт 4 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд эдгээрээс 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 257 дугаартай дүгнэлтээр өмнөх 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2264, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 539 дугаартай дүгнэлтүүдийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, шүүх хэрэгт авагдсан шинжээчийн мэдүүлэг, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр үнэлж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүйгээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээчид өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба эдгээр дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

 

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зорилгоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад ач холбогдолтой.

 

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хүч нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох ёстой.

 

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт зорилгоороо нэгдсэн байвал гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

 

Энэ тохиолдолд гэмт хэрэг үйлдэхэд хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

 

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч Э.Ө-, Т.М- нар нь бусдыг алах гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох бэрхшээлийг хэрхэн туулах, ул мөрийг нуух, баллах, гэмт хэргийн замаар олох эд хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлаар урьдчилан хэлэлцэж тохиролцоогүй боловч амь хохирогчийг цохиж газар унагаах, унасан байхад цохих зэргээр эд зүйлийг нь авч явсан нөхцөл байдлаас үзэхэд тэднийг гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж оролцсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Т.М-гийн “полиграфийн шинжилгээгээр намайг амь хохирогчийг цохиогүй гэдгийг нотолсон” гэх гомдлын тухайд,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд полиграф аргыг эрүүгийн процесст ашиглах тухай асуудлыг тусгайлан заагаагүй. Харин “гэмт хэргийн ул мөрийг илрүүлэх, түүнийг буулган авах, бэхжүүлэх шинжлэх ухааны үндэслэл бүхий арга, техник хэрэгсэл”-ийн тухай заалт нь полиграф болон шинжлэх ухааны үндэслэл бүхий бусад аргыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад ашиглах боломжтой. Иймд полиграфийн шинжилгээний дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

 

Шүүгдэгч Э.Ө-ын өмгөөлөгч Д.Чинзоригийн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.” гэх асуудлын тухайд,

 

Анхан шатны шүүх өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн урьдчилан хэлэлцүүлгийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хэлэлцэж, “...өмгөөлөгч Б.Энх-Амгалангийн саналыг харгалзан урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй...шүүх хуралдаан давхацсан гэх боловч, шүүх хуралдаан давхацсан талаарх үндэслэл бүхий холбогдох баримт /шүүхийн мэдэгдэх хуудас, шүүх хуралдааны зар/-ыг хавсаргаагүй, ямар хуралд оролцож байгаа болох нь тодорхойгүй. Мөн яллагдагч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, яллагдагч Т.М- урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн. ...” гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулж, урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй.”, 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгч Т.М-гийн биеийн байцаалтыг бичихдээ Т М- /****/ гэж овог, регистрийн дугаарыг буруу бичсэн, мөн шүүгдэгч Э.Ө-ын цагдан хоригдсон 1234 хоногийг 1196 гэж буруу тооцсон байгаа зөвтгөж энэ талаар гаргасан шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Э.Ө-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ял биелэгдсэн талаар прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч баримт нь хавтас хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т оногдуулсан торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэх талаар нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Э.Ө- болон түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Т.М- болон түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын “... хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Э.Ө-, Т.М- нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 96 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/71 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг,

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М-гийн цагдан хоригдсон 1110 /нэг мянга нэг зуун арав/ хоногийг, Э.Ө-ын цагдан хоригдсон 1234 /нэг мянга хоёр зуун гучин дөрөв/ хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. ...” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ө- болон түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Т.М- болон түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарын “... хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жаргалдоржийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт 96 /ерэн зургаа/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН