| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2018/0042/Э |
| Дугаар | 00039 |
| Огноо | 2018-03-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 00039
Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Одончимэг,
улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Ч.Ж , түүний өмгөөлөгчөөр ахлах улсын өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч Ж д холбогдох эрүүгийн 1815000320030 дугаартай, 163/2018/0042/Э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцэг Ц.Ч хамт Орхон сумын 3 дугаар багт оршин суух, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил хорих ялыг мөн хугацаагаар тэнсэх харгалзсан, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.1, 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Б овгийн Ч Ж
Холбогдсон хэргийн талаар:
Ч.Ж нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт хохирогч Д.Б толгойн тус газарт нь шаазан тавгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ж ы өгсөн: 2018 оны 1 дүгээр сарын 18-ны шөнө Ч.М ын хамт Б гэх айлд унтаж байсан. Шөнө хаалга нүдээд байхаар нь онгойлготол “талхчин” гэж хочилдог Б байсан. Тэгээд л орж ирээд л Б согтуу чанга чанга яриад л агсам тавиад байх шиг байсан. Тэгээд би нойроо харамлаад буруу хараад унтаж байсан. Тэгсэн намайг “бандиа чи хэний хэн бэ” гээд чихнээс зулгаагаад, завьжнаас татаж чангаагаад болохгүй байсан. Бараг л миний орон дээр чи унтчихсан байна гэх утгатай зүйл яриад унтуулахгүй оролдоод байсан. Тэгээд би уурлаад чи айл амьтан унтуулаач гээд босч ирээд Б ыг ширээ рүү түлхээд унагаачихсан. Тэгсэн ширээн дээр нь байсан халуун сав, шаазан таваг зэрэг нь хагарчихсан ба түүний толгойноос нь цус гарчихлаа гээд л байсан ба М Б ыг хөөгөөд гаргачихсан гэх мэдүүлэг,
1815000320030 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Д.Б өгсөн: 2018 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө 03 цаг өнгөрч байхад Б гэх айлд би ганцаараа очсон. Хаалгыг нь нүдэхэд М хаалга онгойлгосон. Тэгээд тэдний гэрт ороход Б эхнэр Т , охин Э, мөн Ж , М , Б нар унтаж байсан. Намайг ороход Ж босож ирээд над руу хүн амьтан унтуулсангүй гэж уурласан. Тэгээд би Б хөлд орон дээр нь хэвтэж байсан. Ж тэдний ширээн дээр байсан таваг аваад миний толгой руу цохисон. Тэгээд цус гоожоод улаан нялга болоод цус нь урссан. Тэгээд л би тэднийхээс гарсан. Тэндээсээ гараад Зоригоогийн гэрт орсон. Хаалгыг нь тогшоод гэрт нь орсон боловч цус нь тогтохгүй байсан. Тэгээд зоригоо түргэн дуудаж эмнэлэг дээр очсон. Тэгээд толгойдоо оёдол тавиулсан. Тухайн үед миний биед өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Одоо бол биеийн байдал гайгүй. Шарх нь аниад эдгэрсэн. Оёдолоо авахуулаад нилээн хэд хонож байна. Үүүнээс хойш Ч. Ж тай уулзсан ба өөрөө намайг цохисон тухайгаа мэдэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуудас/
Гэрч Ч.М ын өгсөн:...би босоод хаалга онгойлгож өгтөл Б ах байсан. Тэгээд би хаалга нээж өгчихөөд эргээд орондоо орсон тухайн үед би нилээн согтуу байсан. Тэгээд би хэсэг унтчихсан байсан нэг мэдсэн юм нурах чимээ гарсан. Тэгээд сэрээд хартал Ж нүцгэн босоод зогсчихсон Б ахын толгойноос цус гарчихсан Ж Б ахын өмсөж явсан хувцаснаас хоёр гараараа зуурчихсан Б ах Ж ы хоёр гарнаас зуурчихсан байхаар нь би тэр хоёрыг салгаад Б ахын толгойноос цус гараад байхаар нь Б ахыг та одоо гар гээд гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,
Гэрч П.З өгсөн:...манай хаалгыг хүн цохиод байсан. Тэгээд би хаалга онгойлгож өгтөл Б байсан. Тэгээд гэртээ оруулж гэрэлд хартал Б ын толгойн орой хэсгээс цус гарчихсан, нүүр нь цус болчихсон ”Ж намайг Б гэдэг айлд аягаар цохьчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 33 дугаартай дүгнэлтэнд: Д.Б биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/,
урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-31-36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Ж нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт хохирогч Д.Б толгойн тус газарт нь шаазан тавгаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Ж холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Иймд шүүгдэгч Ч.Ж нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Ж д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага тооцож ял шийтгэл оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал оруулж байгаа хэдий ч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлэх боломжтой эсэх талаарх баримт хэрэгт хангалттай авагдаагүй байх тул уг ялыг оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хагархай шаазан тавгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8,9, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ч.Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ж ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч.Ж д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Ж нь 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хагархай шаазан тавгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Ч.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ж д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН