| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/06036/И |
| Дугаар | 192/ШШ2025/01855 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/01855
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух О овогт А Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, хаягт оршин байрлах “Я” ХХК /РД:2112663/-д холбогдох,
Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа нар оролцов.
(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч “Я” ХХК-д холбогдуулан орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч компанид ажиллах хугацаандаа буюу 2013 оноос хойш эзэмшин амьдарсан Баянгол дүүргийн *тоот 54,6 м.кв орон сууцыг 72,981,000 төгрөгөөр, уг орон сууцны В1 давхарт байрлах №30 дугаартай авто зогсоолыг 8,000,000 төгрөгөөр нийт 80,981,000 төгрөгөөр “Я” ХХК-аас худалдан авахаар тохиролцож, “Төлбөр барагдуулах тухай хэлцэл” нэртэй гэрээ байгуулсан байдаг бөгөөд тус гэрээнд нэхэмжлэгч 10,000,000 /арван сая/ төгрөгийг урьдчилан төлснийг талууд баталсан байна.
Нэхэмжлэгч А.Б нь дээрх гэрээгээр хүлээсэн 70,981,000 төгрөг төлөх үүргээ хариуцагчтай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Автомашин түрээслэх тухай гэрээ”-ний дагуу өөрийн эзэмшлийн Daewoo маркийн 05-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хариуцагч компанид ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр тохиролцсон хугацаандаа бүрэн гүйцэтгэсэн байдаг. Гэвч хариуцагч гэрээний зүйл болох Улаанбаатар хот, Баянгол дүүргийн *тоот 54,6 м.кв орон сууц, уг орон сууцны В1 давхарт байрлах №30 дугаартай авто зогсоолын өмчлөлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тус компанид гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардсан мэдэгдлийг хүргүүлэхэд 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №2 дугаартай хариу албан бичгээр 2024 оны 02 дугаар улиралд нэхэмжлэгч А.Бд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөх тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл энэ үүргээ биелүүлсэнгүй.
Иймд нэхэмжлэгч А.Бг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37-100 тоот 54,6 м.кв орон сууц, уг орон сууцны В1 давхарт байрлах №38 дугаартай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч “Я” ХХК хариу тайлбартаа: “...“Я” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж, Итгэмжлэл, Төлбөр барагдуулах хэлцэл, Автомашин түрээслэх тухай гэрээ, Тооцоо нийлсэн акт, “Я” ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл, “Я” ХХК-аас мэдэгдэлд хүргүүлсэн Хариу, Нэхэмжлэлийн шаардлагын тодруулга, Орлогын мэдүүлэг зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, “Я” ХХК-ийн дүрэм, Хүсэлт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Автозогсоолын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн лавлагаа, Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2013 оноос хойш эзэмшин амьдарсан Баянгол дүүргийн *тоот 54,6 м.кв орон сууцыг 72,981,000 төгрөгөөр, уг орон сууцны В1 давхарт байрлах 38 дугаартай авто зогсоолыг 8,000,000 төгрөгөөр нийт 80,981,000 төгрөгөөр “Я” ХХК-аас худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. “Төлбөр барагдуулах тухай хэлцэл” нэртэй гэрээ байгуулсан, мөн “Автомашин түрээслэх тухай гэрээ”-ний дагуу өөрийн эзэмшлийн Daewoo маркийн 05-32 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хариуцагч компанид ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр тохиролцсон хугацаандаа бүрэн гүйцэтгэж төлбөрийг бүрэн төлсөн. 2024 оны 02 дугаар улиралд нэхэмжлэгч А.Бд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөх тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл энэ үүргээ биелүүлсэнгүй...” гэжээ.
3. Хариуцагч “Я” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “...“Я” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа.” гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 А.Б болон “Я” ХХК-ийн хооронд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл”-г байгуулж, уг хэлцлээр “Я” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 37 дугаар байрны 100 тоот, 54,6 м.кв талбайтай 2 өрөө сууцыг 72,981,000 төгрөг, мөн тухайн байрны доор байрлах 38 дугаар автозогсоолыг 8,000,000 төгрөг нийт 80,981,000 төгрөгөөр А.Б худалдан авах, урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 70,981,000 төгрөгийг А.Б графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-5/
5. А.Б нь дээрх орон сууц болон авто зогсоолын төлбөрт 80,981,000 төгрөгийг бүрэн төлсөн нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ТТГ дугаар Автомашин түрээслэх тухай гэрээ, Тооцоо нийлсэн акт, 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Я” ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар “Я” ХХК-аас Мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 02 дугаар 11-ний өдрийн тус шүүхэд гаргасан хүсэлт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон, байрыг хүлээн авсан, төлбөрийг төлсөн талаар талууд маргаагүй. /хх6-10, 12-13, 19-20, 83/
6. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Төлбөр барагдуулах хэлцэл” нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б нь гэрээний зүйл болох сууцны үнийг төлсөн, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй үйл баримт тогтоогдсон.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзнэ.
8. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан. Зүй нь хариуцагч “Я” ХХК дээрх хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж нэхэмжлэгч А.Бд Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, тоот 54,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн хаягт байрлах 37 дугаар байр, 38 тоот 12 м.кв талбайтай, автозогсоолын өмчлөх эрхийг тус тус шилжүүлэхээр байна.
Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг хариуцагч “Я” ХХК гаргаж өгөх үүрэгтэй.
9. Иймд нэхэмжлэгч А.Бг Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, тоот 54,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон мөн хаягт байрлах 37 дугаар байр, 38 тоот 12 м.кв талбайтай, автозогсоолыг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоох нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 562,855 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 562,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Я” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 562,855 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан О овогт А Б нь Баянгол дүүрэг, тоот 54,06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон мөн хаягт байрлах 37 дугаар байр, 38 тоот 12 м.кв талбайтай, автозогсоолыг тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562,855 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 562,855 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ