| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/05658/И |
| Дугаар | 192/ШШ2025/01192 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах “Ж х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт байрлах “Б х р” ХХК-д холбогдох,
1,168,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн төлөөлөгч М, түүний өмгөөлөгч Н.Б, орчуулагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Ж х” ХХК нь хариуцагч “Б х р” ХХК-д холбогдуулан тухай 1,168,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Б х р” ХХК нь “Ж х” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Авто замын далангийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Таван толгой-Манлай-Ханги мандал чиглэлийн хатуу хучилттай авто замын LОТ-4 ийн Section-8 аас эхний 10 км буюу 0+000 -оос 10+000 хүртэл далангийн ажлыг 1 км нь 200,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манай компани нь замын далангийн ажлыг 75 хувийн гүйцэтгэлтэй буюу 1,500,000,000 төгрөгийн өртгөөр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т цаг агаарын нөхцөл байдал нь ажлын чанарт нөлөөлнө гэж үзвэл талууд ажил гүйцэтгэх хугацааг харилцан тохиролцож өөрчилж болно гэж заасны дагуу цаг агаар хүйтэрсний улмаас замын ажлыг түр зогсоож 2022 оны хавар үргэлжлүүлэн хийж, тооцоо нийлэн дуусгахаар тохиролцсон боловч хариуцагч “Б х р” ХХК нь ямар ч шалтгаангүйгээр гэрээнээс татгалзаж өөр компаниар уг ажлыг хийж гүйцэтгүүлснээр гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Замын далангийн ажлын хөлсийг үе шаттайгаар хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлээр тухай бүрд нь авахаар тохиролцсон. Үүний дагуу “Б с" ХХК-ийн захирал н.Навто замын далангийн ажилд хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулснаар хариуцагч компани төлбөрийг шилжүүлдэг байсан. “Б х р” ХХК нь гэрээний дагуу нийт 850,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөр болох 650,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй биднийг чирэгдүүлсээр байна. Манай компани авто замын далангийн ажлын гэрээнээс гадна 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл түр замын ажил хийсэн. Мөн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл их хэмжээний бороо орсны улмаас зам болон далан үерт урсаж түүнийг 8 хоногийн хугацаанд дайрга зөөж. индүүдэж, нягтруулж түр замын ажил хийсэн. Түр замын ажилд 144,000,000 төгрөг, үерт урссан далан болон бусад ажилд 49,500,000 төгрөг нийт 193,500,000 төгрөгийг зарцуулсан. Үүнийг манай “Ж х ХХК” өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Авто замын далангийн ажлын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д заасны дагуу замын ажлын гэрээт хугацаа хэтэрвэл гэрээний үнийн дүнгийн 0,3 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасны дагуу захиалагч “Б х р” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 650,000,000 төгрөг түүний алдангид нийт 325,000,000 төгрөгийн төлөх нь зүйтэй. Замын далангийн ажил зогссон нь манай компаниас шалтгаалаагүй бөгөөд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөө, карьерын хатуу нөхцөл байдал, захиалагч нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлдөггүй байсантай шууд холбоотой. Иймд “Б х р” ХХК-аас 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний үүрэгт 650,000,000 төгрөг, алданги 325,000,000 төгрөг, түр замын ажилд 193,000,000 төгрөг нийт 1,168,000,000 төгрөг гаргуулан олгож, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч “Б х р” ХХК хариу тайлбартаа: “Талууд 2021.05.05-ны өдөр Автозамын далангийн ажлын 05/05 тоот гэрээ байгуулж, Таван толгой-Манлай-Ханги мандал чиглэлийн хатуу хучилттай замын LОТ-4 хэсгийн 10 км замын далангийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон /энэхүү ажилд манай байгууллага нь “Т х т” ХХК-ийн захиалгаар “С к м” ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн оролцоотой байсан болно/. “Ж х" ХХК нь гэрээнд заасан ажлыг 2021.05.15-ны өдрөөс 2021.08.05-ны дотор бүрэн хийж дуусган, нэг км замын далангийн ажлыг 200,000,000 төгрөгөөр, нийт 2 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэх ба ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцон төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.
Энэ хугацаанд “Ж х” ХХК нь гэрээнд дурдсан хугацаандаа ажил үүргээ бүрэн жийж гүйцэтгээгүй. Манай компанийн зүгээс нарийвчилсан тооцоог гаргаж өгөх болно. Урьдчилсан байдлаар нэхэмжлэгч компани болон Ж.Дамчойгийн дансаар 975,109,000 төгрөгийг шилжүүлсэн тооцоо гарч байгаа. Гэрээнд заасан хугацаа дуусахад буюу 2021.08.05-ны өдөр гэхэд нэхэмжлэгч “Ж х” ХХК нь ... км замын далангийн ажлыг хийж гүйцэтгэж, ...км замын ажлыг огт хийж гүйцэтгээгүй. Бид харилцан итгэлцлийн хүрээнд найрсаг түншийн харилцааг эрхэмлэн ажил хийж гүйцэтгэх хугацааг Ерөнхий гүйцэтгэгч болон хяналтын компаниуддаа уламжилж, гуйж хойшлуулсаар байсан бөгөөд 2021 оны 12 сар гээд автозамын ажлын улирал дуусахад ... км замын ажлыг л хийж гүйцэтгэсэн байсан. Иймд бид ерөнхий гүйцэтгэгч компанид мөн гэрээний дагуу хариуцлага хүлээх болж, гэрээт ажлаа алдах хүртэл эрсдэл бидэнд үүссэн. Бид өөрсдөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсны эцэст 2022 онд өөр компаниар дээрх ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхээр тохиролцож, манай байгууллагын ажлын нэр хүнд, гүйцэтгэлд ноцтой хохирол “Ж х” ХХК учруулсан. Энэ талаар бид ямар нэгэн гомдлын шаардлага хохирол “Ж х” ХХК учруулсан. Энэ талаар бид ямар нэгэн гомдлын шаардлага гаргаж байгаагүй ч амаар удаа дараа хэлж, ярьж байсныг “Ж х” ХХК- к захирал Ж.Дамчой сайн мэдэж байгаа. Бид хийж гүйцэтгэсэн ажил болон хийж гүйцэтгэж дуусгана гэсэн амлалтад нь итгэж ажлын хөлсийг төлсөн бөгөөд харин “Ж х” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ажил үүргээ дуусгаагүй.
Харин ч манай байгууллага “Ж х” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой алдангийг нэхэмжлэх эрхтэй. Бид энэхүү эрхээ хэрэгжүүлэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Далангийн ажлын тооцоо, Төлбөрийн баримт, Авто замын далангийн ажлын гэрээ, Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, “Ж х” ХХК-ийн дүрэм, Төлбөр тооцоо шаардсан баримт, Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн албан бичиг, Цаг уурын түүвэр мэдээ, Фото зураг, Ж.Дамчойгийн дансны хуулга, “Ж х” ХХК-ийн дансны хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Машин механизм түрээсэлж хамтран ажиллах гэрээ, Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ, Машин механизмын түрээсийн гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл, Хариу тайлбар, Тооцоо, “Б х р” ХХК-ийн дансны хуулга, Өмгөөлөгч оролцуулах хүсэлт, Машин механизм түрээсэлж хамтран ажиллах гэрээ, Техникийн түрээсийн гэрээ, Авто замын барилгын ажлын гэрээ болон ажлын тоо хэмжээний жагсаалт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Гэрч Ж.Он мэдүүлэг, Үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн.
Хариуцагчийн хүсэлтээр 2024.06.13-ны өдрийн “С к м” ГХОХХК-аас Хариу хүргүүлэх тухай албан бичиг, 2024.10.21-ний өдрийн “С к м” ГХОХХК-аас 2021 онд гүйцэтгэсэн газар шорооны ажил дууссаныг баталгаажуулах тухай бичиг, “С к м” ГХОХХК-аас туслан гүйцэтгэгч “Б х р” ХХК-ийн 2021 онд гүйцэтгэсэн газар шорооны ажлын бодит хэмжээг баталгаажуулах хуудастууд, Гадаадын иргэн, харьяатын газрын албан бичиг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Ж х” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Гэрээгээр Таван толгой-Манлай-Ханги мандал чиглэлийн хатуу хучилттай авто замын 10 км далангийн ажлыг 1 км нь 200,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манай компани нь замын далангийн ажлыг 75 хувийн гүйцэтгэлтэй буюу 1,500,000,000 төгрөгийн өртгөөр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн. Гэрээнд заасны цаг агаар хүйтэрсний улмаас 2022 оны хавар үргэлжлүүлэн хийж дуусгахаар тохиролцсон боловч хариуцагч нь ямар ч шалтгаангүйгээр гэрээнээс татгалзаж өөр компаниар уг ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Хариуцагч гэрээний дагуу нийт 850,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл төлбөр болох 650,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн манай компани авто замын далангийн ажлын гэрээнээс гадна түр замын ажил, их хэмжээний бороо орсны улмаас зам болон далан үерт урсаж түүнийг 8 хоногийн хугацаанд дайрга зөөж, индүүдэж, нягтруулж түр замын ажил хийсэн. Иймд “Б х р” ХХК-аас гэрээний үүрэгт 650,000,000 төгрөг, алданги 325,000,000 төгрөг, түр замын болон бусад ажилд 193,000,000 төгрөг нийт 1,168,000,000 төгрөг гаргуулан олгож, хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч “Б х р” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...“Ж х" ХХК нь гэрээнд заасан ажлыг 2021.05.15-ны өдрөөс 2021.08.05-ны дотор бүрэн хийж дуусгах ба ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцон төлөхөөр тус тус харилцан тохиролцсон. Энэ хугацаанд “Ж х” ХХК нь гэрээнд дурдсан хугацаандаа ажил үүргээ бүрэн жийж гүйцэтгээгүй улмаас бид өөр компанитай 2022 онд гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэхүү ажилд манай байгууллага нь “Т х т” ХХК-ийн захиалгаар “С к м” ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн оролцоотой байсан. “С к м” ХХК-аас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 36,6 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Нийт ажлын 40 гаруй хувийн хөлсийг шилжүүлсэн. Түр замын ажил болон бусад ажлын хөлс нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэрээнд заасан ажлаа хийсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Зохигчид 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Авто замын далангийн ажлын гэрээ”-г байгуулсан ба уг гэрээгээр “Ж х” ХХК нь Таван толгой-Манлай-Ханги мандал чиглэлийн хатуу хучилттай авто замын LОТ-4 ийн Section-8 аас эхний 10 км буюу 0+000 -оос 10+000 хүртэл далангийн ажлыг 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх, “Б х р” ХХК нь ажлын хөлсөнд 1 км нь 200,000,000 төгрөгөөр тооцон, ажлыг үе шаттайгаар тухай бүрд нь гүйцэтгэлээр ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх40-42/
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 343.2 дах хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж, мөн 343.3-т “Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Ж х” ХХК нь талуудын хооронд байгуулсан “Авто замын далангийн ажлын гэрээ”-ний дагуу Таван толгой-Манлай-Ханги мандал чиглэлийн хатуу хучилттай авто замын эхний 10 км далангийн ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх, хариуцагч “Б х р” ХХК ажлыг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээсэн байгаагаас үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.
6. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон ажлын хөлсөнд 850,000,000 төгрөгийг төлсөн мөн хүлээн авсан талаар маргаагүй.
Харин гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг 75 хувь хийж гүйцэтгэснийг захиалагч хүлээн авсан эсэх, мөн гэрээнд зааснаас бусад ажлыг хийж гүйцэтгэсэн эсэх нь талуудын маргааны зүйл байна.
7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.
“Авто замын далангийн ажлын гэрээ”-ний 1.3-т ...ажлыг гүйцэтгэгчээс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн дотор бүрэн хийж дуусган захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...цаг агаар хүйтэрсний улмаас замын ажлыг түр зогсоож 2022 оны хавар үргэлжлүүлэн хийж, тооцоо нийлэн дуусгахаар тохиролцсон...” гэх, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Бид 2022 оны хавар үргэлжлүүлэхээр тохиролцоогүй, гэрээнд дурдсан хугацаанд “Ж х” ХХК нь ажил үүргээ бүрэн жийж гүйцэтгээгүйн улмаас бид өөр компанитай 2022 онд гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгүүлсэн...” гэх тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч “Ж х” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 355.2 дах хэсэгт Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан ба зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Авто замын далангийн ажлын гэрээ”-г хариуцагч “Б х р” ХХК-аас цуцалжээ.
8. Ийнхүү хариуцагч “Б х р” ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Авто замын далангийн ажлын гэрээ”-нээс татгалзаж байгааг нэхэмжлэгчийн зүгээс эсэргүүцээгүй боловч гэрээний дагуу 75 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн хөлсөнд 650,000,000 төгрөг, гэрээний 3.5-д зааснаар алданги 325,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж маргасан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зохицуулсан бөгөөд гэрээнээс татгалзсанаар талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.
9. Зохигчдын хооронд байгуулагдсан “Авто замын далангийн ажлын гэрээ”-ний 1.5-д “Замын далангийн ажлыг үе шаттайгаар хийж тухай бүрд ажлын гүйцэтгэлээр ажлын хөлсийг авах нөхцөлөөр тохиролцов.”, 2.3-т “Замын далангийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих өөрийн төлөөлөгчийг томилж гүйцэтгэгчийн хийсэн ажилд тогтмол хяналт тавьж, ажлын хэмжээг баталгаажуулна”, 3.3-т “Ажлын явц үр дүнд гүйцэтгэгч тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд хоёр талаас хамтарсан комисс гарган ажлын гүйцэтгэлийг тодорхойлно.” гэж тус тус заажээ. Энэхүү талуудын тохиролцооноос үзэхэд гэрээнд заасан ажилд хэн хяналт тавьж байсан, мөн уг ажлыг ямар байдлаар баталгаажуулж байсан, гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос комисс гаргаж ажлын гүйцэтгэлийг хэрхэн тодорхойлсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Нэхэмжлэгчээс “...Тухайн гэрээнд заасан ажлыг “Б с" ХХК-ийн захирал н.Навто замын далангийн ажилд хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулснаар хариуцагч компани төлбөрийг шилжүүлдэг байсан. Хэргийн 5 дугаар талд авсан “Б с" ХХК-аас ирүүлсэн баримтаар манай компани 75 хувийн ажлыг хийсэн болох нь тогтоогдоно...” гэж тайлбарласан боловч “Б с" ХХК нь “Авто замын далангийн ажлын гэрээ”-нд заасан ажилд хяналт тавьж, хэдий хэмжээний ажлыг баталгаажуулсан болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба хэргийн 5 дугаар талд авагдсан баримт нь “Б с" ХХК-аас ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь уг баримтад далангийн ажлын тооцоо танилцсан “Ж х” ХХК-ийн захирал Ж.Д, нягтлан Б.З гэж гарын үсэг зурж тамга дарснаас үзэхэд “Б с" ХХК ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь манай компани нь замын далангийн ажлыг 75 хувийн гүйцэтгэлтэй гүйцэтгэсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Нөгөө талаар, хариуцагч “Б х р” ХХК-аас “...Манай компани уг авто замын ажилд “С к м” ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн оролцоотой. “С к м” ХХК-аас ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 36,6 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн.” гэж тайлбарлан маргасан бөгөөд татгалзалтайгаа холбогдуулан “С к м” ГХОХХК-аас 2024 оны 10 сарын 21-ний өдрийн албан бичгийг шүүхэд ирүүлсэн. Үүнд: “Б х р” ХХК-тай Таван толгой-Манлай-Ханги мандал чиглэлийн авто замын төсөлд “К303+505.095-К313+505.095 хэсгийн замын барилгын ажил явуулах саналын бичиг”-г байгуулсан, улмаар 2021 онд гүйцэтгэсэн газар шорооны ажлын хэмжээг дараах хэмжээгээр баталгаажуулж байна гээд ул хөрс 29314.9 шоо метр гүйцэтгэлийн хэмжээ 100%, замын цэвэрлэгээ 6325.54 шоо метр 63,4%, ухмал 39846.25 шоо метр 86,86%, дүүргэлт 65443.41 шоо метр 42,73%, түр зам 10196.00 шоо метр гэжээ. /2хх10-11, 43-50/ Дээрх “С к м” ГХОХХК-ийн албан бичгээс үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан LОТ-4 ийн Section-8 аас эхний 10 км буюу 0+000 -оос 10+000 хүртэлх далангийн ажлын гүйцэтгэлийн баталгаа мөн эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй байна. Мөн талууд “Авто замын далангийн ажлын гэрээ”-ний 1.5, 2.4, 3.3-т заасан үүргээ хэн аль нь биелүүлээгүй учир дутагдалтай байх тул уг баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар ...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм.
10. Түүнчлэн нэхэмжлэгчээс “Авто замын далангийн ажлын гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.5-д заасны дагуу замын ажлын гэрээт хугацаа хэтэрвэл гэрээний үнийн дүнгийн 0,3 хувиар хоног тутамд алданги төлнө гэж заасны дагуу захиалагч “Б х р” ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөр болох 650,000,000 төгрөг түүний алдангид нийт 325,000,000 төгрөгийг шаардсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.
Гэтэл дээрх ажил гүйцэтгэх гэрээний ажлын үлдэгдэл төлбөрт 650,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч алданги 325,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрх үүсэхгүй.
11. Харин зохигчдын хооронд байгуулагдсан “Авто замын далангийн ажлын гэрээ”-нд зааснаас бусад ажил болох түр замын ажлыг нэхэмжлэгч “Ж х” ХХК хийж гүйцэтгэсэн болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. Үүнд: гэрч Ж.Оын “...Ерөнхийдөө 10 км замыг 2, 3 өөр газар зассан. Нүүрс тээвэр давхар явдаг, нүүрс тээврээ явуулахын тулд шавар хусахыг нь хусаад буцааж тавьж байгаа гээд зарим хэсэгт дээшээ 80 см шороо дэвсэж янзалж байсан. “Б х р” ХХК зардлыг өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...2, 3 хоног түр замын ажил хийсэн...” гэх тайлбар, мөн хэргийн 1хх222-226 талд авагдсан фото зургуудад хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай. /1хх222-226, 2хх3-9/
Ийнхүү нэхэмжлэгчээс түр замын ажилд 144,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох зохицуулалтад нийцэх ба уг мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
12. Мөн нэхэмжлэгчээс үерт урссан далангийн болон бусад ажилд 49,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн 2021 оны 7 дугаар сарын 01-31-ний өдрүүдийн цаг уурын түүвэр мэдээг ирүүлсэн боловч “Авто замын далангийн ажлын гэрээ”-ний 1.4-т авто замын далангийн ажлын нэр төрлийг зааж улмаар гүйцэтгэгч хөрс хуулах, ачих зайлуулах, шаардлагатай зөөвөр тээвэр хийх, далангийн шороон байгууламжийн бүх ажлыг хийхээр тохиролцсон байх тул нэхэмжлэгч дээрх үерт урссан далангийн болон бусад ажилд 49,500,000 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй гэж үзлээ.
13. Иймд хариуцагч “Б х р” ХХК-аас 144,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,024,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,997,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 877,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б х р” ХХК-аас 144,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,024,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,997,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 877,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ