2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 192/ШШ2025/01194

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Дорноговь аймаг  тоотод оршин суух Х овогт Д О /РД: /,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг,   тоотод оршин суух Ш овогт Б О /РД: / нарын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт байрлах “Ө х” ХХК,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин суух Д овогт Б А /РД: / нарт холбогдох,

 

132,736,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, Б.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Д.О, Б.О нар нь хариуцагч Б.А болон “Ө х” ХХК-д холбогдуулан 132,736,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Бид хоёр 2006 онд гэр бүл болж одоогоор 6 хүүхдийн хамт наймуулаа амьдардаг. Эрхэт монгол группийн эзний сэтгэлээр бүтээнэ гэсэн уриатай хоёр Заяагийн сурталчилсан С хотхонд 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр CR-119 гэрээний дугаартай 4-р блок 48,28 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв нь 1,890,000 төгрөгөөр нийтдээ 91,249,200 төгрөгөөр худалдан авахаар захиалгын гэрээ байгуулсан. Гэрээг нөхөр Д.Оын нэр дээр байгуулан байрны төлбөрийг гэрээний дагуу 5 хуваан төлсөн. Үүнд: 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 5,249,000 төгрөг, 2021 оны 09 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 41,000,000 төгрөг нийт 91,242,920 төгрөгийг “Ө х” ХХК-ийн Хаан банкны 5084548420 дансанд шилжүүлсэн. Миний бие гэрээний үүргээ бүрэн биелүүлж төлбөрөө хугацаандаа төлсөн боловч байр өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй хохироод байна. Зээлийн төлбөрийг төлөхдөө эхнэр Б.О 26,000,000 төгрөг, нөхөр Д.О 4,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авч “Ө х” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар cap хүртэл зээлийн үндсэн төлбөрийн 30,000,000 төгрөг, зээлийн хүүнд 5,440,448 төгрөг нийтдээ 35,440,448 төгрөгийг төлсөн. Эхнэр Б.О хөдөлмөр эрхэлдэг бөгөөд татварын хуульд заасан хөнгөлөлтийг эдлэхийн тулд байрны захиалгын гэрээг эхнэр Он нэр дээр шилжүүлэх хүсэлтийг “Ө х” ХХК-д гаргаж гэрээг шилжүүлсэн. Нөхөр Б.Оын нэр дээр хийсэн гэрээнд байрны ашиглалтад орох хугацааг 2022 оны 4 дүгээр улиралд гэсэн боловч нэр шилжүүлэх гэрээнд 2023 оны 4 дүгээр улиралд гэж өөрчилсөн байсан. Байрны төлбөрийг төлөхдөө 30,000,000 төгрөгийн зээл авч үлдэгдэл 61,249,000 төгрөгийг нөхрийн болон миний хүүхдүүдийн хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцалж мөнгийг авч төлсөн. Иймд орон сууцны захиалгын гэрээний үүргээ биелээгүй хариуцагч “Ө х” ХХК болон захирал Агаас байрны төлбөрт төлсөн 91,249,200 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 5,440,448 төгрөгийн хохирол нийт 96,689,648 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 1.2 Нэхэмжлэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: “...“Ө х” ХХК нь С хотхоны нэрийг Схотхон болгон нэрийг нь өөрчилж м2-ийн үнийг 3,700,000 төгрөгөөс цөөхөн байрандаа 15-20 хувийн хямдралтай захиалга авч байна гээд барилгын хажууд контейнер тохижуулан борлуулалтын ажилтан ажиллуулж иргэдээс захиалга авч байна. Мөн Схотхон хаяг нээн цахимаар өдөр бүр мэдээлэл тавьж борлуулалт хийж байна.

Б.О миний бие нь борлуулалтын цэгт ирж ажилтантай уулзаж мэдээлэл авч баталгаажуулсан болно. Яг байр захиалсан байршилд манай захиалсан давхар, өрөөний м.кв-тай адилхан байрыг одоо борлуулж байгаа үнээр тооцуулахад м.кв-ын үнэ 3,060,000 төгрөгөөр тооцон 48.28 м.кв-тай 2 өрөө байрыг 147,736,800 төгрөгөөр борлуулж байна. Энэ нь 2021 онтой харьцуулахад м.кв байрны үнэ 55 хувиар нэмэгдсэн байна. Байр захиалахдаа банкин дахь хадгаламжаа хугацаанаас нь өмнө цуцлан байрны мөнгөнд өгсөн байдаг. Хэрэв байр захиалаагүй байсан бол банканд жилийн 14-15 хувийн хүүтэй хадгалуулж байсан бол 3-н жилийн хугацаанд 42-45 хувиар нэмэгдэх боломжтой байсан. Иймээс захиалагч бид маш их хохирч байна.

Иймээс “Ө х” ХХК нь С хотхоны нэрийг Схотхон болгон нэрийг нь өөрчилж м.кв-ын үнийг 3,060,000 төгрөгийг тооцон борлуулж байгаа дүнгээр хохирол барагдуулж өгнө үү. 48,28 м.кв *3,060,000=147,736,800 төгрөг болох бөгөөд “Ө х” ХХК-ний олгосон 15,000,000 төгрөгийг хасан тооцож 132,736,800 төгрөг буюу өмнөх нэхэмжлэлийн дүнг 36,047,152 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилж байна.” гэжээ.

 2. Хариуцагч “Ө х” ХХК хариу тайлбартаа: “Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ” гэрээний дагуу мөнгө төлсөн, мөнгө хүлээн авсан үйлдэлд маргах зүйлгүй. Харин Орон сууц баригдах үйл явц олон шалтгааны улмаас үүдэн гэрээнд заасан хугацаандаа бүрэн баригдаж ашиглалтад ороогүй байгаа юм. Учир нь: “Ө х” ХХК-ны 20 хувь хувьцааг Х.Мандахбаяр, 50 хувь хувьцааг Б.А, 30 хувийг Л.О нар тус тус эзэмшдэг байсан боловч Б.А, Х.М нарын хооронд шүүхийн маргаан үүсч Чингэлтэй дүүргийн шүүхэд хэрэг нь хянагдан шийдвэрлэгдэх хүртэл 1 жил гаран хугацаа шаардагдсан. /ойролцоогоор/ Гэтэл 30 хувийн хувь эзэмшигч Л.О, Х.М болон “Ө х” ХХК-ийг Баянгол дүүргийн шүүхэд хариуцагчаар татах нэхэмжлэл гаргасантай холбогдох хэргийн шүүх хурал одоо хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй давж заалдан шатны шүүхээс буцаагдсан төлөвтэй байгаа нь Орон сууцыг барьж ашиглалтад оруулахад муугаар нөлөөлж байгаа ч хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ ялимгүй зөрчсөнийг үгүйсгэх аргагүй.

Гэвч байр орон сууцны бүтээн байгуулалтын хувьд ойролцоогоор 70 хувийг гүйцэтгэлтэй байна. Энэ нь хэдийгээр байр ашиглалтад оруулах хугацаа хожимдсон ч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Талуудын байгуулсан гэрээний 6.1.2-д 2023 оны 4 дүгээр улиралд орон сууцыг Захиалагчид буюу нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөхөөр заасан байна. Гэвч нэхэмжлэгч гэрээний 6.1.2-д заасан хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 4 сараас гэрээнээсээ татгалзах тухайгаа гүйцэтгэгч талд илэрхийлснээр талууд тохиролцсоны дагуу гүйцэтгэгч талаас 2022.08.22-нд 3,000,000 төгрөг, 2022,08,25 нд 1,000,000 төгрөг, 2023.02.02-нд 5,000,000 төгрөг, 202310.19 нд 3,000,000 төгрөг, 2023.11.07-нд 5,000,000 төгрөг 2023.12.22 нд 3000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны 5363111043 Бямбасуурийн О дансанд шилжүүлснийг тэрээр хүлээн авчээ. Иймээс захиалгын гэрээний дагуу төлсөн төлбөрөөсөө нэхэмжлэгч 20,000,000 төгрөгийг эгүүлэн авсан байх тул Иргэний хуулийн 205.1-д заасны дагуу төлөгдсөн төлбөрийн үлдэгдэл төлбөр 71,249,200 төгрөгийг төлөх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг энэ мөнгөн дүнгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байгаа болно. Тиймээс төлсөн 20,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын банкнаас зээлсэн мөнгөний хүүнд төлсөн 5,440,448 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл 25,440,448 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэж маргажээ.

 

3. Хариуцагч Б.А хариу тайлбартаа: “Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц “Захиалгын гэрээ"  “Ө х" ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсаны дагуу тухайн төлбөрийг гэрээний дагуу нэхэмжлэгч нар Төсөл хэрэгжүүлэгч “Ө х” ХХК-д төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл Б.Ад бэлнээр болон шилжүүлгээр тушаасан зүйл байхгүй байна. Барилга угсралт, үйлдвэрлэл, төсөл хэрэгжүүлэх ажил тус бүр “Ө х” ХХК-ийн хариуцан гүйцэтгэх ажил бөгөөд иргэн Б.А нэхэмжлэгч нартай гэрээ хэлцэл байгуулж үүрэг хүлээсэн зүйл байхгүй тул Б.Ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

 

4. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Орон сууц захиалгын гэрээнүүд, Төрийн банкны дансны хуулга, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “Ө х” ХХК-ийн тодорхойлолт, Зээлийн гэрээнүүд, Хариу тайлбар, Хаан банкны дансны хуулганууд, “Ө х” ХХК-ийн тодорхойлолт, Нэмэгдүүлсэн шаардлага, Орон сууц захиалгын гэрээний загвар, Төрийн банкны тодорхойлолт, Хадгаламжийн дэвтэр зэрэг  баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар, Итгэмжлэл,  Хаан банкны дансны хуулга зэрэг  баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Үзлэгийн тэмдэглэлийг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.О, Б.О нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...С хотхонд 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр CR-119 гэрээний дугаартай 4-р блок 48,28 м.кв 2 өрөө байрыг 1 м.кв нь 1,890,000 төгрөгөөр нийтдээ 91,249,200 төгрөгөөр худалдан авахаар захиалгын гэрээ байгуулан бүх төлбөрийг “Ө х” ХХК-д шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Зээлийн төлбөрийг төлөхдөө эхнэр Б.О 26,000,000 төгрөг, нөхөр Д.О 4,500,000 төгрөгийн цалингийн зээлийг авч зээлийн хүүнд 5,440,448 төгрөг нийтдээ 35,440,448 төгрөгийг төлсөн. Бидний гэрээ хийснээс хойш хариуцагч м.кв-ын үнийг 3,060,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. 48,28*3,060,000=147,736,800 төгрөг болох бөгөөд “Ө х” ХХК-ийн олгосон 15,000,000 төгрөгийг хасан тооцож 132,736,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч “Ө х” ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ” гэрээний дагуу мөнгө төлсөн, мөнгө хүлээн авсан үйлдэлд маргах зүйлгүй. Талуудын байгуулсан гэрээний 6.1.2-д заасан хугацаа дуусахаас өмнө буюу 2022 оны 4 сараас гэрээнээсээ татгалзах тухайгаа гүйцэтгэгч талд илэрхийлснээр талууд тохиролцсоны дагуу гүйцэтгэгч талаас 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Б.О дансанд шилжүүлсэн. Тиймээс төлсөн 20,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын банкнаас зээлсэн мөнгөний хүүнд төлсөн 5,440,448 төгрөг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэж маргажээ.

 

4. Хариуцагч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц “Захиалгын гэрээ"  “Ө х" ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсаны дагуу тухайн төлбөрийг гэрээний дагуу нэхэмжлэгч нар “Ө х” ХХК-д төлсөн ба иргэн Б.А нэхэмжлэгч нартай гэрээ хэлцэл байгуулж үүрэг хүлээсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргасан.

 

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1 Нэхэмжлэгч Д.О нь 2021 оны 9 сарын 12-ны өдөр CR-119 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г хариуцагч “Ө х” ХХК-тай байгуулсан ба нэхэмжлэгч нарын хүсэлтээр захиалагч Д.Оыг Б.Оар сольж 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулжээ.

 

5.2 Энэхүү 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн CR-119 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ээр “Ө х” ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр баригдаж байгаа C хотхоны CR-04 байрны 7 давхар 7С загварын 44 тоот, 2 өрөө, 48,28 м.кв орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч Б.О нь орон сууцны талбай 48,28 м.кв байрны нийт төлбөр 91,249,200 төгрөг, 1 м.кв-ын үнийг 1,890,000 төгрөгөөр тооцож, төлбөрийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /хх8-10, 14-16/

 

5.3 Дээрх төлбөрийг нэхэмжлэгч нар анх гэрээ байгуулагдсан 2021 оны 9 сарын 12-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд нийт 91,249,000 төгрөгийг хариуцагч “Ө х” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банк, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /хх20-24/

 

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

7. Талуудын маргааны зүйл нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгчээс захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

8. 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн CR-119 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-ний 6.1.2-т зааснаар хариуцагч “Ө х” ХХК нь орон сууцны барилгыг 2023 оны 2 дугаар улиралд захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар анхны гэрээ хийсэн 2021 оны 9 сарын 12-ны өдрөөс гэрээний дагуу орон сууцны төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, ийнхүү төлбөрийг 100 хувь төлсөн талаар хариуцагч “Ө х” ХХК маргаагүй боловч орон сууц өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй болох нь үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдсон.

 

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.

 

Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч “Ө х” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 Худалдах, худалдан авах гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлж өгөхөөр тохиролцсон хугацаанд худалдагч тал нь тухайн хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй, хэзээ хүлээлгэж өгөх нь тодорхой бус байгаа тул нэхэмжлэгч буюу худалдан авагчийн гаргасан үйлдлийг гэрээнээс татгалзаж байна гэж дүгнэлээ.

 

10. Тухайн гэрээний хуулийн зохицуулалтаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал гэрээ цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нар нь гэрээний төлбөрт төлсөн нийт 91,249,000 төгрөгийг гэрээ цуцалсантай холбоотойгоор хариуцагч “Ө х” ХХК-аас буцаан шаардах эрхтэй. Харин гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч “Ө х” ХХК-аас 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Он Хаан банкин дах дансанд “EB-CR-119 gereenii butsaalt” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /хх55-58,142/

 11. Нэхэмжлэгч нараас “...Байр хугацаандаа ашиглалтад ороогүй, манай хүүхэд оюутан болж хотод ирсэн. Байр хөлслөх мөнгийг хариуцагчаас өгнө гэж шилжүүлсэн. Мөн хариуцагчаас хэргийн 63 дугаар талд авагдсан баримтаар 12,000,000 төгрөгийг буцаан олгосон гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Харин үлдэх мөнгийг хариуцагч байр хөлсөлсний төлбөр, хүүхэд эмнэлэгт хэвтэхэд эмчилгээний зардалд өгсөн...” гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага байхгүй хэдий ч хаана байрлах орон сууцыг хэдэн төгрөгөөр хөлсөлж, төлсөн төлбөрийг хэнд, хэрхэн шилжүүлсэн, мөн хүүхэд өвчтэй байсны улмаас эмчилгээний зардалд хариуцагчаас 8,000,000 төгрөгийг өгөхөөр талууд тохиролцсон талаар баримт байхгүй байна.

 12. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар төлсөн төлбөр болон гэрээнээс учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 13. Нэхэмжлэгч нар нь “Орон сууц захиалгын гэрээ”-ний төлбөрийг төлөхөөр Хаан банк ХК-тай Зээлийн гэрээ байгуулж, Б.О 26,000,000 төгрөг, Д.О 4,500,000 төгрөгийн зээлийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авч мөн өдрөө хариуцагч “Ө х” ХХК-ийн дансанд шилжүүлжээ. /хх29-34, 23, 81/ Дээрх хоёр зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар cap хүртэл зээлийн үндсэн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүүнд 5,440,448 төгрөг нийт 35,440,448 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч нар нь Хаан банк ХК-тай тохиролцсон болох нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/202146809862, ЗГ/202146808888 дугаар Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдох ба нэхэмжлэгч нараас зээлийн хүүд төлсөн нийт 5,440,448 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг 227.1-д зааснаар хариуцагч “Ө х” ХХК-аас шаардах эрхтэй байх тул 5,440,448 төгрөгийг хохиролд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 14. Харин нэхэмжлэгч нараас “...“Ө х” ХХК нь С хотхоны нэрийг Схотхон болгон өөрчилж м.кв-ын үнийг 3,060,000 төгрөгийг тооцон борлуулж байгаа дүнгээр хохирол барагдуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан шаардлагаа нэмэгдүүлжээ. Уг шаардлагатайгаа холбогдуулан СОрон сууц захиалгын гэрээний загварыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн бөгөөд энэхүү баримтаар 1 м.кв нь 3,060,000 төгрөг болсон, гэрээ байгуулах үеэс 1 м.кв-ын үнэ өссөнөөр нэхэмжлэгч нарт гэрээнээс үүссэн бодитоор ямар хохирол учирсан болох нь хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдоогүй. /хх79-79/

 Мөн нэхэмжлэгчээс Төрийн банкны хадгаламжийн дэвтэр, дансны тооцоолол гэх баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримтаас үзэхэд нэхэмжлэгч нарын хадгаламжид дах хуримтлалаа хэзээ цуцлан, хэзээ хэдэн төгрөгийг хариуцагч “Ө х” ХХК-д гэрээний төлбөрт шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нараас “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүрэгт 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 5,249,000 төгрөг, 2021 оны 09 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 41,000,000 төгрөгийг хариуцагч “Ө х” ХХК-д шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон боловч энэхүү мөнгөн хөрөнгийг Төрийн банкин дах хадгаламжаасаа авснаа баримтаар нотлоогүй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нар өөрийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 15. Түүнчлэн, нэхэмжлэгч нараас хариуцагч Б.Ад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж шаардах эрхтэй гэж үзсэн боловч нэхэмжлэгч Д.О, Б.О нар болон хариуцагч Б.А нарын хооронд гэрээний болон гэрээний бус харилцаа үүссэн, мөн хариуцагч Б.Агаас “Орон сууц захиалгын гэрээ”-нээс татгалзаж, учирсан хохирлыг шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул тэдгээр нь хариуцагч Б.Ад холбогдуулан шаардлага гаргах эрхгүй гэж үзнэ.

 16. Иймд хариуцагч “Ө х” ХХК-аас гэрээний үүрэгт төлсөн төлбөр 71,249,200 төгрөг, учирсан хохирол 5,440,448 төгрөг, нийт 76,689,648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,047,152 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Ад холбогдуулан 132,736,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О, Б.О нарын гаргасан  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

    

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 821,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 541,398 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Ө х” ХХК-аас 76,689,648 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О, Б.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,047,152 төгрөг, мөн хариуцагч Б.Ад холбогдуулан 132,736,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О, Б.О нарын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 821,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 541,398 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ