Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/021

 

 

 

*******д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бадамсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******д холбогдох эрүүгийн 2314001190252  дугаар хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, .................багт оршин суудаг, ******* овогт *******ы *******, ******* регистрийн дугаартай,

Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Өндөр дэнжийн 1-35 тоотод хохирогч *******ыг цээж хэсэг рүү өшиглөж, улмаар зууралдаж хамт зуухны дээр унасны улмаас түүний биед цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн  1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч *******аас 3,147,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүчингүй болгож,

Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

НЭГ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж хэргийг хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ ,хэргийн тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх.уг ажиллагаа явуулахад МУ-ын үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтыг чанд мөрдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагааг гаргуулахгүйгээр хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргадаг хууль журамтай.

*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2-д заасан хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулж бэхжүүлсэн доорх нотлох баримт хэрэгт авагдсан байв. Үүнд *******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг / хх-ийн 8-10, 41- 44, 45- 46 хуудас / гийн гэрчээр өгсөн мэдүүлэг / хх-ийн 51-57 /, *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг / хх-ийн 58-62 хуудас /, гийн гэрчээр өгсөн мэдүүлэг / хх-ийн 65-67 хуудас /, гийн гэрчээр өгсөн мэдүүлэг/ хх-ийн 71- 75 хуудас /, гийн гэрчээр өгсөн мэдүүлэг 76-78 хуудас / гэх нотлох баримтууд авагдсан байна. Эдгээр хохирогч,гэрчид эрх үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа авахдаа " ЭХ-ийн 21.2 дугаар зүйлийн

1. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол 3 сараас 2 жил хүртэл хугацаагаар эрх хасаж 450 нэгжээс 5000 нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. Бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол 5000 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1 жилээс 5 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх утга бүхий хуулийн заалтыг танилцуулж баталгаа авсан байна.

Хохирогч, гэрчид эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулсан хуулийн заалтууд хүчингүй болсон буюу өөрчлөлт орсон хэрэглэгдэхгүй болсон заалтууд байлаа.

2020 оны 01 сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ зориуд” гэснийг нэг жил хүртэл хугацаагаар эрх хасаж” гэснийг , 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж “ гэснийг тус тус хассан. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өөрчлөлтөөр Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд гэсэн утга бүхий өөрчлөлтүүдийг нэмсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан дээр дээрх утга бүхий хууль зөрчсөн байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2-д заасан хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт байна гэж үзэж нотлох баримтаар тооцохгүй ,хасуулах хүсэлтийг өмгөөлөгч миний зүгээс гаргахад , анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-д заасан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэгт хамаарахгүй байна гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хурлыг үргэлжлүүлсэн юм. Энэ байдал нь хуулийг зөрчлөө гэж үзэж байна.

ХОЁР: Анхан шатны шүүх хуралдаан дээр анхан шатны шүүх хэргийн газарт байсан цорын ганц гэрч гийн мэдүүлэг тогтвортой биш нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэж дүгнэсэн мөртлөө шийтгэх тогтоолд гэрч С. гийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байдаг. Гэрч нь гэрчээр гурван удаа мэдүүлэг өгөхдөө тогтвортой мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч *******ын эрх зүйн байдлыг дээрдүүлж болох хоёр мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, үнэлээгүй үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдаагүй байна. Энэ байдал нь Эрүүгийн хуулийн 1.3 дахь зүйл буюу шударга ёсны зарчим алдагдаж байна гэж үзэж байна.

ГУРАВ: Шүүдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол гэмт хэрэг гэм буруутай гэж үзсэн нотлох баримтууд хэрэг учрал болсон байдлыг хараагүй , хэргийн газар байсан шүүгдэгч *******аас сонссон гэх зүйлийг дамжуулан өгүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг байдаг.Энэ гэрчүүдийн мэдүүлгийн эх сурвалж Ж:******* байдаг. Эдгээр гэрчүүдэд шүүгдэгч ******* намайг 2 удаа өшиглөсөн гэж хэлсэн ,үүнийг буруу ойлгож цааш дамжуулж ярьжээ гэж удаа дараагийн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Үүнийг гэрч удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортой нотолж хохирогч нь шүүгдэгч *******ыг 2 удаа өшиглөсөн.хазсан гэдгийг нотолж байгаа мэдүүлгийг үнэлээгүй, үнэлээгүй үндэслэлээ шүүх дурдаагүй байна.

ДӨРӨВ: Хэргийн газар байсан гэрчийн мэдүүлгээр хохирогчийн буруутай үйлдлийн улмаас / куртикнээс өөр лүгээ татсан / шүүгдэгч ******* хор уршиг гэм буруугүйгээр учруулсан байх байдал эсвэл болгоомжгүй үйлдэл ,эс үйлдэхүйн улмаас хүнд хохирол учруулсан байж болох үндэслэлүүд тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үздэг.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн :

1. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дугаар зүйлд заасан хууль зөрчсөн нотлох баримтыг шийдвэр гаргахдаа ашигласан нь хуульд нийцэж байгаа эсэх

2. Гэрчийн мэдүүлгээр хохирогчийн буруутай үйлдлийн улмаас / куртикнээс өөр лүүгээ татсан / шүүгдэгч ******* хор уршиг гэм буруугүйгээр учруулсан байх байдал эсвэл болгоомжгүй үйлдэл ,эс үйлдэхүйн улмаас хүнд хохирол учруулсан байж болох үндэслэлүүд тогтоогдож байна гэж үзэх үндэслэл байгаа тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн шийдэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс намайг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 10 000 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.

Шүүхээс намайг гэм буруутайд тооцохдоо хохирогч *******ын цээж рүү хөлөөрөө өшиглөсөн гэж үзсэн бөгөөд би ыг өшиглөөгүй, зодоогүй, 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орой , ******* бид гурав архи хувааж уусан тухайн үед спорт яриад сууж байхад гэнэт намайг “чи манай эхнэрийг ажилгүй болгосон” гээд намайг цохих гэхээр гарыг нь бариад авсан гэтэл нөгөө гараараа цохих гэхээр нь нөгөө гарыг нь барихад намайг хойшоо татаад хойшоо бөгсөөрөө эргэж миний цээж рүү богино түрүүтэй бор шаргал гутлаараа намайг 2 удаа өшиглөсөн энэ үед бид хоёрыг салгасан

Тэгээд сууж байгаад би одоо хоёулаа улс төр яриад яах вэ спорт яръя гэж хэлэхэд битгий солиор гээд миний куртикний захнаас хоёр гараараа барьж намайг боох гэж оролдсон тэгэхээр нь би хоёр гараараа хоёр гарыг нь дараад тавиулсан гэтэл энэ үед миний зүүн гуянаас хазсан хазсан газар хорсоод байхаар нь үзэх гээд өмдөө тайлах гээд доошоо тонгойсон чинь миний куртикний зүүн захаас баруун гараараа гуд татсан энэ үед нь бид хоёр зуухны хажуугийн цемент рүү давхралдаад зүүн хажуугаараа би дээрээс нь дараад унасан.

Энэ үед намайг татаж босгосон дөрвөн хөллөөд орилоод байсан тул би эмнэлэг дуудсан ийм л зүйл болсон.

Миний хувьд гэрчээр мэдүүлэг өгсөн д намайг хоёр удаа өшиглөсөн гэж хэлсэн байхад эсрэгээр би ыг хоёр удаа өшиглөсөн гэж ойлгон мэдүүлэг өгсөн байна.

Би ыг санаатайгаар зодож цохин гэмтэл учруулаагүй тул маш их гомдолтой байна. Тухайн үед намайг 2 удаа өшиглөж мөн зүүн гуяа хазахад шүдний ором гарч хөхөрсөн байсныг би зургийг нь авсан мөрдөж байсан хэсгийн төлөөлөгчид өгөх гэхэд танд байж байг гэсэн тул би тухайн үед тоогоогүй орхисон харин зүүн гуяны хөхөрсөн байдлыг тухайн үед д үзүүлсэн мөн Б.Болдоод үзүүлэн Болдоогоор зургийг нь утсан дээрээ авхуулсан одоо миний утсан дээр зураг нь байгаа болно.

Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдээгүй тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.4 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцож дараах дүгнэлт гаргаж байна. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.    

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Улсын яллагчтай адил саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүх хууль бус нотлох баримтыг шийдвэр гаргахдаа ашигласан. Иймд уг шийдвэрийг хуульд нийцэж буй эсэхийг хянуулахыг хүсэж байна. Хохирогч, шүүгдэгч нарын харилцан маргааны байдлаас болж хохирогчид гэмтэл учирсан тул хохирол төлбөрийг төлөх нь зүй ёсны хэрэг юм. Харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргийг зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй боловч прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байхад анхан шатны шүүхээс энэ байдалд зохих дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ

Шүүгдэгч ******* нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Өндөр дэнжийн 1-35 тоотод хохирогч *******ыг цээж хэсэг рүү өшиглөж, улмаар зууралдаж хамт зуухны дээр унасны улмаас түүний биед цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.

 Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Дээрх үйл баримт нь

1 дүгээр хавтаст хэргийн 39-40, 43-44, 46 дугаар талуудад авагдсан “... Манай гэрт *******, нар үлдээд Гантулгын авч ирсэн архийг бид 3 хувааж уусан. ...би уусан архиндаа согтоод тасарсан ба тухайн өдрийнхөө орой 18 цагийн үед гэрийнхээ орон дээр сэрсэн. ...... намайг эмнэлгийн машинаар аймаг явуулсан. 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр аймгийн эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн талын 3 хавирга хугарсан байна уушги гэмтээх магадлалтай гээд надад гуурсны хагалгаа хийсэн.

“...*******, бид 3 архи их уусан, би согтсон байсан учир юу ч санахгүй байна.

2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр миний 5239011277 данс руу 500.000 төгрөгийг *******ын дүү Ганчулуун эмчилгээндээ хэрэглээрэй гээд хийсэн байсан ...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* миний 5239011277 данс руу эмчилгээндээ хэрэглээрэй гээд 2,000,000 төгрөгийг хийсэн

...Миний эмчилгээний зардалд 4,800,000 төгрөгийн зардал гарсан. *******аас сэтгэл санааны хохирол ажилгүй байх хугацааны цалин, эмчилгээний зардал нийт 10,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 53-57 дугаар талд авагдсан  “...******* нь *******ыг орон дээр дараад авсан чинь ******* түлхэхэд Л. нь *******ын цээж рүү 2 удаа өшиглөсөн  би дундуур нь ороод больцгоо гээд салгасан. Тэгээд удалгүй тэр 2 ахиж маргалдаад барилцаж аваад ******* нь *******ын зүүн гуяа хэсгээс хазсан чинь Ж. ******* уурлаад босож ирээд *******ыг түлхсэн чинь тэр 2 давхраараа зуух руу унасан. Тухайн үед тэр 2 зуух руу унахад ******* нь Л. ын дээрээс дараад унахаар нь би очоод *******ыг боль гээд татаад авсан чинь ******* ёолоод хэвтээд байхаар нь өргөөд орон дээр нь гаргаад хэвтүүлэхэд ухаан алдсан...******* ах багшийг сүртэй цохиогүй...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад   анхны удаа мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дугаар талд авагдсан “... багш *******ын зүүн талын гуя хэсгээс хазсан чинь ...тэр 2 хоорондоо барилцаж авсан чинь багш *******ын цээж хэсэг рүү нь 2 удаа өшиглөсөн тэгээд тэр хоёр орноос босож ирээд нэг нэгнийгээ заамдаж аваад зуухны хажуу руу давхралдаж унасан...******* ах багшийн дээрээс дараад унасан...татаад авсан чинь багш ёолоод хэвтэж байсан өөр зодоон болоогүй ...” гэх гэрч гийн 2  дахь удаагийн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр талд авагдсан “...намайг боох маягтай заамдаад авахаар нь би ын 2 гар дээрээс дараад гарыг нь тавиулсан чинь доошоо тонгойгоод миний зүүн талын гуянаас хазсан, хөлнөөс хазчихлаа гэхэд холдоод явсан... хазсан хэсгийг харах гээд...тонгойсон чинь миний гадуур хувцасны зүүн занаас татахад би хөл алдаад бид 2 давхралдаад унасан, намайг татаж босгосон. зүүн тийш эргээд 4 хөллөчхөөд ёолоод байсан гэж мэдүүлсэн...ерөнхийдөө тийм зүйл болсон ******* үнэн ярьж байна...” гэх хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл

1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дүгээр талд авагдсан “...хавирга нь хугарсан байхаар нь би сумын эмч Отгонбилэгийг дуудаж үзүүлээд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхээр аймгийн төв рүү аваад явсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дугаар талд авагдсан “...цээжний зүүн тал болон өвчүүг хамарсан том хөхрөлттэй, хүзүүний зүүн тал, нурууны зүүн ар талаар хөхрөлт шарх ихтэй, цээжин дээр гутлын мөрний хээгээр хөхөрсөн байсан. ...эмч нь зүүн талын 3 хавирга зөрсөн хугаралтай, зүүн уушги нь унасан, цээжний хөндийд шингэн хуралттай байна гэж хэлсэн.. 2023 оны 5 дугаар сарын 30-ны Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд эмнэлэгт хэвтээд цээжний хөндийд гуурс тавиулсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр талд авагдсан “...Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 3,147,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....” гэх иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын  мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар талд авагдсан “... Дээрх гэмтлүүд нь хавирга хугарснаас болж үүсэж байгаа цээжний хөндий болон плеврийн хөндийд хий, шингэн хуралдалт юм. Дээрх гэмтлүүд нь нэг нэгэнд харилцан нөлөөтэй гэмтлүүд байх ба эдгээр гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх шинжээч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, 

1 дүгээр хавтаст хэргийн 115-120 дугаар талд авагдсан “ *******ын биед цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл   нь шинэ гэмтэл байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.  Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 244 дугаар дүгнэлт 

1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дугаар талд авагдсан “...******* миний зүүн талд сууж байгаад миний чих рүү гараараа хальт цохисон. ... Тухайн үед ******* сууж байсан би *******ын гарыг бариад авсан чинь ******* орон дээрээ бөгсөөрөө эргээд миний цээж рүү гутлынхаа өсгийгөөр 2 удаа өшиглөсөн. ... орон дээрээсээ босож ирээд хоёр гараараа намайг боох маягтай заамдаад авахаар нь би *******ын 2 гарын дээрээс нь дараад гарыг нь тавиулсан чинь ******* доошоо тонгойгоод миний зүүн талын гуянаас хазсан.

*******ын хазсан хэсгийг харах гээд өмднийхөө уяаг тайлах гээд доошоо тонгойсон чинь ******* миний гадуур хувцасны зүүн талын захнаас татахад нь би хөл алдаад ******* бид хоёр давхралдаад зуухны хажуугийн цементэн хашлага руу давхралдаад унасан. ... намайг татаж  босгосны дараа ******* зүүн тийшээ эргээд 4 хөллөчхөөд ёолоод байсан чинь өргөөд орон дээр нь хэвтүүлсэн...” гэх шүүгдэгч *******ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Харин прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй, анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргээр зүйлчлэхдээ гэм буруутай этгээдийн хүний бие махбодод гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилгыг тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдэлтэй  нэгтгэн авч үздэг.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын шинж чанар, тэдний хоорондын болон хэргийн хамаарал, хуульд заагдсан арга хэрэгсэл шаардлагын дагуу цугларсан эсэхийг дүгнэж, улмаар баримтуудыг харьцуулан шинжилж,  нотолгооны тэнцвэр, хэргийн байдалтай хэрхэн уялдаж байгаа зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлдэг.

Хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн үйл баримтыг нүдээр харж, хажууд нь байсан гэрч  гийн 2 удаагийн тогтвортой мэдүүлгүүд болон  гэрч болон шүүгдэгч ******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан  мэдүүлгүүдийг гэрэл зураг болон шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзэхэд  хохирогч *******, шүүгдэгч *******  хоёр давхралдаад зуухны хажуугийн цементэн хашлага руу давхралдаж унах явцдаа хохирогч *******   нь   цээжний хөндий, плеврийн хөндийн шингэн, хий хуралдалт, уушгины уналт, зүүн 4,5,6-р хавирганы суганы урд болон дунд шугамаар зөрсөн хугарал, цээж, эрүү, хүзүү, хэвлий, бүсэлхийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал  бүхий хүнд гэмтэл  авсныг бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлээр уг хор уршгийг хүсэж үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

 Гэтэл анхан шатны шүүх  зөвхөн “...шүүгдэгч ******* нь хохирогч *******ын цээж рүү хөлөөрөө өшиглөсөн үйлдэл буюу хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... ,....******* нь чамайг уур хүргэх юм яриад байхаар нь чинь ах өшиглөсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч гийн ...******* ах уур хүргээд байхаар нь би *******ыг 2 удаа өшиглөчихсөн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,гэрч гийн...би аавын биеийн үзэхэд цээжний зүүн тал болон өвчүүг хамарсан том хөхрөлттэй, хүзүүний зүүн тал, нурууны зүүн ар талаар хөхрөлт шарх ихтэй, цээжин дээр гутлын мөрний хээгээр хөхөрсөн байсан гэх мэдүүлгийг...” үндэслэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж,  хуулийг буруу хэрэглэжээ.

 Харин Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг ...урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж  заасны дагуу бусдын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжтэй байна гэж  үзэв.

 Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэж заасан эрх хэмжээний хүрээнд  шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэнд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч *******ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийг улмаас учирсан хохиролд 8800 000 төгрөгийг нөхөн төлсөн  болон хувийн байдал   зэргийг харгалзан тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс торгох ялыг  хэрэглэхдээ  2700 нэгжээс 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700 000-14000 000 төгрөгөөр торгох хэмжээнээс  3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, гэм буруугийн хэлбэрийн талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хэсэг нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Харин хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгахыг хүссэн шүүгдэгч *******ын гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн  Прокурорын газраас *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  1 дэх заалтын

“Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

“Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан  гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй” гэснийг

“шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч *******гийн  гомдлыг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гаргасан хэсгийг  болон шүүгдэгч Ж:*******ын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ 

Л.НЯМДОРЖ