| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/04104/И |
| Дугаар | 192/ШШ2025/01851 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01851
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух Ц овогт Ц О /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, өөрийн байранд оршин байрлах Х Э М Тд холбогдох,
Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэхийг даалгах, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 1,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, түүний өмгөөлөгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Х Э М Тд холбогдуулан тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэхийг даалгах, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 1,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Би Ц овогтой О (РД) нь 2014 оны 05 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлэх тасгийн сувилагч, химийн эмчилгээний сувилагч, 2018 оноос ариутгалын сувилагчаар тус тус нийт 10 жил тасралтгүй ажилласан. Эх баригч бага эмчийн мэргэжилтэй, ариутгалын сувилагчийн нарийн мэргэжил эзэмшсэн бөгөөд эрүүл мэндийн салбарт хүн ардын эрүүл мэндийн төлөө нийт 33 жил тасралтгүй ажилласан.
Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/124 дугаар тушаалаар ажил олгогч нь миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр ноцтой зөрчсөн.
Учир нь: Тушаалд Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 (9.2.1-9.2.10 хүртэл нийт 10 заалт), 9.4 (9.4.1-9.4.4 хүртэл нийт 4 заалттай байдаг юм байна) дэх заалтыг үндэслэсэн байдаг бөгөөд ариутгалын сувилагчаар ажиллаж байсан миний бие нэг дор нийт 14 ноцтой зөрчил гаргах ямар ч боломжгүй бөгөөд эдгээр ноцтой зөрчлүүдийн алийг нь ч миний бие гаргаагүй болно. Энэ талаар нотлох баримт байхгүй, нотлогдоогүй, тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Миний хувьд энэ тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гомдол гаргаж, тус хорооны №33 дугаартай хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гардан авсан бөгөөд тус тэмдэглэлд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож шүүхэд ажлын 10 өдрийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсан тул ийнхүү шҮҮхэд хандаж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан тус байгууллагын даргын 2024 оны 05-р сарын 24-ний өдрийн Б/124 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох өмгөөллийн зардал 1.500.000 төгрөгийг хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Х Э М Т хариу тайлбартаа: “Ц.О нь Х Э М Тд ариутгалын сувилагч албан тушаалд ажилладаг бөгөөд ариутгалын сувилагч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд давтан хэрэглэгддэг багаж, хэрэгслийн угаалга, халдваргүйжүүлэх, ариутгалын ажиллагааг хийж гүйцэтгэдэг.
Тодруулбал, эмнэлгийн давтан хэрэглэдэг багаж хэрэгсэл нь өвчтөн, үйлчлүүлэгчийн зөөлөн эд, яс, арьс, салст, цус био шингэнд хүрэлцдэг учраас тэдгээрийг өндөр стандартын дагуу чанартай ариутган, халдваргүйжүүлэх зайлшгүй шаардлагатай тул Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 сарын 29-ны өдрийн А/537 дугаар “Заавар батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтаар “Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ариутгах заавар”-ыг баталсан байдаг. Уг “Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ариутгах заавар”-ын 2.12-т “Төвлөрсөн ариутгалын тасагт цэвэр, бохир хэсэгт ажиллах ажилтан тусдаа байна.”, 2.15-т “Ариутгалын тасаг, хэсэгт албан ажил, сургалт, дадлагаар ажиллах ажилтан, мэргэжилтэн, оюутан хамгаалах хувцас хэрэгслийг өмсөнө”, 3.8-т “Ариутгалын тасаг, хэсгийн бохир бүсэд ажиллах ариутгалын ажилтан нь дараах хамгаалах хувцас хэрэгсэл өмсөнө. Үүнд...”, 3.9-т Цэвэр бүсэд ажиллах ариутгалын ажилтан нь халад, өмд цамц, амны хаалт, малгай, бээлий хэрэглэх бөгөөд бохир, ариун хэсэгт орохгүй” гэж тус тус заасан. Гэтэл Ц.О нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр ариутгалын хэсэгт ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн Alim.mn сайт дуудаж, ярилцлага өгөхдөө сэтгүүлчийг хамгаалах хувцас хэрэглэлгүй ариутгалын хэсэгт оруулж мэргэжлийн ноцтой алдаа гарган, Эрүүл мэндийн сайдын 2019 оны тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ариутгах стандарт, зааврын 2.15-т заасныг зөрчсөн.
Энэ нь Alim.mn сайтад ярилцлага өгсөн бичлэгээр нотлогддог ба уг бичлэгийн 00 минут 47 секундэд сурвалжлагч “Яана би гадны хувцастайгаа орж болох юм уу” гэж асууж тодруулсаар байхад Ц.О нь ариутгалын хэсэгт ямар ч халдвар хамгаалалтын хувцас, хэрэгсэлгүй гадаа өмссөн гутал, хувцастай сурвалжлагчийг оруулж, өөрт албан тушаалын дагуу олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан, халдвар хамгаалалтыг алдагдуулсан. Үүний улмаас эмнэлгийн ариутгалын тасгийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтын дэглэм алдагдаж, тус төвөөр үйлчлүүлж байгаа өвчтөн, ажиллагсдын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх сөрөг үр дагавартай. Мөн Ц.О сувилагч нь эмнэлгийн ариутгалын хэсгийн эрүүл ахуй, халдвар хамгаалалтыг алдагдуулсан нь Х Э М Тийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба, халдварын сэргийлэлт хяналтын албаны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №1 дүгээр дүгнэлтээр тогтоогддог.
Ийнхүү Ц.О нь манай байгууллагатай 2022 оны 01 сарын 03-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 9.4-т заасан их эмч, эм зүйч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнд хамаарах бусад ноцтой зөрчлийн 9.4.1-т “Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа мэргэжлийн ноцтой алдаа, зөрчил дутагдал гаргасан нь нотлогдсон”, 9.4.2-т “Албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн буюу урвуулан ашигласан”, 9.4.4-т “Эмчилгээний сувилгааны стандарт зөрчсөний улмаас ... халдвар хамгаалал алдагдсан” зэрэг ноцтой зөрчлүүдийг гаргасан болно. Өөрөөр хэлбэл ажилтан Ц.О нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бөгөөд энэ нь баримтаар нотлогдож байгаа болно.
Иймд Х Э М Т нь хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлж ноцтой зөрчил гаргасан ажилтан Ц.От хариуцлага хүлээлгэж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Ажилтан Ц.Оийн гаргасан бусад зөрчил, зан харилцааны талаар: Ц.О нь хамтран ажиллагсдыг зохисгүй үгээр хараан доромжлох, тасаг нэгжээс ариутгасан хөвөн, багаж, хэрэгслийг авахаар ирсэн ажилчдыг доромжлох, удирдлага бусад ажилчдаас тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй дураараа авирладаг, зан ааш харилцааны хувьд доголдолтой. Мөн байгууллагын ажилтан бүр өдөр тутамд ажилдаа ирэх, тарахдаа цаг бүртгэлийн машинд бүртгүүлж, ажлын цагаа бүртгүүлэх үүрэг хүлээсэн.
Гэтэл Ц.О ажлын цаг дуусаагүй байхад ажлын байрыг орхиж явах, ажил тарсан цагийг бүртгүүлэхгүй байх зэргээр ажлын цагийг зохих ёсоор бүртгүүлэхгүй байгууллагын “Ажлын цаг ашиглалтын журам”-ын 3.2, 3.5-т заасныг тус тус зөрчсөн. Тодруулбал, сувилагч Ц.О нь 2024 оны 05 сарын 01-ны өдрөөс 2024 оны 05 сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаа ажил тарсан цагийн бүртгэлийг хийгээгүй болно. Мөн Х Э М Тийн даргын 2019 оны 03 сарын 31-ны өдрийн А/19 дугаар тушаалаар “Х Э М Тийн хөдөлмөрийн дотоод журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 11.3-р зүйлд ажилтанд хориглох зүйлийг тусгайлан зохицуулж өгсөн байдаг.
Үүнээс Ц.О ажилтан нь дараах хориглосон хэм хэмжээг зөрчсөн: 11.3.1 -р хэсгийн Б-т “Хамт олны эв нэгдлийг үймээн бутаргах зохион байгуулалтай арга хэмжээ зохион байгуулсан, бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн,... байгууллага ажилтны эрх ашиг нэр хүндэд хохирол учруулах”, 11.3.1 -р хэсгийн В-т “Ажлын байранд бусадтай маргах, хамт ажиллаж буй ажилтан ... сэтгэл зүйн хувьд дарамтлах, тэдэнтэй маргах, хэл амаар доромжлох, үйлчлүүлэгчийн дарааллыг алдагдуулах, чирэгдүүлэх”, 11.3.1-р хэсгийн г-т “Удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэхгүй буюу гүйцэтгэхээс татгалзах, ... ажлаас хоцрох, ажил таслах” зэрэг хамаарна. Энэ мэт Ц.Оийн бусад гаргасан зөрчил, Alim.mn сайтад ярилцлага өгөхдөө байгууллага болон хамтран ажиллагсдын нэр төрд халдаж, худал мэдээлэл өгсөн асуудлаар манай байгууллага нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан болно.
Иймд Ц.Оийн Х Э М Тд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Мөнгөн шилжүүлгийн баримт, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024.05.24-ний өдрийн Б/124 дүгээр тушаал, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, Өмгөөллийн гэрээ, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Төвлөрсөн ариутгалын тасгаас 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр авсан эрүүл зүйн шинжилгээний хариу, дүгнэлт, Дансны хуулга, Цалингийн тооцоолол, Фото зураг, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Х Э М Т Ариутгалын сувилагч Ц.Оийн 5 дугаар сарын цагийн бүртгэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2018.09.04-ний өдрийн А/84 дүгээр тушаал, Х Э М Тийн ажлын цаг ашиглалтын журам, Х Э М Т Удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын алба, халдварын сэргийлэлт хяналтын албаны дүгнэлт, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2016.06.08-ны Б/77 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024.05.24-ний Б/124 дүгээр тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Хан-Уул эрүүл төвийн байгууллагын нууцын гэрээ, Х Э М Тийн ажилчдын хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа, Эрүүл мэндийн төвийн ариутгалын сувилагчийн албан тушаалын тодорхойлолт, Цалингийн карт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2022.03.31-ний өдрийн Б/19 дүгээр тушаал, хавсралт, Х Э М Тийн хөдөлмөрийн дотоод журам, Х Э М Тийн даргын 2024.01.09-ний өдрийн А/01 дүгээр тушаал, хавсралт, Х Э М Тийн ажилчдын 2024 оны 5 дугаар сарын цагийн бүртгэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Т.Гэрэлсүрэнгээс авсан гэрчийн тэмдэглэл, хариуцагчийн хүсэлтээр аудио болон видео бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, ажилтан Д.Даваажавын хувийн хэрэг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.О дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “ажил олгогч нь миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж хууль ёсны эрх, ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр ноцтой зөрчсөн. Уг тушаалд Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2 (9.2.1-9.2.10 хүртэл нийт 10 заалт), 9.4 (9.4.1-9.4.4 хүртэл нийт 4 заалттай байдаг юм байна) дэх заалтыг үндэслэсэн байдаг бөгөөд ариутгалын сувилагчаар ажиллаж байсан миний бие нэг дор нийт 14 ноцтой зөрчил гаргах ямар ч боломжгүй бөгөөд эдгээр ноцтой зөрчлүүдийн алийг нь ч миний бие гаргаагүй болно. Энэ талаар нотлох баримт байхгүй, нотлогдоогүй, тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан…” гэжээ.
3. Хариуцагч Х Э М Т нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Ц.О нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр ариутгалын хэсэгт ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн Alim.mn сайт дуудаж, ярилцлага өгөхдөө сэтгүүлчийг хамгаалах хувцас хэрэглэлгүй ариутгалын хэсэгт оруулж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан. Мөн хамтран ажиллагсдыг зохисгүй үгээр хараан доромжлох, тасаг нэгжээс ариутгасан хөвөн, багаж, хэрэгслийг авахаар ирсэн ажилчдыг доромжлох, удирдлага бусад ажилчдаас тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй дураараа авирладаг, зан ааш харилцааны хувьд доголдолтой. Ц.О нь 2024 оны 05 сарын 01-ны өдрөөс 2024 оны 05 сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаа ажил тарсан цагийн бүртгэлийг хийгээгүй, байгууллагын “Ажлын цаг ашиглалтын журам”-ыг зөрчсөн…” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”, 154.2 дах хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгч Ц.О нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2024.06.06-ны өдөр 24/33 дугаартай шийдвэрээр “...талууд харилцан тохироогүй үндэслэлээр...” ажиллагааг дуусгавар болгожээ. Нэхэмжлэгч дээрх хариуг хүлээн авснаас хойш шүүхэд 2024.06.12-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
4.2 Ажил олгогч буюу Х Э М Тийн дарга Э.Бодьцэцэг нь ажилтан буюу ариутгалын сувилагч Ц.Отэй 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан байх ба тэдний хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, зохигчид энэ талаар маргаагүй. /хх107-112/
4.3 Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/124 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5, 80 дугаар 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 6.3 дугаар зүйлийн 6.3.7.14, 6.3.7.18, 11.3.1 дэх хэсгийн б,в,г дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 9.2, 9.4 дүгээр зүйл, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №01 тоот Эмнэлгийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын алба болон Халдварын сэргийлэлт хяналтын албаны дүгнэлт, удирдлагын зөвлөлийн хурлын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ариутгалын сувилагч Ц.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-106/
5. Хариуцагчаас дээрх “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан гэж маргаж байх боловч энэ талаар тушаалын үндэслэлд заасан зөрчлүүд ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь тодорхойгүй байна.
Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.
6. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/124 дүгээр тушаалын 1 дэх заалтаас үзвэл, ажилтан Ц.О нь 2024 оны 05 сарын 17-ны өдөр ариутгалын хэсэгт ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн Alim.mn сайт дуудан ярилцлага өгөхдөө сэтгүүлчийг хамгаалах хувцас хэрэглэлгүй ариутгалын хэсэгт оруулж Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/537 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх, ариутгах заавар”-ын 2.15-д ариутгалын хэсэгт албан ажил, сургалт, дадлагаар ажиллах ажилтан, оюутан хамгаалах хувцас хэрэгслийг өмсөнө гэж заасныг зөрчиж ариутгалын хэсэгт тавигдах эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм алдагдуулсан гэжээ.
Тус эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба, халдварын сэргийлэлт хяналтын алба 2024.05.20-ны өдрөөс 2024.05.22-ны өдрүүдэд ариутгалын хэсгийн эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэм, өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын ачаалалд үнэлгээ дүгнэлт гаргасан байх бөгөөд уг дүгнэлтээр ариутгагч Ц.О нь 4 хоногийн хугацаанд ажлын ачаалал хэвийн ажилласан…, …2024.5.17-ны өдөр ариутгалын ажилтан мэдээллийн сайтад мэдээлэл өгөхдөө сэтгүүлчийг хамгаалах хувцас хэрэгсэлгүй ариутгалын хэсэгт оруулсан нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/537 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ариутгах стандарт, зааврын 2.15-т заасныг зөрчсөн Alim.mn сайтын live-аас харагдсан болно гэжээ. /хх102-104/
7. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/537 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ариутгах стандарт, зааврын 2.16-д “Ариутгалын ажилтны амрах болон ажлын өрөөнөөс бусад хэсэгт хоол хүнсний зүйл хадгалах, идэхийг хориглоно” гэж заасныг үгийн шууд утга нь ариутгалын ажилтны амрах болон ажлын өрөө ариутгалын хэсгээс тусдаа байна гэж үзэхээр байна. Шүүхээс сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр “сурвалжлагчаас: …за сайн байна уу эгчээ яана би гадны хувцастайгаа орж болох уу, за та суучих…” гэх бөгөөд уг үйл явдал нь нэхэмжлэгчийн амрах болон ажлын өрөөнд болсон байх ба ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэдэг нь эргэлзээгүй баримтаар нотлогдохгүй байна.
2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Төвлөрсөн ариутгалын тасгаас эрүүл зүйн шинжилгээний агаарын 2, арчдасны 3 сорьц шинжлэгдэхүүнийг авч нян судлалын лабораторид өгч шинжилгээ хийсэн байх ба үүнд “Агаарын шинжилгээгээр 2 өрөөний агаарт эмгэг төрөгч нян илрээгүй байгаа нь Эрүүл мэндийн байгууллагын орчны эрүүл ахуйн шаардлага MNS6392:2013 стандартын 4.4.11 дэх заалтын шаардлагыг хангаж байна. Ариутгалын тасгийн тоног төхөөрөмжүүдийн орчны эд зүйлсийн гадаргуугийн цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарыг шалгах зорилгоор авсан эрүүл зүйн арчдасны шинжилгээнүүд нянгийн бохирдолгүй байгаа нь эд зүйлсийн гадаргуугаас арчдас авч шинжилгээ хийх MNS6410:2018 стандартын арчдасны эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна.” гэж дүгнэжээ. /хх-182/
Нөгөөтэйгүүр, гэрч Т.Гс “...2017 оноос 2024 оны 5 сарын 20-ны өдрийг хүртэл Ц.Отэй хамт ажиллаж байсан. Албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэн ашиглах зүйл байхгүй. Ариутгалын хэсэгт халдвар хамгаалалт алдагдаж хүний эрүүл мэндэд халдвар авсан юм уу, цусанд халдвар орсон юм уу, шарх сорвид халдвар орох тохиолдол яригдана. ... Ц.О ямар ч зөрчил гаргаж байгаагүй, хяналт шалгалт өдөр болгон тавьдаг байсан. Шинжилгээнүүд нь дандаа сөрөг гардаг, үүнээс болж хүндрэл гарсан тохиолдол манай эмнэлэгт байхгүй.” гэх мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь ...гэрчийн мэдүүлэг... зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх учиртай.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино.
9. Хариуцагчаас “...Alim.mn сайтад ярилцлага өгөхдөө байгууллага болон хамтран ажиллагсдын нэр төрд халдаж, худал мэдээлэл өгсөн асуудлаар манай байгууллага нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан… Хөдөлмөрийн гэрээний 9.2 /9.2.1-9.2.10/, Хөдөлмөрийн дотоод журмын 6.3.7.14, 11.3.1 дэх хэсгийн б-д …бусдын нэр хүндийг гутаах зорилгоор гүтгэн гүжирдсэн,... байгууллага ажилтны эрх ашиг нэр хүндэд хохирол учруулсан…,” гэх тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч Ц.О нь сайтад ярилцлага өгөхдөө хариуцагч байгууллагын талаар ямар худал мэдээлэл өгч, байгууллага болон хамтран ажиллагсдын нэр төрд хэрхэн халдаж, ямар хэмжээний хохирол учруулсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Мөн хариуцагчаас “нэхэмжлэгч Ц.О нь хамтран ажиллагсдыг зохисгүй үгээр хараан доромжлох, тасаг нэгжээс ариутгасан хөвөн, багаж, хэрэгслийг авахаар ирсэн ажилчдыг доромжлох, зан ааш харилцааны хувьд доголдолтой” гэж тайлбарлан видео бичлэгийг хэрэгт ирүүлэн үзлэгээр бэхжүүлсэн. Уг үзлэгээр “бичлэг хийж буй эмэгтэйгээс: хөөе манайх хөвөнгөө авъя гэхэд нэхэмжлэгчээс: хөвөнгийнхөө савыг угаагаад ир миний дүү…, бичлэг хийж буй эмэгтэйгээс: хүүшээ хөвөнгөө авъя өөрөөс чинь юм авах гэж байгаа юм уу гэхэд нэхэмжлэгчээс: хөвөнгийнхөө савыг угаачхаад ир тэгээд өгье за юу…” /хх-165/ гэснээс үзэхэд энэ нь нэхэмжлэгч Ц.Оээс албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхээр шаардлага тавьсан гэж үзэхээр байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “ёс зүйн зөвлөлийн хурлаар ажилтны ёс зүйн талаар хэлэлцсэн” гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, ажилтан Ц.О нь ажилтны ёс зүйн дүрмийн ямар хэм хэмжээг зөрчсөн, энэ нь ямар баримтаар тогтоогдсон болохыг хариуцагч нотлоогүй.
10. Түүнчлэн, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний 2.4-т хөдөлмөрийн нөхцлийг хэвийн бус гэж тодорхойлжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дах хэсэгт “Эрх бүхий байгууллагаас тухайн ажлын байрыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамааруулахаар тогтоосон бол ажил олгогч ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй.” гэж заасан бөгөөд энэхүү хөдөлмөрийн гэрээнд ажилтны өдрийн ажлын цагийн үргэлжлэлийг 0700-1300 гэж заажээ. /хх-108/
Ажлын цаг гэдэг нь ажил олгогч, ажилтан аль аль нь хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хуулиар тогтоосон хугацаа юм. Ажлын цагийн хэмжээг хуулиар нормчлон зохицуулсан учир хөдөлмөрийн харилцаанд баримтлах суурь хэм хэмжээ болдог ба харин ажлын цаг ашиглах журмыг хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, дүрмээр зохицуулж болдог нь ялгаатай байдаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...ажилтны өдрийн ажиллах цагийг 0800-1400 гэж тайлбарласан. Хуульд заасан дээрх хэм хэмжээний агуулгаас үзвэл ажил олгогч ажилтны ажлын цагийг богиносгосон болохыг тогтоосон гэж үзнэ.
Тухайлбал, ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт “...Ажлын цаг ашиглалтын журмын 3.1, 3.5-т заасныг зөрчиж 2024 оны 5 дугаар сарын 15, 20, 21-ний өдрүүдэд цагийн бүртгэлийг дутуу бүртгүүлсэн...” гэжээ. Хариуцагч Х Э М Тийн ажлын цаг ашиглалтын журмын 3.1-т “Цагийн бүртгэл нь тухайн албан хаагчдын хөдөлмөрийн цалин хөлс авах үндэслэл болно”, 3.5-т “Цахилгааны саатал болон бусад нөхцөл байдлын улмаас цаг бүртгэлийн машин ажиллахгүй болсон тохиолдолд хүний нөөцийн албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.” гэж тус тус заажээ. /хх-95/
Хэрэгт авагдсан ажил олгогчоос ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байх ба 2024.05.27-2024.05.31-ний хүртэлх ажлын өдрийг хасч тооцвол нэхэмжлэгчээс 2024 оны 5 дугаар сард ажлын 17 өдөр /22-5=17/ ажилласан гэж үзнэ. Гэтэл хариуцагчаас ажилчдын 2024 оны 5 дугаар сарын цагийн бүртгэлээр нэхэмжлэгч Ц.Оийг 19 өдөр буюу 152 цаг ажилласан гэх боловч 3 өдөр, 24 цаг тасалсан гэж бүртгэсэн нь ойлгомжгүй буюу тодорхойгүй байх тул уг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм. /хх149-151/ Мөн нэхэмжлэгчийн дансны хуулгаар түүнд 2024 оны 5 дугаар сарын ажлын 19 хоногийн цалин хөлсийг хариуцагч байгууллагаас олгосон үйл баримт тогтоогдсон тул дээрх Ажлын цаг ашиглалтын журмын 3.1-т заасантай нийцээгүй. /хх-183-188/
Мөн ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 9.2.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан... гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болох талаар харилцан тохиролцсон байна. Гэвч нэхэмжлэгчээс дараалан 2 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан гэх баримт хэрэг авагдаагүй ба уг заалтад цагийн бүртгэлийг дутуу бүртгүүлсэн нийт хугацааг тодорхой тоо хэмжээнд хүрсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заагаагүй байна.
11. Хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан нь хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний төлөө сахилгын хариуцлага хүлээдэг. Харин сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм. Өөрөөр хэлбэл тушаалд баримталсан зүйл нь ажилтны гаргасан зөрчилтэй нийцсэн байх шаардлагатай тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан "хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох" үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Мөн хариуцагчаас шийдвэр гаргахдаа дээрх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
12. Дээр дурдсанаар Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Оийг Х Э М Тийн ариутгалын сувилагчийн ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй.
13. Шүүх нэхэмжлэгч Ц.Оийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нөхөн гаргуулах зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг ... тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Оийг ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 2,656,952 /7,970,858 : 3 сар = 2,656,952 / төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 123,579 /2,656,952 төгрөг : 21,5 хоног = 123,579/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-81/
Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2024 оны 2, 3, 4 саруудын цалингаас тооцсон болно.
14. Иймээс нэхэмжлэгч Ц.Оийг 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 03 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 199 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 24,592,221 төгрөг /199 хоног х 123,579 төгрөг = 24,592,221/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
15. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Оийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч Х Э М Тд даалгах үндэслэлтэй.
16. Харин нэхэмжлэгчээс хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах зохигчийн буюу өөрийнх нь сонголт учир хохиролд тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 280,911 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/124 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Оийг Х Э М Тийн ариутгалын сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх шаардлага 1,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 24,592,221 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.От олгож, цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Ц.Оийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Х Э М Тд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 280,911 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ