Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 21

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2021/00252 дугаар шийдвэртэй,  Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн ******* тоотод оршин суух, РД:*******, ******* овгийн *******ийн *******гийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт баг ******* тоотод оршин суух, РД:*******, ******* овогт ын *******д холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.******* /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Раднаабазар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5,560,000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “ Б.******* миний бие 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 5,350,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 %-ийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй Үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөхөөр тохиролцож зээлсэн боловч өнөөдрийг хүртэл байгаа газар нь мэдэгдэхгүй, утсаар ч холбогдохгүй байсан тул Цагдаагийн газраар 2 удаа эрэн сурвалжлуулж хаяг тогтоосон учир хуулийн дагуу шалган шийдвэрлэж, Б.*******аас 5.560.000 үлдэгдэл мөнгөн дээр хүү, алданги тооцсон дүн гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Жич: Ховд аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн боловч байнга оршин суух хаягтаа байхгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түр оршин суугаа хаягт нь Нэхэмжлэлээ гарга гэсний дагуу буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн шүүхэд цагдаа эрэн сурвалжилж хаяг тогтоогдсон нэхэмжлэл гаргасан ба мөн хаягтаа байхгүй байна, байнга оршин суух хаягийнх нь дагуу харьяалагдах шүүхэд нь нэхэмжлэл гарга гэсэн үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож буцаасан болно. Баянзүрх дүүргийн шүүхээс Б.*******д мэдэгдсэний дагуу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр надад 3000000 төгрөг өгсөн ба чатаар дарамталж дуугүй байж байвал одоо 1500000 төгрөг өгнө, дуу гараад байвал юу ч өгөхгүй шүү, юун яасан хүү энэ тэр вэ? гэж, зах дээр очоод уулзахаар надад чамд өгдөг мөнгө алгаа чамд мөнгө өгчихвөл би өөрөө эргэлтийн мөнгөгүй болно шүү дээ гээд юу ч болоогүй юм шиг дуугарч ядаад зогсож байгаагаас нь харахад үнэхээр хүн чанараа гээсэн бололтой гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Б.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр *******гаас 4,350,000 төгрөгийг зээлж авсан. Бид 2 аман гэрээ болон гараар гэрээ бичиж 1 жилийн хугацаатай зээлж авахаар тохиролцож хүүд 1,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. ******* нь бичгээр нэг хувь гэрээг өөрөө авсан. Тэгээд эгчийн дүү мөнгө зээлж байгаа юм чинь нотариат ороод хоёулаа гэрээ байгуулъя гэж хэлсэн. Нэг сарын хугацаатай гэрээ байгуулъя гэхдээ эгч нь 1 жилийн дараа мөнгө авъя гэж хэлсэн. Гэтэл би нэг жилийн дараа өгнө гэж тооцоод хүнтэй хамтарч мөнгөө эргэлтэд оруулсан. Бараг нэг сар болоогүй байхад мөнгөө нэхэж эхэлсэн. Манай аав, ээж болон надаас 10, 13 ,15 сая төгрөг нэхэж, дээрэлхэж доромжилж сүрдүүлдэг байсан. Иймд би энэ гэрээг намайг хууран мэхэлсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай эгчийн лангуун дээр удаа дараа очиж олон нийтийн газар зүй бусаар аашилж бараанаас нь авсан байсан. Б.Нямцэцэг гэх хүүхэнтэй очиж тэр хүн нь 30,000,000 төгрөг, ******* нь 15,000,000 төгрөг нэхсэн. Бас намайг олон нийтийн сүлжээгээр луйварчнаар дуудаж миний алдар хүндэд маш бүдүүлгээр халдсан. Аманд орсон мөнгөө нэхдэг ийм хүмүүст би маш их гомдолтой байна. Б.******* нь 3,000,000 төгрөг авсан атлаа одоо болтол аваагүй гэж хэлж байгаа нь илт шунахайн сэдэлттэй байна. Надаас их хэмжээний мөнгө нэхээд бас мөнгө авчаад юу ч аваагүй гэж надтай огт тохиролцож чадахгүй учраас одоог хүртэл үлдсэн мөнгийг нь яаж өгөхөө мэдэхгүй байна. *******, Нямцэцэг, Золбаяр нь хүний эрх , нэр төр, эрх чөлөөнд, эд хөрөнгөнд маш хүнд хохирол учруулсан учир цагдаа, прокурорын байгууллагад гомдол гаргасан ч ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй. Иймд цагдаа болон прокурорын дээд шатны байгууллагад гомдол гаргана. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүнд бас гомдол гаргаж таны нэрийг ашиглаж дээрэм хийж байна гэж мэдэгдэнэ. Миний бие энэ хугацаанд ээж минь хорт хавдар тусаж Улаанбаатар хотод эмчилгээтэй явж байгаад ирсэн. Гэтэл *******, Нямцэцэг, Золбаяр нь намайг Ховдод луйвар хийгээд биеэ үнэлээд энд байх нүүргүй болсон, бас хотод Сонгинохайрхан дүүрэгт 30,000,000 төгрөг, Баянзүрх дүүрэгт 40,000,000 төгрөгийн луйвар хийгээд явж байгаа. Бүрнээ Жаргал гэдэг нэртэй хуурамч бичиг баримт ашиглаад 2 иргэний нэхэмжлэлтэй луйвар хийгээд эрэн сурвалжлагдаад явж байгаа гэж олон нийтэд худал мэдээлэл тараасан. Нямцэцэг, ******* нь манай эгчийн лангуунаас удаа дараа бараа булааж авч хохирол учруулсан. Тэгснээ юу ч аваагүй гэж хэлж байна. *******гийн хүү Золбаяр нь онцгой байдлын хувцастай манай гэрт удаа дараа очиж малыг чинь тууж авна. Гэрээсээ гараад зайл гэж олон удаа сүрдүүлж байсан. Иймд хуулийн байгууллагаар шалгуулна гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2021/00252 дугаар шийдвэрээр:”  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар зээлийн үлдэгдэл 2,350,000 төгрөг, зээлийн хүү 535,000 төгрөг, алданги 1,175,000 төгрөг, нийт 4,060,000 (Дөрвөн сая жаран мянга)төгрөгийг хариуцагч ын *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******ийн *******д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 79,910 (Далан есөн мянга есөн зуун арав) төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулан, нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,910 (Нэг зуун гурван мянга есөн зуун арав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Би Б.*******гаас 4,350,000 төгрөг зээлж авсан. 3,000,000 төгрөгийг бэлнээр буцааж өгөөд үлдсэн мөнгийн нь буцааж өгье гээд Б.*******тай холбогдоход огт мөнгө аваагүй, харин ч нэмж 15,000,000 төгрөг авна гэж дарамтлах болсон. Их буян захад байрлах миний эгчийн лангуунд зарагддаг бараанаас булааж удаа дараа хохироосон. Мөн цахим орчинд миний нэр хүндэд халдаж гутаан доромжилсон. Иймд үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги нийт 5.560.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Б.*******гаас 5.350.000 төгрөг биш 4.350.000 төгрөг зээлж авсан, намайг хууран мэхэлж гэрээ байгуулсан тул үлдэгдэл 1.350.000 төгрөгийг өгнө, хүү алданги төлөхгүй” гэж тайлбарлажээ.

Шүүх нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.*******аас 4.060.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.290.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Б.******* эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Б.******* нар нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цаг 15 минутад 162 бүртгэлийн дугаартай Зээлийн гэрээ байгуулж, нотариатчаар гэрчлүүлжээ.

Уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.******* нь зээлдэгч Б.*******ын өмчлөлд 5.350.000 төгрөг  шилжүүлэхээр тохиролцсон ба зээлийн гэрээний арын нүүрний доод хэсэгт “зээлийн мөнгийг бэлнээр хүлээн авсан Б.*******” гэж гараар бичиж зээлдэгч нарын үсгээ зурснаас үзвэл зээлдүүлэгч Б.******* гэрээнд заасан үүргээ гэрээ байгуулах үед биелүүлсэн байна гэж дүгнэхээр байна. Уг гар бичвэрийг хариуцагч Б.******* өөрөө бичиж гарын үсгээ зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч нотариатчийн дэргэд гэрээ байгуулах үед 5.350.000 төгрөг биш 4.350.000 төгрөг авсан гэж шүүхэд тайлбарладаг бөгөөд ийнхүү тайлбар, татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Б.******* нь дээр дурдсан үйл баримтаа нотлохоор гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 16 минутад ATM-аас өөрийн 5336088014 дугаарын дансанд 4.362.000 төгрөгийн орлого хийсэн дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн ба энэ баримтаар хариуцагч Б.******* нь гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Б.*******гаас 5.350.000 төгрөг биш 4.350.000 төгрөг авсан гэх үйл баримтыг нотлох, зээлийн гэрээнд заасан мөнгөн дүнг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймээс хариуцагч Б.******* нь зээлийн гэрээ байгуулах үед нэхэмжлэгчээс 5.350.000 төгрөг авсан, нэхэмжлэгч Б.******* зээлийн гэрээнд тусгасан 5.350.000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч Б.******* нь гэрээнд заасан хугацаанд зээлдсэн мөнгөө гэрээгээр тохирсон хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээгээр тохирсон алданги төлөх үүрэг бий болсон байх бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна.

Шүүх маргааны үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, дүгнэн хариуцагчаас зээлийн үлдэгдэл 2.350.000 төгрөг, хүү 535.000 төгрөг, алданги 1.175.000 нийт 4.060.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.290.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.210 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 153/ШШ2021/00252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104,210 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                       

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                        Н.МӨНХЖАРГАЛ

                                                                     

                                                                                       М.НЯМБАЯР