2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/01433

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,   өөрийн байранд оршин байрлах “И к” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоотод оршин суух, С овогт Б Т/РД: /-д холбогдох,

 

9,074,283 төгрөг гаргуулах тухай үндсэн,

15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “И к” ХХК нь хариуцагч Б.Тд холбогдуулан  9,074,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “И к” ХХК нь барьцаалан зээлдэх газрын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Б.Ттэй 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож барьцаат зээлийн 190802 дугаар гэрээг байгуулсан. Б.Тий хувийн хэрэгцээнд 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд манай компанийн зүгээс 5,000,000 төгрөгийг Б.Тий данс руу шилжүүлсэн. Б.Тнь барьцаат зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх төлбөрөө өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй. Зээлдэгч Б.Тзээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй. Б.Тнь гэрээний дагуу 2019 оны 09 сарын 05-ны өдөр зээл, зээлийн хүү 623,333 төгрөг төлөх байсан боловч төлөлгүй хугацаа хэтрүүлж, 2019 оны 09 сарын 30-ны өдөр 300,000 төгрөг төлсөн. Үүнээс 15 хоногийн алданги 46,750 төгрөг, хүүгийн төлбөрт 253,250 төгрөгийн тооцсон. 2019 оны 10 сарын 05-аас 2020 оны 04 сарын 05-ны өдөр хүртэл зээл 2,916,669 төгрөг, хүү 946,664 төгрөг нийт 3,863,333 төгрөг төлөх ёстой байсан. Хариуцагч 2020 оны 04 сарын 20-ны өдөр 1,494,000 төгрөг төлсөн. Хугацаа хэтрүүлсэн 183 хоногийн алданги 3,534,950 төгрөг болсон. Төлсөн 1,494,000 төгрөгийг алдангид суутгасан.

Иймд үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,368,801 төгрөг, алданги 2,705,482 төгрөг нийт 9,074,283 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

 

2. Хариуцагч Б.Тхариу тайлбартаа: “Г.Б гэдэг хүн өөрийн таньдаг барьцаалуулан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх газар болох “И к” ХХК-аас зээл аваад өгөөч гэсэн хүсэлтийг Б.Тд тавьсан. Зөвшөөрч туслахаар болж 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “И к” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан өөрийн 1908 дугаартай автомашиныг барьцаалан зээлийн гэрээг байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч Г.Б нь тухайн зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй, зээлийн төлөлт хийнэ гэсэн амлалтдаа хүрээгүй. Зээлдүүлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нь гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж маргажээ.

 3. Хариуцагч Б.Тээс нэхэмжлэгч “И к” ХХК-д холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Г.Бнь өөрийн таньдаг “И к” ХХК-д Б.Тий автомашиныг барьцаанд тавьж, зээл авхуулсан. Нэхэмжлэгч “И к” ХХК нь барьцаа хөрөнгийг Б.Тий зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн буюу худалдан борлуулж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа. Манай зүгээс Приус 20 маркийн, * *улсын дугаартай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2015 онд орж ирсэн автомашиныг 15,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шаардлага гаргасан.” гэж тодорхойлсон.

 4. Нэхэмжлэгч “И к” ХХК хариуцагч Б.Тий сөрөг нэхэмжлэлд “2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр барьцаат зээлийн гэрээг Б.Ттэй байгуулсан. Барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаанд хариуцагчийн Приус 20 маркийн автомашиныг барьцаалсан. Тухайн авто машиныг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр фидуцийн гэрээний дагуу нэр дээрээ шилжүүлж авсан. 14 хоногийн дараа Б.Тий хүсэлтээр уг тээврийн хэрэгслийг н.Бд шилжүүлж өгсөн. Маргаан бүхий автомашиныг Б.Тий зөвшөөрөлгүй шилжүүлж өгсөн зүйл байхгүй. Хавтаст хэргийн тодорхой баримтаар тогтоогдоно гэж үзэж байгаа. Хариуцагч 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 20-нд 1,494,000 төгрөгийг төлсөн. Үүнээс харахад “И к” ХХК нь Б.Тий тээврийн хэрэгслийг зөвшөөрөлтэй худалдан борлуулсан нь нотлогдож байна. Тэгээгүй бол Б.Тэнэ хугацаанд хоёр удаагийн төлөлтийг манай компанид төлсөн юм. Энэ үйл баримтыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 15,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх байсан боловч өнөөдрийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан. 

            3. Нэхэмжлэгчээс “И к” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-4/, 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ /хх-6-9/, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шилжүүлгийн баримт /хх-10/, “И к” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 190821 тоот албан бичиг /хх-19/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар /хх-33/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-35/, Сөрөг нэхэмжлэл /2хх-63/, Итгэмжлэл /хх-213/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 314 тоот албан бичиг /хх-45/, тээврийн хэрэгслийн бүртгэл /хх-46/, Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа /хх-216/, Гэрч Г.Бын дансны хуулга /хх217-233/, Г.Быг гэрчээр асуусан тэмдэглэл /хх248-250/, Хариуцагчийн дансны хуулга /2хх8-31/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх зохигчийн гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “И к” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Зээлдэгч Б.Тзээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй. Б.Тнь гэрээний дагуу 1,794,000 төгрөг төлснийг алдангид суутгасан. Иймд үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 1,368,801 төгрөг, алданги 2,705,482 төгрөг нийт 9,074,283 төгрөг нэхэмжилж байна.” гэжээ.

 

3. Хариуцагч Б.Тнэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...Г.Баярцэнгэлийн хүсэлтийн дагуу туслахаар болж 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “И к” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч Г.Бнь тухайн зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй, зээлийн төлөлт хийнэ гэсэн амлалтдаа хүрээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж маргажээ.

 

4. Хариуцагч Б.Тсөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Нэхэмжлэгч “И к” ХХК нь барьцаа хөрөнгийг миний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн буюу худалдан борлуулсан. Манай зүгээс Приус 20 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү.” гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч “И к” ХХК хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Барьцаат зээлийн гэрээний дагуу хариуцагчийн Приус 20 маркийн автомашиныг барьцаалсан. 14 хоногийн дараа Б.Тий хүсэлтээр уг тээврийн хэрэгслийг н.Бд шилжүүлж өгсөн. Үүнээс хойш хариуцагч зээлийн үүрэгт 1,494,000 төгрөгийг төлсөн нь түүний зөвшөөрөлтэй худалдан борлуулсан нь нотлогдоно. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.

 6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1 Талууд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр190802 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр зээлдэгч “И к” ХХК нь 5,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.Тгэрээнд заасан хугацаанд зээлийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд Тоёота приус маркийн 86-08 *дугаартай сувдан цагаан өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.

 6.2 Хаан банкны дансны хуулгын баримтаас үзвэл “И к” ХХК-ийн захирал Г.Гийн данснаас хариуцагч Б.Тий дансанд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

7. Зохигчдын хооронд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 190802 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээг тодорхойлсон бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Энэхүү гэрээ нь зээлдэгч, зээлдүүлэгч 2 талын харилцан нийцсэн саналын үндсэн дээр буюу нэг тал нь мөнгө зээлэх, эсвэл зээлдүүлэх гэрээ байгуулах санал гаргасныг нөгөө талын хүлээн зөвшөөрсөн /хүлээн авсан/ хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагддаг болохыг хуульд заасан байна.

 Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн * дугаартай гэрчилгээний хуулбараар “И к” ХХК нь Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байх боловч талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 8. Талууд Барьцаат зээлийн гэрээ, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Харин фидуцийн гэрээний зүйл приус маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангасан эсэх нь талуудын маргааны зүйл байна.

 

9. Нэхэмжлэгч “И к” ХХК нь Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.5, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зээлийн 5,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Б.Тд шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлсэн байх бөгөөд хариуцагч Б.Т зээлийг ашиглаж эхэлснээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигдсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

 Дээрх үүргээс хариуцагч нь 1,794,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.

 

10. Нэхэмжлэгч “И к” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 190821 тоот албан бичгээр Автотээврийн үндэсний төвд ...тус компанийн нэр дээр буй   *улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг Г.Бын нэр дээр шилжүүлэх тухай хүсэлтийг гаргаж, улмаар уг автомашиныг мөн өдөр Г.Бын нэр дээр бүртгэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Б.Тий хүсэлтээр уг тээврийн хэрэгслийг н.Бд шилжүүлж өгсөн. Автомашины эзэмшигч этгээдийн бүртгэл солигдсоноос хойш хариуцагч зээлийн төлөлт хийсэн. Маргаан бүхий автомашиныг түүний зөвшөөрөлгүй шилжүүлж өгсөн зүйл байхгүй тул зээлийн үлдэх үүргийг хангуулах нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан гаргасан гэсэн боловч хариуцагчаас зөвшөөрөл авсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Тодруулбал, гэрч Г.Бын “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Приус 20 маркийн автомашиныг хэнээс худалдаж авснаа санахгүй байна. Ямар ч байсан худалдаж авсан. Б.Тгэдэг хүнийг танихгүй. ...Хэдэн төгрөгөөр худалдаж авсан тэр үеийн юмыг санахгүй байна.” гэх мэдүүлэг, мөн гэрч Г.Бын 2019.08.19-ний өдрөөс 2019.09.10-ны өдрийг хүртэлх хугацааны Хаан банкны харилцах дансны хуулга, хариуцагч Б.Тий 2019.08.19-ний өдрөөс 2019.09.10-ны өдрийг хүртэлх хугацааны Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзэхэд хариуцагч Б.Тий зөвшөөрлөөр фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг Г.Бын өмчлөлд шилжүүлсэн болон худалдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

11. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч нь үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч “И к” ХХК фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгийг өмчлөлдөө бодитоор шилжүүлэн авсан ба бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Ийнхүү гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

12. Түүнчлэн, хариуцагч Б.Тгээс барьцаа хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн буюу худалдан борлуулсан тул нэхэмжлэгчээс үндэслэлгүй хөрөнгөжсөн 15,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагчаас приус 20 маркийн автомашиныг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх гэсэн боловч уг тээврийн хэрэгсэл өнөөдрийн байдлаар талуудад бодитоор байхгүй тул манай зүгээс 15,000,000 төгрөгөөр үнэлсэн гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан. 

 

“Хөрөнгө олж авсан этгээд” гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол “үүрэг гүйцэтгэгч этгээд” гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн, Барьцаат зээлийн гэрээний 6.12-т барьцаа хөрөнгө болох автомашиныг 5,000,000 төгрөгөөр зарж үндсэн зээл, зээлийн хүү, алдангийн хамт гаргуулан авахыг зөвшөөрч талууд харилцан тохиролцсон, гэрээ хүчин төгөлдөр байна.  

 

Мөн хариуцагчаас тухайн үеийн зах зээлийн ханшаар автомашины үнийг 15,000,000 төгрөг гэсэн боловч энэ нь тухайн төрлийн эд хөрөнгийн зах зээлийн үнэ болохыг баримтаар нотлоогүй, өөрөөр зохигч талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээний зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн автомашины үнэ болон бусдад энэ үнээр худалдан борлуулсан болохыг хариуцагч нотлоогүй байна. Тиймээс эд хөрөнгийн үнэ 15,000,000 төгрөгөөр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн нь үндэслэлгүй тул талуудын хооронд байгуулагдсан Барьцаат зээлийн гэрээний үүрэг нь фидуцээр хангагдаж, дуусгавар болсон  тул хариуцагч нь нэхэмжлэгчээс 15,000,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэв.

 

13. Иймд дээр дурдсанаар хариуцагч Б.Тгээс 9,074,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И к” ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “И к” ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Тий сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “И к” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,139 төгрөг, хариуцагч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг тус тус улсын орлого болгов. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Тээс 9,074,283 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “И к” ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “И к” ХХК-аас 15,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Тий сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “И к” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,139 төгрөг, хариуцагч Б.Тээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ