| Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 109/2025/0023/З |
| Дугаар | 109/ШШ2025/0035 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 109/ШШ2025/0035
109/ШШ2025/0035
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн Ю.Б-н нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт холбогдох захиргааны хэрэгт 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю.Б миний бие нь 2021 оноос 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргаар ажиллаж байгаад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.3-т заасан шалгуурыг хангаагүй иргэнд ажлаа хүлээлгэн өгсөн. Тус сумын 2024 оны 10 сарын 21-ний өдрийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сумын засаг даргад Д.Б-г нэр дэвшихэд төлөөлөгчөөр дамжуулан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 53.3.1; 56.3 2-т заасан дээд боловсролтой байх, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шалгуурыг хангаж байгаа эсэх талаар нь асуулгахад Завхан аймгийн МУИС-ын салбар сургуулийг суралцаж төгссөн, Засгийн газрын 2024 оны 01 сарын 05-ний өдрийн 09 тоот тогтоолоор намын даргаар ажилласан хугацааг дүйцүүлээд ажилласан жилийн шалгуурыг хангаж байгаа гэж худал хариулт өгсөн. Үүнийг сумын иргэдийн төлөөлөгч нар дуу, дүрсний бичлэгээр баримтжуулж авсан. Үүнтэй ижил төрлийн маргаан бусад аймаг, суманд гарч байгаа нь мэдэгдээд байсан тул Монгол улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт шалгуулахаар хүсэлт өгөхөд хариу нь 2025 оны 06 сарын 12-ны өдрийн орой шуудангаар ирснийг 17-ны өдөр хүлээж авсан. Уг бичигтэй танилцахад зөрчлийг арилгуулахаар албан шаардлагыг хүргүүлсэн гэсэн байсан. Хариуцсан байцаагчтай холбогдон албан шаардлагын хувийг авах хүсэлт тавихад танд хүргүүлэх шаардлагагүй гэсэн. Манай сумын засаг дарга хуулийн шалгуур хангаж байгаа эсэх талаар шаардлагад туссан талаар лавлахад шалгуур хангаагүй, хуульд нийцүүлэх хугацаатай албан шаардлыг аймгийн засаг даргад хүргүүлсэн гэдгийг тодорхой хэлсэн. Д.Б нь өөрийн танилцуулгыг санаатайгаар худал танилцуулснаас үүдэлтэй сумын Засаг даргад нэр дэвшүүлэх, томилж, чөлөөлөх талаар захиргааны илт хууль бус шийдвэрүүд гарсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.З.-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна: 56.3.1.дээд боловсролтой; 56.3.2.төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан; ... байх гэж заасан байдаг. Гэтэл сумын ИТХ нь шалгуур хангаагүй иргэн Д.Б-г сумын засаг даргад нэр дэвшүүлэх захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардаж 10 дугаар тогтоолыг аймгийн засаг даргад уламжилж, улмаар аймгийн засаг дарга Б.Ц нь хуульд заасан хянах үүргээ биелүүлэлгүй илт хууль бус захиргааны актыг гол үндэслэлээ болгож Д.Б-г сумын засаг даргаар томилж, сумын засаг даргаар ажиллаж байсан Ю.Баасанжаргал намайг Засаг даргын албан тушаалаас чөлөөлсний улмаас миний эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан гэж үзэж байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 3 дугаар сарын 14 өдрийн 05 дугаар тогтоолоор Архангай аймгийн Өндөр-Улаан сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд Ю.Баасанжаргал намайг томилохыг Засаг дарга Д.Б-д даалгасан ч 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 01/104 тоот албан бичгээр татгалзсан. 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хүсэлт гаргахад сумын Засаг дарга Д.Б-н татгалзсан нь хууль бус тул тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдсэн 2025 оны 05 сарын 27-ны өдрийн 02/1171 тоот албан бичгийг засаг дарга Д.Б-д ирүүлсэн ч хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй, өнөөдрийг хүрч байна. Энэ мэт сумын олон иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол хууль бус засаг даргын шийдвэрээр хөндөгдөж байгаад гомдолтой байна. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд захиргааны актыг гаргах гол үндэслэл илт хууль бус бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байх бөгөөд эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болох хуулийн зохицуулалтай байх тул миний бие нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болно. Иймд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 21 өдрийн “Санал уламжлах тухай” 10 тоот тогтоол, Архангай аймгийн засаг даргын 2024 оны 11 сарын 28-ны өдрийн “Ю.Б-г албан тушаалаас чөлөөлөх тухай Б/78, мөн өдрийн “Д.Б-г албан тушаалд томилох тухай” Б/79 тоот захирамжуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хийж сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 01 дугаартай тогтоолоор нийт 25 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол гаргаж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 02 дугаартай тогтоолоор хуралдааны дэгийг баталж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 03 дугаартай тогтоолоор хэлэлцэх асуудлыг баталсан. Уг анхдугаар хуралдаанаар 1. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг сонгох, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл байгуулах, төлөөлөгчдийг ИТХ-ын хороодод хуваарилах, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Анхдугаар хуралдаанд төлөөлөгч О.Ч нь Монгол Ардын намаас Д.Б-н нэрийг сумын засаг даргад дэвшүүлж, төлөөлөгч нарын 100 хувийн саналаар түүнийг дэмжиж сумын засаг даргаар томилуулах саналыг аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэсэн. Миний бие тус анхдугаар хуралдаанаар тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсон бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална." гэж заасны дагуу хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар, тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасан засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явуулж сумын засаг даргаар томилуулахаар сонгогдсон нэр дэвшигч Д.Б-г томилуулахаар Архангай аймгийн Засаг даргад уламжилсан билээ. Нэхэмжлэгч Ю.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байна. 56.3.1. дээд боловсролтой, 56.3.2. төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх гэж заасан. Гэтэл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь шалгуур хангаагүй иргэн Д.Б-г сумын засаг даргад нэр дэвшүүлэх захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл үүсээгүй байхад хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардаж 10 дугаар тогтоолыг аймгийн Засаг даргад уламжилж, улмаар аймгийн Засаг дарга Б.Ц нь хуульд заасан хянах үүргээ биелүүлэлгүй илт хууль бус захиргааны актыг гол үндэслэлээ болгож Д.Б-г сумын Засаг даргаар томилж, сумын засаг даргаар ажиллаж байсан Ю.Б намайг засаг даргын албан тушаалаас чөлөөлсний улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол туулсан гэж үзэж байна." гэжээ. Засаг даргаар томилуулахаар уламжилсан нэр дэвшигч Д.Б нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчдийн 2021 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор тус өдрөөс эхлэн Өндөр-Улаан сумын Монгол Ардын намын хорооны даргаар бүх гишүүдийн 100 хувийн саналаар сонгогдож одоог хүртэл ажиллаж байгаа ба бизнесийн удирдлагын менежер мэргэшилтэй, улс төр удирдахуй ухааны дээд боловсролтой. Мөн Завхан аймгийн Монгол улсын их сургуулийг төгссөн бөгөөд энэ талаар сумын иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд хэлэлцсэн болно. Түүнийг 2021 оноос одоог хүртэл тус сумын намын даргаар ажиллаж байгаа хугацааг төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа гэж үзэн сумын Засаг даргаар томилуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилсан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн О.Б-г албан тушаалаас чөлөөлөх тухай Б/78 дугаар захирамжийн хувьд Үндсэн хуулийн жардугаар зүйлд Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, орооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна гэж тус ус хуульчилснаар Ю.Б-н бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн Засаг дарга томилогдсоноор түүнийг чөлөөлсөн болно. Аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Д.Б-г албан тушаалд томилох тухай Б/79 дүгээр захирамжийн хувьд: Өндөр-Улаан сумын Засаг даргаар томилогдсон Д.Б нь 2021 оноос хойш одоог хүртэл Өндөр-Улаан сумын Монгол Ардын Намын хорооны даргаар ажиллаж байгаа болно. Энэ нь Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.” гэж заасны дагуу Монгол Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2-т заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн заалтыг хангаж байгаа гэж үзэн тус албан тушаалд томилсон болно гэжээ.
4. Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Архангай аймгийн Засаг дарга болон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хариуцагдах захиргааны хэрэгт нэхэмжлэгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасныг ойлгож байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлтийг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1. Тус шүүх Ю.Б-с Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Санал уламжлах тухай” 10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ю.Б-г албан тушаалаас чөлөөлөх тухай Б/78 дугаар захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/79 дүгээр “Д.Б-г албан тушаалд томилох тухай” захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2. Хэргийн үйл баримтын тухайд,
2.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Санал уламжлах тухай” 10 дугаар тогтоолоор “сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн 100 хувийн санал авсан нэр дэвшигч Д.Б-г сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 114 дэх тал)
2.2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргад Д.Б-н нэрийг 100% саналаар нэр дэвшүүлсэн. Д.Б нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3. дахь хэсгийг хангасан тул сумын Засаг даргад томилуулахаар санал хүргүүлж байна” гэсэн “хүсэлт уламжлах тухай” 07 дугаар албан бичгийг Архангай аймгийн Засаг дарга Б.Ц-д хүргүүлсэн байна. (хавтаст хэргийн 115 дахь тал)
2.3. Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Д.Б-г албан тушаалд томилох тухай” Б/79 дүгээр захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3., 56.6. дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэг, Засгийн газрын 2024 оны 128 дугаар тогтоолын 12 дугаар хавсралт, 2023 оны 382 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт, 2007 оны 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Д.Ба-г Авлигатай тэмцэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 05/19254 дугаартай албан бичгээр ирүүлсэн дүгнэлтээр ашиг сонирхлын зөрчил үүсээгүй байх тул 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Өндөр-Улаан сумын Засаг даргын албан тушаалд томилжээ”. (хавтаст хэргийн 113 дахь тал)
2.4. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ю.Б-г албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/78 дугаар захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсгийг тус тус үндэслэн Ю.Ба-г бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Өндөр-Улаан сумын Засаг даргын албан тушаалаас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ” (хавтаст хэргийн 112 дахь тал)
3. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ю.Б-н 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “ Тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Архангай аймгийн Засаг дарга болон Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад хариуцагдах захиргаан хэрэгт нэхэмжлэгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т заасныг ойлгож байгаа болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. (хавтаст хэргийн 169 дахь тал)
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:” гэж, 20.1.1-д “... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах” гэж, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж, 66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд ...” гэж тус тус заасан.
5. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд, нэхэмжлэгчийн татгалзал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 66.2. дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн бөгөөд хуульд харшлаагүй байна.
6. Иймд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1., 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгох
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5. дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.2., 56.6. дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Санал уламжлах тухай” 10 дугаар тогтоол, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ю.Ба-г албан тушаалаас чөлөөлөх тухай Б/78 дугаар захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/79 дүгээр “Д.Б-г албан тушаалд томилох тухай” захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Ю.Б-н татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Энэ шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА