| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2021/03515/И |
| Дугаар | 192/ШШ2025/01386 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/01386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг оршин суух М овогт Д О /РД: /,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг тоотод оршин суух С С нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг тоотод байрлах “Л и” ХХК /РД: /,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух Д овогт Д Б /РД: / нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Сн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.К, хариуцагч “Л и” ХХК-ийн төлөөлөгч Т.Ч, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.О, С.Снар нь хариуцагч “Л и” ХХК болон Д.Б нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Нэхэмжлэгч Д.О, С.С бид 2016 оны 8 сарын 29-ний өдөр Л-И ХХК-тай орон сууц захиалгаар бариулах /№52 дугаар/ гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Л-Итнернэшнл ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13 хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа Л Таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны А блокны * тоотоос 71.46 м.кв талбай бүхий өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээгээр авахаар харилцан тохиролцсон. Бидний захиалсан орон сууцны нийт үнэ /НӨАТ орсон/ 85,752,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон ба бид төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан, мөн тухайн орон сууцыг ч хүлээн авч, уг орон сууцанд 2017 оноос хойш амьдарч байгаа болно. Гэтэл гүйцэтгэгч “Л-И” ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд бидний захиалан бариулсан орон сууцны хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй өдий хүрсэн. Энэ хугацаанд бид тухайн орон сууцны хууль ёсны гэрчилгээг гаргаж өгөх талаар “Л-Итнэрнешнл” ХХК-ийн удирдлагуудтай олон ч удаа уулзаж, санал хүсэлт тавьсан боловч анхандаа байрыг комисс бүрэн хүлээн авч дуусаагүй удахгүй нэгдсэн журмаар гарган гэж явдаг байсан боловч сүүлд компанийн удирдлагууд хооронд хууль хяналтын маргаантай болсон гээд хариуцах эзэнгүй болсон. Өөрөөр хэлбэл бид өөрсдийн захиалан бариулсан орон сууцны хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг гүйцэтгэгч компаниас авч чадаагүйгээс бидний тухайн орон сууцыг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрх маань зөрчигдөж байна. Мөн “Л и” ХХК нь “Х ү” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж энэ гэрээний дагуу “Л и” ХХК-ийн салхивч суурилуулах ажлыг “Б б б к” ХХК-ийн хөрөнгөөр “Х ү” ХХК хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрт дээрх үл хөдлөх хөрөнгийг авч, өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгчээс “Б б б к” ХХК-ийн захиралд шилжүүлсэн байдаг.
Иймд Д.О, С.Сбиднийг Дархан-Уул аймаг, Дархан сумын баг, дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах, “Л Таун” орон сууцны * тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч “Л и” ХХК хариу тайлбартаа: “Д.О, С.С нар нь “Л и” ХХК-тай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Орон сууцны захиалгаар бариулах” №52 тоот гэрээ байгуулсан байна.
Ц.Б нь 144-н айлын орон сууц барихад 2015 онд гэрээ байгуулан хөрөнгө оруулсан төлбөр авагч, Т.Чминий бие нягтлан бодогчоор ажилладаг. Зээл төлөлтийн графикийн сүүлийн хугацаа 2017 оны 05 сарын 30-ний өдөр байсан. Захирал А.Лнь графикийн дагуу зээлийн төлбөрийг хийгээгүй. Ц.Б нь мөнгөө авч чадахгүй байсны улмаас өөрийн хөрөнгөө хамгаалж “Л и” ХХК-ийн захирал А.Лтэй уулзаж 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр харилцан тохиролцож, хөрөнгө оруулсан төлбөрөө буцаан авсны дараа компанийг буцаан өгөх хэлцэлтэйгээр гэрээ байгуулан шилжүүлэн авсан. “Л и” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Л 2017 оны 12 сарын 31-нд иргэн Ц.Бд зээлсэн мөнгөө Хятадуудаас авчирч өгөөд компаниа буцаан авна гэсэн болохоор бид хүлээж байсан. Б захирал гадаад томилолтоор явахаар болсон тул “Л и” ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдөр Хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Т.Ч миний нэр дээр шилжүүлсэн болно. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн.
Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Лтэй уулзаж, хөрөнгө оруулагч нар, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж “Л и” ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, компанийн эрхийг буцаан шилжүүлэхээр 2018 оны 02 сарын 28-нд гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Лд 100% шилжүүлсэн. Компанийг буцаан шилжүүлэх тухай шийдвэр гаргах хуралдаанд хөрөнгө оруулагч Б, Хөрөнгө оруулагч Ц.Б, “Л и” ХХК-ийн А.Л, ня-бо О.О өмгөөлөгч нар байсан. Гэтэл А.Лнь гэрээний үүргийн дагуу Улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Гэрээ байгуулсан өдрөөс хойш А.Лнэг ч удаа уулзаагүй, холбоо бариагүй бидэнд итгэл үзүүлэн алга болсон. Компанийн санхүүгийн бичиг баримт, зээлийн гэрээг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй А.Лнь Хятад улс гарч, өнөөдрийг хүргэл олдохгүй байгаа болно,
Иргэн Д.О, С.Снар нь “Л и” ХХК-тай 2016 оны 08-р сарьт 29-ний өдөр “Орон сууцны захиалгаар бариулах” 52 тоот гэрээ байгуулсан, байрны төлбөрөө төлсөн гэдгийг шүүхэд өгсөн материалаас мэдсэн болно. “Л и” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Лг Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа болно. Компанийн санхүүгийн бичиг баримт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн гэрээ, төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Хөрөнгө оруулагч Д.Б “Л и” ХХК-тай 2014 оны 12 сарын 22-ниЙ өдөр Хөрөнгө оруулатын гэрээ, 2016 оны 03 сарын 11-ний өдөр Барьцааны гэрээгээр 144-н айлын орон сууцны зориулалттай барилгаас 1 м.кв талбайг 750.000 төгрөгөөр тооцож нийт 2.667.2 м.кв талбай бүхий 46-н айлын орон сууцыг барьцаалсан байдаг.
Д.Б 2017 оны 08 сарын 22-ний өдөр “Л и” ХХК-ийн өмнөх Хувьцаа эзэмшигч Лтэй Эвлэрлийн гэрээ байгуулж 2017 оны 08 сарын 30-ний өдөр Хан-Уул дүүргийн ИХАШШүүхийн 183/Ш32017/08942 тоот захирамж гаргуулсан байдаг. “Л и” ХХК нь А-* тоот 3 өрөө байр нь Шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч Д.Бгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 02 сарын 21-ний өдөр шилжсэн. Д.Бгийн нэр дээр шилжүүлэхэд шийдвэр гүйцэтгэлийн алба болон хөрөнгө оруулагч Д.Б нар А-* тоот 3 өрөө байранд айл амьдарч байгааг мэдэж байсан. Тухайн үед дээрх байр эрхийн доголдолгүй, улсын бүртгэлийн албанд ямар нэгэн гэрээ бүртгүүлээгүй байсан юм.
Компани нь шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар 3 хөрөнгө оруулагчдад орон сууцуудыг хувааж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн. Хөрөнгө оруулагч нар болон тус компанийн хоорондох маргаантай асуудлууд хуулийн шатанд байгаа эцэслэн шийдвэрлэгдээгүй.” гэж маргажээ.
3. Хариуцагч Д.Б хариу тайлбартаа: “Миний бие анх 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр “Л и” ХХК-тай 01/14 дүгээр “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 01 дүгээр “Хөрөнгө байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон.
“Л и” ХХК-иас 2015 оиы 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул “Л и” ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ” болон “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан.
Эдгээр гэрээгээр Хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу Д.Б миний биед гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон. Тухайлбал:
Хөрөнгө оруулалтын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 дүгээр гэрээний 5.2.2-т, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр гэрээний 6.2.2-т Гүйцэтгэгч тал” нь хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд “Хөрөнгө оруулагч тал”-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй...” гэж, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-ний 4.1-т “...Гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээг байгуулах үед орон сууцны зориулалттай барилгыг бусдад барьцаалаагүй, өр авлага үүсээгүй болохоо үүгээр баталж байгаа бөгөөд гэрээний хугацаанд барилгын үйл ажиллагаа, санхүүжилттэй холбоотой асуудлаар гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасны дагуу "..Хөрөнгө оруулагч тал”-д мэдэгдэж, зөвшөөрлийг авна...” гэж, 6.1-т “..Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна...” гэж, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаар “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ”-ний 6.1-д “...Гүйцэтгэгч тал гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ байгуулахдаа Хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ, хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна...” гэж тус тус заасан.
Гэтэл хариуцагч “Л и” ХХК нь надтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, С.С, Д.О /гэрээнд гарын үсэг зурсан/ гэгч хүмүүстэй 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 52 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, уг гэрээний үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, дүгээр баг, дугаар хорооллын “Л таун хотхон”-ы 10А блокийн * тоотын 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. “Л и” ХХК нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар миний бие Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор“Л и” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай “Эвлэрлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу “Л и” ХХК нь миний биед 2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Дархан-Уул аймаг, Дархан сум, хорооллын “Л хотхон”-ы 10А блокийн * тоотын 3 өрөө орон сууц болон бусад орон сууцуудыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсыг бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан.
Мөн миний бие маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Д.О, С.Снарын өмчлөлд шилжүүлэх үүргийг хууль болон гэрээний дагуу хүлээгээгүй, үүрэг гүйцэтгэх эрхтэй этгээд биш байхад гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй миний биеэс орон сууцны өмчлөх эрхийг гаргуулахаар шаардлага гаргаж, миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, хорооллын “Л таун хотхон”-ы 10А блокийн * тоотын 71.46 м.кв, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл миний бие “Л и” ХХК болон Д.О, С.С нарын хооронд хийгдсэн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний тал биш юм. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн төлбөрийн баримтуудыг үзэхэд байрны мөнгө тушаасан гэх данс нь Голомт банкин дахь * тоот Б Г гэгч хүний нэр дээрх хувь хүний данс байх бөгөөд “Л и” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээрх бүртгэлтэй данснаас зөрүүтэй, өөр данс байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
4. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар, Гадаад паспортын хуулбар, Орон сууц захилгаар бариулах гэрээ, Төлбөр төлөх график, С.Оы дансны хуулгууд, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орон сууц ашиглалтын төлбөрийг төлсөн баримтууд, Эрх зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэх гэрээ, Итгэмжлэл, Ханад салхивч, утааны суваг хийсэн акт, Барилгын салхивчийн систем угсарсан, сорилтоор шалгасан акт, “Х” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Харилцах дансны хуулга, “Б б б к” ХХК-ийн Улсын бүртгэлтийн гэрчилгээ болон дүрэм, “Б б б к” ХХК-аас “Л и” ХХК-д хүргүүлсэн хүсэлт, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч “Л и” ХХК-аас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хариу тайлбар, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Д.Бгаас Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хариу тайлбар, Хөрөнгө оруулалтын гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Эвлэрлийн гэрээг баталгаажуулах гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл, Дархан-Уул аймаг Улсын бүртгэлийн хэлтсээс Хариу хүргүүлэх тухай зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-** дугаарт бүтгэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.О, С.Снар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Бид 2016 оны 8 сарын 29-ний өдөр “Л-И” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан, Дархан-Уул аймгийн Дархан сумын хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа Л Таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны давхрын * тоотоос 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг авахаар харилцан тохиролцож, төлбөрийг төлж барагдуулсан. “Л и” ХХК нь “Х ү” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу “Л и” ХХК-ийн барилгын салхивч суурилуулах ажлыг “Б б б к” ХХК-ийн хөрөнгөөр “Х ү” ХХК хийж гүйцэтгэсэн. Уг гэрээний төлбөрт дээрх үл хөдлөх хөрөнгийг авч, өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрийг “Б б б к” ХХК-ийн захиралд шилжүүлсэн байдаг. Иймд биднийг А-* тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч “Л и” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...“Л и” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Лг Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж байгаа болно. “Л и” ХХК нь А-* тоот 3 өрөө байр нь Шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагааны дагуу хөрөнгө оруулагч Д.Бгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 02 сарын 21-ний өдөр шилжсэн. Д.Бгийн нэр дээр шилжүүлэхэд шийдвэр гүйцэтгэлийн алба болон хөрөнгө оруулагч Д.Б нар А-* тоот 3 өрөө байранд айл амьдарч байгааг мэдэж байсан. Тухайн үед дээрх байр эрхийн доголдолгүй, улсын бүртгэлийн албанд ямар нэгэн гэрээ бүртгүүлээгүй байсан. Д.О, С.Снар нь “Л и” ХХК-тай 2016 оны 08-р сарын 29-ний өдөр “Орон сууцны захиалгаар бариулах” гэрээ байгуулсан, байрны төлбөрөө төлсөн гэдгийг шүүхэд өгсөн материалаас мэдсэн. Компанийн санхүүгийн бичиг баримт байхгүй байгаа тул нэхэмжлэгчийн гэрээ, төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэж маргажээ.
4. Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Миний бие “Л и” ХХК-тай “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан. “Л и” ХХК нь миний зөвшөөрлийг авч хэлцэл хийх ёстой байтал зөвшөөрөл авалгүй С.Соёлмаа, Д.О /гэрээнд гарын үсэг зурсан/ гэх хүмүүстэй хэлцэл хийсэн. “Л и” ХХК нь “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ба үүнтэй холбоотой шүүгчийн захирамж гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, * тоотын 3 өрөө орон сууц болон бусад орон сууцуудыг миний өмчлөлд шилжүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Миний бие “Л и” ХХК болон Д.О, С.Снарын хооронд хийгдсэн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний тал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Нэхэмжлэгч Д.О, С.Снар нь 2016 оны 8 сарын 29-ний өдөр 52 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хариуцагч “Л и” ХХК-тай байгуулж, “Л и” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын хорооллын нутаг дэвсгэрт Л Таун нэртэй 144 айлын орон сууцны хотхоны А блокийн 2-р орцын 4 давхрын * тоот 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулж, захиалагчид байрыг акт үйлдэн хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг саадгүй гаргаж өгөх, захиалагч Д.О, С.Снар нь 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны төлбөрт 85,752,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /1хх-5-9/
5.2 Гэрээний хавсралтад захиалагч С.С* тоот байрны төлбөрөө 2016 оны 8 дугаар 29-ний өдөр 100% буюу 85,752,500 төгрөгийг төлсөн гээд “Л и” ХХК-ийн төлөөлөгч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулжээ. /1хх-10/
6. “Л и” ХХК болон “Х” ХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “Х” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Л Таун” хотхоны орон сууцны салхивчны бүх материалыг өөрийн зардлаар нийлүүлж, салхивч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгөх, захиалагч “Л и” ХХК ажлыг хүлээн авч, материалын зардал болон гүйцэтгэсэн ажлын хөлсөнд “Л таун” хотхоны 71.46 м.кв талбайтай 3 өрөө, 41.3 м.кв талбайтай 1 өрөө 2 орон сууц, нийт 3 орон сууцуудыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна. /1хх113-115/
“Б б б к” ХХК-ийн санхүүлжилтын дагуу “Х” ХХК нь дээрх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн болох нь “Х” ХХК-ийн харилцах дансны хуулга, Хананд салхивч, утааны суваг хийсэн актаар баталгаажсан байна. /1хх110-111, 115-116/
2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “Б б б к” ХХК-аас “Л и” ХХК-д хүсэлт гаргажээ. Үүнд: “...3 орон сууцыг худалдан авахдаа салхивчны ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Уг ажлыг манай компани хийж гүйцэтгэхдээ хувьцаа эзэмшигч “Х” ХХК-ийг гүйцэтгэгчээр ажиллуулсан. “Х” ХХК 2015.02.14-ний өдөр ажлыг актаар хүлээлгэн өгсөн байдаг. Иймд 3 орон сууцны захиалгын гэрээг эцсийн байдлаар гэрээ байгуулж ажиллахыг хүсье. ...71,46 м.кв 3 өрөө байр болох А-* тоот байрыг иргэн Д.О, С.Снартай захиалгын гэрээ байгуулах...” гэжээ. /1хх-153/
Улмаар Д.О, С.Снар нь 2016 оны 8 сарын 29-ний өдөр 52 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г хариуцагч “Л и” ХХК-тай байгуулжээ. Нэхэмжлэгч нараас “Б б б к” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бийн дансруу орон сууцны төлбөрийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /1хх-13-18/ Энэхүү үйл баримтуудыг хариуцагч “Л и” ХХК баримтаар үгүйсгээгүй, мөн “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба худалдагч “Л и” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
8. Хариуцагч Д.Б нь хариуцагч “Л и” ХХК-тай 2014 оны 12 сарын 21-ний өдөр 01/14, 2014 оны 12 сарын 22-ны өдөр 01 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны зориулалттай барилгад 1,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцож, гэрээний хугацааг 2015 оны 03 сарын 31-ний өдөр, 2015 оны 10 сарын 14-ний өдөр тус тус сунгажээ. /1хх129-137/
Хариуцагч Д.Б болон хариуцагч “Л и” ХХК нар нь 2016 оны 03 сарын 11-ний өдөр 16/001/01 дугаар Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр орон сууцны барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон нийт 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээ 2016 оны 04 сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх139-140/
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар хариуцагч “Л и” ХХК-аас 2,500,000,000 төгрөг гаргуулан Д.Бд олгохоор эвлэрч, талуудын эвлэрлийг баталж, уг захирамжийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 02 сарын 21-ний өдөр Д.Бгийн нэр дээр нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа А блокийн 2 дугаар орц, 4 давхрын * тоотод орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэгджээ. /1хх-146/
2014 оны 12 сарын 22-ны өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалтын гэрээний 6.2.2-т ...гүйцэтгэгч тал нь хамтын ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй бөгөөд хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр захиран зарцуулах үүрэгтэй, 2015 оны 03 сарын 31-ний өдөр 02 тоот болон 2015 оны 10 сарын 14-ний өдрийн 03 тоот хугацаа сунгасан гэрээний 6.1-д гүйцэтгэгч тал нь гуравдагч этгээдтэй аливаа гэрээ байгуулахдаа хөрөнгө оруулагч талд заавал мэдэгдэж, түүний хүссэнээр гэрээ хэлцэл хийхэд тухайн талыг байлцуулна. Хэрэв борлуулалтын гэрээ хийх шаардлага гарвал хөрөнгө оруулагч талд мэдэгдэж зөвшөөрлийг авна... гэж тохирчээ. /1хх133-136/
Хариуцагч “Л и” ХХК болон “Х” ХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр салхивчны ажлыг бүрэн хийж гүйцэтгэхээр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээний төлбөрийг баригдаж буй барилгын 3 орон сууцаар төлөхөөр тохиролцсоны дагуу “Л и” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, нэхэмжлэгч Д.О, С.С нартай 2016 оны 8 сарын 29-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулан баталгаажуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагч нарын хооронд байгуулсан дээрх хэлцлээс өмнөх буюу хариуцагч “Л и” ХХК нь Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлсэн байх тул “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нд хамааралгүй бөгөөд Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-т зааснаар Д.Бгаас зөвшөөрөл авах үүрэг хариуцагч “Л и” ХХК-д үүсэхгүй гэж үзэхээр байна. Хариуцагч “Л и” ХХК-аас Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг “Х” ХХК-д аливаа өөр хэлбэрээр биелүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.
9. Нөгөөтэйгүүр хариуцагч Д.Бгийн “Л И” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгөд А блокийн 2 дугаар орц, 4 давхрын * тоотод байршилтай орон сууц ороогүй, барьцаалагдаагүй болох нь гэрээний хавсралтын Барьцаалж буй орон сууцууд гэх баримтаар тогтоогдож байна. /1хх-141/
10. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т заасан Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэсэн зохицуулалттай.
2018.08.15-ны өдрийн 1/8445, 2018.11.28-ны 1/19496 тоот Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн “Эрхийг шилжүүлэх тухай” албан бичигт “Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, 144 айлын 8,470 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс жагсаалтад заагдсан орон сууцуудын захиран зарцуулах эрхийг сэргээж Д.Бгийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээг ирүүлэхийг мэдэгдье” гэжээ. Өөрөөр хэлбэл, талуудын маргаан бүхий Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, дугаар хороолол, байрны /А блок/ * тоот, 71,46 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь уг жагсаалт ороогүй болох нь тогтоогдсон. /2хх-14, 3хх-186/
Мөн Д.Бгаас 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 45-98712 дугаартай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-т 10а байрны 3, * тоот орон сууцууд бичигдээгүйгээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд мөн өдрөө 45-98722 дугаар мэдүүлэгт “*" тоотыг нэмж бичээд бүртгүүлэх эрхийн төрөл хэсэгт “* тоот залруулга" гэж бичиж үүнтэйгээ холбогдуулан хүсэлт гаргаж улмаар 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ...10а байрны * тоот... орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /2хх8-12, 14/
Хариуцагч Д.Бгаас “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2/17627 тоот албан бичгийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж * тоотын өмчлөгчөөр бүртгэгдсэн” гэж тайлбарласан боловч хариуцагч нь дээр дурдсанаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт, мэдүүлгийг гаргаж маргаан бүхий * тоот орон сууцны өмчлөгчөөр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн ба уг бүртгэлийг хийснээс хойш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2/17627 тоот албан бичгийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ. /4хх-123/
Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Бгаас “...А блокийн дугаар орц, давхрын * тоот нь барьцааны гэрээнд ороогүй, харин гэрээнд заасан 3 тоот орон сууц нь шүүгчийн захирамжаар захиран зарцуулахыг түдгэлзүүлсэн байсан учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу миний өмчлөлд хуулийн хүрээнд шилжсэн...” гэх тайлбар үндэслэлгүй ба хариуцагч нар нь гэрээгээр олгогдсон эрхийнхээ хүрээнд маргаан бүхий орон сууцыг бусдад борлуулсан эсэх, бусдын эзэмшилд шилжсэнийг шалгах, ингэснээр эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шударгаар олж авах бүрэн боломжтой байжээ.
11. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дах хэсэгт худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заажээ. Нэхэмжлэгч нар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, дугаар хорооллын нутаг дэвсгэрт Л Таун хотхоны блокийн орцын 4 давхрын * тоот орон сууцыг 2017 оноос эзэмшилдээ авсан болох нь 2017-2021 оны хооронд орон сууц ашиглалтын зардлыг төлсөн баримтаар тогтоогдож байна. /1хх24-38/
12. Иймд нэхэмжлэгч Д.О, С.Снарыг Дархан-Уул аймгийн Дархан сум, дүгээр баг, дугаар хороолол, байрны * тоот хаягт байршилтай, 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Д.Бгийн нэр дээрх 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Y- дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцны бүртгэлээс Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, дугаар хороолол, байрны * тоот хаягт байршилтай, 71.46 м.кв талбайтай орон сууцыг хасуулахыг Д.Бд, мөн хаягт байршилтай байрны * тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.О, С.Снарын өмчлөлд бүртгүүлэхийг хариуцагч “Л и” ХХК-д тус тус даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дутуу төлсөн 446,310 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “Л и” ХХК, Д.Б нараас 586,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сум, дүгээр баг, дугаар хороолол, байрны * тоот хаягт байршилтай, 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.О, С.Снарыг тогтоож, хариуцагч Д.Бгийн нэр дээрх 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Y-дугаарт улсын бүртгэлд бүртгэгдсэн орон сууцны бүртгэлээс Дархан-Уул аймгийн Дархан сумын дүгээр баг, дугаар хороолол, байрны * тоот хаягт байршилтай, 71.46 м.кв талбайтай орон сууцыг хасуулахыг Д.Бд, мөн хаягт байршилтай 10а байрны * тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.О, С.Снарын өмчлөлд бүртгүүлэхийг хариуцагч “Л и” ХХК-д тус тус даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дутуу төлсөн 446,310 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч “Л и” ХХК, Д.Б нараас 586,710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ