| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/07426/И |
| Дугаар | 192/ШШ2025/02020 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/02020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байрлах “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, байрлах “У б т з”-д холбогдох,
91,852,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь “У б т з”-д холбогдуулан 91,852,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Г ХХК 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ХХГ-НТШ/23/065 тоот худалдах, худалдан авах гэрээг Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай байгуулсан. ХХГ-НТШ/23/065 тоот худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн анх гэрээнд тусгагдсанаар 1 тэрбум 68 сая төгрөг байсан хэдий ч 1 тэрбум 57 сая 320 мянган төгрөгийн барааг бараа материал хүлээн авалтын №1/121 тоот баримтаар гэрээний нөхцөл ёсоор нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг хугацаанд нь буюу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нийлүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ХХГ-НТШ/23/065 тоот худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4 дэх заалтаар худалдан авагч тал гэрээнд заасан үнийг хугацаанд нь шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.01 хувиар алданги худалдагч талд төлнө гэж харилцан тохирсон. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр барааг нийлүүлснээс хойш худалдан авагч тал 60 хоногийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дотор нийлүүлсэн барааны нийт үнэ болох 1,057,320,000 төгрөгийн үнийн дүнгийн 95 хувь буюу 1,004,454,000 төгрөгийг манай компанид хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж хариуцагч талд удаа дараа албан тоотоор хандаж байсан боловч хариу ирүүлээгүй болно. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ХХГ-НТШ/23/065 тоот худалдах, худалдан авах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.4 дэх заалтыг үндэслэн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр тооцоход нийт 91,852,928 төгрөг болж байна. Хариуцагчаас алданги 91,852,928 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэл гаргав.” гэжээ.
2. Хариуцагч “У б т з” хариу тайлбартаа: “УБТЗ” ХНН нь "Г" ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ХХГ-НТШ/23/065 дугаартай Өргөст тор худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд талууд гэрээний нийт үнийн дүнг 1,068,000.000 төгрөгөөр харилцан тохиролцсон. "УБТЗ” ХНН нь санхүүжилт орж буй орлогоо харж өглөг үүссэн дарааллын дагуу боломжит хэмжээнд хуваарилан төлдөг.
Харин гэрээний дагуу манайд 300 тонн нийлүүлэхээс 297 тонн нийлүүлснийхээ төлбөрийг бүрэн авсан байна. Тус компанитай байгуулсан гэрээний төлбөр болох 1,057,320,000 төгрөгийг 2023.11.13, 2023.11.24, 2023.11.27, 2023.11.28, 2023.11.30, 2023.12.01, 2023.12.05, 2023.12.20, 2023.12.28, 2024.01.12, 2024.01.17, 2024.01.24, 2024.01.26, 2024.01.29, 2024.02.06, 2024.03.13, 2024.03.19, 2024.04.03, 2024.08.28-ны өдрүүдэд бүрэн төлж барагдуулсан болно.
Тус компанийн гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Алданги тооцсон хүснэгт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Худалдах-худалдан авах гээ, Дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хариу тайлбар, Худалдах-худалдан авах гэрээ, Төлбөрийн даалгавар, Бараа материал хүлээн авсан акт, Алдангийн тооцоо зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Г” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн ХХГ-НТШ/23/065 тоот худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчид бараа бүтээгдэхүүнийг хугацаанд нь нийлүүлсэн. Гэрээгээр тохирсон хугацаанд хариуцагчаас гэрээний үнэ болох 1,057,320,000 төгрөгийн үнийн дүнгийн 95 хувь буюу 1,004,454,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймээс гэрээний 2.2.4-т заасныг үндэслэн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр тооцоход нийт 91,852,928 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.” гэжээ.
3. Хариуцагч “У б т з” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Талууд гэрээний дагуу манайд 300 тонн нийлүүлэхээс 297 тонн нийлүүлснийхээ төлбөрийг бүрэн авсан. "УБТЗ” ХНН нь санхүүжилт орж буй орлогоо харж өглөг үүссэн дарааллын дагуу боломжит хэмжээнд хуваарилан төлдөг. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талууд 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ХХГ-НТШ/23/065 дугаар Худалдах, худалдах авах гэрээ байгуулж, худалдагч “Г” ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, шинэ, Өргөст тор, түүнтэй холбоотой баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч “У б т з” нь худалдагчид гэрээнд заасан нөхцлөөр 1,068,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх8-15/
5. Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
6. Дээрх Худалдах-худалдан авах гэрээний 2.2.1-т Урьдчилгаа төлбөргүй бөгөөд бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн актыг үндэслэн төлбөрийг төлнө. Мөн 2.2.2-т … бараа бүтээгдэхүүнийг талууд харилцан акт үйлдэн албан ёсоор барааг бүрэн хүлээж авсны дараа нийт үнийн дүнгийн 95 хувийг худалдагчийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш хуанлийн 30-60 хоногт Хас банкны * тоот дансанд шилжүүлнэ гэж төлбөр төлөх хугацааг тогтоожээ.
Мөн гэрээний 2.2.4-т Худалдан авагч тал гэрээнд заасан үнийг хугацаанд шилжүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувиар алданги худалдагч талд төлнө. Алдангийн нийт дүн гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэж тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д заасан анзын гэрээг байгуулжээ.
7. Талууд худалдах-худалдан авах гэрээний зүйлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан болон гэрээний үнэ 95 хувь буюу 1,004,454,000 төгрөгийн талаар маргаагүй, харин хариуцагч гэрээнд заасан хугацаанд бараа бүтээгдэхүүний үнийг төлсөн эсэх, нэхэмжлэгч алдангийг шаардах эрхтэй эсэх талаар маргасан.
8. Талуудын хооронд байгуулагдсан Худалдах-худалдах авах гэрээний хавсралт 2-т зааснаар Бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх хуваарийн дагуу гэрээ байгуулагдсанаас хойш 45 хоногийн дотор буюу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 297 тоо хэмжээтэй, нэг бүрийн үнэ 3,560,000 төгрөгөөр нийт 1,057,320,000 төгрөгийн өргөст торыг хүлээлцсэн акт үйлдэх замаар нэхэмжлэгч “Г” ХХК-аас хариуцагч “У б т з”-д хүлээлгэн өгсөн байна. /хх-73/ Уг үйл баримтад талууд маргаагүй.
Хариуцагч “У б т з”-аас худалдах-худалдан авах гэрээний төлбөрийг нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эзэмшлийн данс руу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 17 удаагийн шилжүүлгээр нийт 1,005,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулгын баримтаар тогтоогдсон.
9. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн хөрөнгийг анз гэнэ, 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус тодорхойлсон.
Ийнхүү гэрээний аль нэг тал нөгөө талаас алданги шаардахын тулд дараах урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай. Үүнд, талууд гэрээг бичгээр байгуулсан, гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхой заасан улмаар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр харилцан тохиролцсон байхыг хэлнэ.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ХХГ-НТШ/23/065 дугаар Худалдах, худалдах авах гэрээний 2.2.2-т … бараа бүтээгдэхүүнийг талууд харилцан акт үйлдэн албан ёсоор барааг бүрэн хүлээж авсны дараа бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 95 хувийг… хуанлийн 30-60 хоногт дансанд шилжүүлнэ., 4.2.8-д Бараа бүтээгдэхүүний үнийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх гэж зааснаар хариуцагч “У б т з” нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа бараа бүтэгдэхүүний үнийг төлөөгүй байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс нэхэмжлэгч “Г” ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 1,004,454,000 төгрөг, мөн өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны гэрээний төлбөр болох 1,057,320,000 /баталгаат хугацааны барьцаа 5% буюу 52,866,000 төгрөг нэмэгдсэн/ төгрөгөөс хоног тутам 0.01%-ийн алданги тооцон шаардах эрхтэй байна.
10. Алдангийг тооцооллын хувьд нэхэмжлэгчээс хэрэгт ирүүлсэн алдангийн тооцооллоос үзвэл үлдэгдэл төлбөр төлөх бүрд алдангийн хоногийг шинэчлэн нэмж, тухайн хугацаанд ногдох алдангийг тооцсоныг үндэслэлгүй гэж үзэв.
Харин гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс төлбөр төлөх бүрт үлдэгдэл төлбөр багасах тул өмнөх үлдэгдэл дүн дээр тулгуурлах алдангийн хоногийг ялгаж тооцох бөгөөд хариуцагчийн гэрээний алдангийн тооцоолол үндэслэлтэй байх тул талууд гэрээгээр хүлээлцсэн барааны үнэ 95 хувь буюу 1,004,454,000 төгрөгөөс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 1,057,320,000 төгрөгөөс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх алдангийг 13,499,705.29 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
11. Иймд хариуцагч “У б т з”-аас 13,499,705.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,353,222.71 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 225,448 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У б т з”-аас 13,499,705.29 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,353,222.71 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 617,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 225,448 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ