Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0621

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганзаяа би даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.У*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н*******
Хариуцагч: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн
нарийн бичгийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э******* нарын хооронд
“...Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79
дүгээр тушаалыг хуульд нийцүүлэн засаж гаргахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79
дүгээр тушаалыг хуульд нийцүүлэн засаж гаргахыг даалгах тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Б.У******* нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Харьяа байгууллага, орон нутаг, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар тус яамны Төрийн
захиргааны удирдлагын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад тэнцэж, зохих болзол шаардлагыг хангаж ажилласан гэж үзэж, мөн өдрөөс эхэлж жинхлэн томилогдсон байна.
2.2. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан Үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А******* нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаартай Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, орон тоог батлах тухай тушаалыг гаргасан. Тус тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны яамны зохион байгуулалтын нэгжийн албан
тушаалын нэр, ангилал, зэрэглэл, орон тоонд мэргэжилтэн Б.У*******гийн хариуцсан чиг үүрэг бүхий албан тушаал байхгүй болсон хэмээн үзэж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай Б/20 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.
2.3. Дээрх тушаалыг Б.У******* эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлөөс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/870 дугаар “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үүрэг гүйцэтгэгчийн шийдвэрийг төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэн мэргэжил, мэргэшлийн дагуу, эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр өмнө нь эрхэлж байсан ангилал, зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд шилжүүлэн ажиллуулах” талаарх албан бичгийг яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А*******од хүргүүлсэн байна.
2.4. Улмаар Б.У*******гаас 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг үндэслэн эгүүлэн ажилд томилж өгөхийг хүссэн өргөдөл гаргахад тус өргөдөлд хариу өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс “...Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай Б/20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.У******* миний эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлтэй дүйцэхүйц, албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байх бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 3637 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “...Нэхэмжлэгч Б*******ын У******* нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Харьяа байгууллага, орон нутаг, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс томилогдон ажиллаж эхэлсэн.
3.2. Ийнхүү өөрийн ажлыг хэвийн гүйцэтгэж байхад 2024 оны 6 дугаар сард болсон сонгуулийн үр дүнд тус яамны удирдлага солигдож, байгууллагын бүтцийн өөрчлөлт хийж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан Үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А******* нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаартай “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, орон тоог батлах тухай” тушаалыг гаргасан. Тус тушаалын хавсралтаар батлагдсан “Цахим хөгжил,инновац, харилцаа холбооны яамны зохион байгуулалтын нэгжийн албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, орон тоо”-нд мэргэжилтэн Б.У*******гийн хариуцсан чиг үүрэг бүхий албан тушаал байхгүй болсон хэмээн үзэж 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Б.У*******д албан тушаалаас чөлөөлөх тухай “Мэдэгдэл”-ийг шууд өгсөн байдаг.
3.3. Уг мэдэгдлээр “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын нэгжийн нэр, ангилал, зэрэглэл, орон тоог шинэчлэн баталж, зарим албан тушаалын чиг үүргийг дахин хуваарилсан. ...Таны хариуцан ажиллаж байсан албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг дор дурдсан байдлаар шилжүүлж чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах ажлын байрны шинжилгээ хийгдсэн ... Байгууллагын олон нийттэй харилцах чиг үүргийн хүрээнд яамны бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах чиг үүргийг “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас” ашиглалтад орсонтой холбоотой тус чиг үүргийг яам хэрэгжүүлэхгүй байх чиглэл ирсэн. Байгууллагын цахим хуудсыг тогтмол хөтлөх, хууль тогтоомжоор хариуцуулсан мэдээллийг нээлттэй, ил тод байршуулах, яам, харьяа байгууллагын цахим хуудас хөтлөх, мэдээлэл байршуулахтай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг Сайдын хэвлэлийн төлөөлөгч болон асуудал хариуцсан албан хаагч хариуцан ажиллах, Сайдын эрхлэх асуудлын хүрээнд салбарын хууль тогтоомж, дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор харьяа байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжид шилжүүлэх, Шинэчилсэн бүтцийн албан тушаалуудын тусгай шаардлагад таны эзэмшсэн мэргэжил болох “Утга зохиол судлал шүүмж - Хэл бичгийн ухаан” чиглэлийн албан тушаал байхгүй тул Таныг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байна гээд мэргэжилтний албан тушаалаас 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөхийг мэдэгдсэн.
3.4. Дээрх мэдэгдэлд дурдсан нэгдүгээр үндэслэл нь худал бөгөөд тийнхүү “Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас ашиглалтад орсонтой холбоотой тус чиг үүргийг яам хэрэгжүүлэхгүй байх чиглэл огт ирээгүй. Бүх яамд байгууллагынхаа үндсэн веб сайт хуудас болон төрийн байгууллагуудын нэгдсэн веб сайт болох “gov.mn” сайтыг давхар хөтлөөд явж байгаа. Түүнээс хойш албан тушаалаас чөлөөлөх тушаал гарахгүй байсан бөгөөд байгууллагын бүтцийн өөрчлөлтийг хийх процесс 2024 оны 08 дугаар сараас хойш Үргэлжилсэн ч эцэслэгдэн шийдэгдэхгүй олон дахин өөрчлөлт хийж явсаар 2025 оны 03 дугаар сар хүргэсэн бөгөөд чөлөөлөхөөр өгсөн мэдэгдлийн хугацаа нь 2024 оны 12 дугаар сард дууссан ч тэр мэдэгдлээрээ чөлөөлнө, орон тоо чинь байхгүй болчихсон, хугацаа хамаагүй гэж Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.А******* 2025 оны 03 дугаар сард дуудаж уулзахдаа хэлсэн. Мөн чөлөөлөх тушаал чинь маргаашаар буюу 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр гарна, ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн ч түүнээс хойш тушаалаа өгөхгүй хугацаа алдаж явсаар 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр буюу 12 хоногийн дараа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалыг албан ёсоор хүлээж авсан бөгөөд тус тушаалын 1 дүгээр хавсралт
болох “Албан тушаалаас чөлөөлөх албан хаагчдын нэрс”-д харьяа байгууллага, орон нутаг, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн Б.У*******г оруулсан байсан.
3.5. Ийнхүү мэргэжилтэн Б.У*******г албан тушаалаас нь чөлөөлөхдөө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй шууд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдсэн болно. Мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасанчлан Төрийн албан хаагч нь нэмэгдэл баталгаагаар хангагдах бөгөөд хэрэв төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах; мөн зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” арга хэмжээг авах боломжтой байсан бөгөөд эдгээр нэмэгдэл баталгаагаар хангах аргыг сонгохдоо сонсох ажиллагаа явуулах ёстой байсан.
3.6. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаалыг гарсны дараагаар тус Төрийн нарийн бичгийн даргаас 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/598 дугаартай “Захиалга хүргүүлэх тухай” албан бичгээр төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах захиалгыг хүргүүлсэн байна. Тус сонгон шалгаруулалт зарлах албан тушаалын жагсаалтад Төрийн захиргааны удирдлагын газрын “Тогтоол, шийдвэрийн биелэлт мэдээллийн ил тод байдлын асуудал хариуцсан шинжээч” болон “Архив, бичиг хэргийн мэргэжилтэн” албан тушаалууд байна.
3.7. Дээрх сул орон тоо бүхий сонгон шалгаруулалт зарласан албан тушаалуудад нэхэмжлэгч Б.У*******г шилжүүлэн ажиллуулах замаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь хэсэгт заасан Төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах боломжтой байсан буюу “Тогтоол, шийдвэрийн биелэлт, мэдээллийн ил тод байдлын асуудал хариуцсан шинжээч” албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын 3 дугаар зорилтын хүрээнд зааснаар уг албан тушаалаар “Байгууллагын зохион байгуулалтын нэгж, албан хаагчаас ирүүлсэн хуулиар хариуцуулсан мэдээ мэдээллийг цахим хуудаст байршуулах, мэдээллийг шинэчлэх, Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нэгж, албан хаагчаас ирүүлсэн хуулиар хариуцуулсан мэдээ мэдээллийг цахим хуудаст сурталчлах ажлыг хариуцсан албан хаагч ажилтанд дэмжлэг үзүүлэх” чиг үүргийг гүйцэтгэх хэдийгээр өөр ангилал, зэрэглэлийнх ч Б.У******* нь шалгалт өгч, Төрийн албаны тухай үүрэгтэй албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан. Энэ албан тушаал нь хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь хэсэгт "төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж төрийн албан хаагчдаас сонгож сул орон тоог нөхнө" хэмээн заасны дагуу уг албан тушаалд өрсөлдөх бүрэн боломжтой байсан.
3.8. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” хэмээн заасан байхад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга нь албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг зөрчиж Б.У*******г шууд ажлаас нь чөлөөлсөн хууль бус шийдвэр гаргасан. Мөн мэдэгдэлдээ Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасны дагуу албан тушаалаас чөлөөлөх болно хэмээн дурдсан хэр нь 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг ч гаргаж өгөөгүй. Б.У******* нь маргаан бүхий Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” тушаалыг гардаж авмагцаа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлөөс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үүрэг гүйцэтгэгчийн шийдвэрийг төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэн мэргэжил, мэргэшлийн дагуу, эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр өмнө нь эрхэлж байсан
ангилал, зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд шилжүүлэн ажиллуулах талаарх 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/870 дугаар албан бичгийг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.А*******од хүргүүлсэн байсан.
3.9. Б.У*******гийн зүгээс Хариуцагч Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчид хандан Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг үндэслэн эгүүлэн ажилд томилж өгөхийг хүсэхэд огт хүсэлтийг хүлээж авахгүй байсан тул Б.У******* нь тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авбал ажилд эгүүлэн томилъё хэмээн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дугаартай “Б.У*******г албан тушаалд томилох тухай” тушаал гаргаж тус өдрөөс эхлэн нэхэмжлэгч Б.У******* нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтний албан тушаалд томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

3.10. Хэдийгээр нэхэмжлэгч Б.У******* нь өмнө нь эрхэлж байсан албан тушаалтай ижил ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилогдон ажиллаж байгаа ч хариуцагч нь маргаан бүхий Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаартай “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй төдийгүй шинээр албан тушаалд томилсон 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дугаартай “Б.У*******г албан тушаалд томилох тухай” тушаалыг, Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл, Төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангах, Б.У*******г албан тушаалаас чөлөөлсөн тушаал нь үндэслэлгүй байсан зэргийг огт дурдахгүйгээр Төрийн жинхэнэ албан хаагчийг шинээр томилж байгаа мэт тушаал гаргасан.
3.11. Дээрх хууль бус үйл баримтуудын улмаас Б.У******* нь 2 сарын хугацаанд ажилгүй байсан бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшууллыг авч чадаагүй төдийгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын төлөлт тасалдсан. Мөн Б.У*******гийн төрийн албанд ажилласан Төрийн жинхэнэ албан хаагчийн жил тасалдсан зэрэг Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн сөрөг үр дагавруудыг бий болгоод байна. Нэхэмжлэгч нь ийнхүү зөрчигдсөн эрхүүдээ сэргээн эдлэхийн тулд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна.
3.12. Иймд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоож, Б.У*******гийн ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаалыг хуульд нийцүүлэн засахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.13. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2025 оны 10 дугаар сарын 21-ний А/80 дугаар тушаалаар яамны бүтэж зохион байгуулалт өөрчлөгдсөн. Үүний дагуу 11 дүгээр сарын 07-ны өдөр намайг анх дуудан миний ажилладаг орон тоо байхгүй болсон талаар мэдэгдэж шууд мэдэгдэл өгсөн ... 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр буюу тушаал гарахын өмнөх өдөр намайг дуудаад “Бүтэц шинэчилсэн тушаал албажиж гарах гэж байна. Маргаашаас ажлаа өгөөд чөлөөлөгдөнө шүү. Өмнөх оны 11 дүгээр сард мэдэгдэл өгснөөрөө чөлөөлнө” гэж хэлсэн. Тушаал гарна гэж хэлсэн боловч тушаалаа гардуулж өгөхгүй байсаар хугацаа алдаж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүрсэн. Ингээд 03 дугаар сарын 25-ны өдөр тойрох хуудас өгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний хувьд дарга Б.А*******той тухайн үед “намайг чөлөөлж болохгүй. Манайд 25 сул орон тоо байна. Би төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд дотроо шилжиж ажиллах боломжтой нөхцөл байдал бүрэн байна. Шилжүүлэн томилж болохгүй юм уу” гэж хэлж уулзах гэсэн боловч намайг огт хүлээж авахгүй байсан. Би тушаалаа албан ёсоор 03 дугаар сарын 24-ний өдөр гардаж авсныхаа маргааш төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж, шилжүүлэн ажиллуулах боломжтой сул орон тоонд шилжүүлэхгүй байна гэдэг агуулгаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс дарга н.А*******од албан бичиг хүргүүлсэн ... Тухайн албан бичгийг гэрийнхээ хаягаар хүргүүлж авсан өдрөө албан ёсоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.А*******од Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдохоор өргөдөл гаргасан. Одоо тус яамны Төрийн нарийн бичгийн дарга өөрчлөгдсөн. Гэвч миний хүсэлтийг шийдвэрлэхгүй нэг сар өнгөрсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан ... Улмаар 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар намайг ажилд томилсон. Миний бусад асуудал хэрхэн шийдэгдэх талаар асуухад Төрийн нарийн бичгийн дарга “шүүхээр шийдвэрлүүлж байж шийдэх боломжтой юм байна” гэхээр нь “гол асуудал болох төрийн жинхэнэ албан хаагчийн ажилласан жил, нийгмийн даатгалын төлөлт тасалдсан, ажилгүй байсан хугацааны цалин зэрэг бусад асуудлаа шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж хэлэхэд “тэгвэл чамайг буцаагаад ажлаас чинь чөлөөллөө” гэсэн учраас нэхэмжлэхээ хэвээр үлдээхээ хэлсэн ... Би Харьяа байгууллага, орон нутаг, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалыг хашдаг байсан. Ямар үндэслэлээр чөлөөлөх гэж байгаа талаар асуухад “Яаманд чиний чиг үүргийн орон тоо байхгүй. Харьяа байгууллага, орон нутаг, олон нийттэй харилцах асуудлыг яам болон харьяа байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар хариуцна. Хэвлэл, олон нийттэй хамааралтай асуудлыг сайдын иргэдийн төлөөлөгч хариуцна” гэж хэлсэн. Мэдэгдлийн агуулгад энэ талаар тусгасан. Бүтэц, орон тоогоор чиг үүрэг огт байхгүй болоогүй. Миний чиг үүрэг гурав салчихсан байгааг байхгүй болсон гэж үзэх юм уу гэж асуухад “ямар ч байсан чөлөөлнө” гэсэн ... Тухайн үед намайг чөлөөлөхөд Архив, бичиг хэргийн мэргэжилтний орон тоо сул байсан. Намайг ажлаас чөлөөлснийхөө дараа Төрийн албаны зөвлөл рүү сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах захиалга хүргүүлсэн байсан. Намайг шууд чөлөөлөхгүйгээр дотроо шилжүүлж ажиллуулах боломжтой 2, 3 албан тушаал байсан” гэв.
3.14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан
нэмэлт тайлбартаа: “...Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон
гүйцэтгэгч Б.А*******ын зүгээс яамны бүтцэд өөрчлөлт орсон, Б.У*******гийн албан тушаалын чиг үүрэг өөр этгээдүүдэд хуваарилагдаж байгаатай холбоотойгоор 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, тус мэдэгдэлдээ байгууллагын олон нийттэй харилцах чиг үүргийн хүрээнд яамны бодлого, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах чиг үүргийг төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас ашиглалтад орсонтой холбоотой тус чиг үүргийг яам хэрэгжүүлэхгүй байх чиглэл ирсэн. Хоёрдугаарт, байгууллагын цахим хуудсыг тогтмол хөтлөх, хууль тогтоомжоор хариуцуулсан мэдээллийг нээлттэй, ил тод байршуулах, яам, харьяа байгууллагын цахим хуудас хөтлөх, мэдээлэл байршуулахтай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг сайдын хэвлэлийн төлөөлөгч болон асуудал хариуцсан албан хаагч хариуцан ажиллах, сайдын эрхлэх асуудлын хүрээнд салбарын хууль тогтоомж дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах зорилгоор харьяа байгууллага аймаг, нийслэлийн засаг даргатай хамтран ажиллах, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжид шилжүүлэх гээд Б.У*******гийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг эдгээр гурван этгээдэд шилжүүлэн ажиллахаар болсон мэдэгдлийг хүргүүлээд, тус мэдэгдлээр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулж, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй.Б.У*******гаас санал, тайлбар аваагүй, шууд мэдэгдэл өгсөн. Мэдэгдэлд дурдсанчлан Б.У*******гийн гүйцэтгэж байсан чиг үүргүүдийг өөр гурван этгээдүүд хэрэгжүүлэх буюу тус чиг үүрэг нь огт байхгүй болоогүй чиг үүргүүдийг өөр албан тушаалтнуудад олгохоор дурдсан. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нэмэгдэл баталгаагаар хангах ёстой байсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан “төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн” гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа:“...Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 06 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны, стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" 44 дүгээр тогтоолыг үндэслэн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн албан тушаалын нэр, ангилал, зэрэглэл, орон тоог Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаар тушаалаар шинэчлэн баталж, Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/20 дугаар тушаалаар албан хаагчдыг шинэ бүтцийн дагуу томилсон. 4.2. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 44 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр баталсан. Тус хөтөлбөр”-ийн 1.7-д “Яамны стратегийн удирдлага, зохицуулалтын хэрэгцээг хангах үйлчилгээний хүрээ, төрөл, хэлбэрийг хэрэгцээний эх үүсвэр тус бүрээр тогтоон, тус яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.” 2.4.2-т “хүний нөөцийн удирдлагын шилдэг арга барилыг хэрэглэх, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах замаар яамны аппаратыг цомхон, чадварлаг болгон өөрчлөн хөгжүүлэх” гэж тус тус заасан байдаг.
4.3. Дээрх Засгийн газрын тогтоолын хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаар тушаалаар яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн нэр, ангилал, зэрэглэл, зарим албан тушаалын чиг үүргийн давхардал хийдлийг арилгаж дахин хуваарилан баталсан. Шинэчлэн баталсан бүтцээр тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Харьяа байгууллага, орон нутаг, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал хасагдсан бөгөөд олон нийттэй харилцах асуудлыг сайдын хэвлэлийн төлөөлөгчид нэмж хариуцуулах, харьяа байгууллага, орон нутагтай харилцах асуудлыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжид шилжүүлэн хуваарилсан.
4.4. Дээрх албан тушаал хасагдсантай холбогдуулан тус албан тушаалд ажиллаж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын байсан Б.У*******тай байгууллагын удирдлага биечлэн уулзаж тус яамны харьяа газарт цалин, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тохирох албан тушаалд шилжүүлэн ажиллах санал тавьсан боловч хүлээж аваагүй. Нэхэмжлэгч Б.У*******гийн бакалаврын зэрэгтэй “Утга зохиол судлал, шүүмж” мэргэжил нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны шинэчлэн баталсан бүтцийн албан тушаалын тусгай шалгуурт байхгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Мэдэгдэл” өгч, Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-
ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/20 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлсөн болно.
4.5. Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын чиг үүргийн давхардал, хийдлийг арилган орон тоог цомхотгох, цомхон оновчтой чадварлаг бүтцээр ажиллах зорилт тавин ажиллаж байна. Иймд нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны Б/79 дүгээр тушаал нь Б.У*******гийн албан тушаал хасагдсантай холбогдуулан архив, бичиг хэргийн мэргэжилтний албан тушаалд томилсон талаар тусгасан байна. Уг тушаал нь хууль зөрчөөгүй, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр албажаагүй тул ажлаас халсан нь үндэслэлтэй, үндэслэлгүйг тогтоох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлд дурдсан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны Б/79 дүгээр тушаалыг хуульд нийцүүлэн засаж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Засгийн 2024 оны 44 дүгээр тогтоолоор яамны бүтэц бүрэлдэхүүн өөрчилсөнтэй холбоотойгоор дотоод бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн баталсан. Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцээд яамдууд нэгдсэн веб сайттай болох тогтоолын төсөл боловсруулахаар заасан. Үүний дагуу яамдууд gov.mn сайтыг ажиллуулахаар болсон. Засгийн Газрын 2024 оны 208 дугаар тогтоолын дагуу сайдын ажилтай холбоотой мэдээллийг сайдын хэвлэлийн төлөөлөгч хариуцахаар, яаманд хамаатай мэдээллийг яамны нэгдсэн веб сайтаар мэдээлж байхаар зохицуулсан. Иймд бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, цомхотгол хийсэн. Хэргийн материалын 8 дахь талд авагдсан Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичигт “үндэслэлгүйгээр халсан байна, ажилд нь эгүүлэн томил” гэсэн агуулга байхгүй. Харин “албан тушаалын ангилал зэрэглэлд дүйцэхүйц албан тушаалд шилжүүлэн ажиллуулах” гэж дурдсан. Б.У*******г ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний газарт эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тохирох албан тушаалд шилжүүлэн ажиллуулах санал тавьсан. Энэ албан тушаалыг зөвшөөрөөгүй, очиж ажиллаагүй. Яам, хэрэгжүүлэгч агентлагийн алинд нь ч ажилласан адилхан төрийн алба, Эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шилжүүлэн ажиллуулах гэсэн учраас агентлагт ч ажиллуулсан болохоор зохицуулалт юм. Яам эсхүл агентлагийн алинд нь ажиллуулахыг заагаагүй, шилжүүлэн ажиллуулах агуулгатай зохицуулалт. Гэтэл санал тавьсан албан тушаалыг зөвшөөрөөгүй, шилжиж ажиллаагүй” гэв.
                                                         ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс анх тус шүүхэд “...Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б.У******* миний эрх зүйн байдлыг дордуулалгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлтэй дүйцэхүйц, албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар “…Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, урамшууллыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаалыг хуульд нийцүүлэн засаж гаргахыг даалгах” 1 гэж өөрчлөн тодруулсан тул уг шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгч нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Харьяа байгууллага, орон нутаг, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар ... тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад тэнцэж, зохих болзол шаардлагыг хангаж ажилласан гэж үзэж, мөн өдрөөс эхэлж жинхлэн томилсон байна.
2.2. Улмаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” Б/20 дугаар тушаалаар “... Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, тус яамны зохион байгуулалтын бүтцийг баталсантай холбогдуулан нэгдүгээр хавсралтад дурдсан албан хаагчдыг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөр тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж” шийдвэрлэсэн байна. Уг тушаалын хавсралтын 9 дүгээрт Б.У*******гийн нэр багтжээ.
2.3. Дээрх тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад тус зөвлөлөөс 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/870 дугаар ... Б.У******* нарын эрх зүйн байдлыг дордуулж байх тул эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өмнө нь эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлтэй дүүцэхүйц албан тушаалд шилжүүлэн ажиллуулах талаар судалж, хариу ирүүлэх тухай албан бичгийг хариуцагчид хүргүүлсэн байна.

2.4. Үүний дараа нэхэмжлэгч Б.У*******гаас 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчид хандан Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг үндэслэн эгүүлэн ажилд томилж өгөхийг хүссэн өргөдөл гаргахад тус өргөдөлд хариу өгөөгүй тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар ... Б*******ын У*******г мөн газрын Архив, бичиг хэргийн мэргэжилтний албан тушаалд 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн томилсон тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулсан.
2.5. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...албан тушаалаас чөлөөлөхдөө нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай ажиллагааг хийгээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй ... Өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах боломжтой байсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангахгүйгээр шууд ажлаас чөлөөлсөн нь хууль бус шийдвэр гаргасан ... Б.У******* нь 2 сарын хугацаанд ажилгүй байсан бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшууллыг авч чадаагүй төдийгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын төлөлт тасалдсан” гэж, хариуцагчаас хариу тайлбарын үндэслэлээ “...Албан тушаал хасагдсантай холбогдуулан тус албан тушаалд ажиллаж байсан Б.У*******тай байгууллагын удирдлага биечлэн уулзаж тус яамны харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт цалин, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тохирох албан тушаалд шилжүүлэн ажиллах санал тавьсан. Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын чиг үүргийн давхардал, хийдлийг арилган орон тоог цомхотгох, цомхон оновчтой чадварлаг бүтцээр ажиллах зорилт тавьж ажиллаж байна. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаал нь хууль зөрчөөгүй, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гараагүй тул ажлаас халсан нь үндэслэлтэй, үндэслэлгүй гэдгийг тогтоох боломжгүй. Иймд нэхэмжлэлд дурдсан 2025 оны Б/79 дүгээр тушаалыг хуульд нийцүүлэн засаж гаргах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарлан маргасан.
2.6. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжиж буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг байгууллагаас олгохоор зааснаас үзэхэд Төрийн жинхэнэ албан хаагч өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих,
цалин хөлс, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах эрхтэй байна.
2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Зарим яамдын зохион байгуулалт бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 06 дугаар тогтоол, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамны үйл ажиллагааны, стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 44 дүгээр тогтоол, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/80 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Төрийн захиргааны удирдлагын газрын Харъяа байгууллага, орон нутаг, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо нь хасагдсан боловч түүний мэргэжил, мэргэшлийн дагуу бусад албан тушаалд томилох боломжтой байсан болох нь Цахим хөгжил, инновац, цахим харилцаа холбооны яамны 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/598 дугаар албан бичиг, сонгон шалгаруулалт зарлах албан тушаалын жагсаалт, албан тушаалын тодорхойлолтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
2.8. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.2-д “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 6 дугаар зүйлийн 6.1-д “төрийн албыг доор дурдсанаар ангилана” гээд 6.1.2-т “төрийн захиргааны алба”, 6.2-т “Энэ хуулийн 6.1.2, 6.1.3-д заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ” мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана” гээд 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад
үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус заасан.
2.9. Нэхэмжлэгчийн эрхэлж байсан Харъяа байгууллага, орон нутаг олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь ТЗ-7 ангилалд хамаарах буюу Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2-т заасан төрийн жинхэнэ албанд хамаарч байх ба дээрх хуулийн хэм хэмжээнүүдээс үзвэл төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь гагцхүү хуульд заасан үндэслэлээр түр чөлөөлөх, чөлөөлөх,халахаар зохицуулж, төрийн албан хаагч нийгмийн баталгаагаар хангагдан ажиллахаар байх тул шууд Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдаж, тус яамны зохион байгуулалтын бүтцийг баталсантай холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн захиргаа удирдлагын газрын Харъяа байгууллага, орон нутаг, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зөрчжээ.
2.10. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасанчлан хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилготой бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоож, холбогдох шийдвэрийг гаргах боломжтой байдаг.
2.11. Энэ тохиолдолд, нэхэмжлэгч Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх бөгөөд ийнхүү Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгосноор “нэхэмжлэгч нь 2 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс, урамшууллыг авч чадаагүй төдийгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын төлөлт тасалдсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажилласан жил тасалдсан. Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхүүдээ сэргээн эдлүүлэхийн тулд уг тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай” гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байна гэж үзлээ.
2.12. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.13. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “... 2025 оны эхний улирлын урамшууллаа буюу 50 хувийн урамшууллаа би авах ёстой байсан” гэж тайлбарласан бөгөөд үр дүн урамшууллыг Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн олгодог тул тухайн ажлыг үнэлж, дүгнээгүй байгаа энэ тохиолдолд шууд шүүхээс тухайн хугацааны үр дүн урамшууллыг гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна.
2.14. Мөн нэхэмжлэгчийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын 1 дэх заалтаар мөн өдрөөс эхлэн тасалбар болгон албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “... 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөөд чөлөөлөгдсөн” гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Б.У*******гийн цалингийн картнаас үзэхэд 2025 оны 03 дугаар сард ажлын 14 хоног ажиллаж мөн хугацааны цалинг нэхэмжлэгчид олгосон байх тул ажилгүй байсан хугацааг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаал гарсан өдөр хүртэл тооцож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
2.15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь нэхэмжлэгч сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос хамаарч шүүх 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
2.16. Гэтэл нэхэмжлэгчээс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаалыг дээрх хуульд зааснаар тодорхойлон маргаагүй байх төдийгүй “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаалыг хуульд нийцүүлэн засаж гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол тодорхойлогдохгүй байхаас гадна үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэх боломжтой байх тул тус шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.3, 106.3.7, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.У*******гаас Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Б.У*******д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаал гарсан өдөр хүртэлх хугацаагаар зохих журмын дагуу тооцож олгохыг, мөн хугацаагаар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид тус тус даалгаж, үлдэх “Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/79 дүгээр тушаалыг хуульд нийцүүлэн засаж гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНЗАЯА