2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/03569

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,   тоот хаягт оршин суух, С  овогт А  Д  /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг,   тоотод байрлах “Ц а” ХХК /РД: /,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, давхарт байрлах “Х х” ХХК /РД: / нарт холбогдох,

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, тоотод хаягт оршин суух Б овогт Т Д /РД: /,

 Орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагч “Ц а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.С, хариуцагч “Х х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, Э.М, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Удвал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “Ц а” ХХК, “Х х” ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Нэхэмжлэгч нь 2022 оны 08 сарын 09-ний өдөр Хан-Уул дүүрэг, *давхрын Е тоотын 49.39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар, “Ц а” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

Гэрээ байгуулсан “Ц а” ХХК нь А в хотхоны төслийн туслан гүйцэтгэгч компани бөгөөд “Х х” ХХК-иас ажлын хөлсөндөө авсан гэх дээрх орон сууцыг надад худалдан борлуулсан. Гэрээ байгуулахдаа ч энэ талаар буюу орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгч гэх “Х х” ХХК-тай байгуулсан 2022 оны 04 сарын 23-ны Ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн энэ талаар гэрээний 1.1 дэх хэсэгт тусгайлан заасан байдаг. Орон сууцны нийт үнэ 74,085,000 төгрөгийг “Ц а” ХХК” дансанд 100 хувь төлж барагдуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд “Ц а” ХХК-ийн зүгээс бичгээр байгуулагдаж байгаа гэрээн дээрээ байгуулагдсан бусад иргэдтэй байгуулсан гэрээний дундаж дүн шиг бичих хэрэгтэй байна хэмээн 123,475,000 төгрөг гэж бичсэн. Тохирсон ёсоор уг байр 2022 оны 4 дүгээр улиралд буюу 2022.12 сард багтаан ашиглалтад орох ёстой байсан ч өнөөдрийг болтол ашиглалтад оруулаагүй, ажил илт удааширсан тул гэрээ байгуулсан компанидаа шаардлага тавихад материалаа татаж байна, дулаанаа авчихвал хугацаандаа амжаад дуусгана гэх мэт хариу хэлж байгаад 2024 он гараад “Ц а” ХХК-ийн захирал Г.Б огт холбоо барихаа больсон.

Эл байдлыг тодруулахаар Барилгын ерөнхий гүйцэтгэгч гэгдээд байгаа “Х х” ХХК-аас асуухад “Ц а” компанитай байгуулсан гэрээг цуцлагдсан, тантай байгуулсан гэрээ одоо хүчингүй, манайх уг байрыг зарах эрхтэй байрыг танд өгөхгүй гэж хэлсэн. Уг блок байрыг улсын комисс одоохондоо хүлээн аваагүй байгаа бөгөөд “Ц а” ХХК-тай байгуулсан гэрээг барилгын ерөнхий гүйцэтгэгч гэгдээд байгаа “Х х” ХХК үгүйсгэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Улсын комисс хүлээн аваагүй байгаа тул байрыг ашиглах эзэмших боломжгүй. Нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулсан компанитай болон барилгын ерөнхий гүйцэтгэгч гэгдээд байгаа “Х х” ХХК-тай хэд хэдэн удаа биеэр очиж уулзсан, утсаар ярьсан боловч “Х х” ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ хүчингүй, өөр иргэнд худалдан борлуулсан гэж манайх худалдан борлуулах эрхтэй, анхнаасаа манайхаас зөвшөөрөл авах ёстой байсан гэх тайлбар, “Ц а” ХХК өмнө нь ажлаа хийж байгаа гэж байснаа 2024 он гараад ор сураггүй, огт холбоо барихаа байсан болно.

Иргэний хувьд шаардлагаа өнгөрсөн жилүүдэд хангалттай тавьсан, барилгын холбогдох компаниудтай уулзахад нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг үгүйсгэж, байрыг өгөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлээд удлаа. Төлбөрөө бүрэн төлсөн иргэн захиалсан орон сууцныхаа өмчлөгч болохыг тогтоолгохоор арга буюу шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу А.Аыг Хан-Уул дүүрэг, *давхрын Е тоотын 49.39 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэжээ.

 2. Хариуцагч “Ц а” ХХК хариу тайлбартаа: “Г.Бямбадорж миний бие Хан-Уул дүүргийн * төслийн С2 барилгын 1,2 дугаар орцны нийт дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн “Ц а” ХХК-иар 1-р орцны ажлыг “Х х” ХХК, 2-р орцны ажлыг “П ц к” ХХК тай тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу хийж гүйцэтгэх төслийн ажлыг өөрийн аав болох Г.Гаар удирдуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 дугаар тушаал гаргасан.

“Ц а” ХХК 2022 оны 06 дугаар сараас ажлаа хийж гүйцэтгэн явуулж байтал “Ц а” ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч Б.Баасандорж энэхүү төслөөс татгалзсан тул бид “Х х” ХХК, “П ц к” ХХК нартай харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээгээ миний аав болох Г.Гын байгуулсан “Д б о” ХХК-д шилжүүлэн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус тус гэрээ байгуулсан байдаг.

Гэрээний эрх шилжсэнтэй холбогдуулан “Ц а” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч компаниуд, захиалгын гэрээгээр орон сууц худалдан авсан захиалгын гэрээний үүрэг, “Х х” ХХК, “П ц к” ХХК нараас ирүүлсэн албан тоотууд, аман байдлаар ярилцаж тохирсон ажлууд бүгд Г.Гын байгуулсан “Д б о” ХХК-д шилжиж байгааг 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 15/22 дугаар албан бичгээр мэдэгдэж байсныг хэрэгт хавсаргасан. Ингэснээр “Ц а” ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан ажлыг “Д б о” ХХК үргэлжлүүлэн хийж гүйцэтгэхээр болсон юм.

“Ц а” ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 23-аас 2022 оны 08 дугаар сар хүртэл дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Туслан гүйцэтгэгч 6 компанийг сонгон шалгаруулан гэрээ байгуулж, тус тусын ажлуудыг нь эхлүүлэв. Нийт 320,4 сая төгрөгийн барилгын материал татан төвлөрүүлэх болон туслах ажилчдын цалин, өргөгч кран, тээврийн зардал гаргасан. /Дансны хуулгаар баталгаажна/, Барилгын талбай дээр буулгасан материалуудыг орц тус бүрт 1-16 давхар бүрт өргөгч кранаар гаргаж бэлтгэв. Тухайн барилгын 1,2 дугаар орцны 1-5 дугаар давхрын дотор өрлөг шаврын ажлыг хийж гүйцэтгэв.

“Д б о” ХХК 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл дараах ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд: 1-р орц: 1-16 давхрын 17,420 м2 талбай бүхий шаврын ажил, 20мм-ийн дотор өрлөг 284 м.куб, 12-ийн тоосгон өрлөг 3081 м2, Шахтын тоосгон өрлөг 870 м2, шавар 875 м2 талбайн ажлыг хийж гүйцэтгэв. 2-р орц: 1-16 давхрын 16 800 м2 талбай бүхий шаврын ажил, 20мм-ийн дотор өрлөг 284 м.куб, 12-ийн тоосгон өрлөг 3081 м2, Шахтын тоосгон өрлөг 450 м2, шавар 410 м2 талбайн ажлыг хийж гүйцэтгэв. Энэхүү тоо хэмжээг мөнгөн хэмжээгээр илэрхийлбэл материалын зардалд 1 тэрбум 200 сая төгрөг, ажлын хөлсөнд 813 сая төгрөгийг тус тус бэлэн мөнгөөр гаргасан. Мөн иргэн, аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж тэдгээр туслан гүйцэтгэгч компаниуд маань гэрээний дагуу тус тусын ажлаа 25 - 100 хувь хийж гүйцэтгэсэн байдаг.

“Х х” ХХК-иас “Ц а” ХХК-д хандаж 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22/43 тоот албан бичгээр 2022 оны 04 сарын 23-ны өдрийн “Ажил гүйцэтгэх” гэрээний хавсралтад заасан 42 ширхэг орон сууц, 6 ширхэг авто зогсоолыг худалдан борлуулах, захиран зарцуулах, бусдад дамжуулах бүрэн эрхтэй болохыг баталсан албан бичиг ирүүлсэн.

Энэ хугацаанд бид санхүүжилт дутагдсан, саатсан үед ажлаа зогсоохгүйн тулд “Х х” ХХК байгуулсан гэрээний дагуу ажлын төлбөрт шилжүүлэн өгсөн бартерын байрнуудаас бүрэн эрхийн дагуу иргэдэд худалдан борлуулж байсан бөгөөд А.Ат 2022 оны 08 сарын 09-ний өдрийн “С2-1-11-Е” тоот орон сууц захиалгын гэрээгээр С2 барилгын 1-р орцны 11 давхрын Е тоотын 49,39 м2 орон сууцыг 74,085,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Энэ мөнгийг манай компани 100 хувь барилгын ажилдаа зарцуулсан.

Иймд А.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Хан-Уул дүүргийн “А в” хотхоны С2 барилгын 1-р орцны 11 давхрын Е тоотын 49,39 м2 орон сууцны албан ёсны өмчлөгчөөр А.Аыг тогтоож өгөхийг хүсч байна.

Манай компани “Х х” ХХК-тай хийсэн ажлын тооцоог баталгаажуулан орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээр хасалт хийх юм.” гэжээ.

 3. Хариуцагч “Х х” ХХК хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч А.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнд хавсаргасан нотлох баримттай анхааралтай танилцахад нэхэмжлэгчид учруулсан хохирол, мөнгөн төлбөрийн үүргийг “Х х” ХХК хариуцан ногдуулах ямар ч үүрэггүй болох нь нэхэмжлэгч А.А болон “Ц а” ХХК нарын хооронд байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”, төлбөр төлсөн тухай тооцоо нийлсэн баримт зэргээс илэрхий тодорхой ойлгогдож байна. Тодруулбал,

"Ц а” ХХК нь Хан-Уул дүүрэг, байрлах А в” хотхоны С2 блокийн 1 дүгээр орц, 11 дүгээр давхрын Е тоот, 49.39 м.кв гэх орон сууцыг А.Ат анхнаасаа хууран мэхлэх замаар, захиалагчтай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр тохиролцсон гол нөхцөлүүдийг зөрчиж худалдан борлуулсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан тайлбар, түүнд хавсаргасан баримтаас тодорхой байна.

Хариуцагч “Х х" ХХК-ийн зүгээс А.Аын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан, үндэслэлээ дараах хэд хэдэн агуулгын хүрээнд шүүхэд нотлох баримтын хамт хүргүүлж байна. "Х х” ХХК болон “Ц а" ХХК-ийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний талаар... “Х х” ХХК нь дээр дурдсан Хан-Уул дүүрэг, байрлах “А в” хотхоны С2 блокийн захиалагч бөгөөд “Ц а” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 22/10 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан.

Тус “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5 дугаар зүйлд зааснаар “... Захиалагч нь каркас угсралт, гадна цахилгаан гадна холбоо гадна зам тохижилт, ногоон байгууламж, гадна цэвэр, бохир, газар шороо, эргэн булалт гадна дэд бүтцийг барилга руу оруулах ...Гүйцэтгэгч нь захиалагчийн хариуцах дээрх ажлаас бусад ажлыг материалын хамт буюу цонх болон тагтны хаалт, гадна фасад, дотор цахилгаан, холбоо дохиолол, дотор сантехник, халаалт ба агаар сэлгэлт, дээвэр, дотор засал, лифт угсралтын ажлыг хийж гүйцэтгэх...” үүргийг тус тус хүлээсэн.

Талуудын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлд “Гэрээний ерөнхий нөхцөлд тусгасан төлбөрийн нөхцөлийг гүйцэтгэгч бүрэн хүлээн зөвшөөрч ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөх бөгөөд гарч болох аливаа зөрчил, дутагдал, гологдлыг арилгана.” гэж. Гэрээний ерөнхий нөхцөлийн 7 дугаар зүйлд Гэрээний үнэ ба төлбөрийг талууд тохиролцсон бөгөөд 7.1 -д "Гэрээний тусгай нөхцөлд заасан ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гүйцэтгэгч хуваарьт хугацааг баримтлан дундын санхүүжилтийн төлбөрийн нэхэмжлэх гаргах эрхтэй. Төлбөрийн нэхэмжлэх нь дараах ажлын үнэлгээнээс бүрдэнэ. Үүнд:

Гүйцэтгэсэн ажлын үнэлгээ /Ажлын гүйцэтгэлийн чанар, хугацаа, ХАБЭА, материал зарцуулалт, үндсэн цалин/, Талбай дээр буулгасан материал, тоног төхөөрөмжийн нийт материал, тоног төхөөрөмжийн хувиар илэрхийлсэн хэмжээнд хийсэн үнэлгээ, Талбайн эмх цэгц болон захиалагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт. " гэж заасан байна.

Мөн гэрээний Тусгай нөхцөлийн 11-д "Төлбөрийн нэгжийг: бэлэн бус төлбөр болно” гэж. 13-т "Төлбөр тооцоо нь Гэрээт ажлын нийт үнийн дүн урьдчилсан байдлаар: Гэрээний нийт дунг хавсралтаар баталгаажуулах буюу гүйцэтгэгч орон сууцны нийт талбайн 45 хувийг ажлын төлбөрт авна.” гэж заасан байна.

Талуудын хооронд байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйл болон гэрээний ерөнхий, тусгай нөхцөлөөр тохиролцсон дээрх гол тохиролцоонуудыг нэгтгэн дүгнэвэл: Захиалагч нь гэрээт ажлын төлбөрийг 100 хувь бартер хэлбэрээр төлөх бөгөөд ийнхүү төлөх төлбөрийн дүнг хавсралтаар баталгаажуулсан байх ба гүйцэтгэгч дундын санхүүжилт хүссэн нөхцөлд гүйцэтгэсэн ажлын үнэлгээ, талбай дээрх буулгасан материал, тоног төхөөрөмжийн үнэлгээ, захиалагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт зэргээс хамаарч дундын санхүүжилтийг олгохоор тохирчээ.

Энэ нь гэрээт ажлын төлбөр 100 хувь бартераар төлөгдөх нөхцөл бүхий гэрээний хувьд хавсралтаар баталгаажуулсан орон сууцнаас дээрх шаардлагыг хангасан нөхцөлд санхүүжилт олгогдох болохыг аливаа салаа утгагүйгээр шууд илэрхийлж байна.

Харин Гүйцэтгэгч нь энэхүү нөхцөлийг бүрэн хүлээн зөвшөөрснөөр талууд гэрээг баталгаажуулсан байх ба гүйцэтгэгч “Ц а” ХХК нь төлбөрийн нөхцөлийг баталгаажуулсан хавсралт үнэ бүхий байрнаас дундын санхүүжилт хүсэх тохиолдолд дээр дурдсан гүйцэтгэсэн ажлын үр дүн, талбай дээрх бараа материал, тоног төхөөрөмжийн үнэлгээ, захиалагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, зөвшөөрлийг авсны үндсэн дээр гагцхүү захиалагчтай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулах нөхцөлийг бүрдүүлэх учиртай.

“Ц а” ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний гол нөхцөл, гэрээний Ерөнхий болон тусгай нөхцөлд заасан үүргээ ноцтой зөрчсөн буюу дундын санхүүжилт авах шаардлага, нөхцөлийг биелүүлэхгүйгээр зөвхөн гэрээний үнэ ба төлбөрийн нөхцөлийг баталгаажуулсан хавсралт болон “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажлаа гүйцэтгэсэн үед эдлэх гэрээт ажлын төлбөрт шилжүүлэн өгөх орон сууцыг худалдан борлуулах нөхцөлийг ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө гэрээг зөрчиж, хууль бусаар хэрэгжүүлсэн байна.

Энэ нь хариуцагч “Ц а” ХХК нь туслан гүйцэтгэгч атлаа Ерөнхий захиалагчийн эрхийг эдэлж нэхэмжлэгч А.Аыг илт хуурч мэхлэх замаар "Орон сууц захиалгын гэрээ” байгуулснаас шууд тодорхой харагдаж байна.

Түүнчлэн, талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан "Ажил гүйцэтгэх гэрээ” нь гэрээний нэр төрөл, шинж чанар, талуудын тохиролцоо, төлбөр барагдуулах нөхцөл зэргээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” болох нь эргэлзээгүй, тодорхой ойлгогдож байх бөгөөд Иргэний хуулийн 343.1.-т "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.", 343.2.-т "Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.", 343.3.-т "Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалтаас дүгнэвэл гүйцэтгэгч “Ц а” ХХК нь дурдсан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах “А в” хотхоны С2 блок барилгын орон сууц, авто зогсоолын гэрээгээр хүлээсэн ажил үүргийг гүйцэтгээд “Х х” ХХК-д шилжүүлэн өгөх бөгөөд захиалагч нь гэрээт ажлын төлбөрийг урьдчилсан баталгаажуулсан хавсралтын дагуу “Орон сууц захиалгын гэрээ” байгуулах замаар шилжүүлэх хуулийн зохицуулалт үйлчлэх юм.

Иймд “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үндсэн зохицуулалт болох гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид эцэслэн хүлээлгэж өгөөгүй буюу гэрээний дагуу төлбөр авах эрх нь үүсээгүй төдийгүй дундын санхүүжилт авахад шаардагдах гэрээгээр тохиролцсон нөхцөл, болзлыг хангаагүйгээр захиалагчийн зөвшөөрөлгүйгээр Иргэн А.Атай “Орон сууц захиалгын гэрээ”-г хууль бусаар байгуулах замаар мөнгөн хөрөнгөөр хохироосон үйлдлийн хариуцлагыг хариуцагч “Ц а” ХХК бүрэн барагдуулах нь тодорхой байна.

Хоёр.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнд хавсаргасан баримтын талаар... Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баталгаажуулсан тайлбартаа өөрийгөө "Ц а” ХХК-д хууран мэхлэгдсэн болохоо маш тодорхой дүрслэн тайлбарласан байна. Түүнчлэн, “Ц а” ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрт төлөгдөх хавсралтаар үнийг баталгаажуулсан байрыг захиалагчаас дундын санхүүжилт хүсэх нэхэмжлэлийг гэрээнд заасан нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр гаргах бөгөөд ийнхүү зөвшөөрөл олгогдсон байрыг бусдад борлуулахдаа захиалагчаас тухайн орон сууцыг худалдан борлуулах өртгөөс бага үнээр худалдан борлуулах эрхгүй юм.

Энэ талаар “Х х” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 22/59 дугаар албан бичгээр “Ц а” ХХК-д мэдэгдсэн бөгөөд ийнхүү мэдэгдсэн хугацаа нь нэхэмжлэгч А.А болон “Ц а” ХХК-ийн нарын хооронд“Орон сууц захиалгын гэрээ” байгуулахаас 2 өдрийн өмнө байна. Гэвч “Ц а” ХХК нь захиалагчаас өгсөн хууль ёсны бөгөөд хууль зүйн ноцтой үр дагаврыг үүсгэхгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг илт зөрчиж, зориуд, санаатайгаар, нэхэмжлэгч буюу иргэн А.Аыг эдийн засаг, санхүүгээр хохироох шууд зорилготой гэрээ зөрчсөн илт хууль бус үйлдэл хийсэн байна.

Иймд нэхэмжлэгч Иргэн А.Аыг анхнаасаа хууран мэхлэх зорилгоор “Орон сууц захиалгын гэрээ” байгуулснаас үүсэх мөнгөн төлбөрийн үүрэг, гэрээгээр хүлээсэн үүргийг "Ц а” ХХК бүрэн барагдуулах үүрэгтэй. Түүнчлэн, нэхэмжлэгч А.А нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүх
хуралдаан дээр “Ц а” ХХК нь гэрээ байгуулах өдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэсээр байсан гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд “Ц а” ХХК нь хувьцаа эзэмшигчийн маргаан гарч улмаар тус асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөлд орсон байсан. Гэвч энэхүү нөхцөл байдлыг зориуд төөрөгдүүлж, захиалагч иргэнийг илт хууран мэхэлж, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ зогсоосон, гэрээ цуцлах тухай захиалагчаас мэдэгдэл ирсэн үед орон сууц худалдан борлуулсан байдаг.

Хариуцагч “Ц а” ХХК нь А в хотхоны С2 блокоос А.Ат байр зарах эрх зүйн чадамж байхгүй болсон байсныг “Х х” ХХК-иас хавсралтаар хүргүүлэх 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 22/53 дугаар мэдэгдэл, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 22/50 дугаар мэдэгдэл, 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 22/59 дугаар мэдэгдэл, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22/59 дүгээр мэдэгдлүүдээр хөдөлшгүйгээр нотолж байгаа юм.” гэж маргажээ.

 4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Днь хариуцагч “Х х” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан. Үүнд: “...Т.Дминий бие 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй А в хотхон С2 блок, урд орц 11 давхар Е айл гэх хаягт 49,39 м2 орон сууцыг захиалсан. Уг орон сууцыг захиалахдаа 1м.кв үнийг 1,790,000 төгрөг нийт 88,408,100 төгрөгөөр захиалсан ба төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Х х ХХК-ийн Хаан банкны тоот дансанд 100 хувь бүрэн төлсөн байдаг. Орон сууц захиалгын гэрээний 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад орох байсан. Гэвч тухайн хугацаанд ашиглалтад ороогүй. Өнөөдрийн байдлаар тухайн барилга ашиглалтад орсон боловч Орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлэхтэй холбогдсон материал бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар миний бие орон сууцны түлхүүрийг авч эзэмшиж байгаа болно. Мөн түүнчлэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.А
нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй А в хотхон С2 блок, урд орц, 11 давхар, Е айл гэх хаягт 49,39 м2 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй А в хотхоны С2 блок, урд орц, 11 давхар, Е айл гэх хаягт 49,39 м2 орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 5. Хариуцагч “Х х” ХХК бие даасан шаардлагын хариу тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Орон сууцад улсын комисс ажиллаад дууссан, одоо актад гарын үсэг зурагдаад явж байгаа. Гуравдагч этгээдэд байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн...” гэж тайлбарласан.

    6. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орон сууц захиалгын гэрээ, Дансны дэлгэрэнгүй хуулга, Тооцоо нийлсэн баримт,

Хариуцагч “Ц а” ХХК-аас Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ,  Эрх шилжүүлэх тухай албан бичиг, “Арвай төслийн С2 барилгын 2 орцны дотор заслын ажлын тоо хэмжээ, Нийт зардлын товчоо, Тоног төхөөрөмжийн зардал, Ажлын гэрээний бүртгэл, Материалын зардал, Бусад зардал, Г.Бн дансны хуулга, Хариу тайлбар,  Г.Бямбадоржийн дансны хуулгын зардлын тайлбар,

Хариуцагч “Х х” ХХК-аас Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны албан бичиг, Орон сууц захиалгаар барих гэрээ, Дансны хуулга, “Ц а” ХХК-д хүсэлт гаргах тухай албан бичиг, Ажил гүйцэтгэх гэрээ, Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Хариу тайлбар, “Ц а” ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай, Гэрээ  цуцлах тухай тухайн албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газарт нутагт газар ашиглах гэрчилгээ, Хамтран ажиллах гэрээ, Хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, Хот байгуулалт, хөгжлийн газрын тодорхойлолт, хаяг байршлын зураг, Ажил гүйцэтгэх гэрээ, Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Х х” ХХК-аас туслан гүйцэтгэх компаниудтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнүүд,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс Итгэмжлэл, Бие даасан шаардлага, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Орон сууц захиалгаар барих гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч “Х х” ХХК-ийн хүсэлтээр Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч А.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...“Ц а” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Орон сууцны нийт үнэ 74,085,000 төгрөгийг “Ц а” ХХК” дансанд 100 хувь төлж барагдуулан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Барилгын ерөнхий гүйцэтгэгч гэгдээд байгаа “Х х” ХХК-аас асуухад “Ц а” компанитай байгуулсан гэрээг цуцлагдсан, тантай байгуулсан гэрээ одоо хүчингүй, манайх уг байрыг зарах эрхтэй байрыг танд өгөөгүй, өөр иргэнд худалдан борлуулсан гэж хэлсэн. Арга буюу шүүхэд хандаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч “Ц а” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарласан.  Үүнд: “Хан-Уул дүүргийн * төслийн С2 барилгын 1 дүгээр орцны нийт дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Х х” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. “Х х” ХХК-иас “Ц а” ХХК-д хандаж 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 22/43 тоот албан бичгээр гэрээний хавсралтад заасан 42 ширхэг орон сууц, 6 ширхэг авто зогсоолыг худалдан борлуулах, захиран зарцуулах, бусдад дамжуулах бүрэн эрхтэй болохыг баталсан. “Х х” ХХК-тай байгуулсан гэрээний бүрэн эрхийн дагуу иргэдэд худалдан борлуулж байсан бөгөөд А.Ат 2022 оны 08 сарын 09-ний өдрийн “С2-1-11-Е” тоот орон сууц захиалгын гэрээгээр С2 барилгын 1-р орцны 11 давхрын Е тоотын 49,39 м2 орон сууцыг 74,085,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Энэ мөнгийг манай компани 100 хувь барилгын ажилдаа зарцуулсан. Иймд уг орон сууцны албан ёсны өмчлөгчөөр А.Аыг тогтоож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

4. Хариуцагч “Х х” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...“Ц а” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 22/10 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. “Ц а” ХХК нь “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний гол нөхцөл, гэрээний Ерөнхий болон тусгай нөхцөлд заасан үүргээ ноцтой зөрчсөн буюу дундын санхүүжилт авах шаардлага, нөхцөлийг биелүүлэхгүйгээр зөвхөн гэрээний үнэ ба төлбөрийн нөхцөлийг баталгаажуулсан хавсралт болон гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсэн үед эдлэх гэрээт ажлын төлбөрт шилжүүлэн өгөх орон сууцыг худалдан борлуулах нөхцөлийг ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө гэрээг зөрчиж, хууль бусаар хэрэгжүүлсэн. Иймд “Ц а” ХХК нь захиалагчаас өгсөн хууль ёсны бөгөөд хууль зүйн ноцтой үр дагаврыг үүсгэхгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг илт зөрчиж, зориуд, санаатайгаар, нэхэмжлэгч буюу А.Аыг эдийн засаг, санхүүгээр хохироох шууд зорилготой гэрээ зөрчсөн илт хууль бус үйлдэл хийсэн ...” гэж маргажээ.

 

5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Д шаардлагын үндэслэлээ “...Миний бие “Х х” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан ба Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй А в хотхон С2 блок, урд орц 11 давхар Е айл гэх хаягт 49,39 м2 орон сууцыг захиалсан, нийт 88,408,100 төгрөгийн төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Х х” ХХК-ийн дансанд 100 хувь бүрэн төлсөн. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй А в хотхоны С2 блок, урд орц, 11 давхар, Е айл гэх хаягт 49,39 м2 орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулахыг хариуцагч “Х х” ХХК-д даалгаж өгнө үү” гэж тайлбарласан.

 6. Хариуцагч “Х х” ХХК бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарласан. Үүнд: “...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Орон сууцад улсын комисс ажиллаад дууссан, одоо актад гарын үсэг зурагдаад явж байгаа. Гуравдагч этгээдэд байрны түлхүүрийг хүлээлгэн өгсөн...” гэжээ.

 7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.1 Нэхэмжлэгч А.А нь 2022 оны 8 сарын 09-ний өдөр С2-1-11-Е дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-г хариуцагч “Ц а” ХХК-тай байгуулж, “Ц а” ХХК нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Нүхтийн аманд баригдаж буй “А в” хотхоны “С2” блокийн 1 дүгээр орцны 11 дүгээр давхрын Е тоотын 49,39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьж захиалагчид өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанд бүртгүүлэхтэй холбогдсон материал, бичиг баримтуудыг гаргаж өгөх, захиалагч А.А нь 49,39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрт 123,475,000 төгрөгийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ. /1хх6-8/

 7.2 Дээрх орон сууцны төлбөрийг 1 м.кв-ыг 1,500,000 төгрөгөөр тооцож 74,085,000 төгрөгөөр талууд харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга болон Тооцоо нийлсэн баримт №2-т “захиалагч А.А 2022 оны 8 сарын 09-ний өдөр С2-1-11-Е дугаар гэрээний төлбөр болох 74,085,000 төгрөгийг “Ц а” ХХК-ийн дансанд бүрэн /100 хувь/ төлснийг харилцан батлав” гээд талууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан баримтаар тогтоогдож байна. /1хх9-11/

 7.3 “Х х” ХХК /захиалагч/ болон “Ц а” ХХК /гүйцэтгэгч/ нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 22/10 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Хан-Уул дүүрэг, баригдах “Х х” ХХК-ийн зоорьтой 16 давхар барилгын С2-1 блокийн барилга угсралт болон гадна дэд бүтцийн ажлаас бусад бүх ажлыг буюу гэрээний 1.5-д заасан ажлуудыг хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, захиалагч нь ажил гүйцэтгэгчид ажлын хөлс төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцож, улмаар талууд уг гэрээнд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулжээ. /1хх63-71/

 7.4 Хариуцагч “Х х” ХХК, “Ц а” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 22/10-01 дүгээр “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээгээр 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 22/10 дугаар гэрээний 2.2-т гэрээний тусгай нөхцлийн 13-р заалт буюу төлбөр тооцооны нөхцөлд өөрчлөлт оруулсан байх бөгөөд “Х х” ХХК-аас арцтын аманд баригдаж буй Арвай хотхоны С2-1 блокийн 42 ширхэг орон сууц буюу нийт 2899,88 м.кв талбай бүхий орон сууц, 6 ширхэг автозогсоолыг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. /1хх-71/

 7.5 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 22/43 тоот хариуцагч “Х х” ХХК-аас хариуцагч “Ц а” ХХК-д хүргүүлсэн албан бичгээр “...22/10-01 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай заалтад олгосон нийт 42 ширхэг орон сууц болон 6 ширхэг автозогсоолыг “Ц а” ХХК нь захиран зарцуулах, бусдад худалдах, дамжуулах бүрэн эрхтэй бөгөөд “Х х” ХХК-аас татгалзах зүйлгүй болно.” гэжээ. /1хх-62/

 8. Хариуцагч “Х х” ХХК нь хариуцагч “Ц а” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ажлын хөлсөнд маргааны зүйл болох орон сууцыг “Ц а” ХХК-д захиран зарцуулах эрхийг олгосон эсэх, хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан эсэх, нэхэмжлэгч А.А болон хариуцагч “Ц а” ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр эсэх, орон сууцны талаар сүүлд гэрээ байгуулсан гуравдагч этгээдийн эрх хамгаалагдах эсэх нь талуудын маргааны зүйл болжээ. 

 9. Нэхэмжлэгчийг гэрээ байгуулах үед орон сууцны барилгын ажил эхэлсэн, караз баригдсан байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд орон сууцыг хариуцагч “Ц а” ХХК тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба худалдагч “Ц а” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

 10. Хариуцагч “Х х” ХХК-аас “...“Ц а” ХХК-д баригдаж буй орон сууцыг иргэдэд шууд худалдан борлуулах ямар ч эрх өгөөгүй, ийм хууль бус үйлдэл хийж болохгүйг удаа дараа албан мэдэгдлээр баталгаажуулсан, ...худалдан борлуулах тохиолдолд захиалгын гэрээг “Х х” ХХК хийх хуулийн зохицуулалттай байхад иргэдийг хохироосон...” гэсэн тайлбарыг гаргасан. Гэтэл хариуцагч “Ц а” ХХК-аас “...гэрээ цуцлах талаар огт мэдэгдэл авч байгаагүй, манай компанийн албан ёсны хаяг гэрээнд байгаа үүгээр мэдэгдэл ирээгүй...” гэх агуулгаар тайлбарлаж дээрх тайлбарыг няцаасан.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Х х” ХХК /захиалагч/ болон “Ц а” ХХК /гүйцэтгэгч/ нарын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 22/10 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулагдсан, гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр төлбөр тооцооны нөхцлийг өөрчлөн ... 42 ширхэг орон сууц, 6 ширхэг автозогсоолыг “Х х” ХХК-аас ажлын хөлсөнд төлөхөөр тохиролцсон. Улмаар 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 22/43 тоот албан бичгээр дээрх 42 ширхэг орон сууц, 6 автозогсоолыг “Ц а” ХХК захиран зарцуулах бусдад худалдах, дамжуулах бүрэн эрхийг “Х х” ХХК-аас олгосон үйл баримт тогтоогдсон. Талуудын маргаан бүхий Арвай хотхон С2-1 блок 11 давхрын Е тоот, 49,39 м.кв талбай бүхий орон сууц нь уг жагсаалтын 30-д орсон болох нь тогтоогдож байна. /1хх-155/

 11. Мөн хариуцагч “Х х” ХХК-аас “Ц а” ХХК-д 2022.06.27-ны өдөр 22/50 тоот Мэдэгдэл, 2022.07.04-ний өдрийн 22/53 тоот Мэдэгдэл, 2022.8.07-ны өдрийн 22/59 тоот Гэрээ цуцлах тухай, 2022.6.29-ний өдрийн 22/52 тоот Мэдэгдэл, 2022.8.07-ны өдрийн 22/59 тоот Албан бичгийн хариу зэргийг хариуцагч “Ц а” ХХК-д хүргүүлж, үүгээр ...орон сууц болон автозогсоолуудыг худалдах эрхийг түр цуцалсан, мөн орон сууц худалдах, борлуулах тухай бүрд захиалагч талтай гуравласан гэрээ байгуулах, байруудыг төслийн үнийг унагаж бага үнээр борлуулахыг завдсан тул “Ажил гүйцэтгэх гэрээ”, нэмэлт өөрчлөлтийг цуцлах болсныг тус тус мэдэгдсэн гэсэн атлаа эдгээр мэдэгдлийг хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.2-т заасан гүйцтэгч буюу “Ц а” ХХК-д хэрхэн хүргүүлж мэдэгдсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т баримтаар зааснаар нотлоогүй.

 Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Гэрээнээс татгалзахын тулд гэрээний нөгөө тал нь үүргээ ноцтой зөрчсөн байх, гэрээг цуцлах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн байх явдал шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болно.

 Тодруулбал, 2022.6.29-ний өдрийн 22/52 тоот Мэдэгдэл, 2022.8.07-ны өдрийн 22/59 тоот Албан бичгийн хариу гэх баримтыг хариуцагч “Ц а” ХХК-д хүргүүлсэн талаар хариуцагч “Х х” ХХК-ийн хүсэлтээр шүүх үзлэг хийсэн. Энэхүү үзлээр хариуцагч “Х х” ХХК-аас дээрх мэдэгдлүүдийг хариуцагч “Ц а” ХХК-ийн менежер Д.Нын хувийн * имэйл хаягаар хүргүүлсэн байх ба хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т Гэрээний тусгай нөхцөлийн 3-т зааснаар Гүйцэтгэгчийн төлөөлөгч захирал Г.Б , мөн гэрээний 5-д “УБ, Баянгол, тоот” гэж хаягийг тодорхойлсон байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дах хэсэгт болон гэрээний 8.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу хариуцагч “Х х” ХХК нь хариуцагч “Ц а” ХХК-д гэрээг цуцлах тухай саналаа хүргүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба энэ талаар  хариуцагч “Х х” ХХК-ийн “...Ажил гүйцэтгэх гэрээг цуцлагдсан, “Ц а” ХХК-д баригдаж буй орон сууцыг иргэдэд шууд худалдан борлуулах ямар ч эрх өгөөгүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. Ийнхүү хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ” болон уг гэрээний хавсралт “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээнүүдийг цуцлагдсан гэж үзэхээргүй байна.

 12. Түүнчлэн, хариуцагч нарын хооронд байгуулсан дээрх хэлцлээр орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа хариуцагч “Х х” ХХК-аас зөвшөөрөл авах үүрэг хариуцагч “Ц а” ХХК-д үүсээгүй болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн нэхэмжлэгчийн орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргаж өгөхийг даалгах тухай шаардлагыг хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэлийг дүгнэн үр дагаврыг нэг мөр шийдвэрлэх үндэслэлгүй юм.

 13. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...гэрээний 2.1-т зааснаар “Ц а” ХХК нь 2022 оны 4 дүгээр улиралд орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгнө гэснээр очиж уулзахад хариуцагч компаниуд хоорондоо маргаантай байгааг тэр үед олж мэдсэн...” гэсэн агуулгаар тайлбарласныг хариуцагч нар үгүйсгээгүй бөгөөд хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг хэн аль нь хэрхэн биелүүлсэн, уг гэрээг хүчин төгөлдөр эсэхийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй тул түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцох нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 Нөгөөтэйгүүр хариуцагч “Ц а” ХХК-аас “...Ажил гүйцэтгэх гэрээгээ миний аав болох Г.Гын байгуулсан “Д б о” ХХК-д шилжүүлэн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан....” гэсэн тайлбар гаргасан ба гэрээний эрх, үүргийг “Д б о” ХХК-д шилжүүлсэн талаарх гэрээг шүүхэд ирүүлээгүй. Харин хариуцагч “Ц а” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.Бийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан бөгөөд энэхүү баримтаас үзэхэд хариуцагч “Ц а” ХХК-ийн “...нэхэмжлэгч А.Ааас гэрээний төлбөрийг манай компанийн дансанд шилжүүлсэн ба уг төлбөрийг барилгын ажилд 100 хувь оруулсан” гэх тайлбар үндэслэлтэй байна. /1хх239-2хх-15/

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй гэж үзэв.

 14. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан. Зүй нь хариуцагч “Х х” ХХК, “Ц а” ХХК нар нь 2022 оны 8 сарын 09-ний өдрийн С2-1-11-Е дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлж нэхэмжлэгч А.Ад Хан-Уул дүүрэг, байрлах “А в” хотхоны “С2” блокийн 1 дүгээр орцны 11 дүгээр давхрын Е тоотын 49,39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг хариуцагч “Х х” ХХК гаргаж өгөх үүрэгтэй.

 15. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Дс хариуцагч “Х х” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай шаардлага гаргасан.

 16. Хариуцагч “Х х” ХХК нь гуравдагч этгээд Т.Дтэй  2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр АВ23/20 дугаар Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, хотхон С2 блок, урд орц, давхар,  тоот 49.39 м.кв талбайтай орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, Т.Днь 88,408,100 төгрөгийг хариуцагч “Х х” ХХК-д  төлсөн баримт хэрэгт авагдсан байна. /1хх55-60/

 17. Хариуцагч “Х х” ХХК орон сууцыг гуравдагч этгээд Т.Дд худалдахаар гэрээ байгуулсан нь нэхэмжлэгч А.Аын өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Учир нь хариуцагч “Х х” ХХК нь гэрээгээр олгогдсон эрхийнхээ хүрээнд маргаан бүхий орон сууцыг бусдад борлуулсан эсэхийг шалгах, ингэснээр эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг бусдад шударгаар худалдах бүрэн боломжтой байжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Х х” ХХК нь “Ц а” ХХК-тай  байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээг хууль болон гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу цуцалж дуусгавар болгоогүй атлаа гуравдагч этгээдтэй дахин гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт нийцээгүй. Онцгой тохиолдолд буюу улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэгдээгүй орон сууцыг нэгэн зэрэг худалдсан тохиолдолд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг төсөөтэй хэрэглэх боломжтой юм.

 

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол түрүүлж гэрээ байгуулсан этгээдийн эрхийг хамгаалсан байх тул гуравдагч этгээдэд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр АВ23/20 дугаар худалдах-худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрх шилжих үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь хариуцагч “Ц а” ХХК-тай орон сууц худалдах-худалдан авах гэрээг түрүүлж байгуулсан, үнийг төлж гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн нь тогтоогдсон үйл баримтаар орон сууцыг өмчлөх эрхтэйг нэхэмжлэгч А.Аыг тогтоох үндэслэлтэй тул гуравдагч этгээд Т.Дгийн эрх хамгаалагдахгүй байна.

 18. Иймд нэхэмжлэгч А.Аыг Хан-Уул дүүрэг, байрлах “А в” хотхоны “С2” блокийн 1 дүгээр орцны 11 дүгээр давхрын Е тоот 49,39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж нэхэмжлэгчид өгөхийг хариуцагч “Ц а” ХХК, “Х х” ХХК нарт тус тус даалгаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Дгийн орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц а” ХХК, “Х х” ХХК нараас 528,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Аыг Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах “А в” хотхоны “С2” блокийн 1 дүгээр орцны дүгээр давхрын  тоот 49,39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг тогтоож,  үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж нэхэмжлэгчид өгөхийг хариуцагч “Ц а” ХХК, “Х х” ХХК нарт тус тус даалгаж, хариуцагч “Х х” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Дгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц а” ХХК, “Х х” ХХК нараас 528,375 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээд Т.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599,991 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ